Монгол угсаатан гаралтнуудаа уриалан дуудах утга санаа бүхий “Шороо ба Үндэстэн” хэмээх миний бичвэрийн талаар олон хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэний үндсэн дээр бас нэгэн бичлэгийн санаа төрлөө. Санаа төрөх ч юу байхав, бусдын бодлыг өөрийн бодолтой нэгтгэн бичмээр санагдав.
ЧОНО САНАА буюу ТӨРИЙН БОДЛОГО
Элэг нэгт Монголчууд маань газар газраас цуглаад ирэхийн хамт баахан проблемууд гараад ирэх нь дамжиггүй. Ялангуяа урд хойд хөршөөс суугуул орноо орхиод уугуул нутагтаа ирэх андуудтай минь хамт бидний хамгийн дургүй “хужаагийн” эрлийзүүд бөөн бөөнөөрөө ороод ирэлгүй яахав. За тэгээд тэднийг оруулахгүй байх арга чарга бодох хэрэг гарнаа. Монгол гэдгийг нь нотлуулахад л гол асуудал нь байх байлгүй. Монгол хүний ген гэж яг таг, бат нот нэг юм байдаг эсэх нь бас л эргэлзээтэй. За яахав, гялс судлаад нээгээд олчихдог юм гэхэд би л лав түүгээр нь шалгуулахгүй дэг. Гай болж чи Монгол биш гээд гараад ирвэл яах юм, бөөн сэтгэлийн зовлон. Ер нь есөн үеэ мэддэг хүн ч байсан 2-ын 8 зэрэг, дээд удмын нийт 512 хүнийг жинхэнэ Монгол хүн байсан эсэх нь хүртэл эргэлзээтэй шүү дээ. Тэгээд ч хэчнээн их дайн хийлээ, наад зах нь эрчүүд нь гэртээ тогтохгүй, гэрт нь энд тэндээс олзолсон элдэв хангайн боол зарц нөхдүүд. Түүх харсан ч тэр, яагаав нөгөө Добу мэргэн өөд болчихсон хойно Алунгоо хатан 3 хүүхэд төрүүлчихсэн шүү дээ. Аа бас баахан олзны эмс охид байна, тэд нь бас зөндөө хүүхэд шуухад гаргаа л байлгүй. Та бид бүгдээрээ л тийм хүмүүсийн үр сад, хэн нь ч ялгаагүй.
Тэгэхээр энэ арга бүтэхгүй. Тэгвэл геополитикийн аргаар “шалгаруулна” гэвэл бүр бүтэхгүй. Ямар Гуаньжоуд хэдэн удмаараа амьдарсан Монгол хүнийг хасаад Шилийн голд хэдэн үеэрээ байсан нэг гадагад нөхрийг иргэнээрээ бүртгэж авалтай биш. Энэ бас дэмий юм байна. Тэгвэл хэлзүйн үүднээс шигшье гэвэл яах бол? Монголоор ярьдаггүй хүнийг Монгол улсын иргэн болгохгүй гээдэхвэл манай тагнын урианхайчууд болох Тува нар тэр чигээрээ хасагдчихна. Наад зах нь нутаг нутгийн аялгыг бүр яана гэхэв. Тэгэхээр энэ бүр болохгүй зүйл байх нь.
За ерөөсөө больё, бүгдийг нь бүртгээд авчихъя. Угаасаа манай улс л нэг үндэстний улс болохоос дэлхийн ихэнх улс орнууд хэд хэдэн үндэстнээс тогтдог. Тэгээд ч үлдэж байгаа жаахан Монгол генийг хадгалж хамгаалах талаас нь арай сийрэг ухаанаар олон талаас нь бодож үзэхэд бяцхан цус сэлбэхэд гэмгүй л байх. Тэгэхээр өнөөдүүл маань орж ирээд хутгалдаад эрлийзэж, хурлийзжаад аажимдаа уусна биз гээд бодтол тэдний оршин суух газрынх нь талаар бодох хэрэгтэй болчихно. Тэгэхгүй бол орж ирсэн нөхдүүд бүгдээрээ нэг дор байгаад байвал ямар юмных нь генетик-селекци явагдах билээ.
Гэтэл 1,565 мянган хавтгай дөрвөлжин км өргөн уудам нутгийн дөнгөж 0.05 хувь хүрэхгүй газарт нийт хүн амынх нь 40 шахам хувь нь шахцалдан амьдарч байгаа нь шавар тагзандаа шавааралдан сууж буйгаас ялгаа алга. Уг нь нүүдэлчин соёл иргэншил музейн үзмэрт шилжиж, урбан соёл даяаршиж буй өнөө үед 20 гаруй хоттой манай оронд ингэж баасан дээр овоорох ялаа шиг нэг дороо бужигнаад байх шаардлагагүй л юмсан.
Гэвч нээрээ Монголд ганцхан хот байдаг юм байна. Бусад хотыг нь сум гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр ганцхан Утаанбаатарт амьдрах нь аргагүй юм байна. Тэгээд ч бусад суманд амин зуулга хайхад ч үнэндээ хэцүү. Гар утас авъя хөдөөгийн үнийн нэмэгдэлтэй. ЭмСиЭс-ийн ганц ориг кола аваад уучихъя бас л нэмэгдсэн үнэтэй. Ямар дандаа л тараг идээд, айраг уугаад, мах зулгаагаад яваад байлтай биш. За больё, сургуульд суръя хот л явна. Хувь хувьсгал нь хамаагүй, бүгд хотод. Сургууль төгслөө, хөдөө явъя. Очиж “ялзрах” гээгүй л юм бол ямар юмаа хийж алс газар бөглөрч суух вэ дээ. Тэгсэн дор, хотод худалдагч, ядаж бааранд зөөгч хийж байсан нь дээр. Юмыг яаж мэдэх вэ, нэг өдөр тэнгэр гуайн “нөгөө юм” хурууны үзүүрт тэмтрэгдэх ч юм билүү.
Зүүн зүг уруу бол баруунтайхныг бодвол бас ч гэж арай дээр. Хойгуур гэж яриад яахав, угаасаа Улаанбаатар нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байдаг. Өмнө зүг уруу бол хандахын ч хэрэггүй, Оюутолгой энэ тэр нь байгаад ч ямар нэмэртэй. Улаанбаатар тэр хоёрын хооронд шууд нисчих хойно. Бусад нь бол зүгээр л хоншоороо татахаас өөр аргагүй. Угаасаа Монголд ямар зам тээвэр гэж юм байх биш. Харин хаа очиж муу нэрт, луу данст ерөнхийлөгч гуай л элдвээр хэлүүлэн барин санаачилсан Мянганы зам баригдаж байна. Барьж байгуулж байгаа нөхдүүд нь л жаахан тиймхэн болохоос бусдаар тун дажгүй санаа байгаа юм.
Америкийн онгон зэрлэг хээрийг эзэгнэн захирах, хотжуулан хөгжүүлэхэд Европчуудад төмөр зам тус нэмэр болсон гэдэгсэн. Сөнөж мөхөж байсан хэт хуучинсаг, хоцрогдсон бүдүүлэг ард түмнээс ертөнцийн хүчирхэг гүрэн, аугаа улаан Хятад орныг бий болгоход төмөр зам л үр нөлөөгөө өгсөн. Түүн лугаа адил Монгол оронд төмөр зам хөгжил дэвшлийг авчирна гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг.
Баруун тийшээ төмөр зам тавьж орхиё л доо. Өртөг нь нэлээн өндөр л байна байх. Гэлээ гээд Хархориныг жишиг хот болтол нь хөгжүүлэх 218 тэрбум төгрөгөөсөө ч болов хандивлаад, нийлүүлээд байхад болно доо болно. Ядаж ганц хоёр жилдээ ч болов, энэ олон ажилгүй залуусыг ажилтай байлгахгүй юу. Уг нь нэг удаа төмөр зам тавьчихсан байхад хувийн хэвшлүүд өөрсдөө л Хархориныг хөгжүүлчих юм байгаа юм ш дээ. Тэр замаар ачааны машинд ачаад ч барагддаггүй тонн тонн барилгын материал, хүнд даацын машин механизмууд хөвөрч хөгжил дэвшил гээч юм чинь хөдөө газар хүрээд очихын цагт хүн гэдэг амьтан чинь уудам дэлгэр нутагтаа тархаад өгмөөр л санагдаад байгаа юм даа. Худал гэвэл хүн амын шилжилт хөдөлгөөний үр дүнг нэг хараадхаарай. Төмөр зам дагуух суурингуудад л аль олон хүн шавсан байгааг статистик мэдээллээс хялбархан олоод үзчихэж болно.
За тэгээд л Улаанбаатарыг зүүн бүсийн эдийн засгийн төв болгоод, Улиастай ч юм уу, Ховдыг ч юм уу баруун бүсийн эдийн засгийн төв болгочихсон, эд нар нь хоорондоо төмөр замаар холбогдчихсон байхад улсын нийслэл, засаг захиргааны төв нь Хархорин байна уу, яанав хамаа алга. Бараа таваарын хуваарилалт гэдэг чинь тэр сайхан сүлжээгээр жигдхэн тараад л, үнэ тариф гэдэг чинь онцын ялгаагүй адил түвшинд тогтоогдоод л. Ингээд бодохоор нөгөө унаад, сөнөөд байгаа Монголын төмөр замын хажуугаар хувийн галт тэрэгнүүд нь зорчигч болоод ачаа тээврээ хийгээд байхад болохгүй юмгүй л санагдах юм. Яагаад төрийн өмчийн МИАТ-ын хажуугаар хувийн өмчийн Аэро Монголиа, Изинис Эйрвэйз нь нисэж болоод байхад нэгэнт тавигдсан төмөр замаар амин хувийн уурын зүтгүүр төлбөр хураамжаа өгчихөөд уухилаад давхиж болохгүй гэж.
Мэдээллийн технологийн эрин үед аль амбасан үеийн аж үйлдвэржилтийн юм яриад байхаар гайхаж л байгаа байх. Гэвч бодит байдал дээр Монголын хувьд юун мэдээллийн технологитой мантай байна шүү дээ. Талхны үнэ нэмэгдлээ, автобусны үнэ нэмлээ гэхийн төдий бослого гаргаад байдаг ядуу ард иргэдтэй улсад эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлэх нь хамгийн тэргүүнд тавигдах асуудал шүү дээ. Автобусны үнэ нэмэгдээ л биз, уг нь ганц нийслэлийнхний л асуудал. Гэтэл цаана нь өөр хот суурин, хүн ам гэж байдаггүй юм уу хаашаа юм.
За бас, өөр аймгийн нэг хүн гараад ирэхтэй зэрэг эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаад л элдэв хангайн юм донгосоод байдаг хэт үндсэрхэг үзэл гэж нэг балай өвчин байна. Нутгархаг үзэл гэдэг чинь үндсэрхэг үзлийн нэг хэлтэрхий. Монгол гэхээр л халхыг хэлдэг, барга, цахар гэхээр л Өвөрмонгол (хужаа) гэж ойлгодгоо хэзээ болих юм бол?! Хит болж байгаа дуу нь хүртэл “Би жинхэнэ Монгол, саак халх” гэдэг үгтэй шүү. Ийм ухвар мөчид бодолтой байгаа залуус ямар юмных нь нэгдсэн Монгол, нармай Монгол улсыг байгуулах. Урдаас ирснийг нь хужаагийн эрлийз гэж доромжлоод л, хойноос ирснийг нь Оросын хурлийз гэж ад үзээд л. Үндсэрхэг үзэл гэж өөрийн үндэстнийг (өөрийгөө, хар амиа) дээгүүрт тавьж илүүд тооцдог, бусдыг дорд үзэж үл тоомсорлон нулимдаг нацист үзэл санааг хэлдэг болохоос улс орны эрх ашгийг чухалчилдаг үндэсний үзэл, ухамсрыг хэлдэггүй.
Саяхан гадаад хаягтай дайн зарлаж аюул болов. Мөн хийрхэх юмаа олж ядав аа. Гадаадын жуулчид “Hotel” гэдэг бичиг эрнэ үү гэхээс “Зочид буудал” гэдэг үг хайх уу? “Pub” орж аяга тагш юм олж хүртээд сурчихсан тэдэнд “Пиво баар” гэдэг газар гашуун нясуун юм зардаг юмаа гэдгийг тайлбарлаад хэлчих хүн гудамжинд тэр бүр тааралдах уу? Тэгээд бас аялал жуулчлал бол Монгол улсын тэргүүлэх салбарын нэг гээд байгаа шүү. Хэт нэг зүйлд улайрах нь сэтгэцийн гүн өвчин. Энэ бол хямрал, сүйрэл. Бид оюун санааны солиорол, дэмийрлийн дунд байна.
Их түүх, эх хэлээ магтан дуулах нь зөв боловч алив юманд хэмжээ хязгаар хэрэгтэй. Түүхийг бид алдаа оноогоо дэнслэх гэж ирээдүйгээ төлөвлөх гэж судалдаг, хэлийг бид өдөр тутам ашиглах гэж улам бүр баяжуулан хөгжүүлэх суралцдаг болохоос бус хий хоосон онгирох, хийрхэх гэж уншдаггүй, сонсдоггүй. Хэрэв айлчлалаар ирсэн Кувейтийн эмирт манай ерөнхийлөгч “Миний дээд өвөг танай дээд өвгийг алаад, дээд эмгийг чинь хүчиндэж явлаа” гэж гайхуулбал юу болох вэ? “Бид дэлхийг эзэлж явсын” гэж цээжээ дэлдэн ширээ шааж агсамнахаас илүүтэй “Яаж үр хүүхэддээ аятай таатай орчин бүрдүүлж үлдээе дээ” гэж бодох эрүүл ухаан өнөөгийн залуус бидэнд байхгүй гэж үү? Яагаад “Муусайн хужаа, солонгосуудыг ална даа” гэж орилохын оронд “Яаж тэдний нөү-хауг эвтэйхэн хусчихъя даа” гэх зальжин бодол сэргэлэн толгой дотор нь эргэлдэж болдоггүй юм бэ?
Энд л өгүүллийн маань утга санаа агуулагдаж байгаа юм. Бидэнд оюун санааны хувьсгал хэрэгтэй байна. Наад зах нь өдөр ирэх тусам хавтгайрч байгаа нэг дэлхийн хэл болох англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгон зарлах хэрэгтэй. Үүний тулд хүүхдэд ясли, цэцэрлэгт байхаас нь дунд сургууль төгсөх хүртэл нь англи хэл зааж, дээд сургуулийн хичээлийг англиар ордог байх хэрэгтэй. Бас гадаах бүх хаяг самбарыг монгол, англи хоёр хэлээр бичих хэрэгтэй. Үүнийг хуульчлан тусгаж өгөх нь зүйтэй.
Дээд боловсролыг (мэдээж бүгд биш) англиар олгодог болчихвол энэ олон зах замбараагаа алдсан их дээд сургуулиуд, худал үнэн багш нар хумигдаж, чанартай хэдхэн том их дээд сургууль л үлдэнэ. Яагаад өчнөөн сая хүнтэй БНСУ-д 300-хан дээд сургууль байхад 3 сая хүрэхгүй хүн амтай Монголд 120 гаран дээд сургууль байгаа юм бэ? Яагаад Монголд авсан бакалаврын зэрэг олон улсад үл тоомсорлогдож дахин бакалавр авах гэж сурах ёстой юм? Гэх мэт олон олон ажил бидний өмнө тулгараад байгаа боловч шийдэгдсэн нь нэгээхэн ч үгүй. Энэ бүх асуудлын гогцоо төрийн бодлого гээч юмыг боловсруулдаг, хэрэгжүүлдэг аппаратад л байна.
Гэтэл манай парламентын хийдэг ажил нь оршуулга яаж зохион байгуулах вэ, наадмаа яаж гоё хийх вэ гэдэг л байх юм. Гаргасан хуулиас нь болоод л өч төчнөөн хадгаламж зээлийн хоршоод худлаагаасаа үүсч төд удалгүй дампуураад л, албатай юм шиг өөрсдөө мөнгөө май гэж аваачиж өгч алдчихаад түүнийгээ төрөөс нэхээд л. Тэр нь өгөөд л...
Нөгөө маниудын хэлдэг нохой санаа, чонын ухаан хаачсан бэ? Төслөөс арайхийж унагасан хэдэн цаасаа яаж азаартуулахгүй байх вэ гэдгээс өөр юм толгойд нь орохоо байчихсан юм байх даа, манай энэ элитүүдэд? Өнөөдрийн уушигнаас илүүтэй, маргаашийн өөх чухал биш гэж үү? Энэ л төрийн ажил мөн биз дээ? Энд л төрийн бодлого байх хэрэгтэй биш үү?
Тиймээс ирээдүйн төрийн хар хүн болох одоогийн шалдан хөвгүүд, нүцгэн охид бид нар эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бид нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж чадвал бидэнд чадахгүй, мэдэхгүй, дийлэхгүй юмгүй л болж орхино доо. Нэгдмэл хүчирхэг, их Монгол улсын, агуу үндэстний төлөө дээшээ залуусаа, өөдөө...
http://www.tsahimurtuu.mn/main/200708071281.htm
Tuesday, August 7, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
Оюун санааны хувьсгал хийх хэрэгтэй байна гэдэгтэй санал нийлж байна шүү.
Ангийн анддаа амжилт хүсье.
Дажгүй болсон байна шүү..
Тэгээд ер нь бодоод байхад Монгол улс маань "Морь унасан толгойгүй" шиг болсон газар даа.. Чингис, Мандухай, Петр I, Жанна Д`Арк шиг улс үндэстэндээ хайрлагдаж дуурсагдах эх орончид гарч ирэх болоогүйм байх даа.. Ямарваа нэгэн хувьсгал болоход нөхцөл үүссэн байх хэрэгтэй гэж боддог. Ус асгарахын өмнө аяганд цав суугаад дараа нь жоохон доргих хэрэгтэй л дээ :)
Воо воо нэг мэдсэн чинь миний цайны цаг дуусаад ажлын цагаас хумсалж сууна ш дээ, чиний блогийг уншаад. Баруун солгойгүй уншлаа, баахан юм бодогдож байна шүү харин. Би угаасаа улс төр эдийн засгийг ойлгодог ч үгүй. Ойлгохыг хичээхгүй байсных юм боловуу. Тэгсэн сүүлийн үед арзайтлаа нэрвтэж суугаад авдаг цалин минь талхны үнэнд хүрэхээн байгаад ирэхээр бүр өөрийн эрхгүй сонирхож эхэлж байгаа, бүр эрүүл мэндийн сайд болдог юм билүү гэж хүртэл бодож байгаа байгаа гээл бодчих. Хэ хэ… . Гэхдээ ямар санаснаар болох биш доор хаяж л Туяа сайд шиг мөнгөтэй, Ганди шиг “туршлагатай”, Гүндалай шиг гадаадад эмч болсийм гээл гайхуулах юмтай байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр түр хойшлуулж байгаа. : Р Тэгсэн мань гурав мөнгөтэй ,туршлагатай, янзтай уран ярьдаг байлаа гээд өмнөх хэд нь ч ялгаагүй надаасаа дээрдэхээр юм сэтгэхгүй байсаар эрүүл мэндийн салбарыг минь хөл бөмбөг шиг бие биерүүгээ өшиглөж дамжуулсаар байх юм хэн гоол оруулах юм болоо. Бусад салбар ч ялгаагүй дээ, бүгдээрээ л тал цус харвачихсан амь тариа хүлээгээд байдаг, тусламж дуудаад байдаг, нөгөөх нь ирдэггүй, одоо тархины нөгөө тал бөмбөг нь хариугүй цус хомсорч бүтэн харваж мажийх дээрээ тулаад байгаа. Харин энэ үед хойтохыг унших гадаадын буянтнууд ямар ч дуудлагагүйгээр өөрсдөө оочерлоод зогсож байх шив дээ.
Чиний бүх бичлэгийг уншаад доор доор нь сэтгэгдэл үлдээх ёстой байсан юм. Гэвч цаг хэмнэх шаардлага гарч байна, ойлгоно биз.
Монгол маань яаж шуухан нэг тулгаа галаар таслахгүйхэн шиг байх болоо гээл бодоод байгаа, миний бодлоор бол хүн хаана л их байна, хүчтэй эдийн засаг тэнд байдаг болохоор хүн амаа дориухан шиг өсгөх зөв бодлого өнөө маргаашгүй ус агаар мэт хэрэгтэй байна даа. Тэгсэн хүүхдийн 3000,1000 гээд өгөөд эхэлсэн, одоо ашгүй нэг хүүхдийн бүүм болж монгол маань арван сая биш гэхэд таван саяуулаа болох боломж бүрдлээ гээл баярлаад байсан чинь биш юмаа. Миний таньдаг нэг эгч нөхөргүй ажилгүй ганц бие өрх толгойлсон эмэгтэй, хоёр эцэггүй хүүхэд өсгөдөг, гэдэс нь томроол бөөр өвдөөд хавантлаа гээл гүйгээд байсан чинь яах аргагүй жирэмсэлжээ. Өнөө маргаашгүй төрөх гэж буй хүүхдэд овоглох эцэг алга, орох ороншуу юм осолтгүй л байж байна. Энэ мэт хүүхдийн мөнгөөр өнөө маргаашаа өнгөрөөх гэж гахай шиг төрлөө гээд монгол улам л живнэ шүү дээ. Уг нь яах аргагүй л монгол хүн юмсан. Алтан гахай жил гээд харин хүүхэд тэжээх чадалтай хүмүүс их төрж байгаа юм гэнэ лээ. Болж өгвөл энэ алтан гахай жил 60 жилд нэг биш зургаан жилд нэг байсан бол.
Нэгэнт миний чөлөөт индэр нээлтэй байгаа гэж ойлгож байгаа болохоор үе үе блогруу чинь орж ирээд жаахан жуухан юм нэмэрлэж магадгүй шүү. За тэгээд андаа бичээд байгаарай, би умшаад баймз.
Яг үнэн.. Өмнө бичсэн Цолмонд зохиогчын өмнөөс талархмаар байгаан. Цаг заваа зориулан нийтлэн бичигчдээ урам өгөх, өөрийн бодол хандлагаа гаргахад ч тустайгаа бодож, болж өгвөл сэтгэгдэл үлдээж байцгаая гээд дээр хэн нь билээ уриалаад байсан, зөв шүү.
Дэлгэрийн блог руу ойрд их орж ирэх дуртай болоод байгаам даа :)
Гамбатай кудасай!
sain nairaglal bn delgeree~
Ih mongol uls neg undesten olon yastan, neelttei bodlogo, zam guur ded butets undsendee suuri togtoltsoo heregtei gej bichij etsest ni bugd uuriigoo hogjuulii gej uneheer zov yarih um biahgui.
harin hervee boldog bol gej hamgiin aimar ug ni bailaa~ bi yagaad bolgoj bolohgui gej erkhmeegin helsneer aygand tsav ni uuschihsen um bishuu odoo jaahan dorgiohod bid chadahgui uu gejuu~ harin yaj gedeg gol asuudal.... yarihad denduu urt um gants uguulbereer:
Mongolchuud ter tusmaa zaluuchuuddaa hiisneeree ur shimee hurtej, hicheesneeree saihan amidrach bolno gesen shudraga setgelgeeg suulgaj uguh
Тиймээс ирээдүйн төрийн хар хүн болох одоогийн шалдан хөвгүүд, нүцгэн охид бид нар эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бид нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж чадвал бидэнд чадахгүй, мэдэхгүй, дийлэхгүй юмгүй л болж орхино доо. Нэгдмэл хүчирхэг, их Монгол улсын, агуу үндэстний төлөө дээшээ залуусаа, өөдөө
Энэ хэсгийг маш их дэмжиж байна. Сайхан өгүүлэл байна. Баярлалаа.
Манай улсын эдийн засаг, улт төрийн байдал ер нь л сонин байгаа шүү.
Сонголт хийх эрхийг нь эдийн засгийн аргаар шийдчих санаатай. Улс орон хөгжихгүй байна. Дээрээсээ доороо хүртэл амар хялбар аргаар амьдрах санаатай болчихсон, залхуу болчихсон. Гэхдээ цалинг нь гайгүй шиг өгөөд, сайн удирдаад ажиллуулах юм бол манай монголчууд тийм ч залхуу биш юм байгаам ш дээ. Үүнийг гадаадад ажиллаж гэр орноо авч яваа залуус харуулж байна.
Монголд чанаргүй боловсрол газар авч байна. Мэргэжлийнхээ талаар А ч үгүй хүн төгсөж байна ш дээ. Тэгэхлээр чинь яаж манай боловсрол гадныханд хүлээн зөвшөөрөгдөх болж байнаа.
Мэдлэггүй атлаа, жаахан мэдээлэлтэй хүмүүс энд тэнд өөрсдийгөө дөвийлгөн ярьж байхтай таарах юм. Буруу мэдлэг бол мэддэггүйгээсээ дор. Манай залуучууд өөрсдийгөө хөгжүүлж, өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Одоо аймаг болгон интернэттэй бараг сум болгон интернэттэй болох гээд байна. Ихэнх сум нь гар утастай болчихсон өнөө үед заавал хайран сайхан мэргэжил эзэмшчихээд бааранд зөөгч, дэлгүүрт худалдагч хийгээд байх хэрэггүй юм байгаам ш дээ. Тэгэхэд суманд нь багш, эмч гээд л мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ байгаад л байдаг.
Ер нь мал маллаад ч гэсэн дөрвөн хананы дунд тааз ширтэн гиюүрэх хотын биднээс илүү амьдарч байгаа хүмүүсийг бишгүй дээ л харлаа.
Хамгийн гол нь бид өөрийн гэсэн зорилготой байж, залхууралгүй түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Мэддэг зүйл хязгаартай,
Мэддэггүй зүйл хязгааргүй
Тэр хязгааргүй мэдлэгийн далайгаас ахиухан шиг хутган авч өөрийгөө болон өрөөлийг усалцгаая залуусаа.
bi erhemeegiin holboosiig umshaad delgeriin bichlegiig unshsan, ikh taalagdaj bgaa
yag zagatnasan gazar maajih shig. baruun cegees zuun hyazgaar hurtel tomor zam gej bi gancaaraa l moroodoj baisan yum baih gesen bas sanaa negtei humuus baidag yum baina.
Сайн уу? Дэлгэрээ Миний блог дээр үлдээсэн сэтгэгдлийг чинь уншсан. Чиний блогоор аялалаа. Үзэл бодол нэгтэй юм байна. Блог чинь таалагдлаа. Бид агуу, уудам дэлгэр сэтгэлтэй байж л улс орны агуу их орон болгож чадна гэж боддог. Хэт жалга довын адгуу, явцуу үзэлтэй байж болохгүй билээ.
Post a Comment