Монгол орныг таван хошуу малтай, таван зүйлийн тарианы хөрс шороо газартай мөртөө өлсгөлөнд нэрвэгдэхэд ганцхан алхам гэх юм. Шалтгаан нь нийт хил гаалиар орж ирж байгаа импортын барааны дийлэнх нь хүнсний бараа, ядахад түүнийх нь ихэнх нь хоёр хөршийнх нь экспорт байх. Нэг өдөр том "агаа" нар хилээ хаавал дуусах нь тэр. Тэр үед нөгөө Африкийн харууд шиг л тусламжийн бараагаар голоо зогоодог байх даа.
Гаднаас, тэр тусмаа хоёр ахаасаа хүнсээ залгуулж байгаа бидний хувьд юун тэр Түвдийг өмөөрч Хятадыг муулах, юун Оросыг буруутгаж Европын холбоо, Америкийг дэмжих. Үгүй яахав, алсдаа тусламжийн хүнс авахаа бодоод Америкт жаахан долигонож болох л юм. Гэхдээ нөгөөх нь хүссэн хүсээгүй л манай ах нарын нутгаар дайрч маньд жаахан юм хүргэж өгөх хойно ялгаа алга. Энэ бол наргиа, гэвч үнэн хэрэгтээ царгиа л болчхоод байна.
Том том ярьж, айхтар сүрхий олон улсын байдал, дэлхийн энхтайван энэ тэр гэж байхаар эхлээд хоосон ходоодоо дүүргэх талаар бодсон нь дээр санагдана. Гэхдээ энэ нь хүн доромжилж байхад дуугүй л гурилаа нухаад, махаа хөшиглөөд, хоолоо хийгээд бай гэсэн үг биш л дээ. Зүгээр л хамгийн түрүүнд гэдсээ цатгаж, шүдээ чигчийлж байгаад дараа нь төр улсын хэрэг ярьвал яасан юм гэсэн санаа. Их эзэн (мэдээж ертөнцийн эзнийг хэлээгүй) маань хүртэл хэлсэн шүү дээ, “Ядуу хүн ходоодныхоо хэмжээгээр, баян хүн бэлчээрийнхээ дайгаар сэтгэдэг” гэж.
Урьд өмнө ам л ангайвал сонгууль, улс төр, үндэстний үзэл, нийгмийн ухамсар, оюун санааны хувьсгал гэдэг байсан намайг яагаад гэнэт өлсгөлөн, ядуурал яриад эхэлж байгаад та бүхэн гайхаж байгаа байх. Учир нь эхнэртээ авчирч өгсөн хэдэн халтар төгрөг минь хүнсний зардлаасаа хэтрэхээ байсныг хожимдох шахуу ойлгосон учраас тэр. Хүний сайхан үрийг жаргаана гэж авч суучихаад, хөөрхий нялх үрээ хүнээс дутаахгүй гэж амалчихаад өвдөг цоорхой өмдтэй, өсгий цоорхой оймстой явуулах цөвүүн цаг эхлэчих гээд байгаа учраас өлсгөлөн нүүрлэсэн өнгөрсөн жилүүдийг эргэн санахаас аргагүйд хүрлээ...
... 1992 оныг хүртэл Монголчууд, тэр дундаа хотынхон, ялангуяа хэдийд ч хэн ч зочилсон идээ будаагаар халгиж цалгиж асан манайх, тэгээд хамгийн гол нь соц нийгмийн сүүлчийн үлдэгдэл, кап нийгмийн эхний гишүүн би өлсөж үзээгүй байсан. Картын барааны тэр жилүүдэд мах, гурил, будаа, ногоо нүдний гэм байсан үед биднийг өсгөж, хүмүүжүүлсэн өвгөн аав минь угийн зүрх муутай байсан авч, хаа хамаагүй бөөрний дутагдлаар өөд болсонсон. Үнэн хэрэгтээ тэжээлийн дутагдлаас өвчнийх нь уг үндэс шалтгаалсан байж. Сайн эцэг эхийн буянд бид өлсөөгүй ээ. Харин биднийг гэсэн тэд өлсөж байсныг өдий хүрсэн хойноо л бид ойлгосон юм.
Монгол оронд импортоор орж ирдэггүй цорын ганц хүнсний бүтээгдэхүүн нь мах. Энд мэдээж Монголчуудын хоёрдогч хэрэглээ болох тахиа, гахай, нохойны махны талаар авч үзээгүй. Галуу шувууны бөөр гаргадаг гадаад хүний хувьд бол маний "номбор уан" хэрэгцээ болох хонь, үхрийн мах бол тэдний хоёрдогч хэрэглээ. Тийм болохоор бид бүхэн (аз болж) одоохондоо одос үхрийн мах зажлах хувьгүй л байна.
Монголын өргөн уудам тал нутагт хэдийнээс нааш мал нь хүнийхээ тооноос хэд дахин олон байсаар ирсэн боловч нэгэнт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг тул малын тооны дээд хязгаар нь тодорхой байсан байна. Үүнийгээ дагаад хүнийх нь тоо толгой ч хязгаарлагдмал байсаар ирсэн аж (эрдэмтдийн үгнээс шпи-дэв). Бараг хавтгай шахуу өнөөгийн дэлхийд хүний тоо малаасаа олон байх нь манай орны хувьд тун чухал зүйл болоод байгааг хэн бүхэн ойлгож байгаа байх. Монголчууд түүхэндээ хамгийн олуулаа болоод байгаа энэ цаг үед хүнээсээ олон байх тавилантай малын тоо бүр дээд хязгаарын цэгтээ тулчихаад байгаа. Гэдэг нь мал дахиад өсөхгүй гэж муу ёрлож байгаа хэрэг бус, харин нэг малд ногдох бэлчээрийн нэгж багасч, малын чанарын тал дээр асуудал үүсээд байна гэдгийг илэрхийлж байгаа ухаантай.
Малын чанар муудна гэж юу яриад байгаа вэ гэвэл нэг малаас авах махны гарц багаснаа л гэсэн санаа. Энгийнээр хэлбэл урьд нэг кг мах худалдаж авахад 200 гр яс таардаг байсан бол, алсдаа 800 гр яс олддог болноо л гэсэн үг. Эсвэл бээжин хав шиг биетэй, бэлчээр дүүрэн малтай болох нь ээ ч гэж тайлбарласан болох юм. Нэн ялангуяа уул уурхай, ашигт малтмалын үсрэнгүй хөгжлийн (алтан боломжийн) үед тулж ирээд байгаа энэ үед хүссэн хүсээгүй бэлчээр ашиглалт хамгийн эмзэг нарийн асуудал болж хувираад байна. Ядахад тэр муу уурхайд нь ус их хэрэг болдгийг яана, миний Монголын газар шороонд ус чандмань эрдэнэ байдгийг яана, ус элс хоёр харшилдгийг яана, элсийг зогсоох мод ургамал багатайг бүр яана.
Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг аль ч үндэстэний ухаан санаанд багтахгүй гаж сонин афоризмтай Монголчуудын хувьд хүнсний асуудал хэзээ ч хамгийн гол зүйл байсангүй. Харин ч малаа бэлчээх уудам тэнүүн, уул ус нь тэгш хангай л гол асуудал байдаг байлаа. Тал дүүрэн бэлчсэн таван хошуу малтай Монголын уудам тэнүүн нутагт өлсөж үхсэн хүн дуулдаагүй, харин ч цатгалан хүний тос даасан ... (нөгөө юу) л байдаг байв. Гэтэл цаг үе өөр болж хил хязгаарын талаар өчүүхэн ч ойлголтгүй нүүдэлчдийн хувьд үргэлж дорд үзэн дооглож ирсэн, шавар хэрмэндээ шавааралдан суудаг нанхиад түмний нажид зовлон нүүрэн дээр нь тулаад ирэхийн цагт өвс идэж, өвчүүг нь түших малын тооноос илүүтэй гар хөдөлгөж, газар хагалах хүн хүч чухаг болоод ирсэн байна. Ганц нанхиад түмнээр жишээг татах нь өрөөсгөл бөгөөд ерөөс цивилизаци (иргэншил) гэдэг маань тэр чигээрээ дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага юм.
Нүүдэлчин Монголын хувьд ч хотжилт улам бүр эрчимтэй явагдаж байна. Манай орны хувьд хотжилт гэхээсээ илүүтэй суурьшилт гэж нэрлэж болохуйц процесс хүч түрэн нэмэгдэж шилжин суурьшигчдын тоо өдөр бүр өсөж байгаа энэ үед агаарын бохирдол, хөрсний эвдрэл, ундны усны хомсдол гэх мэт олон проблемын нэгэнд хүнсний хангамжийн асуудал ноцтойгоор тавигдах ёстой. Хөдөө орон нутгаас хот уруу ахуй амьдралаа хөөн ирэгсдийн тоонд хязгаар тавьж, үүнд механик саад хориг хийх нь олон жилийн өмнөх бюрократ бүтцийг эргэн сэргээсэнтай агаар нэг. Харин үүний оронд тэдэнд тулгарч байгаа асуудлыг шийдэхэд анхаарал тавин ажиллах хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь тэднийг хотжиход нь тусалж, хотжихыг (хотын соёлд суралцахыг) шаардах нь зүйтэй.
Дэлхийн дахины үгийн санд томоохон хувь нэмэр оруулж, “zud” зэрэг үгсийг нэмсэн тэдний хувьд жил дараалан давтагдах ган гачиг, зуд турхан, өвөлжөө худаг булааж ташуур далайн ханхалзах нутгийн атаманууд, мах айраг нэхэх эмч багш дарга нар, анхнаасаа төлөвлөгдсөн тул анзаарч харахгүй өнгөрөх тусламжийн өвс тэжээл ачсан машин зэрэг нь хотод оч, нутгаа орхи, нүү гэснээс ялгаагүй байх аж. Тиймээс л арга буюу байгаа хэдэн малаа махны ченжэд барьчихаад гэрээ ачаад нүүхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ бол бас ч гэж зарах малтай хэдийнх нь хувьд тохиолддог явдал. Харин аймаг, сумын төвд суугаа нүүх зардлаа дийлэхгүй үлдсэн хэдхэн айлын хувьд арга буюу мал, "буянтай” хүний аяыг харж хаяа бараадан хоног төөрүүлнэ. Аз байвал ах гар хоншоортой нэгэн байгаад эрийн зангарагтай загнавал өнгөтэйг өмсөхгүй ч өлсөж, даарахын зовлон үзэхгүй. Хөдөө хөхөрч гадаа гандаж хотод суугаа манийхаа хоолыг залгуулах малчдын амьдрал бодит байдал дээр нэг иймэрхүү.
Ийм байдал ардчилал ялснаас хойш үргэлжилж, ах нам ардчиллыг бадруулснаар улам газар авч, бүр гаарах болсон. Малчдын тоо цөөрөөд, малын тоо өсөөд байгаа өнөө үед махны (тодруулбал хүнсний) хэмжээг нэмэгдүүлж, капиталыг бүтээцгээе гээд ямар яргачин Пол Потын дэглэмийн Камбож адил ажилчин, тариачны улс болно гэж балайраад бултаараа малчин бололтой биш. Харин байгаагаа ашиглаж, баялгийг бадруулахуйц, ухаалаг аж ахуйг хөгжүүлэх, дэмжих хэрэгтэй байна. Тодруулж жишээ татъя.
Жил гарангийн өмнө уншсан санагдана, улсын нэг сайн малчны талаарх, тэдний хот айлд зочилсон тухай хөрөг найруулал. Өвөлжөөндөө дүнхийсэн сайхан хаустай, цэвэр бохир усаа шийдчихсэн, өвсний хашаа нь дүүрэн өвс, тэжээл. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад, түүндээ нийгмийн халамжийн асуудлыг нь тодорхой оруулж тов хийтэл тохирчихсон хэдэн айлын хүчээр ажлаа амжуулсан шиг. Салхины, нарны энергиэр цахилгаанаа хангаад телевиз үзэнгээ бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ интернэтээр мэйлдээд л. Тэр хүнийг малчин гэх үү, хувийн аж ахуйтан гэх үү, эсвэл бизнесмэн гэх үү. Уг нь ч ялгаагүй л дээ.
Миний хувьд иймэрхүү зураглалыг жаахан ахиулж харвал Монголын мал олширно, чанаржина, дагаад мах сайжирна, хямдарна гэж итгэдэг. Ахиулж харна гэдэг маань хагас нүүдлийн мал аж ахуй гэсэн үг л дээ. Хагас нүүдлийн гэдгийг та өөрийнхөөрөө л ойлго. Худаг, бэлчээрийг хувьчилах уу, өвөлжөө хаваржааг хувьчилах уу, эсвэл малчдын хоршоо-нэгдэл байгуулах уу. Энэ бол малыг чүү ай эр эмээр нь л ялгаж чадах төдий миний мэдэх зүйл биш. Харин ердөө л дэлхий дээр хамгийн олон хоньтой, дэлхийн махны экспортын тодорхой хувийг дангаараа хянадаг Австралийн мал аж ахуй нь хагас бэлчээрийнх гэдгийг л сонссоноос ийн мөрөөдөж байгаа юм.
Эсвэл тэс өөр санал ч байна. Заавал хэдхэн малынхаа хүрээнд сэтгэх гээд байх юун. Аймаг, сумын төвүүдэд байгаа юу хийдэг нь үл мэдэгдэх, яаж амьдралаа залгуулдаг нь тун ч тодорхойгүй айлуудыг яагаад тахиа, гахайны аж ахуй эрхлүүлж болдоггүй юм бол? Яагаад Монголчууд заавал үхрийн, хонины, адууны мах идэж ходоодоо хүндрүүлж, мангас зүүдэлж хонох ёстой юм? Энд мэдээжээр байгаль, цаг уурын нөхцөл, уламжлал, зан заншил нөлөөлдөг биз. Гэвч дэлхийн хүн амын дийлэнхийнх нь махны хэрэгцээг тахиа гэдэг буянтай амьтан хангадаг гэдгийг гадагад явж галуу шувууны мах идэж үзсэн хүмүүс мэдэх биз. Бас хамгийн хямд мах бол тахианы мах гэдгийг ч мэдэх биз. Харин Монголд шал гажиг, яг эсрэгээрээ шүү.
Тахианы мах уургийн чанараараа үхрийн махнаас төдийлөн хоцрогддоггүй гэдгийг хүмүүс хэр мэдэх бол. Тахианы мах хатуу ширүүн уур амьсгалтай манай орны хувьд зун хүнддэхгүй, өвөл хөнгөдөхгүй илчлэгтэй хоол гэдгийг хүмүүс хэр ойлгодог бол. Хараад байхад харьцангуйгаар хүмүүс мэдэх нь мэддэг л бололтой. Харин тэр бүр хэрэглээ болж чадахгүй байгаагийн шалтгаан нь үнийн хувьд төдийлөн сайн ялгарахгүй, бас угаасаа хэрэглээд заншчихсан малын махнаасаа татгалзаж чадахгүй байгаад л учир нь байх шиг. Уг нь миний бодлоор бол тахианы мах боломжийн хямдхан байвал хотынхны гол хүнс нь тахианы мах байж болмоор санагдах юм.
Дан ганц мах яриад байх нь мэдээж утгагүй. Нэгэнт л хүнс тэжээлийн дутагдлын талаар ярьж байгаа хойно гурил будаа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэрэг бүхий л зүйлийг авч үзэх ёстой байх. Мөхөс миний хувьд энэ талаар цуглуулсан мэдээлэл, олж авсан мэдлэг хомс тул энэхэн төдийгөөр өгүүллээ хязгаарлая. Тиймээс ерөнхий сайдын санаачилсан “Атрын III аян”-г нэмж газар хагалах бус, худал үнэн олон тариаланч төрүүлэхийн төлөө биш, харин нэгэнт хагалсан газраасаа хямд зардлаар ахиухан ургац авахыг зорьсон технологийн эрэл хайгуул байгаасай, хамгийн гол нь эрлээ олоосой л гэж ерөөх байна.
За тэгээд нэгэнт л хүнсний асуудал, ер нь ганц хүнс ч биш, бүхий л зүйлийг, ялангуяа мөнгө зардалтай хамаатай л бол (мөнгөтэй холбогддоггүй зүйл ч гэж юу байхав) ярьсан бол хүссэн хүсээгүй л тээврийн асуудал уруу татагдан орно. Арга ч үгүй биз. Ийм том газар нутагтай, тэгээд төвлөрөл гэдэг нь зах замбараагаа алдсан улсын хувьд зам тээвэр, дэд бүтэц гэдэг юмыг тодорхой шийдэхгүй бол болохгүй. Миний бодлоор бол нэгэнт авах нь гарцаагүй болчихсон, бас зарцуулах чиглэлүүд нь тодорхой болоод байгаа 285 сая доллароороо баруун тийш нь төмөр зам тавивал ч... гоё доо. Энэ тухай тайлбарлаад, тоочоод эхэлбэл нийтлэл биш, ном болчих гээд байгаа тул үлдсэнийг нь эрхэм та гэгээн оюундаа болгоох буй заа...
... Картын барааны үед ямар хүнд хэцүү байсныг хэрийн хүн төсөөлөхгүй. Хөдөө орон нутагт төрж өссөн хүн бол бүр ч ойлгохгүй. Хөдөө хамаатан садан, ах дүү нь байдаг хотынхон ч мэдрээгүй. Тэдэнд ядаж мах нь, үндсэн хүнс нь олддог байсан юм. Харин хэдэн үе удмаараа нийслэл хүрээнд суурьшсан, цөөн хэдхэн хотын уугуул айл өрхүүд л бодит байдлыг дэндүү мэдэрсэн, өлсөхийн зовлонг амссан. Дайн дажны гашуун зовлон үзээгүй, үзэх ч үгүй азтай төрсөн бидний хувьд үмх талх зүсэж хуваасан баргар боловч баатарлаг дайчид, ширгэсэн мөөмөө нэхэн өмөлзөн уйлах өлгийтэй жаал, хөөрхий үрээ хүн болгохсон гэсэндээ ногдол талхаа эхнэртээ сарвайх эцгийн хатангиршсан дүрийг өр эмтрэм дүрслэх дайны тухай киног тэр үед л бодитоор ойлгож, өлсгөлөнгийн гай гамшгийг биеэр ухааран уйлж байлаа даа.
Тэр зэвүүн үе, зэврүүн цаг дахин хэзээ ч бүү тохиолдог. Монгол түмнийг аз түшиж, тэнгэр тэтгэх болтугай. Төрийн сүлд минь өршөө.
Sunday, March 30, 2008
ӨЛСГӨЛӨН
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment