Friday, March 7, 2014

БОЛОВСРОЛ - ЗЭВСЭГ

Та Монгол хэл сайн сур, таны тэнэг мангар байх бол ер асуудал биш, хамгийн гол нь Монгол хэлний шалгалтыг сайн өгвөл та манай сургуульд үнэгүй сурч болно. Шалгалтын дүн чинь их сайн байвал танд бид бүр стипенд өгсөн ч болно.

Дээд сургуульд ингээд л орчихдог бол яах вэ? Гоё уу? Мэдээж ГОЁ! Чихэр гоё уу, гоё. Гэхдээ хортой...

За одоо дээрх өгүүлбэрийн Монгол гэдгийг нь Англи гээд сольчих. Гадаадын их дээд сургуульд үнэгүй суралцахад тавигдах бараг цорын ганц шаардлага бол Англи хэл. IELTS, TOEFL, TOEIC бүгд зүгээр л англи хэлний шалгалтууд, мөн үү? Тэр тусмаа нарийн ширийн хэл шинжлэлийн дасгал, даалгавар (нөхцөл, дагавар, үгийн гарал үүсэл, өгүүлбэрийн бүтэц...) байхгүй, зөвхөн тухайн хэлийг ашиглаж мэдээлэл авч чадах уу, мэдээлэл дамжуулж чадах нь уу гэж шалгадаг. Тийм үү?

"Гатнуул" элсүүлэх процесстой их адилхан байгаа биз? За одоо элсүүлсэн "гатнуул"-аа сургана... Яасан тийм эвгүй сонсогдож байна уу? "Муу хөгийн новш өөрөө тэтгэлэг авч чадаагүй дээ, атаархсандаа ийм тэнэг юм бичиж байгаа юм" гэж бодож байна уу?

Тийм, яг үнэн. Таны зөв, би англи хэл сурч чадаагүй. Гэхдээ та алдаж байна, би танд атаархаагүй. Харин ч тэтгэлэг авч чадсан, боловсролоо дээшлүүлж чадсан, эсвэл тэтгэлэгт идэвхитэй бэлтгэж байгаа танд баяр хүргээд, өөр зүйлийг давхар бодож санаж яваасай гэж бодсондоо үүнийг бичиж байгаа юм.

Ер нь манайхан гадаадад байгаагаа шүүмжлэхээр (монгол ямар оршуулгын газар уу) эх орондоо байгаагаа доромжилдог (өөрөө гарч чадаагүй болохоор атаархаж, хорссондоо тэгэж байгаа юм), эсвэл гадаадад байгаа нь нутагтаа байгаагаа муу хэлж (зэрлэг бүдүүлэг, юм үзээгүй), Монголдоо байгаанууд нь хариу (биеийн амрыг хараад харьд одсон) талцаж хэрэлддэг. Ийм явуургүй бодлоосоо хагацах хэрэгтэй байна. Бусдын л идэш болж байна шүү дээ.

Тэгэхээр өрнөдийн ертөнцөд, ялангуяа дэлхийд дангаар ноёрхох сонирхолтой АНУ болон түүний холбоотнууд их дээд сургуульд тэтгэлэгээр суралцуулахдаа дараах хэдэн ерөнхий зарчимд тулгуурладгийг та бараг мэдэх байх. Эдгээрийг тоймловол:
1. Тэтгэлэг авах шалгуур нь мэдээж англи хэлийг хэр эзэмшсэн бэ гэдэг асуудал. Яахав, ийм тийм голч дүнтэй гэсэн билэг тэмдгийн шинж чанартай зүйл бол байх байх. Хамгийн гол нь хэл. Хэлийг шалгуур болгоод байгаа шалтгаан нь соёл дамжуулах гэж тэр. Гадаад хэл суралцана гэдэг бол тэр чигээрээ гадаад соёл суралцана гэсэн үг. Өөрөөр хэлбэл урьдчилсан бэлтгэл болгож, "гатнуул"-даа хагас боловсруулалт хийнэ.
2. Тэтгэлэг авахыг хүсэгч нь нэр бүхий улсын иргэн байх. Тэр улсууд нь гол төлөв, ядуу буурай, хөгжиж байгаа гэгдэх боловч яс юман дээр алсдаа тэднийд хэрэг болох байгалийн баялаг бүхий, эсвэл геополитикийн хувьд сонирхол татахуйц улсууд байна. Гол төлөв азийн болон өмнөд америкийн, бас хуучин комунист байсан голдуу улсууд байдаг.
3. Тэтгэлэгийн нэг чухал шаардлага нь "сурч дуусаад, бушуу зайл" буюу заавал буцаж эх орондоо очсон байх. Тайлбар нь "та сурч мэдсэнээ эх орныхоо сайн сайхны төлөө ашиглаарай" гэх боловч гол нь нөхрийн тархийг угааж дуусгаад бэлэн болсон "гатнуул"-аа обьект уруу нь явуулж байгаа юм.
4. Тэтгэлэг нь ихэвчлэн нийгмийн чиглэлээр байдаг. Тэгээд үүнийгээ тухайн улсын нийгмийг боловсронгуй болгоход анхаарах гэх мэт гоё гоё үгээр халхавчилдаг. Бизнесийн удирдлагаар сургах бол үнэнхүү дуртай, тэргүүлэх чиглэл нь. Яагаад гэхээр дадлага хийх газар нь бэлэн, кейс нь бэлэн, суралцах зүйл нь барууны ялгуусан "капиталын нууц". Тэгээд хамгийн гол нь бизнесийн удирдлагаар суралцсан хүн аймаар амбицтай, бас юм юмны захтай болчихдог юм. Тухайлан юм юмны захтай болчихоороо хорвоо ертөнц санаанд нь багтаад, хэр баргийн юманд өрөөсгөл хандаад, дээрээс хараад эхлэдэг. Ер нь бол аливаа зүйлээс зөвхөн ашиг хараад, "сохорч" эхлэдэг юм. Үүнд эргэлзэх хэрэггүй, би өөрөө бизнесийн удирдлагын боловсролтой, мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байна.
5. Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр тэтгэлэг олгох нь цөөн агаад техникийн шинжлэх ухааны чиглэлээр бол бүр ховор. Сургасан тохиолдолд яг нарийн технологийн түвшний боловсрол барагтай бол олгодоггүй. Түүнчлэн төрөлжүүлэх нэрийн дор энэ чиглэлээр сурч байгаа гадаадын оюутан, дотоодын оюутнууд нь голдуу тусгаар байдаг.

За одоо тэтгэлэг авсан хүмүүсийн аж амьдралтай танилцая. Дийлэнх тохиолдолд тэтгэлгээр суралцагчдыг эрхлүүлдэггүй. "Хамар дээр нь шар тос түрхэх" гэж нэг зүйр үг байдаг. Түүн шиг сайн сайхан амьдралыг үнэртүүлээд л, бага зэрэг амсуулчихаад л яваад байна. Нөхдүүд тэр "гоё" оронд оччихоод хөлсөө дуслуулан суралцдаг, ажилладаг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгд манай улс мундаг байгаа биз, танай улс миа байгаа биз гэж ойлгуулах, хоёрт өөрөө хөдөлмөрлөж зүтгэсэн хүн айхтар амбиц суудаг бөгөөд хэр баргийн хүний үг дуулахаа больчихдог. Товчхондоо өөрөөр нь боловсруулах гэдэг стратеги.

За ингээд өрнийн "ялгуусан капитал"-ын нууцыг мэддэг, "ардчилал"-ын амтыг мэдэрсэн хүнд 2 зам үлдэнэ. Нэг нь тэтгэлэгт заасан ёсоор гэртээ харьж сурсан мэдсэнээрээ эх орноо "хөгжүүлэх". Нөгөө нь тэр чигтээ тэр гоё газар үлдэж амьдрах. Тэнд үлдсэн тохиолдолд бас ч муу биш, мэдээж мань хүн хямд ажиллах хүчин болох агаад ажлаа алдахгүйн тулд үхэтлээ ажилладаг үнэнч "боол" болно. Хүний нөөц хэрэгтэй юу, хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, тэнд үлдсэн этгээд нутаг орондоо байгаа хэддээ, ар гэр, орчин тойрныхондоо замыг зааж гэрэлтүүлэгч болно. Харьж очоод уусчихгүй, харин ч сайн.

Арабын хавар, Ливийн хагарал, Украйны бутрал, өөр бас бус юу ч юм, бүхий л балай хувьсгал энэ тэрд барууныхны гар оролцсон болохыг бүгд харж байна. Гэхдээ тэр яг тэгэж нөлөөлөөд, ингэж санхүүжүүлээд гэсэн барим тавим бат нот баримт хаа ч байдаггүй. Яагаад гэвэл тэд үүнийг тийм бүдүүлэг аргаар хийдэггүй бөгөөд эхлээд боловсон хүчнээ, "гатнуул"-уудаа бэлддэг. Бүр өөрийнх нь сайн дураар элсүүлээд, өөрөө сурч "боловсрох" боломжийг нь олгодог.

Бослого, хөдөлгөөн, тэмцэл, хувьсгал, хагарал, бутрал, иргэний дайныг эхлүүлэхдээ бяцхан халаана. Бусдыг нь тус улсын хамгийн мундаг сэхээтнүүд өөрсдөө сайн дураараа, үнэн голоосоо хийчихдэг. Тэгээд л өмнө нь бэлэн шарсан тахиа бий болж "энхийг сахиулах ажиллагаа" явуулна. Ямар ч эсэргүүцэх хүчгүй, дайн дажны хөлд нэрвэгдсэн, ядарсан, туйлдсан, мунхарсан ард түмэн, талцаж хэрэлдсэн сэхээтнүүд, хөл толгойгоо олохоо байсан төр засаг, бүрэн сүйрсэн улс үндэстэн, гэхдээ элбэг баян, хямдхан, нарийн ярьвал үнэгүй түүхий эд, байгалийн баялаг, газар нутаг.

Байгалийн болон техникийн ухааны чиглэлээр тэд хүн сургаагүй биш, сургадаг байсаан. Тэр нь айхтар том алдаа байсныг тэдний эхэлж сургасан Япон, Солонгос, Энэтхэг оюутнууд нэвт шувт харуулсан. Нөгөөтэйгүүр тухайлан эдгээр улсууд л боловсролыг зэвсэг болгож болох юм гэдэг санааг барууныханд ойлгуулчихсан хэрэг.

Боловсрол бол аюултай зэвсэг. Аливаа улс орныг устган сүйрүүлэх үү, мандан бадраах уу гэдгийг тухайн нийгмийн боловсролтой, элит хэсэг л шийддэг. Түүнчлэн боловсрол нь соёлоос хол байх аргагүй. Тийм учраас Монголын түг түмэн хүн ЗХУ-д сурч боловсрохдоо өрнийн боловсон ёсыг, "100 татдаг" соёлтой нь юутэй хээтэй нь хуу хамаад аваад ирсэн.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэх үгээр жигүүрлэж нео-либерализм гэдэг нэр томъёоны ард нуугдах барууныхны, тэр тусмаа АНУ-ын дэлхийд дангаар ноёрхох ашиг сонирхол иймэрхүү маягаар хэрэгждэг. Үүнийг бага зэрэг өөрчлөн найруулах замаар ноёрхож чадахгүй ч гэсэн, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, нөлөөллийн хүрээгээ тэлэх санаагаар Хятад, Солонгос, Япон зэрэг улсууд мөн ийм арга хэрэглэдэг. Эдэн дундаас Солонгосын соёлоор тэргүүлэх стратеги үр ашгаа өгч байгааг бүгд харж байгаа.

Та бас л итгэхгүй хэвээр байна уу? Өрнийхөн, тэр дундаа АНУ өөрсдийн боловсролын системийг хамгийн сайн гэж дүгнэх агаад дэлхийн шилдэг их дээд сургууль гэдэг жагсаалтад АНУ-ын сургуулиуд л дүүрэн байдаг. Үүнийг бодоод үзнэ биз дээ.

Дахиад давтая, та нэгэнт тэнд боловсрол эзэмшээд ирсэн бол, эсвэл боловсрол эзэмшихээр зэхэж байгаа бол сайн байна. Гэхдээ гурван зүйлийг санаж, мөрдлөг болгож яв:

1. Баруунд нэг их чухал зүйлийг зааж өгнө. Тэр бол аливаа зүйлийг баримттайгаар судлах. Зөв. Гэхдээ цаадуул чинь танд мэдээллийн эх үүсвэрийг шалгах ёстойг хэлж өгөхгүй. Ер нь бол ямар ч мэдээллийг элдэв боловсруулалтгүйгээр, цэврээр нь, натуралаар нь олж аваад өөрөө боловсруулалт хийж байгаарай.

2. Аливаа зүйлийг тэнцвэртэй судалж сураарай. Хэрэв чи ардчилал, зах зээлийг судалж байгаа бол сайныг нь бас муутай нь судал. Зулын доор харанхуй гэж тэнд бас муу юм байж л таараа. Дарангуйллын тогтолцоог, комунизмыг сохроор бүү муул. Тэнд ч бас сайн юм байж юу магад.

3. Хамгийн гол сурч, мэдэж, ойлгож авах зүйл чинь үндэсний эрх ашиг юм шүү. Өөрийгөө таниагүй байж, өрөөлд зааж сургана гэж байдаггүйтэй адил Монголоо мэдэхгүй байж, Монголыг хөгжүүлнэ гэж ч юу байхав. Үндэсний эрх ашиг гэдэгт сул талыг нь ч бас хэлдэг гэдгийг ойлгоорой. Монголчуудын сул тал бол хэтэрхий их амбиц, нэгдэл нягтралгүй байдал. Захын дурак үүнийг мэддэг. Хүнд муугаа бүү үзүүл.

Төгсгөлд нь хэлэхэд Америк гэж үндэстэн байдаггүй, Америк ашиг сонирхол гэж л бий. Харин Монгол гэдэг үндэстэн ч бий, тусгаар улс ч бий, ашиг сонирхол ч бий. БҮҮ МАРТ!.

7 comments:

ДЭЛГЭР said...

Нэг тайлбар оруулахгүй бол хүмүүс жаахан буруу ойлгоод туйлшраад байх шиг байна. Би гэж ялихгүй амьтан 3 өгүүлэмжийг илэрхийлэх гэж зорьсон юм.

1. Боловсролыг зөв эзэмшие. Аливаа зүйлд хэт туйлшралгүй, юмыг олон талаас нь үнэлж дүгнэх чадвар эзэмших хэрэгтэй байна.

2. Украйны асуудлаар хүмүүс янз бүрийн сонин сонин юм бичиж байх юм. Украйнаас өмнө олон ч газар болсон зүйл. Ийм явдал манайд ч тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Гадныхны хоол болох вий. Тиймээс эвтэй байцгаая.

3. Бид үндэснийхээ онцлог, суурийг харгалзаж үзсэн хамгийн зөв системийг бий болгохгүй бол эдийн засаг ч тэр, улстөр ч тэр, боловсрол ч тэр, ер нь юм бүхэн балрах гээд байнаа. Ийм асуудал дээр тэднийх ч сайн, эднийх ч сайн гэж талцаж уралцах нь сайны ёр биш.

ganbaa said...

Бид үндэснийхээ онцлог, суурийг харгалзаж үзсэн хамгийн зөв системийг бий болгох,
eniig l bii bologomoor sanagdah um.
harin yaj ve.
ih zasag huulia sergeeh uu, ter bat-otgonii yaridag tailbarladag altan deed geree yu, haanaas gargaj irj zov sistemd oruulah ve

ДЭЛГЭР said...

Ganbaa уучлаарай. Хувь хүний үзэл бодлыг чинь хүндэтгэж байна. Гэхдээ тэр Бат-Отгон бол лав эрүүл хүн биш. Аль ч салбарын хувьд үндэсний онцлогийг тодорхойлохдоо дэлхийд хаана ч байхгүй, онцгой содон 5 зүйлийг зайлшгүй тооцож, судлах шаардлагатай. Энэ нь газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, нүүдэлчин соёл, үндэстний менталитет, тухайн зүйлийн өв, уламжлал.

Anonymous said...

Уучлаарай өөрийн чинь энэ доромжлолыг уншаад шал дургүй хүрчихлээ. Тэгвэл тэтгэлэггүй сурсан нь гатнуул биш тэтгэлэгтэй сурсан нь гатнуул айн. Хэхэ Хятад улс барууны боловсролыгь шинжлэх ухааныг шууд хуулбарлах зорилготой хэдэн зуун миллардаар нь долларыг цацан дэлхийн бүх өндөр хөгжсөн улс руу зулуусаа илгээж байна.Тэгээд бүх залуус нь тэгээд гатгуул болсон аан. Хятад улсаа унгаах гээд яваад байна уу. Би ганцхан бичдэг гэсэн шиг өрөөсгөлөөр бичихээ боль. IELTS, TOFELеийн өндөр оноотой хүн бүхэн тэтгэлэгээр сурдаг, өндөр оноотой бол их сургуульд тэнцчихдэг гэж бодоод байна даа. Явж сурч үзээгүй байж битгий худлаа мэдээлэл цац, битгий туйлшруулж мэдээлэл бичээд бай!!!

ДЭЛГЭР said...

Anon-д
Энэ бол доромжлол биш. Бодит байдал. Зөвхөн тэтгэлэгтэй нь ч биш. Тэтгэлэггүй нь ч үүнд хамаарна. Аль нэг улсад суралцсан хүн тухайн улсдаа "элэгтэй" болдог. Элэгтэй гэж хэлэхээр Хятадад суралцсан хүмүүс илүүтэй эмзэглэнэ. Гэвч үнэндээ Хятадад сурсан нь ч бай, өөр газар сурсан нь ч бай, ажлын шугамаар тэр л улс уруугаа буцаж хазайдаг. Хэл усны ч асуудал байдаг байх, танилын хүрээний ч асуудал байдаг байх, өөр бас бус асуудал ч байдаг байх.

Хятад улсын хувьд бол хамгийн гол зорилго нь Хятадад hi-tech дөнгөж нэвтэрч байна, үүний төлөө инженер техникийн хүмүүсээ сургаж байна. Аливаа улс бодлогоор хүмүүсээ гадагшаа сургаж байгаа тохиолдолд голдуу техник, технологийн чиглэлээр явуулдаг. Солонгос ч ингэсэн, Япон ч ингэсэн. Манай улс ч мөн ингэсэн. Үүний ачаар хөгжил, дэвшил ирж байсан. Нөгөө талаар өөрийн залуусаа гадаадад сургаж, улмаар тэднээрээ дамжуулан тухайн улстай харилцаа холбоо үүсгэх, бэхжүүлэх сонирхолтой байдгийг хэлэх юун.

Тухайлан та болон бусад хүмүүсийг ингэж эмзэглэнэ гэж мэдсэн учраас буруу, дутуу ойлгох вий гэсэндээ нэмэлт оруулсан юмсан. Бас л багадаж.

Anonymous said...

Ээ хөөрхий тэгээд чи анхнаасаа тэтгэлэгтэй сурсан нь тагнуул гээд бичисэн байгаа юм биш үү. Тэгвэл гадаадад очоод амьдраад байгаа бүх хүмүүс бас гатнуул юм байна лдаа. Ийм хог новш бичиж юугаа хийдэг байнаа. Дээрээс Хятад Hi-Tech-д хүнээ ганцхан сургадаггүй юм шүүв Бүх талаар дэлхийн бүх улсад Хятад иргэд сурдаг хэдэн саяаараа сурдаг. Тийм юм бол Хятадууд тагнуулаар дүүрээд дээрээс олн соёл хосолсон улс болх нээ. Хэхэ өрөвдмөөр явцуу юм бичих юм даа.

ДЭЛГЭР said...

Anon
Гатнуул гэдэг үгэнд л эмзэглээд байгаа юм аа даа? Эмзэглэмээр байгаа бол одоо яахав дээ. Яаж хүлээж авч, юу гэж ойлгох нь таны л сонголт. Харин юу бичих, юу бичихгүйгээ хэн бугайгаар ч заалгахгүй ээ. Хүсвэл та ч бас бичиж болно.