Thursday, June 5, 2014

ТӨРИЙН №1 ДАЙСНУУД

Монгол түмний заяа их гэж. 300 жил гэдсэндээ хөлөө жийлцэж, өөр хоорондоо дайтаад, үргэлжлүүлж бас 300 жил бусдад дарлуулж ертөнцөөс түгжигдэж, өчнөөн дараалсан геноцид аллагад хядуулж, өлсгөлөн ядуурал, халдварт өвчин, удаа дараагийн дайн самуунд үймсээр дэлхийн хамгийн дорой буурай, хамгийн цөөн хүн амтай улс болсон боловч үндэс угсааны хувьд ч мөхсөнгүй, төр улсын хувьд ч сөнөсөнгүй.

Тэр байтугай, хамгийн "мяа" үедээ ч дэлхийн дайны ялагч болж, XX зууны сүүлээр өрнөсөн үй олон хувьсгал, хөдөлгөөний манлайлагчаар ялгарч, XXI зуунд ч евразийн геополитикийн анхаарал татсан төв цэгээр тодорч байх юм. Түмнийх нь заяа ч их юм байж. Төрийнх нь заяа нь л харин хэлтийчээд байх шиг.

Төрийн сүлд ч яахав, уг нь байдгаараа л байгаа. Төрд ажиллаж байгаа этгүүдэд нь л нэг биш. Хаа газраас ирсэн нь бүү мэд нэг эргүү гарч ирээд л дур зоргоороо самрах юм. Харанхуй мунхагтаа ингээд байна уу гэтэл хачин өндөр боловсролтой байх юм. Юм үзээгүй болохоороо ингэж хөөрцөглөдөг юм уу гэтэл хорвоогийн мухарт хүртэл тэнэж үзсэн золиг байх. Ядуу доройдоо хонзогноод байгаа юм уу гэтэл янзын баян амьдарч байх. Зовлон үзээгүй зоолсон амьтан уу гэтэл алаг хорвоогийн эрээн бараан амьдралыг алхаж туучаад гараад ирсэн байх юм. Залхуу хүн яавч биш, тэнэг хүн бүр ч биш гэж бодохоор Монгол төрийг хөмрөх атгаг санаатай атаат дайсан л болж таарах гээд байгаа юм даа.

Хэнийг хэлээд байгаа юм бол гэж гайхах хэрэггүй. Хуруу дараад тоолсон ч болно. Хаа сайгүй байгаа. Хуурамч эх орончдын тухай ярих гэсэнгүй, худалч хулгайч нарын тухай ч яриагүй. Шуналын микробуудыг ч бас хэлээгүй. Хулгайч бол хулгайч. Үйлдэл бүр нь авах идэхийн төлөө. Авилгач, алуурчид бүгд адилхан. Тэдний хийсэн үйлдлийн аль нэг талд нь ямар ч байсан өөрт нь нэг юм үлдэнэ. Харин өөрт нь ч наалдахгүй, өрөөлд ч наалдахгүй хорон үйл хийгчид, мэдэмхийрэгчдийн тухай л яриад байна.

Ийм хүмүүсийн хамгийн нийтлэг шинж чанар бол өөрийн гэсэн үзэл баримтлал, чиг баримжаа байхгүй. Тухайн үед таалагдсан, эсвэл толгойг нь эргүүлж дөнгөсөн нэг зүйл, итгэл үнэмшлийнхээ төлөө үхэн хатан зүтгэнэ. Тэр итгэл үнэмшлээсээ болоод нүд нь сохорчихсон, чих нь дүлийрчихсэн. Итгэл үнэмшил гэж хэлдгийн шалтгаан нь ямар ч зорилгод хүрэх эцсийн цэг, төгсгөл гэж байдаг бол тэдэнд тийм юм байхгүй. Тийм учраас зорилго гэж тодорхойлсонгүй. Ер нь бол үндсэн зорилго нь ердөө л олон түмэнд таалагдах явдал. Гоё харагдаж л байвал бусад нь хамаагүй. Олон түмэн түүнийг сайн хүн гэж байвал цөөнх юу гэх нь түй падгүй.

Ийм хүмүүс тендер, концесс өөр юу юу ч байдын, процессын шинжтэй энэ тэр ажилд оролцохгүй. Гэрээ хэлцлээр ч оролдохгүй. Товчхондоо хулгай хийхгүй, харин хууль ярина. Том том бодлогын шинжтэй юм л ярина. Өөрчилсөн хууль, өргөсөн бодлого нь өөрт нь ч ашиггүй, өрөөлд ч хэрэггүй, өргөн түмэнд бол харин хортой бас хөнөөлтэй, өөдлөх дэвжихэд садаатай бас гайтай. Дандаа нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог. Ийм л улс.

Эднийг дахиад ямар "бодлого" ярих бол гэж үнэндээ айх юм. Иймэрхүү нөхдүүдийг тэргүүн ээлжинд төрөөс зайлуулахгүй юм бол эд нарын сэдсэн "бодлого"-ынх нь завсар, зайлхайгаар хулгайч нар чихэлдээд байна шүү дээ. Иймэрхүү малнууд байгаа болохоор хулгайч болж төрөөгүй нь хүртэл хумсалж сураад байх шиг. Ийм байхад эднийг төрийн дайсан гэхгүй тэгээд юу гэх юм?!

Хулгайч нар бол эд нарын хажууд зорилготой, чиглэлтэй улс. Авах, идэх нь гол зорилго учраас олон түмэн юу гэхээс айхгүй, ичихгүй. Хулгайч л учраас баримтгүй, буух эзэнгүй, буцах мөргүй л юм хийнэ. Харин хулгайчид боломж олгож байгаа нь энэ дайснууд.

Ийм төрийн дайснуудаас салах ганц арга бол ердөө л системийн өөрчлөлт. Тогтолцоогоо засахгүйгээр юу ч сайжрахгүй. Юун тэр Монгол түмний заяа их мих...

No comments: