Мао Зе Дун төрийн эрхэнд гарч ирэхдээ "Би энэ олон хүнийг боловсролтой болгож чадахгүй. Харин өлсгөхгүй байж чадна" гэж хэлээд бүх оюутан, сэхээтнүүдээ хөдөө аж ахуй руугаа ажилд хөөсөн гэдэг. Зиа нэг иймэрхүү л маягийн юм болсон "гэсэн". Гэхдээ түүний зөв байсаан. Бүх түүхэндээ өлөн зэлмүүн явсан хятадууд одоо ёстой цадахын сайнаар цадаж, хэхрэхийн дээдээ хэхэрч байгаа. Шалтгаан нь тэнд хоол хүнс маш хямд...
Өлсгөлөн, гуйлгачин хятадууд цадаж болоод байхад бүх түүхэндээ хэзээ ч өлсөж үзээгүй "хүн нь нэмэгдвэл хүнс нь нэмэгддэг" Монголчууд харин одоо юм л бол өлсөж үхчих гээд байх болов. Шалтгаан нь Монголд хүнс хоол хамгийн үнэтэй байна. Тэр тусмаа үндсэн хүнс нь.
Монголчуудын үндсэн хүнс тэжээл бол ерөөс мах юм. Тэр тусмаа 5 хошуу малын мах. Тэгэхээр махны үнэ доогуур байх нь Монголчуудын хувьд тун чухал асуудал гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх арга замын талаар ярих гэсэн юм. Гэхдээ эхлээд яагаад үнэтэй байгаа тухай жишээн дээр тайлбарлая.
Үүрээр 4 цагт Дундговийн нэг нөхөр Хүчит Шонхор дээр ирээд махаа үнэтэйхэн өгчих гээд үзэж тарж байтал Хэнтийн нэг нөхөр 4.30-д ирээд жаахан харж байснаа өөрийнхөө махыг навс хямдруулж, гялс зарчихаад явчихаж байгаан. Үүнээс болоод нөгөө Дундговийн баагий, бас бус нөхдүүд яалт ч үгүй буулгахаас өөр аргагүй болж байх жишээтэй. Энэ бол зах зээлийн жам, эрүүл үзэгдэл.
Зүүн аймгийнхан харьцангуй зам харгуй нь ч бартаа багатайг хэлэх үү зах дээр түрүүлж ирээд ахиухан үнээр махаа өгчих гээд байж байтал гэнэт зүүн аймагт "шүлхий гарсан" мэдээ гараад махных нь үнэ будаа болно. Ингээд хөөрхий зүүн аймгийнхан махаа навс унасан үнээр зарсан болоод шатаад буцна. Махыг нь авсан мафийнхан түүнийгээ баруун аймгийн мах гэсэн шошго наагаад тэнгэрт хадсан үнээр төрд шахна. Энэ бол мах дагнасан, төр дамнасан мафийн ажиллагаа.
Төр хэдийгээр баталгаатай худалдан авагч мөн боловч ядуу учир худалдан авалт нь бас хязгаартай. Ядахад төрийн зоорь нь тун ядмагханыг хэлэх үү, угаасаа туранхай мах авсныг ч хэлэх үү, хавар нөөцийн мах гарах үед хүмүүст гологдоно. Харин махны мафи аль тарганаас нь аваад сайхан зоориндоо цэмбийтэл хураасан махаа гаргаж баахан мөнгө хийнэ.
Ингээд зүүн аймгийн малчид будаа болов. Баруун аймгийн малчид энэ "далим"-д даам гарна гэж бодож байвал худлаа. Намар нь гайгүй шиг үнээр махаа зарах боловч хавар нь нөөцийн мах гарч ирэх үед баруун аймагт "боом гарах" бөгөөд өвчин хэзээ гарсан, мах хэзээ бэлтгэгдсэнээс үл хамааран малчдын махны үнэ навс унана. Харин нөөцлөгдсөн махны үнэ унахгүй бөгөөд эрт бэлтгэгдсэн учир аюулгүй гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар мах өндөр үнэтэйгээр нийлүүлэгдэнэ.
Энэ бүхний үр дүнд хотынхон "муусайн малчид" хэмээн зүхнэ. Өөрөөр хэлбэл Монголчууд хагаран бутарна...
Ерөнхий ажиллагаа нь явж явж ХАЛААЛТ болж хувирч байгаа биз. Монголд болж байгаа үйл явдал бүхэн дандаа иймэрхүү үр дүнд хүрдэг нь "сонин" юм шүү.
Тэгэхээр махны үнэ өсөхөд малчид биш ченжүүд, махны мафи буруутай байх нь. Гэхдээ ер нь бол бага гарын ченжүүд махны үнийн өөрчлөлтөд нөлөөлөхөө болиод удаж байгаа тул мафийн хариуцсан ажил болж таарна.
Энэ жилийн хувьд мах хямдхан байнаа. Урьд үзэгдээгүйгээр хямдарч байна. Мах хямдарч байгаа нь хотын маньд зол боловч хэдэн муусайн малчдад маань таагүй байна. Ерөнхийдөө махны үнэ буурч байгаад малчдын "гавьяа" их. Учир нь зуд болж магадгүй, эдийн засгийн хямрал (мөнгөний хэрэгцээ) гэсэн 2 шалтгааны улмаас тэд маш их мах бэлтгэж махны нийлүүлэлт нэмэгдэж байна.
Энэ жил үнэндээ нөөцийн мах бэлтгээгүй, төр худалдан авалт хийгээгүй нь махны үнийг хөөрөгдсөнгүй, мах дагнасан мафи ажилласангүй. Энэ жил энд тэнд ийм тийм халдварт өвчин гарлаа гэсэн мэдээлэл гараагүй болохоор мафи ажиллаагүй байх гэж тааж байна. Иймд цэвэр зах зээлийн жамаараа нийлүүлэлт нэмэгдэхээр махны үнэ буурч байж болох юм.
Гэхдээ, нөгөө талаар мах дагнасан мафи гадаадад мах экспортлох зорилгоор мах нөөцөлж эхэлсэн сураг ажиг бас байна. Нөөцөө хямд бэлтгэхийн тулд чимээгүйхэн махны үнэ унагаад байж бас магад. Тэдэнд том том зоорь бий. Тэд л мах нөөцөлж чадна. Тэгээд ч хэрэв энд тэнд өвчин гарлаа гэж шуугивал гадаад руу мах гаргах төлөвлөгөө нь нурчих гээд байсан байж ч болох. Тийм учраас мафи ажиллаагүй гэж дүгнэхэд эртдэнэ.
Түүнээс гадна махны үнэ угаасаа намар буурдаг. Харин хавар юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Саяхан нөөцийн мах бэлтгэх тухай засгийн шийд гарчихлаа. Энэ бол таагүй л мэдээ. Яагаад гэвэл төр оролцоод эхлүүт нөгөө зах зээлийн жам чинь байхгүй болчихдог. Хойтон хавар махны үнэ бараг л өсөж манийгаа "алах" байхаа даа.
Тэгээд л учраа мэдэхгүй хүмүүс дахиад л малчдыг зүхнэ. Үнэндээ махны үнийн хэлбэлзэлд малчид буруугүй. Малчид бол үнэ тогтоодоггүй, харин дагадаг хөөрхийлөлтэй "үйлдвэрлэгчид" гэдгийг одоо та ойлгосон байх.
Би махны үнэ өсөхөөс ухаангүй айдаг. Яагаад гэвэл 92-93 оны картын барааны гашуун зовлонг биеэр үзсэн. Хүрээний гаралтай, хөдөө хамаатан садангүй манайх мэтийн унаган хотын айлууд тэр үед үнэндээ зутарсан. Тэр их "өлсгөлөн"-ийн үеэр зүрх муутай өвөө маань бөөрний дутагдал (ө.х тэжээлийн дутагдал) оноштой өөд болсон. Тэр тухай болон хүнсний хангамжийн талаар ийм юм бичиж байлаа. Асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа болохоор одоо ч хоцрогдоогүй байна.
Ийм учраас би махны үнийн өсөлтөд үнэхээр эмзэг ханддаг. Одоо ч бараг бүгдээрээ хотод амьдардаг болсон цагт надтай адилхан "аймхай" хүмүүс энэ Монголоор л нэг болж байх шиг. Гэлээ гэхдээ би ухвар мөчид зарим нэгэн шиг уугуул соёлоо, гарал үүслээ, үндэс угсаагаа, нүүдэлчин мал аж ахуйгаа, хөдөөнийхнийгөө, малчдыгаа муулж, зүхэж үнэндээ чадахгүй, хүсэхгүй байна. Харин эрүүл саруулаар сэтгэж энэ бүх гай гамшгийн учир шалтгааныг тодруулж, зовлонгийн "үндэс"-ийг суга татаж хаяхыг хүсэж байна!!!
Tuesday, December 22, 2015
ҮНДСЭН ХҮНС
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment