Thursday, January 22, 2009

Чи өөрөө хонин гүрвэл !!!

Олон хүний ажил амьдралдаа яарах их хотын хөдөлгөөн үргэлжилсээр…. Энэ хотод янз бүрийн ааш аяг, итгэл үнэмшил, ашиг сонирхолтой олон нөхөр амьдардаг юм.

Бидний далд ертөнц, сүсэг бишрэлийн талаар уншигч тантай хөөрөлдье хэмээн Багалзуур анд нэгэн сэдвийг ишлэн авч 21-р зууны хүн, ардчилсан улсын иргэн танд товчхон толилуулсу.
Эх орныхоо өнөөгийн байдлыг хүү нь юм болохоороо би үүрээ хөндүүлсэн шоргоолзны үүр мэтээр төсөөлдөг. Хэрэв хүрэн бөөртэй нөхөр байсан бол хурдан сөнөөсэй л гэж бодох байсан байх. Дээдэс нь жорлондоо хүртэл хууль зохиогоод эхлэхээр чинь доодос нь яаж хөлөө олох вэ дээ. Хууль дүрэм, хариуцлага гээч чухам юу болохыг ойлгоогүй 21-р зууны монгол хүн намайг бусад нь зэрлэг хүн гэх нь аргагүй бизээ. Үүнийг доор сийрүүлье.

Өчүүхэн миний бүдэгхэн санахын энэ соёлт нийгэм үүсэх явцад анхлан философи, бүдүүлэг одон орон судлал үүссэн гэж уншсан санагдана. Тухайн үеийн хүмүүс үр тариа тариалах, хураах, аж байдлаа хэвийн авч явах нь цаг уур, ган гачиг, цас бороо, түүний хүчин зүйлээс ихээхэн хамаардаг байжээ. Энэ үеэс л байгалийн сүрт үзэгдэл, мөн хүмүүний амьдрал ч гэсэн тодорхой нэг тойрогтой (цикль) гэж үзэн түүнийгээ тэмдэглэн үлдээсэн. Цаг хугацааны шалгуурыг даван туулж энэ цаг үеийг хүрсэн нь байгаа, баларч алга болсон нь ч гэсэн мөн бий л байх. Үндсэндээ амьдралыг танин мэдэх, түүнийг томъёолох гэсэн оролдлого л гэж ойлгох нь зүйтэй мэт.

Гэтэл бид өнөөдөр урьдын адил өөртөө биш хэн нэгэнд эсвэл огтоос хараагүй зүйлдээ үхэн хатан итгэдэг. Жишээлбэл бурханд, үзмэрчид, ламд гээд л далдын шидэнд зарим нь Румбо гаригийнханд гээд л... Үүнийг зарим нь уламжлал гэж тайлбарлана.

Шинэ Монголын иргэн бид интернет ашиглаж дэлхий ертөнцийн явдлыг мэдэж бас тэдэн шиг амьдарч байгаа мөртлөө шинжлэх ухаан хөгжөөгүй эрт баларын оюун бодлоор амьдарч байгаад хамгийн том дутагдал байна уу даа гэж би ойрд бодох боллоо.

Өөрийн амьдралаа хүнд даатгана гэдэг бол жинхэнэ тэнэглэл гэж би боддог. Бид хэтэрхий тахин шүтэмхий, хараар буюу сохроор итгэдэг нэгэн сул талаар зальтай нөхдүүд бизнес хийгээд байх шиг.

Нүүх, үсээ засуулах, хол явах, гэрлэх, зээл авах, эмчид үзүүлэх гээд л тус бүрийн өдөртэй байхаас гадна үүнээс ч олон үйлийг заавал тэрхүү өдөр нь гүйцэлдүүлэх ёстой гэх. Юу гэсэн үг вэ энэ чинь? Арай л хүүхэд хийж болохгүй өдөр гэж тусгайлан заагаагүй байх юм. Аягүй бол байдаг ч биз. Зарим нь эм залахад тааламжгүй өдөр гээд гүрийсээр нүд аньж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Хүн үхсэний дараа ямар амьтан болох, хүүхэд төрвөл ямар хүн болохыг нь хүртэл урьдчилан хэлээд өгчихөөр чинь ямар хэрэг байх вэ дээ. Уг нь эцэг эх нь хүүхэддээ ямар хүмүүжил олгосноос л тухайн хүүхдийн төөрөг зурагдмаар юм.

Ямар ч улс үндэстэнд зан заншил, үндэстний ухамсар гэж байх ёстой л доо. Гэвч бид хэтэрхий туйлшраад байна.

Гэтэл нөгөө гайхал Арго чинь зурхайч болчихсон, Тэрбиш энэ тэр гээд баахан нөхдүүдтэй ана мана үзэж байх юм. Энэ нь ч Монгол тоолол, тэр нь ч хужаа тоолол гээд. Аль нь үнэн байх хэнд хамаатай юм бэ? Тэдгээр хүмүүст л биз. Нийтээрээ дагаж мөрддөг зан үйлээ ядаж нэг өдөр хэрүүл уруулгүй хийж байвал хэн хэндээ амар байхсан.

Ингэж нийтэд хууль мэт тулгаж, амьдралд нөлөөлнө гэж айлгасан зан үйл өөр соёлжсон улсад байдаг болов уу. Өвчин ороовол үзмэрчид нь “танайд нэг хүнээс авсан хар юм байна. Түүнийгээ хая” гэнэ. Ажил бүтэхгүй байна, юунаас болсон байна үзэж өгнө үү гэхэд лам нар нь “ийм засал хийлгэ” гэнэ. Галзуурч байгаа юм шүү. Тэгэхээр л болчихдог юм гэнэ. Сэжгээр өвдөж, сүжгээрээ эдгэдэг зарим хүмүүст дом төдий болдог л байх. Арай л “чиний эхнэр чамд биш надад зохих нигууртай юм байна” гэж хэлэхгүй юм.

Энэ цагт тодорсон гэгээнтнүүдээр засал хийлгэж, гүрэм тавиулснаараа сайн болдог бол бид аль хэдийн “Азийн бар” болчихсон байхгүй юу.

Лам нар хүртэл ядарсан мань мэт дээр бизнес хийгээд байхаар чинь ямар хэрэг байх вэ дээ. Би уг нь лам нарыг хүмүүст мөнгөөр бус үнэгүй буян хийж, бурхны гүн ухаан судлах ёстой хүмүүс гэж ойлгодог. Буян номоо хөөж, гүн ухаан бясалгаж суудаг эрдэм төгс лам энэ үед байхгүй нь лав.

Би бүр гайхаад байгаа юм. Европын улсууд, Америк тэс өөр шашинтай. Гэтэл цагаан сараар нэг ч удаа мөрөө гаргаж үзээгүй, ажил хэрэг нь бүтэхгүй боллоо гэхэд очоод уншуулчих ламгүй хүмүүсийн амьдрал яагаад биднээс илүү байгаа юм болоо? Эсвэл манай лам нар халтуурдаад Түвд хэл мэдэхгүйг минь далимдуулж 1-100 хүртэл тоолчихоод адаг сүүлд нь нүүр уруу түй түй гээд байгаа юм бол уу? Зүгээргүй төлбөртэй тэр нь. Бодох л асуудал.

Энэ мэт шашны ч юм шиг, аж байдлын эсвэл зурхайн бичигдээгүй “хууль”-ийг бид үхэн хатан дагадаг, дагах ёстой гэж сохроор итгэдэг атлаа яагаад хог хаяж болохгүй, хулгай хийж болохгүй, хүн албал чамайг бүр айхтар шийтгэнэ гээд цагаан дээр тас хараар биччихсэн хууль байхад үүнд итгэл үнэмшилтэй ханддаггүй юм бэ? Аль болох өөрт амраар шийдэж түүнийг үл гүйцэлдүүлэхийг хичээнэ.

Товчхондоо өөртөө итгэдэггүйгээс хэн нэгэнд эсвэл ламд бүхнээ даатган, үзмэрчид үзүүлж, бүтэх эсэхээ урьдчилан хэлүүлэх дуртай хүмүүс.




Эсвэл бид үнэхээр итгэл үнэмшлээрээ хонин гүрвэл болж төрөхөөс үхтлээ айдаг улс уу.

Хүн ямар ч шашин шүтэж болно л доо. Үүнд би шүүмжлэлтэй хандах гээгүй. Мэдээж ганцхан бурхан байгаа. Би түүнд итгэдэг. Дэлхийн олон хүмүүс өөр өөрийнхөөрөө нэрлэж, тус тусын зан үйлийг хийдэг болохоос.

Хүн уур уцаар, атгаг санаа, гэм хор, шунаг сэтгэлгүй энэ насыг элээвэл болоо биш үү. Энэ насаа дуустал өөрөө өөртөө бурхан байя л даа.

Миний хувьд насан өтөлж бурхны орон зорих тэр цагт аврал эрнэ гэж бодож байгаа. Худлаа хэлж, хулгай хийлгүй шударгаар амьдарсан байхад өчүүхэн намайг хүлээж авч л таараа. Харин өнөөдөртөө би хүссэн өдрөө л үсээ засуулж баймаар байна.

Read more!

Эерэг итгэл VS. Сөрөг үнэмшил

Над шиг бусдаас бага хөдөлмөрлөж, бусдаас ихийг олох хүсэлтэй “празит” үүлдэрийн хүмүүс нэн цөөн бизээ.

Би л тэгж бодож миний л зөв болохоор магадгүй төр засаг хүртэл бор гэрт минь морилж, хүүхдийг чинь сургууль дээр нь тэжээж, намайг саятан болгоно гэж амлаж буй биз. Үндсэндээ төр намайг тэжээх нь зүй ёсны хэрэг гэж би бодоод байгаа юм л даа.

Эцэг эх хүүхдийг минь харах ёстой харин сургууль цэцэрлэг дээр нь төр хооллоод өгөх хуультай юм чинь арга ч байж уу дээ. Нийт нь нэгнийхээ төлөө !!!
Би ч азтай золиг л доо. Ямар азаар шар толгойгоо өөрөө мэддэг, рискээ өөрөө үүрдэг тэр оронд нь төрчөөгүй юм.
Зарим хүмүүс ухаантайг нь гайхаж бас тараасан мөнгийг нь архитай нь цусалж сонгочихоод адаг сүүлд нь 76 ухна, гахай, нохойн дээрээ тултал муулдаг зуршил янаг ханиаднаас ч илүү газар авчээ. Дуугүй л өгсөнийг нь л гударна биз дээ.

Хар үгээр бол 76 хүний буруутай үйл ажиллагаанаас бидний амьдрал доройтож байна гэсэн үг л дээ. Тийм ч байж магадгүй.

><

Одоо харин хэн нэгний гарыг хараад биш, чиний амьдрал чамаас л шалтгаална, хар толгойгоо ясан болтол нь “би мэдье” гээд зоригтой төсөөлж үзлээ.

Надад “чиний гэдэс хоолтой юу, хоосон уу” тэр бусдад хамаагүй, чамд л хамаатай юм шиг тэнэг бодол төрөөд эхэллээ. Бас хүн болж төрчихөөд цоо эрүүл, насан залуу энэ биеийг чинээнд нь тултал ашиглаж чадахгүй байж бусдын олсныг өөрт хамаатай мэт амаа ангайн тэтгэмжээр амьдарч байгаа ч юм шиг. Шал балай юм. Яагаав нөгөө хөөрхий нөгөө хэд мөнгөө хэн нэгэнд алдаад төрөөс хохирлоо барагдуулсан нь энэ төрийн ачлал бус жинхэнэ олон татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан гэсэн тэрслүү бодол гэсэн үг л дээ.

Тэгэхлээр “Өөрөө өөрийнхөө төлөө” гэж бодвол махан биеэ “чи өөрөө л тэжээж, ундалж, хувцаслах ёстой” гэсэн энгийн нэгэн парадокс гарч ирнэ. Үндсэндээ чи амьдралаа залгуулаад явж чадахгүй бол үүнд хэн буруутай вэ? гэсэн асуулт л даа.

Миний ухаан хүрэхгүйгээс гадна илүү юм бодвол толгой өвдөж магадгүй. Бэлэнчлэх сэтгэл хөдлөөд аль нь зөв юм болохыг мэдэх хүсэл байвч сачий хүрэхгүй нь. Миний өмнөөс та бодоод өгөөч, тэгэх үү? Энэ асуултыг танд үлдээе.

?

Харин хажууд байгаа хар нөхөр:

- Нийтээрээ өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлмөрлөж, бусдаас бууз хуушуур горидохоо байвал...
- Чи өнөөдрөөс л эхэлж хийж эхлэхгүй бол гал цогтой залуу нас чинь цаг минутаар хорогдож байгааг ойлговол...
- Хүн бүр чаддаг юмаа чинээнд нь тултал хийж эх орондоо дэм болбол...
- Олсон хэдээ нийлүүлээд нэгэндээ өгөх бус хурааж хуримтлуулан хэрэгтэй юм уруу хийхийг, хэн нэг нь сэтгэвэл....
- Өөртөө итгэж өрөөлд лай бололгүй, ихийг бодож илүүг бүтээвэл ядарсан Монгол бадарна бүр балай авна гэдэгт итгэвэл...
- Хороон бага найруулж, хийхээ урьтал болговол....

БОЛЖ Л ТААРАА гээд байх юм. Харин та юу гэж бодож байна?...

Read more!

Багалзуур андын түүх

Тэр сэтгэлгээ энэ тэр нь тасарцан эрүүл ухаантай хүн битгий уншаарай гэж гуйх нь зөв байх.

Та нарынхаар бол та нартай л адилхан “онцгой замнал”-гүй гэдгээ эхлээд нотлон харуулах нь зүйтэй байх. Үр дүн нь бусадтай яг адилхан бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаг нэг хов хоосон махан толгой.

Балчир нас
Учир мэдэхгүй жаахан байхад минь ээж минь намайг цэцэрлэгт явуулаагүй мөртлөө гэрт өглөөнөөс орой болтол цорын ганц хүү болох намайг цоожлон тарчлааж, одоо бодоход Орос ном хань болгон бариулаад үлдээдэг байсансан. Гэр маань нэг давхарт байх бөгөөд худалч хүнд надаас том хулгана хааяахан гүйж жорлон оруулахгүй намайг зовооно. Ээжийн хуучин цэнхэр дээлийг нөмрөн хувцасны шүүгээний доороосоо 3-р давхарт хэлд орсноосоо хойш хэдэн жил амьдарч билээ. Ээж аав 2-ыг ажлаасаа иртэл би тавцангаасаа буухгүй бөгөөд ирэхэд нь л 00-ийн өрөө уруугаа тэнхээ мэдэн гүйж муусайн хулгануудтай ач тач нэгийгээ үзэх бяр амтагдах нь нэн таатай.
Тэр нэг номны гоё сайхан зурагнуудыг одоо хүртэл би санадаг юм. Хуудас бүрээр нь нэг бүрчлэн цээжлэн мэдэхгүй ч гэсэн олон үсэгнүүдийг нь толгой дарааллан нүдэлж амжсан. Ээжийн минь юм бичиж байна гээд сараачих, миний сараачих хоёр тэс өөр харагддаг нь надад их л сонин санагддаг байж дээ. Тэр л үед 35 үсгээ дарааллаар нь мэддэг болсон ба дундаас нь асуухаар таг болчихдог махан толгой байлаа.

Бага нас
Хагас жил цэцэрлэгт өгч намайг башийлгаад 7 настай анхны 1-р ангид тээр жил өгдөг юм байна. Хэхэ бас ч үгүй үсгээ бүрэн мэддэг 10 хүртэл тоолчихдог тухайн үедээ болбол “үеийнхнээсээ тасарчихсан” амьтан анхны хичээлдээ ортол, сүүлд хамт 10-р ангиа төгссөн нэгэн анд маань тэр үед 100 хүртэл тоолоод, харин 4-р ангиасаа шилжсэн, одоо ч нэрийг нь мэдэх нэгэн нөхөр хэдэн сарын дараа минутанд 200 хүртэл үг уншиж аазгай хөдөлгөх боллоо. Гэвч би өөрийгөө ялж чадаагүй. Харамсалтай нь надад олны дундаас онцгойрох хүсэл байсангүй. Гайхан бишрэхээс биш “би чадий шдээ, чаднаа би” гэж бодож явсангүй. Доошоо ч үгүй, дээшээ ч үгүй алтан дундуур явах нь зүйтэй гэсэн ёоёотой бодол тухайн үед л хоногшсон байх гэж би боддог юм.

Угийн кино урлагт элэгтэйг минь эс тоон (одоо ч тийм) ням гарагт гардаг 4:10 цагийн кино үзүүлэхгүй намайг тарчлааж цусаар уйлсан ч эс зөвшөөрсөн тул муу ээжийн шазруун занг л дийлэхийн тулд үг үсэг холбож сурсан. Бас муухай бичлээ гээд дэвтрээ уруулж нүүр уруугаа шидүүлээд, шөнөжин уйлж, хуулж хонохдоо 7 настай балчирхан толгойдоо надад хэрэг болно, миний төлөө л ингэж байна гэж бодсонгүй. Арга ч үгүй биз дээ жаахан байж.

Багшийн өгсөн багахан даалгаврыг бүрэн хийгээд онцсайн сурч л байвал надад тэр нь “хаваасаг” байсан юм чинь. Илүү юм хийж энэхэн биеэ зовоох хүсэл байсангүй.

Махан толгой чинь илүү ихээр сурч мэдэхийн хүсэл гээч юу болохыг ойлгосонгүй, амттай юм идэж, аав ээждээ эрхэлж байвал тэгээ л болоо....

Шилжилтийн нас
Томрох тусам анд найз олонтой боллоо. Бас ч үгүй тооны ангид суралцах болсон авч “тэнэг” найзуудынхаа дээд ангийн тооны ном шагайж, бүжиг, дуу хийж, дугуйлан секцэнд явангаа үерхэл нөхөрлөл ярилцахыг нь хараад туйлбаргүй зантай махан толгойт чинь ихэд гайхах ба сега тоглоом, Майн Рийд, Жуль Верн, бас кино 3-таа л үнэн ч үлдсэн. Заа тэгээд л өдөр хоног ээлжлэн 10-аар ангиа сайн дүнтэй дүүргэж дээ. Харин худлаа хэлж хулгай хийж, архи тамхи гээчийг амандаа битгий хэл хамартаа ч хүргэж үзээгүй дээ. Хаа ч хэлнэ...

Өөртөө бус өрөөл бусдад найдаж явсаар амьдрал гээчийг ер нь ойлгосонгүй. Аа тэгээ л нэг сургуульд ороод төгсвөл болж л таараа...гэсэн бодол тойрон тойрон эргэлдэнэ.

Тэгэхээр би олны ярьдагчлан байдаг л нэг “урсгалаараа явдаг” хүнээс илүү зүйлгүй, байдаг л нэг нөхөр байгаа биз. Хүн болгоны “түүхэн хуанли” өөр боловч сэтгэлгээ ижил олонхи та нарын өрөөсөн гутал. Эцэг эхийн хэлснийг үглэж байна гээд чихээ дараад өнгөрдөг, үнэгүй юманд нугасгүй, зугаа цэнгэл, биеийн амрыг харахдаа уухайн тас тийм л хүн...

Read more!