Thursday, April 14, 2016

МАЛ ба МОНГОЛ

Үндсэн хуулинд "Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэдэг заалт бий. Шал тэнэг, утга тодорхойгүй заалт. Мал сүрэг гэдэг нь ч яг юу юм, яаж ч хамгаалах юм. Юу ч гэх гээд байгаа юм бүү мэд. Үүнийг НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ, СОЁЛ УЛАМЖЛАЛ НЬ МОНГОЛ УЛС, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ОРШИН ТОГТНОХУЙН СУУРЬ, ЯЗГУУР ҮНДЭС ЮМ" гээд өөрчилчихвөл илүү яруу, төгс болмоор санагдана. Ингээд заачихаар энэ үндэс, сууриа хамгаалахын тулд төрийн бүх бодлого чиглэх шаардлага үүснэ. Уул уурхай, аж үйлдвэржилт, хот байгуулалтын бодлого нь энэ зорилгод нийцэх хэрэгтэй болно.

Жишээлбэл, уул уурхайн бодлогод хайгуулын лиценз олгох талаар "малчны өвөлжөө, хаваржаа, намаржаа, бууцанд хайгуул хийхгүй" гэж орно гэсэн үг. Түүнчлэн аж үйлдвэрийн бодлогод шинээр үйлдвэр байгуулах газарыг "мал ундаалдаг урсгал болон байгалийн тогтмол уснаас тусгаарласан байна" гэдэг ч юм уу, ер нь л нэг тиймэрхүү, өнөөгийн хэрүүл маргаан болоод байгаа бүх сэдвийг хаачихна.

Нүүдэлчин ахуйгаа хайрлах, хамгаалах, авч үлдэх талаар би өөрийн санаануудыг бичив. Хэрэгжүүлэх боломж, ач холбогдол, цаг хугацаа, зардалтай нь уялдуулаад урт дунд богино хугацаа (term)-аар нь ялган бүлэглэлээ. Таалан соёрхож, шүүн хэлэлцэнэ үү.


1. БОГИНО ХУГАЦААНД

1.1. Малын хөлийн татвар авах. Энэ нь нэгд бэлчээрийн даацыг зохицуулах, хоёрт эдийн засгийн идэвхитэй харилцаанд малчдыг татан оролцуулах, гуравт малчдыг хариуцлагажуулах, дөрөвт худаг ус гаргах зэргээр бэлчээрийн нөхөн сэргээлтэд татвараа эргэн зарцуулах... гэх мэт зөндөө ач холбогдолтой. Энэ талаарх цогц судалгааг эндээс олж аваад уншиж болно.

1.2. Төрөөс махны үнэ тогтворжуулахад чиглэн хэрэгжүүлдэг шат шатны үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Нэн тэргүүнд нөөцийн мах бэлтгэлийг төрийн мөнгөөр хийхийг бүрмөсөн болих. Ингэснээр зах зээлийн жам ёсны хөгжилд саад учруулахыг зогсооно.

1.3. Малчдад өгч байгаа бүх төрлийн халамжийн мөнгийг яаралтай зогсоох. Үүнд мэдээж "ямаа"-ны нөхөн олговор тэргүүн ээлжинд хамаарна. Улмаар малчин айлын хүүхдийг дээд сургуулийн төлбөрөөс чөлөөлөхөө болих хэрэгтэй... гэх мэтчилэн ямар л халамж байна, тэр бүгдийг үгүй хийх хэрэгтэй.

1.4. Малчдад хэрэгтэй, нүүдэлчин аж амьдралд зохимжтой, аяллын, зөөврийн, авсаархан төрөл бүрийн hi-tech бүтээгдэхүүнийг, ялангуяа нар, салхины цахилгаан үүсгүүр гэх мэтийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх. Гээд хог нь орж ирвэл ч ирэг. Бид тэнэг хүмүүс биш, аандаа аль нь сайн, аль нь мууг ялгаж чадна. Хамгийн гол нь ямарваа нэг шахаас, чигжээсийг л гаргаж болохгүй.

1.5. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны төвлөрсөн систем бий болгох. Төвлөрсөн гэхээр заавал улс даяар нэг систем байх албагүй. Аль нэг томоохон хот сууриныг дагасан, тойрсон байдлаар хэсэгчлэн хөгжүүлэх. Жишээлбэл аймгийн төв бүрт том хэмжээний хүйтэн зоорь байгуулах хэрэгтэй. Зоорийг сум бүрт тэнцүү хуваарилж, малчдад түрээслүүлэх байдлаар ашиглуулах нь зохимжтой. Ингэснээр махны үнийн савлагааг зогсоохоос гадна, мах дагнасан мафийн үйл ажиллагааг хазаарлана. Түүнчлэн мал эмнэлэг, зоотехникийн хүрээлэнгийн үйл ажиллагааг идэвхижүүлж, орон нутагт салбарлан хөгжүүлэх.

1.6. Суурь боловсролын системд нэн яаралтай өөрчлөлт оруулах. 6 настай хүүхэд сургуульд ордог тогтолцоог өөрчилж 7 эсвэл 8 настай сургуульд ордог болгож (аль зохимжтойг нь судлан тодруулж) өөрчлөх. Үүнийг шийдвэрлэхдээ орон нутгийн дотуур байрны асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Дотуур байрны асуудал гэдэг нь зөвхөн байр сав, ор хөнжлийн төдий асуудал биш бөгөөд бага насны хүүхдүүдийн хувьд асрагч багш нарын орон тоог мөн шийдэх ёстой. Түүнчлэн бүх шатны сургуулийн хичээлийн хуваарийг үндэсний онцлогтой уялдуулан нийцүүлж, хавар мал төллөлт, намар хадлан тэжээлийн үеэр амардаг байдлаар зохицуулах.

1.7. Улсын наадмыг зөвхөн Улаанбаатарт биш, аймгуудад ээлж дараатайгаар зохион байгуулах. Ингэснээр аялал жуулчлалыг дэмжихээс гадна, аймгуудын хөгжилд дэмжлэг үзүүлж, малчдад боломж олгох юм. Дан ганц улсын наадам ч биш, бүх төрлийн спорт, урлагийн арга хэмжээг ийм байдлаар нүүлгээд байж болно.


2. ДУНД ХУГАЦААНД

2.1. Хоршоолох хөдөлгөөнийг шинэ шатанд гаргах. Шулуухан хэлэхэд нэгдэл байгуулах эрхзүйн боломжийг нь бүрдүүлж өгөх. Гэхдээ нэгдэл гэдэг нь соци үеийн "нэгдэл" биш. Капи нийгмийн хувьцаат компанийн хэлбэртэй байвал зохимжтой. Үүнийг эрхзүйн актаар дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар зохицуулж болно.

2.2. МАА-н түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүх аргаар дэмжих. Үүнтэй зэрэгцүүлэн боловсруулаагүй түүхий эдийн худалдаа, экспортыг боомилох. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. Үйлдвэрээ бариагүй байж экспортоо боочихдог. Ингэснээр юу болдгийг мэдэж байгаа байх гэж найдна. Юу яриад байгааг минь ойлгохгүй бол яг одоо гараад Эмээлт рүү очиж малын гаралтай түүхий эдийн үнийг сонирхоорой.

2.3. Олон нийтийн ухамсар, мэдлэгийг нүүдэлчин өв соёл, зан заншил, уламжлалаа дээдлэхэд анхаарч, нийгмийн сурталчилгаа явуулах. Төрөл бүрийн баримтат кино, нийтлэл, нэвтрүүлэг... гэх мэтээр хөврүүлээд байж болно. Ийм агуулгууд бол манай радио, телевизийн Алтан фондод хангалттай бий. Нэмээд орчин үетэй сайн хөл нийлүүлж, сайн сайхан амьдарч байгаа малчдын талаар цуврал мэдээлэл бэлтгэхэд болно. Тэгээд ч одоо бас чиг гэж олзуурхууштай нь хүмүүс өв уламжлалаа эргэн сэргээх, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлгээ, эрмэлзэл сайн байна. Үүнийг нь сайн дэвэргээд өгөх хэрэгтэй.

2.4. Аялал жуулчлалын бодлогод эрс шинэчлэл хийх. Гоё байгальтай мэтийн хоцрогдсон явуургүй сурталчилгаанаас хагацаж, шулуухан хэлэхэд өөрсдийгөө "амьд музей" гэж хэлэхэд ер буруудаад, ичээд байх зүйлгүй гэж бодож байна. Өнөөдөр ч гэсэн Чингисийн үеийнхээрээ амьдардаг гэхэд болохгүй юм юу байна? Үнэн л юм чинь. Харин ч бахархах ёстой. Нэг юм хэлэхэд дэлхий дээр хамгийн амгалан тайван улс бол Монгол. Дайн дажин алга, үймээн самуун алга, терроризмын заналхийлэл, түгшүүр, байгалийн аюул осол ч байхгүй.

2.5. Урлаг соёлын бодлогодоо шинэчлэл хийж, чиглэлээ өөрчлөх. Гэдэг нь нөгөө л нийтийн дуугаа дуулаад бай, эсвэл Монгол поп, нүүдлийн хип хоп нтр гэсэн юмыг хөхиүл гэсэн үг биш. Харин Монгол улс бол нүүдэлчдийн голомт мөн гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх нь соёлын бодлогын цөм нь байх ёстой. Эс тэгвэл хамаг соёлын өвөө Өвөрмонголд буюу яг үнэндээ Хятадад алдаад дууслаа. Дэлхий нийтэд эргэлзээ үүсгээд байна шд, цаадуул чинь.

2.6. Төвлөрлийг задлах буюу нийгэм, эдийн засгийн хөгжлийг орон нутаг уруу хандуулах. Гэхдээ эхний ээлжинд сум уруу биш, аймгийн төвүүд рүү хандах. Аймгийн төвүүд, томоохон суурингуудын эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх, татварын таатай орчин нөхцөл бүрдүүлэх, улсын хэмжээний эрүүл мэндийн төвүүдийг орон нутагт байгуулах, дээд дунд шатны мэргэжлийн боловсролын байгууллагуудыг бий болгох, нүүлгэх, эмч багш нарт ялгавартай цалин тогтоох, орон сууцны үнийн бодлогод нөлөөлөх, ипотекийн зээлийг аймгийн төвд түлхүү олгох гэх мэтээр бодит хөшүүрэг ажиллуулах. Үүнтэй зэрэгцүүлэн Улаанбаатарт сургууль, цэцэрлэг байгуулахгүй, эмнэлэг барихгүй... гэх мэтээр хөрөнгө зарцуулахаа зогсоож, татварыг нь нэмэх. Товчхондоо Улаанбаатарыг "хог" болгох. Санаа зоволтгүй, хот гэдэг юм мөхөхгүй, харин ч цомхон болох хэрээрээ өөрөө аяа олоод хөгжчихнө.

2.7. Малчдын нийгмийн халамжийн асуудлыг онцгой анхаарах. Өөрөөр хэлбэл сум руу анхаарлаа түлхүү хандуулах. Үүнд тэргүүн ээлжинд хөдөө орон нутагт эрүүл мэнд, соёлын үйлчилгээ, бага дунд боловсролыг хүртээмжтэй болгоход чиглэнэ. Үүний тулд нийгмийн даатгалын оновчтой бодлого явуулах гэх мэт ажлууд хамаарна. Түүнээс мөнгө тараах, цалин өгөх, үнэгүй эрх... ч гэх шиг тэнэг үйлдэл бол хэрэггүй. Тэд өөрсдөө төлдөг байх ёстой, харин үйлчилгээ нь хүртээмжтэй байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэх арга зам нь сум суурингуудын эрүүл мэндийн төвүүдийг анхан шатны оношилгооны лаборатори, тоног төхөөрөмжөөр хангаж, цалин хангамжийн ялгавартай тогтолцоо бий болгох замаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хөдөө орон нутагт ажиллуулах... гэх мэт шат дараалсан олон цогц арга хэмжээ орно. Өмнөх хэсэгт буюу аймгийн төвийн хувьд байшин барих, зам тавих, эрчим хүч гэх мэт том бөгөөд обьектив асуудлууд орсон бол энэ хэсэгт нийгмийн үйлчилгээг сумын төвүүдэд хүргэх тухай ярьж байгаа хэрэг. Ялгаж салгаж ойлгоно биз. Дашрамд дурдахад сумын төвд асар том, аймшгийн үнэтэй цаасан байшин барьдаг "Шинэ сум" төсөл бол зүгээр л баас. Хайран мөнгө...


3. УРТ ХУГАЦААНД

3.1. Нийслэлийг нүүлгэх. Улаанбаатар эдийн засгийн төв байж болно. Харин засаг захиргааны төв нь өөр газар байг. Энэ нь улс орны цаашдын хөгжил, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.

3.2. Орон нутгийн захиргаа, удирдлагын системийг оновчтой болгох. Засаг захиргааны хуваарийг шинэчлэн тогтоох, ИТХ мэтийн холбооны улсын зохион байгуулалтын бүтцийг үгүй болгож цэгцлэх хэрэгтэй. Ялангуяа сумдыг нэгтгэх, аймгуудыг нэгтгэх, хотуудын статусыг сэргээх зэрэг төрийн удирдлагын зохион байгуулалтыг хялбар, шуурхай болгох нь зохимжтой. 1500 хүнтэй, 1 төвтэй сум байснаас 7500 хүнтэй, 5 тосгонтой сум байвал төрийн удирдлагын зардал ч их цэгцтэй болно гэдгийг ойлгоход бэрх биш.

3.3. Үндсэн хуулийн хувьсгал хийх. Засаг захиргааны хуваарь, удирдлагын бүтцийг өөрчилнө гэдэг бол Үндсэн хуулийн хувьсгал гэсэн үг. Урт хугацаанд Үндсэн хуульд гар дүрэхгүйгээр нүүдлийн соёлоо бүрэн бүтэн авч үлдэж чадахгүй л байхаа даа.


ТӨГСГӨЛД НЬ

Хэн хүнгүй нэг зүйлийг "нүцгэн үнэн"-ээр нь ойлгомоор байгаа юм. Манайхан мах экспортолно, мал аж ахуйн гаралтай үйлдвэрлэл хөгжүүлнэ, ийм ч юм бүтээнэ, тийм ч юм экспортолно... гээд хөөрцөглөөд байх. Яг үнэндээ уламжлалт мал аж ахуйд тийм бололцоо байхгүй л дээ, яалт ч үгүй хязгаарлагдмал. Сүүний хувьд ч гэсэн талаар нэг тарсан малчдаас дусал дуслаар нь цуглуулах уу, эсвэл нэг дороос бөөн бөөнөөр нь ачаад ирэх үү. Үнэндээ манай уламжлалт, нүүдлийн мал аж ахуй бол эдийн засгийн үүднээсээ "амиа аргацаасан" зүйл.

Бас ямар ч нэмүү өртөггүй бүрдэж байгаа нүүдлийн МАА-н бүтээгдэхүүн нь, ялангуяа мах нь өч төчнөөн хөдөлмөр, өртөг шингэж байгаа фермийн махнаас үнэтэй байх нь учир авцалдаагүй бөгөөд экспортын шаардлагыг аль нь хангах вэ гэдэг ч мөн бодох л асуудал. Макро түвшинд, эдийн засгийн нөлөөллөөр нь харвал нүүдлийн уламжлалт мал аж ахуй бол ямар ч "ашиггүй" юм. Тэгэхээр мал аж ахуйгаас мөнгө олъё гэвэл хүссэн хүсээгүй фермерийн буюу суурин мал аж ахуй руу л явна, өөр гарцгүй.

Өөрөөр хэлбэл, нүүдлийн мал аж ахуй, өв соёлыг хамгаалж байгаа нь энэ гээд эрчимжсэн фермерийн аж ахуйн хөгжилд бас саад тотгор болж болохгүй. Фермерийн аж ахуй болон нүүдлийн уламжлалт мал аж ахуй хоёрын зохист тэнцвэрийг олох нь хамгаас чухал. Тэгэхээр миний хувьд энэ тэнцвэрийг хангах дараах гарц, боломж байх юм болов уу гэж хардаг:

1. Фермерийн АА-г хөгжүүлж, махыг нь экспортод гаргах, сүүг нь үйлдвэрлэлд буюу хот сууринд хэрэглэх. Энэ махыг бид идэх албагүй, харин өндөр үнэ хүргэхээр бодож гадагш зарах. Энэ бол боломжтой. Идэш тэжээлээс нь өгсүүлээд эмнэлгийн бүрэн хяналтад байлгаж болно, бас үйлдвэрийн аргаар нядлахад ч амар, нэг доороо бөөн... гээд л эдийн засгийн утгаараа давуу тал их. Нөгөө брэнд гэдэг юмыг чинь энд утгаар нь бүтээж болно. Сүүний хувьд ч тэр, савлаад зарж болно, йогурт, сыр, сметан үйлдвэрлэж болно. Нэг дороос цуглуулах учир тээврийн зардал, цаг хугацаа хэмнэгдэж, тэр хэрээр сүүний үнэ хямдарна.

2. Нүүдлийн малыг харин гадагшаа гаргахгүй, дотооддоо идэх. Угаасаа уламжлалт буюу үйлдвэрлэлийн бус аргаар нядалсан, бэлтгэсэн махандаа бид дуртай, гэтэл энэ нь экспортын шаардлага хангадаггүй. Нөгөөтэйгүүр 100% натурал байгалийн бүтээгдэхүүнээ өөрсдөө идэж хэрэглэх нь магадгүй энэ л цаг уурын бүсэд амьдарч байгаа Монгол үндэстэнд илүү зохимжтой ч байж магад. Тийм болохоор дотооддоо идэж уусан нь дээр. Бас сүүгээр нь цагаан идээгээ хийг. Ер нь байснаараа л байг. Гол асуудал нь арьс шир, ноос ноолуур, яс тос... гэх мэт бусад түүхий эдийг нь эдийн засгийн эргэлтэд орох боломжоор сайн хангаж өгөх хэрэгтэй. Өөрсдөө үйлдвэрлэ, чадахгүй бол зар. Гол нь малчид маань мөнгөтэй, орлоготой, идэвхитэй байх хэрэгтэй.

3. Энэ хоёрын комбинаци, уялдаа нь "нүүдэлчин соёл бол фермийн бүтээгдэхүүнийхээ брэндинг, нүүр царай, нэр төр" нь байх юм. Өөрөөр хэлбэл "Монгол бол 100% натурал, эко, онгон зэрлэгээрээ учраас эдний бүтээгдэхүүнийг импортлоё" гэдэг болгох. Мэдээж үүний хажуугаар олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудыг нь Монголд ажиллуулна. Бид үйлдвэрлэнэ, тэд шинжилнэ бас өөрсдөө нотолно, тэгээд худалдаж авна.

Фермерийн аж ахуйн эдийн засгийн ач холбогдол нь илүү боловч нүүдлийн уламжлалт мал ахуй нь Монгол үндэстний оршин тогтнох суурь. Одоо та матери хийгээд идеалыг ижил түвшинд авч явах ёстой гэдэгт энэ сэдвийн "нюанс" нь оршиж байгааг ойлгоо байлгүй. Эцсийн дүндээ "УХАМСАР НЬ АХУЙГААС АНГИД ОРШДОГГҮЙ" гэдэг дээр бүх дэлхий санал нэгдчихсэн байхад бид "Монгол хүн байх нь нүүдэлчин байхтай хамаагүй" гэж балайтаад юу хийх билээ?!

Асуудлыг цогцоор нь хараад, судлаад, төлөвлөөд шийдвэрлэж болноо. Хийе гэвэл арга нь олдоно, хийхгүй гэвэл шалтаг мундахгүй гэдэг дээ. Товчхондоо ТУЙЛШРАХ ХЭРЭГГҮЙ

Read more!