Tuesday, January 18, 2011

МИНИЙ ГЛОБАЛЧЛАЛЫН ТУХАЙ БОДОЛ БУЮУ БИДНИЙ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ

КомедиАрт продакшны “Глобалчлал” гэдэг хошин үзэгдлийг Соёмбо телевизээр үзлээ. Инээе гэж үзсэн биш харин шал өөр сэтгэгдэл төрөв. Марзан шовгорууд чинь уул нь Монгол гэдэг юм бүхэн хэт глобалчлалын аясаар сөнөх нь ээ гэсэн зүйл үзүүлэх гэсэн бололтой. Онцлог нь би гэж “дурак” тас эсрэгээр нь хүлээж авдаг юм байна. Би бол согтуудаа гэрээ байгуулж хэлэх гэсэн санаагаа буруугаар ойлгуулчихсан спонсор Дооёогийн талд биш, харин ч яг миний үзэл бодлыг зөвөөр нь буюу илэрхий тодорхойлсон найруулагч Амбийгийн талд орчихлоо.

Тоглолтонд Араб морин хуурчийн татлаганд Япон хүүхнээр уртын дуу аялуулж, Монгол хоршоо дууг Энэтхэг хүүхнээр дуулж бүжиглүүлсэн, Орос хүүхнээр Хятад дуу дуулуулж Хятад залуусаар Орос бүжиг хийлгэсэн хуурамч хэдий ч үнэн гоё концерт гарч байх юм. Концертын онцлог нь дээрх бүх үзүүлбэрийг үзүүлэгчид бүгд үндэснийхээ хувцастай байж, үндэснийхээ аялгаар дуулж, үндэснийхээ хэв маягийг илэрхийлэх боловч шал өөр улс үндэстний дууг дуулж, бүжгийг бүжиглэх нь надад тун чиг их таалагдлаа. Таалагдсан учрыг тодруулах үүднээс үгийн урнаар дуулагч, үзэгний хурцаар бүжиглэгч сэтгүүлч Б.Цэнддоо гуайн үг санаанаас хэсэглэн буулгая.

“Дэнлүү, байцаа, хуйцаа зэрэг нь хэдий нанхиад гаралтай эд зүйлс мөн боловч бид нэгэнт эдэлж, нэрлэж заншсан. Тэр байтугай хантааз гэдэг хувцсыг монгол үндэсний хувцас гэж андуурах болсон зэргээс үндэслэн дүгнэх ахул өдгөө бид гадны алив зүйлийг эсэргүүцэн үгүйсгэж, ангилан ялгаварлах нь буруу юм. Угаас нүүдэлчин түмний, тэр дундаа монгол угсаатны бусдаас гоц сондгойрох онцлог нь аливаа ашигтай, тустай зүйлсийг өөриймшүүлэн эзэмших, хэрэглэх чадвар юм. Үүнийг түүх шастирт тодорхой өгүүлсэн нь олонтаа тохиодог билээ” гээд “Миний бие монгол хүн ярьж байгаа бол монгол хэл, монгол хүн өмсөж байгаа бол монгол хувцас, монгол хүн идэж байгаа бол монгол хоол гэж хөрвүүлэн ойлгож, гагцхүү уг зүйлийн гарал үүслийг нь марталгүй, үндэсний гэж эндүүрэвзэй, угийн гэж андууравзай хэмээн айдаг” гэснийг нь үнэн үг, шар тос гэж би талархан дэмжиж байдгаа нуух юун. Үүнийг л би глобалчлал, даяарчлал хэмээн ойлгож, энэ агуу зүйлийг анхлан санаачлагчид нь миний, таны, бидний эцэг өвгөд гэж бодохоос бор зүрх минь цээжнээ багтахыг болин хөөрдөг билээ...

Ер нь ингээд боджээ байх нь ээ, эрт цагт амар ч байж уу? Ойлголцох гэж нэг их зовдоггүй, ойлгуулах гэж толгойгоо зовоох ч шаардлагагүй. Ойлгохыг хүсээгүй нь алалцъя гэнэ, ойлгуулах гэж нэг их ч зовохгүй, ойлгуулмаар бол алаад л гүйцээ. Надад үүнийгээ өгөөч, түүнийг аваач гэж гуйх хэрэг байхгүй, өгмөөргүй бол, авмааргүй бол алалцаад л дуусаа. Хэн хүчтэй нь хүссэнээ биелүүлнэ. Энэ бол аксиом. Нэг тиймэрхүү ганцхан үндсэн заалт бүхий бичигдээгүй, хэлэлцүүлээгүй теором шиг батлах шаардлагагүй, аксиом шиг үнэн үндсэн хууль орчлон ертөнцөд үйлчилдэг байж. Тэр л айхтар үед сайн ч бай муу ч бай бидний өвөг дээдэс цоорсон нэгнийхээ үгэнд ороод дэлхийг тун чиг санамсаргүй маягтайгаар эзэлчихсэн нь гарцаагүй үнэн. Тэр цоорсон нэг толгой, Чингис гэдэг нөхөр тэс өөр юм бодож үл өгсөн эд хөрөнгийг нь булааж авах гэсэндээ биш, харин эс гуйсан энх амгаланг нь биеэр нь мэдрүүлэх гэсэндээ даян дэлхийг нэгэн тугийн доор нэгтгэх их үйлсийг эхлүүлсэн нь глобалчлал билээ.

Харин энэ агсамнаж эхлүүлсэн глобалчлал аандаа өрнөн хөгжих эрин үед төрсөн миний бие зөв бодсондоо (магадгүй буруу ч байж мэднэ) хятад хүнийг орос хүнийг япон хүнийг герман хүнийг солонгос хүнийг, өөр хэн ч бай, угаасаа ор байгаагүй “америк үндэсний” хүнийг үзэн ядах биш, харин тийм үзэл санааг үзэн ядах хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Тодруулан тайлбарлах үүднээс ардчиллын алтан хараацай УИХ-ын эрхэм гишүүн, Монгол улсын баатар Э.Бат-Үүл гуайн (mister болон madam гэх мэт хүндэтгэлийн үгийг бошгыг халснаас хойш хүний тайж, харцыг нь ялгахгүй болсон тул монгол хэлэнд ноён, хатагтай гэж буулгаснаас илүү авгай буюу гуай хэмээн орчуулах нь зүйтэй хэмээн би боддог) үгийг иш татсугай.

Тэрбээр “Угаас хүмүүнийг үндэс язгуур, угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхах, дорд үзэн үгүйсгэх нь өнгөрсөн зуунд булшлагдан устсан утга агуулга, хэлбэр шинжээр ч нэн ядуу харанхуй мунхаг, нарангүй манант үйл мөнийг Сталины геноцид аллагыг бодитоор мэдэрсэн буриад зоны төлөөллийн хувьд нотлон тэмдэглэмээр байна. Би хятад хүнийг үзэн яддаггүй, харин коммунист Хятад улсын увайгүй шунал, дээрэнгүй үзэл, нялуун нүүр, бурангуй бодлогыг чадахын хэрээр эсэргүүцнэ, тэмцэнэ, үүнийг ч үеийн үедээ дамжуулна. Ганц өнөөгийн коммунист ч бус урьд өмнөх, үүх түүхэнд дурсагдан бичигдсэн өмхий далд санааг нь удам судраараа эсэргүүцэн тэмцэж эх Монгол орныхоо төлөө амь үл хайрлан тулалдаж явсан өвөг дээдсийнхээ уламжлалыг ч сахисан тэр, ирээдүйд ямар ч байсан тэр, гагцхүү надад эсэргүүцэх, үзэн ядах сэрлийг төрүүлэгч нь Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг аливаа үзэл санаа, үйл хөдлөл юм. Түүнээс би амьдрал хөөж, ажлаа хийж яваа эгэл нэгнийг хятад хүн болж төрснийх нь төлөө үзэн ядаж, хавчин гадуурхахыг хэзээ ч өөгшүүлэн дэмжиж чадахгүй” гэснийг цохъё.

Өөрөөр хэлбэл, товч тайлбарлавал, нэгтгэн дүгнэвэл, гүйцээн өгүүлбээс ажил хийх гэж, амьдрал хайж орж ирсэн тэр олон тэнэг, бүдүүлэг хужаа (гагц хятад биш, америк, солонгос, орос, англи, итали, өөр хэн ч бай)-г биш, тэднийг оруулж ирсэн, тэдэнд боломж олгосон хужаа үзэл санааг, монгол хүнийг ажилгүй анхилгүй, арчаагүй хөсрий яс, өөдгүй хөгийн новш болгох гэсэн тэр өмхий ухааныг, үзэл санааг л би үзэн ядна. Энэ бол миний глобал санаа, манай үндэсний үзэл, бидний эх оронч сэтгэл...

Read more!

Saturday, January 15, 2011

САЙН БАЙНА УУ? БАЯРТАЙ

Оюун санааны буюу соёлын хувьсгалаа үргэлжлүүлье. Бараг 3 жилийн өмнө талархах болон өршөөл эрэх тухай бичсэн бол одоо мэндчилгээний тухай өгүүлэхийг хичээлээ.

Хувийн харилцааны соёлд нэг ийм бичигдээгүй дүрэм байдаг. Эр хүн дотно харьцаатай (гэдгийг дан ганц хайр дурлал гэж ойлгох албагүй, ээж, эмээ, эгч, охин, найз... өөр хэн ч юм) бүсгүй хүнд гараа түшүүлэн (сугадуулан) явах үедээ эмэгтэйгээ баруун гар талдаа авч явах учиртай гэж. Энэ нь гүн хүндэтгэж буйгаа илэрхийлж байгаа хэрэг юм. Харин цэргийн хүн бүсгүйгээ зүүн талдаа авч явна. Учир нь тэд бусадтай мэндлэхдээ дүрмийн дагуу ёслон мэндчилэх тул баруун гар нь сул чөлөөтэй байх ёстой. Эндээс л мэндчилгээний ялгааг ойлгож, мэдрэх энгийн зарчим тодорхой харагдана.

Юу гэх гээд байна вэ гэвэл хамт ажиллагчтайгаа мэндлэх нь найзтайгаа мэндлэхээс тэс өөр гэдгийг л хэлэх гэсэн юм. Дотно сайн андтайгаа сайн байна уу гэх нь ер зохимжтой сонсогдохгүй, харин товчоор сайн уу, эсвэл орчин үед нэгэнт хэвшил болоод байгаа "юу байна" гэхэд илүү дотно, хөнгөн сонсогддог. Үнэн хэрэгтээ юу байна гэдэг маань "ахуй амьдрал, ажил төрлөөр чинь сонин сайхан юу байна" гэсэн утга төгс, урт мэндчилгээний л товчлол юм. Товчоор мэндэлж буй анд нөхдийн хувьд ихэнх тохиолдолд ойр ойрхон тааралддаг, тогтмол уулзалддаг хүмүүс байдаг бөгөөд ингэж богинохноор амар мэндээ мэдэлцэх нь нэг талаар тэдний цагийг хэмнэж зөвхөн сүүлийн үеийн, гол мэдээллээ солилцох, ярианы үндсэн сэдэвтээ орох боломжийг олгодог.

Харин урт удаан хугацаагаар тааралдаагүй, тогтмол уулзалддаггүй анд нөхдийн хувьд мэндчилгээний хэсэг нэлээд урт үргэлжилдэг талтай. Угаас тал нутгийн нүүдэлчин монголчууд байнга уулзалдаад, тааралдаад байх нь ховор тул ерөнхийдөө нэлээд удаан, буурь суурьтай мэндчилдэг. Ахуй амьдралын онцлогоос шалтгаалан тархай бутархай амьдардаг индивидуалист шинж чанартай хүмүүсийн хувьд мэндчилгээ байтугай нийтээр тэмдэглэх баяр ёслол нь ч нэлээд том, урт удаан байдаг. Энэ бүх онцлогийг та бид сарны хуанли буюу билгийн тооллын шинэ жилийн баяр болох цагаан сараар “Даага далантай, бяруу ...” гэхчлэн ултай суурьтай мэндчилгээнээс тодорхой хардаг билээ.

Монголчуудыг дандаа уртаар мэнд мэдэцгээдэг гэж ойлговол дэндүү өрөөсгөл болох бөгөөд зарим мэндчилгээ нь богино гэхэд хэтэрхий богино, тэр байтугай үг дуугаралгүйгээр мэндлэх нь ч бий. Энд хожим өрнөөс нэвтэрсэн, гар даллах, толгой дохих зэрэг дохионы хэлийг хэлсэнгүй, харин морьтой хүмүүс яарч явах үедээ тааралдахдаа морьноосоо буулгүйгээр нэг хөлөө дөрөөнөөсөө мултлах хөдөлгөөн хийж мэндлэх ёсыг хэлсэн билээ.

Монголчуудын хувьд өдөрт олон удаа мэндлэх нь төдийлөн хэвшил болоогүй зүйл юм. Үүний тод илрэл нь “Өглөөний мэнд хүргэе” гэж мэндлэхэд, хариуд нь “Баярлалаа” гэдэг утга авцалдаагүй хариулт сонсогддог явдал юм. Хэрвээ англи хүнийг “Good morning” гэж мэндлэхэд нь “Thank you” гэж хариулбал тэр эрхэм таныг юу гэж ойлгох вэ?! Олон нийтэд дасал болоод байгаа энэ мэт мунхаг, бүдүүлэг, соёл гэхээсээ солиорол гэмээр зуршлыг үгүй болгоход хүн бүхний хичээл зүтгэл нэн чухал.

Энд нэгэн сонирхолтой асуудлыг хөндөхөд дорнын мэндчилгээ нь өрнийн ёсноос нэлээд өөр буюу ихэвчлэн асуусан чиг хандлагатай байдаг. Жишээлбэл, хятадын эртний уламжлалт мэндчилгээ нь "Та хоолоо идсэн үү", хариуд нь "Идсэн, та хоолоо идсэн үү" гэх жишээний. Монголчуудын хувьд энэ сэдэв бүр өргөн хүрээний болж нийт мэндчилгээний дийлэнх нь асуулт байдаг. Тухайлбал, "... сайхан өвөлжиж байна уу?", эсвэл "... зуслан сайхан уу?", ердөө л "Юу байна?" гэх мэт дан асуулт.

Ийм ч учраас хүн юм асуухад хариулна, нэгэнт чамаас асуусан учир чи бас асуух хэрэгтэй, тэгэхээр цаадах чинь бас хариулна. Ингээд л бидний мэндчилгээ өрнийнхний мэндчилгээнээс дор хаяж 2 дахин урт болчихно. Асуултын бус шинж чанартай бусад мэндчилгээнүүдийн хувьд дандаа ерөөсөн чиг хандлагатай. Өөрөөр хэлбэл "хожил хоёр тийшээ", эсвэл "мөр цохь", "үйлс бүтэг" гэх мэт ерөөлийн мэндчилгээний хариу нь товчхондоо "ерөөл бат оршиг" гэх маягийн талархал. Тиймдээ ч тэр үү бид асуугаагүй, бас ерөөгөөгүй өрнө дахины ердийн мэндчилгээнд хариу мэндлэхдээ жаахан будлиад байгаа юм.

Харин будилахгүй сайхан өөриймшүүлж байгаа нэг мэндчилгээ бол "Hi" буюу "Юу байна". Үнэн хэрэгтээ "юу байна" гэдэг мэндчилгээ маань дээр дурьдсанчлан асуултын шинж чанартай боловч эхлэн мэндчилэгчийн зүгээс хариулт нэхээгүй гэдэгт гол асуудал нь байгаа юм. Ахмад хүмүүс "юу байна", "юмгүй" гэдэг мэндчилгээнд жаахан таагүй ханддаг. Гэвч үнэнийг хэлэхэд тэдний ая муутай байдгийг тоох хэрэггүй. Өнөөгийн нийгэм, эрин үе маань хүссэн хүсээгүй дэндүү "аймаар" даяаршиж байгаа учраас үүнийг болиулах ямар ч аргагүй. Харин бидний гол анхаарал хандуулах ёстой зүйл бол заавал мэндэлж сур, тэгэхдээ зохимжтой хүнд нь зохистой янзаар мэндэлж сурах шаардлага.

Мэнд мэдэх нь эцсийн дүнд аливаа харилцааг угтах урьдчилгаа ёслол бөгөөд үүнийг гар барих, мэхийн хүндэтгэх, инээмсэглэх зэрэг үйл хөдлөлөөр баталгаажуулах нь хойшдын үр дүнд эергээр нөлөөлөх, хожмын үйлийг сайнаар хөтлөх их эхлэл болдог. Ийм ч учраас мэндчилгээ бүр нарийн нандин утга агуулгатай бөгөөд хөнгөн хуумгай, хэлбэр төдий зүйл огт биш, үг үсэг, үйлдэл бүр нь нэгэн цогц болж байдаг харилцаа холбооны бүхэл бүтэн систем юм. Ерөөс мэндчилгээ нь бусдыг хүндлэх замаар өөрийгөө хүндлүүлэх, нийгэм дэх байр сууриа батжуулах хамгийн том арга зам, хамгийн эхний алхам билээ.

Нэгэнт угтаж чадсан бол үдэж чаддаг байх ёстой бөгөөд хоёр талын харилцаа хаашаа ч эргэсэн бай харилцагчдаа тааламжтай, эерэг сэтгэгдэл үлдээх нь мэндчилгээний хамгийн чухал зангилаа, хөндүүр цэг юм. Хэрэв энэ удаа сайнаар үдэж чадвал, дараагийн удаа муугаар угтуулна гэж айх шаардлагагүй. Угталт, үдэлтийн уялдаа холбоог хэр зэрэг сайн зохицуулна, төдий чинээ өөрийн үнэлэмжээ хадгална. Энэ бол хүн төрөлхтний нийтлэг дадал, нийгэмшсэн соёл.

Ерөнхийдөө нийтлэг үдэлт бол "Баяртай" буюу дэлгэрэнгүй утгаараа "Дараа уулзахдаа аз жаргалтай байх болно". Энэ хэллэг хэрхэн монгол хэлнээ нэвтэрснийг нарийн мэдэхгүй ч орос хэлний "до свидания" буюу "уулзах хүртлээ" гэсэн хэллэгийн орчуулга болов уу гэж таамаглаж байна. Миний бодлоор энэ их боломжийн үдэлт шиг санагдана. Учир нь уламжлалт монгол үдэлтийн хэллэг нь өнөө цагт хэрэглэхэд тохиромж муутай "Сайн яваарай", "Сайн сууж байгаарай" гэх мэтийн голдуу аз жаргал, амар амгалан хүссэн ерөөл байдаг. Арга ч үгүй биз, угаасаа өөр хоорондоо хол хол зайтай амьдран суудаг монголчуудын хувьд өдөртөө дахин дахин уулзаад байх нь хомс учраас уламжлалт монгол ахуйн хувьд үүнээс илүү тохиромжтой үдэлт гэж байхгүй байх. Энд нэг зүйл санал болгоход танил ах маань байнга "Амжилт хүсье" хэмээн үддэг нь хамгийн сайхан үдэлт шиг санагддаг юм.

... Намайг бага ангийн бяцхан сурагч байхад анги даасан багш маань бидэнд тэр үед нэгэнт хэвшил болоод байсан мэндчилгээг өөрчлөн сургасан юм. Багшийг орж ирэхэд бүхэл анги зэрэг босож “Та сайн байна уу” гэж мэндэлдэг, хариуд нь багш “Сайн байна. Сайн байцгаана уу, хүүхдүүдээ” гэх бөгөөд “Сайн” гэж нэгэн дуугаар урам зориг дүүрэн мэндэлсэн бид хичээлдээ ордог байв. Уг нь нийтэд тогтсон хэвшил ёсоор бол багш эхлээд “Сайн байцгаана уу” гэдэг, дараа нь хүүхдүүд “Сайн” гэж хариулдаг заншилтай байсан, магадгүй одоо ч тийм хэвээрээ байгаа байх. Харин манай анги өөр дадалтай байсан бөгөөд дунд ангид дэвшин орсон хойно сурсан заншлаараа мэндлэхэд багш нар эхлээд гайхан цочирддог, дараа нь баярлан урамшдаг байлаа. Хичээл дуусангуут буюу завсарлах хонх дуугарангуут бид ярс хийтэл босож "Баяртай, Баярлалаа" гэж багшийгаа үддэг байсан нь нэгд багшийнхаа цаг зохион байгуулалтыг хянаж "хонх дуугарлаа, та ажлаа дуусгана уу", хоёрт багшийнхаа хөдөлмөрийг үнэлж "цаг заваа зориулсан их хөдөлмөрт тань талархая" гэсэн тодорхой ойлголтыг төрүүлдэг байсан юм.

Read more!

Friday, January 14, 2011

АМЬДРАЛ ӨӨРӨӨ ГОЁ

Хуучин файлуудаа ухаж байсан чинь 5-6 жилийн өмнө өөртөө зориулж хийсэн төлөвлөгөөгөө олдог юм байна. Уг нь ч хүнд хэрэг болбол болохоор л төлөвлөгөө юм санж. Хэт хувийн шинж чанартай жижиг, бүрдэл хэсгүүдийг нь хасчихлаа. Сонирхсон нь хүн нь хуулаад авна биз.

Эрхэм зорилго (vision) буюу Амьдралын чиглэл:

Монголын ард түмэн, төр улсын хөгжил дэвшил, ирээдүйг сайн сайхан байлгахын төлөө өөрийн амьдрал, бие махбодь, ухаан бодол, үзэл санаагаа үнэнч шударгаар тууштай зориулна.

Амьдралын Үндсэн зорилго (mission) буюу Үхэхдээ үлдээх нь:

Өвөг дээдсээс хайрласан их хайр, ухааныг уламжлуулан өөрийн амьдрал, үйл ажлыг эрүүл саруул, тунгалаг тодхон, ухаалгаар удирдан зохион байгуулж хэний ч өмнө нүүр бардам, түмэн олон тойрон хүрээлсэн, хожмын хүмүүс бахархан дурсахуйц замналтай байж үр хүүхэд, хойч үеэ үлгэр жишээ болохуйцаар хүмүүжүүлнэ.

Үндсэн философи:

Бие ухаанаа ямагт эрүүл, зөв байлгаж, хажуу дахь хань ижил үр хүүхэд, дэргэдэх найз нөхөд, ах эгч дүү нараа дэмжин тэтгэх, хайрлан халамжлах, тэднээр хайрлуулах хүндлүүлэх замаар эрхэм зорилгодоо тэмүүлэн, үндсэн зорилгоо биелүүлэн явах нь миний эргэлтгүй барих амьдралын философи мөн.

Баримтлах стратеги:

1. Эрхэм зорилго, үндсэн зорилгоо байнга, үргэлж санаж цаг тухайн үеийн зорилтуудаа нягтлан бодож чиглүүлж, үйл ажлаа нягт уялдуулж байх
2. Хэзээ ч сэтгэлээр хоосрохгүй байх
3. Эрүүл мэнддээ байнгын анхаарал тавьж, эм эмнэлэггүй байхыг хичээх
4. Эргэн тойрноо байнга хянаж анхаарч, мэдээллээр баялаг байх
5. Анд нөхөд, амраг саднаа анхаарал халамжаар дутаахгүй байхад анхаарах
6. Эрдэм боловсролыг эн тэргүүнд бодож, тархиа байнга цэнэглэж байх
7. Эрхэлж буй ажил албандаа үнэнч шударга байж хоёргүй сэтгэлээр зүтгэх
8. Аль болох даруу төлөв байх

Read more!