Thursday, September 20, 2007

ПЕРЕСТРОЙКА

Монгол улсын үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…” гэж заасан байдаг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөний хувьд аливаа үндсэн хуульт ардчилсан нийгмийн байгууллын ёсоор нийтээр даган мөрдөх хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлах бүрэн эрхтэй билээ. Тиймээс УИХ-ын эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй аливаа хууль гэж үгүй. Хэрэв УИХ нь үндсэн хуулиар өөрт ноогдсон эрхийн дагуу бүх хуулинд засвар, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй юм бол өөрт нь тэрхүү хууль батлан гаргах агуу эрхийг олгосон үндсэн хуулийг ч өөрчлөх бүрэн боломжтой гэсэн үг. Иймдээ ч 1992 оноос хойш УИХ нь Монгол улсын үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулаад амжсан билээ.

Хэдэн жилийн өмнө УИХ дахь ардчиллын “үнэт зүйл” булшлагдсан. Өөрөөр хэлбэл урьд нь нийт гишүүдийн 3-ны 2-оор ирцийг хүчинтэйд тооцож, хуралд оролцсон гишүүдийн 3-ны 2-оор саналыг хүчинтэйд тооцож батладаг байсан ардчилсан зарчим үгүй болсон. Тоон утгаар илэрхийлбэл урьд нь 51 гишүүнтэй хуралдаж 34 хүний саналаар хууль батлагддаг байсан бол одоо ердөө 39 хүнтэй хуралдаж 20 хүний саналаар хууль баталдаг болжээ. Энэ нь “дотно нөхөрлөсөн” 20 хүнд сайхан хуйвалдах боломжийг олгож байна. Тиймээс үнэхээр л олонхийн санал хэмээх дүрмийг баримтлах ёстой юм бол ямар нэг хуулийг дор хаяж 39 хүний саналаар батлах нь зүйд нийцнэ. Яагаад гэвэл сонгогчид 76 хүнийг өөрсдийн төлөөллөө болгож сонгосон болохоос бус хуралд оролцмор аяддаг тэр хэдхэн хүнийг даргаа гэж долигоноогүй билээ.

Сая засгийн газрын гишүүнээ ерөнхий сайд нь огцруулахаар санал орууллаа, тэгснээ болиод саналаа буцаагаад татаад авчихлаа. Тоглоод ч байгаа юм шиг. Бас нэг огцорсон сайд нөгөөгөө огцруулах санал орууллаа, тэгсэнээ болилоо гэсэн чинь бусад нь болихгүй ээ гэж байгаад нөгөө мууг нь татаад унагачихлаа. Бага байхад л хөлбөмбөг тоглох гэж ингэж хүнээ хуваарилж авахаас болж наана цаана гэж сайдаж муудаж байдагсан. Янз нь энэ их хурал гэдэг газар овоо дэггүй, хөгширсөн хүүхдүүд нэлээн хатуухан тоглож байдаг газар бололтой.

Уг нь будлиулаад байгаа асуудлын гогцоо нь амархан л тайлагдах юм шиг. Их хурал нь ерөнхий сайдаа томилчихоод, ерөнхий сайд нь сайд нараа томилчихоод олигтойхон ажиллаж чадахгүйг нь өөрийн дураар хусах эрхтэй байвал л болмоор санагдах юм. Гэтэл ингэе гэтэл нөгөө сахилгагүй цэрэг нь өөрөө их хурлын гишүүн буюу дарга нарынх нь нэг байдаг байгаа. Чангахан дуугараад загначихаж болдоггүй. Аягүйдвэл чамайг өөрийг чинь хусуулах санал их хуралд оруулна шүү гээд духайчихна. Тэгэхээр чинь юун кабинетийн зохион байгуулалт, юун багийн тоглолт, жинхэнэ шуудайд хийсэн үхрийн эвэр байхаас аргагүй. Одоо манай энэ хэдэн яамдын байж байгааг хар л даа.

Өмнө өгүүлсэнчлэн УИХ-д бүгдийг дураараа өөрчлөх эрх бий. Аливаа эрхийн ард үүрэг, түүнийг дагаад хүлээх хариуцлага гэж байх ёстой ба тэрхүү хариуцлагыг тооцох эрх бүхий этгээд байх ёстой гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл бүхнийг чадагч УИХ-д хүлээх хариуцлага гэж бий юу, түүнтэй хэн хариуцлага тооцож чадах вэ? Үүний хариултыг уг нь үндсэн хуульд хальт заажээ; “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”. Өөрөөр хэлбэл УИХ-ын жинхэнэ “дарга” нь Монголын ард түмэн буюу эгэл жирийн мань мэт нь юм байна.

Гэтэл миний л хувьд лав хэзээ яаж төр удирдах үйл хэрэгт оролцчихсоноо мэдэхгүй юм. Улстөрийн өчүүхэн мэдлэгээсээ үзэхээр сонгуульд саналаа өгчихөж байгаа нь төр жолоодох тэр их үйлсэд хувь нэмрээ оруулчихаж байгаа юм байна л даа. Гэвч миний (олон олон хүний хувьд) сонгосон хүн (буюу нам) миний бодсон шиг, итгэж найдаж байсан шиг минь ажиллаж чадахгүй тохиолдолд би яаж түүнтэй, тэдэнтэй хариуцлага тооцох вэ? гэдэг асуултад ямар ч хариулт байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ тухай саяхан авч хэлэлцсэн боловч хэн ч их хурлын чуулганы танхимаас буцаж гарахыг хүсэхгүй байгаа нь харагдсан тул “тойргийн сонгогчид нь сонгосон гишүүнээ буцаан татах” шударга санал дэмжигдээгүй.

Проблем яриад л байвал яриад л байна. Тиймээс тодорхой шийдэл санал болгох хэрэгтэй. Миний бодлоор Монгол улсын төрийн байгууллын тогтолцоонд эрс шинэчлэл хийх хэрэгтэй. 15 жилийн өмнө батлан тунхагласан үндсэн хуульд заагдсан парламентын засаглал хэмээн нэршиж заншсан тэр л засаглалыг буюу ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, илэрхийлж болдог тэр л систем Монголд тохирно. Гагцхүү түүнийг эргэн хянах, хариуцлага тооцох боломжтойгоор зөв зүйтэй зохион байгуулах нь Монгол орны хөгжил, ирээдүйд эергээр нөлөөлж чадна.

Тэрхүү зохион байгуулалтыг баталгаажуулах эрх зүйн акт нь Монгол улсын үндсэн хууль байх ёстой бөгөөд одоогийн үндсэн хууль болон бусад төрийн байгуулалтын тогтолцоог зохицуулдаг хуулиудад засвар, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болох юм. Магадгүй дээрх хуулиудыг одоогийн (хугацааны хувьд биш шүү) УИХ-аар хэлэлцүүлэх, өөрчлөх бололцоогүй байх. Учир нь үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт нь УИХ-ын эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавих, улмаар төрийн байгууллын хуулиудад өөрчлөлт тавих эрх бүхий субьектийг буй болгох явдал юм. Энэ бол парламентын доод танхим (иргэд, сонгогчидтой шууд харилцах ухагдахууны үүднээс ийн нэрлэлээ). Доод танхимыг дараах байдлаар төсөөлж байна.

Эрх үүрэг:
• Үндсэн хуулийг батлах болон олон нийтийн санал болгосны үндсэн дээр хэлэлцэж өөрчлөх,
• Төрийн тогтолцооны гол гол хуулиудыг батлах болон өөрчлөх,
• Парламентын дээд танхимын үйл ажиллагаанд хяналт тавих,
• Хуульд хориг тавих, цуцлах,
• Дээд болон доод танхимын гишүүний ёсзүйн хэм хэмжээнд хяналт тавих,
• Ерөнхийлөгчийн ёсзүйн хэм хэмжээнд хяналт тавих,
• Дээд болон доод танхимын гишүүдтэй хариуцлага тооцох, эргэн татах талаар тухайн тойргийн сонгогчдын дунд санал асуулга зохион байгуулах,
• Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох, эргэн татах талаар нийт сонгогчдын дунд санал асуулга зохион байгуулах

Харьяа газрууд:
• Сонгуулийн ерөнхий хороо
• Үндэсний аудитын газар
• Авилгатай тэмцэх газар
• Хүний эрхийн комисс
• Үндсэн хуулийн цэц
• Үндэсний статистикийн газар


Парламентын доод танхим нь дээд танхимаас олон гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн тойргийн хувьд доод танхимын сонгуулийн тойргоос нэн ялгаатай байдлаар зохион байгуулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд танхимын сонгуулийн нэг тойргийг доод танхимын сонгуулийн олон тойргийн төлөөллөөс бүрдүүлнэ. Ингэснээр хоёр танхимын гишүүд өөр хоорондоо харилцан шууд нөлөөлөлтэй байх сөрөг үр дагаврыг саармагжуулах ач холбогдолтой. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь дээд танхимын сонгуулийн тойрог нь бүс нутгийн бус шинж чанартай байх бөгөөд харин доод танхимын гишүүд нь тухайн нэг бүс нутгийн иргэд, сонгогчдын төлөөлөл болж байх учиртай. Үүнийг олонлогийн зураглал ёсоор дүрслэн харуулбал:


Дугуй – Доод танхимын сонгуулийн тойрог

Дөрвөлжин – Дээд танхимын сонгуулийн тойрог


Доод танхимын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 3 дээд танхимын бүрэн эрхийн хугацааг хамарч байх нь зохистой. Учир нь дээд танхимд олонхи байж засгийн газраа бүрдүүлж байсан улстөрийн хүчин тухайн сонгуульт хугацаандаа санаачлан хэрэгжүүлсэн олны талархал хүлээсэн ажлыг дараагийн сонгуульд ялсан улстөрийн хүчин үгүйсгэх, бусниулах сөрөг хандлагад хориг тавих ач холбогдолтой юм. Сонгуульт хугацаа нь 8 жил байх нь зүйтэй. Зураглавал:



Хэрчмээр дээд танхимын сонгуульт хугацааг, саарал талбайгаар доод танхимын сонгуульт хугацааг дүрслэв.


Ингэж сонгуулийн тойрог, системийн хувьд дээд болон доод танхимын гишүүдийг ялгаж салгаснаар гүйцэтгэх үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхой болгож өгөх бөгөөд улстөрийн нам болон улстөрчдийн онцлогийг тодотгож өгөх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим нь улстөрийн хүчний суудлын хувиар бүрдэж бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байх бол доод танхим нь өөр хоорондоо хамааралгүй, нэгдмэл тодорхой зорилгогүй бие хүмүүсээс бүрдэж олон ургальч үзэл санаа уралдуулсаны үндсэн дээр олон нийттэй шууд харьцсан үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Сонгуулийн хувьд ч нэлээн өөр байх бөгөөд дээд танхимын сонгуульд мажоритар, доод танхимын сонгуульд пропорциональ системийг баримтлах нь илүү үр дүнтэй юм.

Доод танхимын гишүүдийн бүрэн эрхэд дээр дурьдсанаас бусад төрлийн хууль санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгохгүй байх нь зүйд нийцнэ. Харин нийт танхим даяараа хэлэлцсэний үндсэн дээр дээд танхимд хуулийн төсөл санал болгож болох бөгөөд дээд танхим нийт гишүүдийн санал хураалт дээр үндэслэн тухайн хуулийн төслийг авч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэг байж болох юм. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын буюу засгийн газрын (ялангуяа засгийн газрын гишүүний) асуудалд оролцох ёсгүй. Ингэснээр нийт сонгогчдын итгэл үнэмшил, сонголтыг хүндэтгэн хүлээн авахад тустай бөгөөд дээд танхимын үйл ажиллагаанд шууд бус оролцоотой байж, бие даан ажиллахад нь дэм болох юм. Өөрөөр хэлбэл дээд танхимд олонхийн суудлыг авч чадсан аль нэг улстөрийн хүчний мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хэрэгжүүлэхэд нь садаа болох ёсгүй.

