Англи хэл үзэж байсан ихэнх хүмүүс vegetarian гэдэг үгийг анх харангуутаа ногоочин, тариачин гэж шууд орчуулах гээд байдаг. Энэ нь яалт ч үгүй үгийн үндсээс ургуулан, монголоор сэтгэсэн эндүүрэл. Үүний эсрэгээр "цагаан хоолтон" гэдэг үгийг шууд үгчлэн (white meal eater гэдэг ч юм уу, хэ хэ) орчуулбал гадныхан "мах иддэггүй, ногоо иддэг" хүн гэж яавч шууд хүлээж авахгүй байх. Өөрөөр хэлбэл ганц үгийн гарвал үүслээс бид юу идэх ёстойгоо ухамсарлаж болохоор...
Миний нэг үзэл бодол байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хаана (аль өргөрөг, уртраг, өндөршил, чийгшил, үүлшилд) амьдран суугаагаас хамаараад, ямар уур амьсгал ноёлж буйгаас (өвөл зун хавар намар, халуун хүйтэн, хуурай борооны улирлаас) шалтгаалаад, тэр ч байтугай эцэг эх чинь юу идэж ууж байснаас хамаараад чиний хүнс чамд тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл Монголд оршин байгаа харийн хүн нутагтаа амьдарч байгаа бидэнтэй төстэй боловч үл ялиг өөр бүтэцтэй хооллох ёстой гэж.
Хэрэв тэр эрхэм маньтайгаа адилхан махыг мангас шиг залгиад байвал хэдэн үе удмаараа ногоо зулгаасан, бие махбодь нь махчин араатныхан шиг бус, өвсөн тэжээлтэн шиг бүтэцтэй болсон түүний ирээдүй машид бүрхэг болно. Эсвэл өнөөх маань би угаасаа өвсөн тэжээлтэн тиймээс махан идэштэй байж чадашгүй хэмээн зөрүүдлэн зүтгэх аваас Монгол нутгийн уул, ус, нар, салхи түүнийг мөн өршөөхгүй. Учир явдал ийм тул тэрбээр хоол хүнсэндээ туйлын анхааралтай байхаас аргагүй.
Яг ийм итгэл үнэмшлийн улмаас би сүүлийн үед элбэгшээд байгаа "эрүүлийг сахигч, буяныг хураагч" олон сайхан бясалгагч нөхөддөө цагаан хоолны дэглэм барихдаа нэг зүйлийг тун их анхаарвал зохино хэмээн зөвлөдөг. Энэ бол дэлэнт малын шимт сүүнээс хэзээ ч битгий татгалзаарай гэдэг зөвлөгөө. Тайлбарлавал, сүү уу гэж байгаа юм биш, харин өрөм, ааруул, ээзгий, аарц, зөөхий, айраг, тараг, уураг, шар тос, цагаан тос, бяслаг... гэх мэтчилэн цагаан идээг заавал хэрэглээрэй л гэсэн санаа. Мах идэхгүй байж болно, магадгүй сайн ч зүйл биз.
Ер нь Монгол хүн заавал мах иддэг байх албагүй. Эхнэрийн минь дээд удамд төрөлхийн цагаан хоолтой хүмүүс хэд хэд байсан агаад тэд бүгд өвдөх зовох зүйлгүй, өндөр насалсан гэдэг. Хотын суугаа ажилтай биднээс хэд дахин их энерги шаарддаг ажилтай, амьдралын хэмнэлтэй малчин хүмүүс байж шүү дээ. Гээд бодохоор Монгол нутагт заавал мах идэж алдсан энергиэ нөхөх албагүй нь илт боловч цагаан идээнээс татгалзах нь харин эсрэг үр дүн дагуулна.
Шууд хэлэхэд Арьяавал чинхай бясалгалаар дагнаж байгаа хүмүүс сүүн бүтээгдэхүүнээс татгалзсанаар өөрсдийгөө алж байгаа нь илт харагддаг. Тэд магадгүй оюуны хувьд өндөр чадавхитай байх (өөрсдийнх нь итгэл үнэмшлээр шүү) боловч бие махбодийн хувьд ачаалал даах чадвар сул, бяр чадалгүй нэг л үхээнц, дорой харагддаг. Тиймдээ ч аливаа өвчин зовлонд амархан сөхөрч байгаа тал ажиглагддаг.
Ингээд хэлчихээр андууд маань эрс дургүйцэх байх, магадгүй. Гэхдээ монгол нутагт амьдарч байгаа монгол хүн монгол өвс, агь, таана, хөмүүл идсэн монгол малын мах, сүү, цагаан идээнээс голлон авдаг тэр микро элементүүдээ бүрэн авч чадахгүй байна гэдэг яавч сайн зүйл биш. Мэдээж тэр өмнөд газартаа, чийглэг зөөлөн уур амьсгалтай, халуун дулаан нутагтаа бол өвс ногоогоо түүж идчихээд явахад мах иддэг маниас илүү эрүүл чийрэг байна л даа, ойлгомжтой. Үүнтэй агаар нэг, халуун зунаар тонн тонноор мах залгиад байгаа өнөө цагийн монголчууд урт насалж удаан жаргахгүй нь нэн тодорхой.
Шог зохиолч Цэнддоо гуай "Монголчууд ухаантайдаа, эрүүл мэндээ бодсондоо зун мах иддэггүй байх. Харин хөргөгч байхгүй болохоор л махаа хадгалж чадахгүйгээсээ болоод зун мах иддэггүй байсан" гэж бичсэн байдаг. Энэ бодвол хошигнол байлгүй дээ. Би бол харин ч ухаантай болохоор мах иддэггүй байсан л гэж боддог. Зун мах идсэн хүн ер яадаг билээ дээ, аахилаад л дотор бүлхийчхээд л... Зун зугаалгаар явж үзээгүй хүн байхгүй, зугаалгаар хорхог хийж идээгүй хүн ч байхгүй биз.
Уг нь байна шүү, бидний өвөг дээдэс идье л гэвэл заавал удаан хадгалаад байх албагүй, өдрийн нэгийг хагалаад идсэн ч болох л байсан. Хотонд байгаа хонио биш гэхэд тал нутагт сая саяараа сүрэглэдэг байсан зээр гэдэг амьтан байж л байсан. За тэгээд хөргөгч зохиогдохыг хүлээлгүй, хэдэн мянган жилийн турш махаа борцлоод, шуузлаад, хатаагаад яаж л бол яаж хадгалсаар, идсээр ирсэн ухаантай ард түмэн. Угаас монголчууд мах болон сүүг хамгийн олон янзаар боловсруулж чаддаг гайхамшигт өв соёлтой үндэстэн билээ.
Цагаан сараар явган, эсвэл морь унаад айл хэсэхэд бууз, банш сүрхий сайн шингэдэг. Өдөртөө 10 айлаар ороод нэг айлд 3 бууз (нэг бууз ойролцоогоор 30гр махтай) идсэн гэхэд л 30 бууз далд хийчихсэн (900гр мах идчихсэн) байх нь энүүхэнд. Хажуугаар нь идээ, битүүлэг амсах, салат зууш гэх мэт мэр сэр эсэн бусын юм (ер нь голдуу мах) чихээд болоод л байдаг. Харин машинтай айл хэсэхээр л ямар ч юм огт шингэдэггүй юм байна лээ. Хариулт нь тодорхой байх.
Thursday, February 27, 2014
ARE YOU VEGETARIAN? - ТА НОГООЧИН ХҮН ҮҮ?
Subscribe to:
Posts (Atom)