Tuesday, January 28, 2014

ШАГНАЛ

Монгол улсын ардын ..., хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавьяат ...

Сонсоход сүрдмээр байгаа биз. Ийм айхтар гуншинтай бишрэм амжилт гаргаж, тив дэлхийд эх орныхоо нэр сүрийг цуурайтуулж, өөрөө мөн ч сайхан амьдардаг байхдаа... Гэж бодвол худлаа шүү. Хувийн өмч хөрөнгийг үзэн яддаг өмнөх дэглэмийн үед ийм маягаар аргалдаг байлаа. Байлаа ч юу байхав, одоо ч байсаар л байна. Одоо больё л доо.

Одоогийн бүх шагналууд соци нийгмийн үеэс улбаатай. Улбаалсаад ч байх юмгүй, зүгээр л бүх одон, медаль, цол, тэмдэг тэр чигээрээ Оросыг хуулбарласан. Ганцхан хуулбарлаагүй шагнал байдаг нь уул нь Алтангадас одон. Содон нэртэйг ч хэлэх үү, магадгүй бусдаас хуулбарлаагүй ч болоод тэр үү, ард түмний дунд Алтангадас одонгийн тухай олон хууч яриа байдаг. Тухайлан тийм учраас Алтангадас одонгоор шагнуулна гэдэг их нэр төрийн хэрэг гэж ойлгогддог байв. Одоо бол харин эсрэгээрээ, хамгийн "хямдхан" одон.

Капи нийгэм руу ороод нэмж гаргасан ганцхан шагнал байдаг нь Чингисийн одон. Хаа очиж жилдээ ганц удаа, тэгээд ч үнэхээр өндөр гавьяа байгуулсан бөгөөд хамгийн гол нь ахмад хүнийг шагнаад байгаа юм. Иймдээ одоохондоо нэр хүндээ алдчихаагүй, өргөн хүндэтгэлтэй хэвээр байгаа нь сайшаалтай.

Харин ганц ч шагнал хасагдаагүй. Хөдөлмөрийн гавьяаны "улаан туг"-ийн одон, Байлдааны гавьяаны "улаан туг"-ийн одон, Цэргийн гавьяаны "улаан туг"-ийн одон. Хэ хэ, улаан туг, ха ха ха. Бас байлдааны гэж байхад цэргийн гэж бас давхар байдаг нь ч бас юув дээ. Эсвэл эсрэгээрээ ч юм уу.

Ер нь бол аливаа улс оронд одонгоор шагналаа гэх ахул цэргийн хүнийг шагнажээ, тэр хүн нь баатарлаг гавьяа байгуулжээ гэсэн ойлголт л төрдөг. Харин энгийн хүнийг шагнадаг шагнал нь цөөн бөгөөд одон, медаль гэхээсээ илүүтэй гол төлөв өргөмжлөл, хэргэмийн шинжтэй байдаг юм билээ. Язгуур угсааны ойлголтыг бүрэн утгаар нь, хүнтэй юутай хээтэй нь арчаад хаячихсан Монголд бол цол гээд хөрвүүлчихэж болох юм.

Гэнгүүт Монголоор дүүрэн ардын, гавьяат цолтнууд, за тэр салбарын тэргүүнүүд бол "илүү" шүү. Энэ дуучид, жүжигчид заавал урдаа нэг сэтэр зүүхгүй бол болдоггүй юм уу хаашаа юм. Хөгшчүүдийг ч хөөрхий гэхэд, залуус нь юу вэ??? Ичдэггүй юм байх даа.

За за нуршаад яахав, Монгол төрийн одон медалийн үүх түүх, мэдээллийг дараах холбоосуудаар ороод харчихна биз.

http://www.sport.gov.mn/?q=node/36
http://www.president.mn/mongolian/node/878
http://mashbatotgonbayarsarlagtay.blogspot.com/2008/06/blog-post.html

Миний санал бол энгийн, нэг ч шагнал нэмэхгүй, харин одоо байгаа шагналыг бараг буйгаар нь хасах. Ингэхдээ:
1. Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолуудыг хасах,
2. Чингисийн болон Алтангадас одон, Цэргийн гавьяаны одонгоос бусад бүх одонг хасах. Үүнд алдарт эхийн одон мөн хамаарна.
3. Яам, салбаруудын бүх шагналуудыг хасах. Үүнд мэдээжээр, нэн тэргүүнд салбарын тэргүүн, за тэгээд яамны жуух, хүндэт өргөмжлөл энээ тэрээ бүгд орно.
4. Ойн медалиудаас бусад бүх медалийг хасах.

Одоо үлдсэн нь:
1. Улсын баатар - Эх орныхоо өмнө үнэхээрийн баатарлаг гавьяа байгуулсан хүнд олгогдоно. Дайн байлдаангүй, энх цагт бол олгогдохгүй нь тодорхой.
2. Чингис хааны одон - Одоогийн журам болж байнаа. Гэхдээ шууд нас заасан нь шударга. Тухайлбал 60-аас дээш насны гэдэг ч юм уу.
3. Төрийн соёрхол - Үнэхээрийн мундаг бүтээл хийсэн хүнд олгоно. Мундаг бүтээл гэдэг нь үр өгөөжтэй, ашиг тустай байна гэсэн үг. Жишээлбэл, инженер Н.Нацагнямд олгосон нь зөв, яагаад гэвэл ашиг тустай зүйл хийсэн. Харин дуучин Д.Болдод олгосон нь буруу, яагаад гэвэл бүтээл нь ямар ч ач холбогдолгүй, үр өгөөжгүй учраас. Дуу хөгжим учраас өгөөжгүй гээгүй ээ, урлагийн үнэ цэнэ гэж нэг юм бас байнаа байна.
3. Алтангадас одон - Мундаг, суут бүтээл хийгээгүй ч гэлээ эх орныхоо нэр төрийг олон улсад өргөн мандуулсан хүмүүст олгоно. Жишээлбэл дэлхийн аварга, олимпийн дэвжээнээс медаль авсан тамирчид, олон улсын тэмцээнд тэргүүлсэн дуурийн дуучид, хөгжимчид, балетын бүжигчид, том нээлт хийсэн эрдэмтэн... гэх мэт. Хамгийн гол нь цэргийн бус хүмүүсийг шагнадаг одон.
4. Цэргийн гавьяаны одон - Арай ч улсын баатар болчихооргүй, гэхдээ яалт ч үгүй гавьяа байгуулсан цэргийн хүмүүсийг шагнах одон. Иргэний болон цэргийн шагнал тусдаа байх ёстой.
5. Ойн медалиуд - Энэ яахав дээ байж л байна биз. Угаасаа тогтмол биш, тухай бүрт нь гаргах эсэх болон ямар үндэслэлээр олгох асуудлыг нь УИХ-аар хэлэлцдэг юм чинь. Тэгээд ч өөр хоорондоо 5-10 жилийн зайтай болохоор асуудалгүй.

Дээрх шагналуудыг нэг ч төгрөг дагалдуулахгүй. Ингэснээр төрийн шагнал гэдэг бол харин ч нэг агуу их нэр тэр, асар их хүндэтгэл болж хувирна. Нэр хүнд нь өсөөд ирэхээр хаашдаа ард түмэн тэднийг эд мөнгөөр мялаачихна даа. Мөнгө бол шагналыг гутааж, нэр хүндийг нь унагадаг. За тэгээд ч угаасаа үнэхээр агуу гавьяа байгуулсан, сайхан бүтээл хийсэн бол аандаа олон түмний хайр хүндлэлийг дагаад орлого ашиг нь ороод л ирнэ.

Алдарт эхийн одонг үгүй хийдэг нь зүгээр л энгэрт зүүдэг төмөр болон хоосон цолыг нь үгүй хийж байгаа юм. Харин олон хүүхэдтэй айлд олгох тогтмол мөнгөн урамшууллын тогтолцоог бий болгож, улмаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн, өндөр настай эхчүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор зохицуулсан нь зүйтэй. Гэхдээ гол шалгуур нь төрүүлсэн хүүхдүүд нь эсэн мэнд бойжиж байгаа, зөв хүмүүжилтэй (шоронд ороогүй, сургууль завсардаагүй... гэх мэт) зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

Бусад эсэн бусын шагнал, ялангуяа төрийн бус байгууллагуудын олгодог эсэн бусын цол, хэргэм, шагналыг зүгээр л дураар нь тавьчих. Тэртэй тэргүй онигоо болно. Авсан нь ч ичнэ, авч өгсөн нь ч эвгүй байдалд орно, өгч байгаа нь ч яахав "шир" царайлаад л мөнгөө хармайлна. Төрийн шагналыг хумиад, цөөлөөд, хатууруулаад ирэхээр эхэн үедээ төрийн бус байгууллагын шагналууд олширно. Олшрох тусам үнэ цэнээ алдана, тэгээд цаг хугацааны эрхээр аандаа хог болно, онигоо болно.

За одоо хамгийн гол нь төрийн дээд шагнал олгох, шалгаруулах, дэвшүүлэх системийг өөрчлөх. Шалгаруулах бол тусдаа асуудал. Нэрийг нь дэвшүүлээгүй бол шагнал авах боломжгүй болж байгаа нь хамгийн аюултай. Нүдэн дээр улайм цайм гавьяа байгуулсан хүнийг шагнах ёстой атал юу хийсэн, бүтээсэн нь ч бүү мэд нэг нөхөр шагнуулчихдагийг бүгд мэддэг, харамсдаг, бухимддаг. Яагаад ийм байна вэ гэвэл тэр гавьяатны нэрийг дэвшүүлдэггүй л байхгүй юу! Шагналд нэр дэвшихийн тулд удирдлагадаа, боловсон хүчиндээ нэр талтай байх хэрэгтэй. Боловсон хүчин энэ нөхөр архи уудаг, эсвэл гэр бүлийн тогтворгүй, эсвэл боловсрол муутай ч гэдэг юм уу, нэг тэнэг шалтаг олоод л шагналд нэр дэвшүүлэхгүй байх тохиолдол олон. Тиймээс шагналд доороос нэр дэвшүүлэх биш, харин дээрээс хайж олоод шагнадаг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй.

Төгсгөлд нь хэлэхэд үндэсний бөх, уяач, харваач нарт цол олгох тухай асуудал нь хуульчлагдсан байдаг мөртлөө төрийн дээд шагнал нь хуулиар бус дүрмээр зохицуулагддаг юм байна лээ шд. Сонин байна уу?!