Захиргаадалтын үед гэр хорооллыг анхнаасаа модон (битүү) хашаагүй байлгахгүй. Сараалжин төмөр хашаа ч юм уу, эсвэл жижиг хайс хатгавал болно, үгүй бол зайл гэж байсан бол айлууд анхнаасаа цэвэр сууж сурахгүй юу. Гудамжаар явсан хүмүүс гаднаас нь харна, хажуу хавирганыхан бас харна. Хүний нүдэнд ил байхаар чинь анхнаасаа л хичээнэ шүү дээ. Тэгсэн бол өдийд арай цөөн асуудалтай байхгүй юу. За за, өнгөрсөн баларсан юм ярьж дэмийрч гиюүрэх ч яамай. Ерөнхийдөө бол ийм юм ярих гэсийн.
Энэ гэр хорооллын дахин төлөвлөлт гэж нэг балай ажил байнаа. Янз нь, гэр хорооллын 3 айлын хашааны газар дээр 30 айлын орон сууц барих гээд л байх шиг. Энэ ажлыг сэдсэн, бас хариуцаж байгаа хүмүүс дунд Улаанбаатар хотын газрын зургийг харсан хүн ер нь бий болуу? Гэр хороолол ямархуу том газар эзэлдэг, тэгээд бас цаашаа тэлэх боломжтой байгаа, тэлэх тусмаа инженерийн байгууламж, дэд бүтцээсээ улам алсарна гэдгийг мэдэж байгаа болов уу?
Тэгээд харсан юм бол энэ бүх газрыг ийм байдлаар орон сууцжуулах гэж байгаа юм байх даа? Бүтэх эсэхийн тухай бол дараа ярья. Гол нь энэ их газар дээр амьдарч байгаа хүмүүсийг дээрх байдлаар хурааж хураангуйлахад Улаанбаатар хотын хил хязгаар маш их багасах учиртай. Эсвэл эсрэгээрээ, энэ их газар дээр 10 сая, бүр 100 сая хүн амьдрах орон сууц барьж болно. Ойлгомжгүй байна уу?
Монголчууд нүүдэлчид бөгөөд хаа хүссэн зүгтээ нүүж явсаар, суурьшмаар санагдсан газартаа хашаа хатгаад л болдог. Ингэж л Улаанбаатар болон бас бус хүрээнүүд үүссэн. Нүүж ирээд хашаа хатгасан болгонд газар өмчлөх биш юм гэхэд эзэмших эрхийг нь өгч, хаягжуулсаар байгаа. Ингэж хаягжуулаад, газар олгосоор байгаад Улаанбаатар ийм муухай "том" болсон. Дархан, Эрдэнэт... бусад нь ч үүний араас.
Энэ олголт үргэлжлээд л байвал хүн бүрээ байг гэхэд айл болгон өөрийн газартай болох агаад нөгөө л бохир заваан, усгүй, баастай, утаатай гэр хороолол чинь улам тэлсээр л, замбараагаа алдсаар л байх болно доо. Тэгээд тэр болгоныг орон сууцжуулах хэрэг үү? Үгүй ядаж л тэр хүмүүсийг бааснаас нь салгаж, ус уулгах, нийтээрээ угаартаж суухгүйн тулд инженерийн сүлжээ татах хэрэг гарна. Гэтэл тэр нь улам л алсраад, холдоод байдаг. Зардал нь ч бүр дийлдэхгүй боллоо л доо.
Тэгэхээр ийм байна. Надад асуудлыг арай хялбараар шийдэх нэг арга байна. Санаагаа танилцуулахаасаа өмнө "свот" шинжилгээ хийгээдхэе. Энэ менежментийн чиглэлийн дээд сургууль, сургалтын дамжаануудад зайлуул, свот шинжилгээнээс өөр юм заадаггүй юм шиг байгаан. Ямар нэг төсөл нэртэй цаас аваад харахаар л хэнд ч хэрэггүй, дараа нь яах ч гэж байгаан, хүснэгт зураад свот гээд нэг юм санаанаасаа зохиоцон байдын, хэ хэ.
За тэгэхээр, аль ч хот суурингийн гэр хороололд амьдрахад тохиолддог проблемууд нь ийм байна:
- Утаа. За энэ бол гал түлэгч этгээдэд өөрт нь ч их зовлонтой асуудал. Тэднийг шүдэнз зурж тоглох дуртай гэж бодоогүй биз дээ?
- Цэвэр усан хангалт муу. "Худагтаа ойр" гэнгүүт л хашааны үнэ өсдөг мөн үү?
- Бохир усны хоолой гэдэг юм байхгүй тул нүх ухаад, амбаар бариад баана. Өөр арга байхгүй л дээ.
- Ажиллагаа их. Шударга хэлэхэд гэр хороололд амьдрахад түлээ хагална, ус авна гээ л яалт ч үгүй үй түмэн ажил гардаг. Нүүр гараа угаахад хүртэл ажил орно шүү дээ. Залхуу хөдөлмөөр.
- Заваан. Үүнд хашаан доторхыг хэлсэнгүй, хашааны гаднах гудамжийг хэлж байна. Хашааны гадаа яагаад заваан байна гэхээр цемент, асфальт зам байхгүй, хийх, арчлах төсөвгүй бас сонирхолгүй учраас яалт ч үгүй заваарч л байгаа юм даа.
- Харшилтай нөхдүүд бол бүр байлтгүй. Тэнд чинь зэрлэгээс өөр ургамал ургадаггүй, шорооноос өөр замгүй.
- Харанхуй. Айлуудын гэрлийг арай гэж ёлтойлгож байхад чинь юун гудамжинд нь гэрлийн шон зоох.
- Аюултай. Мэдээж харанхуй юм чинь юм юм л болох боломжтой. Аюулыг багасгах үүднээс нохой тэжээнэ. Чиний нохой бусдын хувьд бас л аюул болно. Алдаад золбируулчихвал чамд ч аюул гэсэн үг.
- Автобусанд суухын тулд, ээ мөн хол алхах хэрэг гарна. Заваан бөгөөд аюултай, харанхуй гудамжаар.
- Автобусанд суух гэлтгүй, дэлгүүр орох гэж бас ингэж алхана. Гэцүү гэцүү.
- Хажууд уг нь ТҮЦ бий л дээ. Гэхдээ тэнд хэзээ авсан нь ч мэдэхгүй хэдэн талх, боов л байдын. Гол нь тэгээд тамхи. Тамхи татаад л ундаа уугаад боов мэрээд, гамбир хайраад амьдардаг бол ч яахав, болох л доо.
- За дэлгүүрээ байг гэхэд юун үйлчилгээ? Хаа байдын тэр чинь?
гэх мэт.... гэх мэт зовлон бэрхшээл, саад тотгор олоон олон. Бүгд ийм балиар биш л дээ. Ганц нэг аятай зүйтэй газрууд бий бий. Гэхдээ "гоё" биш.
Одоо сайн талыг нь дурдая. Дандаа муу муухай байна ч гэж юу байхав:
- Хэмнэж сурна. Нэг ажлыг хэн олон дахин хийхийг хүсэх вэ дээ. Усанд явах ч бас тийм аятайхан ажил биш. Тэгээд л нөгөө "одоо асгаач ээ" гэдэг усны тухай онигоо гарч байхгүй юу.
- Ажил хийж сурна. Над мэтийн хананаасаа халуун ус гоождог байрны хүүхэд түлээ хагалж мэдэх ч үгүй, чадах ч үгүй.
- Амьдрах чадвар сайжирна. Гэдэг нь аль ч утгаараа тэр. Аюул дунд байсаар биеэ авч явах чадвар сайжрахаас гадна, хүнд хортой нөхцөлд амьдарсаар байгаад дархлаа гэдэг нь хөгжчихдөг. За тэгээд л нүхэн дээгүүр харайх, хашаа руу авирах, хөлдүү угаадсан дээр хальтарч уналгүй явах гэхчлэн олон чадвар сурна.
- Булчингийн хөгжил сайтай болно. Ажил хийхээс гадна, их алханаа. Өөр бас бус шалтгаан ч бий. Автобусанд хоёр бацаан ярьж байхыг сонсоход "Гэр хорооллын хүүхдүүд бакь" гэдэг яриа хэвээрээ байна лээ.
- Хүүхдүүд нь байрны хүүхдүүдээс илүүтэй нийтэч болдог. Угаасаа зовлон нэгтэй улс нягтардаг болохоос адил жаргалтай хүмүүс нэгддэг гэж байдаггүй биз.
- Байгальтай арай л ойр өснө дөө. Гудамжны зэрлэг ч бай, хашаандаа тарьдаг ногоо ч бай бүгд ургамал. Золбин ч бай, тэжээдэг ч бай нохой байнаа л гэдэг чинь амьтантай харьцах нэг боломж. Цемент ухаж болохгүй, харин шороо ухаж болдог гэх мэтчилэн бодохоор яалт ч үгүй байгальд илүү ойр байгааз. Над мэтийн байрны хүүхдэд ийм боломж байгаагүй нь үнэн юм чинь.
- Зан заншлаа харьцангуйгаар сайн мэддэг болно. Харьцангуйгаар гэж байна шүү. Ядаж л хаашаа ч хамаагүй харуулж барьсан орон сууц биш, анхнаасаа тааруулж барьсан байшинд амьдардаг юм чинь. Монгол гэрийн тухай бүр дурсаа ч үгүй байна.
- Гоё эрх чөлөөтэй. Ямар манай хүүхдүүдийг барилдуулахгүй гэж паар нүдэх доод айлтай ч биш. Дусаал гоожуулж ус алдах дээд айлтай ч биш. Амьтан хүнд гай болох нь бага, амар тайван.
- За хамгийн мундаг давуу тал нь Land Lord. Газартай хүн гэдэг чинь шал өөр. Дуртай юмаа л хийнэ.
- Тухайлан газартай учраас машин, зогсоол, гарааж гэж лав айлтгүй.
- Их дургүй хүргэвэл нохой битгий хэл, заан тэжээнэ. Яадын, танай байшин дээр баагаа юу?
- Сууцны хувьд байрныханд огт байдаггүй мундаг давуу талтай. Тэр юу гэвэл байршлаа өөрчлөлгүйгээр сууцаа томруулж болно, багасгаж болно, дургүй хүрвэл нураагаад хаясан ч өөрийн дур.
гэх мэт.... гэх мэт "хийхээ хүрвэл арга цөөдөхгүй, хиймгүй бол шалтаг мундахгүй" гэдэг шиг давуу тал, боломж олоон олон.
Ингээд харахаар дүндээ нэг л юм харагдаж байгаа. Гэр хороолол нь хувь хүндээ онцгой ашигтай бөгөөд нийтийн зүгээс хортой мэт харагддаг. Гэдэг нь гэр хороололд тавих нийтийн анхаарал, төрийн халамж шууд орхигдоно. Мэдээж бас, зай талбай том, алслагдмал гэх мэт яалт ч үгүй хүчин зүйлс байгаа учраас угаасаа анхаарал халамж тавихад ч хэцүү л дээ. Түүнээс санаатай гадуурхаад ч байгаан биш.
Тэгэхээр үүнийг хялбархан шийдэх зарим нэг "сүркээ сүркээ" санаанууд байгаагаас та бүхэнтай хуваалцсугай. Үүнд:
1. Гэр хорооллыг нүд үзүүрлэх анхдугаар шалтаг бол мэдээж утаа. Утаанаас салах үй түмэн ажил, асар их мөнгө зарцуулсан боловч аль нь ч бүтэлтэй болсонгүй. Уг нь бүрэн шаталттай зуух, утаагүй түлш гэдэг бол тун муугүй санаанууд шүү. Зардал мөнгөний механизмыг нь ч сүрхий шийдсэн. Гэхдээ нэг юмыг нь буруу хийсэн. Айл болгонд зуух тараах гэдэг нь. Түүний оронд утаа гаргадаг 100 жижиг яндангийн оронд 1 том утаагүй яндан гэдэг байдлаар асуудлыг шийдсэн бол яах уу? Утаагүй боловч хор бол мэдээж байна л даа. Гэхдээ 1 утаагүй яндан нь 10 утаатай яндангийн дайтай хор ялгаруулах боловч 100 утаатай яндан шиг дулаан ялгаруулна гэхээр яаж байна? Утаа шууд 10 дахин багасаа хаясан. Аягүй бол 100 дахин ч байж мэднэ. Яг хэр зэрэг багасхыг нь технологи шийднэ.
2. Гэр хорооллынхныг өрөвдөж үзэх 2-р асуудал нь цэвэр ус. Койка нь ч билүү, Жайка нь ч билүү, бүр Христ нь ч билүү, лав л манай нам засаг биш юмдаг, гэр хороолол болон зуслангийн бүсүүдэд хэдэн гүний худаг ухаж өгөв шд. Жаахан бяртайхан айлууд зөвхөн өөртөө гүний худаг ухуулчихдаг л байх. Гээд байсан чинь Улаанбаатарын газрын гүний усны нөөц гэдэг чинь харин балрах тийшээгээ хандаад байгаан биш үү? Тэгэхээр ийм байна. Айл болгон дор хаяж 20-30м гүн худаг ухаад, тэрнийхээ насосыг ажиллуулах гэж 380 татаад байвал усны ч тэр, цахилгааны ч тэр нөөц чинь хүрэхгүй ээ. Бас тийм ойрхноос сайн ус ч гарахгүй. Тиймээс 100 айлын дунд 200м-ийн гүнтэй ганц сайн худаг ухаад, тэрнийгээ түрүүнийхээ зуухтай зэрэгцүүлээд барьчихаар ус болоод дулааны асуудал нь тун эвтэйхэн шийдэгдчихнээ гэж бодож байна.
3. Гэр хорооллыг үгүй хийх ёстой 3-р шалтгаан нь бохир. Байшин дотроо паалантай жорлон угсарсан айлуудын хувьд бохироо 2 янзаар шийддэг. Нэг нь том ёонгос булах, эсвэл газарт нь шингээх. Аль нь ч байсан соруулдаг юм байна лээ. Айл болгоны хувьд соруулах гэж овоо мөнгө төлдөг биз. Сорж авсан баасаа дараа нь яадаг бол? Арай Туул гол уруу??? Түй түй түй, битгий тийм байгаасай. Тэгэхээр энэ зовлонг мөн л дээрхийн адил 100 айлын дунд нэгдсэн нэг бохирын систем байхаар шийдэж болно. 100 ихдээд байвал 10 айлын дунд 1 байсан ч болно. Айл болгон хашаандаа нүх ухах гэж, ёонгос булах гэж ажил болохгүй. Ганц газар дорвитойхон нэг л нүх ухна. Гүээ ядаж, баасны машин айл айлаар шагайгаад гудамжаар нэг өмхий самхай тавиад энд тэндгүй тэнээд байхгүй, ганц газар бичкээн үнэр тарьчихаад гялс явчихна.
4. Гэр хорооллынхонд хэцүү тусдаг 4-р зүйл бол цахилгаан эрчим хүч. Тогных нь хүч хүрдэггүй тул айлын гэрэл чүү ай ёлтойно, зурагт нь шатчихгүй бол их юм. Арга ч үгүй биз дээ, нэг шонгийн модноос хорь гучаараа зүүгдчихээр чинь. Ингэж олуулаа шамбааралдахаар галын аюул гэж юм үүснэ. Гээд л гамшиг зовлон хөврүүлээд байвал үргэлжлээд л байх. Тэгэхээр ийм зовлонгийн шалтгаан нь юу вэ гэхээр цахилгааны дэд өртөөнүүдийн хоорондын зай холдоод, чадал мөхөсдөөд байдгаас улбаатай. Уг нь гэр хороолол дунд ямар ч айлаас илүү цахилгаан хэрэглээтэй зөндөө хувийн жижиг үйлдвэрүүд бий, тэд саадгүй ажиллаж чаддаг. Яагаад гэвэл тэд өөрсдийн дэд өртөөтэй байдаг юм. Хэрэв ийм гоё, чадалтай дэд өртөөнүүдийг ойр ойрхон буюу жишээлбэл 100 айлын дунд нэгийг шийдээд байвал яахуу, сайжрах уу? Хариулт нь тийм. Тэгээд яагаад шийддэггүй юм? Хариулт нь "Тэр чинь майр үнэтэй"
5. Гэр хорооллыг өөд нь татах 5-р ажил бол орчны тохижилт. Энэ тал дээр бол ямар ч асуудалгүй, шууд хүчиндэнэ. Яаж гэхээр, нэгд айл болгоныг хашаандаа мод тарь гэнэ. Тэгээд хашааны гадуур бут тарь гэнэ. Мэдээж ойр орчноо зүлэгжүүл гэнэ. Тэгээд халтар модон хашаагаа соль гэнэ. Гудамж гудамжаараа жигдэр гэж шаардана. Тэгээд үүнийг хийснийх нь төлөө "100 айл" гэдэг төсөлд хамруулна. "100 айл" гэдэг нь яахав дээ, түрүүчийн 4 ажил, тэгээд нэмэх нь хучилттай зам, бас хүүхдийн тоглоомын талбай.
100 айл төслийг хэрэгжүүлэхэд мэдээж төрөөс тодорхой мөнгө гарна. Тэр мөнгийг заримыг нь зээлж олно, заримыг нь татвараас санхүүжүүлнэ, заримд нь сурснаараа гуйлга (хандив) гуйна. Төр бүгдийг нь санхүүжүүлж дийлэхгүй нь тодорхой тул гоё болох гэж байгаа айлууд өөрсдөө нэлээд мөнгө гаргана. Заримд нь мөнгө бий, заримд нь байхгүй. Байхгүйд нь зээл олгож болно. Гол нь гоё болохын тулд санал нэгтэй байх хэрэгтэй. Санал нэгтэй улсыг дэмжиж бололгүй яахав.
Яагаад шамбааралдан суудаг шавар байшинг шал талбайгаар нь хэсэгчлээд барьцаалж болдог мөртлөө энэ дэлхийгээс эгнэгт салахгүй эх газар барьцаалж болохгүй гэж??? Яагаад цалингаас өөр орлогогүй хүнд зээл өгч болоод байгаа мөртлөө "их дургүй хүргэвэл ногоо тариад зары шүү" гэж ч болох, цалин царайчлахгүй байж чадах хүнд зээл өгч болдоггүй билээ?
Тэдэнд байшин барих, байгаагаа сайжруулахаас гадна дундын дэд бүтцийн байгууламждаа зарцуулах мөнгийг нь зээлээр олгочих л доо. Яс юман дээр, саяхан 30 сая байсан наад ямбий хашаа чинь чамайг 100 саяын зээл өгсний дараа шууд 300 саяын үнэтэй болж, чиний барьцаа чинь бүр баталгаажна биз, мөн үү?! Тэгээд ч ийм үнэтэй болсон барьцаагаа алдах тэнэг хүн гэж гарах уу? Алдахгүйн тулд зээлээ умалзуулаад байдын байгааз дээ.
Харин гэтэл орон сууц яажына? Юун үнэ цэнээ нэмэгдүүлэх, улам л хуучраад, мияараад л байна шүү дээ. Өнөөдөр 200 саяар авсан байшин хойтон үнээ барих уу? Баталгаа өгч чадах уу? Зээлээ яг төлөх үү? Сайн бод, сайн бод.
Свот шинжилгээгээ үргэлжлүүлсүгэй. "100 айл" төсөл хэрэгжвэл гарч болох сөрөг талуудыг тоочвол:
- Орон сууцны үнэ шалдаа бууж, барилгын компаниуд бөөн бөөнөөрөө дампуурна.
- Орон сууцны үнэ буурснаас шалтгаалан барьцааны баталгаа муудаж банкууд баларна.
- Нүүрс зарагдахаа байж нүүрсний ченжүүд эхлээд, улмаар нүүрсний уурхайнууд сүйрнэ.
- Нүүрс ийм болж байхад модныхон будаа болох нь хэнд ч ойлгомжтой.
- Улс орон даяар "ажилгүйдэл" нүүрлэнэ. Гэхдээ хачирхалтай нь, энэ ажилгүйдэл эдийн засагт муу нөлөө үзүүлэхгүй.
- Гэр хороололд амьдардаг хүмүүс аймаар залхуу болно. Тэд нар усанд явахгүй, түлээ хагалахгүй, нүүрстэй хутгалдахгүй, хэвтэж л байдаг болно. Тэгэхээр улс орны хэмжээнд биш юм гэхэд Улаанбаатарын хэмжээнд таргалалт аюулын харанга дэлдэнэ.
- Гэр хорооллынхон халтар явахаа байна. Танай хүүхдүүдэд "шоолох" юм байхгүй, уйтгартай байдаг болно.
- Sky resort дампуурч орлогогүй болно. Яагаад гэхээр нөгөө гэр хорооллынхон чинь довцог болгон дээр цанын бааз байгуулчих бөгөөд гудамж гудамжаараа талцаж уралддаг болно.
гэх мэт.... гэх мэт сөрөг талууд асар олон гарна. Би "муу тал" гээгүй шүү, "сөрөг тал" гэж байна. Жаахан маазарчихлаа, соорий.
Ерөнхий зарчмыг нь ойлгосон тул цааш үргэлжлүүлье. Тэгэхээр 100 айл дундаа өөрийн гэсэн цахилгаан, дулааны станцтай, цэвэр усны худагтай, нөөцийн сантай, цэвэрлэх байгууламжтай байх нь. Мэдээж тэнд нь ажиллах хүмүүс хэрэгтэй. Тийм хүмүүсийг юу гэж нэрлэнэ гээ? СӨХ гэсэн ч болно, ГӨХ гэсэн ч болно. Боловсон хүчин бол зөндөө бий. Гагцхүү тэднийг сургах хэрэгтэй, зохион байгуулах шаардлагатай.
Тэгэхээр эхний ээлжинд иймэрхүү байдлаар айлуудыг зуу зуугаар нь багцалчихаж болж байна. За одоо томоор хар. Өөр хоорондоо тодорхой хэмжээний зайтай цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зангилаанууд байна. Нэгтгээд холбох уу, яахав? Та шийд.
"100 айл" төслийг хэрэгжүүлчихээр бүх гэр хороолол тэр чигээрээ ийм болно гэж бодож байна уу? Арай ч үгүй ээ. Яах ч аргагүй, яалт ч үгүй техникийн шийдэл нь боломгүй газар, байршил гэж байна. Бас яг хийсэн, яаж ч болдоггүй ядуу айл бас байна. Гэлээ гээд тэд тийм олон гарахгүй. Тэднийг хэрхэх талаар явц дунд нь шийдэж болно, эсвэл өөр хувилбар бодож олж болно. Энэ чинь олонхийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьдаг ардчилсан нийгэм мөн биз дээ.
Харин одоо энэ сайхан санааг бүтээх, ажлыг хийх боломж олгох, амжилтаа бататгах гол нөхцөл, шаардлагыг нь зааж өгье. Энэ хамгийн чухал нь юм шүү. Нөгөө утаагүй түлшний үйлдвэр гэж бодож байна уу? За үгүй дээ, гэхдээ мэдээж наадах чинь маш чухал. Түүхий нүүрс түлээд унавал яндангаа цөөлсний ач тус гэж үгүй болчихно. Зуух уу? Бас л биш. Чухал нь ч чухал л даа. Угаасаа технологийн шийдэл гэдэг чинь мэдээж чухал. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь юу вэ гэвэл...
Улаанбаатарын суурьшлын бүсийн хил хязгаарыг тодорхой болго, бүсчил. Энэ улсад хаашдаа 100 сая хүн амьдрахгүй нь ойрын 100 жилдээ тодорхой тул Улаанбаатарыг 20 сая хүнтэй байна гэж бодоогүй л юм бол хил хязгаарыг нь тогтоо. Тэгэхдээ "энэ хэсэгт орон сууц барина, энэ хэсэгт гэр хороолол нь байна. Энэ хооронд айл байтугай, амьтан ч буулгахгүй. Энэ бол эзгүй бүс" гээ л. Үүнээс цааших нь дагуул хот гэнэ үү, зуслангийн бүс гэнэ үү, пад алга. Ямар ч байсан Улаанбаатарт хамаарахгүй, өөр хаягтай, өөр засаг захиргаатай газар байг. Хамгийн гол нь Улаанбаатарын эзгүй бүсэд л суурин байтугай нүүдэлчил айл бууж суухыг нь ч хатуу хоригло. Нэг л ялаа суувал тэр чигтээ үүрлэчихнэ шүү. Бид чинь нүүдэлчин түмэн шүү дээ. Ээ дээ, үүнийг л санаж яваарай.
Төгсгөлд нь хэлэхэд, бидний цөөн хэдхэн Монголчууд тархай бутархай байж боллоо. Одоо жаахан нэгдэж, хамтарвал яасан юм бэ? Орчин тойрноо эмхлэх, орон гэрээ засах ч хамгийн энгийн л асуудал шүү дээ. Тэгээд нөгөө талд нь хариуцлага. Муу ч бай, сайн ч бай хуулиа сахин биелүүлцгээе. Муу хууль гаргуулахгүйн тулд эхнээс нь сайн оролцоцгооё. Харин оролцуулахгүй байвал...
Tuesday, August 19, 2014
ГЭР ХОРООЛОЛЖУУЛАЛТ
Subscribe to:
Posts (Atom)