Tuesday, June 17, 2014

БИ АРДЧИЛАЛД ДУРТАЙ

Энэ нээрээ арай дэнднээ. Миний өмнөөс хуульд санал өг гэж нэг нөхрийг УИХ-д сонгоод явуулах. Нөгөө нөхөр нь ажилдаа ирэхгүй, хуралдаа суухгүй. Өмнөөс нь өөр нэг нөхөр миний хүсээгүй саналыг өгчхөж байх. Ийм ардчилал байдгиймуу?! Энэ тэгээд ардчилал мөн үү, тээ?! Хэрэв тэр новш миний саналыг хуульд тусгаж чадахгүй юм бол би түүнийг яах гэж сонгосон байх вэ? Зайл л даа. Чи чадахгүй юм бол өөр чаддаг хүнийг нь, ядаж ажлаа тасладаггүй хүмүүжилтэй хүнийг оронд чинь суулгая.

Би олон удаа бичсэн. Ганц би ч биш олон хүн хэлж байгаа: Монголд ардчилал байхгүй болсон. Ер нь байсан ч юм уу даа?! Итгэхгүй байна уу? Гуравхан тоо ярихаар бүгд тодорхой болно.

Нэгд, УИХ-д 76 хүн сонгодог. Эдний 3-ны 2 нь буюу 51 хүн сууж байвал чуулганы ирц бүрдсэн гэж үздэг байв. Тэгээд ирсэн хүмүүсийн дийлэнх олонхийн саналаар буюу 26 хүний саналаар хууль батлагддаг байлаа. Тэгсэн яасан, 3-ны 2 гэдгийг дийлэнх олонх буюу 51% гэж өөрчлөнгүүт хууль ердөө л 20 хүн гар өргөөд л батлагдахаар болж байгаан. Гэтэл бодит байдал дээр 10 хүн суугаад хүн бүр 2-3 карт шургуулаад хууль батлагдаа, дуусаа!!! Хүний хувь заяаг ямар амархан шийднэ вэ? Тэр мөртөө ганц хүн биш, бүхэл бүтэн ард түмний шүү!!!

Хоёрт, УИХ-ын 76 тойргийн 20 нь буюу 26% нь Улаанбаатарт, үлдэх 56 нь буюу 74% нь орон нутагт ногддог. Харин Улаанбаатарт нийт хүн амын 41% нь амьдардаг ба орон нутагт 59% нь байдаг. Улаанбаатарын нэг сонгогчид 0.63 ширхэг сонгох эрх ногдож байхад орон нутгийн нэг сонгогчид 1.25 ширхэг буюу 2 дахин давуу сонгох эрх олдож байна. Ардчилал гэдэг чинь бүх хүнд тэгш эрх өгдөг гээ биз дээ?! Тэнд их газар, олон мал байдаг учраас тэдэнд илүү сонгох эрх ногдоно гэж үү? Тэгвэл УИХ гэдэг чинь хууль санаачилдаг, баталдаг үүрэгтэй байгууллага. Харин хууль гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулдаг. Нийгэм гэдэг нь хүнтэй л холбогдоно. Тэгэхээр УИХ чинь нэн тэргүүнд хүний асуудлыг зохицуулах үүрэгтэй биш юм уу?!

Гуравт, давхар дээл гэдэг асуудал байна. Засгийн газар хэрэв 30, за болиё 20 яам байгуулаад бүх сайдыг нь УИХ-аас сонговол УИХ гэж байх хэрэггүй болж байгаам даа. Үхсэн хатсаны чинь Монтескью, засаглалын онол... Илүү тайлбар хэрэгтэй юу?!

Ийм байж бас ардчилал яринаа та нар!!! Хуц заа. Ардчилал байхгүй болчоод байхад юун тэр шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага, элий балай...

Зөвхөн гол гол тоог нь ярихад ийм байна. Зарчим яривал 3 байтугай 3000 зөрчил тоочиход хүрнэ. Иймээс асуудал тоочихоо болиод шийдэл дэвшүүлэе.

1. УИХ өөрөө тоглоомын дүрмээ зохиодогт асуудлын гогцоо байна. Компанийн эзэн ч бас дүрэм, журмаа зохиодог. Гэхдээ тэд чинь хэрэглэгчиддээ, зах зээлдээ захирагддаг л байхгүй юу! Гэтэл УИХ юунд ч захирагддаггүй. Ард түмэн юу юм, түй... Тэгэхээр нөхдүүдээс дүрэм зохиох эрхийг нь аваад хаячий. Өөрөөр хэлбэл УИХ-ын оролдож болохгүй, өөрчилж чадахгүй хууль гэж байх ёстой гэсэн үг. Энэ бол мэдээжийн хэрэг Үндсэн хууль. Нэмээд бас УИХ-ын дэгийн тухай хууль гэх мэт зарим нэг хуульд гар хүрэх эрхгүй байхад ер буруудахгүй. Эсвэл ийм хууль байхгүй болгоод Үндсэн хуулийн нэг зүйл, заалт болгоод оруулчхаж болох юм. Тэгвэл бүр сайн, илүү амар.

2. За ямартай ч дураараа дургих боломжгүй болгоод авлаа. Одоо ардчиллын үнэт зүйлсээ хамгаалж, ард түмэнд засгийн эрхийг нь өгнөө. Тэр нь юу гэвэл, сонгосон гишүүнээ сонгогчид нь буцаан татах эрхтэй байх. Яаж зохион байгуулах нь дараагийн асуудал. Хамгийн гол нь тийм боломж байна гэдэг нь л чухал. Буцаан татах үндэслэлүүд дотор нь хуралд суусан ирц болон идэвхийн асуудлыг заавал оруулж өгөх хэрэгтэй. Ингээд та нар ажил таслаад үзээрэй!

3. Хүссэн хүсээгүй хуралдаа суудаг болсон тул гишүүдийн ирц идэвхийн байдлыг үнэн бөгөөд тодорхой болгох үүднээс, хоосон дүр үзүүлэхгүй, сууж таслуулахгүй, төрийн ордонд унтуулахгүйн тулд, үгүй ядаж Candy Crush тоглуулахгүйн тулд санал өгөх асуудлыг шийдэх шаардлагатай. Тиймээс "УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хууль батлагдана" гээд оруулчхая. Тэгвэл "чуулганд ирэгсдийн дийлэнх олонх" гэдэг асуудал үгүй болно. Өөрөөр хэлбэл хууль дор хаяж 39 хүний саналаар батлагдах болж байгаам даа. Хоорондоо эвлэх, үгсэх боломж нь ч буурна. Ингэвэл цөөн бөгөөд чанартай хууль гарна. Үүн дээрээ нэмээд аль хуулийг батлахад ямар гишүүн дэмжиж, ямар нь эсэргүүцэв гэдгийг сайхан зарлаад өгөх хэрэгтэй. За энэ ч хэвлэл мэдээллийнхний хийх ажил.

4. Ингээд чангалчхаар гарууд хүссэн хүсээгүй ажлаа хийх л болно. Тэгэхээр нөхдүүдийг ажлаа хийх боломж, цаг заваар хангах хэрэгтэй. Үүний тулд давхар дээлийг тас хориглох хэрэгтэй. Бүр ерөнхий сайдыг ч УИХ-аас сонгож болохгүй. Хэрэв ингэх юм бол баагийд илүү эрх өглөө гэсэн үг. Засгийн газар хууль санаачлах эрхтэй, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Тэгэхээр мань эрд илүү боломж бий гэсэн үг. Тэгэж наргиулахгүй ээ. Түүнээс гадна, угаасаа ерөнхий сайдын нөр их ажлын хажуугаар чуулганд суугаад явж байх цаг зав гарах ч үгүй.

5. Сонголтын хувьд мажоритар системийг сонгоод, тойргийн мандатыг хүн амд нь тэгш хуваарилаад, засаг захиргааны нэгж болон сонгуулийн тойргийн хүрээг өөр хооронд нь хамааралгүй (давхцалгүй) болгочхоор тойрогтоо ажиллах нэрийн доор айрагдаад, архидаад явах боломжгүй болно доо. Сонгогчид нь гишүүнээ буцаан татдаг байх боломжийг мажоритар систем л олгоно. Намууд төлөвшөөгүй өнөө үед пропорциональ систем манайд тохирохгүй, бүр хортой. Засаг захиргааны нэгж, сонгуулийн тойрог 2-ыг өөр байлгах нь гишүүд тойрогтоо зарцуулах нэрийн доор төсвөөс хулгай хийх боломжгүй болгоно. Нөгөө талаас ЗГ нь УИХ-аа хахуульдаж чадахгүй болно. Угаасаа хүн амын тоонд тэнцүүлэх байдлаар сонгуулийн тойргуудыг зохион байгуулах болбол хүссэн хүсээгүй засаг захиргааны хуваарийг мөрдөх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуульд УИХ гар дүрж чадахгүй байх нь ардчиллын үнэт зүйлийг хамгаалах гол хамгаалалт.

Ерөнхийдөө УИХ, ЗГ нь өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг болчихвол дараа дараачийн асуудлууд нь аандаа цэгцэрнээ. Ядаж л сайд, гишүүн нь өөр өөр байх ёстой болоод ирэхээр намууд хүний нөөцийн дутагдалд орно. Яг үнэндээ бол хүний нөөцийн дутагдал гэхээсээ итгэлтэй хүний эрэлд хатна гэсэн үг. Толгойлогч нар өөрөө сайд болох уу, эсвэл гишүүн байх уу, аль нь дээр вэ гэдгээс эхлээд бодох зүйл их гарна. Нэгийг нь сонгоод шийдлээ гэхэд нөгөө талд нь хэнийг тавих вэ гэх мэтчилэн бодох зүйл мундахгүй. Энэ мэтээр хүн бүрийн мэдэх улстөрийн наймааны оролцогчид олшрохын хэрээр наймааны нууц задарна. Алив зүйлийн нууц задарнаа гэдэг чинь муу ч бай сайн ч бай тэр зүйл бүтэлгүйтэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Улстөрийн наймааны бүтэлгүйтэл нэмэгдэнэ гэдэг чинь нөгөө талдаа ард түмний хожоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэх мэт, гэх мэт, гэх мэт...

Одоогийн засаглалын хэлбэрийг өөрчлөлгүйгээр ахиц дэвшил гаргах боломж, арга зам надад бол ингэж л харагдаж байна даа. Товчхондоо, ёстой юм ёсоороо байгаасай л гэсэн хүсэл шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх боломж, зангилаа нь "УИХ-ын өөрчилж чадахгүй хууль гэж байх ёстой" гэдэгт л байгаа юм. Эс тэгвэл дараагийн нөхдүүд гарч ирээд л орвонгоор нь эргүүлээд самраад хаячина. Тийм завсар үлдээх юм бол мянган гоё өөрчлөлт, сайжруулалт хийгээд яах ч билээ.

Үүнээс өөр арга зам байвал андууд сэтгэгдэл бичигтүн. Санал солилцоё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгсэн. Төгсгөлд нь гуйх л юм: НАМАЙГ АРДЧИЛАЛД ДУРГҮЙ БҮҮ БОЛГООЧ.

No comments: