“Сүбээдэй баатар төмөр тэрэгтэй цэргээ авч яваад Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвгүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв”
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО
Ердөө энэ л хэдхэн үгнээс сэдэвлэн агуу сайхан тууж зохиосон Т.Мандир гуайд баярлалаа гэхээс өөр юу хэлэх вэ. Харин их эзэн богд Чингис хааны тухай элдэв дээдийн, болсон болоогүй кино хиймэр аядаж байснаас энэ зохиолоор нэг часхийсэн кино хийвэл (их эзнийг харагдуулахгүй, нууц ноёнтон, их шүтээн маягаар) жинхэнэ урлагийн бүтээл гармаар юм шиг...
Бүлэг 1
Арай л дуу алдан ёололгүй гараа татаж аваад Насир баатар аман дотроо харааж гэдрэг суув. Энэ Монгол цэргийн хэвтүүл манаа гэгч үнэхээр далдын сахиулсан мэт аймаар этгээдүүд. Хаана байгаа нь мэдэгдэхгүй мөртөө хаагуур ч гишгүүлэхгүй байж чадна. Овон товон бараадаад хэвтэж байдаг юм уу гэтэл биш, гортигийн гадуур алхмагц дэргэд илдээ шархийлгэж байдаг нь сонин.
Гараа үлээгээд асрын хагас сөхөөтэй үүдээр цайрах хуучин сарны гэрэлд харвал арай л арьс, хөрсийг нь хуулчихаагүй бололтой. Хальт өшиглөв үү, эсвэл жадныхаа ишээр зориуд хөнгөн хусаж цохив уу гэдгийг Насир ялгасангүй. Ялгаад ч яах юм билээ. Хэвтүүлийн чимээ сураг дахиад мэдэгдсэнгүй. Гэвч тэр асрынхаа бааданг дахиж сөхөхөөс түдгэлзэв. Ямар боловч Сүбээдэй баатрын чачир гэрэлтэй байгааг ажлаа. Тэгэхээр тэр хүн унтаагүй байгаа хэрэг. Хэлмэрч нь энд сэтгэл зовж суухад хэргийг даасан эзэн жанжин тэнд нойрсож байна ч гэж яаж байх билээ. Юу бодож, юу сэдэж байгааг мэдэхсэн гэж учиргүй хорхойтсондоо Насир гайхаж, өөрийгөө шоолж суулаа.
Хааш хаашаа зургаахан алхамын энэ жижиг мөртөө хээнцэр асар түүнийх юм. Нэг жилийн өмнө Хар Киданаас оргож гарахдаа овоо зэгсэн хөрөнгөнөөсөө аян замд авсаархан гэж шилж авсан цөөн хогшлийнх нь нэг болохоор Насир энэ асраа тун их хайрлана. Тавин нас шүргэж яваа сирийн удамт дайчин эр Улаан тэнгисийн хөвөөнөөс Шар тэнгис хүртэл зорчихдоо хаяж гээсэн нь хэд хэдэн айл гэрийн амжиргаанд хүрэлцэхээр болон боловч энэ тухай ер дурсах зав гарч байсангүй. Басар балгадаас тэмээн жин хамгаалан гарч Искандр балгадад хүрэхдээ хоёр жад хугалж, нэлээд хэдэн сайн эрийн аминд хүрээд жингийн даамлаас ханасан шан авч, түүгээрээ Саладин султаны шадар цэрэгт багтах хаалгаа нээлгэж чадсан билээ. Насир тэнд одтой байж, загалмайтны нүсэр төмөр хуягт дайчдаас “Цөлийн ирвэс” цол ч хүртэж үзсэн эр. Түүний хувьд норман баатрын тэнгэр цоолом жад, саксоон хүнд балтны аль нь ч аймшигтай байсангүй, гэтэл дал модны доор өмнийн тэргэл сарны мөнгөлөг гэрэлд гялалзсан цолмон хар нүдний нэг л ширвэлт хорин жилийн турш уйгагүй ноцолдсон аз жаргалынх нь шилтгэнийг нурааж орхисон байжээ.
Золгүй Насирын санаархсан тэр эм Саладины хайртай татварынх нь нэг байж, сарны үхмэл цайвар туяа, тайган эрийн шиншлээн хоёр ямагт цуг байдгыг урьд өмнө гадарлах завшаан байгаагүй болохоор тэр учрал золгүйгээр төгсөөд харин ч сайн нөхдийн буянаар Насир өмссөн хувцастайгаа оргон зайлах завшаан олджээ.
Саладины гар урт гэдгийг эрхбиш мэдэх болохоор Насир хоёр жилийн турш зүс буруулан тэнэсээр Абескун тэнгисийг гэтлэн Хорезм шахын нутагт ирж байж нэгэнтээ хөл тогтов. Завшаанаар энд хөл үймээн мундсангүй, угийн дайчин ариншинтай Насир мужийн улс төрийн уур амьсгалыг төвөггүй гадарлаад Хорезм шах Мохаммед – Хар Киданы хан Жүр – Найманы Хүчүлүг гэсэн ээдрээтэй гурвалжинд эргэлзэлгүй орж явчихсан нь зургаан жилийн өмнөх явдал юм. Алдар цуут Саладин султаны дэргэд хүчин зүтгэж явсан төддийгүй түүнийг хилэгнүүлж дөнгөсөн сири дайчныг /Насир өмнөх явдлаа нуусангүй/ Мохаммед гойд үнэлж шадарлуулав. Насир түүний итгэлийг дааж багагүй гавьяа байгуулсан бөгөөд Хорезмыг Хар Киданаас тусгаарлахад “онц зүтгэл гаргасан” гэж Мохаммед шах ч тэмдэглэсэн удаатай. Гэвч хамгийн эгзэгтэй мөчид аанай л тотгор учирч, энэ удаад мөн л бүсгүй хүний адтай харц зэтгэрлэсэн болой. Харин энэ тухай дурсахдаа Насир тун дургүй, ноднин Хархүрэм хотод очихдоо монголын алдарт черби Доголху ноёнд л нэг удаа ярьсан юм. Доголху түүний яриаг ихэд сонирхож, Насирыг албанд авсанаар барахгүй ирэх хавар нь өрнө зүг аялах Сүбээдэй баатрын цэрэгт хэлмэрчээр явахад жуулчилсан тул ийнхүү Монголын төмөр тэрэгт цэргийг дагалдан Хоёр Алтай буюу Их Алтай, Зүүн гарын Алтайг даваад Гуравдахь Илийн Алтайн нурууны хормойд буугаад байгаа нь энэ билээ.
Энэ аялалд хэдий амжилттай оролцвол өтөл насных нь буян заяа төдийчинээ тэгширнэ гэдгийг их ноён Боорчи, Доголху нар түүнд сайн ойлгуулсан тул Насир ийнхүү сэтгэл чилэн нойр алдаж, цэргийн хүрээний ёс журмыг зөрчин шөнө дөлөөр эзэн ноёныхоо цачирыг тандах гэж оролдоод хэвтүүлийн хурц соргог хараанд өртөн хуруу хумсаа мулт цохиулчих шахам суугаа нь энэ бөлгөө.
Энэ бүхэн юунаас эхлэв. Ердөө л нэг муу хэрмэл эр, нар шингэх үес хайчин харуулд баригдан ирж Сүбээдэй баатарт бараалхсанаас болжээ. Монгол хэл огт мэддэггүй тэр самрын арилжаачинд хангалттай мөнгө амласан нь илт, амь цөлөн явж йинхүү бараалхсан нь хэрэг явдлыг бүр хөмөрч орхив. Насир түүний яриаг орчуулж өгсөн бөгөөд ядах ч юм байсангүй. Айж самгардсан тэр хүн гуравхан үгийг л давтаад байв.
“Манай заншлаач хорлогдов”
Тэр хүн өргөн бүснийхээ цаанаас алчуурт боодолтой зүйл гаргаж өгсөнийг Сүбээдэй баатарт авч нууцгайхан задалж үзээд толгой дохисныг бодоход гэрчлэх тэмдэг байсан болов уу гэж Насир таамаглажээ. Тэр гурван үг Сүбээдэйн хувьд онц ноцтой байсан бололтой, хэдийгээр хатуу чанга боловч ялангуяа амарч, буудаллах оройн цагаар хөгжүүн яриа хөөрөөтэй, цэргийнхээ галаар дуртайяа хэсдэг тэр идэрхэн ноён энэ үдшийн турш чачраасаа гараагүйд Насир чингэж түгшчээ.
Үгүй ер, дайсны хүрээнээс мэдээ занги дамжуулдаг нэг заншлаач бүтэлгүйдээ ч юм уу, аль эсвэл тохиолдлоор амь насаа алдлаа гэхэд энэ хэрэг одоо Сүбээдэй баатарт төдий л хохирол учруулж чадахгүй байлтай. Монгол цэргийн дайрч устгах ёстой мэргидийн Худу, Чулуун ах дүү нарын бугшсан Чүй мөрний эргийн бага хот эндэс хагас өдөрчийн газарт байв. Тэдний цэргийн тоо, жанжидийн нэр ус төдийгүй Чүйн хотыг тойрсон олон тосгон, хүй болоод зам, гарц мөрний олом, уулын боомт бүгдийг нарийвчлан тэмдэглэсэн дэлгэрэнгүй зураг, тэмдэглэл Сүбээдэй баатарт байгааг Насир мэдэж байв. Түүнд одоо өөр юу хэрэгтэй юм бол?
Харангийн зөөлхөн дуу дөрвөнтөө дуурсав. Үүр цайхад ганцхан цаг үлджээ. Дэлхийд цуутай их хаадын хооронд мэс болж явсан цагаа дурсч, энэ эгзэгтэй үед мэдсэн сурснаараа Сүбээдэйд туслах хэрэгтэй гаж Насир шийджээ. Ерөөсөө амьдрал гэдэг бол дууч эм шиг холбиромхой юм. Азтай агшиныг алдаж ерөөс болохгүй. Тийм агшныг ямагт отож, тохиолмогц эрээ цээргүйгээр тэвэрч авах ёстой гэдгийг Насир даан ч сайн мэдэх болсон хүн.
Үүрийн үнэгэн харанхуй нөмөрсөн бололтой орчин тойрон дэндүү дүнсгэр, энэ нам гүмийг эвдэн Сүбээдэйн чачрын зүгээс хүмүүс ярилцах мэт маш бүгт чимээ чих дэлсэхэд Насир огцом өндийн чагнаархсанаа хаяагаа зориглон сөхлөө. Чингээд үзсэн юмандаа балмагдаж, тэр хэдэн хоромд болгоомжлохоо ч мартан хөшчээ.
Сүбээдэй баатрын цачир бол маш нимгэн тангуд цэмбэн асар байлаа. Хурц дэнгийн гэрэл түүний ханыг төвөггүй нэвтэлж өөд өөдөөсөө харан суусан хоёр хүний сүүдрийг тодруулжээ. Хоймор суусан нэг нь ямар нэгэн зүйлийг нөгөөдөө сарвайхад тэр эдлэл дэнгийн гэрэлд огцом таширлаж, нэн тод мөртлөө даанч хурдан үзэгдээд өнгөрөв.
Саран зэв юм уу даа гэж Насир бодтолоо гэнэт хамаг бие нь агзасхийж, олон жилийн дайн тулааанаас уламжлагдсан дотоод зөндөө захирагдан гараа огцом таттал сум шурдхийж, асрынх нь бааданг нэвт цохиод зөөлөн ширгэнд шигдэн орохыг ажлаа.
Үхтлээ айсан Насир хэвтээгээрээ бөмбөрч, дэвсгэр дээрээ дөнгөж гартал асрынх нь үүдийг хүчтэй дэлгээд хоёр хүн ширүүхэн орж ирэв. Тэд гэрэл асааж тухалсангүй, бас асууж ёсорхсон ч үгүй баримжаа сайтай улс бололтой, нэг нь мөрнөөс нь угз татан эргүүлж, нөгөө нь жадаа Насирын хоолойны уг дээр нь тавилаа. Хүйтэн төмөр өвдтөл шигдэхэд Насир жадны гилбэрээс атгаж аваад:
-Байз эзэнд айлтгах үг байна. Гэж бачимдан шивнэлээ. Хашгирвал бас цаазыг зөрчинө гэдгийг Насир цагийг нь олж санажээ. “Дуугүй дохь” гэдэг монгол цаазыг мэддэг олохоор жадны үзүүр арай хөнгөрөхийг анзаараад Насир баярлаагүйгээрээ баярлав.
-Эзэнд айлтгах үг байна гэж тэр дахин давтав. Энэ удаа овоо дориун, тайван хэлж чадлаа. Түүний дуунд итгэлтэй ямар нэгэн өнгө байсан бололтой. Нөгөө хэвтүүл жадаа бүр авчихлаа. Насир босох гэж яарсангүй. Нүдээ байдгаараа хурцлан хоёр хэвтүүлийг ширтэж байв. Тэд үг сольсонгүй, харцаараа хоорондоо ярилцах мэт хэдэн хором чимээгүй байснаа нэг нь зөөлөн өшиглөв.
Насир үүнийг бос гэсэн дохио болохыг ухаараад яаран өндийж, бүсээ тэмтчин олж аваад бослоо. Чингээд амь мэнд мултарч байгаадаа захгүй баярласнаас хөлчүү хүн шиг гуйвлан асрын үүдийг мөргөх шахан гарчээ.
Бүлэг 2
Хэдхэн хормын өмнө догдлон шохоорхоод байсан нөгөө чачиртаа Насирыг туугдан ороход Сүбээдэй баатар ганцаараа байлаа. Дэлхийг донсолгох амаргүй замналаа нэгэнт эхэлчихээд байсан Монголын гарамгай жанжин, урианханы Сүбээдэй баатар тэр үед дөчин нэгэн настай байжээ. Түүний гурвалжин хар нүдний нь догшин харцыг угсаа нэгт монголын олон аймаг төдийгүй жүрчидийн Алтан, нангиадын Сүн улсын түшмэд жанжид андахгүй болсон үе юм.
Сүбээдэй баатар зузаан эсгий дэвсгэр дээр өрөөсөн хөлөө нугалан суугаад айраг ууж байв. Орж ирэгсэдийг төдий л тоомжиргүй угтах мэт санагдсан тул Насир дотроо баярлав.
-Энэ хүн таны чачирыг хоёр удаа тандан ажиглав. Зүй нь өчиггүй хороох учиртай боловч “үг буй” гэсэн тул арга буюу золгууллаа хэмээн нэг хэвтүүл айлтгав.
Сүбээдэй Насирыг анхааралтай ширтэв. Сири дайчин, энэ л хоромд хувь заяагаа хөөдчихгүй байх ёстойг ухаарч, биеэ сул тавин өөдөөс нь аль болохоор тайвнаар харж зогсов.
Сүбээдэй түүнээс сэжигтэй зүйл олж харсангүй бололтой, хултай айргаа авах зуур,
-Тийн болтугай. Үүнийг орхиж одогтун гэж тушаалаа. Хоёр хэвтүүлийг гарсаны дараа Насирын сэтгэл сая амарч уртаар амьсгаа авлаа.
Үүнийг нь анзаарсан Сүбээдэй богинохон хар живрээ илбэн инээмсэглээд
-Энэ шөнө надтай цуг нойргүй хоносныг бодоход та лав их үйлийг бодолхийлсон буй заа. Таны царайд сэтгэл тэлэгдсэн шинж илэрхий. Тухтай яригтун. Тийшээ суу гэж эсрэг доод тал руугаа зангалаа.
Насир тэнд очиж, ёс алдахгүйг хичээн баруун өвдгөө босгон нугалан суугаад үгээ шууд эхэлж төвдөлгүй хэсэг азнав. Үнэндээ ч саяын амь дэнссэн мөч мартагдах болоогүй, зүрх нь тун ч захирагдахгүй оволзон байжээ. Баатар ч түүнийг шавдуулсангүй, айргаа амтаран алгуур шимнэ.
-өчүүхэн би үзвээс урьд оройны элчийн үг таныг ихэд эвгүйцүүлсэн мэт. Хэрвээ би ташаарсан аваас өршөөн хэлтрүүлнэ үү гэж Насир болгоомжтой эхлэв.
-Та андуурсангүй гэж Сүбээдэй хэлээд: Тэр мэдээний муу үр дагаварыг хялбар хэлэхүйеэ бэрх. Одоо чухам санаа байваас өгүүлдэг цаг мөн гэж хөтлөх аястай өгүүлэв. Насир багахан зоригжлоо.
-Эрхэм та эрхбиш нэг тийш болгоон тогтоосон буй заа. Гэвч мөхөс миний цээжинд чиглэрсэн санааг гарган хэлэхгүй бол шударгыг гүйцэтгээгүй хэрэг болох болов уу хэмээн эмээнэ гэж Насир хэлээд эзэн баатар нь эелдгээр толгой дохиж байхыг үзэж, биеэ цэхлэн засмал ногтон сахлаа нэгэнтээ зоримог шувтарсанаа:
-Мэргидийн байдал нэгэнт тодорхой мэдэгдэх тул цаг алдалгүй довтлон орвол зохилтой. Тэдний оргон дутааж болох мөрний оломд урьдаар цэрэг бүгүүлж, дараа нь их цэргээр дайрая. Энэ өдөрт багтаан цэрэг морио хуваан хөдөлгөвөл би дуртайяа хошууч цэргийн эгнээнд багтаж, Их хааны хишигт өчүүхэн хариулсугай гэв.
Сүбээдэй дуугүй сууна. Зөндөө л юм яримаар, тэр ч байтугай цэрэг ангиа хэрхэн хувиарлах, орох, эгэх цаг мөчийг яахан тогтоохыг шөнөжин бодсон мөртлөө хэлэх үг нь гэнэт дуусчихаар энэ идэр жанжины тогтуун ухаалаг харцны өмнө балчирдаж орхих шиг санагдсан тул Насир эвгүйцэн дэмий л мөрөө хавчив. Сүбээдэй тонгойн үйсэн бортоготой айргийг шуугитал хутгалаа. Тэгээд зосон бүслүүртэй хулаар дүүргэж аваад асуусан нь:
-Та Мохаммед шахын элчийг дагаж, мэргидийн Худуд бараалхсан удаатай гэсэн байх аа.
-Тиймээ, хоёр жилийн өмнө гэж Насир хариулав.
-Би ташаараагүй бол тэр цагт Хүчүлүгийн эсрэг холбоонд мэргидийг элсүүлэх гэж Хорезм шах оролдсон. Худу ноён аль ч талд орохгүй гэж амласан мөртлөө дараа жил хотонгийн 613 -р оны хаврын будилаанаар найманы оргодол ханыг дэмжсэн санагдана.
-Хижрийн тоолол гэдэг юм гэж Насир засварлав.
Сүбээдэй үл мэдэг инээмсэглэснээ:
-Тэр үймээн танд нээрээ халтайхан өндөрлөснийг би сонссон шиг. Таныг надад жуучлахдаа Доголху ноёнтон нэг үг цухуйлгаж байсан. Нойр алдаж ядраагүй бол тэр явдлаа ярь л даа. Миний нойр ч цэлмэчихлээ. Ингэсгээд өглөөний унд ирнэ. Таныг би зочин болгож хүндэлсүгэй гэвэл Насирын хүрэн царай үл мэдэг улбартаад бяцхан бодмоглосноо нэгэнт эзэн найрсаг байхад өөрөө хөндий дөндий байх шалтгаан үгүй мэт санагдсан тул иймэрхүү үед байх болох хэмжээнд хээгүйхэн инээгээд суудлаа засан тухлав.
Гадаа үүр цайж эхэлээ. Дэнгийн гэрэл бараг мэдэгдэхгүй болсон тул Сүбээдэй бөхөөгөөд айраг хэрэглэдэггүй хэлмэрчээ хоолойгоо норгог гэж дэргэдэх явган ширээн дээрээс шимүүс хэмээх алимны өтгөн хандыг бахим шавар аяганы хамт дөхүүлэв. Насир нэг аяга шимүүс залгилчихаад сахлаа зассанаа яриагаа ийн эхлэв.
-Уйгур, Алимар цөм Чингис хаанд хандаж, мэргидийн үлдэгдэл Хар Киданыг дэмжих нь эргэлзээгүй болсон тул Мохаммед шах, Хүчүлүгийг өөрийн хүчээр няцаахаас өөр аргагүй болсон юм. Гэтэл түүний доорх жанжид, ноёд дор бүрээ хувиа хичээж, бас хивчаг хадмууд нь түүнийг туркменүүдтэй хагаралдуулсанаас болж, шах маань тун хэцүү байдалд орлоо. Би тэр үес шахын ордонд нэр нүүрээ нэмэхийн тулд давын өмнө Төмөр Мэлигийг гүйцэх хэрэгтэй байлаа. Мэлиг ван бол Шах Мохаммед, түүний түрэг хатны хүү Желал эд Дин хоёрыг л эзнээ гэж үздэг, үнэнч баатар эр билээ.
-Гэхдээ тэр чинь тусдаа хот балгад, албат иргэдтэй том эзэн шүү дээ гэж Сүбээдэй баатар хэлэв.
-Чухам тиймдээ ч тэр Турхан хатны талынханыг одоо болтол айлгасаар байгаа юм гэж Насир нэмээд:
-Насан туршдаа их эздийг царайчилж, тэдний анхааралд өртөх гэж зүтгэсээр өнгөрсөн миний амьдралын гашууныг гадарлах хүн ховор биз ээ. Хэдэн жил барлаг мэт царайлж, итгэгдсэнийхээ төлөө шахад шадарлах боломж гарлаа гэж үзээд би найманы овжин залуу ханыг доройтуулах арга боловсруулж, Мохаммедийг ганцаар байх эвийг тааруулан ятгаж амжсан юм. Миний төлөвлөгөө товчхон, биелэхэд хялбар байв. Хорезм бол угаасаа Хар Киданд алба өргөж байсан, сүүлийн хэдэн жилд үүнийгээ больсон боловч хэрүүл маргаан ихтэй, нэг тал руу нь шийдээгүй байв. Тийм болохоор би “Хоёр улсыг хил нийлэх хотод Хорезм алба өргөнө. Киданы хан заавал өөрөө хүлээж ав” гэж шаардаад тэнд нь Хүчүлүгийг баривчлахаар бодсон юм. Мохаммед шах миний саналыг маш дуртай зөвшөөрч, хийх үйлдлийг бүгдийг өөрөө даа гэж тушаалаа. Тэгээд Төмөр Мэлиг байтугай хаан хүү Желал ад Дин ч захирч үзээгүй шахын торгон цэрэг миний мэдэлд ороод ирэх нь тэр. Би ч хөдөллөө. Хоёр өдрийн дотор жин тан болгон, ганц гол зүйл бэлгийн манлай болох хүүхнээ хүлээж байлаа. Хүүхэн худалдаж авахаар би өрөө яваагүй юм л даа.
-Яагаад тэр вэ? Миний бодоход цэрэг бүгүүлэхээс илүү энэ чинь л бүхнийг шийдэх байсан бус уу? гэж Сүбээдэй эрсхэн хэлэв. Насир царайгаа арайлгаж:
-Таны зөв. Гэхдээ л би явж болохгүй байсан юм гэж зөрөв.
-Энэ ч жанжин хүний тайлбар биш байна гэж Сүбээдэй тайвнаар мохоовол цаадах нь:
-Миний амьдралын эгзэгтэй үед бүсгүйчүүд л гай болдог байсан юм. Тэгээд л би зайлсхийсэн хэрэг л дээ гэж дурамжхан тайлбарлав.
-Тэгвэл эхнээсээ буруу болчихож. Эмсийг оруулалгүйгээр тийм ов зохиоход таны туршлага хангалттай хүрэлцэх байсан даа.
Насир алгаа дэлгэн өөдөө хараад
-Бүгдийг Аллах тэнгэр мэднэ гэснээ: Энэ бүхэн одоо нэгэнт өнгөрчээ. Хоёрдахь өдрийн орой нэгэн эмэгтэйг авчрав. Хүүхэн ч гэж хүүхэн. Түрэг маягийн эрс хурц биш, талынханы цустай бололтой тавиун царайтай, харц нь л дэндүү зоримог байсан даа. Аа тийм, түүний зүүн нүдний доор эгдүүтэй зохисон мэнгэж байж билээ. Та “Мянга нэгэн шөнийн үлгэрийг мэдэх үү?
-Хацар дээрээ мэнгэтэй гэж түүнийг бүү басамжил!
Хар цэг бүхнээр сарнай цэцгийг тэмдэглэжээ гэж Сүбээдэй баатрыг хэлэхэд Насир алгаа ташиж:
-Чухам тэр шүлэг санаанд орсондоо. Түүнийг сүйхэнд суулгахад ичингүйрсэн шинжгүй, харин ч шийдсэн, нэг л хачин зоримог эршүүд байсанд би гайхаж байснаа санаж байна гэв. Сүбээдэй айргаа дуусгалгүй тавьж, түүнийг нэг жигтэй ширтсэнээ,
-Тийм мэнгийг “нулимс тоссон мэнгэ” гэдэг юм. Нулимс тоссон эр, эм хэн боловч аз жаргал дутуу байх төөрөгтэй юм гэнэ билээ гэж бодлогошронгүй хэлэв. Насир энэ үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд:
-Товлосон газраа бид хүлээлээ: Нар нэлээд дээр хөөрөх үед Хар Киданы элч нарын бараа харагдав. Хүчүлүгийн улаан хөх алагласан шүхэр дэрвэлзэн ойртож байгааг би байж ядан ажиглаж байтал хажууд байсан торгон цэргийн даамал миний мөрнөөс угз татан хашгирсан. Харвал нөгөө бүсгүй Хүчүлүлт зориулсан өргөөнөөс гараад ирчихсэн, морьд руу гүйж байлаа. Хоёр ч цэрэг барьж авах гэж гүйн очоод тэрий хадан ойчихыг би чухам мэл гайхан харж байсан даа. Тэр агшинд юу хийх ёстой байснаа одоо болтол ойлгодоггүй юм. Харин даамал сэхээтэй эр байж, хэдийнэ сумаа онилж амжжээ. Би хориглож амжсангүй, ямар ч гэсэн үйл бүтэхээ байсныг ойлгоод нэмэрт нь гэмгүй эм хүний амь хохироогоод яахав гэж бодсон хэрэг. Морь унаж амжсан ч гэсэн тэр бүсгүй зугтаж яваад нуруундаа сум зоолгох бүсгүй биш байжээ. Даамлыг хөвчөө тавингуут хүүхэн эмээл дээрээ ямар уран холбирсоныг би ер мартахгүй. Хөөрхий амьтан дөрөөндөө чирэгдээ болов уу гээд хартал үгүй шүү, сум тээр цаана тоос манасхийлгэж, бүсгүй хэдийн эмээл дээрээ гарчихаад Хүчүлүгийнхэний өөдөөс дүүлж байгаа нь ямар ч жигитээс дутахгүй харагдаж билээ.
Насир ийнхүү үгээ төгсгөөд мэнгэт бүсгүй хэрхэн давхиж байсныг сэргээн санах аятай чачрын хаяаг ширтэн бодлогошров.
-Тэгээд та Хорезм шахад юу гэж хэлж мултрав? гэж Сүбээдэй сонирхлоо.
-Мэнд мултрах хариулт олох байсан бол би өдийд энд байхгүй буй заа гэж Насир эр баатрын ёсоор гудиггүй хариулаад: Дөчин нас хүрсэнээсээ хойш би азаа туршихаас ямагт эмээдэг болжээ. Хүчүлүгийн зуут буцаж одоход би цэргүүдээ бүгээнээс нь гаргаж, даамалд нь захируулан явуулчихаад өөрөө мөргөлчний хувцас өмч Алимарын зүг хэрэн одсон. Түүнээс наашхийг та сайн мэдэх билээ.
Сүбээдэй сири дайчныг гуниггүй хүрэн царайг элэгсэгээр ширтэж, -Илд агсах заяатай төрсөн бид мэтийн хувьд иймэрхүү явдал өдөр шөнө ээлжилдэг шиг ердийн хэрэг. Та үүнийг надаас илүү мэдэх болохоор би өөр юу хэлэхсэн билээ. өглөөний унд барих болчихож, Та ёсоо ёслогтун. Би нүүр гараа угаасугай гээд гарлаа.
Буурч нар баатрын чачарт идээ засах зуур Насир өглөөний мөргөлөө тун хичээнгүйлэн үйлджээ.
Зоогийн дараа Сүбээдэй, Насирт хандаж:
-Эрхэм баатар та их үйлийн төлөө чин сэтгэлээсээ санаа тавьсаныг би сайтар ойлгов. Гэвч таны төлөвлөгөөг биелүүлэхэд харшлах учир шалтгаан хэд хэд байна даа гээд үгээ таслан саатахад саях урт ярианы турш Сүбээдэйг ажиглэн байсан Насир иймэрхүү хариулт ирэхийг багцаалсан болохоор сэтгэл төдий л хямарсангүй. Сүбээдэй шөрмөслөг урт хуруугаараа жигдхэн зангаж, үргэлжлэн хэлсэн нь:
-Мэргэд бол отож, бүгэх, тагнах заншлахдаа угсаа нэгт бусад улс аймгуудаас давна уу гэхээс дутахгүй. Одоо тэдний шивээлсэн хот руу хагас анги цэрэг байтугай бүдүүхэн шумуул ч нууцаар ойртож чадахгүй. Хэдийгээр манай аяны харуул хосгүй сэргэг боловч энэ хэр хүрээнд мэргэдийн нүд чих ороод ирсэн байхад би лав гайхахгүй. Хамгийн хэцүү нь тэд одоо нэгэнт бидэнтэй таслан байлдах хүсэлгүй байгаа явдал мөн. Хүчүлэг тэдэнд туслах боломжгүй байгаа учраас тэд биднийг дахиад хорин бээр дөхвөл шууд сарнин дутаах болно. Чингивээс тэд дахин нэг газар одож аюулын хүрээг улам нэмэгдүүлнэ. Хорезм шахад очих уу, бүр хивчаагийн хээр хөдөө тал өөд цойлчих болов уу. Үүнийг таахад бэрх юм.
-Тэгвэл бид урагшлах ч, ухрах ч аргагүй болчихсон биш үү гэж Насир хэлчихээд түргэдсэнээ ойлгон дуугаа хураав.
Сүбээдэй энэ үгэнд эгдүүцсэнгүй инээвхийлэн сууснаа:
-Та энэ газарт нэлээд суусан хүн. Дарсных нь сайн мууг мэдэх буй заа гэвэл Насир:
-Шахын ордонд татварлаж авдаг бүхий л дарсыг нь амссан байх аа гэж дарууханаар хариуллаа.
-Тун сайн гэж Сүбээдэй сэтгэл хангалуун дуугараад-Танд одоо бие хамгаалах баг цэрэг өгнө. Ойр орчмын айл, гацаагаар явж надад нэг тэрэг сайн дарс олж ир. Жин үд хэвийхээс өмнө амжуулагтун гэж тушаалаа.
Монголчуудын дунд орсоноос хойш тэд архийг ямаршуухан журамтай хэрэглэдгийг мэдэх болсон Насир эзнийхээ энэ тушаалд гайхахын дээдээр гайхжээ. Гэвч өчүүхэн хэлмэрч бээр саяхан эзэн жанжиндаа байлдах аргыг нь заах бүдүүн санаа төрсөн, харин одоо тушаалийнх нь учрыг лавлах гэдэг арай ч дэндсэн хэрэг болох нь магад тул даруй босч ёслон гараад, хөсгийн даамлаас дарсны мөнгийг авахаас өөр зам байсангүй ээ.
Бүлэг 3
Насир баатар нэгэн мөчийн дотор хамаг юмаа бэлтгээд хүрээний хаалгаар баргархан царайлсаар довтолгон гарч байх үед Сүбээдэй жанжны цачирт нэгэн дайчин түүнийхээс ч илүү хачин тушаал сонсоод мэл гайхан цэл хөхөрч авай.
Тэр бол урианханы өмөгт багтсан тугч цэрэг, дөрвөд овгийн Шамдгай хэмээх хорин нэгэн настай, залуу хөвүүн байлаа. Шамдгай нас хэдий бага ч Цавчаал боомтоор нэвтэрч, Жүндүд хүрч үзсэн, элсэн цөлийг туулан Тангутын Цал хотыг довтолж амжсан хашир байлдагч ажгуу. Тийм ч учраас тэрээр хачин тушаалийнх нь учир улбааг эзэн жанжнаасаа асууж, хэд гурван үг сольчих эрхтэй байлаа.
- өөр хэн нэгэнд бус, тэр мэргэдийн өчүүхэн дайвар эрд хөтөч болох гэж үү хэмээн Шамдгай ихэд ондууцсанаа үл нуун өгүүлнэ. Хилэгнээд чанга тушаал буулгачихад Сүбээдэйд амархан байв. Гэвч энэ бол дайрах, довтлох цэргийн ердийн үйл бус, тушаалыг нарийн ухсан хүн л сая гүйцэлдүүлж яадах ярвигтай алба байсан болохоор баатар, хайртай шадар цэргийнхээ бухимдахыг тэчин өнгөрүүлж, уламч тайвнаар:
-Түүнийг тэгэж хөнгөнөөр нэрлэж үл болно. Би урваж магадгүй гэж сэжиглэж байгаа мөртлөө тэгэж хэлж чадахгүй байгааг бодогтун. Ямар боловч түүний дэргэд миний нүд чих байх хэрэгтэй гэж учирлав.
-Хорчин Бумдай, хишигтэний Булгадар гээд гар чанга, чих урт эрс танд байх шүү дээ гэж энэхүү нэр нүүр муутай болж ирээд эцэс нь үл мэдэгдэх унжгар албанаас аль болох сугарахыг хичээсэн Шамдгай шаргуу мэтгэв.
- Тэд үнэхээр ямар ч тушаалаас буцахгүй жинхэнэ дайчид мөн гэж Сүбээдэй, Шамдгайг яльгүй дайрсхийн өгүүлээд
-Гэхдээ тэдний хэн нь ч чам шиг зүсээ буруулан жүрчиний ч юм уу, найманы цэргийн хүрээнд нэвтэрч үзээгүй хүмүүс шүү дээ гэв.
Хэрэг нэлээд ноцтой болж байгааг ойлгосон Шамдгай цаашид маргахаа больсон нь дээр гэж үзлээ.
-Болтугай, эзэнтэн минь. Таны үгийг дагая. Одоо надад дэлгэрүүлэн хэлж айлд. Би тэр мэргэдийн үртэст тал засч, номхон морины нь ногт болж чадна. Гагцхүү цаашид хэрхэхийг үл мэднэм гэж өчихэд, Сүбээдэй баатар сэтгэл уужирсан бололтой инээмсэглэв.
-Чи нэгэнт тушаалыг хүлээж авсан бол энэ бүх үйлс сайнаар дуусна гэдгийг би чамд амлая. Харин дайвар, үртэс гэсэн санаагаа цээжнийхээ цаана аль болох лав нууж үз. Ер санаа гэгч нүдний харцанд илрэх тул баахан сэрэмжилбээс сайн.
Тэр бол ямар нэгэн өчүүхэн эр бус, Жүчи хан хүү өөрөө илгээсэн мэргидийн язгуурт хүмүүн Бардай сэцэн гэдгийг бүү умарт. Чи түүнд даруй шадарлан ойртоод, түүний бүхий л санаа бодлыг дэмжин өрнүүл. Нэн ялангуяа тэр хүн, надад муу санаж, манай цэргийн хүрээг орхин овог нэгтэн өөдөө оргон зайлсугай хэмээвээс түүнээс эрхэм тус үгүй. Чи машид дэмжин хамтаар дагаж одвоос зохино.
- Иймэрхүү үйлэнд намайг хэрэглэх гэсэн эзэн таны санааг би сайтар ухлаа. Гагцхүү бодвоос Жүчи хан хүүгийн итгэсэн хүн ав авсаар оргож одно гэдэг хаашаа л бол!?
-Түүнд тийм санаа байхгүй байж болно. Гэвч төрүүлээд өгч болох вий гэж Сүбээдэй шазуур зуун хэлэхэд шамдгай дотроо гайхав. Барагтай бол ингэж илэрхий хилэгнэдэггүй хүн ийнхүү тэчьяадаж байгааг бодоход нэг бол маны ажил үйлс тун дор орсон хэрэг, эсвэр тэр Бардай сэцэн үнэхээр Сзбээдэй баатрын нүдэнд орсон хог мэт торж байгаа болж таарна.
Энэ завсар Бардай сэцний юу хийж байгааг тандахаар явсан хорчин орж ирэв.
-Бардай сэцэн асартаа зуутын хэдэн ноёдыг цуглуулж, урагшлахгүй байгаагийн учрыг баатар танаас заавал асуух хэрэгтэй гэж ятгаж байна. Бас өөрийгөө дорд үзэгдэв, өдий болтол хөтөчгүй явна хэмээн гомдоллоно гэсэн хорчийн үгийг сонсоод Сүбээдэй Шамдгай өөд толгой дохиж:
- Үүнээс илүү завшаан олдохгүй. Одоо очиж, түүний хөтөчөөр ирж байгаагаа мэдэгд. Алба зэргээ нуух хэрэггүй. Би түүнийг хүндэлж, тугчаа өгч байгааг ойлгог гэжээ. Шамдгай ёслоод эргэхэд Сүбээдэй дуудан зогсоогоод:
- Яаж мэдэх вэ, хойшдын хэрэг тун хурдан өрнөж болзошгүй. Чи надтай дахин уулзах цаг заавал гаргах хэрэгтэй гэж захилаа.
Бага үд болж цэргийн хүрээнд намуухан байв. Чингис хааны анх захисан ёсоор энэ урт аялалын турш морьдоо гамнаж, ан ав, аян буудлаа яв цав зохицуулсан учраас хүн морьд зовж зүдэрсэн нь тун бага. Эзэн жанжны өргөөнд болж буй явдал цэрэг байтугай зуут, мянганы ноёдод үл мэдэгдэх тул энэ хир хүрээ буудал намбатай дүнсийж, уулын урт ногоон хөндийд худалдаачдын томоохон жин амсхийж байгаа мэт амгалан тайван амой.
Баатрын асрын ард хөсөг замын цэрэг бөөгнөж, өргөөг нь барьж байлаа. Саяхан авсан тушаалаа бодоод үүнийг эргэцүүлбээс их цэрэг эндээ хэд хоног тухлана гэж үзэхэд эндүүрээгүй аж хэмээн Шамдгай бодсоор явах цэргийн хар сүлд, Сүбээдэй баатрын ахар тугийг нар зөв нэгэнтээ тойрч, ажил үйлсээ даатган шившээд зориг шулуудан Бардай сэцний асрын зүг алхлаа. Алтайн дөнгөж араас энэ цэрэгт нийлсэн Бардай сэцэн танил цөөнтэй тул ноёдыг татахын тулд үе үе хийдэг дайллагынхаа нэгийг л эхэлчихээд байв.
-Би түүний сайныг нүдээр эс үзлээ. Ямар боловч энэ Хөвөө голын чийгт хөрсөнд бүтэн хагас өдөр ноaрмоглож өнжихийг нь үзвэл эзнийхээ зарлигийг хугалж, нугалж ч чадах эр мэт санагдана гэж Бардай сэцэн өндөр дуугаар өгүүлэв.
-Чи үнэхээр сайн дарстай юм гэж балтгар биетэй зуутан тамшаалан хэлээд залирхуу мишээж -Харин амыг чинь эс мэдлээ. Бүтэн цаг Сүбээдэйг муулав. Жүчи хан хүү илгээсэн гэдгийг чинь эс бодолцвоос эрхгүй сэжиглэмээр хүн ажгуу гэхэд зузаан эсгий тохиолдон өндөр шилбэтэй цомыг гартаа эргэлдүүлэн сонирхож суусан өвгөжөөр зуутан:
-Ярих гэдэг ч хийх биш. Юу нь хортой байх вэ. Сонсож суухад ёр хоромж үгүй гээд зориуд тэгнэ үү гэлтэй сүртэй эвшээв. Бардай сэцэн хөмсөг зангидан хариу хэлье гэтэл асрын үүд зөөлөн сөхөгдөж, гоолиг нуруутай цэргийн эр орж ирлээ.
Таруухан өргөн хөмсгөн доороос нь хонин бор нүд дөлгөөхөн гэрэлтсэн, сэвхтэй хүрэн царайтай, шантгардуу богино хамартай тэр залуу цэрэг, ноёдыг нэгэнтээ тойруулан харснаа Бардай сэцний өмнө очиж, өрөөсөн өвдгөөрөө сөхрөн ёслоод:
- Би дүрвэдийн Шамдгай бөлгөө. Сүбээдэй баатар намайг танд тушаалаа. Сэцэн та намайг дороо багтаах аваас илдийг тань арчиж, эмээлийг тань зассугаай. Олсныг тань ууталж, ороолсоныг тань барьж өгсүгэй. Таалж соёрх хэмээн өчив. Бардай сэцэн түүнийг тоомжиргүй ширвээд, ноёдын зүг хандаж:
-өчүүхэн намайг гийгүүлэн морилсонд талархаж, энэ хундагаар сэтгэлээ илтгэнэ хэмээсэнд ноёд хариу талархан цомоо хоослоод цуван гарцгаалаа. Тэд гарч, нэлээд холдсоноо балтгар зуутан Бардайн асрын зүг эргэж хараад нөгөө хоёртоо:
-Энэ өдрийн явдлыг та хоёр юу гэж бодно вэ? Бид тус тусын цэргийн буудал руу одох нь зөв үү? Эсвэл хамтаар Сүбээдэй баатарт бараалхах нь зөв үү? гэвэл эвшээгээд байсан өвгөжөөр эр:
-Бид ямар хэлмэрч заншлаач биш, үг зөөх нь ёс бус. Биднийг ярилцаж байхад асрын гадаа хоёр ч удаа хүн ойртож ирэхийг би мэдсэн. Хорчин хэвтүүлүүд л чагнаж явсанаас зайлахгүй. Бид хэлэлцсэн бус, тэр л ярьж байсныг эзэн ялгаж салгахаа андахгүй. Тэгээд ч бас ийм хэргийг даадаг дотоод үйлийн чэрби нар бий шүү дээ гэжээ.
- Бардай сэцний үг, санаа хоёр нийлэх, эсэхийг бид батлан хэлж мэдэхгүй. Сая үзвэл Сүбээдэй баатар түүнд хайртай тугчаа хөтөч болгон илгээжээ. Иймэрхүү нууц далд, үл таагдах үйлэнд бид гурав лав илүүдэнэ. Энэ хүн бол мэргидийн Худу, Чулуун нарын барааг тандахаар Сүбээдэйн цэргийн манлайд гарч, энэ газарт хамгийн түрүүнд ирсэн нөгөө Аругчи ноён байв. Бүгд Аругчийн үгийн зөвшөөрч, тус тусын зуут руугаа одлоо.
Энэ зуур Бардай сэцэн Шамдгайг хэд гурван үгээр тэнсэн асуугаад хөтөч болохыг дариу зөвшөөрөв.
- Дөрвөд минь, одоо чиний тугч байсны гавьяа ер хамаагүй болов. Учир иймд эхлээд миний байлдааны хуяг, зэвсгийг гарган, өнгөлж арчигтун. Энэ уулихай урианхайг дагаж, жингийн нохой мэт аахилсаар сэлэм минь ч зэврэх шиг боллоо. Би бор дарсанд яльгүй хөлчүүрхэв. Одоо унтсугай. Үдийн хоол болгоод дуудаарай гэж Бардай сэцэн тушаагаад эмээлээ татан хайш яйш дэрлэмэгч үнэхээр дорхиноо хурхираад өгчээ.
Шамдгай уртаар санаа алдсанаа агсаргаа тайлан асрын тулаасан дахь гохноос өлгөөд шинэ албандаа шамдан оров.
Бардай сэцэн үнэхээр язгууртан нэрэндээ дүйх эдлэл хэрэглэдэг хүн бололтой. Хоёр хуяг байсны нэг нь жинхэнэ ган хуяг байв. Далавч болгоныг мөнгөн утсаар товьлосон тэр хуягыг ямар ч ихэс зүйлээ гэсэн гундахааргүй эд юм. Нөгөө нь тос нэвчүүлж, зүйсэн хөнгөнө хулсан хуяг. Энэ эд галд л их аюултай, холын буюу гэнэтийн осолтой аянд өмсөхөд хөнгөн сайн эд билээ.
Нэрээ өргөхийн тулд эл хоёр хуягыг эрхбиш тохирох аргаар нь цэвэрлэх ёстой байлаа. Шамдгай ачаа руугаа яарав. Одоо нэгэнт энэ хүнтэй хэсэг хугацаанд хувь заяагаа нэгтгэх ёстой болсон учир хөсөгт байсан товирхон хүнс, боодол, сум, зэвээ багцлан авч буцлаа. Ингэж новширч явахдаа тэрбээр хүрээний байдал нэг л өөрчлөгдсөн мэт санагдсанд гайхсандаа зогтуслаа. Эхлээд юу ч мэдэгсдэнгүй. Гялбалзсан тоногтой, хүдэр төмөр тэрэг угсраатай хэвээрээ наранд гялбалзаж, аравт, зуутаараа тиг даран ялгарсан асар майхнууд сүртэй дүнхийлцэж, зуут мянгатын туг хиур дэрвэлзэн, сэрвэлзэнэ. Хөл хөдөлгөөн ихдээ юу? Үдийн зоог бэлтгэх цаг болохоор ийм ч байлгүй яахав. Байз? Шамдгай сая л учрыг ухлаа. Түүнээс холгүй майхны өмнө урт эрээн дээлтэй чалма ороосон өвгөн зогсоод ийш тийшээ тун ч найрсаг мэхэлзэх зуур цагаан бүтээлэгтэй сагснаас багц багцаар усан үзэм гарган баруун солгойгүй арилжиж байгаа харагдана. Нэг л биш дээ гэж бодсон Шамдгай, Бардай сэцний асарт эгэж ирвэл эзэн нь унтсаар л байлаа.
Ширүүн хөх цэмбээр давтмал хуягыг зүлгэж, шар тосонд дүрсэн зөөлөн бөсөөр хулсан хуягыг нь арчив. Бас хоёр дуулга байсныг гаргаж хөнгөхөн шиг зүлгэлээ. Нэг нь улаан мяндсан соновтортой, нөгөө нь жинхэнэ төв отгын дархчуулын хийцтэй алтан шармал дуулга бөгөөд Сүбээдэй баатрынхаас гоёмсог дэлээр л дутуу ажээ. Энэ зуураа бас богинохон цавчиж хатаасан харганаасаа авч яг хорин нэгийг зэрэглэн асааж, цай чанаад, хуурай сүүгээр сүлж хөөсөртөл самран, бяцхан зэс домбонд юүлээд, цогоо тарааж, дээр нь жигнэж орхив. Чингээд эзнээ сэрээлээ.
Бардай босонгуутаа хуяг дуулгаа үзэж, сэтгэл нь ханасан бололтой амандаа нэг юм гөвтнөчихөөд/арай найрсаг ч байсан байж магадгүй, гэвч Шамдгай дурамжхан байсныг бид мартаж болохгүй/ асрын хаяанаас том илгэн богц чирч гарган дэлгэхийг үзвэл аяганы хийц байлаа. Тос даасан хурууд, зузаан өрөм, ээзгийг Шамдгайн аяганд дүүргэж өгөөд, өөрөө харин зүсэм бяслаг төдийгөөр хязгаарлав.
-Та усан үзэмд дуртай юу гэж Шамдгай хөтчийн дүр гаргах гэж их л хичээн асуувал Бардай сэлэм шиг матигар хөмсгөө огцом татвалзуулан:
-Юу? Чи арай мусульман тосгоноор хэсээд ирсэн юм биш биз гэж сэрдэнгүй бадчив.
- Үгүй, үгүй, Яалаа гэж чингэх вэ? Усан үзмийг энд, энэ хүрээн дотор л зарж байна шүү гэж энэ удаа Шамдгай дүрдээ нэлээд орж, зусардангүй харуилав.
-Түй, бид удахгүй илдээ орхиод сагс дамнаж гүйх байлгүй гэж Бардай сэцэн тун хилэнтэй дуугараад цайгаа сүртэй оочив.
Энэ үеэр асрын өмнүүр бөөн цэрэг морьд тачигнан өнгөрлөө.
-Бас юу ирэв? Арай Худу өөрөө архи зарах гээд ирсэн юм биш биз. Үзээд ир гэж Бардайг хэлэхэд Шамдгай яаран гарлаа. Төдөлгүй эргэж ирээд:
-Архи нь ч архи юм аа. Гэхдээ Худу биш хэлмэрч, сири хүн олж ирж. Магадлавал эзэн өөрөө түүнийг илгээсэн бололтой гэж айлтгалаа. Энэ удаа Бардай сэцэн тэвчсэнгүй бололтой босч дээлээ өмсөөд бүсээ бүслэв.
- Иймэрхүү байдлыг хараад нүд анин өнгөрөөж яавч болохгүй. Би Сүбээдэйтэй уулзана. Тэр үнэхээр ингэж.. гээд Бардай үгээ дутуу орхив. Иймэрхүү үед л улам дэврээх ёстой гэдгээ санасан Шамдгай:
- Тэгэлгүй яах вэ, эзэн минь. Хаан Чингисийн зарлигийг Сүбээдэй нугаллаа гэхэд ханхүүгийн итгэлийг та эвдэж болохгүй гэчихлээ.
Бардай түүнийг нэг том харснаа:
- Чи хаашаа ч хөдөлж болохгүй шүү. Хэрэг мандахад надад хэл ул болох ч хэрэг гарч мэднэ гээд асрын үүдийг омогтой шидэн гарч одлоо.
Шамдгай зүүн дээр суусан шиг тогтож ядан цаг нөгцөөж байтал танил хорчин яаран гүйж ирээд:
- Шамдгай минь шамдаарай. Шинэ эзэн чинь ялд унаж, ясанд хахлаа. Сүбээдэй баатрын өргөөний өмнө оч. Харин баатарт л үзэгдэв. Хамт турсагаа хуулуулна шүү гэснийг сонсоод, айх, баярлахын алиныг ч мэдэхгүй боллоо.
Бүлэг 4
“Оргох санаа төрүүлээд өгье л дөө” гэж түрүүхэн Сүбээдэй баатрын занаж байсныг санаад Шамдгай энэ явдал юугаар төгсөхийг сайн ухаарч хал үзсан залуу зүрх нь эмзэглэж байв. Гол өргөө хүртэл сүрхий яаран алхсан ч энэ завсар цөөнгүй зүйлийг эргэцүүлэн бодож амжжээ. Улс гэрийн хэрэг гэгч бүтэж бүрэлдээд байхдаа бахадмаар сайхан боловч тэсэж мандах хүртлээ муу муухай, үнэн худал, арга башир, цус хөлс, ер юу эсийг үзэн өнгөрөөдөг билээ. Тийм л нэг хэцүү хомрогонд тэрбээр яах ч аргагүй орж явчих нь энэ байж. Ийм үед ороо бусгаа бодлын хэрэг үгүй, эзэн баатрын захисныг Хөх төрийн зарлиг хэмээн санаж, чадал ухаанаа шавхан зүтгэх ганц л зам бий.
Нар баруунаа гудайжээ. өргөөний өмнө барсын арьсаар бүтээсэн бахим исэр дээр Сүбээдэй суугаад хажууд нь өнөөх сири хэлмэрч зогсож, том мөнгөн цомыг улаан хүрэн дарсаар байн байн дүүргэж өргөхөд баатар ажиггүй тосон авч хүртэх зуур өмнөө сөхрүүлсэн Бардай сэцнийг хилэнт нүдээр ширтэх ажгуу.
Арваад хишигтэн хагас хүрээлэн зогсож, иймэрхүү үед заавал байлцах учиртай чэрби нар хийгээд зуутын ноёд өөрсдөө шийтгүүлж байгаа мэт баргар царайлан тэрүүхэнд бөөгнөсхийжээ. Шамдгай тэднийг таширлан зогсож ажиглав.
- Чиний увиагүй дайран доромжлох үгийг би гүйцэд сонсов. Одоо миний оноох ялыг чи гүйцэд эдлэх ёстой гэж Сүбээдэй хэлээд баруун гараа ялигүй өргөхөд хишигтэн урагш давшиж, Бардай сэцний мөрнөөс нь атгаж авав. Бардай тайвнаар:
- Чи өнөөдөр намайг жанчих буйзаа. Маргааш Жүчи хан хүү чиний адуун толгойг надаар тас цавчуулна гэдгийг мэргидийн онгодыг барьж тангараглая гэжээ.
Сүбээдэй хүйтнээр инээмсэглэж:
-өүүхэн загасчны хорон үгэнд би уурлахааргүй гээд хишигтнүүдэд хандаж:
-Наадхыгаа миний нүдний өмнө тавин ташуур занч гэж тушаалаа. Хишигтнүүд Бардайн дээлийг тайлж ногоон дээр түрүүлэг унагаад хөл дээр нь хоёр хүн гишгэхэд Бардай:
-Битгий ноологтун. Тавь байтугай таван зуун ташуур жанчивч би ер босч гүйхгүй гээд гараа дэрлэн үдийн халуунд нозоорч амрахаар тухлах аятай ажигггүй хэвтээд өгөв.
Энэ үед ноёдын эгнээнээ түрүүхэн Бардай сэцний асарт дайлуулж агсан өвгөжөөр зуутан урагш алхаж, Сүбээдэйд ёслов. Баатар түүнийг нуд буландан дурамжхан харж хүлээвэл зуутан:
-Хэдүйбээр Бардай сэцэн цэргийн ердийн цаазын зөрчин эзэн жанжныг элдвээр сэрдсэн ялтай боловч түүний шударга санааг бас бодолцвоос зохионо. Үнэхээр маны цэргийн журам суларч, орох эгэх нь мэдэгдэхгүй болсон нь лав энэ өдрийн хувьд үнэн билээ. Бид ер хэзээ ч ийм дорд орж үзээгүй гэтэл энд хүртэл сартуул худалдаачин зогсоод бидний муу муухайг харж байгааг ичмээр бус уу гэв.
Шамдгай сая л нөгөө усан үзмийн арилжаачныг олж харлаа. Усны гангуудыг бараадан зогсоод бүхий л үйл явдлыг сүрхий шохоорхож байсан тэр хөгшин саяны үгийг сонсоод хормой чичрэхийг Шамдгай ажиж, энэ хэсүүл Монгол хэл мэддэг байх нь ээ гэж сэртхийн түгшлээ.
Харин тэр хөгшин биеэ дорхин нь засч, юу ч ойлгоогүй мэт тэргүүнээ даран тэрүүхэндээ бөвтнөх нь өрөвдмөөр. Хишигтний нэг нь жадаа гозолзуулан түүнийг хөөх гэтэл Сүбээдэй хориглон зогсоов.
- Байг. Нутгийн ард лугаа найр журмыг сахих ёстой. Би эднийг оруулахыг зөвшөөрсөн юм. Цаашдаа ч энэ иргэд манай хүрээнд зөнгөөрөө зорчиж болно. Хэрвээ хүсвэл би өмнө зүг аялж, Зэв жанжны цэргийг тосоод улмаар Тогучар ноёнтой нийлж ч болно. Үүнийг надаас өөр хэн ч захирахгүй гэж Сүбээдэй нүүрээ минчийлгэн хахир дуугаар хэлснээ:
-Наадахаа жанч! Би наранд удаан суух хүсэл алга гэж хэлээ ээдрүүлэн байж тушаалаа.
Шамдгай нүүрээ бурууллаа. Гэвч чихэнд нь ташуур исгэрэн нүцгэн биен дээр буух чимээ сонсогдоно. Энэ бүхэн нэг л шударга бус болж, өдий хүртэл бахархал болж явсан жанжны нэр сүрд нь сэв суулгах мэт Шамдгайд санагдахад хөмсөг зангидаад үзэмний дамнуурчныг их л хорсолтой ширтэж байлаа. Тэр хүн сагсгар буурал хөмсгөө бараг өргөхгүй мөртөө орчин тойрныг хянууур ажиж, хэн нэгтэй харц тулгарвал дорхиноо нугдасхийн хөл доорх бараг хоосон сагсаа барьж авах ажээ. өвгөний байдал эндэхийн уйгур хийгээд монгол угсаатны л дунд цөөнгүй тааралддаг сартуул хивчигийн холимог төрхийг илтгэх атал яагаад ч юм бэ, өтөл биед зохицоогүй нэг л гаж зүйл байх шиг Шамдгайд санагдаад байлаа.
“Хэрвээ би Бардайг мэргэдийн хүрээ рүү аваачиж чадвал энэ өвгөнтэй л хамгийн түрүүнд нүүрэлдэх байх даа” гэж бодсон шамдгай гэнэт түүнд ойртмоор санагдав. Гэвч тэр дороо эргэцүүлэн бодож, ийм алхам хийвэл эргээд осол учирна гэж ойлголоо. Хэрвээ энэ хүн үнэхээр Худу, Чулуун нарын туршуул мөн бол түүнд туслах нь лав. Харин туршуулаа ийм амархан илчлэгдсэнийг үзээд Тогтоа бэхийн хөвгүүд улам ч сэжиглэх нь гарцаагүй билээ.
Шамдгай өвгөнийг эс тоосон царай гаргалаа. Энэ үеэр Сүбээдэй баатар цуст үзэгдлээ өндөрлөж, ноёдыг тарахыг тушаагаад өөрөө хэлмэрчээ дагуулан үл мэдэг туйвсхийн алхалсаар өргөөндөө орж явчихав. Түүнтэй зэрэг шахам арилжаач өвгөн сагсаа дамнаад зэрэгцэн алхахдаа Шамдгайтай тун ойрхон зөрөв. Чингэхдээ санамсаргүй харц тулгарч Шамдгай сая л өөртөө гаж санагдсан зүйлийн учрыг олов. өвгөний буурал хөмсгөн дорхи нүд эзтэй хурц цолгиун дүрэлзэнэ. “Арван наймт шиг өвгөн” гэж тугч эр бодож амжжээ.
Шамдгай нэг хишигтний хамт цусанд хутгалдсан эзнээ дамжилсаар асарт авчирлаа. Бардай сэцэн шүдээ тас зуун эс ёоловч энэ зуур эрхгүй ухаан нь балартаж байгаа бололтой. Цай уулгасны дараа Шамдгай богцоо уудлан талхан эмээ гаргаад нуруунд түрхэе гэтэл Бардай янцаглан өндийх мөртөө гар руу нь цохиж эмийг нь газраар нэг цацаж орхилоо. Шамдгай гайхан эзнээ түшиж авахад цаадах нь өвчнөө тэсвэрлэн ярвайснаа:
-Бүрэнхий болгоод.. Морьдоо бэлд.... болгоомжил... өнөө шөнө явна гэж хүчлэн шивнээд дахин ойчив.
Чухам хаашаа явах гэж байгааг нь мэдээгүй боловч Шамдгайд энэ үг тэнгэрийн таалал шиг аятайхан сонсогдов. Тугч агсан эр эзнийхээ дэрийг засч аятайхан хэвтүүлээд яаран гарлаа.
Нар шингээд сүүлчийн цацраг нь Илийн Алтайн шовх оргилуудыг гийгүүлж, уудам хөндий хөхөмдөг сүүдэрт умбасан нь эгэлгүй үзэмжтэй харагдана. Үржил шимт эл хөндийг гүнзгий зүсэн урсах Хөвөө гол нэгэн зурвас цагаан хив мэт зурайгаад түүнийг тэгнэн буусан их цэргийн хүрээнээ оройн түүдэг галын түрүүч хэдий нь бадарчихуй. Энэ хэр жанжны өргөө байрласан дэвсэг өөд өгсөж явсан тул холын бараа улам улам тодорч, сүүдэр хүүшлэх урт урт нуруудын бэлээр цэргийн гал дараа дараагаар асах нь Шамдгайд тодорхой харагдаад сэтгэлд нь сүрхий урам бахархал төрж байхыг баярлан мэдэрч байлаа. Энэ өдрийн баахан замбараагүй явдлын дараа ийм сэтгэл өрнөх нь түүний хувьд алжаал чилээгээ тайлахад өөр юутай ч зүйрлэмгүй их тустай байжээ. Цэргүүдийн чанга чанга хүүрнэлдэн, инээж хөхрөх чимээ сонсохдоо харин сэтгэл нь жаахан эмзэглэж, нууц далдыг бодохгүй тийм л тэнүүн цайлган тугч хэвээрээ байгаасан бол гэх яльгүй харуусал төрөх ажгуу. Ингэж бодсоноо тэр зогтусан зогсов. Үнэхээр бодлогогүй, шинэ дайчлагдсан цэрэг мэт аашилнам бус уу би, Шамдгай энгүүн явж байгаад амсхийж байгаа мэт таатайхан суниаснаа борог өвсөн дээр хөлөө жийн суугаад өглөө. Тэгснээ гараа алдлан гэдрэг хэвтэв. Баргийн сониуч хүн түүний энэ байдлаас сэжиглэх зүйл олохооргүй байсан агаад харин энэ үеэр Шамдгай дух руугаа дарсан товь малгайныхаа доогуур эргэн тойрноо маш хурдан нэгжин харж амжжээ. Хэдийгээр сэжиглэмээр гадны хүн, тэр тусмаа нөгөө үзэмний арилжаач ойр хавьд үгүй мэт санагдсан боловч шууд Сүбээдэй баатрын гэрт ороод явчихаж хэрхэвч болохгүй гэж бодогдоно. Бардай сэцний бие тааруу байдаг, түүний захиснаар оргон зайлах хэрэг гарлаа. Гэтэл Сүбээдэй баатраас цаашид хэрхэх тухай заавал үг захиас сонсох хэрэгтэй. Хэвтүүлийн захирагч аятай ингэж гүйгээд байвал мэргидийн заншлаачийн отсон харцанд өртөж цаашдын их үйл задрах ч энүүхэнд болно доо. Үүнээс оройтвол хэвтүүлүүд хөл хянгардчих гээд гурав ч алхуулахгүй.
Тэгэхээр надтай яаж хэл барихыг баатар өөрөө мэдтүгэй. Би аян замдаа зэхэх нь илүү дээр. Шамдгай ингэж шийдээд аажуухан босч агт руу алхлаа.
Явах цэргийн хүрээ буудлыг гаднаас нь ажиглахад нэг бөөн юм, туг хиур, тэрэг хөсөг нь багширсан мэт харагдах авч дотроо бол нарийн дэгтэй бөлгөө. Шөнөд агтыг улам дотогшлуулж, мянгат мянгатын тойрогт, тэдгээрийн хувийн ачаа хөсгийн хүрээнд хумиж хонуулдаг байжээ.
Тугийн зуутын агтач цэрэг Шамдгайг үзээд ихэд гайхажҐ
-Хөөе, дүрвэд! Чи өдөржин хаашаа алга болов? Арай хишигтний ахлаач болж дэвшиж одсон юм биш биз? гэж тоглох шоглохын завсар асуулаа.
- Дуугаа аяд. Надад бараан зүсмийн хоёр морь хэрэгтэй. Энэ шөнө, гадаад харуулыг эргэх албанд оногдоод байна гэж Шамдгай албархуу дуугараад ийм санааг гэнэт цээжинд нь оруулж өгсөн сахиулсандаа талархав.
-Зэ, зэ. Алба бол алба гэж агтач жаахан гомдонгүй хариулаад цээжиндээ угласан бугуйлаа авч, агт өөдөө алхав.
- Хүүе, бэсүдийн уран хэлт чи, хөл хөнгөнтэй, ааш багатай юм олж өгөөрэй. Эндхийн шавар хөрсөнд дороо эцчих вий гэж шамдгай араас нь хашгирав.
Морьдоо тушаад асарт ороход таг харанхуй байлаа. Түүнийг хэтээ цахихад Бардай сэцэн ярдаглан өндийж байх шиг боллоо.
-Эзэн минь хэвт. Би одоохон гэх мөртөө Шамдгай уулаа үлээн, хуурай үйсний хэлтэст гал авалцуулж, төдхөн гэрэ шажигнан бадрав. Мэргид эр босоогүй, зөвхөн тохой дээрээ өндийжээ. Гэрэний гэрэлд нурууных нь эвэрсэн шарх нэлэнхуйдээ хүрэнтэн гялтганаад нүд хальтрам харагдана. өөрийнх нь буруугаар ингээгүй ч ирээдүйн ялалтын төлөө арга буюу хилсээр шийтгэгдсэнийг нь мэдэж байгаа болохоор Шамдгайн дотор тун тавгүй боллоо.
Нурманд жигнэсэн цайнаас эзэндээ хэдэн аяга балгуулаад нуруунд нь эм түрхэе гэж дахин ятгасан боловч Бардай сэцэн зөвшөөрсөнгүй. Түүний царайд чухам юу тодорч байгааг мэдэх гэж Шамдгай хичээв.
-Морьд бэлэн үү гэж Бардай сэцэн зөөгшсөн цайнаас гурван аяга уусны дараа шивнэн асуулаа.
- Бэлэн. Гагцхүү зайлж гарах сиймхийг олж тогтоож чадаагүй байнам гэж Шамдгай хэлэхдээ Сүбээдэй баатарт яаж хэл хүргэх вэ гэсэн шаналгаат бодолдоо түүртсээр байлаа. Бардай сэцэн нэг юм хэлэх гэснээ больж, шүдээ зуугаад хажуулдан хэвтлээ. Галын гэрэлд түүний огцом царай улам ч ялгарч, яагаад ч юм бэ, сэтгэл нь нэг л их төвшин байх шиг санагдахад Шамдгай гайхаж байлаа.
Бардай сэцэн, Сүбээдэй баатрын цэрэгт бүр хожуу нийлжээ. Эрчис мөрний чинад хаваржиж байсан Жүчи хан хүү, Тогучар ноёноор зуучлуулан Бардайг илгээсэн билээ. Анх ирэхдээ гайгүй дөлгөөн хүн мэт байсан боловч Илийн Алтайг давснаас хойш зан нь хувирч, Сүбээдэй баатартай илэрхий цанхаархах болсныг ойр байдгын хувьд Шамдгай анзаарсан хэрэг. Ер ихэс ноёдын хувьд энэ нь гайхмаар сонин биш л дээ. Харин дайсандаа ойртож яваа их цэргийн дотор иймэрхүү байдал урьд өмнө гарч байсан эсэхийг Шамдгай санах гэж оролдоод дөнгөөгүй юм.
Чингэж даруулгагүй авирласных нь үр боловсорч,эрэмдэг болдгын даваан дээр хэвтэж байгааг нь үзээд Шамдгай энэ хүнийг урьдынх шигээ зэвүүрхэн жигшиж чадахгүй байлаа.
Асрын үүд зөөлөн нээгдэж, хишигтэн Булгадар гэтэх мэт орж ирэхэд Шамдгай гайхан сэртэсхийв. Булгадар түүнд шахан суугаад чихэнд нь
-Манай галаар очооч! Бид шорлог хийсэн юм. Ховрын идээ шүү. Заавал амс гэж шахав. Шамдгай эзэн өөдөө харвал бие нь жаал тавирсан бололтой, амаа ангайлгаад намуухан амьсгалан унтаж байлаа.
“Цагаа олсон урилга байна. Тэндээс баатрын өргөө рүү очих аян шалтаг олдоно” гэж Шамдгай Булгадарыг дагуулан гарчээ.
Тэнгэрт одод хэдийн жагссан ч цэргүүд амрах бас л болоогүй байгаа бололтой.
Булгадарын аравтынхан галаа тойрон суугаад намуухан хүүрнэлдэнэ. Их л үймж аймсан хөөр шуугиан дунд орно гэж бодож агсан Шамдгай үүнд баахан гайхтал Булгадар нуруу руу нь ёворч:
- Чачирт ор гэж шивнэлээ. Түүнийг ороход аяны жижигхэн тулганд хуурай аргал ноцож, дэргэд нь юүдэнтэй нөмрөгөөр биеэ хулдсан ганц хүн сууж байв. Шамдгайг ороход өөдөөс нь харсан ч үгүй:
-Бараан морьд сойгоод л байх чинь, нутаг өөдөө гүйх нь үү, чи хө гэж шоолонгуй хэлэх нь танил дуу ажээ.
Тэр хүн Сүбээдэй баатар байжээ.
Бүлэг 5
Орой нь онгорхой хуучин татаар асарт нэлээд суулаа. Гадна Булгадар хийгээд түүний нөхөд элдэв шиншлээчийн сониуч нүд, чих ойртохоос болгоомжилж, тун задгай байдлаар галаа тойрон энгүүн хүүрнэлдэж хэн нэгнийхээ ончтой хошин үгийг хөхөөн дэмжиж, үе үе нижигнэтэл инээлдэх нь дуулдана. Энэ оройнх нь явдлыг Шамдгайгаар бүгдийг яриулж аваад Сүбээдэй баатар сэтгэл амарсан бололтой толгой дохиж:
-Би чамд итгэсэн нь талаар болсонгүй. Агтныханд хэлсэн үг чинь зөв болж. Би чамайг энэ шөнө гадуур эргэх аравтад томилуулсон. Тийм болохоор саад тотгор учрахгүй. Шөнийн хоёрдугаар жинд замд гарагтун. Хүрээний дорнод бага үүдээр гараад өрнөш эргэх нь зөв байх. Тун яарах хэрэгтэй. Маргааш үд гэхэд мэргидийн сууринд хүрсэн байхгүй бол үйл бүтэхэд хэцүү...
- Эзэн минь та арай мартаагүй байлтай. Бардай сэцэн оргоно гэсэн. Харин хаашаа явахаа хэлээгүй л байгаа шүү дээ.
- Түүнд Чүйн суурин өөд явахаас өөр зам байхгүй. Бусад талд нь Уйгурын Идүүд хан, Тогучар ноён, Алимарын дагасан цэргийн хүрээ буй.
- Тэгвэл болтугай. Би тэнд очоод...
- Одоо яг үүнийг хэлье. Чи Бардай сэцний хөтөч төдийгүй түүний хөтлөгч болох учиртай. Бардай сэцэн надад хонзогнож, тэр өшлөө Худу, Чулуун нарын цэргийн хүчээр гүйцээж авахыг хүсч байгаа. Тэр хүслийг нь чи дэмжиж, гал дээр тос нэмэн цучлыг түймэр болгон оволзуулбал болох нь тэр. Тэгээд мэргидийн цэрэг хотыг орхин одох мөчийг надад мэдэгдэнэ.
- Би өөрөө ирэх үү?
-Тэгвэл тэд сэжиглээд байдал өөрчлөгдөх болно. Миний нууц элчийг хүлээх хэрэгтэй. Тэнд очсоноос хойш гурван өдрийн дараа морин цагт хүнсний базаарын архины мухлагт очвол чи түүнийг олж уулзана. Нууц үг нь “Сайн дарс, муу зууш”. Гэрчлэх тэмдэг нь саран зэв. Гэхдээ чи саран зэвийг заавал гартаа барьж үз. Онгин талд нь хатаасан үзэм хошоод наалдсан байх ёстой. Тиймгүй бол итгэж үл болно.
- Бүгдийг цээжиндээ тогтоон авав.
- Түүний бие аянд гарч дөнгөнө биз.
- Дөнгөхгүй ч байсан дөнгөхөөр хүн шиг санагдсан. Ер нь миний анх санасан шиг хөнгөн, ойворгон эр биш мэт санагдлаа. Та намайг ойлгоно буй заа.
-Сүбээдэй баатар энэ үгийг сонсоод хирдхийж, Шамдгайг нухацтай ажигласнаа:
- Их хэjгийн төлөө түүнийг хилсдүүллээ гэж харамсаж байна уу гэж намуухан асуулаа.
-Энэ миний бодол богинынх буй заа. Гэвч би сэтгэлээ танаас нууж яваагүй ...
Баатар нүүрээ илбэн тонгойход царайд нь үл мэдэг эмзэглэл тодорлоо. Тэрбээр галын буурч буй дөлийг ширтэн бодлогоширч:
-Ирэх, одох аливаа үйлийг ганцхан алхамд л харж эрс тэс боддог нь залуу насны алдаа биш ээ. Энэ бол сэтгэл чин ариуны алгасал төдий юм. Одоохондоо хилсэдсэн хийгээд хилсдүүлсэн нь хэн болохыг хэлэх яагаа ч үгүй. Харин чиний үг надад нэгийг сануулав гээд бахим гараараа Шамдгайн шуун дээрээс атгаж:
-Бидний зорьсон сэдсэн үйл хэрэг арав хоногийн дотор лав дуусна. Тэгэхдээ сайнаар дуусах нь мэдээж. Чингээд хоёулаа баяртай уулзахын цагт Хөх төрийн төлөө энэ бүхнийг үйлдсэн гэдгийг санаж, чи намайг муугаар бодохгүй байхыг хүснэм гэжээ.
Шамдгай эзнээ гайхан ширтэж:
-Таны хүслээр болог! гэж амлалаа. Сүбээдэй инээмсэглэхэд нүдний нь харц зөөлрөвч, нүүрэнд нь уйтайхан сүүдэр зурсхийх шиг санагдав.
-За одоо чи буц. Эзнээ сувил. Энэ шөнө чиний алба хэцүү шүү гэж Сүбээдэй хэллээ. Тэгээд Шамдгайг гарахын нь өмнө дуудан зогсоож дэргэд нь очоод:
-Саран зэв үзүүлсэн хүнд чи эргэлзэж огтхон ч болохгүй. Нууцлах далд дохио сэжиггүй байвал болох нь тэр. Тэр хүнийг намайг гэж бодож, зааснаас нь өчүүхэн ч зөрөхийг би хориглож байна гэж намуухан хэлэхдээ сүүлчийн энэ захиасаа онц чухал гэдгийг баруун гараар өөдөө заав.
Булгадар, Шамдгайг дөхүүлж өгөхдөө энэ шөнийн харуулын нэвтрэх үгийг хэлж өглөө.
Хөтчөө ирэхэд Бардай босоод дээлээ өмсөж, хуягаа зүүх гээд чадаагүй бололтой, хөглөрүүлчихсэн сууж байв. Цус нэлээд алдсанаас царай нь цонхийсон ч нимгэн уруулаа шазвалзуулан тун ч дээгүүр харцтай байхыг Шамдгай ажиглаад сэжиглэгдэхээс эмээж:
- Би арай гэж энэ шөнийн нэвтрэх дохиог олж авлаа. Одоо бидний зам улам шуударна гэвэл Бардай янзгүйхэн ширвээд:
-Тийм бол сайн. Бй чамайг урианханы зөрүүд хардаа далан булчирхайгаа тоочиж явна уу гэж бодсон юм гэж хэнэггүй хэлэв. Энэ үгийг сонсоод Шамдгайн нүд харанхуйлах шиг болсон боловч азаар Бардай анзаарсангүй.
-Би хөнгөн хувцасаар явахаас биш. Миний давтмал хуягыг сайхан боож, ганзаганд даруул. Саадаг хоромсогийг ав. Илдээ би зүүнэ. Бусдыг түр орхин Сүбээдэйн хар тугийг сэрээгээр нь газар шаах цагтаа би тэр бүхнийгээ арван хувь нэмж авах болно гэж тушаажээ.
Шөнийн хоёр жин цохимогц тэр хоёр мориндоо мордлоо. Бардай жолоогоо залахад ч хэцүү байгаа бололтой, нуруугаа эв хавгүй ганайлгаад эмээл дээрээ хазгайхан суужээ. Хуучин сарны гэрэлд энэ нь харин ч улам зохимжтой, харуул эргэж яваа ноёны дүрд хувилахад хялбар болгож байх шиг санагдсан тул Шамдгай дотроо баярлан өмнө нь орж хөдөллөө.
Угаасаа Монгол цэргийн хүрээний дотор шөнийн алба хаших хүмүүсийн явах тодорхой чиг байх бөгөөд үүнийг эс баримтлагчдийг хэвтүүл хэн нь ч барьж авах, эсэргүүцвэл мэслэх эрхтэй байдаг бөлгөө. Шамдгай чухам энэ нууц замыг сайн мэдэх тул тэд хүрээний хаалганд хүртэл саадгүй явлаа. Нарийн эрэмбэтэй угсарсан төмөр тэрэгнүүдийг захлан, хэрэгтэй хаалгаа олж очиход морьдынх нь омруун доогуур жадны гилбэр хүйтнээр гялбасхийн хөндөлдөөд нум дэлэх танил чимээ зөрвөн талд нь зэрэг сонсогдов.
-Гадаад харуул эргэх зуутын ноён Аругчу явж байна. Үүд нээгтүн гэж Шамдгай шөнийн харанхуйд хаа хол цуурайтахаас сэрэмжлэн мориныхоо дэлрүү бөхийж, аяархан боловч тод дуугаар хэллээ. Хэвтүүлүүдийн бараа тэрэгтэй ташрилдаад сайн ялгагдахгүй байсан ч:
-Бараан үүл гэж намуухан хэлэх нь сонсогдлоо. Энэ бол хариулт нэхэх харуулын нууц дохио юм. Шамдгай мориныхоо хүзүү рүү бөхийж:
-Үүлэн зулхай гэж шивнэв.
Нумнууд саадагтаа харр хийтэл орж, хөндөлдөж агсан хэвтүүлүүд огт байгаагүй мэт нам гүм болов.
Шамдгай түрүүлэн, Бардай дагаж хоёулаа хүрээнээс гарч одлоо.
Зуны дунд сарын хуучид тул сарны гэрэл бага, өвсний хурц үнэр сэнгэнэсэн намуухан шөнө байв. Эргэх болов уу, эсвэл ингээд шууд явчих болов уу гэж зовниж байсан хэдий ч Шамдгай тэвчин амаа хамхиж, чигээрээ алхуулав. Хоёр хайчин харуулыг тэд мөн аюулгүй гэтлэв. Тийнхүү сая чөлөөтэй болж бяцхан хамар даваад морьтой хүн далдлах төдий намхан мөртөө өтгөн саглагар мөчиртэй зэрлэг үзмийн төгөл рүү ортол Бардай сэцэн
-Зогсоё. Би дээлээ тайлмаар байна гэхэд Шамдгай яаран бууж, морио тушаад эзнээ сугадан буулгалаа. Чингэхдээ баруун гараараа зүүн гарыг нь сугадаж, зүүн гараараа морины нь жолоог атгаж байсан тул эзэн нь газар гишгэмэгц, богино матаагаа суга татан цээжинд тулгахад тэрүүхэндээ сүрхий цочирдов. Морийг нь тавьчихаад гараас нь атгаж авах, тэр ч байтугай сугадаж байгаа гарыг нь мушгиад тонгорч орхих бүрэн боломжтой байсан ч ингэж болохгүй гэдгээ сайн мэдэж байсан тул ихэд гэлмэсэн байдал гаргаж:
-Яаж байна аа, эзэнтэн гэж дуу алдлаа. Бардай сэцэн яраглан шуухитнаснаа матаагаа бүр чанга дарахад Шамдгайн зүүн хөх маны доор ширхийн халуу оргиод явчихлаа. Гэвч тэр морио тавьсангүй, эзнээ сугадсан хэвээр байлаа.
-Эзэн гэнэ ээ? Чи намайг хаахна аваачиж төхөөрөх тушаал авсан бэ? Түүнээ хэл? гэж Бардай уурсан хяхтнав.
-Тийм үгийг би хэнээс ч сонсоогүй. Сүбээдэй баатар намайг тугнаас минь салгаж, таны зарц болгосон. Та намайг үлдэн хөөвөл би нутагтаа тэмцэхээс өөр замгүй. Хороосугай хэмээвээс мөн мөчөөрхөж үл зүрхэлнэ. Мөрөөхвөл бас ял над дээр буух буй заа гэж Шамдгай хэллээ.
Бардай гараа бага зэрэг сулласан боловч аанай л заналхийлсэн хэвээр:
-Тэгвэл чи одоо намайг дагаж хаашаа одох чинь энэ вэ?
-Би яахан мэдэх билээ. Нэгэнт таны зарц болсон тул амь биеийг тань хамгаалах хийгээд, заасан зурсаныг тань засваргүй биелүүлэхээ л мэднэ. Жамуха ноёноо барьж ирсэн боолчуудыг их хаан, андынхаа нүдний өмнө хороохыг би үзсэн хүн гэж Шамдгай тайвнаар учирлав. Иймэрхүү үед хэт билбүүрдвэл Бардай сэцэн шиг хурц хүнд таашаагдахгүй гэдгийг тэр ойлгож байлаа. Хэлсэн бүхнээ андгайл гэж шахсан нь түүний хувьд ичгүүрэх зүйл үгүй бөгөөд үнэндээ тэр Бардай сэцэнд муу юм хийе гэж огтхон ч бодоогүй тул даруй мөнх тэнгэрийг зааж ам алдлаа.
Мэргид эр хөтчөө шалгаж дуусав бололтой хүчлэн мөшийх аядсанаа матаагаа чулуудчихаад сун тусав. Шамдгай хувцсыг нь тайлахаар яарлаа. Нурууны нь шарх хувцсанд үрэгдэн, дахиад цус нэвчиж эхэлсэн тул эзэн зарц хоёрт яггүй ажил ургаад, холгүй хэрж орхисон морьд нь анир авч хамраа тачигнуулан, чихээ хайчилж байхыг анзаарсангүй. Үзмийн төгөлд бас гурав дахь хүн байжээ. Бараан алчуураар нүүрээ битүүлж, үндэс угсаа нь үл ялгагдах уужим бүгээн хувцасаар биеэ ороочихсон тэр хүн ганцхан бутны чинад газарт наалдах шахам хэвтээд тэднийг ажиглан, яриа хөөрөөг нь сонссон төдийгүй тэд шархаа хагас дутуу боогоод, хаашаа явахаа хэлэлцэн мордох хүрэл нь байсаар байлаа.
Оргогчдын бараа далд орсон хойно бараан хувцаст аажимхан өндийж, урт хувцасныхаа хормойг шуух зуур “Мэргид ах дүү нартаа очино гэнэ ээ” гэж амандаа шивнэж байхыг нь харин сонсох хүн эл аглаг төгөлд дахиад байсангүй ажгуу.
Бүлэг 6
Цөл, талын чимэг болсон гайхамшигт Чүй мөрөн Барн Хүргээн Алтай ба түүний оюу номин толь Төмөрт/Ишигхөл/ нуураас эх авч, Ашиг хөл нуурийг тэтгэх хүртлээ мянга гаруй бээр газрыг туулж, Балхаш нуураас Абускун далайн хормойд шахах уудам их дайдыг Муюнкумын элс, Баян тал гэсэн өнгө зүс, үржил шимээр ялгаатай хоёр нутаг болгон хуваадаг билээ.
Чуй мөрнийг дагаж, монгол, уйгур, хотон, хивчиг олон хэлийн үндэстэн зуун зуунаар идээшин сууж, ирснээс өдгөө даруй их бага дөрвөн зуу орчим суурин байлаа. Илийн Алтайгаас эх авч жаран бээр урсаад Чуй мөрөнд цутгадаг Хөвөө голын бэлчир дэх Төрлөхүүн буюу Терликун хороо бол эдгээр удамт газрын нэг бөгөөд мянга гаруй жилийн тэртээ Хангай ханаас өрнийг зорин аялсан Хүн нарын нэгэн цуваанаас үлдсэн гэдэг ажгуу. Нэгэн цагт өндөр тэрэгт гаогюй аймгийнхан энэ газрыг мэдэж агснаа кианы түрлэгт автаад, энэ үес нэгэнт Хар Киданы дорнод хязгаарт багтаж байлаа. Гэвч цаг хийгээд үйл явдал баримжаалшгүй эргэж, урвах үе ирсэн тул Терликун хорооны түм гаруй өрх, чухам хэний туганд найдаж, шүтэхээ бас л сайн мэдэхгүй, ямар боловч арваад жилийн өмнө энд буудаллаж, улмаар Хүчүлүг хааны тэтгэн дэмжсэнээр хорооны бүхий л эрх мэдлийг бурааж авсан мэргэдийн ноёдыг л харж буужээ.
Энэ ноёд бол удуйд мэргидийн эзэн Тогтуга бэхийн хөвгүүд, Худу, Чулуун, Гал, Чибуг нар байлаа.
Энэ хир гучин дөрвөн нас хүрч байсан Худу бол хар багаасаа төр, цэргийн эрдэмд нэвтэрсэн, тэсвэр хатуужилтай, жинхэнэ дайчин эр байв. Сэлэнгэ мөрнөөс Чүй мөрөнд хүрч ирсэн түүний амьдралын сүүлчийн арван дөрвөн жил бол гутрал, гуниг, ялагдал харамслаар дүүрэн эмгэнэлт мөчлөг юм. Хэрээдийн Ван хааны довтолгоонд ууган ахаа хөнөөлгөөд, Хүр хаан Жамухатай бүтэл муутай холбоолон эцэст нь Чингис хаанд бут ниргүүлсэнээр аваал эхнэрээ ч автсан нь түүний хохирлын эцэс биш байж. Найманаас буулгаж авсан Дөргөн хэмээх тэр залуу гэргийг нь Чингис хаан гутгаар хөвгүүн өгөөдэйдээ өгч эртнээс инагш мэргид, боржигон хоорондоо эмс булаалдаж явсан үйлт зангилааны сүүлчийн учиг шингээснийг Худу бүр Алтайн нуруунд хүрч байж сая сонссонсон. Тэгэхэд эцэг Тогтуга бэхи нь бас л горь тасарсангүй, Умард Найманы Хүчүгүд Буйруг хантай хэлэлцэн цэргээ засаж, Чингис хааныг амдан сөнөөхөөр хөдөлжээ. Үхэр жилийн тэр өвөл уг нь тэд Сийлхэмийг эртхэн давж чадсан бол амжилт олох л байж, даанч Чингис хаан тэдний төлөвлөгөөг аль эрт мэдээд урагшлуур ангиа мөнх цаст Хүйтний оргилын өмнүүрх Арайн даваагаар гаргаж, тэдний эгэх замыг тасалмагц Сохог усны Бухторомоос эхлэн нуга цохиж, мөсөн хавчил, цасан хунгар дундуур хөөсөөр уулаар нэг тараж орхижээ. Зэрлэг суманд амь алдсан эцгийнхээ цогцсыг бүтнээр нь авч явах аргагүй болсон тул зөвхөн тэргүүнийг нь авч зандан хайрцагт агуулаад дөрвөн хөвгүүн нь Харлугийн зүг амь зулбав.
Харлугийн хан Арслан тэднийг дотночлоогүй боловч бас ад үзсэнгүй, гэвч дараахан нь барласын Хубилай ноён их цэрэг авч ирэхэд Арслан хан дагаар орсноор Худу нар цаашилж Уйгурт хүрчээ. Уйгурын итгүт/итгүт буюу Идүүд гэдэг нь хан гэсэн уйгур үг/ Баржүг–арт-тигин тэднийг хязгаартаа ч оруулахыг хүссэнгүйд Худу хорсож, мэргид цэргийнхээ хүчээр довтлоод үзсэн боловч дийлсангүй, ашгүй тэр үед Даян ханы хүү Хүчүлүг Хар Киданд суурьшиж, хааных нь хүргэн болоод байсан тул түүний нөмөрт хоргодон энэхүү Терликун хороог сонгож суурьшив. Анх авч гарсэн аймгийнх нь иргэд зам зуур хоцорч үлдсэр сийрсэн ч бас хагас түм гаруй өрх, жагсаавал түм шахуу дайчин эрс, арван шигшмэл хороо гаргах тул Худугийн сэтгэл арай өег, гэвч өдий хүртэл үзсэн хохирол эмгэнэлийнх нь шарх аних яагаа ч үгүй байжээ. Зарим орой итгэлт хэдэн хүнээ авч гуя онгоц сэлбэн, гувчуур орхиж загасчлахдаа өргөн их Сэлэнгэ мөрнөө санагалзан, нойтон бургас уугиулж, загас утаж суусан үеийн нөхдөө дурсахад тэдний олонхи нь нэгэнт үгүй болоод, эхнэр хүүхэд удам угсаа нь хаана байгааг тодруулах нь бэрх болсоныг гайхан бодож, хатан зүрх нь улам ч эвэршээн шаналах бөлгөө. Сүбээдэй баатрын цэрэг Хөвөө голын хөндийд ирж буусныг тэр тун хожуу мэджээ. Уг нь нэхэх цэрэг ирнэ гэж хэдэн жилийн турш хүлээж, туршуул тавьсаар атал яаж ийгээд л мэхлэгдэж, одоо нэгэнт хавиргалан буучихаад байгаа тул яаран зайлбал бүр ч хялбар дийлдэх бодлогогүй алхам болно. Гэтэл бас угтан байлдахаас болгоомжилно. Сүүлийн хэдэн өдөр энэ тухай хэлэлцэхэд Худу ямагт ганцаардах болов. Тэгээд ч тэр үү, цэргээ боловсруулах гэдгээр шалтаглан Худу гол төлөв гадаад хүрээнд хонон өнжиж, дүү нараасаа баахан зайлсхийсээр авай. Дунд дүү Чулуун нь хороог захирч, Хос Ордод суугаа Хүчүлүг хантай холбоо барих ба тавдугаар дүү Гал болбоос Уйгур, Аламар, Харлугийн зүгээс халдахыг сэрэмжилж, дээр нь Хорезмийн шахтай нууц элчээр эв эеийг сахиж, чинагш хивчаг лугаа сүлбээлдэх замыг засч буй. Отгон дүү Чибуг ойн иргэд рүү одоод өдгөө нэгэнт ирэх дөхчээ. Худугийн дэргэд Мэргэд аймгийнханы түшээ болж ирсэн хоёр баатар нь байлаа. Ихэрэс овгийн Бутуул, түмэдийн Далтхар хэмээх тэр хоёр ихэс жагсаалыг шувтлан, хүрээг довтлоход ер хэнээс ч дутахгүй боловч бодлого боловсруулж, арван өдрийн чинагшхийг сэргийлэх чадвар мөхөс тул Худу баахан харамсана. Чухам ийм бодлогот хүмүүсээр гачигдсандаа л мэргид, найман, хэрэйд, татаар зэрэг эртний сурвалжит хүчирхэг аймаг улсууд Тэмүүжиний өлмийд сөхрөн дагаж байгаа юм гэдгийг Худуу сүүлийн үед сайн ойлгох болжээ. Боорчи, Мухулай, Зэлмэ, Хубилай, Зэв эдний зөвхөн нэг нь Худуд хүчин зүтгэж асан бол… гэж бодогдох нь ч бий. өдгөө Терликун хорооноос хэдхэн бээрийн зайд буудаллаад гурав хоног таг чиг болж орхисон Урианханы Сүбээдэй баатар ч тэр сайчуулын эгнээний хүн. “Ямар гэгч оддын хувилгаан зэрэгцэн буухаараа Тэмүүжинийг ингэж хүрээлдэг байна вэ” гэж нас элсэн эцэг Тогтуга бэхи нь Дайр–Үсүн ноёнтой хэлэлцэж суухдаа өгүүлсэнийг Худу ер мартадаггүй юм.
“Ингэхэд Сүбээдэй яах гээд байна вэ?” гэж Худу сэтгэл түгшин шившив. Бутуул, Далтхар хоёулан цэргээ сургууллихаар гарч, бага үд өнгөрөөд жаахан нам сэлүүн болсон тул Худу түрэг эрээн асартаа ганцаар сууж байлаа. Арын хивсэн орхиулыг цайтал нээж, хаяаг нь шуусан тул сэрүүхэн, энд хүрээ буугаад удаагүй болохоор ширэг зүлэг шинэхэнээрээ, анхилам таатай байна. Сүбээдэйн хүрээг тойруулан бараа бараагаа харах газар харуулчдыг тавьж, шөнийн цагт ч тэдний цэргийн өчүүхэн төдий хөдөлгөөнийг алдалгүй ажиглан хугас цагт амжиж мэдээлэх боломжтой болгосон тул Худу гэнэтийн дайралтанд өртөхөөс айхгүй байлаа. Гэтэл Сүбээдэй довтлох ямар ч сэжим гаргасангүй. Энэ нь бүр ч зовиуртай. Хүчүлүг ханы бодлогогүй үйл ажил бүр ч эгдүүг нь хүргэнэ. Хар Киданы хан ширээг хялбархан эзэлж авсандаа омогшиж болно л доо, гэтэл тэр исламын сахилтнаар оролдоно гэдэг дэндсэн хэрэг. Толгой хавчуулж байгаа тэр орныхоо шашин шүтлэгийг басамжлахаас илүү аюул гэж юу байх вэ? Ийм үед Хүчүлүгээс тусламж хүсэх улам хэцүү, бараг найдваргүй гэдгийг тэр ойлгож байлаа. Дүү нар хийгээд баатруудын үгээр болж, Сүбээдэйг угтан мордож болох ч юм. Тэгэхийн тулд нутгийнханаас дайчилж таарна. Тэд яавч дуртай байхгүй. Байлдаан нөрж, эгзэгтэй байдал үүсмэгц тэд хамгийн түрүүнд ухарч, эх газраа бараадана. Тэгэхийн цагт мэргид овогтноос чухам хэдүүл үлдэхийг тааварлахад амархан…. Харин Сүбээдэй Терликун хороог шууд довтолбол… Тэгвэл Худуд бага ч атугай ашиг гарах учир бий. Ойр орчмын хот тосгодыг монгол цэргийн аюулаар айлган өөртөө татсан цагт найдвартай хориглож болмоор. Гэтэл Сүбээдэй эзэн хааныхаа зарлигийг умартсан мэт, энэ хүртэл бэлчээр сонгож ирсэн энгийн нүүдэлчин мэт нам гүм суугаа нь аягүйцмээр. Үнэндээ Худуг энд ийнхүү хуруугаа мэрэн маанагтаж суухад тэр хүн яавч унтаж байхгүй нь лав. Юу санаж, юуг сэдэж байгаа бол ???
Худу өөрийгөө зэмлэн, хүндээр шүүрс алдаад бослоо. Хормын дараа тэр мориндоо мордож, хоёр шадраа дагуулаад Терликун хорооны зүг давхиж явлаа.
Хэдийгээр өөрөг сөөрөг бодолд ээрэгдэвч, тэрбээр орчин тойрноо нэн соргог ажиглаж, эндэхийн эгэл хөдхө хүмүүст өөрийнх нь түгшүүр, зовнил хүртэж буй эсэхийг тандахаа мартсангүй. Урьд өмнөхийг бодвол хөл хөдөлгөөн сийрсэн бололтой, ямар боловч суваг, далан дүүртэл багшраад байдаг хэсүүл, арилжаач, тэнэмэл жигитүүд үзэгдэхгүй байв. Энэ ч Галын хүчин чармайлт биз. Тэр дүү нь дөчин гавшгай харуулаа захирч чаддаг эр. Сүбээдэйн урагшлуур баг болох Аругчугийн зуутыг бүр хавар Зүүн гарын Алтайд орж ирэхэд мэдсэн мөртөө дүрвэгчид гэж андуурсанаас болж, ийм гай удсандаа гэмшээд одоо бол Терликун хорооны орчин тойрныг бараг зуун бээрийн газарт аян дайны байдлаар чандлаж орхиод байгаа нь тэр.
Сууринг тойруулан хоёр жилийн өмнө татсан усан сувгийг эс тооцвол бэхлэлт гэх юм үгүй. Уугуул оршин суугчид ч, “зочилж” ирсэн мэргидүүд ч хэн хэн нь хэрэм, цайзыг шохоорхох улс биш ажээ. Элбэг хос алд татаал дээгүүр тавьсан унаагуул гүүрээр Худу гарахдаа Сүбээдэйн цэрэг довтолж ирдэг юм бол энэ татаал тэдэнд саад учруулах юмаар тун ч шалихгүй гэдгийг дахин ухаарч шүүрс алдав. Түүнийг гол зээлээр орох гэтэл хажуугийн гудмаас хэдэн морьтон давхин ирээд дуудан зогсоосон нь харин дүү Гал ажгуу.
-Би таныг залахаар мордсон юм. Яаралтай хэлэлцэх хэрэг гарлаа гэж Гал хэлээд ахтайгаа дөрөө харшуулан алхуулж, Терликун хорооны шейхийн өргөө агсан, одоо бол хорооны дотоод хэргийг ерөнхийлөн засах ордыг чиглэв.
Их танхимд Чулуун ганцаар сууж бйаснаа ахыгаа орж ирэхэд яаран угтаж төдөлгүй гурвуул зэрэгцэн тухаллаа.
-Чибугаас сураг байна уу? Гэж Худу асуув.
-Уйгурын хилийг тойрохоос өөр аргагүй болж, дахиад хугас өдөр хожимдох нь гэж хэл өгүүлжээ. Маргааш орой ирэх бололтой гэж Гал хэллээ.
Чулуун өргөн нүүрээ илэн бодлогоширсоноо:
-Хүчүлүг ханы сул хатан Абжай ирсэн гэж дуулгав. Худу сэртхийж:
-Бас л гэж дурамжхан дуугарсанаа:
-Тэр хаанаас ирээ вэ? Гэхдээ лав Хүчүлүгийн дэргэдээс ирээгүй гэдгийг нь мэдэж байлаа. Абжай бол Хүчүлүгийн төлөө юу ч хийхээс буцахгүй зоримог, сэргэлэн нь дэндсэн бүсгүй билээ. Гэвч Чулууны хариултыг сонсоод Худу нүдээ бүлтийлгэн гайхав.
-Сүбээдэйн хүрээнээс гэнэ ээ? Гэж түүнийг лавлахад Чулуун дохиод:
-Тиймээ, тэр өөрөө тэгэж хэлэв.
-Абжай худал хэлэхгүй. Тэр бол энэ махчин удганы үс шиг ширэлдэж самуурсан газарт бидний нүд, чих болж байдаг итгэлтэй дайчин мөн билээ гэж Гал их ахынхаа дурамжхан байдлыг гадарлаад яаран нэмж тайлбарлав.
-Бүгдийг өөрөөс нь сонсвол танд дээр биз. Түүнийг би амраахаар явуулсан. Бодвол одоо зоог барьж амсхийж амжаа биз гээд Чулуун дүү өөдөө дохиход Гал яаран гарлаа.
Худу нүдээ аньсхийж, ширүүн хар живрээ илбэн үг дуугүй хүлээн суув.
Бүлэг 7
Абжайг харах бүр Худугийн сэтгэл хямардаг бөгөөд энэ удаа ч тийм хэцүүхэн бодолхийллээс бас тойрсонгүй. Тайчууд овгийн тэр бүсгүй булаагдсан гэргий Дөргөнийг нь ямагт санагдуулдаг билээ. Дөргөн нь яг л үүн шиг эрс шийдэмгий, хэний ч санаанд оромгүй зүйлийг сэдэж чаддагсан. өдийд яаж явдаг бол, зоримог бие даасан зан чанар нь бор жигидийн эзэнлэг ариншинтай хэр нийцдэг бол?
Ийм хүнд үед дэмий юм бодож байна гэдгээ Худу ойлговч сэтгэлэг гэгч ямагт цагийн эрхшээлээс ангид тул бие барихад хэцүү, үнэндээ Абжай түүнд ямар ч гэм хийгээгүй бөгөөд гагчхүү нас бие зан авираар төстэй хоёр эмэгтэйн нэг нь заяа төөргөөсөө хүчээр хагацаад байхад нөгөө нь язгуур угсаа, эрх мэдлээ түүнээсээ хол дутуу атал ийнхүү хөх тэнгэрийн дор дураараа дургиж яваад дотроо эгдүүцэн, атаа нь сэм сэм хөдөлж байдгаас л ингэж хөндий хүйтэн ханддаг байлаа.
-Заншлаач минь, бидэнд бас ямар нарийн нягт мэдээ олж ирэв дээ гэж Худуг дуугарахад түүний дүнсгэр байдлыг шууд ажсан Абжай толгойгоо омог бардам гэдийлгэж:
-Би чиний заншлаач биш, чиний тусын тулд ч явдаггүйг чи юун эс андах билээ. Эзэн маань та нарыг анхаарч халамжилдаг учраас ирж байгаа юм бишүү гэж дахин иймэрхүү өнгөөр харилцвал гараад явахад бэлэн гэдгээ харуулах гэж өвдгөө тулан өндөсхийжээ. Хүчүлүг, энэ Абжайгаа төдий л ойшоодоггүйг мэдэх боловч сайн санаж ирсэн хэнийг ч болов гомдоох нь ёсонд үл нийцэх тул Худу өөрийгөө зэмлэж, аль болох найрсгаар инээвхийлэн:
-Үг минь хөнгөдсөнийг өршөөн хэлтрүүлж хайрла. Уг санаа минь арай ч тийм биш гэдэгт та итгэвээс бидний ажил хэрэгт тустайсан гэвэл Абжай зүрхээ дарж:
-Чухам чингиж бодоод л танай хороонд ирэхээс би төвөгшөөдөггүй юмсан.
-Ах болоод бидний чин санаа адилхан, Мэргид найманы алдуурсан хувь тавилан ч бас ижил болой гэж Чулуун байдлыг зөөлрүүлэхийн үүднээс яаран тайлбарлав.
Абжай толгой дохилоо. Түүний хувьд энэ бүхэн ямар ч яалгаагүй санагдана. Мэргидэд заналхийлж буй ахул Хүчүлүг ханд холбогдох учраас л тэр энд ирсэн, хэрвээ Худу бардам зангаа татаж байгаа бол илүү юм шаардах хэрэггүй гэж тэр үзлээ.
-Бардай сэцэн гэдэг хүнийг мэдэх үү, та нар гэж Абжай асуув. Ах дүүс бие биеэ харав.
-Мэдэлгүй яах вэ? Хаад мэргидийн хүн. Язгуур өндөр, эрдэм арвин гэдэг юм гэж Худу үгээ цэнэсхийн дуугарвал Чулуун:
-Тэмүүжинд дагаар орсон хүн дээ гэв..,
-Чухамдаа бол Жүчи хан хүүд олзлогдсон юм. Түүний дэргэд байсан юм даа гэж Гал тодрууллаа.
-За тэгвэл тэр хүн чинь Сүбээдэй баатрын цэрэгт байна. Жүчи хан түүнийг дагуул-зөвлөхөөр илгээсэн боловч Сүбээдэй тэр зэрэгт нь хэрэглэсэнгүй бололтой. Түүнээсээ болж муудалцаад, хүнд ял хүлээсэн тул тэр хүн оргож та нарын зүг ирж явна гэж Абжай хэллээ. Бардай сэцнийг бусдаасаа арай илүү таних Гал хүртэл энэ мэдээнд нэг их баярласангүй. Худу бүр ч баргар царайлчихаад:
-Түүнийг хүлээж авах хүсэл надад даанч алга даа гэж хилэнтэй өгүүллээ.
-Яахыгаа та нар өөрсдөө мэднэ гэж Абжай энэ бүхэн өөрт нь нэг их хамаагүй гэдгийг тодруулах мэт ноцтой хэлээд –Харин тэр тун ядруу явааг би мэднэ. Товчхон хэлбэл зуун ташуур занчуулсны дараа хүн яаж явдаг вэ, тиймэрхүү л байдалтай ирж яваа даа.
-Тэгэхээр тэр чинь…
-Эрхэм Чулуун, таны бодсон зөв. Бардай сэцэн олны өмнө жанчигдсан. Энэ шөнө оргож гараагүй бол маргааш түүнийг цэргийн цаазаар аваачих байсан юм гэж Абжай хэллээ.
Бүсгүйн хувирамтгай зөөлөн царайг Худу тун няхуур хараад:
-Тэгвэл тэр лав ганцаараа биш байх аа гэхэд Абжай:
-Сүбээдэйн тугч Шамдгай асарч яваа гэж дооглох мэт хариулав.
Ноёд чимээгүй боллоо. Эргэцүүлэн бодох, шүүн хэлэлцэх зүйл зөндөө гарав бололтой. Гэвч энэ бүхнийг Хүчүлүг ханы хатны дэргэд ярилцах нь тийм ч зохимжтой бус болой. Абжай баттай мэдээ олж ирдэгийг тэр мэддэг болохоор лавлан асуух юм байсангүй тэр тусмаа энэ бүхнийг яаж мэдсэнийг асуух нь бүр илүүц юм. Абжай өөрийнхөө явдал суудлыг тэдэнд байтугай Хүчүлүгт тэр бүр хэлж, учирлаад байдаг хүн биш билээ.
-За тэр язгууртнаа тосч авна уу, тонилгож орхино уу, өөрсдөө мэд. Би өөрийн биеэр харсны хувьд муудалцсан, жанчуулсан нь үнэн гэдгийг л хэлэх гэсэн юм гээд Абжай бослоо.
-Чи одоо Хос орд өөд явах уу?
-Үгүй ээ, би танай хороонд хэд хононо. Гэхдээ үүгээр үзэгдэж төвөг удахгүй гэж Абжай шийдэмгий хэлээд –Миний бодоход Бардай сэцнийг түр агуулж, хэлж ярихыг нь сонсвол зүгээр байх. Түүнийг үгний үнэн магадыг надаас асуухыг хүсвэл би тэр цагт та бүхний өмнө хүрээд л ирнэ. Харин тэр хөтөч цэргийг нь цагдаарай. Тэр бол Сүбээдэйн итгэлтэй хүн.
Бүсгүйг гарсаны дараа тэд хэсэг чимээгүй суулаа.
өөрийг нь хүлээж байгааг ойлгосон Худу хоолой засч:
-Энэ тухай бид сонсоогүй гэж бодьё. Харуулууд Хамаг Монголын цэргийн хүрээнээс оргосон этгээдийг барьж ирвээс тэр цагт хэлэлцсүгэй. Одоо бидэнд өөр ажил мундахгүй байна. Гал чи, өөрийн биеэр мордож, харуулын хэлхээг шалга. Тосгон сууринг эргэх цагт хүч нэм. Хос ордод элч илгээж, Хүчүлүг хааны үгийг автугай. Чулуун чамд Батуул, Далтхар хоёрыг найдьяа. өдөр шөнө, ялгалгүй цэргээ боловсруул. Хэдийд, хаанаас ч тэр байтугай бидний дотроос ч дайсан босч ирнэ гэж санаж бэлтгэгтүн гэж тушаалаа.
Худу өөрөө Терликун хорооны тэргүүн шейхийг дуудаж, цэрэг дайчлах боломжийг хэлэлцэв. Шейх тун болгоомжтой бөгөөд орчин тойрноо сайн мэддэг хүн байсан тул мэргидүүдэд илэрхий туслахаас цааргалж, тэгсэн мөртөө тэднийг дайсагнуулахаас эмээн:
-Суурин ирэгдийг дайчлая гэвэл эрхбиш аж амьдралд заналхийлсэн хурц түгшүүр хэрэгтэй. Одоохондоо тийм мэдээг хэн ч зарлаагүй. Гэхдээ бид огт зүгээр суугаагүй, тариачин, гар урчуудын морь, зэвсэгийг бүртгэж, хүнд үед хичнээн хүн хаанаас гаргаж болохыг тоолж авсан. Бачим байдал тулгармагц би өөрөө удирдан мордоно. Хүчүлүг хаан тушаавал таны их цэргийн жагсаалд ч нийлэн орохоос татгалзахгүй гэжээ.
Шейхийн хаяагаа манасан энэ алхмыг Худу зэмлэж чадсангүй. “Бүртгэх нэг хэрэг, байлдах гэдэг өөр шүү” гэх төдийгөөр хязгаарлав. Намбатай гэдийсхийн алхах шейхийн өргөн ууцыг Худу эгдүүцэсхийн харж хоцрохдоо Чулуун, Гал хоёрын хэн нэгэнд даалгавал энэ хөшүүн эрийг хормын дотор хөдөлгөх л болно гэж өөрийгөө тайтгаруулжээ.
Тэгэж байтал ч Абжайн сануулж хэлсэн үйл явдал өрнөөд иржээ. Морьт харуулуудын хүргэж ирсэн хоёр хүнийг Худуу хүлээж авсангүй, шууд их зээлийн гадна байдаг сэжигтнийг цагдах газарт хүргүүлжээ. Дүү нар нь байсан бол садаа хийж болох байв. Гэвч Худу үүнийг бодолцож, тэднийг урьдчилан гадагш нь илгээсэн тул энд ганцаараа үйл ажлаа явуулах боломжтой болжээ.
Бардай сэцэнд итгэх арга байсангүй. Бүр эрт Буур хээрийн байлдааны үеэр тэр хоёр зүс танилцсан төдий, хожим Дайр-Үсүн ноёныг дагаж урвасан гэж сонссон билээ. Гэтэл энэ этгээд хожим ойн иргэдийн дунд явж байсныг Гал мэднэ. Тэнд Бардай сэцэн Жүчи хан хүүд баригдсан боловч энэ газар бас л хүрээд ирсэн сэжигтэй. Түүнтэй уулзлаа гэхэд ямар ашиг гарах вэ? Эс уулзахад яаж хохирох вэ гэдгийг Худу эргэцүүлээд аль аль нь үгүй санагдсан тул энэ хэргийг шууд суурингийн шүүгч нарт шилжүүлэхээр шийдсэн нь тэр байжээ. Энэ удаад тэр дутуу бодсон байлаа. Бардай сэцэн түүний бодсоноор зээлийн гянданд, хахууль горьдсон шүүгч нарын гарт байсангүй, түүний дүү Чулуун, Гал нарын халамжинд орчихсон, яг нарийн хэлбэл шүүгч нар Галын урьдчилан захиснаар Бардай сэцнийг хөтчийн хамт цэргийн хэргийн танхимд хүргүүлсэн байв.
Худу энэ бүхнийг мэдсэнгүй, үдийнхээ зоогийг бариад Мухамед шахад явуулах захиаг тэрлэх гэж нэлээд сууж, завсар нь тэр элчээрээ хивчагийн байдлыг хэрхэн яаж заншуулахаа бодсоор үд хэвийлгэжээ. Чулуун сүрхий ноцтой царай гарган орж ирэхэд л тэр Бардай сэцнийг санав.
Бүлэг 8
-Түүний бие тун хүнд байна.
-Хэн?
-Бардай сэцэн.
-Шүүгч нар хэлэв үү?
-Тэгсэн. Бид үзээд, анхаарахаас аргагүй гэж бодов.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Бардай сэцнийг цэргийн асрах гэрт авчруулсан.
-Хм.. Гал өөрөө сувилж байна уу?
-Ах бүү хилэгнэ. өөрийн нүдээр харсан бол та ч түүнийг эмчлүүлэх байсан.
-Тэгвэл Бардай надтай уулзана гэж зүтгэж байгаа биз.
-Огт үгүй. Харин ч бидэнтэй үг ярихаас төвөгшөөх байдалтай.
-Хэрвээ бидэнд нэмэр болохгүй юм бол наашаа юунд ирээ вэ? Тэр?
-Үүнийг л та өөрөөс нь асуумаар байна. Эс тэгвэл нэг хүний амь талаар үрэгдэж мэдэх нь.
Худу тээнэгэлзэнгүй толгой сэгсрэв. Сүбээдэйн сэжигтэй байдал багадсан юм шиг энэ Бардай бас хүрээд ирдэг нь юу вэ?
-Хөтчийг яасан бэ? Гэж тэр асуув.
-Түүнийг тусад нь харгалзаж байгаа гэж Чулуун хариулав. Худу нөмгөлсөн дээлээ ханцуйлаад бослоо. Асрах гэрт Гал ганцаар байлаа. Хоёр ахыгаа орж ирэхэд тэр урамгүйхэн:
-Шарх нь идээлчихэжээ. Эмч нар угаана гээд аваад явлаа гэсээр угтав. Худу хэдий эргэлзэж байсан ч дүү нарынхаа энэ мэт арга байдалд арга буюу автагдаж, үнэхээр тэр хүнээс үг олж сонсох нь илүүдэхгүй гэж бодлоо. Гэвч:
-Бардай сэцэн Чингисийн нөмөрт арваад жил болсоныг бид мартаж болохгүй. Үүний дээр урианханы Сүбээдэйд ямар ч ухаан төрж болно.
-Үүнийг бид бодсон. Бардай сэцний жанчуулсан шарх аминд нь даанч ойрхон юм. Хэрэв арга байгаа бол тэр сүрхий тусархүү “үнэнч” хөтчид л анхаармаар гэж Гал түс тас хариуллаа.
Төдөлгүй эсгий дээр түрүүлэг нь харуулан хэвтүүлсэн Бардай сэцнийг хэдэн цэрэг дамжлан оруулж ирлээ. өргөн дал, мөрийг нь зайгүй хэрсэн ташуурын гүн шарх нэлдээ улайж, булчин руугаа түрж хавдсан биеийг нь үзээд Худугийн дотор хирдхийлээ. Бардай сэцэн, Худуг үзээд тохой дээрээ өндийх гэж оролдов.
-Байг, байг. Ингээд ярилцая гэж Худу эеврүүхэн дуугарчихав. Бардай улайж өрөвссөн зовхио өргөж, түүнийг тогтуун хараад:
-Би та нарт нэмэр болох хүн биш ээ. Гагцхүү тэр бардам дээрэнгүй урианханы гарт үхсэнээс угсаа нэгт та нарынхаа өмнө ялаа хүлээгээд нөгцөе гэж ирлээ гэж хэлэв.
-Одоо энэ тухай ярих цаг биш. Бид таныг эмчилнэ. Та эдгэрэх болно гэж Худу түүнийг хориглоод:
-Гал чи өөрийн биеэр энэ хүнийг харгалз. Нутгийн сайн эмч нарыг эрж ол гэж тушаалаа. Бардай сэцэн талархсанаа илэрхийлж гараа өргөн ёслоод.
-Бас хөтчийг минь надад өгч үз гэж гуйлаа. Худу дүү нар луугаа гайхан харахад Бардай гараас нь шүүрч аваад:
-Би таныг ойлгож байна. Тэр бол Сүбээдэйн итгэлтэй тугч цэрэг мөн. Тэр тусмаа сайн. Хэрвээ тэр үнэхээр заншлаач болж намайг дагаж ирсэн бол би та бүхэнд өчүүхэн тус хүргэж ч магадгүй. Тэр надад ойрхон байвал сайнсан гэжээ.
Худу зөвшөөрлөө. Эцсийн эцэст энэ хоёр хүн тэдний хараанаас хаашаа ч зайлахгүй болой.
Ийнхүү Шамдгай суллагдлаа. Бүх юм санаснаар болж байх мэт боловч цаг өнгөрч өгөхгүй нь зовлонтой. Бас үүний дээр уг хүрээнд байснаасаа Бардай нэн өөр болж, түүний алхах гишгэх болгоныг өөлж цагдах нь нэмэгджээ. Харин шархаа эмчлүүлэхийн хувьд үлгэр авмаар дуулгавартай өвчтөн ажгуу. Энэ хооронд Бардай сэцэн Галтай хоёр удаа уулзаж, цөөхөн хором цуг суусныг эс тооцвол тэр “баатар эр” мэргидийн тэргүүн ноёнд шадарлах гэж хичээсэн ч үгүй, тэр байтугай анх яриад байснаараа Худу, Чулуун нарыг зоригжуулан Сүбээдэйг довтолж, хар тугийг нь газар шаах тухай ер санаа тавьсангүй. Үүнд Шамдгай ихэд санаа зовинож, Сүбээдэй баатрын өмнө хүлээсэн үүрэг нь хөсөрдөх вий гэж үнэн голоосоо айж эхлэв. Гуравдах өдрийн өглөө болж, эзнийхээ унд зоогийг өргөчихөөд Сүбээдэй баатрын элчтэй уулзахаар бэлтгэлээ. Эрхбиш дайсныхаа цэргийн хүрээнд суусан юм болохоор аар саар зүйл сонсч чаджээ. Тэр бүхнийгэээ үнэн магадыг боломжийн хэрээр харьцуулан тунгааснаар дараах мэт байдал тодорлоо.
Худу нарт шилмэл цэрэг нэг түм, хоёр мянга, үүний дотор мэргидийн зургаан мянга, найман, ойн иргэд, хатгин, салжиуд, жадаран, хэрээд нийлсэн зургаан мянган хүн байлаа. Хэрэв Сүбээдэй энэ хот руу довтолбоос нутгийнхан бас нэг түмэн цэрэг гаргахад бэлэн ажээ. Хотон, хавчиг хаад ба Хүчүлүг хан бачим цаг тулгарвал өрнө, өмнөөс хавчин байлдах үүргийг амаар хүлээсэн нь мэдэгдэв. Энэ гэрээг сүүлийн гурав хоногт олон элч довтолгож бататгахыг Шамдгай олж мэджээ.
Мэргидийн харуул Сүбээдэйн цэргийн дөрвөн зүг, найман зовхист завсарлагагүй халалцан сууж байгаа аж. Давын өмнө энэ бүхнийг хэлж илгээхэд гайгүй санагдавч хамгийн гол зүйл болох мэргидүүдийг өөрсөд рүүгээ довтлуулах талаар ямар ч сайн алхам байхгүйд Шамдгай гонсгор байлаа. Морин цаг дөхөх үед Бардай түүнийг дуудаж:
-Бие одоо тэнхэрлээ, өнөө орой эрхэм ноёдыг урьж өчүүхэн цай барьсугай. Чи одож сайн архи, тарган мах, амтат жимс олж ир гээд нэгэн хавтага зоос өгөв. Яаж гэрээс гарьяа даа хэмээн санааширч суусан Шамдгайд энэ алба тэнгэрийн хишиг мэт таатай санагдаж золтой л “гялайлаа, эзэн минь” гэж хэлчихсэнгүй, мөнгийг тосч аваад эзнээ санамсаргүй харвал үл мэдэг аньсхийсэн нүдэнд нь хоржоонтой инээмсэглэл нуугдах шиг санагдахад дотор нь пал хийгээд “шинэ цэрэг аятай хөгөллөө, балчир байна даа” гэж өөрийгөө голов.
Сүбээдэй баатрын заасан дарсны газрыг Шамдгай анхныхаа өдрийн орой л олоод авчээ. Хожим энд ирэхээ бодолцон ойрхи хоёр өдөрт зав л гарвал гүйж ирдэг тул дарсны газрын эзэн туркмен эр түүнийг овоо нүдэлсэн байв. Шамдгай хөлсөнд гар үл татах бөгөөд өөрийгөө умраас сая ирсэн гэдгээ нуугаагүй тул түүнийг сониуч хийгээд амттанд дурлах занг үүгээр сэлгүүцэх мэргид ч, нутгийнхан ч ойлгож, туркмен эр тэгэх тусмаа алим, гадилыг амандаа орсон үнээр түүнд санаа амар гулгуулдаг байлаа. Шамдгай зээлээр явж эрсэн зүйлээ олж авмагц, дарсны газар өөд яарав. Тэнд аанай л хүн дүүрэн, дотогш орж өөрийн суух дуртай тавцант асарт гарлаа.
-Дөрвөдийн зоригт дайчин, үдийн халуунд жүржийн шүүс сайн шүү гэсээр дарс зөөгч залуу дөхөж ирэхэд Шамдгай инээд алдаж:
-Аахилуун шүүс бэлэн бол авгайд нь зоос бэлэн гээд түнтгэр баадангаа алгадав. Дарс зөөгч найрсгаар бөхөлзөөд явлаа.
Шамдгай асарт байгаа хүмүүсийг амаа ангайж алмайран сонирхоно. Аргагүй л хөл үймээнгүй, хээр талын хөвгүүн мэт содон байлаа. Баадангаа тайлж, ширээн дээр хээгүйхэн дэлгээд цутгамал зэс зоос, давтмал мөнгөн зооснууд сүртэй тоолохдоо юм үзээгүй хөдөөгийн чинээлэг эрийн дүрийг чадамгай гаргасан тул ойролцоох ширээнд суусан эрс түүнийг нүд буландан нэг л ажмагц үл тоомсорлон буруу харцгаана.
-Жа, зооглогтун гэсээр дарс зөөгч түүнд мөнгөн цартай цом өргөлөө. Шамдгай амсаж үзсэнээ ярвайж:
-Ийм их чихэртэй усаар би яанам. Нөгөө хүйтэн дарснаасаа авчир гэж буцаалаа.
-Энэ бол хамгийн тансаг шүүс. Баян хүнд л олдоно шүү гэж дарс зөөгчийг учирлахад Шамдгай тэнэгдүү царайгаар маасайн инээж:
-Тэгвэл орхичих. Би сүүлд ууна. Одоо бол хүйтэн дарс хэрэгтэй гэв.
Холгүй ширээнүүдийн дундуур үсээ задгайлж, явуу, сувс зэс зоос хангир янгир дүүжилсэн илбэч эм сүлжиж, энэ тэр хүнийг шалгаан мэргэлж өгөх гэж оролдоно. Түүнийг ирэх болгонд энэ эм энд байдгыг үзсэн тул Шамдгай сонирхсон ч үгүй. Тэр ч байтугай өчигдөр дэргэд нь ирж суугаад алгыг нь шинжиж, дотор зарсхиймээр зүйлийг ярьж айлгасаар том мөнгөн зоос салгачихсан билээ. Одоо л битгий ирж үзээсэй гэж Шамдгай залбиран аль болох ширүүн дүр гарган суув. Хөөрхий тэр эм ч бас олз салгасан хүнээ дахин дахин ороодоггүй бололтой, түүнийг харсан боловч дэргэдүүр нь өнгөрөөд ойртохгүй байсан нь таатай.
Төдөлгүй бага шиг вааран гүцээр нэг дарс авчруулаад Шамдгай энгэрээ задгайлан тухлав. Дарсны зууш болгож сонгосон ялз чанасан үхрийн хэл тагнайд тос хуруулан хайлаад, араас нь гүйлсний цэв хүйтэн дарсаар даруулахад ходоод баясан дуулна.
Түүний хүлээсэн хүн алга л байлаа. Хүмүүс баахан сийрч, илбэч эм нозоорсон бололтой, тэртээ буланд өвдгөө тэврэн суугаад зүүрмэглэх аятай дунхалзана. Хичнээн аажим шимсэн ч дарс дуусах дөхөж, гэдэс нь эвгүй цэрийгээд нэмж захихад төвөгтэй боллоо. Сэтгэл түгшсэн Шамдгай босох гэтэл тод улаан нөмрөгтэй идэрхэн эр орж ирээд сүлжмэл сандал дээр ханхайн сууж дарс зөөгчийн зүг дохиж:
-Алив сайн дарс, муу зууштай авчир гэж бархирлаа. Тэмдэг үг.. Шамдгайн ухаан цэлмэж, түрүүн зоос гаргахдаа цуг гаргаж, базсаар байсан хуйлаастай саариа атгаж өндийв. Одоо түүний дэргэд очих хэрэгтэй. Түүнийг ойртож ирэхэд улаан нөмрөгт жишим ч үгүй ханхайна. Сулхан суран агсарганаас сүүлттэй саран зэв гялсхийхэд Шамдгайн зүрх баярласан, түгшсэндээ оволзтол цохилж эхэлжээ. Дарс зөөгчөөр далимдуулбал зохих юм. Сандалд саатсан болж жаахан хүлээтэл дарс зөөгч ч улаан нөмрөгт дээр хүрээд очлоо.
Одоо цаг нь болов. Дарс зөөгчид мөнгөө өгөх зуур саран зэвийг нь шохоорхон барьж үзэхэд хэн намайг зэмлэх билээ. Хэрэв зэвэнд үзэм наалдсан бол… хошин үг, /хариу нууц үгээ/ шидчихээд саариа өвөр дээр нь унагаж амжина. Тэгээд л гарч одно.
Иймэрхүү нууц үйлийг нэг бус удаа хийсэн ч дасаж зүгширхэд хэцүү. Тухай бүрд өөр нөхцөл, цоо шинэ хүмүүс байдаг. Аюул осол нь ангид ч өмнөө байдаг. Байз. Нөгөө илбэч жартгай нүдэлчихээд бас наашаа дөхөж байна. Энэ нүд нэг жигтэй. Түүнд гашуудах мэт зэвүүн гялалзах нь танил мэт.
Шамдгай ширээнд илбэч эмээс түрүүлж очоод дарс зөөгчид мөнгөө өгсөн боловч саран зэвийг сонирхож амжсангүй. өөрийн эрхгүй зогтусав. Тун яаруу дөхөж явсан илбэч эмийг хэн нэг нь түлхэн өнхрүүлэх шиг болоход цочин харвал цаанаас нь Бардай сэцний хөмхий зуусан догшин царай тодроод ирэх нь тэр.
Бүлэг 9
Насирбекийн хэдэн өдрийн өмнөх итгэл сүжиг алдрах тийшээ хандлаа. Нэг удаа бүр “Би дарсны эрлээс залхлаа” гэж ч хэлж үзжээ. Сүбээдэй ажиггүй инээж “Чи Бардай сэцнийг хараа биз. Тэр жанчуулсан ч оргож амжсан. Харин би чамайг жанчихгүй, шууд л цавчиж орхино” гээд илднийхээ хуйг алгадахад хөхүүн царайд нь аргагүй ажил хэрэгч төрх тодроод ирж билээ. Насирбект өмгөөлөх Жүчи хан хүү байх биш дээ. Үг дагахаас өөр яах билээ.
Цэргийн цааз сулрана гэхэд үүнээс илүү сулрана гэж лав байдаггүй байх. Хэвтүүл, хишигтнүүд л үүргээ эрхбиш оромдож байгаа бололтой. Зуутууд хээр гарч сургууль хийх нэрийдлээр тарж, ноёд захирагчид нь бөмбөг намнан зугаацаж, цэргүүд нь хад чулуугаар жимс, туулай эрэн цаг нөхцөөнө. Тэдний хэлэлцэх нь “Мэргид дутааж чадахгүй, довтолж чадахгүй. Бид Тогучар ноёнг хүлээж байна” гэнэ. Тэр Тогучар гэгч нь түмэн цэрэг аваад гарсан боловч намартаа ирэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Хамгийн жигшмээр явдал гэвэл зарим ноёд цэргээ аваад бүүр ууланд гарч одсон явдал. Тэд халуунаас зайлж байгаа биз гээд Сүбээдэй ер хэрэгссэнггүй.
Насир “дарсны гурав дахь аялалаас” буцахдаа мэргидийн харуултай мөргөлдөж, хөөрхөн дайтаад үзлээ. Нэг цэрэг гуяндаа жадлуулж, хойно явсан тэрэгнээс хоёр ваар дарс алдав. Энэ хохирлыг Сүбээдэй тоосон ч үгүй. Насирбекийн тулалдаанд омогшсон царайг эцэг нь хүүгээ өхөөрдөх мэт урихнаар ширтээд “Тэсч үз дээ, ханатал тулалдах цаг заавал ирнэ. Тэр цагт хоёр ваар дарсныхаа хариуг авахыг би танд найдна шүү” гэжээ. Тэр нэгэн өдөр “Манай заншлаач хорлогдов” гэсэн гуравхан үгэнд харуусан гутарч байсан нь мартагдсан бололтой. Сүбээдэй яриа хөөрөөтэй, илэн далангүй байх болжээ. Орой сэрүү ороход түүнийг өргөөндөө дуудаад загалмайтны аян дайны тухай яриулаад, өчүүхэн төдий зүйлийг ч гээлгүй лавлана.
-Шүтлэгээс болж нэгийгээ бурангуйлна гэдэг бол сайн хүний хийх үйл бус. Ерөөс энэ орчлонд жинхэнэ хүчтэн хэрэгтэй болжээ. Тэгвэл сая хүмүүс тайван амьдрах болно гэж Сүбээдэй урт ярианы эцэст дүгнэн хэлэхэд Насирбек:
-Тийм хүчтэн гарах уу даа гэж эргэлзжээ.
-Гарчихсан. Тэр бол Чингис хаан гэж Сүбээдэй итгэлтэй хэлээд: Хэрвээ Чингис хаан тушаавал би танай тэр Газрын дундад тэнгис хүртэл аялах л болно. Монгол цэрэг очсон газарт энх амгалан байдал өөрөө тогтоно гэжээ. Насирбек:
-Энэ аялалын байдал, журам надад тийм итгэл төрүүлэхгүй л байна даа гэж ёжлоход Сүбээдэй хөгжүүн инээж:
-Нүдний өмнөх өнгө дүрсэд бүү хууртагтун. Миний анд Зэв “Жанжин байх нь цэрэг байхаас юугаар хэцүү вэ?” гэж асуух дуртайсан. Та бол түүнд юу гэж хариулах вэ?
-Цэрэг бол зөвхөн тушаал биелүүлнэ. Жанжин тэр тушаалийг бодож олно шүү дээ.
-Жанжин ч бас хааны тушаалыг гүйцэлдүүлэгч шүү дээ. Энд тушаал гол бус. Зэв хэдлэхдээ “Цэрэг бол дайснаа алж ч болно, олзолж ч болно. Харин жанжин хүн бол ямагт аврагч байх ёстой. Энэ л хэцүү” гэдэг юм даа гэж Сүбээдэйг хэлэхэд
-Дайснаа аварна гэсэн үү? Хэмээн Насирбек гайхан лавлажээ.
-Тэгэлгүй яах вэ? Хамгийн гол нь дайснаа аврах гэж Сүбээдэй хариулаад Насирбек толгой сэгсэрч: -Үүнийг ч харин ойлгохгүй нь ээ гэхэд –Магадгүй гээд мөшийж билээ.
Бардай сэцнийг оргосны дөрөвдэх өдрийн оройхон цэргийн хүрээнд олноороо хэсүүчлэх болсон арилжаачдыг баатар өргөөнийхөө сөхөөстэй үүдээр харж байснаа гэнэт Насирбекийг дуудаж: -та хоёр хишигтэнийг аваад хүрээн дотуур шалга. Хээр морь хөтөлсөн, улаан нөмрөгтэй залуу хүн байвал шууд бариад ир гэж тушаажээ.
Хөгийн гэмээр энэ даалгаварыг аваад явж байхдаа Насирбек урианханы их жанжиныг согтуу байнауу даа гэж хардлаа. Гэвч хэрэг болгож авчруулсан тэр их дарсаа огт уудаггүй, нүхэн зооринд тэр хэвээр нь дарж хадгалдагийг мэдэх болохоор хөлчинө гэж итгэмгүй. Ашгүй удтал бидрэх хэрэг гарсан ч үгүй, хэдэн тавьтын цаадтай богино улаан нөмрөг хэдэрсэн толгой нүцгэн эр “намайг бариад ав” гэсэн шиг морио зуузайдан хээхийгээд зогсохтой учирлаа. Сайх эр огт эсэргүүцсэнгүй, тэднийг дагаж ирэв.
Сүбээдэй тэр залууг хэсэг сүрхий ширтсэнээ Насирбекийн зангаж:
-Яг мөн байна. Та тушаалыг дандаа сайн биелүүлэх юм. Одоо харьж амрагтун гээд мөнөөх залууг дагуулан өргөөндөө орчихжээ.
Хэрвээ Насирбек гучин настай байгаад, бас Саладины дэргэд ч юм уу, Мохаммед шахын шадар агсан бол иймэрхүү үл ойлгогдох тохуутай гэмээр тушаалыг хоёр удаа авахад эгдүүцэн уурлаж сүйд болох байлаа. Гэвч нас тогтож, нүд тайлсан болохоор “би бол хэрмэл хүн,хэрээ мэдэх хэрэгтэй” хэмээн өөрийгөө дарж сурчээ.
Энэ удаа тэр Сүбээдэйн өргөөг тэр нэгэн шөнийнх шиг тандах гэж биеэ зовоосонгүй. Тийм болохоор хэвтүүлүүд ч гарыг нь сийчих гэж айлгасангүй, энд ирсээр хуучин зуршлаа эрхэмлэх болсон тул цар дүүрэн будаатай хуурга зооглож, усан үзэмний шуугисан дарсаар даруулаад ороо засав. Гэвч тавтай нойрсох боломж гарсангүй ээ.
Бүлэг 10
Шамдгай өөрийгөө үхсэнээс дор бодож явлаа. Яагаад гэвэл түүнийг эмээл дээр нь даруулаад хүлчихсэн ажээ. Энэ бол мэргидийн цэргийн магнайн цуваа. Үүний араас Бутуул, Далтхар нарын захирсан хүчирхэг түмэн цэрэг шил даран дагаж яваа бөгөөд үүрийн үнэгэн харанхуйгаар Сүбээдэйн хүрээг дайран тэгшлэх учиртай. Тэгэж чадна гэдэгт Шамдгай итгэхээс өөр арга байсангүй. Дайсандаа итгүүлэхийн тулд Сүбээдэй баатар цэргээ задалчихсан байгааг тэр мэднэ. Дайрах өдөр, товыг нь тэр өөрөө мэдэгдэх учиртай билээ. Гэтэл мэдэгдэх нь байтугай…
Тэр өөртөө өчүүхэн ч сэтгэл зовсонгүй, ягирах яс, асгарах цус төдий юм. Харин түүнд найдсан жанжин хөөрхий, жанжиндаа итгээд нойрсож буй нэг түмэн халуун амь хөөрхий. Заналт дайсан нь түүний хажууд мөр зэрэгцэн явна. Тэр бол хамгийн эгзэгтэй мөчид илчилж, улмаар дайсанд барьж өгсөн Бардай сэцэн. Одоо тэр хүн санаандаа хүрэхэд хэдхэн цаг л үлдчихээд, Сүбээдэй жанжны хар тугийг булаагаад авчихсан мэт сэтгэл нь хөөрч, шарх сорвио ч мартчихаад яваа нь энэ. Ээ халаг.
Шөнийн сэрүүн сэвшээ хөлөрсөн нүүрийг нь илбэхэд Шамдгай хорсон цөхөрсөндөө эр хүний харам нулимсыг гаргаж, нүдээ анив. Хамаг бие нь бадайран чилэвч урьд өдрийн явдал нэгд нэгэнгүй үзэгдэж, сэтгэлийнх нь шаналгааг нэмнэ. Дарсны газарт Шамдгай, Бардай сэцнийг хараад гайхсан боловч тийм ноцтой явдал үүднэ гэж огт бодсонгүй. Сэлгүүцсэнд ондууцлаа гэж бодоод эмээж байтал Бардай сэцэн сэлмээ суга татан улаан нөмрөгт эрийг чавчиваас цаадах нь гарыг нь даган гулдайн ойчиход сая сэхээ авч, сэлмээ шүүртэл хоёр гурван мэргэд цэрэг дайрч ирээд агдлан барьж, атгаж явсан саарыг нь булааж аваад Бардайд өгчихлөө. Харамсаж халаглах ямар ч зав гарсангүй. Нөгөө эрийн хүзүү хоолой цусанд будагдаад хөдөлгөөнгүй хэвтэхэд нэг цэрэг жадаараа хатгаж үзсэнээ зовхийг нь нээж харчихаад -Үхчихжээ гэж хэлснийг санана. Тэгэхэд л ямаршуу аюултай алдаа хийснээ ухаарч босон харайхад Бардай сэцэн хүйтнээр инээж:
-Бүү сандар. Сүбээдэйд өөр элч олдоно гэж тохуурхаж билээ. Шамдгайг аваад гарахад дарс зөөгч, эзнийхээ хамт улаан нөмрөгт үхдэлийг хөлөөс нь чирээд цаашаа орж байсан.
Худу нарын хувьд Шамдгайг байцаах, өчиг авах хэрэг байсангүй. Бардай сэцэн бүгдийг нь нэг нэгэнгүй дэлгээд өгөв. Шамдгайг зориуд баганаас уясан тул энэ бүх яриаг арга буюу сонсч тэсч ядахдаа Бардай сэцнийг харааж зүхэн цамнаж байв. Энэ нь тус болохоосоо ус болсон бололтой, Бардай сэцэн тачигнатал инээж:
-Миний үнэн хэлсэн эсэхийг энэ тугч нотлоод өгч байгаа биз дээ гэнэ. Үнэхээр Шамдгайн харуусал хорсолд эргэлзэх хүн байсангүй ээ.
-Сүбээдэй та нарыг довтуулахыг хүсч цэргээ задалсан. Түүний эцсийн найдлага бол зөвхөн би байгаа юм. Энэ тугч /Бардай түүнийг ер нэрээр нь хэлэхгүй байгааг өсөрхөл гэж Шамдгай үзэж байлаа./ намайг өдөөх байсан. Тэгэхээд одоо түүнийг ердөө энэ шөнө л довтлох хэрэгтэй. Дахиад жаахан удвал Тогучарын цэрэг хүрээд ирнэ гэж Бардай агдан өгүүлж байлаа.
Бид урьхинд орно шүү дээ гэж Худуг хаширлахад
-Ухинд оруулахын тулд урхи байх хэрэгтэй гэж Бардай сэцэн хашгираад-Тугчийн хэл ирсэн үед л урхийг бэлтгэнэ. Эс тэгвэл манай харуул ажиглана шүү дээ гэжээ.
-Бардай сэцний зөв. Ийм завшааныг алдаж болохгүй гэж Гал хэлжээ. Гансран догшрох Шамдгайн дэргэд цааш ярилцахад хэцүү болсон тул Худу түүнийг хажуугийн өрөөнд оруулж вандан дээр хүлэхийг тушаажээ. Шинэ Гяндангийнх нь хана ороонго сүлжмэл байсан боохоор тэдний яриа Шамдгайд тодхон сонсдож байв.
-Алагдсан элч хэдийд Сүбээдэй дээр очих байсан бол гэж Худу асуулаа. Бардай сэцний хүнгэнэсэн дуу сонсдох нь:
-Миний явж ирсэнээр бол маргааш өглөө үүрээр болов уу, гэвч тэр арай хурдан довтолно гэвэл шөнө дүлээс наана очиж болох юм.
-Тэгэхээр Сүбээдэй ямар боловч энэ шөнө урхи зангаа бэлтгэж амжихгүй гэж үзэж болох уу?
-Бэлтгэх санаа ч төрөөгүй байгаа. Тийм отолт хийхэд цаг хугацаанаас гадна итгэлтэй мэдээ хэрэгтэй шүү дээ. Хэсэг байзнаад Худугийн бодлогоширсон намуухан дуу сонсогдлоо.
-Энэ бол бидний хувь заяаны эргэлтийн шөнө болж мэднэ. Болох ч байх. Эрхэм дүү нар минь өчүүхэн ч эргэлзээ бидэнд үлдэх ёсгүй.
-Тиймээ. Энэ уудаа Гал ярив. Түүний эрэмгий дуу хоёр ахынхаас эрс ялгарч байв. Бид энэ газар ирээд яг арван нэгэн жил болж байна. Гэтэл тогтнон суурьших хөрс олдохгүй хэвээр. Хэдий болтол Хүчүлүгийг царайчлах юм бэ? Хэрвээ бид Сүбээдэйн цэргийг дарж чадвал ойн иргэдэд итгэл төрнө. Тэнд дахин бослого дэгдээж болно. Эрчис мөрнөөс инэгш чөлөөтэй зорчих зам нээгдэнэ. Довтлох хэрэгтэй.
-Сүбээдэйн бодол тодорсон нь хамгийн гол юм. /Чулуун үгээ зөөж, тун удаах ярих ажээ/ Тэр нутгийнханыг өдөөхөөс эмээгээд биднийг довтолж зүрхлэхгүй байна. Хэрэв Тогучар юм уу, Зэвийн цэрэг ирвэл тэр арай шийдмэг хөдлөх байх. Тэр цагт бидний хүч мөхөсдөнө. Тэгэхээр энд түүний заншлаач сүйрснийг ашиглахаас дээр зам үлдэхгүй л боллоо доо.
Дахиад хэсэг чимээгүй болов. Бардай биеэ барьж цэнэсэн бололтой, хөндий дүнсгэрхэн дуугаар:
-Би зөвхөн өөрийн санаанд л тулгуурлав. Авах, эсэх нь та бүхнийг хэрэг. Сүбээдэй удтал ингэж задгай байхгүй. Биднийг хөдөлгөж чадахгүй бол хүрээгээ цэгцэлж орхино. Тэр цагт арай л хэцүү байх болов уу.
Тэгтэл тэдэн дээр өөр хүн ирэв бололтой, мэнд амраа мэдэлцэх нь дуулдахад Шамдгай чих тавин сонслоо. Эмэгтэй хүн дуугарлаа. Тэр дуу тун танил, тэр тусмаа өчигдөрхөн сонссон мэт санагдаад Шамдгай гайхлаа.
-Бардай сэцэнд итгэхгүй бол та бүхний мөхлийн шороо пурхийх нь тэрдээ. Үүлс хуралдаж аадар зөгнөвч түүнийг хөөх салхи хэзээд байдаг.
Шамдгай цочин чичрэв. Энэ бол нөгөө илбэч эмийн дуу байлаа. “Хөвгүүн чи ер бусийн хүн байна. Чамд энэ дарсны газар багадах юм. Чиний зүүн гарт үхлийн бугуйл, баруун гарт гал цацарсан илд байдаг юм байна” өчигдөр дарсны газарт сууж байхад илбэч эм түүнд ингэж хэлсэн билээ.
-За яахав. Аргыг аргаар. Тэд биднийг довтлуулах гэж хүссэн бол довтлое. Цэргийг хэн захирах вэ? Гэж Худу хэллээ.
-Би одсугай гэж Гал хэлэв.
-Би хошууч болохыг хүснэ./энэ Бардай сэцэн байв/
-Болтугай, Та хоёрт найман мянган цэрэг өгөе.
Чимээгүй болчихлоо. Гал, Бардай сэцэн нар зөвлөж байх мэт. Чингэтэл Чулуун:
-Энд цэрэг барих нь ашиггүй. Бүх хүчээ зангидаж довтолсон нь дээр. Үгүй бол болье.
-Би өөрийгөө хамгаалах гэсэнгүй. Ямар ч үед бэлтгэл хүч хэрэгтэй.
-Гэнэтийн дайралт шүү дээ. Бүх цэрэг морийг газар дээрээс нь улируулан хэрэглэхээс биш эндээс илгээх арга байхгүй.
-За тэгвэл бүх цэргийг авч морд.
-Харуул, хийгээд шадар отгийн мянган цэргийг үлдээ?. Нөгөө мянгатыг Бардай сэцэн авч магнайд гараг.
Шамдгай хорсон бачимдсандаа ванданг толгойгоороо нүдэв. Энэ чимээг анзаарсан бололтой хананы цаана мэргидүүд инээлдэв.
Энэ тугчийг би авч явьяа. Довтлон орохын өмнө тугчийнх нь тэргүүнээр тугаа тахивал Мэргидийн онгон баясах буйзаа гэх нь Бардай сэцний дуу мөн байлаа.
Тэгээд тэд гарч одоцгоожээ.
Шамдгайг вандангаас суллан авч гарахад их цэрэг хэдийнэ жигдрэн жагссан байв. Нар баруунш ялиггүй тонгойж, цэлмэг сайхан, мэргидийн туг хуар сэрэлзэж давтмал хуягаа зүүсэн Бардай сэцэн омог бардам хөндөлдөнө. Хос илд зүүчихэж. Мөн гайхуулав аа. Нэг нь өөрийнх нь мөн байхыг Шамдгай таньж, эсэн мэнд атлаа зэвсгээ алдсандаа гутарсан нь тоймгүй. Очиж, очиж өөрийнхөө илдэнд хороогдох нь ээ. Нурууных нь шархыг эдгээх гэж Шамдгай үнэн голоосоо хичээсэн юмсан. Ингэх л гэж хичээж дээ. Яг хөдлөхийн өмнө Гал давхиж ирээд Бардай сэцэнд:
Абжай хатан тантай хамт тэргүүн эгнээнд дайтахыг хүсчээ. Ардаа авагтун гэхэд Бардай ёслоод:
-Хүчүлүг ханы хатан дайчин хүн гэж сонссон. Надад түшиг болох буй за гэжээ. Шамдгай тэр хүнийг харвал зэгзгэр гоолиг биеийг нь аг барьсан гоёмсог зүймэл хуягтай агаад уран цоолбортой алт шармал дуулганыхаа саравчийг нүүрээ битүүлэн буулгасан тул үл танигдах, гэхдээ эм хүн гэдэг нь мэдэгдэх нэгн ажгуу.
Магнайн содон урт иштэй хөх хиурыг нэгэнт сажлахад хойш хойшоо мянгат бүрийн эхэнд байх ижил хиур хөдөлж, улмаар их цэрэг замдаа гарлаа.
… Харанхуй болохын өмнө л нэг удаа ганц мөчийн төдий зогсож, эмээлээ авч морьдын нурууг амрааснаас өөрөөр саатаагүйг бодоод одоо Хөвөө голд тун дөхсөнийг гадарлаж, Шамдгайн нуруугаар хүйт даалаа. Хотул хаан шиг хоолойтой бол хашгирахсан даа.
Түүний зовнилийг гадарласан аятай хэн нэг нь шүргэн хүрч ирээд урагш нь таслан хөөх шиг болов. Харанхуйд Бардай сэцний дуулганы хэлбэрийг бүрэг бараг таньсан тугч цэрэг тэр хоромд өөрийн эрхгүй цочиж “Ингээд дуусах нь гэж үү” гэсэн хоолой хорсгом жихүүн бодол харван орж иржээ. Тэгтэл…
Бүлэг 11
Насирбек Сүбээдэй баатрын өрөөнд дуудагдаж, орж ирээд багагүй гайхлаа. Баатар бүрэн хуяглаж, зэр зэвсгээ зүүгээд царайд нь дарж далдалшгүй баяр жавхлан, бас түгшүүр зовнил хослон тодорч байв.
-Та энэ шөнө бас л унтахгүй нь. Гэвч шанд нь сайхан зүйл үзэх вий. Тийшээ зогсож, олон өдрийнхөө эргэлзээг бага ч атугай тайлагтун гэж Сүбээдэй хэлээд эл найрсаг бадлаа тэр дороо арилгаж хоёр жигүүрлэн зогссон дарга нараа ширүүн харж:
-Бурундай илтгэгтүн гэлээ.
-Ууланд байгаа хоёр мянгат байрлалаа эзэлсэн. Мэргидийн хэсүүл хийгээд суурин харуулийн сүлжээ замыг тогтоож, халах сэлгэх цагийг гаргасан. Дохио өгмөгц Терликун сууринаас нааших бүх харуулыг хомроглон баривчилж ирэхэд бэлэн буй гэж Бурундай айлтгалаа.
Сүбээдэй баатар ширээн дээр газрын зураг дэлгэхэд мянганы ноёд ойртон очиж, тойрон зогслоо. Насирбек тэр зургийг ихэд шохоорхоно. өнгө ялгаж, уулын өндөр нам, даваа гарц, зам харгуйг тэмдэглэсэн нь ялгуум тодорхой, хот суурин тарианы газар, худаг, булаг ч бүгд эндээс мэдэгдэх бололтой.
-Бурундай сонс. өөрийнхөө газрын дээсийг тогтоож ав. Дохиог эндээс түүдэг галаар өгнө. Мэргидийн хорооноос Хөвөө голын гарам чиглэх замыг хичээж цэвэрлэ. Нэг ч хүн үлдээж болохгүй. Төмөр тэргүүд тулж ирмэгц тэндээс байлдах жагсаалыг жагсаа. Буу гурав дуугарахаас нааш сацлан харвах ба алалдан орохыг хориглоно. Гагцхүү сүр үзүүлэхийг сайтар хичээ. Одогтун. Гэж Сүбээдэйг хэлэхэд Бурундай ёслон гарч одлоо.
-Нэмэгт илтгэ.
-Тэрэг жагсаах өндөрлөгүүдийг товлосон нэг цагийн дотор багтаан аваачих болно. Тэрэг бүхэнд гал харвах ба сацах оньсийг бэлэн болгосон. Дарь, шүү, өнгөт гал гаргах үртэс цөм хангалттай.
-Болжээ. Даруй одож тэргийг дөрвөн зүгт байрлуул. Буу нэг дуугарахад гал сацагтун, бас өнгөт галыг үүсгэ. Буу хоёр удаа дуугарвал гал харвана. Гурван удаа дуугарвал байлдааны цэнэгээр харвах хэрэгтэй. Дохиог бүү алдаж эндэгтүн.
Мянганы ноён Нэмэгт зарилгыг хүлээн авч одлоо.
-Урианханы дөрвөн мянгат, харлуг, алимарын мянгатууд цаазыг сонс. Энэ бол гээд Сүбээдэй зураг дээр хатгаж: Чүй мөрөнд тулсан Илийн Алтайн шувтрах Хар үзүүр уул. Манай хүрээнээс өрнөш арван хоёр бээр зайд бий. Энэ уул Бестиш хөндийг эмжинэ. Ууланд та нар бүгэх болно. Аль болох их дэлгээ жагсаалаар тэлэгтүн. Мэргидийн цэрэг хөндийд орж ирээд амсхийж жагсаалаа эмхэлнэ. Энэ үед өрнөд, жигүүрээ тэлж, дайсны араар ороогоод энэ шугуйд тултал гурван цувраа байдлаар эгнээгээ жигдрүүлж авах ёстой. Эхний буу тавихад төмөр тэргүүд гал сацна. Та нар өөрсдийн эзэлсэн байрлалыг илэрхийлэн, хүрэлцэхүйц бамбар ноцоон, уухайлж дэмжигтүн. Буу гурав дахиа дуугарахад сая довтлон орж болно.
Мянганы зургаан ноён захиаг хүлээн цэргээ бэлтгэхээр цувран гарлаа.
-Тэвэг ноён чиний хариуцсан үйлс бэлэн үү?
Алдарт жанжин Хуйлдарын хөвгүүн, мангудын гавшгай мянганы ахлагч, шаантаг шиг чийрэг тэвхгэр эр урагш гарч: Бүгдийг ёсоор болгосон. Энэ өдөр хүрээнд ирсэн бүх арилжаачдыг саатуулсан. Тэд тайван тохитой газарт таны зарлигийг хүлээж байгаа гэвэл Сүбээдэй:
-Тэднийг өглөө болтол байлга. Бас хүрээний эргэн тойрны таван бээрт байгаа бүх хүмүүсийг эр, эм харан, ноён гэж ялгалгүй албадан саатуул. Хүрээний амар амгалан хийгээд, мэргидэд хэл болох бүхий л шижмийг таслах нь чиний үүрэг мөн. Дариу одогтун.
Тэвэгийг гарсаны дараа өргөөнд Сүбээдэй, Насир хоёроос гадна уйгарын мянганы ноён Барстегин, гавшгай зуутын ахлагч Аругчу нар л үлджээ.
-Барстегин та энэ газрыг сайн мэдэх тул цэргээ хувааж, найдвартай хүмүүсээр захируулан төмөр тэрэгнүүдийг хамгаална. Тэрэгнүүд газрын өндөр хийгээд бартааг аван байрлах болохоор мэргидүүд зоргоор халдаж чадахгүй. Гэвч тэд бууж өгөхгүй бол урагшлах болно. Тэр цагт Нэмэгт лүгээ хавсран ор. Гурав дахь буун дуу эцсийн дохио. Бусад дохио, тэмдэг хуучнаараа буй гэж Сүбээдэй заалаа.
Барстегин гарч одов.
Олон анги, багийг улируулан зарж илгээж энэ ажилд нэг бүтэн мөчийн төдий ч хугацаа орсонгүй. Их бага тулалдаан, өрнө дорнын олон жанждыг үзэж өнгөрүүлсэн Насирбекийн нүдэнд Сүбээдэй дахин томорч, товойж харагдлаа. Харин үүнийгээ баатар анзаарсангүй, Ауругчуг дуудаж:
-Чиний зуут намайг дагаж одно. Галын хэрэглэл ба дуут зэвсэгийг сайтар базаа. Туг хиур, харанга, бүрээг шалгаж, хэрэглэх үед саатахад бүү хүргүүл. Зарч нарын хөтөлгөө морьдыг үзэж, нуруугаа холгосон, доголсон нь байвал солиул. Шилмэл агтыг чиний мэдэлд өгсүгэй гэж тушаалаа.
Сүбээдэй хэдэн хором нам гүм зогсов.
Төвлөвлөсөн цохилтынхоо уялдаа холбоог тэрбээр сүүлчийн удаа нягтлан тунгаахдаа өчүүхэн төдий ч эргэлзээтэй газар байвал бүгдийг нь зогсоож дахин эхлэхэд бэлэн байх мэт харагдана. Тэгээд тийм дутуу хүтүү зүйл олоогүй бололтой царай нь эерүү болж, агсаргаа чангалаад шөнийн чийгнээс хамгаалах нарийн цэмбэн хивнэгээ хөдөрч бүчлэх зуур Насирын зүг мишээсхийж:
-Одоо хамаг хүндийг жанжин, цэргүүд маань үүрч гарах боллоо. Чи надад хань болж, энэ шөнийн сонин үзмэрийг харж цэнгэгтүн. Алалдах цаг тулваас хамгийн хүнд газарт чамайг илгээнэ гэдгээ амлая гэжээ.
Насирбек баярласнаа илтгэн гүнээ мэхийн ёсоллоо.
Тэрбээр энд үүнээс илүү үүрэг оногдохгүй гэдгийг одоо сайн ойлгох болжээ. Хажуудаа сонирхогчгүй байх нь хамгийн суут жанжинд ч атугай заримдаа гомдолтой санагддаг байж магадгүй юм.
-Бидэнд бас нэг хань бий шүү гээд Сүбээдэй дэнгийн цутгамал суурийг хуягныхаа ханцуйвчаар хөнгөхөн шүргэхэд ялдам цангинасан дуу гарч, төдөлгүй аян дайны гэмээргүй хөнгөн хувцастай залуу орж ирлээ. Хэдийбээр улаан нөмрөг, тасамтай богино дээлээ сольсон ч түүнийг саяхан өөрийн биеэр дагуулж Сүбээдэй баатарт учруулсан нөгөө толгой нүцгэн залуу мөн гэдгийг Насир танилаа. Энэ удаа залуу тов маягтай ширмэл эсгий малгай духдуулсан байв.
-Энэ хүн бол онходын Чигчидэй. Хэргэм цол нь мянганы ноёноос хэтэрсэн боловч одоохондоо олонд зарлаагүй, албат хөрөнгөө ч эзэмшихээс түдгэлзэж байгаа хүн дээ гэж Сүбээдэйг хэлэхэд энэ бүхэн хошигнол гэдгийг ойлгуулах маягтай Насирбекийн өөдөөс нүд ирмэн дохих мөртөө Сүбээдэй баатрыг зэмлэнгүй харав.
Урианханы жанжин царайгаа төв болгож:
-Насирбекээ, Чигчидэй нас залуу боловч үзсэн сурсан нь их, хийж чаддаг нь бүр ч илүү байж магад. Онход хөвгүүн минь, намайг битгий харцаараа шавхуурдаад бай. Би хэтрүүлэхгүй гээд Насирбекийг анхаар гэсэн бололтой, дунд хуруугаа нийлүүлэн огцом зангаж:
-Чигчидэй бол Толуй эзний шадар, хөвгүүдийнх нь багш билээ. Энэ хүн ойрын хэдэн жил тангуд, жүрчин, кидан иргэний дунд байж буруу сурталт ноёдынх нь зүрхийг үхүүлсэн тул түр наашаа зайлж ирээд байгаа юм. Цаашид нангиадын Сүн улстой тоглох хол бодлого дэвсгэрлэж яваа. Миний бодоход өмнөд далай ч бас манай онход залуугийн хүрээд зогсох газар биш. Энэ бүхнийг ярьсаны учир гэвэл Насирбек чи энэ аянаас буцаж Хархүрэм буух хүртэлд Чигчидэйтэй нэгэн гал болж яваад төрөлх нутаг ус, хүн зоныхоо тухай сайтар ярьж өгвөл сайн байна. Багдад, Басра, Еруслим, Али-Искандери, Ром гээд агуу их хотууд, суу зальт Саладин, хүчирхэг нутагт Иннокентий, англи норманы Арслан зүрхт хааны тухай ер нь бүгдийн тухай бид сонсч авах хэрэгтэй. Үүний тулд би та хоёрыг уулзууллаа гээд хоёулан өөд ээлжлэн харахад Чигчидэй эхлэн урагш алхаж, Насирбек тосон гарав. Тэд харилцан ёслохдоо бие биеэ сонирхон ажигласныг өгүүлэх юун.
Насирбекийн хувьд онход залуугийн цэх шулуун харц, энгүүн элэгсэг байдал таатай санагдсан бол Чигчидэйд сирийн удамт баатрын уй шингэсэн хөнхөр нүдний харц, буурал суусан өтгөн хууз, нэг хоёроор ч зогсохгүй сорвитой уудам магнай нь нэн өөр ертөнц нээгдэхийг бэлгэдэх мэт сайхан сэтгэгдэл төрүүлж билээ.
Аругчугийн зуут, Сүбээдэйн цэргийн сүлдийг дундаа залан хөдлөхөд харанхуйн дунд эзэнгүй мэт эл хуль оргисон хүрээ дүнсийн хоцорлоо. Гэвч энд соргог хорчингууд нүд ирмэлгүй солбицон тойрсоор, мангуудын цөс ихт дайчид хулгана, зурмын гүйлдэхийг ч алдалгүй ажиглан эргэцэж байгааг тэр бүр үл мэднэм зээ.
Бүлэг 12
…. Гарынх нь хүлээс алдуурсанд гайхсандаа Шамдгай золтой л морио давирчихсангүй. Гэвч сүүлийн өдөр хагасын алдаа эндэгдэл нь даанч хэтэрсэн тул дахин болгоомжгүй алхам хийхээс айж, гараа тэрүүхэндээ хөдөлгөн чилээг нь гаргаж, юу болохыг хүлээв.
Чихэнд нь танил хүнгэнэсэн дуу, тэгэхдээ энэ удаа тун намуухан хэлэх нь:
-Гараа урдаа ав гэнэ.
Шамдгай өдөржин, шөнөжин хүлээнд хөшсөн мөрөө болгоомжтой тэнийлгэн, гараа зугуухан өвдөг дээрээ тавив. Хуруунд нь хүйтэн төмөр хүрэхэд бараг зөн совингоороо тосон авбал .. саран зэв байх нь тэр. Дөнгөж л мэдээ орж буй хурууныхаа өндгөөр саран зэвний онгинд наалдсан үзмийг гайхан тэмтрээд Шамдгай баярлах, гомдохын алиныг мэдэхээ болив. Сүбээдэй баатрын хэлснээр яг л хоёр үзэм, тэгэхдээ тун ч анзаарамгүй наалдсан нь үл мэдэх хүнд бол салан палан хүний л хийсэн хэрэг шиг санагдахаар ажээ. Тэгээд энэ зэвний эзэн Бардай сэцэн гэж үү?
Мөн гэдгээ нотлох гэсэн мэт мэргид эр дахин налж, саран зэвээ шувт татан авах мөртөө:
-Алмайралгүй сонс. Хөлийнхөө хүлээг тайлах хэрэггүй. Орчин тойрноо сайн ажигла. Буруу талын урд ганзаганд чинь бугуйл бий. Илдийг дөрөөнд хавчууллаа. /үнэхээр зөв талынх нь хөл гөлөм завсраар овортой юм шургуулах мэдэгдэв. Бардай сэцэн тун адгуу түргэн шивнэнэ/ Чи намайг хамгаална. Абжай хатныг алдалгүй хар гээд гэнэт ойртсон шигээ холдов. Шамвгай өчүүхэн сэхээ орж, эргэн тойрноо харвал тэр бусдаас арай онцгойдуу тасарсан бололтой. Амгай шажигнан, гөлөм дэрхийхийг сонсвол мэргид цэрэг түр амсхийж буй бололтой. Хэдий олон цэрэг байгаа боловч чимээ шуугиан бага байх нь аргагүй л туршлагатай дайчид гэдгийг сануулна. Шамдгай юуны өмнө илдээ сэм авч, хормой дороо авчран дарж авлаа_ Зүүн гараараа тэмтэрвэл үнэхээр нарийн суран бугуйл ганзагаар даруулаастай байх ажгуу. Дүрвэд залууд энэ нь илдтэй нь тэнцэх хүчтэй зэвсэг юм. Шамдгай ганзагны зангилааг барьж, тайлах дөрийг нь мэдсэний дараа эмээл дээрээ цэгцэрч бараг гурван өдрийн дараа анх удаа уужуу амьсгаа авав.
Яг энэ мөчид фуу дэлбэрэх сүртэй чимээ шөнийн нам гүмийг цочоон дуурсав. Фуун дуутай уралдан эргэн тойронд гал маналзан үүрийн үнэгэн харанхуйг бараг өдөр шиг гэрэлтүүлээ. Мэргид дайчид яаран мориндоо мордож, олом жирмээ сулласан төдийгүй морьдоо амгайвчилж өвс хазуулсан хүмүүс бүр ч тэвдэж байгаа нь огцом огцом гялалзах галын нөлөөнд тодхон харагдана. Ямаршуухан газар ирээд байгаагаа баримжаалж чадаагүй хүмүүст энэ хөндий тун давчуу харагдсаны зэрэгцээ эргэн тойрны бүхий л өндрлөгт гал,дарь, шүү маналзах нь зайгүй бүслэгджээ гэсэн цэрэг хүний цээжинд байнга явдаг айдсыг сэдрээж улам улам хөөргөдөн дэвэргэнэ.
Шамдгайд энэ бүхнийг сонирхон сатаарах зав байсангүй. Эзнээ эрэв. Ашгүй Бардай сэцэн ойрхон зогсоно. Тэрбээр Шамдгайг мартсан бололтой, цаашаа хэн нэгнийг эрэн хараачлах аж. Шамдгай эргэн тойрноо ажиглавал алтан дуулгат зэгзгэр хатан ер үзэгдсэнгүй.
Хоёр дахь фуу нижигнэлээ.
Галт буудлага улам ширүүсч, одоо бүр нүд гялбам цагаан, үхлийн гэмээр зэвүүн саарал өнгөөр ч цахилах болов. “Дагагтун” гэсэн дуу эхлээд тэр нижигнээн дунд сулхан сонсджээ. Удалгүй үй олон эрс дуу нийлүүлэн “Дагагтун”, “Дагагтун” гэж дуудахад харанхуй улам ч давчдах шиг, дээр нь харанга хэнгэргийн жигдхэн бөгөөд хатуу сүрлэг хэмнэл, илдээр бамбайгаа дэлдэх харих дуу нэмэгдэж бүр ч тэсгэлийг алдуулмаар болоод ирлээ.
Урт хүзүү, өргөн хэнхэдэгтэй нүд гялбам цагаан араб угсааны азарга унасан эр хажуугаар нь дүүлэн өнгөрөөд холгүй довон дээр гарч гараа өргөхөд Гал гэж Шамдгай таньлаа. Одоо энэ хүн, энд юу болохыг шийдэх нь гэдгийг Шамдгай ойлголоо. өнгө солибсон цацраг буудлагын гэрэлд Гал ноёны залуухан шийдмэг царай үзэсгэлэнтэй атлаа догшин сүрлэг харагдлаа. Энэ хүн одоо “Үхэн байлдая” гэж уриална гэдгийг Шамдгай гэнэт ухаарч, нуруугаар нь могой гулсах шиг хүйт оргин үс нь бослоо. Хэрвээ Гал ноён уриалбаас энэ хөндий цусан намаг болно. Гэхдээ зөвхөн мэргидийн зоригт залуусийн яс, цусаар хучигдана гэдгийг тааварлахгүй байх аргагүй. Отолтонд орсон цэргийн дайралт бол тулалдаан биш цуст хядлагыг л өдөөдөг нь тогтсон жам. Төмөр тэрэгнүүдэд хэдий чинээн их дарь, шүү, бөмбөг байгааг эд нар яаж мэдэх билээ.
Бардай сэцэн нумаа энгүүхнээр сугалж, тамшаалгаж байхыг Шамдгай ажиглав. Энэ гэмгүйхэн хөдөлгөөн хэний ч хар сэрийг хөдөлгөсөнгүй. Үнэндээ хардахаар сөгөөтэй хүн ч ойр орчинд лав байсангүй. Цөм догдлон царай нь цонхийгоод Галыг ажих мэт. Урт өргөн нь үл мэдэгдэх хөндий битүү амьсгалд давчдан тэр чигээрээ нүжигнээд бүсэлсэн цэргүүд “Дагагтун” гэсэн шуурдлага үе үе жижигнэн уул, завыг дүүргэнэ.
Гал дөрөн дээрээ босоод уртаар амьсгаа авав. Аль болох олон хүнд дуулдахын тулд ингэж байж л чанга дуугарахаас биш яахав. Гэвч энэ хором түүний болоод мэргидийн нэг түмэн цэргийн хувь заяаг хоёр тийш нь шийдээд өгчээ. Зэрлэг зөгий мэт сум шунгинах нь бүүр түүр дуулдаад мэргидийн залуу ноёны толгойгүй цогцос эмээл дээрээ нэгэн хором хачин зэвүүн аймшигтай тогтсоноо буруу талруугаа гулдай ойчлоо. “Бардай сэцэн харвачихлаа. Саран зэвээр л ингэж харвана” гэж хирдхийн бодсон Шамдгай одоо л эзнээ хамгаалах цаг болсоныг ухаарч илдээ суга татаад морио давиран урагшлав. Энэ хооронд Бардай сэцэн хэдийнээ байраа сольж амжжээ. Шамгай түүний хонгор морины нь цайвар сүүлээр баримжаалан дөхөж очтол Бардай санаанд багтамгүй царгиа тод дуугаар:
-Мэргид ах дүү нараа. Дагаар орье. Гуравдахь дуугаар үхэл ирнэ. Галт үхэл ирнэ гэж хашгирлаа.
Саяхан удирдагчаа алдаад эмх журмаа тогтоож амжаагүй байтал цэргийн гол эгнээнээс цойлон дуулдсан энэ уриа олонхийг бүрмөсөн балмагдуулав_.
“Дагагтун”, “дагагтун” гэсэн шургуу дуудлага цөхрөлтгүй нижигнэж, буудлагын хоорондох зай улам ойртсон нь үхлийн тулалдаан эхлэх гуравдахь буун дуу юу юугүй нүргэлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Эцсийн эцэст эргэлзээ, хүчирдлийг арай гэж даван туулсан “Дагаар орое доо” гэсэн цөөн хүний дуу сонсогдлоо. Бардай сэцэн царай цонхийж, уруулаа тас жимийчихсэн байв. Хоёр гурван хормын дараа “Дагаар орое” гэсэн чимээ арай хүчтэй сонсдож, эгшин бүрт олон олныг дагуулж чангарлаа. Энэ санаа орчны битүүлэг нууцгай аймшигт эгшинтэй давхцаж, зайлшгүй, зайлшгүй гэсэн нэгэн ухамсар өөд өөрийн эрхгүй татах ажээ.
Бардай сэцэн морио гуядан ухасхийж, нэгэн зуутын ноёны дэргэд очоод:
-Тушаалыг дамжуул. Бүгд тугаа хая. гэж зандарлаа. Зуутын ноён эргэлзсэн боловч тэрбээр Бардай сэцнийг огт танихгүйн дээр мэргид цэргийн ахлах тушаалтны тэмдэг болох дуулганы гурван багц соновторыг нь үзээд арга буюу тушаалыг давтан хашгирлаа.
Бардай сэцэн “Тугаа хэвтүүл” гэж тушааж болох л байв. Энэ нь ийм эмзэг агшинд арай эерүү сонсогдож болох талтай. Гэвч “Хая” гэж тушаах нь огцом тас цохих хүчтэй үг учир үр дүнг нь хурдан үзэхэд илүү нөлөөтэй ажээ. Тугаа хаягдсаныг үзсэн цэрэг эрийн сэтгэлд тушаалаас ухрав гэх буюу нэр төрөө алдав гэж халшрах төрөлх ухамсарын сүүлчийн тулаас унадаг юм. Нэг хүнд энэ тушаал ингэж тусдаг бол их цэргийн хувьд бүр ч эмгэнэлтэй болно. Анги бүрийг ялгаж, өмнө хойтийг чиглүүлсэн ухрах давшихыг тодорхойлж, хүнийх, өөрийнхийг илэрхийлдэг тэр олон туггүйгээр түм ч бай, мянга ч бай эгээ л ялгаагүй сүрэг морьтон, сайндаа илд, саадагтай эрчүүд төдий юм. Тийм мянган хүнтэй байлаа гэхэд эрэмбэ сахилгатай зуун цэргээр үлдэн хөөж болно.
Мэргидийн туг, хиур, дараа дараагаар унаж байгааг Бардай сэцэн сэрэмжлэн харж байв. Энэ зуур Шамдгай эзнээсээ баахан холдсон ч өгсөн үүргийг нь умартсангүй. Гэнэт хажуугаар нь нэгэн морьтон ааг амьсгаагүй өнгөрхөд цөөрч байгаа галт сумны гэрэлд дуулганы нь алтан өнгө гялбасхийж, Шамдгайг цочоов. “Абжай хатан” гэж тэр түгшин бодоод эзэн нь зөвхөн энэ хүнээс л сэрэмжил гэж захисныг саналаа. Бардай сэцэн туг зэвсгээ хурааж байгаа цэргүүдийг ажиглан алгуур цаашилж байсны дээр уул завсарлаагүй төмөр тэрэгнээс гал харвах нь бараг зосгссон тул энэ их үймээн дундуур зүтгэлэн давхиж байгаа ганц морьтныг цэргүүдийн хэн нь ч хориглож саатуулахыг хүссэнгүй. Тэдний хувьд дор бүрнээ санаашран зовних учир шалтгаан мундахгүй байснаас ч тэгсэн байж болно.
Абжай хатны чийрэг гартаа унжуулсхийн барьсан нарийхан мисир болд илдний үзүүр хэний цээж рүү чиглэхийг ганцхан Шамдгай л мэлэж байлаа. Тугч цэрэг бугуйлаа авч нэгэнтээ далламагц шидэж орхив. Суман могой мэт дүүлэн исгэрсэн бугуйл нь хүрэх ёстой газраа хүрмэгц Шамдгай морио давиран эргүүлэв.
Ардаа дөрөө гөлөм тачигнаж, битүүхэн лүг хийх чимээ сонсч, Бардай сэцэн цочин эргэвэл цээжээрээ бугуйлдуулсан Абжай хатан эмээл дээрээсээ татагдан илдээ алдсан боловч өндийн суугаад чивчирсэн бугуйлаа суллах гэж оролдож байв.
-Алив дайчид аа. Энэ хүнийг хүлж орхи гэж Бардай сэцэн тушаахад гайхалзан зогссон хэдэн мэргид эр ухасхийж, золгүй хатныг эвтэйхэн боогоод тавьчихлаа.
-Шамдгай, чи миний аминд орлоо. Одоо бид эзэн, зарц бус болов гэж Бардай хэлээд эргэн тойрноо харж, Чи Абжай хатныг хамгаалан хүрээнд аваач. Удахгүй үүр цайх нь. Энд ч ажил гэж ундарна даа гэжээ.
Бүлэг 13
Үнэхээр ч тэр өглөөний хувьд ялсан, ялагдсан хэн хэн нь тэр тухайгаа эргэцүүлэх завгүй хөдөлцгөөлөө. Сүбээдэй урианханы дөрвөн мянган цэргийг авч Галын шадар цэргүүдийг мөшгин Терликун хороо руу шууд одсоны дараа олзлогсодыг цэгцлэн, хураасан туг, зэвсгийн хамт хүрээнд авчрах албыг Бардай сэцэн дааж хоцорлоо. Үүрийн үнэгэн харанхуйгаар өөрсдийг нь тэгтэл айлгасан төмөр тэрэгнүүдийг газрын намд буулгахад туслах гэж энэ үед нэгэнт олзны хүн болсон Далтхар баатар хүссэн боловч Бурундай ноён одоохондоо мэргидүүдэд ийм итгэл хүлээлгэх болоогүй гэж үзсэн байжээ.
Нар цухуйх үед цуваа сая жигдэрч мананд умбасан шовх чулуун уулсын хормойг даган хөдлөв. Бардай сэцэн, Тэвэг хоёр газар хэмжиж, мэргэд нарт буудал зааж өгөөд, сэрэмжлэх бага сага хамгаалалтыг гүйцээсний дараа тэдэнд амь зуулгаа эрхлэх цагийг нь гаргаж өглөө. Орой болохын хирд Аругчу ирээд “Терликун хороог нэгэнт эзэлсэн. Худу, Чулуун нар цөөн ураг саднаа авч Хивчаагийн зүг оргосон. Мэргидийн ар гэр, отог хүрээг тэндээс шууд Балхаш нуурын зүг аялуулах болсон. Тэр цувааг урианханы мянгатууд авч одно.” гэдгийг дуулгав. Аругчу, Бардай сэцнийг сэжиглэнгүй харж:
-Уг нь энэ бүх тушаалыг би уламжлах уу, байх уу гэж бодсон билээ. Чамайг оргож явсанаас хойш би зүн дээр суусан шиг байж, тэр нэгэн өдөр дарсыг чин хүртсэндээ мөн ч их харамссандаа гэвэл Бардай өөдөөс нь мөн нухацтай харц зөрүүлж:
-Эзнээ муулах гэдэг надад ямар олиг байх вэ? Гэвч чамайг надад талтай үг хэлэх вий гэж илүү их айж байсан юм шүү гэж хариулав.
Хоёр дайчин эр толгой сэгсрэн мушилзаад, салахын өмнө Бардай сэцэн:
-Хүчүлүгийн хатныг хэрхэн тухай эзэн юм хэлэв үү гэж асуулаа.
-Баатар маргааш өглөө ирнэ. Тэр цагт өөрөө тогтоон шийдэх буй заа. Энэ хооронд түүнийг тухалдуулахгүй байлгавал барав гэж Аругчу тоомсоргүй хариулжээ.
Харин Шамгай, Бардай сэцэн хоёрын уулзалт арай хүнд байлаа. Шамдгай хүрээнд түрүүлж ирээд Тэвэгийн гарт Абжай хатныг тушаасны дараа чөлөөтэй болсон ч ийш тийш хөдөлсөнгүй. өм цэргүүд Сүбээдэйг даган Терликун өөд одсон болохоор хүрээнд хэлэлцэх хүн ч байсангүй, дэмий л хуучин галынхаа дэргэд сууж бодлогошров. Дөрвөн өдрийн нүсэр чирэгдлийн дараа бүх юм сайнаар дууссан боловч сэтгэл нь тайван бус, хэн нэгэнд хууртсан мэт гол нь горойн эмзэглэх ажгуу. Мэргидийн олзлогдсод ирэхэд тэр Бардай сэцний барааг харлаа. Мэргид эрийн шарх анисан юм уу, эсвэл ялалтынхаа баяр бахархалд өвчнөө анзаарахаа болио юу, өдрийн турш нааш цааш давхин хоёр хүрээний хоорондох түмэн эхт ажлыг амжуулахдаа ер алжааж цөхсөн янзгүй байв. Түүний энэ төрх байдал Шамдгайн анхны бодол хйигээд Сүбээдэй баатраас авч байсан эрхэм нууц захиа даалгавартай дүйх юм даанч үгүй тул тугч эр өөрийнхөө тухай аргагүй эргэцүүлэн бодоход хүрчээ. өөртөө арай ч хатуу ширүүн хандсан байж магадгүй, юун гэвэл Бардай сэцнийг орж ирэхэд Шамдгайн царай тун тааруу байлаа. Залуу цэргийн сэтгэлд юу эргэлдэж байгааг гадарласан Бардай сэцэн хянуур байж, эхлээд юуны өмнө насны ах, зэрэг дэвийнхээ илүүг ашигласан нь дээр гэж бодлоо.
-Шамдгай бос. Би асартаа оройн хоол бэлтгүүлсэн. өм цэргийнхэн өнөөдөр ирэхгүй. Энд уйдаж суухаар надтай нэгэн оройг өнгөрөө гэж тэр тушаах аясаар өгүүлэв.
Шамдгай дурамжхан өндийлөө.
Сэтгэлд хөндүүр эл хэдэн өдрийн сүүлийг мушгисан оройн зоог хэн хэнийх нь сэтгэлийг ялигүй уужрууллаа.
Бардай сэцэн тугчийн бодлогоширсон хүүхдэрхүү царайг өрөвдсөн шинжтэй харснаа аяныхаа богцыг уудлан урт хүзүүтэй гялалзсан ваарыг сугалж, үйсэн бөглөөг нь мултлаад:
-Энэ бол Сүбээдэй баатрын хэд хоног хүч тавьж цуглуулсан дарсны дээж. Үзмийн дарс гэгч уг чанар нь согтоохдоо бус уйссан сэтгэлийг найрсуулахдаа байдаг юм. Тийм учраас дүү минь чамтай хэдэн цом суулахыг би өөртөө зөвшөөрлөө гээд Шамдгайгаас хариу хүлээсэн ч үгүй, үндсэн ташаар мэлтэлзүүлэн хийж өгөв. Сүбээдэй баатрын нэрийг сонсоод Шамдгайн сэтгэлд ахиад эвдэрч, мэргид эрийн зүг өчүүхэн ёслоод дарсыг дуустал уучихлаа.
-Амьд явах сайхан гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдан хэлснээ –Гэвч бид амьдрахын тулд өөрийгөө өдрөөс өдөрт хурцлан илээж байдгыг санах хэрэгтэй. Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа гэв.
өөрт нь хандсан энэ үгийн гүн нарийн утгыг Шамдгай ойлголоо. Тэгээд энэ оройн турш Бардайг анх удаа эгцлэн ширтэж:
-Намайг хууралгүйгээр энэ бүхнийг хийж болохгүй байсан гэж үү? хэмээв.
-Чи намайг заншлаач гэж мэдэж байсан бол Худугийн дэргэд тэгтлээ аашилж чадах байсан уу гэж Бардай сөргүүлэн асуулаа. Тэрхэн үгийг эргэж санахдаа үнэхээр Бардайд хилэгнэж, хамаг төлөвлөгөөг эвдэрсэн тооцон гашуудан байсан нь бодогдоод нээрээ үнэнийг мэдэж агсан бол хэрхэвч чингэж авирлаж дөнгөхгүй, тэгээд бүх зүйл домоглосон төдий болох байсныг тугч залуу сайн ойлгов. Түүнийг гэмшингүй инээмсэглэхэд Бардай сэцний дотор уужирч:
-Энэ бүх сайн төгсгөл ердөө чиний тэр хэдэн мөчийн үнэн гашуудлаас эхтэй юм шүү. Энэ л чин үнэнч чанарыг чинь Сүбээдэй баатар таньж сонгосонд чи бахархах учиртай гэлээ.
-Ер нь энэ бүхнийг хэдийд эхэлсэн юм бэ гэж Шамдгай хоёр дахь аяга дарсыг шимэх зуур сонирхлоо. Бардай сэцэн нүүрээ илбэснээ:
-Уг үндэс н их хол бий. Дай-Үсүн ноён Хулан охиноо Чингис хаанд өргөж, мэргид аймаг Хөх төрийн өмөгт багтах болсноос ч юм уу, эсвэл миний бие Ойн иргэдэд заншлаар одсоноос ч эхтэй байж магадгүй. Гэвч хамгийн дөхөм нь энэ хавар Жүчи ханы дэргэд Сүбээдэй, Зэв, Тогучар ноён нар зөвлөлдсөн тэр л нэгэн хэрэг явдал байх болов уу. Тэндээс Жүчи хан намайг Сүбээдэйн цэрэгт илгээсэн бөгөөд би эхнээсээ иймэрхүү дүр төрхтэй байж, хэрэгтэй цагт Сүбээдэй баатартай маргалдан мэргид руу дайжих үүргийг авсан юм. Гэхдээ тэр үед Худугийн цэрэгт манай заншлаач байсан болохоор чамайг шүтээн болсон тугнаас чинь салгах иймэрхүү явдлын сураг ч үгүй байсан юм шүү.
-Тэр заншлаач илэрсэн юм уу?
-Илэрсэн эсэхийн би одоогоор би хэлж мэдэхгүй. Харин манай их цэргийг энд буухаас яг нэг өдрийн өмнө түүнийг айлын эд хулгасан хэргээр нэг нөхрийн хамт ууцыг нь хугалж хороосныг сонссон. Гэхдээ үүний цаана бас учир ч байж магадгүй.
-Ийм нарийн хэлийг хэн хүргэж ирдэг байна аа?
-Заншлаач маань хилс ялд унаад өөрийгөө аврах бүх аргыг хийгээд дийлээгүй бололтой. Эцсийн мөчид хоол зөөж байсан өвгөн туркменийг хахуульдан өөрийнхөө тухай мэдээг Сүбээдэй баатарт хүргэж чадсан нь тэр. өвгөн түрэг овоо шан авсан.
-Тэр өвгөнийг манай Бумдай барьж ирсэнийг би саналаа. Ердөө маргааш нь л намайг танд хөтчөөр илгээсэн шүү дээ. Тэгэхээр…?
-Тиймээ. Ердөө л тэр шөнө Сзбээдэй баатар намайг нууцаар дуудаж, бид үүр цайтал хэлэлцээд саяханы үйлийг тогтсон хэрэг. Амь эрсэдсэн заншлаачийн саран зэвийг өвгөн авчирсан байлаа. Тэр заншлаачаа хүндэтгэн, уг зэвийг дахин хэрэглэе гэж Сүбээдэй баатар надад гардуулсан юм аа.
-Их сайн нууцалжээ.
-Хорвоод нууц юм гэж хэзээ ч байдаггүй юм аа. Зөвхөн ухаж мэдээгүйгээс л хүмүүс нууц гэлцдэг юм. Тэр шөнө гэхэд л бид хоёр бас хүний хараанд өртсөн билээ гэж инээмсэглэн хэлэв.
-Хэн байж таарах вэ? Гэж Шамдгай цочин асуув.
-Насирбэк.
-Хэлмэрч сахалтай араб өвгөн үү?
-өвгөн хүн ч бас биш ээ. Чи нас бага учир тэгэж харж байна. Тэр хүн шөнөжин унталгүй бидний чачрыг харуулдсаныг хэвтүүлүүд мэдэж бариад баатарт айлтгасан. Би өөрийгөө түүнд мэдэгдээгүй байх аа…
-Араб өвгөн яах гэсэн юм бол?
-Үүнийг сонирхох чөлөө надад яаж гарах билээ. өдий хүртэл гэм үүсгээгүйг бодоход тэр хүн лав л тандуулч биш байж. Эсвэл Сүбээдэй баатар гэмт санааг нь болиулж чадсан биз. Чи бид хоёрт тэр өвгөнөөс ч илүү чухал хэрэг ундраад байсан шүү дээ гэж Бардай сэцэн хэлээд аягаа анхилуун үнэрт дарсаар дүүргэв.
Шамдгай инээмсэглэн сууснаа хүрээнээс оргож гарах шөнө үзмийн төгөлд Бардай сэцний хэрхэн авирласныг санаад тэсгэлгүй инээд алдаж:
-Таны матааны үзүүр сүрхий лав орсон шүү гэвэл Бардай сэцэн мөн инээж:
-Тэгэхдээ л Сүбээдэй баатрын ташуурын шархнаас арай хөнгөн туссан байх. Энэ дүүрэн дарсыг тогтоогоод намайг уучил гэснээ хөмсөг зангидаж:
-Гэвч чиний мэдэж амжаагүй бас олон зүйл бий. Гол дайснаа чи өөрөө барьсан шүү дээ.
-Хэн? Арай Абжай …
-Тиймээ. Абжай бүсгүй гэж Бардай сэцэн уртаар шүүрс алдаад.
-Би түүний тухай бүр эрт Жүчи ханаас сонссон юмсан. Хүчүлүгийн нэг тийм үйлтэй эм байдаг, тэр нь Хүчүлүгт үл тоогдох мөртөө түүний төлөө гал усанд ч орохоос буцдаггүй гэдгийг өөрөө л үзэж үнэмшив шүү.
-Абжай хатан таныг хороох гэж довтолсоныг би мэдэж байна. өөрөөр ямар гэм хийсэн юм бэ?
-өөр ямар гэнээ гэж Бардай сэцэн хөгжүүн инээгээд:
-Бараг бүх хэргийг тэр тандаж мэдсэн юм билээ. өөрөө надад хэлсэн юм шүү. Чамайг тусгаарлачихаад би шархандаа халуурч хэвтэхэд Абжай ирж, хонин цагаан эмийг нуруунд минь түрхэж билээ. Түүний ачаар би хоёр өдрийн дотор хөл дээрээ боссон юм шүү дээ. Тэр өвгөн хүний дүрээр хүрээнд нэвтэрч, намайг жанчуулж байхад хориодхон алхамын цаана бээвийгээд зогсож байснаа инээж хөхрөн ярьсан, бас үзмийн төгөлд чи бид хоёрыг муудалцаж байхад бутны ард нуугдан бүгдийг чагнасан. Энэ бүхнээс болоод надад тун сүрхий итгэчихжээ. “Хэрвээ Худу чамайг үлдээхгүй бол Хар Киданд очигтун” гэж намайг ятгасан шүү. Тэгэж итгэсэн хүнээ андуурсаныг мэдээд яаж хилэгнэх нь тодорхой байсан учраас би чамд Абжайг харж бай гэж захисан минь тэр.
-Байз, байз гэж Шамдгай дуу алдаад нүдээ их болгож
-Усан үзэм зарж байсан өвгөнийг би санаж байна. Үнэхээр нүд нь тун хачин санагдсан. Залуу хүн шиг… Гэтэл бас илбэч эм..
-Чи одоо л ухаарлаа. Абжай чамайг Сүбээдэйн туршуул гэж үзээд өөрөө дагаж тагнасан хэрэг. Морин цагт элчтэй уулзахад чинь тэр мэргэч эмийн дүрээр ойртож барих байсан юм даа. Би шархаа тэсвэрлэн босч саад хийснээр барахгүй өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан …
Шамдгай үгийг нь дуустал сонсч тэвчсэнгүй гэнэт аягаа тавиад өндийлөө.
Түүний царай цонхийж, уруул нь чичирнэ.
-Ингэхэд та элчийг алсан шүү дээ:
Бардай сэцний нүдэнд залирхуу оч гялсхийв. Балмагдаж гүйцсэн дүрвэд залуу түүнийг анзаарсангүй, чичирсэн гараа арайхийн дарж:
-Нам цавчсан, цус нь олгойдоод… нүд нь гөлийчихсөн байсныг би одоо харж байгаа юм шиг санаж байна. Тэр хүн бас золиос байсан гэж үү? Хэмээн догдолсноос сөөсөн хоолойгоор хашгирах шахуу хэлэв.
Бардай сэцэн түүний гараас шүүрч:
-Тогтож үз. Чамайг Тангудын цэргийн түрээнд бараг Ли овогтон болтлоо хүндлэгдэж чадсан заншлаач гэж Сүбээдэй баатар магтаж байсан бус уу. Чи ядарсан байна. Энэ дарс ч бас агдуун дарсан эд бололтой. Цус огшуулдаг байж мэднэ. Шөнийн нэг жин цохиж байна шүү. Одоо унтацгаая. Чи бидний үзэж харсан юм ихэдсэн шиг байна. Заримыг нь маргаашдаа хадгальяа гэж ятгалаа.
Шамдгай түр тайвширсан хэдий ч сэтгэл нь дахин үймэрчээ.
Бүлэг 14
Чухамдаа Шамдгайгаас илүү гайхаш тасарч нойр хулжмаар байсан атал Насирбек төр шөнө тун тавлаг нойрсжээ. Хархүрэм балгадаас гарсанаас хойш анх удаа дөрвөлжин тасалгаанд унтсандаа ингэж амарсан байж болох юм. Ер нь хүний төрөлх ахуй үхэн үхтэл мартагдаж, орхигддоггүй билээ. Гэвч нарийн учир нь энэ нэгэн эргэж, тойрсон будилаантай үйл хэргээс /мэргэдийг даггуулсан сүүлчийн шөнийн отоог Насир тулалдаан гэж нэрлэж чадахгүй байжээ./ хойш сири дайчин юунд ч гайхахаа болив. Энэ монгол жанжнуудын хувьд, тэр тусмаа Сүбээдэйд ямар нэгэн хэвшмэл хатуу эрэмбэ үгүй бололтой. Тэд байгал хийгээд хүмүүсийг өөрийн зоргоор захирч чаддаг. Тэдний хувьд бурхан чөтгөр, хутагтан, мяндагтан цөм адил, Мөнх тэнгэрийн эрх тэгш боол байх юм. Нөгөө гайхал Худу, Чулуун нар нь Сүбээдэйн заншлаач байжээ гэвэл одоо Насир огт гайхахааргүй байлаа. Ийм ер бусын сэтгэлгээндээ гүнзгий автсан тул Терликун хороог төвшитгөсөн их жанжны цэрэг хүрээндээ буцаж, “урваач” Бардай сэцэн хээнцэр хуяг дуулгаар чимэглэн, мянганы ноёдыг дагуулсаар Сүбээдэй баатрыг угтаж авахад цочиж ширвэгдсэнгүй, харин дотроо тэр нэг үүр шөнийн заагаар Сзбээдэйн чачирт сууж, саран зэв тосч авсан хүн бол энэ мөн ажгуу хэмээн батад ойлгож байв. Тэгээд Сүбээдэй баатраас өөр догшин сэжүүч эзэн байсан бол түүний сониуч буурал толгойг мөрнөөс нь салгачихад ер гомдохооргүй нууц зүйлийг санамсаргүй тандчихсанаа мэдэж, хойшид монгол цэрэгтэй нэг бус удаа аялах нь гарцаагүй тул өөртөө хамаагүй зүйлд нүд, чих уралдуулахгүй байхыг цээжиндээ сайтар хатангардуулав.
Сүбээдэй баатар үдийн зоог барихаасаа өмнө өргөөндөө морилж, дутаасан хийгээд олзлогдсон, нүүсэн мэргид аймгийн үйлийг цаашид салган тогтоогоод Абжай хатныг авчир гэж тушаалаа. Хатныг авчрахад Сүбээдэйн дэргэд Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёр шадарлав. Тэр хоёрын доор нэгэн бичээч, мөн Насирбек суулаа. Нэг нь монголоор, нөгөө нь араб үсгээр хэргийг тэмдэглэнэ.
Абжай дүгрэг хүрээтэй сувдан шигтгээт малгай өмч, урт цэнхэр уужаа намируулсаар орж ирэхэд бүгд нам гүм болов. Насирбек хүүхнийг сүрхий ажигласнаа: Хээ гэж дуу алдчихаад амаа барин цаас руугаа тонгойлоо.
Сүбээдэй бүсгүйг харан үг дуугүй сууна. Цаадах нь ч дуугарсангүй. Тэдний бие биеэ харах байдалд өөр өөрийн далдлагдах аргагүй төгс намба байсан тул өргөөнд байгсад тэр сонин сэвүүн орчинд татагдан бүгд л төв царайлан зогсжээ. Зөв хэлбэртэй нимгэн царай, тэгш шулуун хамар, тод хүмүүнтэй зузаавтар уруул, хацар дээрх тод хар мэнгэ нь бүсгүйн царайг урьхан болгож, гагцхүү хөмсөгний хоорондох огцом атираа л энэ бүх даруухан булбарай нүүрний цаана хатуужил төгс, овтой дайчин байгааг яахын аргагүй санагдуулна.
Сүбээдэй бүсгүйг анхааран ширтэх боловч сэтгэлд нь эрт урьдын дурсамж зураг шиг тодрон байжээ. Агучу баатрын том цагаан гэрийн хойморт утас зүү барихаасаа илүү илд, хормогсогт эрхэлж өссөн танхи охин, олон аймгийн хуувь нийлсэн чуулганд Даян ханыг дагаж ирсэн хүүг нь хараад сэтгэл татагдан, гэмгүй үерхэж өссөн урианханы сэргэлэн хөвгүүнээ онхид мартчихсан дэврүүн бүсгүй сэтгэлд нь бууж байлаа.
“Нулимс тоссон мэнгэ” гэж Сүбээдэй зүрхээ шимшрүүлэн бодов. Даян хаан, Агучу баатар хоёр худ ураг болохоор сэтгэл дүүрэн байсан боловч Абжай охины баяр баясгаланд яаж хүрэх билээ. Гэвч хорвоод бүрэн төгс учрал гэж даанч үгүй. Цагийн нуруу, улс төрийн хожоо бодсон эцгүүдийн хэлцэл Хүчүлүгт ер таалагдсангүй байжээ. Дэндүү цэвэрхэн, дэндүү хөнгөн төрсөн Хүчүлүгийн хувьд бурхан Халдуны эрэмгий охин дэндүү эгэл, болхи санагджээ. Хэдийгээр аваал эм нь боловч Абжайн хувьд хишигтэй шөнө улам улам ховордох болсон ч сэтгэл нь хөрсөнгүй, угийн эрэмгийн зангаараа эзэн эрээ өөртөө татах нэлээд хүнд үамыг сонгосон юм гэлцдэг. Түй, Байдраг, Онгийн гол, Наху гүнээс Балхаш нуур, Хэц элс хүртэлх мянга мянган бээр зам, арав гаруй жилийн босоо суугаа амьдралд Абжай тохилог өргөөгөө бүр огоорч, алдарт Хөгсүү Сабраг, Хорисубэчи нарыг орлох гэсэн мэт хөө хуяг, доо жадтай нөхөрлөн, задгай галын дэргэд бүхлээр нойрсон, үүрийн жавар дундуур хүнд бамбайны ирмэгт энгэсэг хацраа хөлдөөж явсан юм гэдэг. Гавьяа зүтгэл нь Хүчүлүгт таалагдвал хөөрхий хатан гурав хоногоор, заримдаа арван ч хоног ханыхаа торгон гэрт хөлбөрөх хишиг хүртдэг байжээ. Нулимс тоссон мэнгэ ээ!
Сүбээдэй Абжайг харж суухдаа өөрийнхөө орь насны тэр нэгэн зовиуртай атлаа жаргалтай гэмээр хүсэл тэмүүлэл дахин төрөх, эсэхийг анзааран чагнаж байв. Тийм бодол өдгөө нэгэнт үгүй болсон бололтой. Түүний хувьд тайчуудын эрх охины хонгорхон дүр л хоцорч. өмнө нь зогсох энэ хүн бол огт өөр хүн, найманы Хүчүлүг ханы хатан бөгөөд Гучин гурван Алтай, Хан тэнгэр уул, Иль, Чүй, Сейхун, Жейхун мөрнөөр элин халигч зовлондоо жаргагч нэгэн л байв.
Сүбээдэй тэр хүний эгэлгүй сонин, бусдын хувьд эмгэнэлтэй гэж үзмээр тавиланг зүгээр л өрөвдөн харж байлаа. Тэр түүнээс юуг ч асуух билээ. Бүргэдэд тасын амьдрал хэрэггүй, Хуланг адууны жүчээгээр баярлуулахгүй нь мэдээж.
Сүбээдэй хоолой засаад өгүүлсэн нь:
-Их засаг хуулийг барьж ярьвал танд олон зүйлийн гэм буй. Гэвч энд түүнийг нарийвчлан хэлэлцэхгүй. Гурван зүйл шалтгаанаар өршөөж, суллан илгээх боллоо. Үүнийг тайлан хэлбээс зохистой. Нэгдүгээрт Та нэгэнт өөр улсын хүн бөгөөд бас ч тэр улсын эзний хатан тул Монгол Улсын хуулиар шийтгэхээс түдгэлзэв. Хоёрдугарт та эм хүн тул энэ тухайд хэлтрүүлэн хөнгөтгөн нь зүйд нийнэ. Гуравдугаарт гээд Сүбээдэй түр зогсосхийж:
-Төрд гавьяа байгуулсан хүн шагналаасаа татгалзаж ялт хүний амь золихыг гуйвал зөвшөөрдөг хааны зарлиг буй. Тэр ёсоор Бардай сэцэн чиний амийг хэлтрүүлэхийг гуйсан тул чамайг тавьж илгээлээ гэж хэлэв.
Хүүхний нар салхинд борлосон хөрслөг царайд үл мэдэг догдлол тодорсноо агшин зуур ариллаа. Тэр Сүбээдэйн зүг хөнгөхөн мэхийн ёсолж, Бардай сэцнийг хэсэг тогтон ажиглаад дайчны барилаар бус төрийн хатны намбаар алхан гарч одов. Сүбээдэй Бардай сэцэнд хандаж:
-Чи хоёр цэрэг гаргаж, эд юмсыг нь хамгаалуул. Уг нь Хүчүлүгт хүргэж өгвөл зохих билээ. өөрөө таалахгүй байх. Мөрний олом гартал юу ч атугай харгалзуул гэж захилаа.
Бардай сэцэн, Чигчидэй хоёул гарч одлоо. Монгол бичээчийг буцаагаад Сүбээдэй суудлаасаа блсч:
-Насирбек та Абжайг хараад яагаад дуу алдав? Гэж асуувал сири дайчин сахал дороо дурамжхан бувтнаад бичгээ цэгцлэн завгүй дүр эсгэнэ.
-Тэгвэл би танд хэлж өгөх үү гэж Сүбээдэй хэлээд өргөн агсрагнаасаа атган хэлмэрчдээ ойртов.
-Та дураараа болтугай. Би л хэлж зүрхлэмгүй.
-Энэ чинь баатар хүн хийвэл зохих үйлээ хийгээгүйгээс болж тохиолдсон сургамж тул заавал үлдээх хэрэгтэй гэж Сүбэээдй Насирбекийн цаашлуулаад: Би таны ярьсаныг нэгд нэгэнгүй санаж байна. Чингээд бодвол та Хүчүлүгийг урхидах хүүхэн худалдаж авахдаа Абжайг сонгочихжээ.
-Тэр үнэн, тэгэхдээ би биш гэж Насирбек татгалзаад Шах надад мөнгө өгч би тэр мөнгийг нь жуучид өгч олуулсан хэрэг гэж учирлав.
-Шахын өмнө хэрэг даасан нь та л шүү дээ. Тэгэхээр таны зугтаасан нь түмэн зөв. өстний нь эхнэрийг өөрийнх нь мөнгөөр худалдаж аваад өстөнд бэлэглэснийг сонсвол Мухамед яаж хилэгнэхийг төсөөлөхөд хялбархан байнам. Үгүй ер ийм арилжааг жинхэнэ шулуун цагаан сэтгэлтэй баатар хүн л хийж чадна. Гээд Сүбээдэй тас тас хөхөрлөө.
-Хэрвээ жинхэнэ эр баатар л ийм тэнэг арилжааг хийж чаддаг юм бол би таныг тулалдаанаас өөр ажилд дагахгүй гэдгээ хэлье гэж Насирбек хэлээд Сүбээдэйд мэхийн ёслоход баатар:
-Энэ ч сүрхий хариу боллоо. Та ер нь юм юманд хоосонгүй хүн бололтой. Зам урт, цаг ч урт, таны эрдмийг бишгүй сорих вий. Одоо тугч цэрэг Шамдгайг олж надруу илгээнэ үү гэлээ.
-Сүбээдэй ганцаар үлдээд Насирбекийн хөгтэй арилжааг бодон инээвхийлж, аяныхаа тоногтой богцыг задалж, шар хивээр ороосон барсын толгойт мөнгөн гэрэгэ гаргав. Энэ удаа баатар тугч цэргээ шагнаж амжсангүй хүлээж ядаад арга буюу үдийн зоогонд мянганы ноёдыг урьлаа. Угтаа Насирбек хүрээний дотуур хөлөө эцтэл эрсэн билээ. Гэвч Шамдгай олдсонгүй. Тэрхэн үед хүрээ даяар хөл хөдөлгөөн их, хүр дуун ч багагүй байсан тул Насирбекийг зэмлэх аргагүй байлаа. Харин Шамдгай энэ үед хүрээнээс холгүй бяцхан горхины дэргэд суугаад сэтгэлдээ тээглэсэн бас нэг бул хар чулуугаа авч хаян, магнай тэнүүн мишээхийн сацуу Чигчидэй заншлаачийн сэтгэлд багтамгүй увьдасыг гайхан биширч байлаа. Дөнгөж өчигдөрхөн л дарсны газарт Бардай сэцний илдэнд өртөөд амь тавьсан тэр хүн нь сорви ч үгүй сууж байхад тэр баярлахаас ч биш яах билээ. Абжай хатныг хүрээнээс үдэж гаргаад буцаж явсан Бардай сэцэн, онходын Чигчидэй хоёртой Шамдгай тааралджээ. Гай болж, улаан нөмрөгтэйгээ явсан Чигчидэйг мөнөөх эрсэдсэн элч мөн гэдгийг залуу тугчийн гяхай нүд алдалгүй таньсан боловч ийнхүү эсэн мэнд бас тэгээд өөрийг нь хороосон хүнтэй явж байх чинээ бодол яагаад ч цээжинд нь багтсангүй, нэг бөгөөс өөрөө, эс бөгөөс Бардай сэцэн ордослуулж гэж итгээд дороо хөшиж орхисон билээ. Урьд өдөр нь яг энэ тухай ярилцаж байсан болохоор Шамдгай ямаршуу байдалд орчихоод байгаа Бардай сэцэн түрүүлэн ухаарч, мориноосоо үсрэн буугаад үзалууг сугадаж авахад учир шалтнааныг нь бас төдөлгүй гадарласан Чигчидэй ч яаран тусалжээ. Энэ хэрэг тийм ч амар тайлагсдангүй. Чигчидэй зүлгэн дээр завилан суугаад зүрхээ зогсоон үзүүлснээр Шүамдгай сая итгэжээ.
-Цус бялхах ч гайгүй юм. Энэ бол амжихгүй гэж Шамдгай Чигчидэйн цус нь дөнгөж тархаж буй цохигор царайг сүрдэн ширтэж хэлэхэд:
-Би ч ялгаагүй айлаа гэж Бардай сэцэн хүлээн зөвшөөрв.
-Ийм байдлаар хэдий хэр удах вэ? Гэхэд Чигчидэй: сар, жил ч байж болно. Харин удах тумаа дахин амилахад заавал гадны хүн, бүр нарийн эрдэмтэй хүн хэрэгтэй болно гэжээ.
-Чирч оруулсан хүүр нь босоод ирэхээр хөөрхий муу дарсны газрын эзэн ямар их айсан бол гэж Шамдгай хэлэхэд үг цөөнтэй онход залуу зөвхөн мишилзээд өнгөрөв.
-Энэ эрдмийг хэнээс яаж сурав?
-Ганц нэг заарин мэднэ. Гэвч эрдмийн эх нь Энэтхэг газарт байдаг.
-Чи хө, тэндээс сурав у?
-Бараг л тийм.
-Аль хэр хол вэ?
-Газраар бол жил явах. өмнөд тэнгэсээр зорчиход хоёрхон сард хүрнэ.
-Шамдгай дүү минь, битгий сурагла. Чамд энэ эрдэм хэрэггүй
-Би биш, та сураглав биш үү?
-Тэгвэл хоёулаа мартая.
Тэд ийнхүү хэлэлцээд хүрээ рүүгээ буцлаа. өм цэргүүдийнхээ дунд дахин орсон Шамдгайн хувьд баяр хөөр нь цаглашгүй байлаа. Их л гарлага, золиос хилсдүүлгээр дүүрсэн мэт атлаа эцэстээ сайн сайнаар энэ бүх хэрэг дуусч байгаад итгэсэн Шамдгай өөрийгөө нэг мөсөн мартжээ. Тэгтэл нэгэн хорчин ирж, түүнийг Сүбээдэй баатар луу дагуулан явлаа.
Баатар түүнийг босч угтсанд Шамдгай сандарчээ. Ийм хүндлэлээс эмээж байсан түүнд барсын толгойт гэрэгэ бүр ч хүнд санагдсан нь мэдээж.
-Би чамд зөвхөн гэрэгэ шагнав. Одоохондоо тушаалаад шагнах нь чамд илүүдэнэ гэж Сүбээдэй хэлээд тугч цэргийнхээ ичиж улайсан царайг нухацтай ширтэж:
-Чи харин надад амласнаа одоо санах хэрэгтэй гэв. Шамдгай өөдөөс нь гайхан харснаа бүр ч улайж:
-Тиймээ би … би.. ойлгосон гэв.
Сүбээдэй түүний үгийг эелдэгхэн таслаад:
-Үгүй дээ, ингэж биш. Би чиний чин шударга сэтгэлийг ашигласандаа өршөөл гуйх ёстой. Чи Бардай сэцнийг хилсдлээ гэж харамсаж байсан. Тэгэхэд би чамд “хилсэдсэн, хилсдүүлсэн хэн болох нь тодрох байлгүй” гэсэн билээ. Одоо сая л тодорлоо. Чиний шударга сэтгэл хилсдэснийг бүгд мэдэх учиртай. Чухам үүний төлөө л би чиний өмнө мэхийе гэжээ.
Шамдгай гэрэгэг цээжиндээ наагаад тэр үед эзэн баатрынхаа хэлснийг сэргээн санаж:
-Хөх Монголын Хас төрийн төлөө энэ бүхнийг хийсэн гэдгийг санаж, таныг би өршөөж байна гэж хүндэтгэлтэйгээр өчлөө.
Бүлэг 15
Зүүн гарын говь руу их цургийн цуваа жигдрэн орлоо. Түүнийг дагаад Нүүдэлчдийн гэр тэрэг, үхэр мал захгүй багшран нүүгэлтэнэ. Бардай сэцэн саяхан тугийн харуулаас буусан Шамдгайтай зэрэгцэн алхуулна.
-Одоо миний төрөлх цэнхэр Увса нуур холгүй боллоо гэж Шамдгайг хэлэхэд түүний хөөрөн хөхих сэтгэлийг ойлгосон Бардай сэцэн:
-Гэрт чинь ямар хүмүүс чамайг хүлээж байгаа вэ гэж асуув.
-Аав ээж, ах дүүс, олондоо олон… эхнэр л буулгаагүй байгаа
-Тэр ч амархан хэрэг.. Хөөрхий эхийн чинь итгэж даатгасанаар чиний аяны мөр зохисон гэдгийг бүү мартаарай гэж Бардай сэцэн хэлээд холхид шаргалтах манхны зэрэглээт оройг ширтлээ.
-Тиймээ, итгэл гэж Шамдгай амандаа давтсанаа нэгийг эргэцүүлэн хэсэг зуур бодлогошров. Уг нь ийм үгийг өгүүлж ахмад нөхрийнхөө сэтгэлийг үймүүлэх нь илүүц мэт, гэтэл санааны мухрыг нээхгүй бол хэдий дотно ч завсартай үлддэгийг бодоод Шамдгай зориглон ам нээлээ.
-Итгэл гэснээс Худу танд аргагүй итгэсэн шүү.
Бардай дуугарсангүй. Түүний шанаа нарийсчихсан юм шиг, хацар нь сүрхий шуугдсаныг Шамдгай сая л анзаарлаа. Энэ эрэмгий эрийн дотор ямар зовлон, жаргал эргэцэж байдгыг гадарлахад хэцүү билээ. Үгнийхээ хариуг авахгүй бололтой гэж бодож явтал Бардай сэцэн ташуураараа хажуугаар нь зэрэгцэн цувсан нүүдэлчдийг зааж:
-Эд нарыг дуртай газар нь илгээхийн надад Жүчи хан хүү зөвшөөрсөн юм. Хэрэв хүсвэл төрөлх Сэлэнгэдээ ч очиж болно. Үүнийг Чингис хаан өөрөө амласан юм. Одоо миний мэргид овогтнийг хэн ч түйвээн залхаахгүй. Энэ л миний үүрч гарах итгэл юм шүү гэж тайван хэллээ.
Онгон сүрлэг Зүүн гарын говь мөнх тэнгэрийн дор дуниартан шаргалтана. Он цагийн гэтлэшгүй уртыг ч, хүн төрөлхтөний барагдашгүй нүүдлийг ч энэ говь тэсвэрлэн давсаар…
Насирбек эмээл дээрээ хазгай суугаад өмнөхөн талдаа зүүрмэглэсэн аятай жигдхэн ганхуулан алхуулах Сүбээдэй баатрыг харж явлаа.
Тоосонд дарагдсан зузаан дээл, нарнаас халхлах ширээстэй эсгий малгай нь тэр их жанжныг энэ хэр олон цэрэгтэй нь эгээ л адилхан харагдуулна. Гэвч тэр, цэргээсээ юугаар ч ялгардгийг одоо Насирбек мэдэх болжээ.
Нэгэн насныхаа амь цөлөм зүтгэлээр тийм жанжны зэрэгт орж чадаагүйнхээ учрыг Насир ойлгосон. Юу гэвэл “Жанжин хүн бол алан хядагч биш, аврагч байх ёстой. Тэр тусмаа дайснаа аврах нь жанжны эрхэм үүрэг байдаг ажээ. Үүнийг яаж ухаарвал зохих вэ гэдгийг Сүбээдэй сая харуулав биш үү. Насирбек тийм ч байж чадсангүй, тийм байдгыг ч мэдсэнгүй. Энэ үгийг бэсүдийн Зэв хэлсэн гэсэн. Гэвч Сүбээдэй баатар өөрөө ч хэлсэн юм билүү. Чингис хааны жанжнууд цөм л ийм зарчмыг дагадаг болохоор чухамдаа хэн хэлсэн нь чухал биш.
Хэрэв тэр нэг шөнө саран зэвний сүүдрийг харчихаад амь алдах шахаагүй бол энэ бүхний тухай Насирбек мэдэхгүй л өнгөрөх байж дээ.
1992.VII.20-VIII.12-ны өглөө. 06 цаг
Чингэлтэй. Т.Мандир
.
Tuesday, November 27, 2007
САРАН ЗЭВ
Subscribe to:
Posts (Atom)