Thursday, January 23, 2014

ХЭД ХЭРЭГТЭЙ?

Хүн тайван амьдрахад сард хэдэн төгрөг хэрэг болох вэ?

Ямар нөхцөлд яаж амьдарч байгаагаасаа шалтгаалах байх л даа, мэдээж. Би дундаж хүн, дундаж байхыг хүсдэг, үүнээс өөр амьдрал мэдэхгүй. Тэгэхээр дундаж айлаар л тооцоо хийе.

Дундаж айлаа 30 гаран насны залуу хосууд, 2 өрөө байртай, 1 суудлын тэрэгтэй, 2 хүүхэдтэй, 1 нь цэцэрлэгт, нөгөө нь бага ангид сурдаг гэе. Тэгээд энэ хүмүүст шаардлагатай сарын орлогыг тооцох гээд үзэе. Үүний тулд эхлээд хэрэгцээтэй мөнгөө бодно. Зардлыг ахиухан төсөвлөдөг дүрмээр тооцоё.


Хэрэгцээний шатлал ёсоор эхлээд хүнсний зардлыг бодох хэрэгтэй. Тухайн айл ямар хоол хийдэг, ямар орцтой, ямар хачиртай, хэр порцоор хийдэгийг нь мэдэхгүй учраас зүгээр л 1 порц хоол 5,000 төгрөг, өдөрт нэг хүн 2 хоол иднэ, хүүхэд бол хагас порц гэвэл сард нийт 900,000 төгрөг. Гуанзны төсвөөр бодчихлоо, уучилна биз. Гэхдээ мах, гурил, будаа... гээд л юмны үнэ ямархуу болоод байгаа билээ. Дээрээс нь бага хүүхдүүд зөвхөн хоол идээд л болчихдог, энэ айлд нэг ч зочин ирдэггүй гэвэл худал тул иймэрхүү маягаар тооцоход ер буруудахгүй.

Оршин суух зардал кабель, СӨХ, талбай, халаалт, цэвэр бохир ус гээд сард 60,000 төгрөг. Үүн дээр цахилгаан, за 40,000 төгрөг гэе. Нийт 100,000 төгрөг.

Аав ээж хоёр өдөр бүр ажилдаа явна, ирнэ, хүүхдүүдээ хүргэж өгнө, авна. Энэ бол ажлын өдөр. Харин амралтын өдөр хагас сайнд өвөө, эмээгийнд зочилно, бүтэн сайнд Зайсан гардаг, эсвэл зах гарч хүнсээ цуглуулдаг. Энэ бүхэнд талдаа 5 км явдаг, машин нь хотын бөглөөнд 100 км-т 13 литр шатахуун зарцуулдаг. Ерөнхийдөө өдөрт 50 км явдаг гээд тооцвол бензиний зардал ойролцоогоор 360,000 төгрөг. Нэмэх нь гадаа зогсоол хоногийн 3,000 төгрөг гэвэл тээврийн зардал сардаа 450,000 төгрөг. Машинтай болохоор автобусанд суудаггүй, такси барьдаггүй гэж бодлоо. Энд мөн л тос солих, техник үйлчилгээ хийлгэх, дугуй солих... гэх мэт техник арчилгааны олон зардлын тухай дурьдсангүй.

Харилцаа холбооны тариф хямдарсан өнөө үед холбооны зардал сард 100,000 төгрөг байхад хаваасаг. Үүнд аав, ээжийн гар утас, нэмэх нь интернэт. За тэгээд хувийн хэрэглээний мөнгийг том хүмүүс 100,000, хүүхдүүд 50,000 гэвэл нийт өрхийн хувийн хэрэгцээ 300,000 төгрөг болно.

Ингээд энэ дундаж амьдралтай бөгөөд "айхтар үрэлгэн" айлын сарын хэрэгцээ 1,850,000 төгрөг боллоо. За бусад болзошгүй зардал (буяны хандив, сайн дурын хандив, баяр ёслолын заллага... энэ тэр гээд алийг хэлж барах) 150,000 төгрөг байдаг гээд энэ айлын сарын хэрэгцээ 2,000,000 төгрөг буюу 1,177 ам.доллар байна.

Болж байнаа, давгүй шүү. Ингэтлээ цамаан загнасан гэхэд тийм ч аймаар тоо гарсангүй. Дэлхийгээс хэтрээд явчихсан юм ч алга.

Гэхдээ бид дундаж гэж ярьсан. Тиймээс энэ айл байраа моргэйжээр, машинаа лизингээр авсан байх ёстой. За тавилгыг ч дүүрч. Аав ээж нь хуримын зардлыг нь гаргаад, амьтан ах дүү хуримын бэлэг өгсөн гэж итгэе.

2 өрөө байр дунджаар 100 сая байдаг гэвэл урьдчилгаа 30%, жилийн 8%-ийн хүүтэй, 20 жилийн иппотекийн зээл авсан тохиолдолд урьдчилгаа 30 сая төгрөг шаардлагатай болохоос гадна сар бүр 590,490 төгрөг төлөх үүрэг хүлээнэ. Машин 10 саяаар авахын тулд мөн дээрхийн адил урьдчилгаа 30%, сард 1.5%-ийн хүүтэй, 2 жилийн лизинг авч урьдчилгаанд 3 сая төгрөг нэг дор төлөх агаад сар бүр 350,175 төгрөг төлөх болно. Урьдчилгаа төлбөрүүдийг хэрхэн яаж олсныг нь "хөрөнгө, орлогын мэдүүлэгт" нь тусгалгүй орхиод зөвхөн сарын зарлагыг нь л үргэлжлүүлэн тооцоё.

Эдгээр зээл төлбөрүүд нэмэгдсэнээр энэ айл сард 2,940,665 төгрөг (1,730 ам.доллар) олох шаардлагатай болж байна. Энд нэг зүйл анзаарагдаж байгаа байх. Бид хувцас хунар авах тухай юу ч яриагүй. За дүүрч, ойрын 2 жилдээ нүцгэн гүйцгээнэ биз. Машинтай юм чинь гутал, хувцас элэгдэхгүй, урагдахгүй, даарахгүй, норохгүй гээд л бодчихоос. Машины лизинг дууссаны дараа л хувцсаа шинэчлэе. Хувцаснаас гадна баяр ёслолын зардал гэж нэг айхтар "цөм цөм" мөнгийг мөн тооцсонгүй. Ялангуяа, цагаан сар бол онцгой, залуу хүмүүсийг бол үнэн хашраана. Шинэ жил ч мөн дутахгүй "залгина". Наадам л хамгийн сайхан баяр даа... За дэмийрэх ч яахав, үргэлжлүүлэе.

Зардал тал нь ийм байдаг байж. Одоо орлого талыг нь бодоод үзье.

2,940,665 төгрөгийг эр, эм 2-т 60:40 харьцаагаар хувааж үзвэл нөхөр гар дээрээ 1,764,399 төгрөгийн цалин сард авах ёстой болно. Гэхээр нэрлэсэн цалин нь 2,144,666 төгрөг байх нь. Харин эхнэрийн цэвэр цалин 1,176,266 төгрөг гээд нэрлэсэн цалин нь 1,443,538 төгрөг болж байна. 50:50 харьцаагаар авч үзвэл эр эм 2 тус бүр 1,806,583 нэрлэсэн цалинтай байх ёстой.

Энэ дайны цалин өгдөг цөөхөн газар, албан тушаал байдгийг бодолцож үзвэл ч энэ эр эм хоёр ч хоосонгүй нөхдүүд байх нь. Тэдгээр газруудын тавьдаг шаардлага, ажлын ачаалал ямар байдгийг багцаалах тул энэ айлын хүүхдүүд ч өвөө, эмээ хавьцаагуур л голдуу байх хэрэгтэй болж байна.

Энэ бүхэнд ирээдүйн тухай, тухайлбал хуримтлалын тухай ямар ч өгүүлбэр байхгүйг ИРГЭН та анзаарч л байгаа байлгүй дээ.

Дэлхийн үнэтэй, Монголын цалинтай эх орон минь та ТӨРд үнэнчээр ажиллах ямар ч бололцоо олгохгүй юм даа...

Read more!

Monday, December 2, 2013

ЭРҮҮЛ МОНГОЛ

Сүүлийн үед хүмүүс бясалгалаар их оролдох боллоо. Бясалгал ч сайн л зүйл. Оюун ухаанаа төвлөрүүлэх, элдэв бузар, буртагаас биеэ, амьдралаа хол байлгах, хамгийн гол нь эрүүл бие, саруул ухаантай байх ашиг тустай зүйл. Тухайлан эрүүл бие, саруул ухаантай байхын тулд хоол хүнсэндээ дээд зэргээр анхаарах ёстой болно. Уг нь бол ямар хоолыг хэрхэн идэх вэ гэдгийг бясалгаж бодоод өөртөө тохируулах ёстой гэж би боддог юм. Гэтэл үгүй бололтой, харин ч бясалгахын тулд хоол хүнсээ сонгодог гэнэ.

Мэдээж архи ууж сотуурхаад бясалгал хийнэ ч гэж юу байхав. Эсвэл тээртлээ чихчихээд бясалгал хийнэ ч гэж байхгүй биз. Тэгэхээр яалт ч үгүй хоолоо зөв сонгоод дараа нь бясалгах нь их үр дүнтэй гэнэ. За яахав бясалгаж эхлэхэд ч тийм л биз. Хамгийн гайхалтай нь, миний учрыг нь огт ойлгохгүй байгаа нь, ер нь бол хамгийн инээдтэй нь бүх хүнийг ижилхэн хоол идүүлэх гээд байгаа явдал. Өөрөөр хэлбэл тэр хүний эр эм, хөгшин залуу, тарган туранхай, өндөр нам хоолны дэглэмд нь ямар ч хамаагүй гэнэ. Тэр байтугай, тэр хүний хот, хөдөө хаана амьдардаг, суудлын, хөдөлгөөнтэй ямар ажил хийдэг нь ч хамаагүй. Яг ийм хоолыг ийм дэглэмээр, ийм хэмжээгээр идэх ёстой гэсэн заавар л байх.

Бясалгалаар хичээллэдэг нэг найзыгаа би аварч (за яг аврах нь ч хаашаа юм, тусалж гэвэл зөв болно) байлаа. Нэгэн үе найз маань нэг л цонхигор, тэнхээ тамир муутай явах боллоо. Би түүнээс өвдөө юу, яагаа вэ гэж шалгаасан ч "зүв зүгээр, үүнээс илүү эрүүл саруул байсангүй, бие хөнгөн шингэн гэж жигтэйхэн, сайхан байна" гээд байв. Гэвч удалгүй мань эр босож чадахаа больдог юм байна. Эргэж очоод юу болсныг нь ойлголоо. Ердөө л "цагаан хоол"-ны дэглэм баримталсан байж.

Баахан загналаа. Мань эр мөчөөгөө өгөлгүй "сүүлийн үед бүгд л өвөл зунгүй, өглөө үдэшгүй мах гудардаг байсан болохоос эрт үед монголчууд зундаа цагаан хоолтой байсан" тухай надад ном айлдаж байна. Би хэллээ "Цагаан хоол идэж бололгүй л яахав. Заавал зун ч гэлтгүй, өвөл идсэн чиг болно. Манай дээд удамд төрөлхийн цагаан хоолтой хүмүүс байсан. Огт мах амсдаггүй, мал алахыг харж чаддаггүй, тэр байтугай түүхий мах хараад огьдог хүмүүс байсан. Мань мэтийн суудлын ажилтай, хөдөлгөөн багатай хүмүүсийг бодохноо тэд хүйтэнд хөрч, халуунд халдаг, байнгын идэвхитэй хөдөлгөөнтэй, илүү их шим тэжээл, эрч хүч шаарддаг ажилтай малчин хүмүүс байсан. Тэгсэн мөртлөө бүх насан туршдаа мах идээгүй, гэхдээ чам шиг туйлдаж унаагүй. Яагаад гэвэл тэд бол ЦАГААН ХООЛтой хүмүүс байсан. Цагаан хоолтон гэдгийг англиар vegetarian буюу өвсөн тэжээлтэн гэдгийг чи хэл устай хүн, ойлгож байгаа. Үнэхээр л цагаан хоол идмээр байвал цагаан идээ ид. Түүнээс чам шиг хаврын хахирган цагт болсон болоогүй, зохих зохихгүй өвс ногоо идээд яваад байвал унах байтугай, үхэх байлгүй".

Найз маань миний үгийг авсаан. Тэр одоо зун, намартаа цагаан хоол иддэг, өвөл хавартаа бага зэргийн мах шөл иддэг жинхэнэ эрүүл хооллогч болсон. Надад үүнтэй адилхан жишээ хоёр дахь удаагаа тохиосон бөгөөд энэ удаа би аврагч болж чадаагүй, харин ч хорлогчин нэр зүүх дөхсөн. Юу гэвээс энэ бясалгал чинь бас дотроо их олон янз байдаг юм гэнэ. Тэр хүүхэд арьяавал гэлүү, тэр урсгалаар нь хичээллэдэг бөгөөд уг урсгалд сүүг бараг л махтай, арай архитай гээгүй байх, жишин үзэж жигшдэг шахуу юм байна. Мэдээж тэр хүүхэд тэжээлийн дутагдалд орж өеөдсөн. Уначхаад байхдаа хүртэл сүү, цагаан идээнээс хол байхыг бусаддаа номлосоор л байв. Тэр хүүхдийн үгээр бол, түүний ч юу байхав, бодвол цаад багш "гэгээнтэн"-үүдийнх нь үг биз, ийм ч юмнаас тэдэн калори, тийм ч зүйлээс эдэн калори аваад явж болдог юм байх. Түүнчлэн мах болон сүү нь ердөө л хүн калори авдаг энгийн л хүнсний бүтээгдэхүүн тул өөр бусад хүнсний бүтээгдэхүүнээс хэрэгцээт калорио нөхөөд явахад болно гэнэ. Ёстой хуцваа... Өчнөөн өндөр калоритай байдгаар кока кола ууж, шоколад идээд амьдраад байхыг нь харамз. Ийм солиотой юмаар хүүхэд залуусын толгойг эргүүлж байдаг үхсэн хойноо бясалгал, гэгээрэл бол доо.

Би боддог юм, дэлхийн бөмбөрцгийн энэ өргөрөг, уртраг дээр далайн түвшнээс өдий өндөрт, агаарын дундаж чийгшил нь ийм, салхины дундаж хурд, ноёлогч чиг нь тийм, хамгийн гол нь агаарын дундаж температур иймэрхүү байдаг газар нутагт амьдралын ерөнхий хэмнэл нь тиймэрхүү байдаг хүн ийм орц, поорцтой хоол идэх ёстой гэдэг зүйл л хамгийн үнэн зөв дэглэм болно. Тэгээд мэдээж хүнсний гарал үүслийг тэргүүн зэрэгт анхаарах ёстой гэж. Өөрөөр хэлбэл яг л тэр газарт бий болгосон хүнсний бүтээгдэхүүн л түүнд хамгийн тохиромжтой байх нь тодорхой.

Үүнийг үнэндээ би бодоод олчихсон ч юм биш, ээж маань хэлж байсан юм. "Би ямар азаар Монголд төрөв өө. Хэн нэг хужаагийн баасаар тордсон ногоогоор бордсон гахай, нус цэрээр тэжээгдсэн тахиа иддэггүй дээ баярлах юм. Эрүүл саруул, тэнгэрийн хур, нар, салхинаас өөр юмаар тэжээгдээгүй, хүн гишгээгүй, байгалийн зөнгөөрөө ургасан өвсний соргог, усны тунгалагийг ууж эрх тааваараа идээшилсэн малынхаа мах, сүүг идэж уудаг би мөн азтай шүү" гэж. Хүнснийхээ гарал үүслийг айхтар тодорхойлж байгаа биз.

Хүнсний гарал үүслийн чухлыг миний дуртай А.Дюмагийн "Монте Кристо гүн" роман дээр ийнхүү гаргасан байдаг. Уг зохиолд "...байцааг хүнцлээр хордуулав. Хордсон байцааг идсэн туулай мажийв. Үхсэн туулайны гэдэс дотрыг тоншсон харцага мөн үхэж цөөрөмд уналаа. Живсэн харцагыг идсэн цурхайгаар шөл хийж өгвөл тэр шөлийг уусан хүн хэд хоногийн дараа зүрхний шигдээсээр үхнэ. Түүнийг хэн ч хордуулсан гэж мэдэхгүй, тийм боломж ч үгүй..." гэсэн байдаг. Хоол хүнсний гарал үүслийн ач холбогдлыг үүнээс илүү ойлгомжтой тодорхойлоход бэрх юм.

Орлонгийн бүх хүн, амьтан, заавал амьтай ч гэхгүй, шороо чулуу, ус агаар бүгд өөр өөр. Ядаж л бүс нутгаараа өөр гэдгийг хүрээлэн байгаа байгаль орчин гэдэг хичээл орсон бага ангийн хүүхэд ч мэднэ. Халуун бүсийн амьтан ургамлын аймаг нь арктикийн бүсийн аймгаас эрс өөр гэдэгтэй адил улс үндэстнүүд ч өөр өөр.

Би нэгэн Тайланд хүнээс, тэр хүн биологич хүн байсан бөгөөд өндөр боловсорсон доктор цолтой хүн байсан, асууж байсан юм "Тайландууд та нар яагаад ийм сартгар хамартай юм бэ" гэж. Тэр хүн уурлаж бухимдалгүй, талбиун сайхан инээмсэглээд надад ингэж хариулав. "Бид халуун бүсийн, ширэнгэн ойн хүмүүс. Ширэнгэн ойд хангалттай хүчилтөрөгч байх боловч түүнийг их чийг, хэт халуунаас ялгаж хүлээж авахад хэцүү. Тухайлан тийм учраас, амьсгалын онцгой хэрэгцээ шаардлагын улмаас мянга мянган жилийн туршид бидний гадаад төрхөнд бага багаар өөрчлөлт орж бидний хамар ийм сартгар болсон юм даа. Эргэн тойрноо сайн хар. Энэ кэмпэд байгаа үндэстнүүдээс аль нь халуун бүсийн хүмүүс болохыг чи одоо андалгүй мэддэг боллоо" гэхэд миний нүд нээгдэж үнэхээр л тийм болохыг ойлгосонсон.

Тийм ээ, бид мянга мянган жил энэ л эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай, хуурай сэрүүн, тачир ургамалтай төв азийн тэгш өндөрлөг дээр амьдарсаар л, энд байгаа амьтан, ургамлын гаралтай хүнсээр хооллосоор л ирсэн. Энэ л энд байгаа бидний гарцаагүй хүнс. Энэ хүнснийхээ бүтцийг хэрхэн зохион байгуулж, хэрхэн өөрийн бие махбодь, амьдралын хэмнэлдээ тохируулах нь бидний л сонголт. Харин эндээс өөр газар оронд байгаа Монголчуудын хувьд өөр хүнс хэрэглэх нь зүйтэй гэдгийг хэлүүлэх юун. Нөгөөтэйгүүр, Монголд амьдарч байгаа гадныхны хувьд Монгол хүнс төдийлөн зохихгүй байх тал байдаг боловч урт удаан хугацаанд амьдраад, суурьшаад ирэхээрээ бидэн шиг л махчин болчихдог билээ.

Гадныхан гэснээс, Япон хүнд сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх нь хортой байдаг гэнэ. Яагаад гэвэл япон хүний организмын нэг онцлог нь сүүг задалж биед нь шингээдэг фермент байдаггүй буюу сул хөгжсөн байдаг гэсэн. Харин бидний хувьд тэс өөр.

Товчхондоо, Монголчуудаа махнаас татгалзаж болноо, сүү цагаан идээнээс л харин бүү татгалзаарай.

Read more!

Friday, November 29, 2013

"САЙН" ХҮНИЙ ҮГ

Монголд удаан амьдарсан, яг бидний дунд маш сайн хутгалдсан гадаадынхан, бидний тухай чин үнэнийг хэлдэг. Гэхдээ яг ямар өнцгөөс харж байгаад хэлэв гэдэг нь мэдээж чухал. Би гадаадын үзэл баримтлалд дургүй, ялангуяа Монголын талаарх аливаа төсөөлөл, төлөвлөгөө, заавар зөвлөгөөнд. Харин бидний ирээдүйн тухай биш, өнгөрсний тухайд, одоогийн байдлын талаар дүгнэснийг нь бол дуртай нь ч хаашаа юм, гэхдээ нухацтай авч үзэх хэрэгтэй гэж боддог.

Universe Best Song гэдэг шоуг шүүдэг Рагу Раман гэдэг энэтхэг залуу Монголоос явахдаа нэг үг хэлээд явжээ. За тэр урлаг мурлагийнх нь тухайд нь ч мэдэхгүй юм. Хамгийн аймаар нь яг сайхан голоор нь онилоод буудчихаж. Юу гэвэл...

... Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчууд ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө, чи түүнийг өргөнө... Чадах чадах зүйлээрээ бие биендээ тусалж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ... Хэн нэгэн нь гайгүй зүйл хийвэл “хөгийн юмнууд хачин юм хийсэн байна, чадахгүй байж гээд л” бие биенийхээ талаар хөгийн зүйл ярьдаг... Хэн ч хэзээ ч ганцаараа авирсаар байгаад алдартай болдоггүй шүү дээ... Монголд хэн ч алдартай ганц хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л өөрөө Асашёорү аварга болохыг хүсдэг... Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй... Хэрвээ бүгд би ганцаараа хожино гэсэн ойлголттой байвал хөгжин дэвшихгүй...

Бидний байж байгаа царай энэ. Нэг юм хамтармар аядаад овоо зүгшрээд эхлүүт миний чиний гээд булаацалдаад, муудалцаад, салж бутраад хүчээ сарниулаад дуусна. За тэгээд салаад зогсохгүй ээ. Нэгнээсээ илүү гарах гэнэ. Тэгэхдээ илүү сайн байж дээр нь гарах гэхээсээ нөгөөхөө унагаах гэж, "нухах" гэж оролдоно. Өөрөөсөө муу байлгах гэж тэр. Хамгийн гайхалтай нь зөвхөн нэг нь биш, хоюул хоюулаа ингэж оролдоно. Эцэст нь нөгөө сүрхий "салбарласан"-ы ач холбогдол ч үгүй, нөгөө хийсэн бүтээсэн орон зайгаа бусдад (гол төлөв гадныханд) алдаад дуусаа, хоюулаа сөнөө.

Байдал үнэндээ ийм л байна. Гайхалтай нь бид үүнийгээ мэддэг. Гэхдээ үүнийгээ засах арга замаа үнэхээр тэнэг томъёолдог. Тэр нь "бид багаар ажиллаж чадахгүй байна" гэдэг. Тэгээд л шат шатандаа учир утгагүй баахан багаар ажиллах тухай сургалт авч гарна. Онцлог нь зааж байгаа нь ч, сурч байгаа нь ч энэ тухайгаа яг сайн мэдэхгүй, ойлгодоггүй.

Багаар ажиллах зарчим гэдэг бол шинжлэх ухаанч талаас нь харвал нэгд эдийн засгийн шинжлэх ухаан талаасаа хөдөлмөрийн хуваарь, хоёрт сэтгэлзүйн шинжлэх ухаан талаасаа хамт олны болон хувийн сэтгэлзүй, гуравт хууль эрхзүйн шинжлэх ухаан талаасаа үүрэг, хариуцлагын тогтолцоон дээр тулгуурладаг зүйл. Тэгээд хамгийн айхтар ёсзүй гээч юм энд үйлчилдэг. Тухайлан ийм нарийн зүйл учраас тухайн үндэстэнд тохирох арга зарчим гэж заавал байх ёстой болдог. Яагаад гэвэл энд үндэстэн угсаатны, соёл иргэншил, амьдралын хэв маягт шууд хамаатай шинжлэх ухааны нөлөөллүүд байгаа учраас тэр. Харин үүнийг хэн нь ч заадаггүй, бүр мэддэг ч үгүй. Орчлонгийн бүх хүн адилхан тухай тэнэг "христийн" номлолд бат итгээд явж байдаг. Би энд христийн шашныг дайсагнаагүй, харин нийгэм рүү , массын сэтгэлзүй рүү чиглэсэн "загалмайтны аян дайн"-ы тухай ярьж байна.

Өдий төдий багийн сургалт (нэг систем дотор баг болох тухай) үй түмээрээ байх боловч нэг салбарын хоёр бизнесмэн хамтрах, нягтрах, алдаа оноогоо хуваалцах, зах зээлээ хэрхэн хувааж эзэмших, хэрхэн бусад тоглогчдыг шахан зайлуулах тухай бол хаана ч заадаггүй. Бүр заах байтугай, сонсгох ч сонирхолгүй. Өрсөлдөх тухай бол харин ч нэг заагаад өгнө. Гэхдээ "зөв" бөгөөд "ёсзүйтэй" өрсөлдөх тухай заахыг нь яана гээ. Харамсалтай нь манай ард түмний сэтгэхүйд өрсөлдөх гэдэг үг бол шууд утгаараа дайн хийх гэж буудаг учраас, тухайлан дайн учраас ямар ч дүрэм журам, ёс горим байх ёсгүй гэж үздэг. Тиймдээ ч бид нэг ч дайнд ялагдаж үзээгүйг түүх гэрчилнэ.

Харин "новшнууд" үүнийг сайн мэддэг, зөндөө судалсан юм билээ. Ямар ч тохиолдолд тэднийг нэгтгэж, эвлэрүүлж болохгүй.

Read more!

Saturday, October 26, 2013

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭ

Сүүлийн үед байнга бодогдоод байдаг болчихлоо. Бодогдоод ч гэж хэлмээргүй, эргэлзээд гэвэл дээр ч юм уу. Юу гэвэл "Ингэхэд монгол хүнд, танд надад бидэнд яг ямар эрх, эрх чөлөөний хэрэгцээ байна?"

За тэр төрөлхийн буюу заяамал эрхүүдийг орхиё. Тодорхой асуудал. Нийгмийн хэв шинж бүхий олдмол эрхийн тухай асуудлыг энд хөндөөд байна л даа. Товчхондоо, ардчилсан нийгэм соц үе хоёрыг харьцуулах гээд байна. За даа, харьцуулна гэхэд ч бас яг хаашаа юм. Зүгээр л шилжсэн үеийг, процессыг нь бодоод, гайхаад байдаг юм.

Эргээд боджээ байхад бидэнд яг юу дутуу байсан болоод хувьсгал хийгээдхэв? Яг үнэндээ бол:
1. Нүүх болон суух эрх буюу ийш тийшээ дураараа хэсэж явах боломж дутуу байв. Энэ нь дотроо бас хоёр хэсгээс бүрдэнэ, нэгд Монгол дотроо зугаалах, хоёрт гадаад уруу тэнэх.
2. Хувьдаа ганц нэгээр тогтохгүй юмтай байх, түүгээрээ гайхуулах, баярхах хэрэгцээ. Мэдээж ийм байхын тулд хэрэгтэй юмаа худалдаж авмаар, бас хүнд хэрэгтэй юмыг нь зарах боломж дутуу байлаа.

Өөр юуг ч хүсээгүй л байхгүй юу. Дарааллын хувьд өөр байж болох ч ердөө л энэ хоёр эрхийг нь өгчихсөн бол бид өнөөдөр "хүнлэг энэрэнгүй" (ёстой яг ш дээ!!!) ардчилсан нийгэм байгуулаагүй байх төдийгүй харин ч харгис хатуу дарангуйлагч социалист (скандинавын орнууд бас "харгис" юм байлгүй) нийгэмд амьдарч байхгүй юу.

Ерөнхийдөө бол атар газрыг эзэмшиж эхэлсэн 50-иад оноос л ганц манайх биш дэлхийн социалист эдийн засгийн мөхөл эхэлсэн байдаг. Аргагүй дээ, ялалтандаа эрэмшсэн социалистууд хэт хөөрөөд "яг одоо л коммунизм уруу ганцхан харайгаад..." гээд л бүгдийг хүчээр хурааж аваад нийгмийн өмч, нийтийн хөрөнгө гээд сүйтгээд хаячихсан юм чинь. Зэрэгцээд кап нийгмийн хөгжил дэвшил энэ үед эхэлсэн байдаг. Одоо бидний шүтээд сүйд болоод байгаа эдийн засаг, менежментийн "хүмүүнлэг" онол, үзэл баримтлалууд үүсч хөгжсөн байна. Чухамдаа бол соц нийгмийг муу муухай харагдуулж, тэднээс давах гэж л тэгэж огцом сайжирсан болохоос үнэн хэрэгтээ аж үйлдвэржсэн кап нийгэмд амьдарч байгаа энгийн хүмүүсийн хувьд баясмаар юм ч үнэндээ цөөн байсан юм байна лээ шд.

Соц нийгмийн, аль ч орны хувьд, удирдагчид нь тэр аяараа ухаангүй тэнэгүүд байгаагүй (ялангуяа манай одоогийн эд нар шиг новшнууд биш тул) эдийн засаг сүйд болоод эхэллээ гэдгийг 70-аад оны сүүл үеэс ойлгож, чадах ядахаараа арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Монголын хувьд ч гэсэн зээл тусламж хөөцөлдөж, шинэ техник технологи нэвтрүүлэх, дүрэм журмаа өөрчлөх, бүтэц бүрэлдэхүүний хөгжүүлэх, боловсон хүчнээ сургах зэргээр хэрэндээ л оролдож. Гэхдээ зайлуул, эдийн засгийн байгууллаа бүрэн сөнөөж байж л босох нь тодорхой юмыг бага сага эрэг шургаар оролдоод сайжрахгүй л дээ.

Харин ч хаа очиж тэр үед авсан зээлээр бүтээсэн жаал зугаа юман дээр л одоо туйлцгааж байна ш дээ. Миний л тооцоогоор 1990 оноос хойш 23 жилийн хугацаанд авсан зээл, тусламжийн дүн соц нийгмийн 70 жилд авснаас давлаадаг. Харин юу бүтээснийг бол харцгааж байгаа байх.

Уг нь тэр үед буюу 80-аад оны эхэн үеэс нэгдэл болон САА-уудыг эхний ээлжинд олон нийтийн өмчит компани болгож хувиргаад, тэгээд хамгийн гол нь бүх газруудыг ашигтай ажиллах шаардлага тавиад явчихсан бол аажмаар эдийн засгийн эрх чөлөө рүү тэмүүлж эхлэхгүй юу... За за, энэ "хэрвээ"-гээр ч юу хийхэв. Томоос том санаа алдая.

Ер нь бол Монголчууд шиг хэт индивидуалист хандлагатай хүмүүст нэгдэж нягтрахын ашиг тусыг хүчээр ч болов, багахан ч атугай, хамгийн гол нь алдаатай ч гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулж өгсөн сүүлчийн оролдлого нь социализм байх шүү. Энэ ч бидэндээ том ололт болсон. Хамгийн наад зах нь усанд ордог, хөнжилд унтдаг болоод үлдчихсэн л байгаа биз дээ.

Ардчилсан нийгмийн ололт бол, за яахав дээ, уг нь зөндөө л "байх" байлаа, үндсэндээ бол замбараагүйдэл л шив дээ.

Read more!

Monday, July 29, 2013

ҮРД ӨВ БҮҮ БЭЛД

Миний нэг найз байх. Амьдралаа цэвэр өөрийн чадлаар (буюу эхнэрийнхээ хамтаар) босгосон. Мань эрд байр ч бий, машин ч бий, зуслан ч бий. Энэ бүгд нь мэдээж өр ширгүй бүтээгүй, гэхдээ одоо бол түүнд өр төлбөр байхгүй. Махийтлаа зүтгэсний шан.

Найз маань нэг зүйл хэлдэг "Би энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө тав тух, кайфын төлөө бүтээж байгаа. Үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул, зөв хүмүүжилтэй болгох, юугаар дутаахгүй өсгөх асуудал бол миний кайфын хавсарга, дайвар. Өөрөөр хэлбэл би тэдэнд өв хөрөнгө бэлдэх гэж энэ бүхнийг бүтээгээгүй. Тэд өөрөө өөрийнхөө төлөө амьдарч сурах ёстой. Бэлэн юм хүнийг эвддэг. Хамгийн гол нь тэдний кайф, вкус ямар байхыг би мэдэхгүй. Тийм учраас би тэдний биш, зөвхөн өөрийнхөө кайфыг л бий болгож байна".

Дийлэнх хүмүүс хажууд нь баацганан явах үр зулзгаа хараад "үүнийг л орох оронтой, унах унаатай болгоодохвол би ч яах вэ, энэ чигээрээ л дуусна" гэх маягийн юм ярьдаг. Харин найз маань бол үүнээс тэс эсрэг юм яриад байдаг.

Би ч анхандаа санаа нийлдэггүй байлаа. Одоо бол зарим талаар санаа нийлээд байх болсон шүү. Уг нь энэ мэтийн юмыг аль эрт хятдын гүн ухаантан Күнз (Сүнз нь ч билүү, би хүний нэр тогтоодоггүй) тодорхой хэлчихсэн байдаг юм билээ л дээ.

Үрд өв бүү үлдээ
Муу үр үрчихнэ
Сайн үр олчихно гэж

Нээрээ л сайн үр өөрөө олчихно шүү дээ. Муу үр бол юу ч байсан үрж зараад л дуусгах байх. Энд нэн ойлгомжтой нэг санаа нуугдаж байна. Хөрөнгө бүү бүтээ, харин сайн үрийг л бүтээ гэж. Өөрөөр хэлбэл хүмүүжил нэгд гэж.

Юу үнэн энэ үнэн. Хүнд хүмүүжил, ялангуяа ёс суртахууны төлөвшил, соёлын боловсрол, гоо зүйн мэдлэг, үнэт зүйлийн мэдрэмж суулгах л хамгийн чухал. Харамсалтай нь миний ажигласнаар, сүүлийн үед хүмүүс хүүхдээ боловсролтой л болгож байвал бусад нь дайвар гэж бодоод байх шиг.

Уг нь бол зөв хүмүүжилтэй, бүрэн төлөвшсөн (даруу гэж ойлгох хэрэггүй) хүн ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн сурах арга барилтай байдаг тул ямар ч эрдэм мэдлэг, боловсролыг их амархан эзэмшдэг, өөриймшүүлдэг, цаашид ч зоволтгүй амьдардаг. Хэчнээн сургуульд сураад, өчнөөн боловсролтой болоод хол явдаггүй нөхдүүд зөндөө л байдаг шүү дээ.

Ийм болохоор дээрх сургаалд миний зүгээс энд нэг зүйл нэмчихмээр санагддаг.

Үрд өв биш гэхнээ боломж хадгал

Сайн үрийг боломжоор тэтгэ
Муу үрийг ч боломжоор тэтгэ
Аль нь ч байсан урмаар л тэжээ.

Read more!

Thursday, July 18, 2013

МОНГОЛ АРДЧИЛЛЫН АЛДАА

Миний нэг анзаарсан зүйл байна. Магадгүй энэ талаар олон судлаачид үзэл бодлоо илэрхийлцгээсэн байх. Монгол улс 1990 онд ардчилал уруу халин орохдоо, нарийндаа бол 1992 онд ардчилсан үндсэн хуулийг батлахдаа, ардчилсан нийгмийн байгууллыг, төрийн тогтолцоог бий болгохдоо хоёр айхтар алдаа хийсэн.

Нэгдүгээр алдаа нь, төрийн институцийг үгүй хийсэн явдал. Үүний гавьяагаар төрийн бодлого боловсруулах хамгийн чухал процесс, систем алдагдсан. Төрийн институц үгүй болсноор төрийн бодлого гэдэг нь үндсэндээ аль нэг улстөрийн хүчний захиалгаар хийгдсэн хэдэн ядарсан "гар"-уудын хийсэн судалгааны тайлан нэртэй навсархай цаас, нарийн ярьвал хэн нэг улстөрчийн таалалд нийцүүлсэн, түүний санааг нотлох гэж хичээсэн ядмаг дүгнэлтүүд дээр үндэслэх болсоор удлаа.

Энэ алдааг одоо харьцангуйгаар нөхдүүд гайгүй сайн ойлгодог болоод байх шиг. Жишээлбэл, энэ хуульзүйн сайд Тэмүүжиний хийх гээд оролдоод, ядаад, олон хүнтэй муудалцаад байгаа Хуульзүйн судалгааны интитут бол төрийн институцийн нэг хэсэг юм шиг байгаан. Даанч харамсалтай нь энэ институт улстөрийн үйл ажиллагаанаас хол байж чадахгүй гэдэг л гол горойлгоод байгаа юм. Тэгэхээр л бодит утгаараа төрийн институц болж чадахгүй л дээ.

Төрийн институцийн хамгийн гол шинж бол Засгийн газарт захирагдах ёсгүй гэдэг дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл улстөрөөс ангид байлгах гэсэн үг. Үүний тулд бүх шатны удирдлага солигдох асуудал нь томилгоон дээр биш, тодорхой хууль эрхзүйн актын дагуу тодорхой сонгон шалгаруулалт дээр үндэслэсэн байх ёстой. Ингэснээр тухайн байгууллагыг толгойлж байгаа хүмүүс (тэргүүн зэргийн эрдэмтэн судлаачид) айх айдасгүй, холбиролтгүй он удаан жилээр тууштай ажиллах боломжтой болно. Тэгээд мэдээж мэргэжлийн боловсон хүчин (мэргэшсэн судлаачид), тэдний хараат бус үйл ажиллагаа, тогтвортой ажлын байр зэрэг асуудлууд тавигдана. Үүнийг төсөв мөнгөний тогтвортой хангалт, техник тоног төхөөрөмжийн байнгын шинэчлэлт, боловсон хүчний сургалт, хангалтаар дэмжиж баталгаат архив, мэдээллийн урсгалын хатуу тогтолцоо, ажлын байрны ойлгомжтой чиг үүргээр шахах ёстой.

Хоёр дахь алдаа нь, цэрэг, цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалт зэрэг тусгай албадуудыг УИХ, Засгийн газрын мэдэлд байхаар шийдсэн нь маш аймшигтай алдаа болсон. Тусгай албадуудын бие даасан, тусгаар байдлыг үгүй болгосноор улстөрийн наргианд татан оролцуулж, улмаар тусгай албадын удирдлага нь улстөрийн албан тушаал болж, үндэсний аюулгүй байдал гэдэг нь үнэн хэрэгтээ, улстөрчдийн аюулгүй байдал гэдэг асуудлаас хэтэрхээ байсан. Улстөрчид аюулгүй байдалд байна гэдэг бол эсрэгээрээ ард түмэн, улс орон аюултай байдалд байна гэсэн үг билээ.

Товчдоо, Монголд ардчилал биш, анархизм цогцолсоор удаж байна.

Read more!

Friday, March 8, 2013

ХАЛААЛТ

Монгол хэлэнд хүмүүс хоорондын харилцааны шинж байдлыг орчны температур ярьж байгаа юм шиг тэмдэг нэрээр тодорхойлдог. Халуун, дулаан, бүлээн гэсэн хэмээр харилцааны ойр дотно, найрсаг, зөөлөн уур амьсгалыг илэрхийлдэг бол хүйтэн, мөс шиг гэх мэт “цаг агаарын” үгс нь сөрөг, дайсагнасан, хол хөндий шинж тэмдгийг илтгэдэг.

Халсан биет тэлдэгийг хүн бүр мэднэ. Тэлэлт хэтэрвэл задрал явагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл хэтэрхий халалт гамшигт хүргэнэ. Үүнтэй нэг адил хөрсөн биет агшдаг. Агшилт хэтэрвэл хугарал үүснэ. Өөрөөр хэлбэл дэндүү хөрөлт эвдрэлд хүргэнэ. Одоо дээрх физикийн энгийн үзэгдлийг нийгмийн харилцаа руу хөрвүүлж энгийн жишээн дээр авч үзье.

“Цонх”-той цагаар, багшийг эзгүйд нэг ангийн хүүхдүүд найрсаг сайхан ярилцаад сууж байлаа гэж бодъё. Багш ирэхгүй удсан, магадгүй санаатай “саатуулсан” учраас тэдний ойр дотно, бүлээн дулаан уур амьсгал бүр хална. Их халсан, хөөрсөн хүүхдүүд нийтээрээ жигд ойлголцож, хэвийн ярилцаж чадахаа байгаад нэгийгээ ярьж байхад нөгөө нь зэрэгцэж яриад, зэрэг зэрэг хашгиралдаад, бие биенээ сонсох бололцоогүй болсон тул хэсэг бусгаараа салж хоёр гурваараа бүлэглэл байгуулж эхэлнэ. Бүлэглэлүүдийн ярианы чиг хандлага аажмаар өөрчлөгдөж амин хувиа хичээсэн, бусад бүлэглэлүүдээ муулсан байдалтай болж ирлээ. Улмаар ярианыхаа өнгийг өөрчлөн, дууныхаа хүчийг султган шивэгнэлдэж эхэлнэ. Нэгэнт өрөөлтэй нийлж өөр бусдыг муулсан этгээд “энэ надад түүнийг муулж байгаа юм чинь, намайг ч бас бусдад муу хэлнэ” гэж бодох бөгөөд бүлгээс салан тусгаарлах, бие даах бодлого баримталж эхэлнэ. Ингээд халаасны гор гарч нийтийн дулаан уур амьсгал аажмаар задрал, мөхөл рүү хүргэнэ.

Энэхүү хэт халалтаас үүдсэн задралыг засахаар ааш муутай хичээлийн эрхлэгч орж ирлээ. Тэр цэвдэг сэтгэлтэй хүн учраас өөрийнхөөрөө “жарган” айхавтар “халууцаж” байгаа хүүхдүүдийг хүйтэн, хөндий үгээрээ хуу шавхуурдан хөргөж, анги доторх хэт их халуун хормын зуурт хөрнө. Дөнгөж саяхан хажуу дахаа үзэн ядталаа муудалцаж байсан хүүхдүүд энэ цочир хүйтрэлд дасан зохицохын тулд эвлэлдэн нэгдэж, нягтрана. Тэдний энэ нягтрал, харамсалтай нь цочир хүйтрэлийн эсрэг тэмцэх цаг зуурын нэгдэл юм. Хэрэв сайхан сэтгэлт ангийн багш нь орж ирсэн бол их халалтыг сэрүүн салхиар үлээлгэж хөргөх байсан агаад цаг агаарын нөхцөл байдлыг зөөлөн дулаан уур амьсгалтай болгох байсан нь гарцаагүй юм. Гэвч бутартлаа задрал явагдсан хэт халалтыг буцаж нийлтэл нь сэвшүүлэхэд дэндүү урт хугацаа зарцуулах бөгөөд магадгүй эргүүлэн нийлүүлэх боломжгүй ч болсон байж болох юм.

Ардчилал, нийтийн тэгш эрх гэдэг зүйл бол яг энэ халалтын процессыг хэлээд байгаа юм. Гэхдээ хэт их үү, зөөлөн жигд халаах уу, эсвэл бүр тас хөргөх үү гэдгийг халаалтын удирдлагыг барьсан этгээд л шийднэ. Өнөө цагт өндөр хөгжилтэй, хэт гүрнүүд ардчилал гэдэг гоё үгийн доор энэ халаалтыг ядуу буурай боловч “баян” улс орнуудад хийдэг. Ашиг нь ямар байхаас хамааран халаалтын хүчийг тохируулна. Ашиг нь их байхаар бол битүү савыг хагалах гэж байгаа учраас доторхыг нь сайтар халаахын тулд маш хүчтэй “паялник”-ддаг. Сайтар паялникдсаны үр дүнд халсан биет тэлнэ, задарна. Египетийг санагтун, Ливийг харагтун, Африкийн тухай бодогтун.

