Saturday, March 3, 2007

ТӨРИЙН ЭРГЭЛТ

Холион бантан
Монгол улсын үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн…” гэж заасан байдаг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага мөний хувьд аливаа үндсэн хуульт ардчилсан нийгмийн байгууллын ёсоор нийтээр даган мөрдөх хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлах бүрэн эрхтэй билээ. Тиймээс УИХ-ын эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй аливаа хууль гэж үгүй.

Хэрэв УИХ нь үндсэн хуулиар өөрт ноогдсон эрхийн дагуу бүх хуулинд засвар, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй юм бол өөрт нь тэрхүү хууль батлан гаргах агуу эрхийг олгосон үндсэн хуулийг ч өөрчлөх бүрэн боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл “Монгол Улсын Их Хурал нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн заалтаас бусад заалтыг өөрийн дураар өөрчлөх эрхтэй байна. Мэдээжийн хэрэг энэхүү заалтыг өөрчилж орхивол түүний үнэмлэхүй дээд эрх нь үгүй болох аюултай тул энэ заалтыг хэвээр үлдээх нь гарцаагүй. 1992 оноос хойш УИХ нь Монгол улсын үндсэн хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулаад амжсан билээ.

УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ нь 4 жил тутамд болох сонгуулийн үр дүнд бүрэлдэх боловч энэхүү хуулийг өөрчлөх, хүчингүй болгох, шинээр батлах эрх УИХ-д өөрт нь бий. Тиймээс ч саяхны шинэчлэн найруулснаар УИХ дахь ардчиллын “үнэт зүйл” булшлагдлаа. Өөрөөр хэлбэл урьд нь нийт гишүүдийн 3-ны 2-оор ирцийг хүчинтэйд тооцож, хуралд оролцсон гишүүдийн 3-ны 2-оор саналыг хүчинтэйд тооцож батладаг байсан ардчилсан зарчим үгүй боллоо. Тоон утгаар илэрхийлбэл урьд нь 51 гишүүнтэй хуралдаж 34 хүний саналаар хууль батлагддаг байсан бол одоо ердөө 39 хүнтэй хуралдаж 20 хүний саналаар хууль баталдаг болжээ. Энэ нь “дотно нөхөрлөсөн” 20 хүнд сайхан хуйвалдах боломжийг олгож байна. Яг үнэнийг хэлэхэд хэрэв бидэнд боломж байгаад би болон миний 19 найзууд УИХ-д орж чадвал бид яг л нэг хүн шиг байж чадна гэдэгт бат итгэлтэй байна. Зөвхөн бид ч биш, өөр олон олон сайн найзууд Монголоор дүүрэн бий. Тэргүүн баян анд нөхөд гэдэг дээ. Тиймээс үнэхээр л олонхийн санал хэмээх дүрмийг баримтлах ёстой юм бол ямар нэг хуулийг дор хаяж 39 хүний саналаар батлах нь зүйд нийцнэ. Яагаад гэвэл сонгогчид 76 хүнийг өөрсдийн төлөөллөө болгож сонгосон болохоос бус хуралд оролцмор аяддаг тэр хэдхэн хүнийг удирдагчаа гэж зөвшөөрөөгүй билээ.

Улсын төсвийг захиран зарцуулах эрхийг ганцхан засгийн газар эдлэх учиртай. Гэтэл улсын мөнгийг яаж “үрэх” талаар зөвхөн саналаа хэлж зөвшөөрөх буюу эсэргүүцэхээс өөр эрхгүй УИХ-ын гишүүн улсын төсвөөс хармайлах мэдэлтэй болоод хэдэн жил өнгөрч байна. Энэ мэдээж одоодоо хууль бус л даа, гэхдээ удахгүй өөрчилж дөнгөх юм чинь. Хэдийгээр энэ мөнгийг тухайн гишүүн тойрогтоо зарцуулах нэрийдлээр авч буй боловч үнэндээ хэрхэн яаж зарцуулдаг эсэх тал дээр нь мань мэт нь хоншоор дутна. Тойрогтоо систем хөгжим авч өгсөн л байг, гэхдээ систем хөгжим ямар ч үнэтэй байгаад 10 сая төгрөг хүрэхгүй дээ, тэгээд ч тэрүүгээр яах юм билээ гэж хэдхэн жилийн өмнө ярилцаж, зарим нэр бүхий эрхэм гишүүнийг Монгол улсад байдаггүй сумын нэрийг төсвийн гүйцэтгэлийн тайландаа биччихсэн байсан гэж хүртэл дооглож байсан нь саяхан. За яахав, хувьдаа нэг ч төгрөг завшилгүйгээр бүгдийг нь тойрогтоо, тэр мөртөө хэрэгтэй зүйлд зарцуулсан байлаа ч гэж бодъё. Гэлээ гээд энэ их хурлын гишүүн гээч этгээд чинь улсаа хөгжүүлэх гэж юмуу, аль эсвэл энэ дүүрэг, тэр аймгийг хөгжүүлэх гэж гарч ирсэн юм уу. Алиныг нь хөгжүүлэх ёстой юм бүү мэд. Үнэхээр толгой эргүүлсэн асуудал шүү.

Дарангуйлагч
Засаглалын сонгодог онол ёсоор эрх мэдлийн хуваарилалт нь дараахь байдалтай байдгийг хүн бүр мэднэ.
• Хууль тогтоох
• Шүүх
• Гүйцэтгэх

Энэхүү өөр хоорондоо ялгаатай боловч учир дараатай, нягт уялдаатай засаглалын эрх мэдлүүд нэг дор төвлөрөх нь бий. Эрт үед аль ч улсад хэмжээгүй эрхт хаан бүгдийг мэддэг байсан бол орчин цагт дарангуйлагч бүхий төр буюу авторитар дэглэмтэй улсад нэг “толгой” бүх эрхийг барьчихдаг. Нэг толгой нь олон биетэй байхыг нэг намын (коммунист, фашист намуудыг улстөрийн хүчин гэж үзвэл) тогтолцоо гэж нэрлэвэл Монгол орон 70 жил ийм байдалтай явж ирсэн. Гэвч энэ нь мөхөс миний ойлголтоор уг нам бүх эрх мэдлийг нэг дор төвлөрүүлчихээд байсан юм биш, зүгээр л тэд энхрий хайрт ах нарын (одоо ч аав маань оросуудыг ах нар гэж нэрлэдэг) утсан хүүхэлдэй нь байжээ. Харин орчин цагийн бидний хувьд аз болж хэсэг шийдэмгий, тухайн үеийн ойлголтоор “дундаж сэхээтнүүд” байсан “ах нар” маань зоримог хөдөлж, тэрхүү “харанхуй” нийгмийн байгууллыг орвонгоор нь өөрчилж чадсанаар хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлсэн Монгол улсын “анхдугаар” үндсэн хууль батлагдсан билээ.

Гэтэл өнөөгийн Монгол улсын үндсэн хууль болон Төрийн байгуулалтын хууль, Улсын их хурлын тухай хууль зэрэг Монгол улсын төрийн тогтолцооны тухай бүх хуулиуд нь ардчиллын үнэт зүйл хэмээн нэрлэгддэг засаглал хуваарилалтын зарчмыг үндсээр нь эргүүлэхэд “бүрэн эрх чөлөө” олгох бололцоотойгоор зохиогдсон байх юм. Өөрөөр хэлбэл өмнө өгүүлсэнчлэн УИХ-д бүгдийг дураараа өөрчлөх эрх бий. Аливаа эрхийн ард үүрэг, түүнийг дагаад хүлээх хариуцлага гэж байх ёстой ба тэрхүү хариуцлагыг тооцох эрх бүхий этгээд байх ёстой гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл бүхнийг чадагч УИХ-д хүлээх хариуцлага гэж бий юу, түүнтэй хэн хариуцлага тооцож чадах вэ? Үүний хариултыг уг нь үндсэн хуульд заах нь заажээ; “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”. Өөрөөр хэлбэл УИХ-ын жинэхэнэ “дарга” нь Монголын ард түмэн юм байна. Гэвч энд санаа нь сайхан боловч утга агуулга нь нэн бүрхэг, ялангуяа “ард түмэн” болоод “мэдэлд байна” гэдэг үгс нь тун чиг ойлгомжгүй байх юм.

Ерөнхий боловсролын сургуульд “нийгмийн ухааны мэдлэг” хичээл дээр анх сонссон “матери” гэдэг ойлгож хүлээж авахад нэн хүнд нэгэн ойлголт байдаг шиг надад “ард түмэн” гэх холбоо үг нь сүүлийн үед анхны утга санаагаа алдаж гүйцсэн үг юм шиг санагддаг. Сүүлийн жилүүдэд тун их элбэгшээд байгаа жагсаал цуглааны зохион байгуулагчид, бослого хөдөлгөөний удирдагчид энэхүү “учир үл ойлгогдох” субьектийн нэрийн өмнөөс гэж зарлах нь моод болоод байгааг та бүхэн мэдэж байгаа. Түүнчлэн манай эрхэм гишүүд (бүх үеийн), улстөрчид бүгд л энэ үгийг бүр нэг халуун янагаар аялгуулан уярмаар дуудахыг нь яана. Үнэнийг хэлэхэд миний бие ч энэ үгэнд их “хошгорч”, онгирдог хөөрдөг байлаа. Ард гэдэг үг нь бодвол ардын хувьсгалаас хойш л түгээмэл болсон үг байх, анхны утга санаа нь бол одоогийн иргэн гэдэг үг байх. Гэвч язгууртан, ихэс дээдэст ард гэдэг үг хамаардаггүй байснаас үзэхэд зүгээр л эгэл ядуу, зарц барлаггүй энгийн хүн гэж ойлгох нь зүйтэй юм шиг. Тиймээс энэхүү нийтлэлдээ ард түмэн гэдэг утга балархай үгийг бус Монгол улсын иргэн гэдэг орчин цагийн шинжлэх ухаанжсан ойлголтыг түлхүү ашиглахыг зорив.

Тэгэхээр Монгол улсын иргэд засгийн эрхийг мэддэг буюу яг үнэндээ мэдэх ёстой юм шиг байгаа юм. Гэтэл миний л хувьд лав хэзээ яаж төр удирдах үйл хэрэгт оролцчихсоноо мэдэхгүй юм. Улстөрийн өчүүхэн мэдлэгээсээ үзэхээр сонгуульд саналаа өгчихөж байгаа нь төр жолоодох тэр их үйлсэд хувь нэмрээ оруулчихаж байгаа юм байна л даа. Гэвч миний (олон олон хүний хувьд) сонгосон хүн (буюу нам) миний бодсон шиг, итгэж найдаж байсан шиг минь байж чадахгүй тохиолдолд би яаж түүнтэй, тэдэнтэй хариуцлага тооцох вэ? гэдэг асуултад ямар ч хариулт байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ тухай саяхан авч хэлэлцсэн боловч хэн ч их хурлын чуулганы танхимаас буцаж гарахыг хүсэхгүй байгаа нь харагдсан тул “тойргийн сонгогчид нь сонгосон гишүүнээ буцаан татах” шударга санал дэмжигдээгүй. За энэ ч яахав, нэг болдоггүй нөхөртэй холбоотой асуудал. Тэгвэл нэг биш нэлээн хэдэн болдоггүй нөхдүүд нэг бүлгэм (заавал нам байх албагүй) байгуулчхаад холиогоод байгаатай яаж хариуцлага тооцох вэ? Бүлгэмийн гишүүн бүртэй зодолдох уу, эсвэл бүлгэмтэй нь байлдах уу? Эдгээрт тохирох хариулт олох нь тун хэцүү даалгавар бөгөөд гүйцэтгэхэд хялбар болгох нь нийтлэлийн маань үндсэн зорилго юм.

Санал
Монгол улсын төрийн байгууллын тогтолцоог үндсээр нь халах хэрэгтэй. Энэ нөхөр чинь бас л өнөөх ерөнхийлөгчийн засаглалын талаар хэлэх гээд байна гэж бүү бодоорой. Монгол оронд зөвхөн АНУ-д л сонгодог утгаараа хэрэгжиж чадсан ерөнхийлөгчийн засаглал огт тохирохгүй. Учир нь орчин цагийн Монгол улсын боловсорсон иргэд хэн нэгэн их удирагчийг тахин шүтэж, түүнд сохроор итгэж, даган биширч чадахгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн сэнтийд заларсан хэн нэгэн эргээд үүрэг хариуцлагаа мартаж орхидог нь ганц Монголын онцлог биш, бусад улс орнуудад ч нийтлэг ажиглагддаг зүйл. Тиймээс парламентын засаглал хэмээн нэршиж заншсан тэр л засаглалыг буюу ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, илэрхийлж болдог тэр л систем Монголд тохирно. Гагцхүү түүнийг эргэн хянах, хариуцлага тооцох боломжтойгоор зөв зүйтэй зохион байгуулах нь Монгол орны хөгжил, ирээдүйд эергээр нөлөөлж чадна.

Тэрхүү зохион байгуулалтыг баталгаажуулах эрх зүйн акт нь Монгол улсын үндсэн хууль байх ёстой бөгөөд одоогийн үндсэн хууль болон бусад төрийн байгуулалтын тогтолцоог зохицуулдаг хуулиудад засвар, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болох юм. Мэдээжээр дээрх хуулиудыг одоогийн (хугацааны хувьд биш шүү) УИХ-аар хэлэлцүүлэх, өөрчлөх бололцоогүй. Учир нь үндсэн хуульд оруулах хамгийн чухал өөрчлөлт нь УИХ-ын эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавих, улмаар төрийн байгууллын хуулиудад өөрчлөлт тавих дархан эрх бүхий субьектийг буй болгох явдал юм. Энэ бол парламентын доод танхим (иргэд, сонгогчидтой шууд харилцах ухагдахууны үүднээс ийн нэрлэлээ).

Сэрүүн зүүд
Парламентын доод танхимын эрх үүрэг нь дараах байдалтай байхаар санал болгож байна. Үүнд:
1. Үндсэн хуулийг батлах болон олон нийтийн санал болгосны үндсэн дээр хэлэлцэж өөрчлөх,
2. Төрийн тогтолцооны гол гол хуулиудыг батлах болон өөрчлөх,
3. Дээрх хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих буюу батлагдан гарсан хууль тогтоомжуудын уялдаа холбоог хянах,
4. Парламентын дээд танхимын үйл ажиллагаанд хяналт тавих,
5. Хуульд хориг тавих, цуцлах,
6. Ерөнхийлөгчийн болон дээд танхимын гишүүний ёсзүйн хэм хэмжээнд хяналт тавих,
7. Дээд танхимын гишүүдтэй хариуцлага тооцох, эргэн татах талаар тухайн тойргийн сонгогчдын дунд санал асуулга зохион байгуулах,

Түүнчлэн улсын дээд шүүх, прокурор, ТЕГ, Үндэсний аудитын газар, авилгалтай тэмцэх газар болон Статистикийн төв газар нь тус танхимын ажлын аппаратад багтана. Ингэснээр хуулийн хэрэгжилтэд бодитоор хяналт тавих бүрэн боломжтой болох бөгөөд мэдээллийн гажуудлыг арилгаж нийт иргэдэд тухайн засгийн газар, дээд танхимын үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах бололцоо бүрдэнэ. Одоогийн бүтцээр УИХ нь ЗГ-г томилдог ба шүүх, прокурор, цагдаа нь ЗГ-ын ажлын аппаратад (хуульзүй, дотоод хэргийн яам) багтаж байгаа нь ерөөс УИХ нь бүх эрх мэдлийг нэг дор төвлөрүүлэн барьж байгаагаас өөрцгүй болоод байгаа. Мэдээллийн үнэн бодит байдлын гажуудлын талаар жишээ татахад 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ядуурал, амьжиргааны өртөг зэрэг мэдээллийг нийтэд мэдээлэхгүй байх үүргийг Статистикийн төв газарт өгсөн байсныг миний бие өөрийн ажлын туршлагаасаа мэдэх юм.

Парламентын дээд танхим нь доод танхимаас цөөн гишүүнтэй байх бөгөөд сонгуулийн тойргийн хувьд доод танхимын сонгуулийн тойргоос нэн ялгаатай байдлаар нийт нутгаас түүвэрлэн авсан байхаар зохион байгуулагдсан байх ёстой. Өөрөөр хэлбэл дээд танхимын сонгуулийн нэг тойргийг доод танхимын сонгуулийн олон тойргийн төлөөллөөс бүрдүүлнэ. Ингэснээр хоёр танхимын гишүүд өөр хоорондоо харилцан шууд нөлөөлөлтэй байх сөрөг үр дагаврыг саармагжуулах ач холбогдолтой. Гэхдээ энд нэг анхаарах зүйл нь дээд танхимын сонгуулийн тойрог нь бүс нутгийн бус шинж чанартай байх бөгөөд харин доод танхимын гишүүд нь тухайн нэг бүс нутгийн иргэд, сонгогчдын төлөөлөл болж байх учиртай. Үүнийг олонлогийн зураглал ёсоор дүрслэн харуулбал:



Дугуй – Доод танхимын сонгуулийн тойрог
Дөрвөлжин – Дээд танхимын сонгуулийн тойрог

Доод танхимын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь 3 дээд танхимын бүрэн эрхийн хугацааг хамарч байх нь зохистой. Учир нь дээд танхимд олонхи байж засгийн газраа бүрдүүлж байсан улстөрийн хүчин тухайн сонгуульт хугацаандаа санаачлан хэрэгжүүлсэн олны талархал хүлээсэн ажлыг дараагийн сонгуульд ялсан улстөрийн хүчин үгүйсгэх, бусниулах сөрөг хандлагад хориг тавих ач холбогдолтой юм. Сонгуульт хугацаа нь 8 жил байх нь зүйтэй. Зураглавал:



Хэрчмээр дээд танхимын сонгуульт хугацааг, саарал талбайгаар доод танхимын сонгуульт хугацааг дүрслэв.

Ингэж сонгуулийн тойрог, системийн хувьд дээд болон доод танхимын гишүүдийг ялгаж салгаснаар гүйцэтгэх үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхой болгож өгөх бөгөөд улстөрийн нам болон улстөрчдийн онцлогийг тодотгож өгөх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим нь улстөрийн хүчний суудлын хувиар бүрдэж бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулж байх бол доод танхим нь өөр хоорондоо хамааралгүй, нэгдмэл тодорхой зорилгогүй бие хүмүүсээс бүрдэж олон ургальч үзэл санаа уралдуулсаны үндсэн дээр олон нийттэй шууд харьцсан үйл ажиллагаа явуулна гэсэн үг.

Доод танхимын гишүүдийн бүрэн эрхэд дээр дурьдснаас бусад төрлийн хууль санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх олгохгүй байх нь зүйд нийцнэ. Харин нийт танхим даяараа хэлэлцсэний үндсэн дээр дээд танхимд хуулийн төсөл санал болгож болох бөгөөд дээд танхим нийт гишүүдийн санал хураалт дээр үндэслэн тухайн хуулийн төслийг авч хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэг байж болох юм. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын буюу засгийн газрын (ялангуяа засгийн газрын гишүүний) асуудалд оролцох ёсгүй. Ингэснээр нийт сонгогчдын итгэл үнэмшил, сонголтыг хүндэтгэн хүлээн авахад тустай бөгөөд дээд танхимын үйл ажиллагаанд шууд бус оролцоотой байж, бие даан ажиллахад нь дэм болох юм. Өөрөөр хэлбэл дээд танхимд олонхийн суудлыг авч чадсан аль нэг улстөрийн хүчний мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа хэрэгжүүлэхэд нь садаа болох ёсгүй.

Эндээс доод танхимын сонгуульд нам, улстөрийн хүчнүүдийн олонхийн суудлын төлөөх өрсөлдөөн байх ёсгүй нь харагдана. Доод танхимын бүтцийг намуудын төлөөлөл бус иргэдийн төлөөлөл байх үндэслэлтэйгээр зохион байгуулах нь олон ургальч үзлийг хадгалах, элдэв сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх давуу талыг олгох юм. Энэ нь манай улстөрийн нам, хүчнүүдийн төлөвшил, хөгжилд нэн тустай ба цаашлаад сонгогчдын сонголт хийх хандлага, үзэл бодлыг төлөвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл парламентын дээд танхим бодлогын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул намуудын дунд харьцуулалт хийж, харин доод танхим нь гүйцэтгэлийн хяналтын шинж чанартай үйл ажиллагаа явуулах тул нэр дэвшигчдийг харьцуулах замаар сонгууль өгөх нь ардчилсан сонгууль төлөвшөөд удаагүй манай орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Парламентын доод танхимыг бий болгоход бүх л юмны таглаа болдог төсөв мөнгөний асуудал босож ирэх нь гарцаагүй. Үүний шийдлийг тун амархан олж болно. Ердөө л одоогийн шат шатны олон олон иргэдийн төлөөлөгчийн хурлуудыг үгүй хийх хэрэгтэй. Тэгвэл зөндөө их мөнгө гараад ирнэ. Гэхдээ ингэвэл нутгийн өөрөө удирдах систем алдрах юм биш үү гэж та бодож байгаа байх. Миний бодлоор нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь аймаг сумаар нь талцуулж хэрэлдүүлээд байдаг нөгөө нутгархаг үзлийг чинь улам дэвэргэдэг зүйл шиг л санагддаг юм. Яагаад засгийн газрын тогтоолоор Сүхбаатар аймгийн уугуул Увс нутгийг удирдан жолоодож болохгүй гэж. Харин ч засгийн газрын бодлого бүс нутгуудаар хэрэгжихэд элдэв саад тотгоргүй амар биш үү. Эсвэл яахав дээ заавал засаг даргыг дээрээс томилох албагүй, зүгээр л орон нутгийн сонгууль явуулчих л даа. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх ялихгүй юм шиг боловч хамгийн “чухал” мест бүхий бичил парламентыг л үгүй хийчихвэл болох нь тэр. Энэ жаахаан улсад ийм олон парламентын танхим ямар хэрэг байхав, дорвитойхон далайцтайхан хоёр том парламент байхад л болох биш үү.

Биелбэл яана
Үүнийг уншигч эрхмүүдийн дунд миний саналыг буруушааж, донгосдог жаал вэ гэж нэрлэх нэгэн байхад дэмжиж үнэт зөвлөгөөгөөр харамгүй туслах нөгөө нь ч бий. Гэвч та бүхний толгойд эргэлдэх олон олон эргэцүүлэл, бодролоос чухамхүү үүнийг чинь тэгээд яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг л хамгийн чухал асуулт тань гэдэг нь тодорхой.

Мэдээж УИХ-д үндсэн хуулиа өөрчилье өө, та нар ийм байж болохгүй ээ, бүгдээрээ ийм байяа гэж хэчнээн хэлээд нэмэргүй. Тэгээд ч хэн хэлэх билээ. Эсвэл аль нэг гайгүй эх оронч эрхэм гишүүнээр их хурлын хуралдааны танхимд хэлүүлж үзвэл яах бол. Нөгөөх маань зайлуул багаар бодоход дооглуулж доромжлуулна, ихээр бодвол хэтрүүлэлгүй хэлэхэд элэгний “арак” болчих байх л даа. Тэгвэл жагсаал цуглаан хийгээд өлсөөд үзвэл яадаг бол. Ганц мод гал болдоггүй хойно тууштай тэмцэх найдвартай хамтрагч хэрэгтэй. Даанч нөгөөх маань бас л “янзлуулчих” байх, буруу ойлгочихов доо. Хүнийг хэлэлтгүй амьдралын туршлагагүй, амьжиргааны баталгаагүй хойно намайг ч бас амархаан янзалж дөнгөх биз. Долоо буудуулсан хашир чононууд над мэтийн нусгай банди байтугайг нь аргалж дөнгөнө. Тууштай үнэнч өлслөө гээд ч нэмэргүй, барьж байгаад хүчээр дусал шахчих байлгүй. Яалт ч үгүй зүгээр харж байгаад үхүүлж болдоггүй болохоор амийг нь “аварч”, иргэн хүний саналаараа үхэх “бүрэн эрх”-ийг нь бүдүүлгээр зөрчих мөртөө тэрнийгээ гавьяа хэмээн ПиАр-дчихдаг юм байна лээ.

Тэгээд яах вэ, чи яг яамаар байгаа юм бэ гэж үү? Миний харж байгаагаар үүнийг хэрэгжүүлэх нэг нөхцөл, хоёр арга зам байна. 2 арга замын алиныг нь ч сонгосон ялгаагүй байх нэг нөхцөл бол үүнийг хэрэгжүүлэх боломжтой нөхдүүд болох алдах юмгүй “лүмпэн порилтаарь”-ууд бөгөөд тэдний тууштай эв нэгдэл нь юм. Тэд бол 25-35 насны залуус.

Яагаад заавал тэд гэж? Яагаад гэвэл тэдний бага нь төлөвшиж, том нь арай ч намагт шигдэж амжаагүй байгаа. Миний буруу ч байж болно. Тэдний ихэнх нь одоо Монголд байхгүй. Тэд Монголоороо бахархаж байгаа хэдий ч тэд, бид үнэндээ Монголоосоо зугтаж байна.

Ийм орчинд үр удмаа төрүүлж, өсгөмөөргүй байгаагаас тэр. Миний хүүхэд эрүүл, эрх чөлөөтэй, зөв орчинд хүмүүжих, боловсрох ёстой. Тиймээс үүнийг бид ямар нэг аргаар хийх хэрэгтэй үгүй бол “I am Mongolian. We have own language, we speak Mongolian” гэж ам бардам хэлэх ямар эрх байна. Тэгсэн дор “Ни хао. Во мин жүнго рэн” гээд зогсож байя л даа. Ядаж буртаглагдаж гүйцсэн эх орноосоо ичихгүй.

Бид үүнийг хүсэхгүй, хэзээ ч зөвшөөрөхгүй тул эрүүл зохистой системийг цогцлоохын төлөө зүтгэх хэрэгтэй. Тиймээс бидэнд үүнийг хэрэгжүүлэх хоёр арга зам байгаа нь:
1. Хувьсгал хийх буюу төрийн эргэлт хийх – Энэ бол маш ойлгомжтой зүйл. Гэвч үүнийг маш түргэн хугацаанд хийхгүй бол ашиггүй, ямар ч эв нэгдлийг яаж ийж байгаад нурааж болдогийг бид сайн мэднэ.
2. Үхэхийг нь” хүлээх – Аймаар юм яриагүй шүү. Зүгээр л бид “аваргууд”-д авталгүй өөрсдийнхөө байр суурин дээр тогтвортой байж тэднийг хэнд ч хэрэггүй болохыг нь тайван хүлээх буюу эсвэл уйгагүй намуухан оролдох. Даанч хэдэн жил хүлээх, оролдохыг ёстой бурхан л мэдэх байх.

Үнэндээ бол нэг л зүйл. Буртаглагчдыг зайлуулах гэдэг нэг л санаа байгаад байгааг та бүхэн анзаарч байгаа байх. За товчдоо ийм шив.

Ардчилалд би үнэнхүү дуртай, намайг ийм юм бичихийг, таныг уншихыг зөвшөөрсөн хүний эрхийг эрхэмлэн дээдлэгч ардчилалд би үнэн голоосоо хайртай. Ийм эрх чөлөөтэй нийгэмд амьдрах завшаан олгосон, цаг үеийнхээ нөхцөл байдлыг соргог мэдэрч дорвитой алхам хийж чадсан ах нарынхаа оюун, зоригийг (харамсалтай нь одоо тэдний бие л үлдэж) би хүндэтгэнэ.

Байдлыг шүүмжиллээ, асуудлын шийдлийг санал болголоо, хэрэгжүүлэх арга замын санаа гаргалаа, гүйцэтгэгчдийг тодорхойллоо. Одоо бүгдээрээ хэлэлцэж, зөвлөлдөх л үлдэх шив дээ. Дараа нь...


http://www.tsahimurtuu.mn/main/20070101555.htm

2 comments:

ganbaa said...

nam baiguulaad yavbal yasiin be

ДЭЛГЭР said...

Одоо тэгээд, энэ байгаа намууд нь нам шиг байж чадахгүй, улам л муудаад байвал эрүүл саруул ухаантай Монголчууд нам байгуулахаас өөр яах вэ дээ. Гэхдээ нам байгуулах нь их эрсдэлтэй. Эрүүл ухаантай эхэлчихээд дундаас нь солиороод (эсвэл солиоруулаад) явчихдаг тал бас байна.