Сүүлийн үед байнга бодогдоод байдаг болчихлоо. Бодогдоод ч гэж хэлмээргүй, эргэлзээд гэвэл дээр ч юм уу. Юу гэвэл "Ингэхэд монгол хүнд, танд надад бидэнд яг ямар эрх, эрх чөлөөний хэрэгцээ байна?"
За тэр төрөлхийн буюу заяамал эрхүүдийг орхиё. Тодорхой асуудал. Нийгмийн хэв шинж бүхий олдмол эрхийн тухай асуудлыг энд хөндөөд байна л даа. Товчхондоо, ардчилсан нийгэм соц үе хоёрыг харьцуулах гээд байна. За даа, харьцуулна гэхэд ч бас яг хаашаа юм. Зүгээр л шилжсэн үеийг, процессыг нь бодоод, гайхаад байдаг юм.
Эргээд боджээ байхад бидэнд яг юу дутуу байсан болоод хувьсгал хийгээдхэв? Яг үнэндээ бол:
1. Нүүх болон суух эрх буюу ийш тийшээ дураараа хэсэж явах боломж дутуу байв. Энэ нь дотроо бас хоёр хэсгээс бүрдэнэ, нэгд Монгол дотроо зугаалах, хоёрт гадаад уруу тэнэх.
2. Хувьдаа ганц нэгээр тогтохгүй юмтай байх, түүгээрээ гайхуулах, баярхах хэрэгцээ. Мэдээж ийм байхын тулд хэрэгтэй юмаа худалдаж авмаар, бас хүнд хэрэгтэй юмыг нь зарах боломж дутуу байлаа.
Өөр юуг ч хүсээгүй л байхгүй юу. Дарааллын хувьд өөр байж болох ч ердөө л энэ хоёр эрхийг нь өгчихсөн бол бид өнөөдөр "хүнлэг энэрэнгүй" (ёстой яг ш дээ!!!) ардчилсан нийгэм байгуулаагүй байх төдийгүй харин ч харгис хатуу дарангуйлагч социалист (скандинавын орнууд бас "харгис" юм байлгүй) нийгэмд амьдарч байхгүй юу.
Ерөнхийдөө бол атар газрыг эзэмшиж эхэлсэн 50-иад оноос л ганц манайх биш дэлхийн социалист эдийн засгийн мөхөл эхэлсэн байдаг. Аргагүй дээ, ялалтандаа эрэмшсэн социалистууд хэт хөөрөөд "яг одоо л коммунизм уруу ганцхан харайгаад..." гээд л бүгдийг хүчээр хурааж аваад нийгмийн өмч, нийтийн хөрөнгө гээд сүйтгээд хаячихсан юм чинь. Зэрэгцээд кап нийгмийн хөгжил дэвшил энэ үед эхэлсэн байдаг. Одоо бидний шүтээд сүйд болоод байгаа эдийн засаг, менежментийн "хүмүүнлэг" онол, үзэл баримтлалууд үүсч хөгжсөн байна. Чухамдаа бол соц нийгмийг муу муухай харагдуулж, тэднээс давах гэж л тэгэж огцом сайжирсан болохоос үнэн хэрэгтээ аж үйлдвэржсэн кап нийгэмд амьдарч байгаа энгийн хүмүүсийн хувьд баясмаар юм ч үнэндээ цөөн байсан юм байна лээ шд.
Соц нийгмийн, аль ч орны хувьд, удирдагчид нь тэр аяараа ухаангүй тэнэгүүд байгаагүй (ялангуяа манай одоогийн эд нар шиг новшнууд биш тул) эдийн засаг сүйд болоод эхэллээ гэдгийг 70-аад оны сүүл үеэс ойлгож, чадах ядахаараа арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Монголын хувьд ч гэсэн зээл тусламж хөөцөлдөж, шинэ техник технологи нэвтрүүлэх, дүрэм журмаа өөрчлөх, бүтэц бүрэлдэхүүний хөгжүүлэх, боловсон хүчнээ сургах зэргээр хэрэндээ л оролдож. Гэхдээ зайлуул, эдийн засгийн байгууллаа бүрэн сөнөөж байж л босох нь тодорхой юмыг бага сага эрэг шургаар оролдоод сайжрахгүй л дээ.
Харин ч хаа очиж тэр үед авсан зээлээр бүтээсэн жаал зугаа юман дээр л одоо туйлцгааж байна ш дээ. Миний л тооцоогоор 1990 оноос хойш 23 жилийн хугацаанд авсан зээл, тусламжийн дүн соц нийгмийн 70 жилд авснаас давлаадаг. Харин юу бүтээснийг бол харцгааж байгаа байх.
Уг нь тэр үед буюу 80-аад оны эхэн үеэс нэгдэл болон САА-уудыг эхний ээлжинд олон нийтийн өмчит компани болгож хувиргаад, тэгээд хамгийн гол нь бүх газруудыг ашигтай ажиллах шаардлага тавиад явчихсан бол аажмаар эдийн засгийн эрх чөлөө рүү тэмүүлж эхлэхгүй юу... За за, энэ "хэрвээ"-гээр ч юу хийхэв. Томоос том санаа алдая.
Ер нь бол Монголчууд шиг хэт индивидуалист хандлагатай хүмүүст нэгдэж нягтрахын ашиг тусыг хүчээр ч болов, багахан ч атугай, хамгийн гол нь алдаатай ч гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулж өгсөн сүүлчийн оролдлого нь социализм байх шүү. Энэ ч бидэндээ том ололт болсон. Хамгийн наад зах нь усанд ордог, хөнжилд унтдаг болоод үлдчихсэн л байгаа биз дээ.
Ардчилсан нийгмийн ололт бол, за яахав дээ, уг нь зөндөө л "байх" байлаа, үндсэндээ бол замбараагүйдэл л шив дээ.
Saturday, October 26, 2013
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭ
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Юу дутуу байсанд, амьдарч буй нийгмийнхээ болохгүй бүтэхгүйг цензургүй чөлөөтэй хэлж засахыг оруулах хэрэгтэй байхаа. Цензур гэгч юм урлаг, уран зохиолын хүмүүст л хамгийн хүндээр тусч айсан байх гэхдээ
Ер нь бол тийм. Гэвч одоогийн энэ сошиал медиа давалгааг харж байхад зарим нэг цензур байхнаа ч гэмгүй л санагдах юм. Цензур гэхээсээ илүүтэй, хувь хүн илүү дутуу юм ярьснаасаа болж гэмт хэрэгтэн болох ёсгүй гэдэг л чухал. Соц нийгмийн хамгийн хүнд дарамт, айдас бол тэр. Гэвч орчин үед энэ асуудал эргээд босоод ирлээ. Миний л харж байгаагаар 3 ч хүн ярьсан хэлснээсээ болоод хэрэгт орооцолдчихлоо. Энэ бол эмгэнэл.
Post a Comment