Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэсэн үзэл бодол нийтэд элбэг байна. Энэ тал дээр өөрийн байр суурийг илэрхийлье. Эхлээд Ерөнхийлөгчийн засаглал гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй байх. Учир нь олон нийт энэ тал дээр зөв ойлголтгүй яваад байна.
Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь үндсэндээ Ерөнхий сайдгүй буюу Ерөнхийлөгч нь өөрөө гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг гэсэн үг. Тийм учраас нийтийн ойлгож байгаа шиг парламентгүй биш, харин ч ихээхэн хүчтэй парламенттай байдаг. Хууль тогтоох эрх мэдлийг аль ч улсад, ямар ч засаглалд зөвхөн парламент эдэлдэг. Улсын төсвийг батлах газар нь ч мөн парламент байх агаад үүгээрээ Ерөнхийлөгчийг хянадаг. Ерөнхийлөгчийн засаглалын парламентын засаглалаас ялгарах ялгаа нь ердөө л Ерөнхийлөгчийг парламент огцруулах эрхгүй байдагт л оршино. Түүнээс ихэнх зүйл нь ерөнхийдөө адилхан.
Та нар ер нь анзаарсан уу, Ерөнхийлөгчийн засаглалтай улсад л төрийн эргэлт, бослого, үймээн самуун харьцангуйгаар их гардаг гэдгийг. Яагаад гэвэл Ерөнхийлөгч нь огцор гэсэн ард түмнийхээ шаардлагыг хүлээж авдаггүйгээс л ийм юм болдог юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхийлөгч нь нэг бол ард түмний олонхийн саналаар, эсвэл өөрөө сайн дураараа огцрох боломжтой байдаг. Энэ нь явж явж бослого, хөдөлгөөн, төрийн эргэлтийн хэмжээнд даамжраад байгаа хэрэг.
Хагас ерөнхийлөгчийн засаглал гэвэл олон нийтийн ойлгодог шиг, хагас эрх мэдэлтэй ерөнхийлөгч гэсэн үг биш, харин ч бараг хаан эзний хэмжээний эрх мэдэлтэй ерөнхийлөгчтэй гэсэн үг. Ийм ерөнхийлөгчөд парламентаа тараах эрх хүртэл бий. Хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхий сайд байх боловч тэр нь үндсэндээ ерөнхийлөгчийн даалгаврыг гүйцэтгэдэг, орлогчийн түвшний хүн юм. ОХУ, Франц, Казахстан... зэрэг цөөн улсууд хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Ийм засаглалын бүтэц нь хүссэн хүсээгүй ардчилал, хүний эрхийн асуудлаар их зөрчил үүсгэдэг. Франц одоо л тайван байгаа болохоос 20-р зуунд 2 ч удаа бослого, үймээн самуун болсон улс шүү дээ.
Харин Парламентын засаглал гэдэг нь Ерөнхий сайдаа сонгоод, тэр нь гүйцэтгэх засаглалаа авч явна гэсэн үг. Хэрэв ерөнхий сайд нь болохгүй байвал түүнийг аваад хаячих эрх нь парламентад байдаг учраас Ерөнхий сайд дураараа тонгочих боломжгүй. Гэхдээ манайх шиг зэрэмдэг парламентын засаглалтай улсад сайд нэг бүрийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаа ажил хийлгэдэггүй. Уг нь Парламент зөвхөн ЕС-тай л тулж ажиллана, харин ЕС бусад сайд нараа хариуцдаг жамтай. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч нь зөвхөн ард түмний эв нэгдийн билэг тэмдгийн чанартай байдаг ба гүйцэтгэх засаглал уруу хошуугаа ч дүрэх эрхгүй байдаг. Харин манай ерөнхийлөгч арай хэтэрсэн эрх мэдэлтэй, будлианы хутгуур. Гэхдээ парламент нь нэг танхимтай, Ерөнхийлөгч нь ард түмнээс шууд сонгогддог учир энэ нь нэг талаар зөв ч биз. Манайд парламент нь байнга гүйцэтгэх засаглалдаа саад болоод байгаа учраас хүн бүр парламентыг үзэн ядахад хүрч байна.
Энэ бол улстөрийн шинжлэх ухааны тогтсон ойлголт, дэлхий нийтэд мөрдөгдөж байгаа нийтлэг хэвшил манайд яаж замарч байгаагийн жишээ. За одоо ерөнхийлөгчийн засаглалын талаар өөрийн саналаа хэлье.
Би бол Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй гэж боддог. Учир нь Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдох тохиолдолд өмнөх алдаануудыг давтах магадлалтай, ямар хүн гарч ирэх нь эргэлзээтэй. Ялангуяа өнөөдөр ард түмэн ийм ядуу, харанхуй байхад би лав дахиж Энхбаяр, Элбэгдоржтой болохыг хүсэхгүй байна. Тэгээд ч шударга хэлэхэд үеийн үед Монголчууд мэдээллээс хол хөндий явсан нь нүүдэлчин соёлын онцлог юм.
Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгууль явагдана гэдэг бол сонгуульд оролцогч маш их зардал гаргах шаардлагатай тулгарна. Монгол нутаг уужим дэлгэрийг ч хэлэх үү, явах очих газар олныг ч хэлэх үү. Тэгэхээр энэ зардлыг хувь хүн гаргасан ч тэр, улстөрийн нам гаргадаг ч бай, аль ч тохиолдолд гаргасан зардлынхаа хариуг нэхэх сөрөг үр дагавар байнаа гэсэн үг. Зардлаа мөнгөөр буцааж авдаггүй юмаа ч гэсэн, ямар нэг байдлаар эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авагдах магадлалтай л гэсэн үг.
Түүнчлэн улстөрийн намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдэг чинь Ерөнхийлөгч өөрөө намын харьяаллаас татгалзахгүй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгч нь аль нэг намын хүрээлэлд байх агаад тухайн намынхаа үзэл баримтлалыг мөрдлөг болгоно гэсэн үг. Би бол үүнийг зохимжтой зүйл гэж огт бодохгүй байна. Монголд эсэн бусын онол ном, үзэл баримтлалаас илүү нүүдэлчин өв соёл, зан заншил, үндэсний онцлогийг эрхэмлэх нь хамгаас чухал гэж боддог.
Монголчууд нэг хүний удирдлагад байсан үедээ хүчтэй байсан, хөгжиж байсан гэж түүхээс харж дүгнэх нь жаахан өрөөсгөл. Яагаад гэвэл тэр үеийн олон улсын байдал, эдийн засаг, техник технологийн хөгжил, улстөрийн үзэл баримтлал, онол номлол өнөөгийнхтэй адилгүй. Хамгийн гол нь тэр үед ардчилал гэдэг юм, олон ургальч үзэл гэдэг зүйл байгаагүй. Наад зах нь сүүлийн жишээ хэлэхэд л Чойбалсан, Цэдэнбал нарын үед ганцхан нам байсан бол одоо 20 гаруй нам бий. Монголыг ингэж хувааж талцуулах биш, харин ч ойртуулж нягтруулах ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Ерөнхийлөгчийн суудлын төлөө намууд ард түмнийг талцуулж, улмаар гарч ирсэн Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг эрхэмлэхээсээ илүүтэй, намынхаа үйл хэргийг эрхэмлээд ирвэл хэн түүнд хяналт тавьж, яаж хариуцлага тооцох вэ?
Төгсгөлд нь хэлэхэд, би парламентын засаглалыг, тэр тусмаа 2 танхимтай сонгодог парламентын засаглалыг дэмждэг. Ялангуяа дээд танхим нь улстөрийн намаас ангид, нутаг нуга бүрийн төлөөлөл болсон тулхтай, буурьтай, нуруутай ахмадуудаас бүрдэж, доод танхим болон гүйцэтгэх засаглалын бодлогод, ялангуяа улстөрчдийн ёсзүйд хяналт тавьж байвал хамгаас таатай.
Монгол улс хоёрхон хөрштэй, хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг хүнд нөлөөлөхөд илүү хялбар болно... гэх мэтийн үзэл, шүүмжлэл их байдаг. Миний бодлоор энэ бол өрөөсгөл тайлбар. Нөлөөлөхөө хүрвэл 76 хүнд нөлөөлж болдгийг бид бүгд энэ 20 жил хангалттай харлаа, мэдэрлээ. Ингэж бодож байсан дор бол харин нийт нутаг усны төлөөллийг төрийн үйл хэрэгт оролцуулах нь зүйтэй биз ээ.
Tuesday, December 1, 2015
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ, ПАРЛАМЕНТ УУ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment