Монгол улсын төсвийн орлого нь онцгой АТ, НӨАТ, гааль гурав дээр тогтдог гээд хэлчихэд бараг алдахгүй. Яахав, сүүлийн үед АМНАТ жаахан нэмэгдэх тал бий биз. Уг нь бол эрүүл саруул эдийн засагтай улс оронд бол ААНОАТ, ХХОАТ нь түлхүү байх ёстой. Энэ дундаас түмэн олонд тэргүүн зэрэгт нөлөөлдөг НӨАТ гэж нэг том "гай" байх.
Уг нь бол онолын үүднээс Монгол шиг үйлдвэрлэгч биш, хэрэглэгч улсад НӨАТ биш, худалдааны татвар байх нь тохиромжтой. Гэхдээ энэ удаа онол номлолыг хойш тавиад, бас хэзээ нэг цагт бид үйлдвэрлэдэг болно гэдэг итгэлээр жигүүрлээд НӨАТ-ын тухай хэдэн санал шүүмж хэлье.
Нэгдүгээрт, НӨАТ-ын босгыг болиул. Бүгд төлдөг болоё. Тэгээд хувь хэмжээг бууруул. Миний тооцсоноор бол 3% байхад болмоор санагдсан. За үүнийг бол бүгд мэдэж байгаа, хүсч байгаа. Харин төр засаг хийдэггүй. Яагаадыг бүү мэд.
Хоёрдугаарт, газар тариалан ХАА-н тоног төхөөрөмж гаалиар оруулж ирэхэд, стратегийн ач холбогдолтой Оюу-Толгой зэрэг төслүүд тоног төхөөрөмжөө оруулж ирэхдээ... гэх мэт цөөнгүй тохиолдолд НӨАТ-өөс чөлөөлдөг. Бүр хууль гаргаж байгаад шүү. Үүнийг болиул. НӨАТ-ыг бүгд төлөх ёстой. Тэр гаалийн тарифаасаа л чөлөөлдөг юм байгааз. НӨАТ-аас хэн ч чөлөөлөгдөхгүй.
Гуравдугаарт, экспорт хийдэг компаниуд НӨАТ төлдөггүй. НӨАТ-ын гол зорилго бол бүртгэл. Бүртгэлээр дамжуулан далд эдийн засгаас сэргийлэх зорилготой. Тийм учраас тэднийг чөлөөлөхөө болиё. Орлогоо нуун дарагдуулж байгаа ч юм билүү, тийм ээ?
Дөрөвдүгээрт, хэрэв НӨАТ төлдөг болчихвол экспорт хийдэг компаниудаа боож байгаан биш үү, эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ гэж та асуух гэж байна. Тиймээ тийм, таны зөв. Тийм учраас би НӨАТ-ын буцаалт гэдэг юмыг ганцхан Монгол улсын хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүнд өгье гэж хэлэх гээд байна. Бусад тохиолдолд буцаалт гэж байхгүй.
Гадаадын жуулчид Монголоос бараа аваад гарахад нь НӨАТ-ыг нь буцааж өгнө, экспортлогч компаниудад жилийн эцэст (эсвэл хагас жилийн тайлангаар, эсвэл улирлын эцэст ч байж болно) илүү төлсөн НӨАТ-ыг нь буцааж өгнө. Одооны сохор доголон буцаалт биш шүү. Жинхэнэ бэлэн буцаалт. Тоо ёсоор нь төлнө. Экспортлогчдоос ганц ч төгрөг илүү авахгүй.
Экспорт хийдэг компаниуд нь НӨАТ төлдөггүйгээсээ болоод НӨАТ-тай худалдан авалтаасаа НӨАТ-ын зөрүүгээ хасуулж чаддаггүй, зардал нь өсч, ашиг нь багасч хохирдог. Илүү ашигтай байгааз дээ? Эсвэл би буруу ярьж байж болно, тийм ашиг гарахгүй ч байж мэднэ. Гэхдээ экспортлогчдоос НӨАТ авлаа ч, буцаагаад өгчих тул ямар ч асуудалгүй. ОК?
Харин одоо хамгийн гол зүйл - хэрэгжүүлэх механизмыг нь ярия. Татварын ЕГ-ын сайтад байгаа статистикаас үзвэл (хуучин л юм, гэхдээ яахав зүй тогтол нь хэвээрээ байх) 2011 онд нийт 72.8 мянган ААН байсан ба үүнээс 17.4 мянга нь буюу 24% нь НӨАТ төлдөг аж. Эндээс харахад бүх ААН-үүд татвар төлдөг болсноор МТА-ны ажлын ачаалал 4 дахин нэмэгдэнэ. Гэнгүүт татварын байцаагч нарын орон тоог нэмэгдүүлнэ, төсвийн зардал өснө, өчнөөн асуудал гарна... гэж бодож байна уу, үгүй шүү.
Одоо бас ч гэж онлаинаар тайлан тушаадаг болчихсон. Энэ чинь их юмыг хөнгөвчилж өгч байна. Тэгэхээр хийгдэх ажил гэвэл маш ухаалаг програм хангамж, аварга том мэдээллийн сан, тэдгээрийг ажиллуулж чадах хүчирхэг техник хангамж шаардлагатай. Тайлан тушаадаг маягтыг бага сага өөрчлөгдөж магадгүй. Бусдаар онцын хийгээд байх ажил байхгүй.
Нөгөө НӨАТ-ын падаан гэж нэг ярвигтай юм байдаг даа. Тэр хэрэггүй, илүү ажил. Зүгээр л Сангийн сайдын тушаалаар батлагдсан санхүүгийн стандарт баримт байхад хаваасаг. ААН-үүд өөрсдөө хийчих юмыг төр урдуур нь орж илүү зардал гаргах шаардлагагүй. Гол нь тамганы бүртгэлээ л сайн хий, сайн хяна.
Тэгэхээр үндсэндээ НӨАТ-ын падаанаас бусдаар бүх процесс бараг хэвээрээ. Тухайлбал, ААН нь борлуулсан орлогоо тодорхойлохдоо худалдан авагчийнхаа регистерийн дугаарыг бичиж авна. Иргэдэд борлуулсан бол тусад нь бүртгэнэ. Үүнтэй зэрэгцүүлэн бусад ААН-ээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлаа тодорхойлохдоо нийлүүлэгчийнхээ регистерийн дугаарыг бичиж авна. Энэ бүхнийг нэгтгэхээр НӨАТ-ын тайлан болдог.
За одоо нэг талд нь худалдан авалтын зардал, нөгөө талд нь борлуулалтын орлого, аль алиных нь ард харилцагч ААН-ийн регистерийн дугаар. Энэ өгөгдөл дээр улс даяар НӨАТ-ыг нэгтгэдэг програм ажиллаад боловсруулалт хийж үр дүнг гаргаж ирнэ. Дараа нь татварын байцаагчид зөвхөн зөрүү гарсан, будлиан гарсан ААН-үүдтэйгээ тулж ажиллана. Ингээд л боллоо.
Дашрамд дурдахад тэмдэглэж авч байгаа регистерийн дугаар нь зөв эсэхийг шалгах боломжоор ААН-үүдээ хангах нь зүйтэй. Буруу зөрүү тэмдэглэснээс болоод баахан асуудал үүсэж магадгүй шүү дээ.
Жишээлбэл, хэн нэг этгээд (НӨАТ-ын өгөгдөл оруулж байгаа албан тушаалтан) санамсаргүйгээр өөрийнхөө худалдан авалт дээр өөр хаа хамаагүй ААН-ийн регистерийг биччихэж болно. Эсвэл санаатайгаар, зардлаа өсгөж харагдуулах гэсэндээ ч бичиж магадгүй, эсвэл өрсөлдөгчөө хорлох гэсэн санаархал ч байж болох юм. Энэ тохиолдолд хөөрхий "гүтгүүлэгч" ААН орлогоо нуун дарагдуулсан хэрэгт орно.
Уг нь ч борлуулагчаас өгсөн баримтгүй бол ингэж "гүтгэх" боломжгүй л дээ. Тэгээд ч нөгөө баримт дээр нь худалдан авагчийнхаа регистерийг тэмдэглэсэн л байгаа. НӨАТ-ын падаан байхгүй болгочихоор иймэрхүү асуудал гаргаж байгаа юм. Төр хэвлээгүй л болохоос бусдаар баримтын асуудал хэвээрээ шүү дээ.
Ингээд татварын байцаагч нар шалгаж тодруулах ажлаа хийнэ. Шалгалт дууссаны дараа хэрэв гүтгэлэг биш байгаад, мань этгээд үнэхээр орлогоо нуун дарагдуулсан бол нөхөж төлөх үүрэг хүлээнэ. Төлөхгүй бол тэгээд л дансыг нь хаана, үйл ажиллагааг нь зогсооно, хөрөнгийг нь битүүмжилнэ гэхчлэн төр өнөөх сурснаа л хийнэ биз. Харин гүтгэлэг байвал гүтгэсэн ААН, албан тушаалтныг....... Та яамаар байна?
Энэ механизмыг хэрэгжүүлэхэд эхэндээ нэлээн ядаргаатай санагдана, асуудал үүснэ, алдаа олон гарна. Мэргэжил нэгтнүүдийн маань ажлын ачаалал, хариуцлага нэмэгдэнэ. Гэхдээ ганц хоёрхон жилийн дотор л хэвшчихнэ.
Ер нь бол байна шүү дээ, энүүхэндээ гэж хэлэхэд, олон улсын жишгээр муу нягтлан бодогчоос болж дампуурдаг, сүйрдэг тохиолдол нийт дампуурлын 60% нь байдаг юм шүү. Тийм учраас 14 хоногийн курс төгссөн "би чадна"-уудаас бүтэн 4 жил номыг нь сонсож ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн боловсон хүчин илүү шүү гэж зөвлөе.
Энэ бүхний үр дүнд нийт бүртгэлтэй 120 мянган ААН-үүдийн дарагдсан орлого ил гарч ирнэ, ҮНБ өснө, татварын орлого өснө, далд эдийн засаг багасна, авилга буурна... За за, бүр ядарчлаа. Та өөрөө үргэлжлүүлээд бодчоорой.
Харин сөрөг тал нь татвар төлөх дургүй нөхдүүд компаниа хаагаад, хувь хүн гэдгээрээ бизнес хийх сонирхолтой болно. Болно ч гээд байх юмгүй, угаасаа л тийм хандлага их байдаг. Тэднийг "бат араа"-нд нь хийнэ. Тэр тухай дараа яримз.
ТӨР ОРШИХУЙ ДОР ТАТВАР БУЙ
ТАТВАР БУЙ ДОР ТӨР ОРШМОЙ
Saturday, February 28, 2015
НӨАТ
Subscribe to:
Posts (Atom)