“Тэд” биднийг олон жил паялникдаж байна. Эхэлж паялникдаагүйдээ харамсаж байсан боловч оройтоогүй гэж үзээд юутай ч галаа асаасан. Сүүлийн жилүүдэд бидний халалт үр ашгаа өгөх нь тодорхой болж, “үнээнээс сүү” гарч эхэлсэн учраас галынхаа хүчийг нэмэгдүүлж байна. Агаарын температур нэмэгдэж байна. Нэмэгдэж байгаа учраас дулаан уур амьсгал эхэлсэн. Дулаарал хэтэрч задрал эхэлж хагарсан. Эхний ан цаваар тос гоожсон, “тэр” долоосон. Энэ бол дөнгөж амт мэдрүүлэх дусал. Бид ч долоосон. “Тэр”-нд чихэрлэг амт мэдрэгдсэн бол бидэнд “цус” амтагдсан. Гэвч цус ямар амттай байдгийг бид аль эрт мартжээ. “Тэр”-нийг хэн бэ гэж битгий эр. Та олохгүй. “Тэр” хаа сайгүй байгаа, бүр таны дотор аль хэдийнээ орчихсон...

Магадгүй, аймшгийн кино үзэж байгаа ч юм уу, эсвэл “Шөнө дундын яриа” шиг санагдаж байгаа байх. Гэхдээ дээрх хэсгийг Монголын нийгэмд болсон аль ч үзэгдэлд хаана нь ч орлуулж тавиад харж болно.

Монгол улс, Уинстон Чөрчиллийн хэлсэнчлэн нийгмийн “хамгийн олхиогүй бөгөөд яалт ч үгүй шилдэг” хэлбэр болох ардчилал руу гулсан орсон боловч гадныхны өхөөрддөгөөр, Монголд байгаа зэрлэг капитализм, нялх ардчилал “тэр”-ний зууш болж байна. “Тэр”-ний арга их нарийн. Наанаа чамин хээтэй, цаанаа нандин хэлхээтэй...

Да Винчийн код, Матрицийн тоогоор ярихаа болиод энгийн жишээгээр ярья. Олон улсын “сайн санаа”-ны нэг байгууллага Монголын жендерийн тэгш эрхийн асуудлыг судлах “төсөв”-ийг шийдэж өгье гэжээ. Угаасаа цөөхөөн хүн амтай, тэгээд тэрнийх нь тал нь эмэгтэй, бас тэдний гуравны нэг нь жендерийн эрх мэрхийн асуудал түй ч падгүй нялхас байдаг болохоор Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг ганцхан байгууллага байх. Тэдэнд “төсөв”-ийг шууд өгөх боломжгүйг учирлан тайлбарлаад тендер зарлана. Тэмцээн учраас өрсөлдөгч хэрэгтэй болно. Гайхсандаа нэг биенээ хоёр хуваана. Гэтэл хоёр өрсөлдөгч цөөднө гэнэ. Дахиад хуваагдана. Ялагчийн “диплом” дээр хамтрах хориотой гээд хамтарсан тохиолдолд “төсөв”-өө буцааж авах зүйл заалт бий. “Төсөв” хийх ажлын зардлаас өндөр. Ялагч ажлаа хийж дуусаад илүүгээ өөртөө шингээх бололцоо байгааг олоод харчих нь тэр.

Энэ бол бодит бус боловч байдаг л нэг жишээ. Тендер бол түүний нарийн аргуудын энгийн нэг хэрэгсэл. Төсөл нь байдаг л нэг ажил байна. Ажлын ард нь ядуу Монголчуудын хорхойг хөдөлгөсөн “хөөрхөөн” мөнгөн дүн байна. Нэгэнт тендер=уралдаан учраас халуун ам бүлийн хүүхдүүд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэнэ. Бөөн арга тактик, энэ дунд нь ажлын арга барил, техник технологи, зардал мөнгөний тооцооноос авахуулаад авилга, танил талын хэлхээ холбооны асуудал ч багтаж байна. Бөөн алалдаан, эцэст нь “төрсөн” ах дүүс бие нэгнийхээ махбодид нь биш боловч сэтгэлд нь “хутга шаагаад” асуудал дууслаа. Ийм жишээ хаа сайгүй. Одоо бүр хэвшмэл зүйл болчихсон.

Тендерээс арай өөр жишээ татъя, хөнгөлөлттэй зээл тусламж. Яагаад Монголд орж ирж байгаа бүх хөнгөлөлттэй зээл “жижиг дунд” бизнесийг дэмжихэд чиглэгдсэн байдаг юм бол?! Нийт зээлийн дүн нь бол хэр баргийн том бизнесийг босгочихоор мөнгө байна. Тэгсэн мөртлөө зөвхөн ”жижиг дунд”-д зориулав гэнэ. Олон жижиг хэсэг байлгах л гээд байнаа даа, мөн үү?!

“Тэр”-нд яг ийм л хүсэл, сонирхол бий. Тийм ч учраас Монголчууд өөрсдөө хийхээр сэдсэн, бүтээх гэж, нэгдэж нягтрах гэж оролдсон ямар ч том санал, санаачилга өдийг хүртэл бодитоор хэрэгжээгүй, бүтээгүй байгаа. “Тэр” үүнд янз бүрийн аргаар саад хийдэг бөгөөд засаг захиргааны нэгжүүдийг нь хүртэл улам бүр задлан, салгаж бутаргаж байдаг. Ийм зорилго бүхий тактик, стратеги, бодлого, хөтөлбөр, төсөл... өөр юу юу ч гэдэг юм, арга хэрэгслүүд зөндөө. Ард нь хоёр гоё тайлбартай. Нэг нь “ядуу Монголд туслах”, нөгөө нь “нялх Ардчиллыг хөгжүүлэх”. Тайлбар нь янзын гоё жишээтэй “Энийг хар аа, Эрхий хуруу. Намайг хар аа, нарны гэрэл. Өөрийгөө хар аа...”

“Тэр” хэрэгжүүлэх арга хэрэгслүүдээ зүгээр нэг хялбархан олчихоогүй юм. “Тэр” асуудлыг хэзээ ч шууд шийддэггүй. Ултай суурьтай судалж, бодож байж хөдөлдөг. Тиймдээ ч маш их зардал гаргаж судалсан байна. Судалгааны гипотез нь мөнгөний асуудал, ядуурал, өлсгөлөн байсан бөгөөд таамаглал бүрэн нотлогдсонгүй. Яагаад гэвэл орос дарханы зөвлөлт лантуугаар 70 жил давтуулсан Монголчууд homo soveticus байсан учир тэд мөнгөнд ач холбогдол өгөхгүй байв. Харьцуулах юм юу ч байгаагүй тул ядуу гэдгээ мэдэхгүй, цатгалан биш боловч өлсөх тухай ямар ч ойлголтгүй байв. Мөнгөөр юу авч болохыг нь мэдрүүлж, мөнгөтэй хүн юу хийж чадахыг нь ойлгуулах шаардлагатай нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл шуналтай болгох шаардлагатай байлаа.

Юу ч үгүй Монголд үүнийг ойлгуулахад дэндүү их цаг хугацаа шаардах бөгөөд зардал нь ч замбараагүй байх нь гарцаагүй. Гэвч, “азаар” судалгааны явцад маш чухал үр дүнг олж авсан байна. Тэр бол Монголчуудын төрөлх араншин, зан төлөвийн маш том онцлог болох өрсөлдөх, уралдах, тэмцэлдэх хорхой бөгөөд байгалиас заяасан ялагч, дийлэгч байх их хүсэл, хуял, тачаал аж.

Ингээд өрсөлдүүлж, дээр доор нь оруулж, уралцуулж талцуулах бодлого боловсруулагдлаа. Уралцааны ялагчийг өргөн мандуулж, хоцрогсдын хорыг малтах ажиллагаа эрчимтэй өрнүүлэв. Ялагчийг улам пологтуулж, бүр бөөлжүүлэх бөгөөд хожигдсон этгээдэд мөнгөний амт ямар байдгийг ухуулан сурталчилна. Шар хорыг нь малтах арга нь ч өөр. Шунал хөдөлгөнө. Байгаагаараа баян байж, дундуур дүүрэн амьдарч хэн ч чадахаа байлаа. Бүгд дүүрэн бялхахыг хүснэ. Юугаар бялхуулахаа сайн мэдэхгүй тул зөвхөн атаа, жөтөө, шунал, хорсол, дайсагнал, тэмцлээр л сав нь бялхана. Ийм орчинд дунджууд байх үндэсгүй бөгөөд бүгд том байх сонирхолтой.

...Хэт халалт аминд халтай. Жаахаан хөргөх хэрэгтэй байна, гэхдээ хэмхэлчихгүй л юмсан даа.

Read more!

Saturday, December 29, 2012

ХЭРВЭЭ...

Уг нь түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй гэдэг. Хэрвээ тэр үед тэгсэн бол ингэх байлаа, ингэсэн бол тэгэх байжээ гэсэн "балай" юм ярих ёсгүйн шалтгаан нь ердөө л түүх бол бодит факт, болоод өнгөрсөн юм. Харин ирээдүйн тухайд бол "хэрвээ"-гээр дүүрэн байх ёстой, бүр зайлшгүй. Яагаад гэвэл болоогүй, болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлийн тухай ярьж байгаа учраас бүх зүйлийг олон талаас нь харж заавал "хэрвээ"-дэх ёстой. Сүүлийн үед би гэдэг "балай" Монголын түүхийн тухай харин ч нэг "хэрвээ"-дэх дуртай болоод байгаа. Ингээд олон "хэрвээ"-гийнхээ хамгийн чухал гэж бодсон нэгийг нь Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо эргэн сэргээсний 101 жилийн ойд зориулаад биччихэе. Хэрвээ...

1919 онд атаман Семенов, адмирал Колчак хоёр Монголд орж ирж чадсан бол Монгол коммунист улс болохгүй байсан байх. Монгол коммунист улс болохгүй байх бол юу ч биш, Орос коммунист улс болохгүй байсан. Тухайлан Орос коммунист улс болохгүй тул дэлхий хоёр хуваагдаж хүйтэн дайн болохгүй байлаа. Товчхондоо дэлхийн түүх тэс өөрөөр бичигдэх байлаа.

Яагаад гэвэл Эрхүү рүү ирж явсан Колчакийн арми ядарч, өлсөж, туйлдсанаас биш бүрэн зэвсэглэсэн, өргөн бүрэлдэхүүнтэй үлэмж хэмжээний цэрэгтэй байсан. Мөн Семенов ч мөн адил цөөнгүй цэрэгтэй, боломжийн зэвсэглэсэн орчин үеийн армитай байсан. Тэд нэгдэж амжаад, за нэгдэхгүй ч байсан яахав, хамгийн гол нь хоюулаа Монголд ороод ирсэн бол барон Унгерны гаминг хөөсөн гавьяа, Нармай Монгол улс байгуулах хошгоруулалтаар олж авсан нэр хүндийг ашиглан уудам тэнэгэр, арвин их хүнстэй Монгол нутагт 1-2 жил хүч тамираа сайхан сэлбэж авах байсан. Тэгээд магадгүй, тэр үед гэдсэндээ хөлөө хийлцэж байсан Хятадуудаас Өвөрмонголыг хялбар салгаж, ар өвөр Монголыг нийлүүлээд улмаар Буриадыг улаан Оросуудаас булаан эзэлж, жинхэнэ утгаар нь Нармай Монгол улсыг байгуулж, магадгүй бүр Монгол цэргээр эгнээгээ өргөжүүлж аваад хойшоо байлдах байсан.

Байлдахаар барахгүй, өөр хоорондоо үзэл бодлын их зөрчилтэй өвөр түрийдээ хутгатай явж байсан коммунистуудтай, учраа олохоо больсон, шинэ засагт огт итгэхгүй байгаа, тэрбайтугай хэн одоо эзэн болсныг ч ойлгохоо байсан харанхуй бүдүүлэг ядуу гуйлгачин ард түмэнтэй, эмх замбараагүй байдал, өлсгөлөн ядуурал ноёрхоод байсан Орос орны хараахан хядуулж дуусаагүй ноёд, газрын эзэд, үйлдвэрийн эздээс бүх талын дэмжлэг аваад большевикуудыг хялбархан цохих байлаа. Цохихоор барахгүй, газрын хөрснөөс арчиж хаях байлаа. Тэднийг тэр үед л цохичихсон бол төд удалгүй, Генри Фордын дамжлагын систем үйлдвэрлэлд нэвтэрч, нийгмийн дундаж анги давхарга бий болох бөгөөд Марксын "хувьсгалын онол" хэзээ ч биелэх нөхцөл үүсэхгүй, ерөөс коммунист үзэл санаа хүмүүний оюун ухаанаас арчигдаж, номын шарласан хуудас төдийд үлдэх байлаа гэж.

Энэ ялалтад эрх мэдлээ хасуулсан шашны мяндагтан лам нарын зүгээс үнэн алдартны шашны гүн сүсэгтэй ард түмний толгойг хялбархан эргүүлэх боломж, бас дээр нь олон удаагийн бослого, үймээн самууны үндсэн суурь шалтгааныг хожимдсон ч гэлээ судалж, эрс шинэчлэл хийж чадахуйц бодлого боловсруулаад байсан ерөнхий сайд Столыпины мэргэн ухаан хоёр маш том хувь нэмэр болох нь гарцаагүй байлаа. Колчак шиг чанд хатуу, цэрэг офицеруудын бүрэн итгэлийг хүлээсэн, дайны баатар, гарамгай жанжин, жинхэнэ үнэн алдартан, "ёстой орос эр" улаантнуудыг хатуу чангаар цээрлүүлэх нь гарцаагүй агаад ухаалаг, гүн бодлоготой, уян зөөлөн Столыпины хамт эзэн хаангүй болсон Орос оронд бүгд найрамдах засаглалыг бэлэглэж эх орноо мөхлөөс аврах л байсан.

Энэ бүхний эцэст нэн чухал нь дахин нэгдсэн Их (нармай) Монгол улс дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, хойноо бат цайзтай болж авах байлаа. Хойноос ирээд хотонд орж суугаад хонийг маань өмчлөх гээд байх улаан орос байхгүй учир бидний цөөн Монголчууд язгуур угсаа энээ тэрээ гэх юмгүй ч ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг оройн дээд очирдарь Богд хаанаа төр шашны тэргүүнээрээ залчихаад, язгууртан ноёдын их хурилдайг төрийн эрх барих дээд байгууллагаа болгоод бүгд найрамдах засагтай орчин үеийн улс болох боломжтой байлаа. Яагаад гэвэл лам, ноёдгүй бүгд нэгдэж, үгсэж байгаад Манжаас салсан, удаахан нь гурван улсын хэлэлцээр гэгчээр Хятадын нөлөөний автономи болсон, дөнгөж саяхан гамингийн хөлд нэрвэгдсэн зэрэг шалтгааны улмаас ноёдын түшмэдийн бүлгэмүүд бүгд цорын ганцхан "Туурга тусгаар Богд хаант Монгол улс" байгуулах гэсэн зорилготой байсан.

Тухайлан нэг зорилготой, нэг хаантай байх дээр санал нэгдсэн, түүнчлэн Богд гэгээн өөрөө "Өчүүхэн хувраг би болбоос гагцхүү шашин номын хүн агаад төр түмний аливаа хэргийг эмхлэн мэдэхгүй молхи нэгэн тул эрхэм ноёд та бүхэн олон ардын сэтгэлийг амиржуулж, ахуйг төвхнүүлэн засна буй заа гэж итгэнэм" хэмээн айлдаж засгийн эрх мэдлээс татгалзаад байсан, хамгийн гол нь Манжийн харьяанаас гарсныхаа дараа албан ёсоор судалгааны баг томилж Англи, Франц, АНУ зэрэг олон улсын үндсэн хуулийг нарийн судалж жинхэнэ боловсронгуй, орчин үеийн constitution-тай болохоор эхний хувилбарыг боловсруулж байсан зэргээс үзвэл Монгол улс засаглалын хувьд ямар ч асуудалгүй байх нь гарцаагүй. Нэгэнт хаан сонгохгүй, язгууртны парламенттай бүгд найрамдах улс болж байгаа, дээр нь гамингийн эсгэсэн шарх аниагүй, манжийн урсгасан цус хатаагүй байсан ба "200 жил түгжээтэй байсан хаалга онгойж, хаалттай байсан хөшиг дэлгэгдсэн" учир засаглал ямар ч асуудалгүй, феодал ноёдын дунд эрх мэдлийн төлөөх элдэв тэмцэлгүй байх нь гарцаагүй.

Бүх түүхэндээ зөвхөн өөр хоорондын эрх мэдлээ булаацалдсан, яль шальгүй зүйлсээс хэмлэлдэж, доройтож мөхөж асан Монгол төрийн гашуун туршлага бол ердөө л засаглалын асуудал байсаан. Бусдаар бид хэнд ч дийлдэж яваагүй, омог бардам, цээж тэнэгэр, толгой гэдгэр, харц дээгүүр тэнгэр угсаат ард түмэн билээ...

... гээд "хэрвээ"-дчихээр л сэтгэл санаа үймрэх юм. Гэлээ гээд яалтай билээ, нэгэнт ороод удсан борооны эврээд хатсан шавар нь үлдсэн байхад цув өмсөх нь илүүц биз. Харин хаа очиж, тэнгэрийн авралаар, язгуур монголчууд бид их түүхийн энхэл донхолд унаж бүдэрч бэдэрсээр өдийг хүргэхдээ хожсон уу гэхээс алдаагүй аугаа азтай хүмүүс ажгуу.

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ
ТУНХАГЛАН ЗАРЛАНА БИ

Read more!

Friday, December 14, 2012

ЭЭ ТЭНГЭР МИНЬ

Их Монгол улсын хүчирхэг байсны нууцыг, чухаг санааг, тэр агуу ур, нарийн ухааныг эртний үлгэр домог, туульсаар дамжуулан хэлсэн эцэг өвгөдийнхөө учир битүүлэг, нууцлаг, оньсого таавар мэт сургаалиас өөрийгөө зөв эвлүүлж, зөв ойлгож авсан, өвлөж үлдсэн гэж бат нот итгэсэндээ бусдад хэлэх гэж, дамжуулах гэж, ойлгуулах гэж ядаж, аргаа барж, үсээ үгтээж яваа миний хайж цөхсөн тэр үгийг 100 жилийн өмнө орчин үеийн Хятадын эцэг Сүн Ятсэн томъёолоод хэлчихсэн байж шүү дээ. Өндөр дээдсийн минь суу билгийн нууцыг тэд олчихсон, судалчихсан, ойлгочихсон байж. Ойлгоод зогсохгүй Күнз богдынхоо гүн ухаантай, эртний их уламжлалтай, арвин их соёлтойгоо холиод өөриймшүүлчихсэн байна. Тиймдээ ч одоо хятадууд хүчирхэг байгаа юм байна...

Судлаач Д.Ганхуяг гуайн блогоос "Сүн Ятсэн: Ардын гурван зарчим"-ыг олж уншаад ийн харамсан дуу алдаж шогширч байна.

Сүн Ятсэн Хятадын тусгаар тогтнолыг удирдаад зогсохгүй, хөгжлийн бодлогыг "...үндэсний үзэл, ардын засаг, ардын сайн сайхан байдал гэсэн гурван зарчим..." гэж тунхагласан байна. Тэрбээр үндэсний үзэл гэдэг зарчмаа тайлбарлахдаа "... үндэсний үзлийн зарчим бол манай орноос харь хүн болгоныг хөөгөөд байна гэсэн хэрэг биш, харин манай үндэстэнд хамаарах эрх мэдлийг харийнхан булаан авахад хязгаар тавих гэсэн хэрэг мөн... манж нарыг үндэстний хувьд устгах явдал мэт үзэх санааг би сонсож байсан. Энэ бол том алдаа... бид бүх манжуудыг биш, харин ханьчуудад хор хүргэж буй тэр манжуудыг үзэн ядна... манжууд бидэнд саад болохгүй бол бидэнд тэднийг дайсагнах хэрэг байхгүй..." гэжээ. Би "хужаа" хүнийг биш, "хужаа санааг" үзэн ядах, зодох, бүр алах ёстой гэдгийг учирсан хүн болгондоо улиглаж явдаг.

Улмаар ардын засаг гэдэг зарчмаа "... удирдлагын өнөөгийн ялзарсан системийг нэг цохилтоор эвдэлж болох нь мэдээж хэрэг. Гэхдээ мөн заавал суга татаж хаявал зохих энэ булай системийн үндэс бас л хадгалагдан үлдсэн... Хятадад хэдэн мянган жилийн турш хаант төрийн байгуулал ноёрхож байсан... Түүнийг устгахын тулд үндэсний ганц хувьсгал хангалтгүй... Мин улсын хаан Тайцу монголчуудыг хөөж, хятадын үндэсний төрийг сэргээн тогтоох үед улс орныг удирдах систем Хань, Тан, Сүн улсын үед байсантай ойролцоо үлдсэн. Үүнээс гурван зуун жилийн дараа Хятад харийн булаан эзлэлтэд дахин өртсөний шалтгааныг улс төрийн байгууллын гажгаас хайвал зохино... Хэрэв хувьсгалд оролцож буй хүмүүс хаант засгийн ямар нэг үзэл санааг тээж байвал тэд улс орныг мөхөлд хүргэнэ... Одоо бусад гүрнүүд хятадаас махчин харцаа салгахгүй, хувьсгалчдын дунд өөр хоорондын тэмцэл эхэлж, тэд улс орныг хувааж эхлэх юм бол тэд улс орноо өөрийн гараар хөнөөнө... " гэж тайлбарлажээ. Монголчууд бид 1990 онд ардчилалсан хувьсгал хийсэн нь үнэн хэдий ч, төрийн байгууламжаа бүрэн өөрчилж чадаагүйн гайг хангалттай амсаж байгаа билээ.

Эцэст нь Сүн Ятсэн ардын сайн сайхан байдал гэдгээ "...бид маш алсыг харах ёстой. Нэгэнт болчихсон хойно нь арилгаж байснаас том зовлонгийн аюул заналын эсрэг арга хэмжээг цагт нь авч байх нь ямагт амархан байдаг... хувьсгалыг хэрэгжүүлэхдээ манай нийгэм-эдийн засгийн системийг сайжруулах аргыг олж, ингэснээрээ ирээдүйн нийгмийн хувьсгалаас зайлсхийх ёстой. Чухам энд л манай агуу их зорилт оршино... иргэншил хангалттай хөгжиж чадаагүй байсан. Иргэншил хөгжихийн хэрээр нийгмийн асуудал улам бүр хурц болж ирсэн... Хятадад дээр дурдсан үзэгдэл хараахан байхгүй, магадгүй бид өөрийн зуундаа үүнийг үзэхгүй ч байж мэднэ. Гэхдээ манай хүүхдүүд, ач гуч нар түүнтэй гарцаагүй тулгарах болно... Хувьсгал хийхдээ бид зүгээр л үндэсний төрөө бус, харин нийгмийн улсаа байгуулах ёстой... Нийгмийн үзэгдлийг хэзээ ч жам ёсны урсгалтай адилтгаж болохгүй. Тэр бол хэрэв хөгжлийг нь хольж хутгахгүй бол замбараагүй ургадаг мод лугаа юм. Нийгмийн асуудал ч ийм юм... ". Энд хэдийгээр Сүн Ятсэн социалист үзэл санаагаа илт тулгасан боловч эрс шинэчлэл, хувьсгал гэдэг бол эцсийн эцэст ард нийтийн, нийгмийн төлөө гэсэн хоосон урианаасаа илүүтэйгээр цаг хугацаатай зарлаж байгаа дайн байдаг гэдгийг тэр сайн мэдэж байж.

Уг нь Монголчууд бид 1911 онд ч тэр, 1921 онд ч тэр, 1990 онд ч тэр, хэзээ ч тэр, хэн нэгнээр хатгуулалгүй, шөвөгдүүлэлгүй, ямар ч Арабын хавар, өнгийн хувьсгал шиг хөгийн юм хийж байгаагүй. Зөнгөөрөө өөрсдөө санаачлаад өөрсдөө л хийж бүтээж байсан. Харамсалтай нь биднийг хувьсгалаа хийчихээд ялалтаа тэмдэглэж эхлүүт л харийнхан хөтлөөд аваад явчихаж байв...

Төгсгөлд нь хэлэхэд "Дайсныхаа хэлийг мэдэхгүйгээр дайтаж үл болно" гэдэг юутай үнэн. Тэд биднийг судалсан байна, бидний аргыг ашигласан байна. Харин бид ямархуу байгаа билээ?! Хажуудахаа таниагүй байж, юун тэр хаа холын эсэн бусын, элий балай.

Үхэр монголчууд одоо хаана хэнд дөрлүүлээд хаашаа яах гэж явж байгааг мэдэх хүн байна уу? Ээ тэнгэр минь!!!

Read more!

Thursday, December 13, 2012

АРДЫН БАЯР ЦЭНГЭЛ

Улс даяараа шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон ид бужигнаж байх энэ зуурт баяр ёслолын талаар зарим санаагаа хуваалцюу гэж саналаа.

Аливаа үндэстэн угсаатны уламжлалт баяруудыг харжээ байхад нэг л зүй тогтол ажиглагдана. Хүнд хүчир үеийг давлаа, хоол хүнс арвидах цаг ирлээ гэж буюу шууд материаллаг үндэслэлтэй нэг баярлана. Түүнчлэн үүний яг эсрэгээр буюу хүнд хүчир цагийг амжилттай туулахын төлөө, хоол хүнсээ арвижууллаа гэж идеал буюу билэгдлийн шинж чанартай бас нэг баярлана.

Материаллаг болон идеал шинж чанартай гэж 2 ангилсан шалтгаан нь хүн төрөлхтөн хэдийнээс нааш болж өнгөрсөн зүйлийг нүдээр үзэж, биеэр мэдэрдэг тул ирээдүйд тохиох явдлаас илүү чухалчилдагт тулгуурласан юм. Тиймдээ ч
материаллаг баяр нь идеал баяраасаа илүү өргөн цар хүрээтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг байна.

Үндсэндээ ийм л хоёр зүйл дээр хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой адгуус баярлаж цэнгэдэг байна. За тэгээд энэ 2 үндсэн баяр нь амьдралын хэмнэл, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу гол эрхэлдэг аж ахуй, эдийн засгийн үндсэн салбар, газарзүйн байршил зэргээсээ шалтгаалаад өөр өөр үед явагдана.

Тухайлбал, суурин тариачин үндэстнүүд материаллаг баяраа өвлийн тарчиг цаг дуусч газар хагалах цаг ирлээ гэж хаврын эхэн сард тэмдэглэдэг ба идеаллаг баяр буюу ургацын баяраа нөмрөн ирж байгаа өвлийн хүчир цагийг урагштай туулах болтугай гэж намар мөн тэмдэглэнэ. Харин анчид, загасчид ан гарлаа, загас ирлээ гэж нэг, бас арвин олз омогтой байлаа, одоо алзахгүй ээ гэж мөн нэг баярлацгаана. Нүүдэлчин малчин бидний хувьд ч мөн энэ хуваарь алдагддаггүй.

Уугуул баярыг ингэж ангилж болж байгаа ба суугуул баярууд гэж бас байна. Энэ нь ихэвчлэн нэг талаас бусдыг даган дууриасан, нөгөө талаас нийтийн жишгийг дагасан, угшил талаасаа нийгмийн чиг баримжаатай буюу илүү субьектив баярууд юм. Субьектив баярууд нь тухайн үндэстний уламжлалт буюу обьектив чиг хандлагатай уугуул баяруудаас ялгаатай нь шашны учир холбогдолтой, түүхэн тэмдэглэлт, үзэл суртлын гэх зэрэг байр байдалтай, нэрнээсээ эхлээд л илт тодорхой нийгмийн чиг баримжаатай байдаг.

Одоо гол асуудалдаа буюу Монгол түмний их баяр цэнгэлийн тухай ярилцацгаая. Ярилцах ч юу байхав, мөхөс миний саналыг уншиж гийгүүлнэ үү.

МОНГОЛЧУУДЫН ОБЬЕКТИВ БАЯР

Монголчууд бидний хамгийн том бөгөөд чухал баяр бол Цагаан сар юм. Гэхдээ нийтийн андуурдаг шиг Цагаан сар бол хавар биш намар болох ёстой, болж байсан. Худал гэх аваас Цагаан гэдэг үгэнд, цагаан өнгөнд анхаарлаа хандуулагтун. Монгол хүний сэтгэл зүйд цагаан гэдэг үг ариун, буян, хишиг, дээд гэх мэтчилэн сайн сайхны туйл билэгдлээр буудаг. Түүнчлэн бид 5 өнгийн 5 тамсаг идээг хүртдэг ба үүнээс "дэлэнт малын шимт буян" сүү, цагаан идээгээ дээдэлдэг билээ. Бидний цагаан хоолтон гэж орчуулдаг vegetarian-ууд цагаан биш ногоон хоол иддэгийг ч бодолцсон тэр, манай баяр яагаад ч хавар болох учиргүй.

Цагаан сараар бид өрөм ааруул (Монгол) биш боов (хятад) таваглаж бууз (хятад) идэж архи (орос) уудаг. Бас хөгшиндөө мөнгө барьж залуугийнхаа гарыг цайлгадаг (эсхүл оймсолдог). Зарим шооч нэг нь буузныхаа мөнгийг төлж золгоод, гарахдаа хариултаа авдаг гэж хүртэл цуурах юм. Энэ Монгол баяр мөн үү? Эсвэл еэвэн сар уу?

Бидний хүнсний үндсэн бүтэц нь "үр төлөөр нь далимдуулж, эхийг нь хулхидаж" саасан сүү болон "үржүүлж олшруулж, улмаар томруулж таргалуулаад амийг нь тасалж" авах мах юм. Жаахан аймаар хэлсэн боловч үнэндээ аль ч аж ахуйн (мал, тариалан, ан агнуур ялгаагүй) утга агуулга нь өсгөж үржүүлэх буюу үр төл гэдэг зүйл дээр л тогтож байдаг. Тийм учраас бид "хэн нэгний" тайлбарлаж өгсөн шиг өвлийг өнтэй давсан гэж биш, харин хаврын хахир цагт төлөө бүрэн мэнд хүлээж авлаа, шинэ ногоонд хүргэлээ, өсгөж бойжууллаа, сүү цагаан идээ дэлгэрлээ, хүн малын зоо тэнийлээ гэж баярладаг билээ.

Тэр тусмаа нялх ногоо үнэртсэн, хур бороо асгарсан, халуун нар төөнөсөн аагим зунаар биш, харин алив бүхэн жигдэрсэн, алим жимс нь дэлгэрсэн, амьтан хүнгүй тэнийсэн намрын тэргүүн сард Цагаан сараа хийдэг байсан билээ. Намрын тэргүүн сард хийдэг нь ч бас учиртай байсан байх. Төд удалгүй өвлийн их бэлтгэл ажилд орохоос өмнө амжиж амраад, цэнгээд авахад юу буруудах.

Товчдоо, цагаан сарыг эрт үе шиг намрын эхэн сард хийдэг болгочихмоор санагддаг юм. Өөрөөр хэлбэл Цагаан сар, Наадам хоёрыг хамтатгаад хийчихвэл бүгдийн проблем болдог бэлэг сэлт, золгооны мөнгө гэх мэт элий балай үрлэг, зарлагууд аандаа алга болно. Уламжлал ёс заншил ч ёсоороо, жаягаараа эргэн сэргэмээр. Хаашдаа цагаан сар бол нэг талаас хахир хатуу хаврыг давж хүн малын зоо тэнийсэн, нөгөө талаас өвлийн их цас, хаврын ид ажлын үеэр учран золгох боломжгүй байсан ахан дүүс эсэн мэнд уулзсаны их баяр гэдгийг бодолцож үзвэл яалт ч үгүй наадамтай хавсраад хийчихвэл болох газар.

Тэгээд ч наадмын үеэр зөвхөн 3 хоног амардаг гэх боловч үнэн хэрэгтээ наадам болох 7 хоногийн ажлын 5 өдрөөс үлдсэн, хажуугийн хавсарга 2 хоногийг хаашдаа гурилдаад л өнгөрдөг. Харин ч одоо ихэнх айлууд, ах дүү улс зуны амралтаараа ураг, төрлийн баяраа хийдэг болсон нь сайшаалтай. Иймд шууд ингээд шийдчихэд улс амьтан баярлана уу гэхээс айхтар эсэргүүцэхгүй мэт санагдана. Харин "уламжлалт" гэж андуурагдсан буддын (яг мөн үү?) шашны мяндагтнууд, бурууд мунхрагчид, бусдад дөрлүүлэгсэд жаахан эсэргүүцэх магадтай. Гээд тэднээс айж эмээлгүй, шууд шийдье.

Дашрамд дурдахад, Монгол хятад билгийн тооллын шинийн нэгэн давхцах их онцгүй юм билээ. Яалт ч үгүй харь газар шинэлэх болоход л яс махандаа хүртэл мэдэрсэнсэн. Зөрж өнгөрөх харь элэгтнүүд, тэр дундаа хятадууд "Happy Chinese new year" гэж эелдэгхэн (миний нүдээр бол шоглонгуй) мэндлэхэд "уг нь би Монгол баяраа тэмдэглэж байгаасан" хэмээн дотроо хий л бухимдаж билээ.


ХАМГИЙН ЧУХАЛ СУБЬЕКТИВ БАЯР

Энэ ангилалд мэдээж ойртож байгаагаар нь шинэ жил багтах юм байна гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд ойлгоо биз. Гэхдээ би энд тэр тухай авч үзэхгүй, надад өөрчлөх санал байхгүй. Мартын 8, Хүүхдийн баяр өөр бас бусдын тухай ч ярихгүй. Харин бүх л улс орнуудын хувьд хамгийн чухалд тооцогддог Улс тунхагласаны баярыг тусгайлан авч үзнэ. Бусад улс гүрний эрхшээлд байгаад суллагдсан нь Тусгаар тогтнолын баяр гэнэ, харин бусдын эрхшээлд байгаагүй нь Бүгд найрамдах засаглалтай болсны баяр гэнэ. Гол утга учир, билэгдэл, тунхаглал нь "Бид бие даасан тусгаар улс". Товчхондоо төрийнх нь төрсөн өдөр.

1-р сарын 13-нд бид Дөтгөөр үндсэн хуулиа баталж, капитализм уруу эргэлт буцалтгүй алхаж орсон. Хэдийгээр "хүнлэг энэрэнгүй"-г нь хэрэгжүүлж чадахгүй байгаа боловч алдаг оног ч гэлээ ардчилсан улс болсон нь үнэн. Гэхдээ бид энэ өдөр "төрөөгүй" үүнээс бүр их эртээ төрсөн.

3-р сарын 01-нд хувьсгалт бүлгүүд нийлж Ардын нам байгуулсан юм "гэнэлээ". Дашрамд дурдахад нийгмийн шинжлэх ухааны жаахан цэгцтэй мэдлэгтэй ямар ч хүн тэр өдөр байгуулагдсан Ардын нам гэдэг нь ерөөсөө ч улс төрийн нам, хүчин биш гэдгийг ойлгохоор барахгүй, "хувьсгалт" бүлэг гэдэг ч худал нэр гэдгийг мэднэ. Тэд ямар төр эргүүлэх гэсэн биш, хувьсгал хийх гэсэн биш, харин төргүй болчихсон улсаа төртэй, засагтай болгохсон, гадны дээрэмчдийг хөөхсөн, гамин цэргүүдийг хядахсан гэсэн тэмцэгчид, эх орончид, баатрууд байсан. Эх орончдын өдөр гээд нэрлэх нь харин ч яг болсон үг. Түүнээс ямар ч улс төрийн намд энэ өдрийн гавьяа падгүй. Энэ бол нийт ард түмний, Монгол хүмүүсийн өдөр. Бид эх орныхоо төлөө ингэж тэмцэж чаддаг юм гэсэн тийм дурсгалт, омогшилт өдөр. Баатруудын гавьяаг хүндэлмү.

Мэдээж 7-р сарын 11-нд түүхэнд тэмдэглэгдэхээр юу ч болоогүй боловч, хаа очиж авууштай нь наадам хийхэд яг тохирсон өдөр. Тиймээс бүгдээрээ энэ өдөр Цагаан сараа хийцгээнээ.

11-р сарын 14-нд сая Чингис хаан төрчих шиг болсон. Гэхдээ цаашид жил бүр энэ өдрөө "төрж байхгүй" гэсэн. Билгийн тооллоор тоолох учир хойтон өөр өдөр байх биз. Яахав дээ, төрвөл төрнө л биз. Онцын юм биш. Нэг хүний мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь маркс-энгельс-ленинийхээ сургаалиас холдоогүй мэт эвгүй санагдаад байх юм.

11-р сарын 26 бол яг үнэндээ бол түүхэн ач холбогдлынхоо хувьд нэг тийм онцгүй өдөр. Хаант засгийг халсан, бүгд найрамдах засагтай болсон гэдгийг нь анзаарч тодотгохоос бусдаар буурал түүхт Их Монгол Улсад бурангуй улаан засаг эхэлсэн бузар өдөр. Анхдугаар үндсэн хууль батлагдсан гэх авч энэ үндсэн хууль анхны эхээсээ эрс өөр болж батлагдсан төдийгүй, өөрчлөн боловсруулах процессынхоо үеэсээ л олон эх оронч баатруудын цусаар угаагдсан хууль гэдгийг эрхзүйн чиглэлээр эхлэн суралцагсад ч андахгүй болоо биз.

12-р сарын 29 бол харин чухал өдөр. Энэ өдөр яалт ч үгүй балран мөхсөн Манж Чин гүрний сүүлчийн будаалгыг Монгол нутагтаа тэмдэглэсэн юм. За даа, эрхзүйн хэллэгээр товч тайлбарлах юм бол гэрээ байгуулсан талуудын нэг нь эрхзүйн чадамжгүй болсон тул нөгөө тал бүрэн ялалтаа тэмдэглэсэн өдөр. Гэрээ гэж байгаа учир нь бодит үнэнийг буюу Монгол Манжид эзлэгдээгүй, зүгээр л гэрээ байгуулаад, хэсэг зуур сайн дураараа хөтлөлцөж явсан юм гэх гээд байгаа хэрэг. Гэхдээ түүхэн тэмдэглэлт өдрийг иймхэн, увайгүй тодорхойлолтоор хэлэх нь зүйд нийцэхгүй. Энэ өдрийг орчин цагийн Монгол улсын төрсөн өдөр гээд хэлчихсэн ч болно. Яг энэ өдрийг Independence day гэж нэрлэхэд зүйд бүрэн нийцнэ. Гэвч харамсалтай нь энэ өдөр баярлах гэхээр золигийн муу "ёолк" бүгдийг нь урвуу нь харуулчих гээд байх. Эсвэл яахав, өмнө санал болгосон шигээ хамтатгаад "наминчил"-ж болох л юм. Гээд нэмэргүй л болов уу даа.

Ер нь нийгмийн чиг хандлагатай бүхий л баярт шашин болоод улс төрийн үзэл суртлууд их нөлөөтэй байдаг. 12-р сарын 29-нд МАХН (одоогийн МАН) гайтсан бол, 3-р сарын 01-нд АН золигтсон байх жишээний. Аль алиных нь хувьд "ах нар"-ын зохиож өгсөн, үхтэл нь үнэмшүүлсэн хуурамч түүх толгойг нь эргүүлчихжээ.

Дээрх бүгдээс намайг сонго, чи шийд гэвэл ямар ч эргэлзээгүйгээр 11-р сарын 14-ийг сонгоно. Гэхдээ нэрийг нь Чингис богдын мэндэлсэн өдөр биш Тулгар төр байгуулагдсаны ой буюу ердөө л Монгол улс байгуулагдсан түүхт өдөр (Independence day) гэж солино. Энэ тухай Цэнддоо сэтгүүлч ийм зүйл бичсэн байсан. Бүрэн санал нийлж байна. "Монгол төрийн 2222 жилийн ой 2013 онд болноо" гэхэд сүртэй сайхан байгаа биз дээ. Тэгээд ч өнө удаан хугацаанд 11-р сард улс тунхагласан баяраа тэмдэглэж ирсэн нийтийн дунд ч хэвшүүлэхэд амар.


БАЯР БОЛ САЙН ӨДӨР

Монголчуудыг залхуу, юм л бол амарч байх санаатай гэж хэлдэг нь суурьшмал амьдралын хэв маягийн үүднээс бол тийм ч буруу, зөрүү ойлголт биш. Харин нүүдэлчин хэв маягийн үүднээс бол үүн шиг гүтгэлэг байхгүй. Хэзээ ч амралтын өдөртэй байгаагүй (week гэдгийг бид шууд 7 хоног гэж орчуулсан), амралтын өдөр гэж юуг хэлдэг талаар ямар ч ойлголтгүй, бас бусдаар албадуулж ажил хийж яваагүй, зөвхөн сайн дураараа, байгалийн зөнгөөрөө ажиллаж, тулалдаж бас амарч, наадаж явсан Монголчуудыг албадан ажиллуулаад ирэхээр өөрийн дураар захиран зарцуулдаг ганц өдрөө "бүтэн сайн" гэж нэрлэхэд буруутгах юун.

Суурьшмал амьдралын буянаар бүтэн сайн хийгээд хагас сайнтай болоод авсан Монголчууд баяр ёслолын өдөр ажил хийх албагүй гэдгийг бас мэдээд авлаа. Тийм учраас нийтээр тэмдэглэх баяр ёслол гэдгийг шууд утгаар нь амралтын өдөр гэж хүлээж аваад сурчихав. Чухам иймдээ "нийт" нь ямар нэг ялих шалихгүй баярыг амралт болгох гэж их зүтгэнэ. Нөгөө талаас "нэг" нь цаадуул чинь ажил хийхгүй, амрах нь гэж их айна. Ингээд баяр ёслол, тэмдэглэлт өдөр бол нийтээрээ маргаж суух мундаг том сэдэв болж хувирна.

Миний санал бол баяраар амрая, харин бямба гаригийг бүтэн сайн биш буцаагаад хагас сайн болгоё. Хагас сайн өдөртэй буюу 7 хоногийн ажлын ердийн ачааллыг 45 цаг болгочихвол одоо 40 цагаар бодож цалин авч байгаа хүмүүст ч хэрэгтэй, ажил олгогч баялгийг бүтээгч компаниудад ч хэрэгтэй, "бааска ахын төрсөн өдрийн" савалт, "бямбаа эгчийн шар тайлах бантан"-д ч хэмнэлттэй. Аль ч талаас нь харсан ард Монгол улсдаа хэрэгтэй мэт санагдах...

Сардаа 20 гаран цаг илүү ажиллаж байгааг зохицуулах үүднээс, урамшуулахын тулд баяруудын хуваарилалтыг их аятайхан хийцгээе. Улиралдаа 1-2 өдөр аятайхан "баярлаж байя", харин бусад өдөр эрч хүчтэй ажиллацгаая. Даан ялангуяа өмнө өгүүлсэнчлэн налайхаас өөр аргагүй, найрлахаас ер буцамгүй намрын тэргүүн сард Наадсан шиг, Цагаалсан шиг сайхан баярлацгаая, амарцгаая. Харин наадмын дараа найр хийснийх нь "хонгоны махыг ураад өгье".

Read more!