Бид гэж хэн бэ? Шүлэгч Чойном нэгэнтээ
“...Тал сайхан нутгийнхаа
Ташуур чинь тэсгэм жавар дор
Сүүн шүдээ тас зууж
Сүх шиг биш ч гэсэн алх шиг болтлоо хатуужсан...”
гэж тэр үеийнхнээ томьёолсон нь бий. Харин бид...? Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр биднийг цаг үе алх шиг биш юмаа гэхэд хутга шиг байхыг шаардах боллоо. Хутга гэж юу билээ? Жижиг бас хөнгөхөн хамгийн гол нь хэрэглээ болон хөнөөлийг нь зүйрлэхийн аргагүй. Бид хутга байх ёстой. Тэр хутга үндэсний хэв загварыг агуулсан байх ба дэлхий ертөнцийнхөө өнгө аясыг дагаад хэлбэрийн хувьд ямар ч байж болно...
Одоо
Бидний амьдарч буй энэ ардчилсан нийгэмд чи өөрийнхөө эрхийг боломжит хамгийн дээд түвшинд эдлэх боломжтой, гэвч хэн нэгний эрх чөлөөнд халдаж үл болно. Энэ нь Их эрхийг дагаад их үүрэг ирэх нь зүйн хэрэг гэсэн үг юм. Харин бид эрхээ эдэлдэг боловч үүргээ бага ч болов биелүүлсэн нь үгүй. Зоос хэзээ ч нэг талтай байдаггүйн нэгэн адил бид үүрэг, хариуцлагийн талаар ярихгүй бол энэ Халхын хавтгай маань Хуучин хүүгийн хөмөрсөн тогоо, Эрлэг ахын тамын тогоо байсаар л байна.
Ардчилалын буянаар хэвлэл мэдээллийн олон суваг гарч хэрэгт дуртай мань мэтийн шавайг хангах болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Тэдгээрээс харахнээ сайд дарга нараасаа эхлээд цалингаас цалингийн хооронд өдөр хоног өнгөрөөгч мань мэтээр үргэлжлүүлээд, өөрийн дураар бус амьдрал л тэднийг ийм байдалд түлхсэн гэлцэх биеэ үнэлэгчид, харагдсан бүхнээ хормойдох гудамжны дуучин бацаанууд хүртэл хууль, дүрэм гэж мэддэггүй бололтой. Тэр ч битгий хэл цагдаа сэргийлэх нь хүртэл хууль дүрмээ мэддэггүйн харгайгаар “Та нар намайг нэгжих эрхгүй” гэж хэлсний төлөө нэг найзыг маань цоо эрүүл байхад нь эрчүүдын эрхийг хамгаалах төвд (Эрүүлжүүлэх байр) нэг хоног “амраасан” сурагтай.
Тэр ч үл барам 2 сая гаруйхан ах дүү нарынхаа амь амьдралаар, идэх хоолоор нь тоглосон сайд дарга нар хийсэн буруу үйлдлийнхээ төлөө ердөө л “Би хариуцлагаа хүлээнээ, албан тушаалаасаа огцорлоо” гэж байсан санагдана. Бас ч гэж овоо. Харин ингэж хэлээгүйг нь тоолбол салаа цэргийн гарын битгий хэл хөлийн хуруу ч элбэг цөөднө. Угтаан бол тэд хариуцлагаа хүлээгээд сэнтийгээсээ буух бус харин ч эх орон, ард түмнээсээ урвасан гэсэн зүйл ангиар шийтгэгдэх ёстой баймаар. Харин ч эсрэгээрээ, тэд их эрх эдэлж төрийн чухал ажил хашихын хамтаар алтан саатай торгон дээл өмсөж, модон хусуур хөндлөн хавчуулан таахалзана. Ямар их завтай хүмүүс вэ? Ямар арилсан дотор вэ? Тэд үүрэг гэж юу байдаг, түүний талаарх ойлголт ч үгүй бололтой. Харин хэдэн төгрөгөөр юу авснаа телевизээр ичих нүүргүйгээр бурна. Тун удахгүй Гарьд магнай кинон дээр гардагтай нэгэн адил наран гэрэлт, шашин төрийг хослон баригч, уулын спортын мастер, нэрт орчуулагч, их сэтгэгч (философич), шар дээлтэй ардчилсан нийгмийн анхдугаар Их Богд хатантайгаа наадам үзэх ба сайдын морь түрүүлж, УИХ-ын гишүүн бөхийн барилдаанд түрүү булаацалдаж, нэг яамны газрын дарга сур харваанд үзүүрлэх вий. Бие даан амьдрах төрөлх араншингаараа амиа боддог, хамаатан ах дүүсээ анхааран үздэг уламжлалт сэтгэлгээнээсээ салахгүй байсаар нэг нэгэндээ барьцаалагдсан монголчууд ихийг бүтээж улс орноо хөгжүүлнэ гэдэг ёстой лөөлөө болох шиг боллоо. Хийсэн ч хийгээгүй нэг нь матарлана, хийхгүй байсан ч хаа нэгтэйгээс хэн нэг нь шүүмжлэнэ.
Монгол стратеги
Энэ улсын хөгжилд хариуцлагатай, бас удирдан зохион байгуулахдаа мэргэшсэн хэн нэгэн хаа нэгтээ лааз өшиглөөд явж л байгаа. Бидний аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг бий болгогч тэр эрхэм хэн бэ? Тэр хаа байна? Түүнийг хайж зүдэрч, мухардаж байхаар богино хугацааны Монгол хөгжлийн загварыг бий болгоцгооё.
Бидэнд хэрэгтэй цоо шинэ нийгмийн байгуулал, бүтэцийн талаар би ярихыг хүссэн юм. Одоогийн дов жалга, гэрийн буйраараа хүртэл талцаж, хааяа таалагдаагүй нэгнийгээ нууцхан цааш нь харуулж, авилгалд автсан 76+1, түүнээс салбарласан нийгмийн байгууллыг би таашаадаггүй. Хүн төрөлхтний бодож олсон хамгийн шударга энэхүү засаглалаар бид цаашдаа хөгжих нь дамжиггүй боловч тодорхой үр дүнд хүрэх хүртлээ багагүй цагийг хойноо хийх бололтой.
Цөмөөрөө хэлэлцэж байгаад тендер зарлая! Улс орноо говь хангай хосолсноор нь хөгжлийн түвшингээр нь ангилж томоохон мужуудыг бий болговол ямар вэ? Харин тэдгээрийн захирагчдыг нь дэлхий даянаар тендер зарлаж Дэлхийд танигдсан томоохон нэр хүндтэй чадвартай нэгнийг нь сонгоё. Магадгүй тухайн мужийн орлогийн тодорхой хувийг амлая. Хэр их орлого олно төдий чинээгээрээ ашгаа аваг. Муж бүр өөрийн хөгжих арга зам хуулиа хүртэл өөрсдөө тодорхойлог. Захирагч өөрөө бүх асуудлаа бие даан шийдэх эрхтэй ба удирдах багаа бүрдүүлэг. Тэр хүн ямар ч орны иргэн байж болно. Гагцхүү мэдлэг боловсролтой нэгэн байх ба Монгол улсын засгийн газар түүнээс өөрийн удирдаж буй мужийн орлого ард иргэдийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар л үр дүн хүсье. Чадсан нэгнийг нь цааш нь удирдуулъя. Мужийн иргэдийн 60-70%-ийн саналаар тэр удирдагчийг огцруулах ба тэгэх эрхийг нь ард түмэнд атгуулъя. Ингэж байж тэр удирдагч ард иргэдийнхээ төлөө сайн ажиллаж, ашгаа ч хүртэж манай мулгуу улстөрчдөөс ч ангид байж чадна. Бүх мэдээлэл нээлттэй байх ба хууль эрх зүйн хэрэгжилт бодлого зөв явж буй мужуудын ард иргэдийн амьдрал дээшлэхийн хэрээр нөгөө мужууд нь суралцаад дагаад яваг, бас хөгжлөөрөө өрсөлдөг. Мужийн захирагч мужаа төлөөлөн гадаад орнуудтай харилцах бүрэн эрхтэй байх ба хөгжлийн зорилгоо хэрхэн тодорхойлсноос хамаараад аж үйлдвэржсэн бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутаг гээд хар аяндаа хөгжөөд эдийн засгаа бэхжүүлээд ирэх болов уу гэж бодож байна. Харин тэдгээр удирдагчдыг хянадаг ерөнхийлөгч болон түүний баг хөгжлийн стратегид анализ хийж байхад л хангалттай. Мужийн дотоод асуудал хэрэгжүүлж буй арга хэмжээнд хөндлөнгийн хяналт тавина уу гэхээс оролцох эрх олгохгүй. Муж хоорондоо худалдаа наймаа хийх, дэд бүтцээ хөгжүүлэх бодлогоо өөрсдөө боловсруулах ба хөрөнгө оруулалтыг татах хуулийн таатай орчныг өөрсдөө боловсруулаг, гагцхүү Монгол улсын тусгаар тогтнол, нэгдмэл байдлыг хүндэтгэх ёстой. Монгол улсын иргэн аль ч мужид амьдрах эрхтэй байх тул тэр муж энэ мужийнх гээд хоорондоо талцаад байх зүйлгүй. Үндсэндээ хөгжлөө өөрсдөө тодорхойлж буй “томоохон аймгууд” л юм чинь. Харин гадаад иргэдийн цагаачлал, Монгол гэсэн үндэсний үзэл, нэгдмэл байдал, гадаад бодлогыг Монгол улсын засгийн газар хариуцах ёстой. Ажиллах цар хүрээ ч багасаж байгаа тул дотооддоо бус илүү макро түвшиндээ анхаарлаа хандуулна гэсэн үг юм. Үүнийгээ Монгол стратеги гэж нэрлээд хөгжлөөрөө Дэлхийд гайхуулъя, Монголоороо омогшиё. Нийт Монгол туургатны сүүлчийн найдвар болсон Ар Монголоо хөгжүүлж Их Монгол улсаа байгуулцгаая.
Хамгийн гол нь Улаанбаатар төвтэй хөгжил бус бүс нутгийн бие даасан хүчирхэг эдийн засгийг хөгжүүлье.
Жич: Мунхаг миний бодлоор дараагийн Тэмка ахыг төртөл энэ удаадаа амьдууд нь аргаа олоод дэлхийн чадвартай гэсэн удирдагчдаар тэжээлгэвэл ямар вэ Монголчуудаа?
Tuesday, November 27, 2007
ЭВРИКА
Thursday, September 20, 2007
ПЕРЕСТРОЙКА
Монгол улсын үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…” гэж заасан байдаг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөний хувьд аливаа үндсэн хуульт ардчилсан нийгмийн байгууллын ёсоор нийтээр даган мөрдөх хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлах бүрэн эрхтэй билээ. Тиймээс УИХ-ын эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй аливаа хууль гэж үгүй. Хэрэв УИХ нь үндсэн хуулиар өөрт ноогдсон эрхийн дагуу бүх хуулинд засвар, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй юм бол өөрт нь тэрхүү хууль батлан гаргах агуу эрхийг олгосон үндсэн хуулийг ч өөрчлөх бүрэн боломжтой гэсэн үг. Иймдээ ч 1992 оноос хойш УИХ нь Монгол улсын үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулаад амжсан билээ.
Хэдэн жилийн өмнө УИХ дахь ардчиллын “үнэт зүйл” булшлагдсан. Өөрөөр хэлбэл урьд нь нийт гишүүдийн 3-ны 2-оор ирцийг хүчинтэйд тооцож, хуралд оролцсон гишүүдийн 3-ны 2-оор саналыг хүчинтэйд тооцож батладаг байсан ардчилсан зарчим үгүй болсон. Тоон утгаар илэрхийлбэл урьд нь 51 гишүүнтэй хуралдаж 34 хүний саналаар хууль батлагддаг байсан бол одоо ердөө 39 хүнтэй хуралдаж 20 хүний саналаар хууль баталдаг болжээ. Энэ нь “дотно нөхөрлөсөн” 20 хүнд сайхан хуйвалдах боломжийг олгож байна. Тиймээс үнэхээр л олонхийн санал хэмээх дүрмийг баримтлах ёстой юм бол ямар нэг хуулийг дор хаяж 39 хүний саналаар батлах нь зүйд нийцнэ. Яагаад гэвэл сонгогчид 76 хүнийг өөрсдийн төлөөллөө болгож сонгосон болохоос бус хуралд оролцмор аяддаг тэр хэдхэн хүнийг даргаа гэж долигоноогүй билээ.
Сая засгийн газрын гишүүнээ ерөнхий сайд нь огцруулахаар санал орууллаа, тэгснээ болиод саналаа буцаагаад татаад авчихлаа. Тоглоод ч байгаа юм шиг. Бас нэг огцорсон сайд нөгөөгөө огцруулах санал орууллаа, тэгсэнээ болилоо гэсэн чинь бусад нь болихгүй ээ гэж байгаад нөгөө мууг нь татаад унагачихлаа. Бага байхад л хөлбөмбөг тоглох гэж ингэж хүнээ хуваарилж авахаас болж наана цаана гэж сайдаж муудаж байдагсан. Янз нь энэ их хурал гэдэг газар овоо дэггүй, хөгширсөн хүүхдүүд нэлээн хатуухан тоглож байдаг газар бололтой.
Уг нь будлиулаад байгаа асуудлын гогцоо нь амархан л тайлагдах юм шиг. Их хурал нь ерөнхий сайдаа томилчихоод, ерөнхий сайд нь сайд нараа томилчихоод олигтойхон ажиллаж чадахгүйг нь өөрийн дураар хусах эрхтэй байвал л болмоор санагдах юм. Гэтэл ингэе гэтэл нөгөө сахилгагүй цэрэг нь өөрөө их хурлын гишүүн буюу дарга нарынх нь нэг байдаг байгаа. Чангахан дуугараад загначихаж болдоггүй. Аягүйдвэл чамайг өөрийг чинь хусуулах санал их хуралд оруулна шүү гээд духайчихна. Тэгэхээр чинь юун кабинетийн зохион байгуулалт, юун багийн тоглолт, жинхэнэ шуудайд хийсэн үхрийн эвэр байхаас аргагүй. Одоо манай энэ хэдэн яамдын байж байгааг хар л даа.
Өмнө өгүүлсэнчлэн УИХ-д бүгдийг дураараа өөрчлөх эрх бий. Аливаа эрхийн ард үүрэг, түүнийг дагаад хүлээх хариуцлага гэж байх ёстой ба тэрхүү хариуцлагыг тооцох эрх бүхий этгээд байх ёстой гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл бүхнийг чадагч УИХ-д хүлээх хариуцлага гэж бий юу, түүнтэй хэн хариуцлага тооцож чадах вэ? Үүний хариултыг уг нь үндсэн хуульд хальт заажээ; “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”. Өөрөөр хэлбэл УИХ-ын жинхэнэ “дарга” нь Монголын ард түмэн буюу эгэл жирийн мань мэт нь юм байна.
Гэтэл миний л хувьд лав хэзээ яаж төр удирдах үйл хэрэгт оролцчихсоноо мэдэхгүй юм. Улстөрийн өчүүхэн мэдлэгээсээ үзэхээр сонгуульд саналаа өгчихөж байгаа нь төр жолоодох тэр их үйлсэд хувь нэмрээ оруулчихаж байгаа юм байна л даа. Гэвч миний (олон олон хүний хувьд) сонгосон хүн (буюу нам) миний бодсон шиг, итгэж найдаж байсан шиг минь ажиллаж чадахгүй тохиолдолд би яаж түүнтэй, тэдэнтэй хариуцлага тооцох вэ? гэдэг асуултад ямар ч хариулт байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ тухай саяхан авч хэлэлцсэн боловч хэн ч их хурлын чуулганы танхимаас буцаж гарахыг хүсэхгүй байгаа нь харагдсан тул “тойргийн сонгогчид нь сонгосон гишүүнээ буцаан татах” шударга санал дэмжигдээгүй.
Проблем яриад л байвал яриад л байна. Тиймээс тодорхой шийдэл санал болгох хэрэгтэй. Миний бодлоор Монгол улсын төрийн байгууллын тогтолцоонд эрс шинэчлэл хийх хэрэгтэй. 15 жилийн өмнө батлан тунхагласан үндсэн хуульд заагдсан парламентын засаглал хэмээн нэршиж заншсан тэр л засаглалыг буюу ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, илэрхийлж болдог тэр л систем Монголд тохирно. Гагцхүү түүнийг эргэн хянах, хариуцлага тооцох боломжтойгоор зөв зүйтэй зохион байгуулах нь Монгол орны хөгжил, ирээдүйд эергээр нөлөөлж чадна.
Тэрхүү зохион байгуулалтыг баталгаажуулах эрх зүйн акт нь Монгол улсын үндсэн хууль байх ёстой бөгөөд одоогийн үндсэн хууль болон бусад төрийн байгуулалтын тогтолцоог зохицуулдаг хуулиудад засвар, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болох юм. Магадгүй дээрх хуулиудыг одоогийн (хугацааны хувьд биш шүү) УИХ-аар хэлэлцүүлэх, өөрчлөх бололцоогүй байх. Учир нь үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт нь УИХ-ын эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавих, улмаар төрийн байгууллын хуулиудад өөрчлөлт тавих эрх бүхий субьектийг буй болгох явдал юм. Энэ бол парламентын доод танхим (иргэд, сонгогчидтой шууд харилцах ухагдахууны үүднээс ийн нэрлэлээ). Доод танхимыг дараах байдлаар төсөөлж байна.
Эрх үүрэг:
• Үндсэн хуулийг батлах болон олон нийтийн санал болгосны үндсэн дээр хэлэлцэж өөрчлөх,
• Төрийн тогтолцооны гол гол хуулиудыг батлах болон өөрчлөх,
• Парламентын дээд танхимын үйл ажиллагаанд хяналт тавих,
• Хуульд хориг тавих, цуцлах,
• Дээд болон доод танхимын гишүүний ёсзүйн хэм хэмжээнд хяналт тавих,
• Ерөнхийлөгчийн ёсзүйн хэм хэмжээнд хяналт тавих,
• Дээд болон доод танхимын гишүүдтэй хариуцлага тооцох, эргэн татах талаар тухайн тойргийн сонгогчдын дунд санал асуулга зохион байгуулах,
• Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох, эргэн татах талаар нийт сонгогчдын дунд санал асуулга зохион байгуулах
Харьяа газрууд:
• Сонгуулийн ерөнхий хороо
• Үндэсний аудитын газар
• Авилгатай тэмцэх газар
• Хүний эрхийн комисс
• Үндсэн хуулийн цэц
• Үндэсний статистикийн газар
Парламентын доод танхим нь дээд танхимаас олон гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн тойргийн хувьд доод танхимын сонгуулийн тойргоос нэн ялгаатай байдлаар зохион байгуулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд танхимын сонгуулийн нэг тойргийг доод танхимын сонгуулийн олон тойргийн төлөөллөөс бүрдүүлнэ. Ингэснээр хоёр танхимын гишүүд өөр хоорондоо харилцан шууд нөлөөлөлтэй байх сөрөг үр дагаврыг саармагжуулах ач холбогдолтой. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь дээд танхимын сонгуулийн тойрог нь бүс нутгийн бус шинж чанартай байх бөгөөд харин доод танхимын гишүүд нь тухайн нэг бүс нутгийн иргэд, сонгогчдын төлөөлөл болж байх учиртай. Үүнийг олонлогийн зураглал ёсоор дүрслэн харуулбал:
Дугуй – Доод танхимын сонгуулийн тойрог
Дөрвөлжин – Дээд танхимын сонгуулийн тойрог
Доод танхимын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 3 дээд танхимын бүрэн эрхийн хугацааг хамарч байх нь зохистой. Учир нь дээд танхимд олонхи байж засгийн газраа бүрдүүлж байсан улстөрийн хүчин тухайн сонгуульт хугацаандаа санаачлан хэрэгжүүлсэн олны талархал хүлээсэн ажлыг дараагийн сонгуульд ялсан улстөрийн хүчин үгүйсгэх, бусниулах сөрөг хандлагад хориг тавих ач холбогдолтой юм. Сонгуульт хугацаа нь 8 жил байх нь зүйтэй. Зураглавал:
Хэрчмээр дээд танхимын сонгуульт хугацааг, саарал талбайгаар доод танхимын сонгуульт хугацааг дүрслэв.
Ингэж сонгуулийн тойрог, системийн хувьд дээд болон доод танхимын гишүүдийг ялгаж салгаснаар гүйцэтгэх үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхой болгож өгөх бөгөөд улстөрийн нам болон улстөрчдийн онцлогийг тодотгож өгөх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим нь улстөрийн хүчний суудлын хувиар бүрдэж бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байх бол доод танхим нь өөр хоорондоо хамааралгүй, нэгдмэл тодорхой зорилгогүй бие хүмүүсээс бүрдэж олон ургальч үзэл санаа уралдуулсаны үндсэн дээр олон нийттэй шууд харьцсан үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Сонгуулийн хувьд ч нэлээн өөр байх бөгөөд дээд танхимын сонгуульд мажоритар, доод танхимын сонгуульд пропорциональ системийг баримтлах нь илүү үр дүнтэй юм.
Доод танхимын гишүүдийн бүрэн эрхэд дээр дурьдсанаас бусад төрлийн хууль санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгохгүй байх нь зүйд нийцнэ. Харин нийт танхим даяараа хэлэлцсэний үндсэн дээр дээд танхимд хуулийн төсөл санал болгож болох бөгөөд дээд танхим нийт гишүүдийн санал хураалт дээр үндэслэн тухайн хуулийн төслийг авч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэг байж болох юм. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын буюу засгийн газрын (ялангуяа засгийн газрын гишүүний) асуудалд оролцох ёсгүй. Ингэснээр нийт сонгогчдын итгэл үнэмшил, сонголтыг хүндэтгэн хүлээн авахад тустай бөгөөд дээд танхимын үйл ажиллагаанд шууд бус оролцоотой байж, бие даан ажиллахад нь дэм болох юм. Өөрөөр хэлбэл дээд танхимд олонхийн суудлыг авч чадсан аль нэг улстөрийн хүчний мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хэрэгжүүлэхэд нь садаа болох ёсгүй.
Эндээс доод танхимын сонгуульд нам, улстөрийн хүчнүүдийн олонхийн суудлын төлөөх өрсөлдөөн байх ёсгүй нь харагдана. Доод танхимын бүтцийг намуудын төлөөлөл бус иргэдийн төлөөлөл байх үндэслэлтэйгээр зохион байгуулах нь олон ургальч үзлийг хадгалах, элдэв сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх давуу талыг олгох юм. Энэ нь манай улстөрийн нам, хүчнүүдийн төлөвшил, хөгжилд нэн тустай ба цаашлаад сонгогчдын сонголт хийх хандлага, үзэл бодлыг төлөвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул намуудын дунд харьцуулалт хийж, харин доод танхим нь гүйцэтгэлийн хяналтын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул нэр дэвшигчдийг харьцуулах замаар сонгууль өгөх нь ардчилсан сонгууль төлөвшөөд удаагүй манай орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн доод танхимын гишүүн нь одоогийн их хурлын гишүүдийн дуртай нь аргагүй хийдэг зүйл болох тойрогтоо ажиллах, үнэнхүү дургүй зүйл болох тойргийн сонгогчидтой уулзах гэдэг 2 ажлыг хариуцан хийх бөгөөд дээд танхимын гишүүдийн хувьд зөвхөн стратегийн шинж чанартай ажлуудаа л хийх үүрэг хүлээнэ. Ингэснээр одоогийн томоохон будлиантай ажил болох 3-р хорооллын төлөө сонгогдсон гишүүд нэг тусдаа, нийт Монгол улсын төлөө сонгогдсон гишүүд нэг тусдаа болж ажил үүргийн хуваарь сайжрах юм.
Парламентын доод танхимыг бий болгоход бүх л юмны таглаа болдог төсөв мөнгөний асуудал босож ирэх нь гарцаагүй. Үүний шийдлийг тун амархан олж болно. Ердөө л одоогийн шат шатны олон олон иргэдийн төлөөлөгчийн хурлуудыг үгүй хийх хэрэгтэй. Тэгвэл зөндөө их мөнгө гараад ирнэ. Тэгвэл засаг даргатай хэрхэн хариуцлага тооцох билээ гэж та гайхаж байгаа байх. Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль явуулж байхаар засаг даргын сонгууль явуулчихъя л даа. Дараа нь нэг хүнтэй хариуцлага тооцоход ч амар. Бас засгийн газрын бодлого бүс нутгуудаар хэрэгжихэд элдэв саад тотгоргүй шууд, харин ч амар биш үү. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх хамгийн “чухал” мест бүхий бичил парламентыг л үгүй хийчихвэл болох нь тэр. Энэ жаахаан улсад ийм олон парламентын танхим ямар хэрэг байхав, дорвитойхон далайцтайхан хоёр том парламент байхад л болох биш үү.
Ардчилалд би үнэнхүү дуртай, ийм юм бичихийг, хэвлэн нийтлэхийг, уншихыг зөвшөөрсөн хүний эрхийг эрхэмлэн дээдлэгч ардчилалд би үнэн голоосоо хайртай. Ийм эрх чөлөөтэй нийгэмд амьдрах завшаан олгосон, цаг үеийнхээ нөхцөл байдлыг соргог мэдэрч дорвитой алхам хийж чадсан ах нарынхаа оюун, зоригийг (харамсалтай нь одоо тэдний бие л үлдэж) би хүндэтгэнэ. Гэвч асуудал бөөн бөөнөөрөө босоод байгааг тэд зөвхөн субьектийн буруугаас боллоо хэмээн үзэж үндсэн шалтгааныг ойлгохгүй, системийн алдааг олж харахыг хүсэхгүй л байх шиг.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=69137
Thursday, August 30, 2007
Нэгэнт л оюун санааны хувьсгал хийе хэмээн уриалсан болохоор уриалгаа ажил хэрэг болгох талаар өөрөө эхлэх нь зүйтэй гэж санагдаж байна. Тиймээс орчин цагийн өндөр боловсролтой залуусдаа боловсон соёл төлөвшүүлэх ажлыг өөрөө эхлүүлэхээр шийдлээ.
УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА
Манайхны нэг сонирхолтой бөгөөд нийтлэг нэг зан төлөв байдаг юм. Тэр юу гэвэл ямар нэг хүнд баярлалаа, гялайлаа, талархлаа гэж хэлэхдээ нэн хойрго. Тэгэж хэллээ ч үнэн сэтгэлээсээ бус, албан хүчээр, өнгөцхөн хайнга сонсогдохтой үгүйтэй хэлэх. Ялангуяа найз нөхөд бол “Заа юун маягтай ийн, чи бид хоёр ингэж нялцганаад яахын” гэнэ. Гэхдээ хаа очиж хүнд баярласан сэтгэлээ илэрхийлэхдээ бас ч гэж танагтай, уучлаарай гэж хэлэхдээ бол үнэнхүү харам. Би анх гадаад гээч газар ирээд англи хэлийг сурах гэж хичээн шамдахдаа нэгэн зүйлийг жигтэйхэн тод анхаарсан нь юу гэвэл уучлаарай, баярлалаа гэх үгийг байнга тоть шиг давтах явдал байлаа. Угаасаа barbarian миний хувьд энэ нь илүүц маяглал, залхмаар яршигтай зүйл мэт санагдаж байсан боловч усыг нь уусан бол ёсыг нь дагахаас өөр аргагүй зүйл тул төд удалгүй хэлбэр төдий хэлж заншив.
Гэтэл энэ нь өнгөцхөн ёсорхол биш, цаанаа нарийн нандин утга агуулга бүхий бүхэл бүтэн цогц ойлголт гэдгийг ухааран хүлээн авахаас өөр аргагүй аж. Аль тааралдсан хүнд, хаа хамаагүй юм болгонд sorry, thanks гээд явах нь өөрийгөө жинхэнэ зэрлэгээс зэрлэг, бүдүүлгээс бүдүүлэг, морь унаж, мах зулгаасан өмхий нүүдэлчин гэдгээ харуулж байгаа гэдгээ мэдэрлээ. Учир шалтгааны нарийн гогцоо нь хэн нэгэнд зүгээр нэг уучлаарай гэж хэлэхдээ бус, үнэн сэтгэлээсээ хүндэтгэсэн, бие даасан амьд бодгалийнх нь хувьд анхааран тоомсорлож буйгаа илтгэсэн, хувь хүний эрх, эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрсөн утга санааг агуулдагт байна.
Эхэн үедээ би энэ нь зүгээр л хэлзүйн онцлогоос үүдсэн асуудал гэж бодож байлаа. Гэтэл монгол хэлэнд уучлаарай, өршөөгөөрэй, хүлцэл өчье гэх мэт олон сайхан үг байгаа нь хэлзүйн үүднээс шалтгаалаагүйг илтгэнэ. Хаана билээ уншиж байсан, please гэдэг үг монгол хэлэнд байхгүй гэж нэг нь балайтхад болгооно уу, ажаамуу гэдгийг тэгвэл юу гэж орчуулах вэ гэж мадалж байсантай агаар нэг.
Үнэн голоосоо уучлал хүсэж байгаагийнх нь нөгөө талд заавал ч үгүй ямар нэг байдлаар хариулт өгөх нь ёс. Эрж байгаа өршөөл, нигүүслийг нь хүлээж авч байгаагаа илэрхийлж never mind гэх нь эгэл жирийн, иргэншсэн соёл, хүмүүнлэг ёс юм. Магадгүй хариулт өгөхгүй, тэр ч байтугай ууртайгаар хялайн харж байвал таны хүссэн уучлал, хүндэтгэлийг тань хүлээж авахгүй байгаагаа илэрхийлж байгаа сөрөг хариу үйлдэл. Харин яах нь мэдэгдэхгүй гөлийгөөд л байвал яаж байгааг нь ёстой "чө-бү-мэ".
Түүхэн уг сурвалжийн хувьд уучлал, өршөөл нигүүсэл эрэх нь Монголчуудын хувьд гайхаад байх зүйл биш боловч өнөө үед “ховор бараа” болчихжээ. Энэ юунаас болов оо, иргэншиж эхэлсэн 20-р зууны дунд үеэс уламжлалт хүндлэх, хүндлэгдэх ёсзүй гажуудаж эхэлсэнтэй холбоотой юм бол уу, эсвэл зүгээр л хүний эрх, эрх чөлөө гэж учрыг нь сайн мэдэхгүй орилж байсан 90-ээд оныхноос эхлэлтэй юу?
Учрыг нь сайн мэдэхгүй ч өнгөрсний язгуур үндсийг ухлаа гээд юу сайжрах билээ, харин уучлал өршөөл эрэх нь угаасаа л Монгол ёс байжээ гэдгийг л санавал болох нь тэр. Зүгээр ч нэг санах биш, одооноос л хэрэгжүүлж, хэвшүүлж эхлье. Товчхондоо бие биенээсээ үнэн зүрхнээсээ уучлал хүсэж хэвшицгээе залуусаа. Уучлах эсэх нь бол таны л хэрэг. Харин эрж байгаа өршөөлийг нь өгөхөөр шийдсэн бол түүнийгээ мэдэгдээрэй дээ.
Бага байхад “хүн юм өгч байхад” гэж зандруулж алгаа тосоод, “одоо юу гэж хэлдэг билээ” гэж захиргаадуулж байж л сая нэг юм баярлалаа гэж автоматаар хэлж сурдаг. Ингэж тэгсээр байгаад хүн юм өгвөл л баярлалаа гэж хэлдэг юм байна гэсэн комманд толгойд тогтчихно. Аажимдаа жаахан томроод ирэхээрээ заавал биетэй бодитой зүйл авч байж л баярлалаа гэж хэлэхээ болиод аятайхан үйлчилгээ үзүүлсэн (хэдий үнийг нь төлсөн) ч баярлалаа, асуусан зүйлд хариулсан ч баярлалаа гэж хэвшинэ. Арай л сайн байна уу гэсэнд нь баярлалаа гэхээ шахна. Гэлээ гээд энэ хангалттай гэж үү? Хамгийн гол нь хүн чамд баярлаж байхад чи гөлийгөөд л зогсоод байх уу? Талархлаа илэрхийлж байгааг нь таалалтайгаар хүлээж ав л даа. Thank you гэхэд You’re welcome гэдгийн учир энэ. Түүнээс бус энэ бол автомат хариу үйлдэл биш.
Ойрмогхон эхнэртэйгээ ялихгүй юмнаас түр тархийлээ. Түр тархийх ч юу байхав, муудалцаж маргалдаагүй, бяцхан санал зөрсөн төдий л юм. Яалт ч үгүй миний зөв байсан болохоор нэн удалгүй ялалт миний талд ирлээ. Нэлээн мугуйд миний хувьд эхнэрийнхээ өөрийнхөө буруу байсныг ойлгож “ичингүйрэн бадайрч, мушгиран зангирч” байгааг харж кайф авах нь сонин биш, харин уучлаарай гээд хэлчихийг нь сонсох л гол зорилго байлаа. Гэвч зөрүүд золиг чинь хэлдэггүй шүү. Үүнээс нь болж бид хоёр жинхнээсээ түр тархийсэн дээ. Одоо бол эхнэр маань “уучлаарай хайраа” гэж үнэн голоосоо хэлдэг, харин би түүнд нь баярлаад шовхийлгэдэг болсон доо.
Энэ мэт энгийн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх гэж зүтгэх нь таны боловсролд нэмэр болдоггүй юм гэхэд боловсон соёл эзэмшихэд хэрэгтэй. Эрдмийн их цац суварга өөд мацахад тань энгүй их оюуны далай тань улам л хөлгүй болоод байх. Гэвч тэр их далайг хог бус соёл хөвөөлсөн цагт л тэргүүн баян эрдэм ном болдог буй заа. Энгийнээр тайлбарлаваас эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн билээ.
Дэмий юм бичиж үнэтэй цаг завыг тань үймүүлсэндээ хүлцэл өчье. Анхааран уншсан танд гялайлаа.
Tuesday, August 7, 2007
Монгол угсаатан гаралтнуудаа уриалан дуудах утга санаа бүхий “Шороо ба Үндэстэн” хэмээх миний бичвэрийн талаар олон хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэний үндсэн дээр бас нэгэн бичлэгийн санаа төрлөө. Санаа төрөх ч юу байхав, бусдын бодлыг өөрийн бодолтой нэгтгэн бичмээр санагдав.
ЧОНО САНАА буюу ТӨРИЙН БОДЛОГО
Элэг нэгт Монголчууд маань газар газраас цуглаад ирэхийн хамт баахан проблемууд гараад ирэх нь дамжиггүй. Ялангуяа урд хойд хөршөөс суугуул орноо орхиод уугуул нутагтаа ирэх андуудтай минь хамт бидний хамгийн дургүй “хужаагийн” эрлийзүүд бөөн бөөнөөрөө ороод ирэлгүй яахав. За тэгээд тэднийг оруулахгүй байх арга чарга бодох хэрэг гарнаа. Монгол гэдгийг нь нотлуулахад л гол асуудал нь байх байлгүй. Монгол хүний ген гэж яг таг, бат нот нэг юм байдаг эсэх нь бас л эргэлзээтэй. За яахав, гялс судлаад нээгээд олчихдог юм гэхэд би л лав түүгээр нь шалгуулахгүй дэг. Гай болж чи Монгол биш гээд гараад ирвэл яах юм, бөөн сэтгэлийн зовлон. Ер нь есөн үеэ мэддэг хүн ч байсан 2-ын 8 зэрэг, дээд удмын нийт 512 хүнийг жинхэнэ Монгол хүн байсан эсэх нь хүртэл эргэлзээтэй шүү дээ. Тэгээд ч хэчнээн их дайн хийлээ, наад зах нь эрчүүд нь гэртээ тогтохгүй, гэрт нь энд тэндээс олзолсон элдэв хангайн боол зарц нөхдүүд. Түүх харсан ч тэр, яагаав нөгөө Добу мэргэн өөд болчихсон хойно Алунгоо хатан 3 хүүхэд төрүүлчихсэн шүү дээ. Аа бас баахан олзны эмс охид байна, тэд нь бас зөндөө хүүхэд шуухад гаргаа л байлгүй. Та бид бүгдээрээ л тийм хүмүүсийн үр сад, хэн нь ч ялгаагүй.
Тэгэхээр энэ арга бүтэхгүй. Тэгвэл геополитикийн аргаар “шалгаруулна” гэвэл бүр бүтэхгүй. Ямар Гуаньжоуд хэдэн удмаараа амьдарсан Монгол хүнийг хасаад Шилийн голд хэдэн үеэрээ байсан нэг гадагад нөхрийг иргэнээрээ бүртгэж авалтай биш. Энэ бас дэмий юм байна. Тэгвэл хэлзүйн үүднээс шигшье гэвэл яах бол? Монголоор ярьдаггүй хүнийг Монгол улсын иргэн болгохгүй гээдэхвэл манай тагнын урианхайчууд болох Тува нар тэр чигээрээ хасагдчихна. Наад зах нь нутаг нутгийн аялгыг бүр яана гэхэв. Тэгэхээр энэ бүр болохгүй зүйл байх нь.
За ерөөсөө больё, бүгдийг нь бүртгээд авчихъя. Угаасаа манай улс л нэг үндэстний улс болохоос дэлхийн ихэнх улс орнууд хэд хэдэн үндэстнээс тогтдог. Тэгээд ч үлдэж байгаа жаахан Монгол генийг хадгалж хамгаалах талаас нь арай сийрэг ухаанаар олон талаас нь бодож үзэхэд бяцхан цус сэлбэхэд гэмгүй л байх. Тэгэхээр өнөөдүүл маань орж ирээд хутгалдаад эрлийзэж, хурлийзжаад аажимдаа уусна биз гээд бодтол тэдний оршин суух газрынх нь талаар бодох хэрэгтэй болчихно. Тэгэхгүй бол орж ирсэн нөхдүүд бүгдээрээ нэг дор байгаад байвал ямар юмных нь генетик-селекци явагдах билээ.
Гэтэл 1,565 мянган хавтгай дөрвөлжин км өргөн уудам нутгийн дөнгөж 0.05 хувь хүрэхгүй газарт нийт хүн амынх нь 40 шахам хувь нь шахцалдан амьдарч байгаа нь шавар тагзандаа шавааралдан сууж буйгаас ялгаа алга. Уг нь нүүдэлчин соёл иргэншил музейн үзмэрт шилжиж, урбан соёл даяаршиж буй өнөө үед 20 гаруй хоттой манай оронд ингэж баасан дээр овоорох ялаа шиг нэг дороо бужигнаад байх шаардлагагүй л юмсан.
Гэвч нээрээ Монголд ганцхан хот байдаг юм байна. Бусад хотыг нь сум гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр ганцхан Утаанбаатарт амьдрах нь аргагүй юм байна. Тэгээд ч бусад суманд амин зуулга хайхад ч үнэндээ хэцүү. Гар утас авъя хөдөөгийн үнийн нэмэгдэлтэй. ЭмСиЭс-ийн ганц ориг кола аваад уучихъя бас л нэмэгдсэн үнэтэй. Ямар дандаа л тараг идээд, айраг уугаад, мах зулгаагаад яваад байлтай биш. За больё, сургуульд суръя хот л явна. Хувь хувьсгал нь хамаагүй, бүгд хотод. Сургууль төгслөө, хөдөө явъя. Очиж “ялзрах” гээгүй л юм бол ямар юмаа хийж алс газар бөглөрч суух вэ дээ. Тэгсэн дор, хотод худалдагч, ядаж бааранд зөөгч хийж байсан нь дээр. Юмыг яаж мэдэх вэ, нэг өдөр тэнгэр гуайн “нөгөө юм” хурууны үзүүрт тэмтрэгдэх ч юм билүү.
Зүүн зүг уруу бол баруунтайхныг бодвол бас ч гэж арай дээр. Хойгуур гэж яриад яахав, угаасаа Улаанбаатар нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байдаг. Өмнө зүг уруу бол хандахын ч хэрэггүй, Оюутолгой энэ тэр нь байгаад ч ямар нэмэртэй. Улаанбаатар тэр хоёрын хооронд шууд нисчих хойно. Бусад нь бол зүгээр л хоншоороо татахаас өөр аргагүй. Угаасаа Монголд ямар зам тээвэр гэж юм байх биш. Харин хаа очиж муу нэрт, луу данст ерөнхийлөгч гуай л элдвээр хэлүүлэн барин санаачилсан Мянганы зам баригдаж байна. Барьж байгуулж байгаа нөхдүүд нь л жаахан тиймхэн болохоос бусдаар тун дажгүй санаа байгаа юм.
Америкийн онгон зэрлэг хээрийг эзэгнэн захирах, хотжуулан хөгжүүлэхэд Европчуудад төмөр зам тус нэмэр болсон гэдэгсэн. Сөнөж мөхөж байсан хэт хуучинсаг, хоцрогдсон бүдүүлэг ард түмнээс ертөнцийн хүчирхэг гүрэн, аугаа улаан Хятад орныг бий болгоход төмөр зам л үр нөлөөгөө өгсөн. Түүн лугаа адил Монгол оронд төмөр зам хөгжил дэвшлийг авчирна гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг.
Баруун тийшээ төмөр зам тавьж орхиё л доо. Өртөг нь нэлээн өндөр л байна байх. Гэлээ гээд Хархориныг жишиг хот болтол нь хөгжүүлэх 218 тэрбум төгрөгөөсөө ч болов хандивлаад, нийлүүлээд байхад болно доо болно. Ядаж ганц хоёр жилдээ ч болов, энэ олон ажилгүй залуусыг ажилтай байлгахгүй юу. Уг нь нэг удаа төмөр зам тавьчихсан байхад хувийн хэвшлүүд өөрсдөө л Хархориныг хөгжүүлчих юм байгаа юм ш дээ. Тэр замаар ачааны машинд ачаад ч барагддаггүй тонн тонн барилгын материал, хүнд даацын машин механизмууд хөвөрч хөгжил дэвшил гээч юм чинь хөдөө газар хүрээд очихын цагт хүн гэдэг амьтан чинь уудам дэлгэр нутагтаа тархаад өгмөөр л санагдаад байгаа юм даа. Худал гэвэл хүн амын шилжилт хөдөлгөөний үр дүнг нэг хараадхаарай. Төмөр зам дагуух суурингуудад л аль олон хүн шавсан байгааг статистик мэдээллээс хялбархан олоод үзчихэж болно.
За тэгээд л Улаанбаатарыг зүүн бүсийн эдийн засгийн төв болгоод, Улиастай ч юм уу, Ховдыг ч юм уу баруун бүсийн эдийн засгийн төв болгочихсон, эд нар нь хоорондоо төмөр замаар холбогдчихсон байхад улсын нийслэл, засаг захиргааны төв нь Хархорин байна уу, яанав хамаа алга. Бараа таваарын хуваарилалт гэдэг чинь тэр сайхан сүлжээгээр жигдхэн тараад л, үнэ тариф гэдэг чинь онцын ялгаагүй адил түвшинд тогтоогдоод л. Ингээд бодохоор нөгөө унаад, сөнөөд байгаа Монголын төмөр замын хажуугаар хувийн галт тэрэгнүүд нь зорчигч болоод ачаа тээврээ хийгээд байхад болохгүй юмгүй л санагдах юм. Яагаад төрийн өмчийн МИАТ-ын хажуугаар хувийн өмчийн Аэро Монголиа, Изинис Эйрвэйз нь нисэж болоод байхад нэгэнт тавигдсан төмөр замаар амин хувийн уурын зүтгүүр төлбөр хураамжаа өгчихөөд уухилаад давхиж болохгүй гэж.
Мэдээллийн технологийн эрин үед аль амбасан үеийн аж үйлдвэржилтийн юм яриад байхаар гайхаж л байгаа байх. Гэвч бодит байдал дээр Монголын хувьд юун мэдээллийн технологитой мантай байна шүү дээ. Талхны үнэ нэмэгдлээ, автобусны үнэ нэмлээ гэхийн төдий бослого гаргаад байдаг ядуу ард иргэдтэй улсад эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлэх нь хамгийн тэргүүнд тавигдах асуудал шүү дээ. Автобусны үнэ нэмэгдээ л биз, уг нь ганц нийслэлийнхний л асуудал. Гэтэл цаана нь өөр хот суурин, хүн ам гэж байдаггүй юм уу хаашаа юм.
За бас, өөр аймгийн нэг хүн гараад ирэхтэй зэрэг эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаад л элдэв хангайн юм донгосоод байдаг хэт үндсэрхэг үзэл гэж нэг балай өвчин байна. Нутгархаг үзэл гэдэг чинь үндсэрхэг үзлийн нэг хэлтэрхий. Монгол гэхээр л халхыг хэлдэг, барга, цахар гэхээр л Өвөрмонгол (хужаа) гэж ойлгодгоо хэзээ болих юм бол?! Хит болж байгаа дуу нь хүртэл “Би жинхэнэ Монгол, саак халх” гэдэг үгтэй шүү. Ийм ухвар мөчид бодолтой байгаа залуус ямар юмных нь нэгдсэн Монгол, нармай Монгол улсыг байгуулах. Урдаас ирснийг нь хужаагийн эрлийз гэж доромжлоод л, хойноос ирснийг нь Оросын хурлийз гэж ад үзээд л. Үндсэрхэг үзэл гэж өөрийн үндэстнийг (өөрийгөө, хар амиа) дээгүүрт тавьж илүүд тооцдог, бусдыг дорд үзэж үл тоомсорлон нулимдаг нацист үзэл санааг хэлдэг болохоос улс орны эрх ашгийг чухалчилдаг үндэсний үзэл, ухамсрыг хэлдэггүй.
Саяхан гадаад хаягтай дайн зарлаж аюул болов. Мөн хийрхэх юмаа олж ядав аа. Гадаадын жуулчид “Hotel” гэдэг бичиг эрнэ үү гэхээс “Зочид буудал” гэдэг үг хайх уу? “Pub” орж аяга тагш юм олж хүртээд сурчихсан тэдэнд “Пиво баар” гэдэг газар гашуун нясуун юм зардаг юмаа гэдгийг тайлбарлаад хэлчих хүн гудамжинд тэр бүр тааралдах уу? Тэгээд бас аялал жуулчлал бол Монгол улсын тэргүүлэх салбарын нэг гээд байгаа шүү. Хэт нэг зүйлд улайрах нь сэтгэцийн гүн өвчин. Энэ бол хямрал, сүйрэл. Бид оюун санааны солиорол, дэмийрлийн дунд байна.
Их түүх, эх хэлээ магтан дуулах нь зөв боловч алив юманд хэмжээ хязгаар хэрэгтэй. Түүхийг бид алдаа оноогоо дэнслэх гэж ирээдүйгээ төлөвлөх гэж судалдаг, хэлийг бид өдөр тутам ашиглах гэж улам бүр баяжуулан хөгжүүлэх суралцдаг болохоос бус хий хоосон онгирох, хийрхэх гэж уншдаггүй, сонсдоггүй. Хэрэв айлчлалаар ирсэн Кувейтийн эмирт манай ерөнхийлөгч “Миний дээд өвөг танай дээд өвгийг алаад, дээд эмгийг чинь хүчиндэж явлаа” гэж гайхуулбал юу болох вэ? “Бид дэлхийг эзэлж явсын” гэж цээжээ дэлдэн ширээ шааж агсамнахаас илүүтэй “Яаж үр хүүхэддээ аятай таатай орчин бүрдүүлж үлдээе дээ” гэж бодох эрүүл ухаан өнөөгийн залуус бидэнд байхгүй гэж үү? Яагаад “Муусайн хужаа, солонгосуудыг ална даа” гэж орилохын оронд “Яаж тэдний нөү-хауг эвтэйхэн хусчихъя даа” гэх зальжин бодол сэргэлэн толгой дотор нь эргэлдэж болдоггүй юм бэ?
Энд л өгүүллийн маань утга санаа агуулагдаж байгаа юм. Бидэнд оюун санааны хувьсгал хэрэгтэй байна. Наад зах нь өдөр ирэх тусам хавтгайрч байгаа нэг дэлхийн хэл болох англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгон зарлах хэрэгтэй. Үүний тулд хүүхдэд ясли, цэцэрлэгт байхаас нь дунд сургууль төгсөх хүртэл нь англи хэл зааж, дээд сургуулийн хичээлийг англиар ордог байх хэрэгтэй. Бас гадаах бүх хаяг самбарыг монгол, англи хоёр хэлээр бичих хэрэгтэй. Үүнийг хуульчлан тусгаж өгөх нь зүйтэй.
Дээд боловсролыг (мэдээж бүгд биш) англиар олгодог болчихвол энэ олон зах замбараагаа алдсан их дээд сургуулиуд, худал үнэн багш нар хумигдаж, чанартай хэдхэн том их дээд сургууль л үлдэнэ. Яагаад өчнөөн сая хүнтэй БНСУ-д 300-хан дээд сургууль байхад 3 сая хүрэхгүй хүн амтай Монголд 120 гаран дээд сургууль байгаа юм бэ? Яагаад Монголд авсан бакалаврын зэрэг олон улсад үл тоомсорлогдож дахин бакалавр авах гэж сурах ёстой юм? Гэх мэт олон олон ажил бидний өмнө тулгараад байгаа боловч шийдэгдсэн нь нэгээхэн ч үгүй. Энэ бүх асуудлын гогцоо төрийн бодлого гээч юмыг боловсруулдаг, хэрэгжүүлдэг аппаратад л байна.
Гэтэл манай парламентын хийдэг ажил нь оршуулга яаж зохион байгуулах вэ, наадмаа яаж гоё хийх вэ гэдэг л байх юм. Гаргасан хуулиас нь болоод л өч төчнөөн хадгаламж зээлийн хоршоод худлаагаасаа үүсч төд удалгүй дампуураад л, албатай юм шиг өөрсдөө мөнгөө май гэж аваачиж өгч алдчихаад түүнийгээ төрөөс нэхээд л. Тэр нь өгөөд л...
Нөгөө маниудын хэлдэг нохой санаа, чонын ухаан хаачсан бэ? Төслөөс арайхийж унагасан хэдэн цаасаа яаж азаартуулахгүй байх вэ гэдгээс өөр юм толгойд нь орохоо байчихсан юм байх даа, манай энэ элитүүдэд? Өнөөдрийн уушигнаас илүүтэй, маргаашийн өөх чухал биш гэж үү? Энэ л төрийн ажил мөн биз дээ? Энд л төрийн бодлого байх хэрэгтэй биш үү?
Тиймээс ирээдүйн төрийн хар хүн болох одоогийн шалдан хөвгүүд, нүцгэн охид бид нар эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бид нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж чадвал бидэнд чадахгүй, мэдэхгүй, дийлэхгүй юмгүй л болж орхино доо. Нэгдмэл хүчирхэг, их Монгол улсын, агуу үндэстний төлөө дээшээ залуусаа, өөдөө...
http://www.tsahimurtuu.mn/main/200708071281.htm
Thursday, April 5, 2007
ШПИ
Монгол орон хөгжжээ, хөгжиж. Нээрээ би худлаа яриагүй шүү. Уг нь худалч хүний нээрээ олон гэдэг л дээ. Гэхдээ хэн нэг нь вэб дизайн хийж, нөгөө нь энд тэндээс хэр чадлаараа хакердаж, хэрэгтэй хэрэггүй санаа оноо, мэдээ мэдээлэл хусч л байна. Үгүй яахав дээ, порно кино ч бай, тоглоом ч бай, хэнд ч хэрэггүй зүйл ч бай олоод татчихаж сурах нь мэдээллийн гэгдэх эрин зуунд хэрэгтэй,шаардлагатай skill мөн биз дээ. За тэгээд вэб дизайнингийн жаахан мэдлэг олмор аядмагцаа вэб сайтыг чинь хямдхан хийж өгье гээд л мэргэжлийн цөөхөн хэдийнхээ зах зээлээс хороолцоод, уур унтууг нь хүргээд байгаа нь бас л сайн хэрэг. Өч төчнөөн Монгол вэб хуудас бий болж байгаа нь эх нутгаасаа байнга хэл чимээ чагнаж суудаг бусдыгаа баярлуулж л байна.
Урьд нь чадлаараа сонин гарчиглаад, телевиз үзэж, радио сонсож амжаад л байдаг байлаа. Сүүлдээ ч зав муутай, сонин унших битгий хэл телевиз хаанаасаа олж үзэх вэ гэдэг нь ч тодорхойгүй болоод ирэх үед ажилдаа түүртэж мэдээллээс хоцрогдож байна шүү гэж бухимддаг болж ирлээ. Харин хаа очиж сайн найз нөхдийн буянаар тэртэй тэргүй хэвлэлийн мэдээ түүвэрлээд тавьчихдаг сонин сайхан ихтэй вэб хуудсуудын хаягийг олж авсанаас хойш шинэ мэдээ, нийтлэлүүдийг цаг алдалгүй олоод харчихдаг болж амарсан даа. Гэтэл интернэт сайтаас мэдээ, нийтлэл унших нь урьд өмнө тэр бүр нэг их анзаарч байгаагүй сүрхий давуу талтай юм байна. Уг нь хэвлэчихсэн, үдчихсэн биетэй бодитой цаас бариад унших нь компьютер шагайхаас хамаагүй илүү л дээ. Гэхдээ нэгэнт хэвлэгдээд гарчихсан юмны тухай хүмүүсийн санаа бодлыг олж мэднэ гэдэг бол хэцүү. Харин интернэт бол өөр өө.
Ямар нэг вэб-хуудсанд гарсан мэдээллийн доод талд нь “Уншигчдын бичсэн зүйлийн талаар тус вэб-сайт нь ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн сануулга бүхий иргэдийн чөлөөт индэр байдгийг бүгд мэднэ байх. Үнэн гайхамшиг. Чухам тэндээс чинь л нөгөө ард түмэн гээч нөхөд юу хүсээд, яамаар байгааг, яах гээд байгааг, ямар санаа бодолтой байгааг мэдээд авчихаж байх жишээний. За тэгээд над мэтийн болсон болоогүй санаа оноогоо бусадтай хуваалцах гэсэн элдвийн юм бичих, эрээчих дуртай нөхдүүдэд шинэ сонин, содон чамин санаа өгдөг жинхэнэ сайхан “шпаргалка” чинь тэр шүү дээ.
Гэвч энд бичигч ихэнх “нөхдүүд” нийгмийн ухааны ойлголт ёсоор бол нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хүртэл бие хүнийхээ хувь хөгжиж чадаагүй байгаа нь илэрхий харагдана. Ингэж хатуу ширүүн шүүмжилж байгааг минь тэрхүү чөлөөт индэр дээрээс амны салиа нь арилаагүй, өөрийгөө юу гэж хэлж байгааг ч ойлгохгүй байгаа “жаалууд” хамаа намаагүй, эрээ цээргүйгээр гадаад дотоод хараал ерөөлийг учир утгагүй урсгадагийг хараад ойлгож байгаа байх хэмээн итгэж байна. Зарим нь аргаа барж бухимдахдаа хараадаг л байх. Гэвч ихэнх “бацаанууд” нь энд яг юу гэж хэлэх гэсэн юм бол гэж нэг удаа ч ухаж бодолгүй, хүсэлгүй шууд л хамгийн аймаар хараалуудыг урсган бичнэ. Ингэж бичигчид нь харь гадаадын байтугай, төрөлх Монгол хэлээрээ ганц өгүүлбэр эвтэйхэн хэлчихэж чаддаггүй нөхдүүд байх нь үнэнхүү харамсалтай. Сайн юманд садаа мундахгүй гэж тэр хүүхдүүдийн дэмийрэхийг авч хэлэлцэхээ больчихъё л доо. Хамгийн гол нь миний бие энд тэрхүү чөлөөт индэр буюу “сэтгэгдлээ бичих” гэж томъёологдох хоосон зайны ач холбогдлын талаар өөрийн бодлыг илэрхийлэхийн ач холбогдлыг үнэ цэнийг магтан дуулахыг хичээж байгаа юм.
Баабар, энэ үгийг дуулаад таны нүдэнд хүн биенд төрсөн аймшигт “үзэг” бууж байгаа биз. Биеэр бага ч бэлчээр том энэ эрхэм дасгалжсан булчингаараа бус мэдлэгжсэн тархиараа биеэ хамгаалдаг тухайгаа илэрхийлж байсан. Орчлонгийн эгэл мулгуунуудын нэгэн болох би “Дори идэр дүүдээ зөвлөх нь”, “20-р зуун Монгол, Нүүдэл суудал” зэрэг номуудыг нь браво хэмээн түүнийг шүтэж явсан билээ. Явсан гэж өнгөрсөн цаг дээр өгүүлэхийн учир нь түүний цаг үеийн холбогдолтой бичвэрүүдийн бүрэн утгыг мөхөс мэдлэгийнхээ хүрээнд болгоон ойлгох хүртэл цаг хугацаа шаардлагатай байдаг аж. Мэдээж би түүний гайхамшигт бүтээлүүдийг үгүйсгэсэнгүй. Харин цаг үеэ соргог мэдэрч алдаа дутагдлыг нь хатуу ширүүнээр шүүмжилж, дооглон ёжилж хошин өнгө аястайгаар бичсэн алдарт нийтлэлүүдийг нь, түүгээрээ илэрхийлэн гаргагч түүнийг өөлөх гэж байна. Өөчилж муулахдаа гол нь биш юмаа. Зүгээр л түүнийг өнөөх чөлөөт индэр дээрээс үгээ хэлсэн иргэдийн санаа оноог уншдаг болов уу хэмээн хардаж сэрдэх гэсэн юм би. Үүнийг уншигч эрхэм та түүний бичсэн гайхамшигт нийтлэлүүдийг үнэлэн дэмжигч, эсвэл эсэргүүцэн шүүмжлэгч алин байх нь надад чухал бус гагцхүү таныг дэмжиж үнэт саналаа нэмэрлэснийг, шүүмжилж буруушаасныг тань Монголд төрснөөрөө “алдсан” аугаа нийтлэлч Баабар авгай өөрийн гэгээн оюундаа болгоон тунгаасан эсэхт л эргэлзэж байгаа билээ.
Цэнддоо, энэ нэрийг сонсмогц та алдарт жүжигчин, тулааны урлагийн мундаг мастер Жет Ли-тэй төстэй царайтай, цаанаа л нэг жоготой харцтай эдүгээ Монголын алдарт шог зохиолчийг санаж байгаа. Түүний хэн бүрийн эрүүл саруул толгойд орох байтугай, зүүдэндээ ч үзэхэд хэцүү эсэргүү бодлыг арай дэндүү гэмээр илэрхийлсэн элэг хөшөөм марзан өнгө аястай гайхамшигт бичвэрүүдийг хүн бүр унших дуртай. Уншсан болгон инээж, эсвэл уурлаж гомдож, үргэлжлүүлэн нэгийг бодож нөгөөг эргэцүүлдэгт энэ дэмий юмыг бичигч би бээр бат итгэж байна. Үнэндээ гайхмаар, наад зах нь “Голын тэртээх гацааны хавар” хэмээх намтар зохиолыг нь уншихад түүний ямархан этгээд гаж, хүн хүнээс өвөрмөц сэтгэлгээтэй болох нь төвөггүй ойлгогдоно. Жишээ дурдъя, Хайр сэтгэл бол хичээлийн дайсан мөн гэж захирал багш нь коммунист ухагдахуунаар сурталчилж ахуйд тэгвэл эрдэм номын дайсан бол дурлал мөн гэж хариулах, эсхүл өнөөгийн залуус бидний биш аав ээж, ах эгч нарын минь аялах дуртай дуу “Сэргэлэн бага нас”-ны үгийг мушгин гуйвуулах буюу яг үнэндээ бодит утгаар нь ойлгох нь түүний уураг тархи нэн “гажиг” бүтэцтэйг илэрхийлнэ. Гэвч энэ эрхэм алба хааж буй өдөр тутмын сониныхоо вэб хуудас дээр, өөрийнх нь бичсэн бичвэрийн доор нөгөөх л чөлөөт индэрт үгээ хэлэгсдийн саналыг анхааран үздэг эсэх нь нэн эргэлзээтэй. Эсвэл үзчихээд дооглож суудаг юм болов уу, бүү мэд.
Саяхан өдөр тутмын нэг сониноос мэдээ уншдаг юм байна, мэдээж интернэт гуайн ачаар, компьютерийн дэлгэцнээс. Түүнийг мэдээлэгч сэтгүүлч мэдээллийн, за яг үнэндээ миний бодлоор бол мэдлэгийн алдаа гаргажээ. Тэссэнгүй доор нь бичлээ дээ, чөлөөт индэрт нь “Наадах чинь тийм бишээ, ийм байдаг юмаа. Жаахан юм уншиж судалж бай л даа, сэтгүүлч ухаантай юм бол” гээд аваад хаялаа. Тэр сэтгүүлч миний бичсэн зүйлийг уншаад буруугаа ухамсарлах, цаашдаа өөрийгөө хөгжүүлэх эсэхийг би мэдэхгүй. Танд ч бас ийм зүйл зөндөө л тохиолддог байлгүй.
Юмыг өөрийнхөөрөө ойлгож зөрүүдлэх дуртай, жаахан маанагдуу миний хувьд сэтгүүлч гэдэг эрхэм алдрыг сэтгүүлзүйн дээд боловсролын диплом гэдэг хавтас өвөрлөсөн хэн бүхэн хүртээд байдаггүй гэж боддог. Энэ бодол минь хэдхэн жилийн өмнө учир үл ойлгогдох шалтгаанаар мэдээллийн эх сурвалжаа нуусан нэгэн сэтгүүлч шүүхээр шийтгүүлж, түүнийг зохих газар уруу нь хүргэх ёстой цагдаагийн хуяглан хамгаалалтын ахлагчаар явсан хар багын найзын минь үг улам бататгасан юм. Тухайн үед хэвлэлийн мэдээгээр цагдаа нар яллагдагч сэтгүүлчийг авч явахдаа зүгээр тайван замаар эсэргүүцэн уриа лоозон болж жагссан сэтгүүлчдийг баруун солгойгүй балбаж нүдэн, хөөж туусан аж. Гэтэл үнэн хэрэгтээ тийм юм болоогүй, харин ч эсрэгээрээ сэтгүүлчид ажил үүргээ биелүүлж байгаа цагдаа нарыг гартаа тааралдсанаараа зодож заримыг нь бэртээж гэмтээснийг найз маань уруулж маажуулсан шарх сорви, цохиулж нүдүүлсэн булдруу гүвдрүүгээрээ надад батлаад өгч билээ. Чааваас, угаас “ядуу” улсын төрийн албан хаагчийг ч хэлэх үү тэр бүр хангалттай олддоггүй салмарсан дүрэмт хувцсандаа ихэд харамсаж байсан.
Ардчилсан нийгэмд дөрөвдөгч засаглал хэмээн хүндлэгддэг сэтгүүлзүй үнэнийг магтан дуулагч ёс суртахууныхаа ачаар энэхүү алдрыг хүртсэн гэдгийг сэтгүүлч гэгдэх хүний оронцогууд мэддэг болов уу. Энд би сэтгүүлч хэмээх нарийн мэргэжлийг, тэдний ажлыг муулахыг буруутгахыг зорилго болгосонгүй. Гагцхүү тэрхүү сайхан мэргэжлийг бузарласан, эрхэм нандин ёсзүйг уландаа гишгэсэн өнгө мөнгөний хойноос улайран хөөцөлдөгчдийг нэрлэж байна. Ер аливаа мэргэжилд даган баримталбал зохих стандарт, ёсзүй хэм хэмжээ байдаг. Үүнийг үл мөрдөгсдийг хаа газар, аль ч салбарт “шаарнууд” хэмээн нэрлэдэг билээ. Мэдээж дөнгөж сая миний улайм цайм өмөөрсөн төрийн тусгай албан хаагч – цагдаад энэ асуудал бүр ноцтой хэмжээнд хүрчхээд байгаа. Нэгэнт үнэнийг өгүүлэх гэж товчхон томъёолж болох ёс суртахуунтай байх ёстой сэтгүүлчид нь “бүлт үсрээд” байхад мань мэтийн энгийн иргэд нь юу ч гэж “унгас алдана”, бидний л дурын хэрэг билээ.
Энэ бодол эргэцүүллээ сонин хэвлэлд нийтлүүлэхийн тулд май гээд төлөх мөнгөгүй би мэдээж интернэтэд тавина. Тэр үед та уншаад үүний минь доор тиймээ, энд үнэн үг бичсэн байна эс бол үгүй энэ худлаа, тийм байдаггүй, гэх буюу зарим нь магтаж ерөөж, өмнөхөн миний газар дор ортол муулсан аваргууд (яг үнэндээ би тэдний дийлэнх нь хүүхдүүд, цөөнх нь уйдаж аргаа барсан томчууд гэдэгт итгэдэг) гар нь загатнаад баруун солгойгүй гадаад дотоод хараал ерөөл урсгах л байх. Гэвч яадгийм, бичих л хэрэгтэй, эрх чөлөөгөө эдлэх нь зүйтэй. Бич бич, харин би өөрөө эхэлж уриалсан юм чинь уншина, хүлээж авна, бодно. Мэдээж бас би ч бичнэ, харин тэр үед та уншаарай, бодоорой, хүлээж аваарай гуйя.
Tuesday, March 20, 2007
ШОРОО буюу ҮНДЭСТЭН
Саяхандаа, шинээр байгуулагдсан авиа компани олон улсын хэмжээнд зөвлөгөө өгдөг Америкийн глобал компаниас консалтингийн үйлчилгээ авсан юм. Тус компанийн мэргэжлийн зөвлөхтэй уулзаж Монголын талаарх анхны мэдээллийг өгөхөд агаарын тээврийн салбарт мэргэшсэн тэр хүн Монголын хүн амын тоо болон газар нутгийн хэмжээг сонсмогцоо царай нь илт хувирч толгой сэгсрэн “Very big country” хэмээн амандаа бувтнасан нь нэн содон санагдаж билээ. Үнэхээр ч үйлчлүүлэгчийнхээ бизнесийг амжилттай байхуйц хэмжээний зөвлөгөө өгөхөөр үүрэг хүлээсэн тэр хүний санаа зовох нь аргагүй юм. Онгоц нисгэхгүй байхын аргагүй аварга том нутаг дэвсгэртэй мөртөө хариугүй жаахан хүн амтай улсад агаарын тээврийн компанийн онгоц дүүргэлтийг хангалттай түвшинд байлгаж, ашигтай ажиллуулах дайны зөвлөгөө өгнө гэдэг бол тун хүнд даалгавар.
Аливаа улс орны хөгжлийн түвшинг эдийн засгийн чадавхиар нь хэмждэг. Эдийн засгийн үндсэн дөрвөн нөөцийг газар, капитал, технологи, хөдөлмөрийн нөөц гэдгийг хүн болгон мэднэ. Эдгээрийн гурав нь хүнтэй холбоотой байдгаас нэг нь хүн өөрөө, нөгөө нь хоёр нь хүнээс шууд хамааралтайгаар буюу хүний бие болоод оюуны хөдөлмөр зүтгэлээр бий болдог. Өөрөөр хэлбэл аливаа хөгжлийн эцсийн шалтгаан нь хүн буюу хүний нөөцийн хүчин зүйл л юм. Харин газар бол дахин нөхөгдөхгүй буюу тулгуур хүчин зүйл бөгөөд хүний нөөц хангалттай улс орнуудад газар нэн чухал асуудал байдаг. Манай орны хувьд эцэг өвгөдийн нөр их хичээл зүтгэл, нарийн сэжүүрт ухааны үр дагавраар өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн уудам тэнүүн, арвин баян газар нутагтай тул бидний хөгжилд сөрөг нөлөөтэй нэгдүгээр асуудал нь хүний нөөцийн хомсдол гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.
Мал аж ахуйд сүргийн бүтэц, хээлтэгч малын тоо гээд байдаг даа. Түүнтэй адил хүн амзүйн демографикт төрөх насны эхчүүд, эмэгтэйчүүдийн тоо гэж сонсоход хөгийн ч нарийн нандин утга агуулга бүхий ухагдахуун бий. Энэхүү үзүүлэлт нь тухайн орны хүн амын өсөлтийн багтаамжийг илэрхийлдгээрээ л нарийн нандин юм. Хацар гоо бүсгүйчүүд маань бүгдээрээ жил бүр төрөөд л, нэг ч нярай эндэхгүй эсэн мэнд өсөөд л, настан буурлууд нь үр хүүхдийнхээ магнайг тэнийлгэж 100 насалж зургаадай таяг тулаад л, өвчин зовлон, үхэл хагацалгүй “бур бур бороотой, бумбын сайхан орон” байгаад ч гэлээ хэд хэчнээн жилийн дараа Монголын хүн ам хангалттай хэмжээнд, ядаж 10 сая болох вэ?
Уг нь гаднаас хүнс хоол биш хүн ам импортолбол зүгээр юм шиг. Гэтэл үүнийг дагаад ирэх ашгаасаа давсан том алдагдал байдаг нь тун онцгүй. Учир юун гэвэл тэртэй тэргүй өдрөөс өдөрт улам бүр ховордоод байгаа Монгол ген устаж үгүй болох аюул. Хоёр их гүрэн, хоёр нүсэр үндэстний дунд яаж тэсэж үлдээд өдийг хүргэсэн юм гэмээр цөөхөн монголчуудад энэ эрсдлийг давж гарах тэнхээ одоо үгүй болжээ. Яагаад үгүй гэвэл таруу байршсан, үндэс угсаагаа гэх хувийн ухамсар соёл өндөртэй байсан нь үндэстний хувьд сөнөж мөхөхөөс сэргийлж чадсан гол нууц болов уу хэмээн таамаглаж байгаа үүднээс ингэж дүгнэж байна. Эрхэм та эсэргүүцье хэмээн болгоовол захын нэг бааранд ороод хараарай, охин тань юу хийж байгааг... Эсвэл хүүг тань хэн нэгэн дээрэлхээд байгаа юм биш биз?!
Хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх үүднээс мөнгөн урамшууллын хэлбэрийг ашиглаж эдийн засгийн шууд хөшүүрэг хэрэглэх нь Монголын ядарсан эдийн засагт нэрмээс болно, түүнээс болж өөрсдөө ч эвгүй байдалд орно гэдгээ 2004 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөгч гол хүчнүүд болох МАХН, Ардчилсан холбоо эвслүүдийн аль аль нь “санаагүй” нь үнэхээр гайхалтай. Магадгүй тэдэнд хүн амын өсөлт сонин биш, сонгуулийн үр дүн л чухал байсан байж болох талтай юм. Үнэхээр л хүн амын өсөлтийг чухалчилсан юм бол арай өөр, шууд үр дүн мэдрэгдэхүйц арга хэлбэрийг ашиглаж болох л шүү дээ. Уг нь Монголын аль чадалтай, мэдлэгтэй сор болсон эрдэмтэд, эдийн засагчид, хуульчид, улс төрчид энэ л хоёр өрсөлдөгч хүчинд хамаардагсан.
Манай орны хувьд эдийн засгийн хөгжлийн тулгуур нөхцөл хэмээн өмнө тодорхойлсон хүний нөөцийн хүчин зүйлд нийт хүн амын тоо онц ач холбогдолгүй бөгөөд хамгийн гол нь хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо л гол үүрэгтэй юм. Учир нь тэд л ихэнх хүнсийг идэж хувцсыг өмсөж, тэд л ажлын байр, цалин хөлсний асуудал сөхөж, тэд л засгийн газрыг огцруулж, сонгуульд саналаа өгч, тэд л дайн тулааныг гардан гүйцэтгэж, дан ганц тэд л хүн амын нөхөн үржихүйн хэрэгсэл болдог билээ. Хэрэглэгчийн зэх зээл дэх эрэлтийг голлон хөдөлмөрийн насныхан л бий болгож зах зээлийн багтаамжийг нэн түрүүнд тодорхойлох бөгөөд мэдээж хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг тэд л хариуцна. Тэдний энэ олон олон эерэг ач холбогдлоос хамгийн гол ашиг тус нь тэд бол нийгмийг хөдөлгөгч хүч юм. Тэгвэл энэхүү “ашиг шим өндөртэй” насныхныг яаж олшруулах вэ? Чухам энд л ядмаг нийтлэлийн маань үндсэн санаа нуугдаж байгаа юм.
Хөгжлийн хурдцаараа дэлхий дахинаа Азийн бар улс хэмээн “тоогдсон” Малайз улсын хүн ам малай буюу уугуул, хятад, энэтхэг гэсэн гурван үндэстнээс бүрддэг. Нийт хүн амын дийлэнхийг малай бус хүмүүс эзлэх тул засгаас малайчуудыг дэмжсэн бодлого баримталдаг нь илэрхий мэдэгдэнэ. Наад зах нь хэрэв та Малай үндэстэн бөгөөд исламын шашин шүтлэгтэй бол санаа амар суралцаж болно. Таныг хэдэн ч удаа “унасан” таны нэр засгийн газрын тэтгэлгэт хөтөлбөрөөс хасагдахгүй бөгөөд сургалтын төлбөр тань төлөгдсөөр л байх болно. Түүнчлэн төрийн байгууллага, ялангуяа шүүх эрх мэдэл болон хүчний байгууллага зэрэг чухал ажилд малай бус хүнийг авдаггүй. Энэ бүхэн юуг өгүүлнэ вэ? Хүний олон, байгаль цаг уурын таатай нөхцөл, өндөр хөгжилтэй улсын бэлэн технологид дулдуйдан хөгжсөн энэ оронд нэг том проблем бий. Нийт хүн амтайгаа харьцуулахад харьцангуй цөөн малайчууд нь өдгөө дэлхий дээрх хамгийн олуулаа үндэстэн болох хятад, энэтхэгчүүдийн дунд уусан үгүй болох чимээгүй аюул байгаа билээ. Тиймээс ч энэ оронд хайр сэтгэлийг үл харгалзах, интернациональч гэр бүлийг эсэргүүцэх хандлагатай байдаг.
Зорилгыг хангах гол нөхцөл маань нөгөө л улигт Панмонголист үзэл санаа буюу нармай Монгол улсыг байгуулах явдал. Гэхдээ зориуд анхааруулахад, энд өчүүхэн ч атугай газар нутгийн талаар авч үзээгүй бөгөөд энэ нь манай мөнхийн хөрш хоёр их гүрнүүдийн улстөрийн бодлоготой сөргөлдөхгүй байхад ач холбогдлоо өгөх юм. Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэгч урд хөршид маань газар бол үнэт эрдэнэ, нэгдүгээр чухал асуудал нь гэдгийг дэлхий нийт тодорхой мэдэх бөгөөд өдгөөг хүртэл Панмонголизмыг эсэргүүцэн байгаагийн нэг (үндсэн биш) шалтгаан нь газар, түүний баялаг хэмээн сэтгэж байна. Хойд хөршийн маань хувьд ч энэ асуудлыг нэлээн чухалд тооцдог байх гэж өөрийн харьяаны Чечень хэмээх жижигхэн улстай урт удаан хугацааны турш өрнүүлж буй дайн дажны үүднээс дүгнэн таамаглаж байгаа болно. Мөн ойрхоны жишээ бол Агын Буриадын Автономит Тойргийг үгүй хийсэн явдал гэх мэт энэ талаас нь харж болохуйц жишээ хоёр аваргын хувьд хангалттай бий.
Дэлхийн 230 гарй улс гүрнүүдээс нийт газар нутгийн хэмжээгээр 17-д, нэг хүнд ногдох талбайн хэмжээгээр тасархай нэгд жагсдаг манай орны хувьд хасах ёсгүй ч нэмэх онцын шаардлагагүй агуу баялаг бол газар билээ. Газрын зураг байтугайд нь харагдахгүй өнгөрдөг зарим нэг улсыг мэдэх хүний тоо, эсвэл газрын зураг дээр томоос том, тод тэмдэглэгдсэн манайхыг мэдэх хүн хоёрын аль нь дэлхийд олон бэ? Учиргүй өндрөө байг гэхэд ядаж наад захын юманд чац дутаад, тэрийг аваад өгөөч гэж амьтнаас гуйгаад байхааргүй хөгжилтэй болчихвол газрын зураг дээрээс амархан олдох эсэх ч нэг их сонин зүйл биш шиг. Аль найман зууны тэртээх Чингис хааныг бараг бүгд мэддэг ч одоо Монгол гэдэг улс байдаг эсэх тал дээр улайм цайм маргалдах хүмүүс олон л таардаг юм. Эх түүхээрээ бахархах нь зүйтэй ч эдүгээ цагийн үр удам нь эрт галавын малтмал амьтад шиг мартагдах дээрээ тулаад байгааг та бүхэн болгоон үзэх буй заа.
Товчхондоо, яг л ерээд онд Казахстан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салаад ямар уриалга гаргаж байсан, түүнтэй адил дэлхийн Монгол угсаатнуудыг Монголд тавтай морил гээд л урьчихъя. Малтай нь малаа туугаад, мөнгөтэй нь түрийвчээ өвөртлөөд, эрдэмтэй нь номоо сугавчлаад, юу ч үгүй нь үнэлж баршгүй үнэт эрдэнэ болох оюун ухаан, бие махбодоо тээгээд хүрээд ирэг. Бидэнд юу л байна, газар, байгалийн баялаг, хийж бүтээх ажил үйлс байна. Харин капиталыг бий болгох хангалттай тооны хүн хүч л байхгүй.
Хэдийгээр элэг нэгт Монгол ахан дүүсээ урих амархан ч тэдний маань хувьд ирэх нь хэцүү. Тэдний өмнө хаана байрлах, ажил олдох, цалин мөнгө хангалттай байж чадах, хүүхдээ аль сургуульд сургах гэх мэт олон олон тодорхойгүй тулгамдсан асуудлууд байгаа учраас юу юуны туханд хүрэлгүй гүйгээд ирнэ гэдэг бол хаашдаа худлаа. Тиймээс тэднийг ирүүлэх талаар урт хугацаанд (он тооллын хувьд аль болох богино) дэс дараатайгаар хэрэгжүүлэх нарийн боловсруулсан стратегийн төлөвлөгөөг бий болгох хэрэгтэй юм. Монголын бизнесийн орчин одоодоо ядуу, жижигхэн байна. Иймээс нэн тэргүүнд хийх чухал зүйл бол бизнес эрхлэлт, гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих бодитой арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх ёстой бөгөөд эдийн засгийн арга хэрэгслийг ашиглах нь бизнес эрхлэгчдийн хувьд онцгой үр дүнтэй байх болно. Ялангуяа иргэний харьяаллаа солин эх орондоо “эргэн ирсэн” зоригт Монголчуудын бизнес эрхлэлтэд нь тодорхой нөхцөл бүхий хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт бодлогын дэмжлэг үзүүлэх нь бодит хөшүүрэг болж чадна.
Гэвч энэ мэтийн хөшүүрэг хэрэглэх нь тусгаар Монголчууд бидний булай муухай атаархуу жөтөөч зан чанар - барьцах магадлал бий тул үүнийг зөөлчлөх үүднээс улс эх орон, үндэсний эрх ашгийг ухамсарлуулан сурталчлах ажлыг өргөн далайцтай, өндөр үр дүнтэй явуулах хэрэгтэй. Түүнээс гадна аливаа Монгол үндэстний нийтлэг араншин болох он удаан жил оршин суусан төрөлх нутгаа харь хүний мэдэлд үлдээн нүүх явдал бол өөрөө томоохон асуудал юм. Мөн олон зууны турш харийн дайснуудын Монголчуудыг даран барьж байх нэг үндсэн арга хэрэгсэл болж хооронд нь талцуулан хэрэлдүүлж байдаг, бидний дотор бүрмөсөн шингэсэн ястан угсаатнаар ялгаварлан гадуурхах явдал буюу үүний нэлээн орчин үежсэн хэлбэр болох нутгархах үзлийн эсрэг хатуу байр суурьтай зогсож чадахуйц хууль эрхзүйн болоод сэтгэлзүй, ёс суртахууны орчныг бий болгох ёстой. Эдгээр болон урган гарах өөр олон олон асуудлуудад тохирсон зөв шийдэл олж чадах цэцэн оюун манай эрдэмтэн мэргэдэд бүрэн бий гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.
Тайланд хэмээх “хөгжиж байгаа орон” гэдэг маньтайгаа адил даруухан тодорхойлолттой ч ядарсан Монголын маань дэргэд задарсан хөгжилтэй даварсан улсад очиж үзлээ. Газар нутгийн хувьд хэдий жаахан ч хүн ам ихтэй улс орон хөгжихөд амархан юм. Ядаж л тэр олон хүнийг яаж тэжээх вэ, яаж ажилтай байлгах вэ гээд л бодлого нь хүртэл хол илүү өргөн цар хүрээг хамарсан, алсыг харсан далайц ихтэй, за тэгээд гадны бусад үндэстэнд амар дарлагдахгүй, уусахгүй гээд л олон олон давуу талтай байдаг ажээ. Нөгөө, хэрийн үндэстнийг өөртөө уусгаж дөнгөдөг айхтар хятадууд чинь өөрсдөө тай (бүр жинхнээсээ шүү) болж хувираад танигдахгүй болчихсон байх юм. Хэдий манай хуулийн нэр томъёогоор садар самуун гэгдэх аялал жуулчлалаараа дэлхийд тэргүүлдэг ч баримтлах чигч бодлого, ёс заншлаа гээгээгүй тайчууд гадаадынханд инээмсэглэн тал засаж найрсаг ханддаг ч ойртон дотносож үнэн санаагаа дэлгэх нь үгүй тул цаанаа л нэг зэвүүн. Гэвч энэ бол үндэснийхээ эрх ашгийг амин хувийн асуудлаасаа дээгүүрт тавьж чаддаг тэдний бишрэм амжилтын ил нууц бөлгөө.
http://www.tsahimurtuu.mn/main/20070327574.htm
Saturday, March 3, 2007
ТӨРИЙН ЭРГЭЛТ
Холион бантан
Монгол улсын үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…” гэж заасан байдаг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөний хувьд аливаа үндсэн хуульт ардчилсан нийгмийн байгууллын ёсоор нийтээр даган мөрдөх хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлах бүрэн эрхтэй билээ. Тиймээс УИХ-ын эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй аливаа хууль гэж үгүй.
Хэрэв УИХ нь үндсэн хуулиар өөрт ноогдсон эрхийн дагуу бүх хуулинд засвар, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй юм бол өөрт нь тэрхүү хууль батлан гаргах агуу эрхийг олгосон үндсэн хуулийг ч өөрчлөх бүрэн боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Монгол Улсын Их Хурал нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн заалтаас бусад заалтыг өөрийн дураар өөрчлөх эрхтэй байна. Мэдээжийн хэрэг энэхүү заалтыг өөрчилж орхивол түүний үнэмлэхүй дээд эрх нь үгүй болох аюултай тул энэ заалтыг хэвээр үлдээх нь гарцаагүй. 1992 оноос хойш УИХ нь Монгол улсын үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулаад амжсан билээ.
УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ нь 4 жил тутамд болох сонгуулийн үр дүнд бүрэлдэх боловч энэхүү хуулийг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр батлах эрх УИХ-д өөрт нь бий. Тиймээс ч саяхны шинэчлэн найруулснаар УИХ дахь ардчиллын “үнэт зүйл” булшлагдлаа. Өөрөөр хэлбэл урьд нь нийт гишүүдийн 3-ны 2-оор ирцийг хүчинтэйд тооцож, хуралд оролцсон гишүүдийн 3-ны 2-оор саналыг хүчинтэйд тооцож батладаг байсан ардчилсан зарчим үгүй боллоо. Тоон утгаар илэрхийлбэл урьд нь 51 гишүүнтэй хуралдаж 34 хүний саналаар хууль батлагддаг байсан бол одоо ердөө 39 хүнтэй хуралдаж 20 хүний саналаар хууль баталдаг болжээ. Энэ нь “дотно нөхөрлөсөн” 20 хүнд сайхан хуйвалдах боломжийг олгож байна. Яг үнэнийг хэлэхэд хэрэв бидэнд боломж байгаад би болон миний 19 найзууд УИХ-д орж чадвал бид яг л нэг хүн шиг байж чадна гэдэгт бат итгэлтэй байна. Зөвхөн бид ч биш, өөр олон олон сайн найзууд Монголоор дүүрэн бий. Тэргүүн баян анд нөхөд гэдэг дээ. Тиймээс үнэхээр л олонхийн санал хэмээх дүрмийг баримтлах ёстой юм бол ямар нэг хуулийг дор хаяж 39 хүний саналаар батлах нь зүйд нийцнэ. Яагаад гэвэл сонгогчид 76 хүнийг өөрсдийн төлөөллөө болгож сонгосон болохоос бус хуралд оролцмор аяддаг тэр хэдхэн хүнийг удирдагчаа гэж зөвшөөрөөгүй билээ.
Улсын төсвийг захиран зарцуулах эрхийг ганцхан засгийн газар эдлэх учиртай. Гэтэл улсын мөнгийг яаж “үрэх” талаар зөвхөн саналаа хэлж зөвшөөрөх буюу эсэргүүцэхээс өөр эрхгүй УИХ-ын гишүүн улсын төсвөөс хармайлах мэдэлтэй болоод хэдэн жил өнгөрч байна. Энэ мэдээж одоодоо хууль бус л даа, гэхдээ удахгүй өөрчилж дөнгөх юм чинь. Хэдийгээр энэ мөнгийг тухайн гишүүн тойрогтоо зарцуулах нэрийдлээр авч буй боловч үнэндээ хэрхэн яаж зарцуулдаг эсэх тал дээр нь мань мэт нь хоншоор дутна. Тойрогтоо систем хөгжим авч өгсөн л байг, гэхдээ систем хөгжим ямар ч үнэтэй байгаад 10 сая төгрөг хүрэхгүй дээ, тэгээд ч тэрүүгээр яах юм билээ гэж хэдхэн жилийн өмнө ярилцаж, зарим нэр бүхий эрхэм гишүүнийг Монгол улсад байдаггүй сумын нэрийг төсвийн гүйцэтгэлийн тайландаа биччихсэн байсан гэж хүртэл дооглож байсан нь саяхан. За яахав, хувьдаа нэг ч төгрөг завшилгүйгээр бүгдийг нь тойрогтоо, тэр мөртөө хэрэгтэй зүйлд зарцуулсан байлаа ч гэж бодъё. Гэлээ гээд энэ их хурлын гишүүн гээч этгээд чинь улсаа хөгжүүлэх гэж юмуу, аль эсвэл энэ дүүрэг, тэр аймгийг хөгжүүлэх гэж гарч ирсэн юм уу. Алиныг нь хөгжүүлэх ёстой юм бүү мэд. Үнэхээр толгой эргүүлсэн асуудал шүү.
Дарангуйлагч
Засаглалын сонгодог онол ёсоор эрх мэдлийн хуваарилалт нь дараахь байдалтай байдгийг хүн бүр мэднэ.
• Хууль тогтоох
• Шүүх
• Гүйцэтгэх
Энэхүү өөр хоорондоо ялгаатай боловч учир дараатай, нягт уялдаатай засаглалын эрх мэдлүүд нэг дор төвлөрөх нь бий. Эрт үед аль ч улсад хэмжээгүй эрхт хаан бүгдийг мэддэг байсан бол орчин цагт дарангуйлагч бүхий төр буюу авторитар дэглэмтэй улсад нэг “толгой” бүх эрхийг барьчихдаг. Нэг толгой нь олон биетэй байхыг нэг намын (коммунист, фашист намуудыг улстөрийн хүчин гэж үзвэл) тогтолцоо гэж нэрлэвэл Монгол орон 70 жил ийм байдалтай явж ирсэн. Гэвч энэ нь мөхөс миний ойлголтоор уг нам бүх эрх мэдлийг нэг дор төвлөрүүлчихээд байсан юм биш, зүгээр л тэд энхрий хайрт ах нарын (одоо ч аав маань оросуудыг ах нар гэж нэрлэдэг) утсан хүүхэлдэй нь байжээ. Харин орчин цагийн бидний хувьд аз болж хэсэг шийдэмгий, тухайн үеийн ойлголтоор “дундаж сэхээтнүүд” байсан “ах нар” маань зоримог хөдөлж, тэрхүү “харанхуй” нийгмийн байгууллыг орвонгоор нь өөрчилж чадсанаар хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлсэн Монгол улсын “анхдугаар” үндсэн хууль батлагдсан билээ.
Гэтэл өнөөгийн Монгол улсын үндсэн хууль болон Төрийн байгуулалтын хууль, Улсын их хурлын тухай хууль зэрэг Монгол улсын төрийн тогтолцооны тухай бүх хуулиуд нь ардчиллын үнэт зүйл хэмээн нэрлэгддэг засаглал хуваарилалтын зарчмыг үндсээр нь эргүүлэхэд “бүрэн эрх чөлөө” олгох бололцоотойгоор зохиогдсон байх юм. Өөрөөр хэлбэл өмнө өгүүлсэнчлэн УИХ-д бүгдийг дураараа өөрчлөх эрх бий. Аливаа эрхийн ард үүрэг, түүнийг дагаад хүлээх хариуцлага гэж байх ёстой ба тэрхүү хариуцлагыг тооцох эрх бүхий этгээд байх ёстой гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл бүхнийг чадагч УИХ-д хүлээх хариуцлага гэж бий юу, түүнтэй хэн хариуцлага тооцож чадах вэ? Үүний хариултыг уг нь үндсэн хуульд заах нь заажээ; “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”. Өөрөөр хэлбэл УИХ-ын жинэхэнэ “дарга” нь Монголын ард түмэн юм байна. Гэвч энд санаа нь сайхан боловч утга агуулга нь нэн бүрхэг, ялангуяа “ард түмэн” болоод “мэдэлд байна” гэдэг үгс нь тун чиг ойлгомжгүй байх юм.
Ерөнхий боловсролын сургуульд “нийгмийн ухааны мэдлэг” хичээл дээр анх сонссон “матери” гэдэг ойлгож хүлээж авахад нэн хүнд нэгэн ойлголт байдаг шиг надад “ард түмэн” гэх холбоо үг нь сүүлийн үед анхны утга санаагаа алдаж гүйцсэн үг юм шиг санагддаг. Сүүлийн жилүүдэд тун их элбэгшээд байгаа жагсаал цуглааны зохион байгуулагчид, бослого хөдөлгөөний удирдагчид энэхүү “учир үл ойлгогдох” субьектийн нэрийн өмнөөс гэж зарлах нь моод болоод байгааг та бүхэн мэдэж байгаа. Түүнчлэн манай эрхэм гишүүд (бүх үеийн), улстөрчид бүгд л энэ үгийг бүр нэг халуун янагаар аялгуулан уярмаар дуудахыг нь яана. Үнэнийг хэлэхэд миний бие ч энэ үгэнд их “хошгорч”, онгирдог хөөрдөг байлаа. Ард гэдэг үг нь бодвол ардын хувьсгалаас хойш л түгээмэл болсон үг байх, анхны утга санаа нь бол одоогийн иргэн гэдэг үг байх. Гэвч язгууртан, ихэс дээдэст ард гэдэг үг хамаардаггүй байснаас үзэхэд зүгээр л эгэл ядуу, зарц барлаггүй энгийн хүн гэж ойлгох нь зүйтэй юм шиг. Тиймээс энэхүү нийтлэлдээ ард түмэн гэдэг утга балархай үгийг бус Монгол улсын иргэн гэдэг орчин цагийн шинжлэх ухаанжсан ойлголтыг түлхүү ашиглахыг зорив.
Тэгэхээр Монгол улсын иргэд засгийн эрхийг мэддэг буюу яг үнэндээ мэдэх ёстой юм шиг байгаа юм. Гэтэл миний л хувьд лав хэзээ яаж төр удирдах үйл хэрэгт оролцчихсоноо мэдэхгүй юм. Улстөрийн өчүүхэн мэдлэгээсээ үзэхээр сонгуульд саналаа өгчихөж байгаа нь төр жолоодох тэр их үйлсэд хувь нэмрээ оруулчихаж байгаа юм байна л даа. Гэвч миний (олон олон хүний хувьд) сонгосон хүн (буюу нам) миний бодсон шиг, итгэж найдаж байсан шиг минь байж чадахгүй тохиолдолд би яаж түүнтэй, тэдэнтэй хариуцлага тооцох вэ? гэдэг асуултад ямар ч хариулт байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ тухай саяхан авч хэлэлцсэн боловч хэн ч их хурлын чуулганы танхимаас буцаж гарахыг хүсэхгүй байгаа нь харагдсан тул “тойргийн сонгогчид нь сонгосон гишүүнээ буцаан татах” шударга санал дэмжигдээгүй. За энэ ч яахав, нэг болдоггүй нөхөртэй холбоотой асуудал. Тэгвэл нэг биш нэлээн хэдэн болдоггүй нөхдүүд нэг бүлгэм (заавал нам байх албагүй) байгуулчхаад холиогоод байгаатай яаж хариуцлага тооцох вэ? Бүлгэмийн гишүүн бүртэй зодолдох уу, эсвэл бүлгэмтэй нь байлдах уу? Эдгээрт тохирох хариулт олох нь тун хэцүү даалгавар бөгөөд гүйцэтгэхэд хялбар болгох нь нийтлэлийн маань үндсэн зорилго юм.
Санал
Монгол улсын төрийн байгууллын тогтолцоог үндсээр нь халах хэрэгтэй. Энэ нөхөр чинь бас л өнөөх ерөнхийлөгчийн засаглалын талаар хэлэх гээд байна гэж бүү бодоорой. Монгол оронд зөвхөн АНУ-д л сонгодог утгаараа хэрэгжиж чадсан ерөнхийлөгчийн засаглал огт тохирохгүй. Учир нь орчин цагийн Монгол улсын боловсорсон иргэд хэн нэгэн их удирагчийг тахин шүтэж, түүнд сохроор итгэж, даган биширч чадахгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хэн нэгэн эргээд үүрэг хариуцлагаа мартаж орхидог нь ганц Монголын онцлог биш, бусад улс орнуудад ч нийтлэг ажиглагддаг зүйл. Тиймээс парламентын засаглал хэмээн нэршиж заншсан тэр л засаглалыг буюу ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, илэрхийлж болдог тэр л систем Монголд тохирно. Гагцхүү түүнийг эргэн хянах, хариуцлага тооцох боломжтойгоор зөв зүйтэй зохион байгуулах нь Монгол орны хөгжил, ирээдүйд эергээр нөлөөлж чадна.
Тэрхүү зохион байгуулалтыг баталгаажуулах эрх зүйн акт нь Монгол улсын үндсэн хууль байх ёстой бөгөөд одоогийн үндсэн хууль болон бусад төрийн байгуулалтын тогтолцоог зохицуулдаг хуулиудад засвар, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болох юм. Мэдээжээр дээрх хуулиудыг одоогийн (хугацааны хувьд биш шүү) УИХ-аар хэлэлцүүлэх, өөрчлөх бололцоогүй. Учир нь үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт нь УИХ-ын эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавих, улмаар төрийн байгууллын хуулиудад өөрчлөлт тавих дархан эрх бүхий субьектийг буй болгох явдал юм. Энэ бол парламентын доод танхим (иргэд, сонгогчидтой шууд харилцах ухагдахууны үүднээс ийн нэрлэлээ).
Сэрүүн зүүд
Парламентын доод танхимын эрх үүрэг нь дараах байдалтай байхаар санал болгож байна. Үүнд:
1. Үндсэн хуулийг батлах болон олон нийтийн санал болгосны үндсэн дээр хэлэлцэж өөрчлөх,
2. Төрийн тогтолцооны гол гол хуулиудыг батлах болон өөрчлөх,
3. Дээрх хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих буюу батлагдан гарсан хууль тогтоомжуудын уялдаа холбоог хянах,
4. Парламентын дээд танхимын үйл ажиллагаанд хяналт тавих,
5. Хуульд хориг тавих, цуцлах,
6. Ерөнхийлөгчийн болон дээд танхимын гишүүний ёсзүйн хэм хэмжээнд хяналт тавих,
7. Дээд танхимын гишүүдтэй хариуцлага тооцох, эргэн татах талаар тухайн тойргийн сонгогчдын дунд санал асуулга зохион байгуулах,
Түүнчлэн улсын дээд шүүх, прокурор, ТЕГ, Үндэсний аудитын газар, авилгалтай тэмцэх газар болон Статистикийн төв газар нь тус танхимын ажлын аппаратад багтана. Ингэснээр хуулийн хэрэгжилтэд бодитоор хяналт тавих бүрэн боломжтой болох бөгөөд мэдээллийн гажуудлыг арилгаж нийт иргэдэд тухайн засгийн газар, дээд танхимын үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах бололцоо бүрдэнэ. Одоогийн бүтцээр УИХ нь ЗГ-г томилдог ба шүүх, прокурор, цагдаа нь ЗГ-ын ажлын аппаратад (хуульзүй, дотоод хэргийн яам) багтаж байгаа нь ерөөс УИХ нь бүх эрх мэдлийг нэг дор төвлөрүүлэн барьж байгаагаас өөрцгүй болоод байгаа. Мэдээллийн үнэн бодит байдлын гажуудлын талаар жишээ татахад 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ядуурал, амьжиргааны өртөг зэрэг мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байх үүргийг Статистикийн төв газарт өгсөн байсныг миний бие өөрийн ажлын туршлагаасаа мэдэх юм.
Парламентын дээд танхим нь доод танхимаас цөөн гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн тойргийн хувьд доод танхимын сонгуулийн тойргоос нэн ялгаатай байдлаар нийт нутгаас түүвэрлэн авсан байхаар зохион байгуулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд танхимын сонгуулийн нэг тойргийг доод танхимын сонгуулийн олон тойргийн төлөөллөөс бүрдүүлнэ. Ингэснээр хоёр танхимын гишүүд өөр хоорондоо харилцан шууд нөлөөлөлтэй байх сөрөг үр дагаврыг саармагжуулах ач холбогдолтой. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь дээд танхимын сонгуулийн тойрог нь бүс нутгийн бус шинж чанартай байх бөгөөд харин доод танхимын гишүүд нь тухайн нэг бүс нутгийн иргэд, сонгогчдын төлөөлөл болж байх учиртай. Үүнийг олонлогийн зураглал ёсоор дүрслэн харуулбал:
Дугуй – Доод танхимын сонгуулийн тойрог
Дөрвөлжин – Дээд танхимын сонгуулийн тойрог
Доод танхимын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 3 дээд танхимын бүрэн эрхийн хугацааг хамарч байх нь зохистой. Учир нь дээд танхимд олонхи байж засгийн газраа бүрдүүлж байсан улстөрийн хүчин тухайн сонгуульт хугацаандаа санаачлан хэрэгжүүлсэн олны талархал хүлээсэн ажлыг дараагийн сонгуульд ялсан улстөрийн хүчин үгүйсгэх, бусниулах сөрөг хандлагад хориг тавих ач холбогдолтой юм. Сонгуульт хугацаа нь 8 жил байх нь зүйтэй. Зураглавал:
Хэрчмээр дээд танхимын сонгуульт хугацааг, саарал талбайгаар доод танхимын сонгуульт хугацааг дүрслэв.
Ингэж сонгуулийн тойрог, системийн хувьд дээд болон доод танхимын гишүүдийг ялгаж салгаснаар гүйцэтгэх үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхой болгож өгөх бөгөөд улстөрийн нам болон улстөрчдийн онцлогийг тодотгож өгөх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим нь улстөрийн хүчний суудлын хувиар бүрдэж бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байх бол доод танхим нь өөр хоорондоо хамааралгүй, нэгдмэл тодорхой зорилгогүй бие хүмүүсээс бүрдэж олон ургальч үзэл санаа уралдуулсаны үндсэн дээр олон нийттэй шууд харьцсан үйл ажиллагаа явуулна гэсэн үг.
Доод танхимын гишүүдийн бүрэн эрхэд дээр дурьдснаас бусад төрлийн хууль санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгохгүй байх нь зүйд нийцнэ. Харин нийт танхим даяараа хэлэлцсэний үндсэн дээр дээд танхимд хуулийн төсөл санал болгож болох бөгөөд дээд танхим нийт гишүүдийн санал хураалт дээр үндэслэн тухайн хуулийн төслийг авч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэг байж болох юм. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын буюу засгийн газрын (ялангуяа засгийн газрын гишүүний) асуудалд оролцох ёсгүй. Ингэснээр нийт сонгогчдын итгэл үнэмшил, сонголтыг хүндэтгэн хүлээн авахад тустай бөгөөд дээд танхимын үйл ажиллагаанд шууд бус оролцоотой байж, бие даан ажиллахад нь дэм болох юм. Өөрөөр хэлбэл дээд танхимд олонхийн суудлыг авч чадсан аль нэг улстөрийн хүчний мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хэрэгжүүлэхэд нь садаа болох ёсгүй.
Эндээс доод танхимын сонгуульд нам, улстөрийн хүчнүүдийн олонхийн суудлын төлөөх өрсөлдөөн байх ёсгүй нь харагдана. Доод танхимын бүтцийг намуудын төлөөлөл бус иргэдийн төлөөлөл байх үндэслэлтэйгээр зохион байгуулах нь олон ургальч үзлийг хадгалах, элдэв сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх давуу талыг олгох юм. Энэ нь манай улстөрийн нам, хүчнүүдийн төлөвшил, хөгжилд нэн тустай ба цаашлаад сонгогчдын сонголт хийх хандлага, үзэл бодлыг төлөвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул намуудын дунд харьцуулалт хийж, харин доод танхим нь гүйцэтгэлийн хяналтын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул нэр дэвшигчдийг харьцуулах замаар сонгууль өгөх нь ардчилсан сонгууль төлөвшөөд удаагүй манай орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Парламентын доод танхимыг бий болгоход бүх л юмны таглаа болдог төсөв мөнгөний асуудал босож ирэх нь гарцаагүй. Үүний шийдлийг тун амархан олж болно. Ердөө л одоогийн шат шатны олон олон иргэдийн төлөөлөгчийн хурлуудыг үгүй хийх хэрэгтэй. Тэгвэл зөндөө их мөнгө гараад ирнэ. Гэхдээ ингэвэл нутгийн өөрөө удирдах систем алдрах юм биш үү гэж та бодож байгаа байх. Миний бодлоор нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь аймаг сумаар нь талцуулж хэрэлдүүлээд байдаг нөгөө нутгархаг үзлийг чинь улам дэвэргэдэг зүйл шиг л санагддаг юм. Яагаад засгийн газрын тогтоолоор Сүхбаатар аймгийн уугуул Увс нутгийг удирдан жолоодож болохгүй гэж. Харин ч засгийн газрын бодлого бүс нутгуудаар хэрэгжихэд элдэв саад тотгоргүй амар биш үү. Эсвэл яахав дээ заавал засаг даргыг дээрээс томилох албагүй, зүгээр л орон нутгийн сонгууль явуулчих л даа. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх ялихгүй юм шиг боловч хамгийн “чухал” мест бүхий бичил парламентыг л үгүй хийчихвэл болох нь тэр. Энэ жаахаан улсад ийм олон парламентын танхим ямар хэрэг байхав, дорвитойхон далайцтайхан хоёр том парламент байхад л болох биш үү.
Биелбэл яана
Үүнийг уншигч эрхмүүдийн дунд миний саналыг буруушааж, донгосдог жаал вэ гэж нэрлэх нэгэн байхад дэмжиж үнэт зөвлөгөөгөөр харамгүй туслах нөгөө нь ч бий. Гэвч та бүхний толгойд эргэлдэх олон олон эргэцүүлэл, бодролоос чухамхүү үүнийг чинь тэгээд яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг л хамгийн чухал асуулт тань гэдэг нь тодорхой.
Мэдээж УИХ-д үндсэн хуулиа өөрчилье өө, та нар ийм байж болохгүй ээ, бүгдээрээ ийм байяа гэж хэчнээн хэлээд нэмэргүй. Тэгээд ч хэн хэлэх билээ. Эсвэл аль нэг гайгүй эх оронч эрхэм гишүүнээр их хурлын хуралдааны танхимд хэлүүлж үзвэл яах бол. Нөгөөх маань зайлуул багаар бодоход дооглуулж доромжлуулна, ихээр бодвол хэтрүүлэлгүй хэлэхэд элэгний “арак” болчих байх л даа. Тэгвэл жагсаал цуглаан хийгээд өлсөөд үзвэл яадаг бол. Ганц мод гал болдоггүй хойно тууштай тэмцэх найдвартай хамтрагч хэрэгтэй. Даанч нөгөөх маань бас л “янзлуулчих” байх, буруу ойлгочихов доо. Хүнийг хэлэлтгүй амьдралын туршлагагүй, амьжиргааны баталгаагүй хойно намайг ч бас амархаан янзалж дөнгөх биз. Долоо буудуулсан хашир чононууд над мэтийн нусгай банди байтугайг нь аргалж дөнгөнө. Тууштай үнэнч өлслөө гээд ч нэмэргүй, барьж байгаад хүчээр дусал шахчих байлгүй. Яалт ч үгүй зүгээр харж байгаад үхүүлж болдоггүй болохоор амийг нь “аварч”, иргэн хүний саналаараа үхэх “бүрэн эрх”-ийг нь бүдүүлгээр зөрчих мөртөө тэрнийгээ гавьяа хэмээн ПиАр-дчихдаг юм байна лээ.
Тэгээд яах вэ, чи яг яамаар байгаа юм бэ гэж үү? Миний харж байгаагаар үүнийг хэрэгжүүлэх нэг нөхцөл, хоёр арга зам байна. 2 арга замын алиныг нь ч сонгосон ялгаагүй байх нэг нөхцөл бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой нөхдүүд болох алдах юмгүй “лүмпэн порилтаарь”-ууд бөгөөд тэдний тууштай эв нэгдэл нь юм. Тэд бол 25-35 насны залуус.
Яагаад заавал тэд гэж? Яагаад гэвэл тэдний бага нь төлөвшиж, том нь арай ч намагт шигдэж амжаагүй байгаа. Миний буруу ч байж болно. Тэдний ихэнх нь одоо Монголд байхгүй. Тэд Монголоороо бахархаж байгаа хэдий ч тэд, бид үнэндээ Монголоосоо зугтаж байна.
Ийм орчинд үр удмаа төрүүлж, өсгөмөөргүй байгаагаас тэр. Миний хүүхэд эрүүл, эрх чөлөөтэй, зөв орчинд хүмүүжих, боловсрох ёстой. Тиймээс үүнийг бид ямар нэг аргаар хийх хэрэгтэй үгүй бол “I am Mongolian. We have own language, we speak Mongolian” гэж ам бардам хэлэх ямар эрх байна. Тэгсэн дор “Ни хао. Во мин жүнго рэн” гээд зогсож байя л даа. Ядаж буртаглагдаж гүйцсэн эх орноосоо ичихгүй.
Бид үүнийг хүсэхгүй, хэзээ ч зөвшөөрөхгүй тул эрүүл зохистой системийг цогцлоохын төлөө зүтгэх хэрэгтэй. Тиймээс бидэнд үүнийг хэрэгжүүлэх хоёр арга зам байгаа нь:
1. Хувьсгал хийх буюу төрийн эргэлт хийх – Энэ бол маш ойлгомжтой зүйл. Гэвч үүнийг маш түргэн хугацаанд хийхгүй бол ашиггүй, ямар ч эв нэгдлийг яаж ийж байгаад нурааж болдогийг бид сайн мэднэ.
2. Үхэхийг нь” хүлээх – Аймаар юм яриагүй шүү. Зүгээр л бид “аваргууд”-д авталгүй өөрсдийнхөө байр суурин дээр тогтвортой байж тэднийг хэнд ч хэрэггүй болохыг нь тайван хүлээх буюу эсвэл уйгагүй намуухан оролдох. Даанч хэдэн жил хүлээх, оролдохыг ёстой бурхан л мэдэх байх.
Үнэндээ бол нэг л зүйл. Буртаглагчдыг зайлуулах гэдэг нэг л санаа байгаад байгааг та бүхэн анзаарч байгаа байх. За товчдоо ийм шив.
Ардчилалд би үнэнхүү дуртай, намайг ийм юм бичихийг, таныг уншихыг зөвшөөрсөн хүний эрхийг эрхэмлэн дээдлэгч ардчилалд би үнэн голоосоо хайртай. Ийм эрх чөлөөтэй нийгэмд амьдрах завшаан олгосон, цаг үеийнхээ нөхцөл байдлыг соргог мэдэрч дорвитой алхам хийж чадсан ах нарынхаа оюун, зоригийг (харамсалтай нь одоо тэдний бие л үлдэж) би хүндэтгэнэ.
Байдлыг шүүмжиллээ, асуудлын шийдлийг санал болголоо, хэрэгжүүлэх арга замын санаа гаргалаа, гүйцэтгэгчдийг тодорхойллоо. Одоо бүгдээрээ хэлэлцэж, зөвлөлдөх л үлдэх шив дээ. Дараа нь...
http://www.tsahimurtuu.mn/main/20070101555.htm