Эндээс доод танхимын сонгуульд нам, улстөрийн хүчнүүдийн олонхийн суудлын төлөөх өрсөлдөөн байх ёсгүй нь харагдана. Доод танхимын бүтцийг намуудын төлөөлөл бус иргэдийн төлөөлөл байх үндэслэлтэйгээр зохион байгуулах нь олон ургальч үзлийг хадгалах, элдэв сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх давуу талыг олгох юм. Энэ нь манай улстөрийн нам, хүчнүүдийн төлөвшил, хөгжилд нэн тустай ба цаашлаад сонгогчдын сонголт хийх хандлага, үзэл бодлыг төлөвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул намуудын дунд харьцуулалт хийж, харин доод танхим нь гүйцэтгэлийн хяналтын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул нэр дэвшигчдийг харьцуулах замаар сонгууль өгөх нь ардчилсан сонгууль төлөвшөөд удаагүй манай орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн доод танхимын гишүүн нь одоогийн их хурлын гишүүдийн дуртай нь аргагүй хийдэг зүйл болох тойрогтоо ажиллах, үнэнхүү дургүй зүйл болох тойргийн сонгогчидтой уулзах гэдэг 2 ажлыг хариуцан хийх бөгөөд дээд танхимын гишүүдийн хувьд зөвхөн стратегийн шинж чанартай ажлуудаа л хийх үүрэг хүлээнэ. Ингэснээр одоогийн томоохон будлиантай ажил болох 3-р хорооллын төлөө сонгогдсон гишүүд нэг тусдаа, нийт Монгол улсын төлөө сонгогдсон гишүүд нэг тусдаа болж ажил үүргийн хуваарь сайжрах юм.

Парламентын доод танхимыг бий болгоход бүх л юмны таглаа болдог төсөв мөнгөний асуудал босож ирэх нь гарцаагүй. Үүний шийдлийг тун амархан олж болно. Ердөө л одоогийн шат шатны олон олон иргэдийн төлөөлөгчийн хурлуудыг үгүй хийх хэрэгтэй. Тэгвэл зөндөө их мөнгө гараад ирнэ. Тэгвэл засаг даргатай хэрхэн хариуцлага тооцох билээ гэж та гайхаж байгаа байх. Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль явуулж байхаар засаг даргын сонгууль явуулчихъя л даа. Дараа нь нэг хүнтэй хариуцлага тооцоход ч амар. Бас засгийн газрын бодлого бүс нутгуудаар хэрэгжихэд элдэв саад тотгоргүй шууд, харин ч амар биш үү. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх хамгийн “чухал” мест бүхий бичил парламентыг л үгүй хийчихвэл болох нь тэр. Энэ жаахаан улсад ийм олон парламентын танхим ямар хэрэг байхав, дорвитойхон далайцтайхан хоёр том парламент байхад л болох биш үү.


Ардчилалд би үнэнхүү дуртай, ийм юм бичихийг, хэвлэн нийтлэхийг, уншихыг зөвшөөрсөн хүний эрхийг эрхэмлэн дээдлэгч ардчилалд би үнэн голоосоо хайртай. Ийм эрх чөлөөтэй нийгэмд амьдрах завшаан олгосон, цаг үеийнхээ нөхцөл байдлыг соргог мэдэрч дорвитой алхам хийж чадсан ах нарынхаа оюун, зоригийг (харамсалтай нь одоо тэдний бие л үлдэж) би хүндэтгэнэ. Гэвч асуудал бөөн бөөнөөрөө босоод байгааг тэд зөвхөн субьектийн буруугаас боллоо хэмээн үзэж үндсэн шалтгааныг ойлгохгүй, системийн алдааг олж харахыг хүсэхгүй л байх шиг.


http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=69137

No comments: