Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян номын мөр хөөх ёстой бурхны олон шавь, буддын олон хуврагууд аа. Та нараас асуух юм байна. Өвдөж зовоод, арга мухардаад ирж байгаа сүсэгтэн олон шавь нартаа сэтгэлийн ариусал өгч чаддаг уу, эсвэл сэтэрхий зүү, сиймхий самбай ч болтугай салгах гэдэг үү?
Хүүхэд маань өвдчихлөө, хагалгаанд оруулж байна, ном уншуулая (сэтгэлийн тайвшрал авах) гээд очиход нь хандив өгөхөө ч байг, ядаж үнэ мөнгө авалгүйгээр (зовлон дээр нь зовлон нэмэлгүйгээр) ном уншаад өгдөг лам байдаг билүү? Олон түмний сайн дураараа, сайхан сэтгэлээрээ өгдөг өргөл барьц байдаг л даа, байдаг. Харин түүнийгээ бусдад хандивлачихдаг лам байна уу, цаана чинь. Өөрсдөө гангарчихсан, эхнэрээ гоёчихсон, хүүхдээ эрхлүүлчихсэн, бүдүүн бүдүүн жийп уначихсан явж байдаг биз дээ?
Монголчуудын хувьд аль нэг сүм хийд, систем, институц, байгууламжид бишрэхээсээ илүүтэй хэн нэг гэгээнтэн, хувь хүнд бишрэх, дагалдах байдал илүүтэй. Тухайлан, хувь хүнийг шүтдэг болохоор ч тэр үү, тэгээд өнөөх нь бас биеэ тоох төрөлхийн “өвчтэй” монгол хүнийг ч хэлэх үү, ганцаараа солиороод, будда мудда юу юм бэ болоод явчихдаг. Хүн бүр сүм хийд, дацан, дуган бариад энд тэндгүй суварга бариад, хүрд зоогоод эхлэхээр чинь одоо яалтай вэ дээ. Хэн буддын шашинд итгэж, дагаж сүсэглэх билээ.
Шашны шинэтгэл гэж хүмүүс их ярьж байна. Гэхдээ лам нар голдуу, тэгэхдээ сүсэгтэн олны тусын тулд биш, өөрсдийнхөө ашиг тусын тулд ярилцаад, бас хэрэлдэх гээд байх шиг. Шашны бус хүмүүсийн санаа оноо, идэвх зүтгэлийг нэг сонсохноо гэмгүй л санагдах. Шинжлэх ухаанч талаас нь энд судлаач Д.Ганхуяг гуай бичсэн байна лээ. Харин би энд байж болох, хэрэгжүүлэхэд хүндрэлгүй энгийн нэг санаа хэлье.
Нийтийн дунд нэг ийм яриа байдаг. Оргүй ч биш л дээ, яг голоор нь дүгнэчихсэн. “Христийнхэн өгдөг, Буддынхан авдаг” гэж. Яахав цааш нь ухаад, санхүүгийн систем рүү нь өнгийвөл асуудал өөр л дөө. Гэхдээ нийгэмд явуулж байгаа, нүдэнд ил үйл ажиллагаа нь тийм л байгаа биз дээ.
Монголд яс юман дээр бараг ганц ч буяны сан байдаггүй. Яахав, христийн болон бас бус шугамаар орж ирсэн буяны сангууд байдаг л байх. Гэхдээ буддын тодотголтой ганц ч буяны сан байхгүй. Ямар ч хийд буяны үйл хийдэггүй. Эсвэл буяны сан нь шашны зан үйл хийдэггүй, сургааль номлол түгээдэггүй.
Тэгэхээр нэг том хийд байгуулаад, тэр хийд нь сангийн буюу санхүүгийн үйл ажиллагаа явуулаад, түүнийгээ сайн сурталчлаад өгвөл болмоор л санагдах. Тэнд нь мэдээж хурал ном хурдгаараа хурна, бурхан шүтээнд мөргөдгөөрөө мөргөнө, засал ном хийдгээрээ л хийнэ. Тэнд түмний бишрэл төрүүлсэн жинхэнэ ариун номыг сахисан санваартнууд байдаг.
Гол нь хандив цуглуулдаг, цуглуулсан хандиваа үржүүлдэг, үржүүлсэн хандиваараа ядарсан зовсон амьтан хүнд тусладаг (хүнд өвчтэй, эдгэрэх магадлалтай боловч үнэтэй хагалгаанд орж чадахгүй өч төчнөөн хүн байдаг), түүнийгээ идэвхитэй сурталчилдаг, шашны олон талын зан үйлийг үнэ төлбөргүй хийдэг ийм л үйл ажиллагаа явуулдаг том төв, хийд байвал болоод явчихмаар санагдана. Энэ нь эргээд аялал жуулчлалын талаасаа ч хэрэгтэй юм байгаам даа.
Шашны хэрэгт мэдээж төр оролцохгүй, шашныхан өөрсдөө л оролцоно. Шашны реформыг шашныхан өөрсдөө л хийх ёстой. Гэхдээ мэдээж Монголчууд учир бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, хоорондоо эвлэхгүй. Бүхий түүхэндээ л түвд ламаар толгой хийж явсан шүү дээ, та нар. Тийм биз дээ???
Иймд үүнийг харин арай сэхээрсэн, хэр баргийн лам нар шүүмжилж, гажааж чадахааргүй боловсорсон, шашны өндөр мэдлэгтэй, гэгээрсэн (магадгүй настай) хүмүүс бий болгоод удирдаад, залгамжлуулаад явчихаж болох юм шиг. Заавал шинээр бүтээнэ, бий болгоно гээд ч яахав. Монголын бурхны шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийг ингэж өөрчилөхөд болох. Уг нь тэнд Монголын ард түмний итгэл, сэтгэл, хандив, хөрөнгөөр боссон Жанрайсиг бурхнаас авахуулаад шашны зүтгэлтнүүдийг бэлтгэдэг шашны дээд сургууль нь ч байгаа юмсан. Тийм учраас энд энгийн хүмүүс оролцоход болохгүй юмгүй гэж санана.
Уг нь бас ч гэж Монголд мөнгөтэй хүмүүс байна, мөнгөөрөө буян хийх гэсэн хүмүүс ч байна, арай ч бүгд адгийн шаарууд болчихоогүй байна. Монголын заяа их.
Хоорондоо эв зүйтэй байцгааж, бие биедээ л итгэхсэн дээ.
Tuesday, April 1, 2014
БУЯН
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment