Monday, July 29, 2013

ҮРД ӨВ БҮҮ БЭЛД

Миний нэг найз байх. Амьдралаа цэвэр өөрийн чадлаар (буюу эхнэрийнхээ хамтаар) босгосон. Мань эрд байр ч бий, машин ч бий, зуслан ч бий. Энэ бүгд нь мэдээж өр ширгүй бүтээгүй, гэхдээ одоо бол түүнд өр төлбөр байхгүй. Махийтлаа зүтгэсний шан.

Найз маань нэг зүйл хэлдэг "Би энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө тав тух, кайфын төлөө бүтээж байгаа. Үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул, зөв хүмүүжилтэй болгох, юугаар дутаахгүй өсгөх асуудал бол миний кайфын хавсарга, дайвар. Өөрөөр хэлбэл би тэдэнд өв хөрөнгө бэлдэх гэж энэ бүхнийг бүтээгээгүй. Тэд өөрөө өөрийнхөө төлөө амьдарч сурах ёстой. Бэлэн юм хүнийг эвддэг. Хамгийн гол нь тэдний кайф, вкус ямар байхыг би мэдэхгүй. Тийм учраас би тэдний биш, зөвхөн өөрийнхөө кайфыг л бий болгож байна".

Дийлэнх хүмүүс хажууд нь баацганан явах үр зулзгаа хараад "үүнийг л орох оронтой, унах унаатай болгоодохвол би ч яах вэ, энэ чигээрээ л дуусна" гэх маягийн юм ярьдаг. Харин найз маань бол үүнээс тэс эсрэг юм яриад байдаг.

Би ч анхандаа санаа нийлдэггүй байлаа. Одоо бол зарим талаар санаа нийлээд байх болсон шүү. Уг нь энэ мэтийн юмыг аль эрт хятдын гүн ухаантан Күнз (Сүнз нь ч билүү, би хүний нэр тогтоодоггүй) тодорхой хэлчихсэн байдаг юм билээ л дээ.

Үрд өв бүү үлдээ
Муу үр үрчихнэ
Сайн үр олчихно гэж

Нээрээ л сайн үр өөрөө олчихно шүү дээ. Муу үр бол юу ч байсан үрж зараад л дуусгах байх. Энд нэн ойлгомжтой нэг санаа нуугдаж байна. Хөрөнгө бүү бүтээ, харин сайн үрийг л бүтээ гэж. Өөрөөр хэлбэл хүмүүжил нэгд гэж.

Юу үнэн энэ үнэн. Хүнд хүмүүжил, ялангуяа ёс суртахууны төлөвшил, соёлын боловсрол, гоо зүйн мэдлэг, үнэт зүйлийн мэдрэмж суулгах л хамгийн чухал. Харамсалтай нь миний ажигласнаар, сүүлийн үед хүмүүс хүүхдээ боловсролтой л болгож байвал бусад нь дайвар гэж бодоод байх шиг.

Уг нь бол зөв хүмүүжилтэй, бүрэн төлөвшсөн (даруу гэж ойлгох хэрэггүй) хүн ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн сурах арга барилтай байдаг тул ямар ч эрдэм мэдлэг, боловсролыг их амархан эзэмшдэг, өөриймшүүлдэг, цаашид ч зоволтгүй амьдардаг. Хэчнээн сургуульд сураад, өчнөөн боловсролтой болоод хол явдаггүй нөхдүүд зөндөө л байдаг шүү дээ.

Ийм болохоор дээрх сургаалд миний зүгээс энд нэг зүйл нэмчихмээр санагддаг.

Үрд өв биш гэхнээ боломж хадгал

Сайн үрийг боломжоор тэтгэ
Муу үрийг ч боломжоор тэтгэ
Аль нь ч байсан урмаар л тэжээ.

Read more!

Thursday, July 18, 2013

МОНГОЛ АРДЧИЛЛЫН АЛДАА

Миний нэг анзаарсан зүйл байна. Магадгүй энэ талаар олон судлаачид үзэл бодлоо илэрхийлцгээсэн байх. Монгол улс 1990 онд ардчилал уруу халин орохдоо, нарийндаа бол 1992 онд ардчилсан үндсэн хуулийг батлахдаа, ардчилсан нийгмийн байгууллыг, төрийн тогтолцоог бий болгохдоо хоёр айхтар алдаа хийсэн.

Нэгдүгээр алдаа нь, төрийн институцийг үгүй хийсэн явдал. Үүний гавьяагаар төрийн бодлого боловсруулах хамгийн чухал процесс, систем алдагдсан. Төрийн институц үгүй болсноор төрийн бодлого гэдэг нь үндсэндээ аль нэг улстөрийн хүчний захиалгаар хийгдсэн хэдэн ядарсан "гар"-уудын хийсэн судалгааны тайлан нэртэй навсархай цаас, нарийн ярьвал хэн нэг улстөрчийн таалалд нийцүүлсэн, түүний санааг нотлох гэж хичээсэн ядмаг дүгнэлтүүд дээр үндэслэх болсоор удлаа.

Энэ алдааг одоо харьцангуйгаар нөхдүүд гайгүй сайн ойлгодог болоод байх шиг. Жишээлбэл, энэ хуульзүйн сайд Тэмүүжиний хийх гээд оролдоод, ядаад, олон хүнтэй муудалцаад байгаа Хуульзүйн судалгааны интитут бол төрийн институцийн нэг хэсэг юм шиг байгаан. Даанч харамсалтай нь энэ институт улстөрийн үйл ажиллагаанаас хол байж чадахгүй гэдэг л гол горойлгоод байгаа юм. Тэгэхээр л бодит утгаараа төрийн институц болж чадахгүй л дээ.

Төрийн институцийн хамгийн гол шинж бол Засгийн газарт захирагдах ёсгүй гэдэг дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл улстөрөөс ангид байлгах гэсэн үг. Үүний тулд бүх шатны удирдлага солигдох асуудал нь томилгоон дээр биш, тодорхой хууль эрхзүйн актын дагуу тодорхой сонгон шалгаруулалт дээр үндэслэсэн байх ёстой. Ингэснээр тухайн байгууллагыг толгойлж байгаа хүмүүс (тэргүүн зэргийн эрдэмтэн судлаачид) айх айдасгүй, холбиролтгүй он удаан жилээр тууштай ажиллах боломжтой болно. Тэгээд мэдээж мэргэжлийн боловсон хүчин (мэргэшсэн судлаачид), тэдний хараат бус үйл ажиллагаа, тогтвортой ажлын байр зэрэг асуудлууд тавигдана. Үүнийг төсөв мөнгөний тогтвортой хангалт, техник тоног төхөөрөмжийн байнгын шинэчлэлт, боловсон хүчний сургалт, хангалтаар дэмжиж баталгаат архив, мэдээллийн урсгалын хатуу тогтолцоо, ажлын байрны ойлгомжтой чиг үүргээр шахах ёстой.

Хоёр дахь алдаа нь, цэрэг, цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалт зэрэг тусгай албадуудыг УИХ, Засгийн газрын мэдэлд байхаар шийдсэн нь маш аймшигтай алдаа болсон. Тусгай албадуудын бие даасан, тусгаар байдлыг үгүй болгосноор улстөрийн наргианд татан оролцуулж, улмаар тусгай албадын удирдлага нь улстөрийн албан тушаал болж, үндэсний аюулгүй байдал гэдэг нь үнэн хэрэгтээ, улстөрчдийн аюулгүй байдал гэдэг асуудлаас хэтэрхээ байсан. Улстөрчид аюулгүй байдалд байна гэдэг бол эсрэгээрээ ард түмэн, улс орон аюултай байдалд байна гэсэн үг билээ.

Товчдоо, Монголд ардчилал биш, анархизм цогцолсоор удаж байна.

Read more!

Friday, March 8, 2013

ХАЛААЛТ

Монгол хэлэнд хүмүүс хоорондын харилцааны шинж байдлыг орчны температур ярьж байгаа юм шиг тэмдэг нэрээр тодорхойлдог. Халуун, дулаан, бүлээн гэсэн хэмээр харилцааны ойр дотно, найрсаг, зөөлөн уур амьсгалыг илэрхийлдэг бол хүйтэн, мөс шиг гэх мэт “цаг агаарын” үгс нь сөрөг, дайсагнасан, хол хөндий шинж тэмдгийг илтгэдэг.

Халсан биет тэлдэгийг хүн бүр мэднэ. Тэлэлт хэтэрвэл задрал явагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл хэтэрхий халалт гамшигт хүргэнэ. Үүнтэй нэг адил хөрсөн биет агшдаг. Агшилт хэтэрвэл хугарал үүснэ. Өөрөөр хэлбэл дэндүү хөрөлт эвдрэлд хүргэнэ. Одоо дээрх физикийн энгийн үзэгдлийг нийгмийн харилцаа руу хөрвүүлж энгийн жишээн дээр авч үзье.

“Цонх”-той цагаар, багшийг эзгүйд нэг ангийн хүүхдүүд найрсаг сайхан ярилцаад сууж байлаа гэж бодъё. Багш ирэхгүй удсан, магадгүй санаатай “саатуулсан” учраас тэдний ойр дотно, бүлээн дулаан уур амьсгал бүр хална. Их халсан, хөөрсөн хүүхдүүд нийтээрээ жигд ойлголцож, хэвийн ярилцаж чадахаа байгаад нэгийгээ ярьж байхад нөгөө нь зэрэгцэж яриад, зэрэг зэрэг хашгиралдаад, бие биенээ сонсох бололцоогүй болсон тул хэсэг бусгаараа салж хоёр гурваараа бүлэглэл байгуулж эхэлнэ. Бүлэглэлүүдийн ярианы чиг хандлага аажмаар өөрчлөгдөж амин хувиа хичээсэн, бусад бүлэглэлүүдээ муулсан байдалтай болж ирлээ. Улмаар ярианыхаа өнгийг өөрчлөн, дууныхаа хүчийг султган шивэгнэлдэж эхэлнэ. Нэгэнт өрөөлтэй нийлж өөр бусдыг муулсан этгээд “энэ надад түүнийг муулж байгаа юм чинь, намайг ч бас бусдад муу хэлнэ” гэж бодох бөгөөд бүлгээс салан тусгаарлах, бие даах бодлого баримталж эхэлнэ. Ингээд халаасны гор гарч нийтийн дулаан уур амьсгал аажмаар задрал, мөхөл рүү хүргэнэ.

Энэхүү хэт халалтаас үүдсэн задралыг засахаар ааш муутай хичээлийн эрхлэгч орж ирлээ. Тэр цэвдэг сэтгэлтэй хүн учраас өөрийнхөөрөө “жарган” айхавтар “халууцаж” байгаа хүүхдүүдийг хүйтэн, хөндий үгээрээ хуу шавхуурдан хөргөж, анги доторх хэт их халуун хормын зуурт хөрнө. Дөнгөж саяхан хажуу дахаа үзэн ядталаа муудалцаж байсан хүүхдүүд энэ цочир хүйтрэлд дасан зохицохын тулд эвлэлдэн нэгдэж, нягтрана. Тэдний энэ нягтрал, харамсалтай нь цочир хүйтрэлийн эсрэг тэмцэх цаг зуурын нэгдэл юм. Хэрэв сайхан сэтгэлт ангийн багш нь орж ирсэн бол их халалтыг сэрүүн салхиар үлээлгэж хөргөх байсан агаад цаг агаарын нөхцөл байдлыг зөөлөн дулаан уур амьсгалтай болгох байсан нь гарцаагүй юм. Гэвч бутартлаа задрал явагдсан хэт халалтыг буцаж нийлтэл нь сэвшүүлэхэд дэндүү урт хугацаа зарцуулах бөгөөд магадгүй эргүүлэн нийлүүлэх боломжгүй ч болсон байж болох юм.

Ардчилал, нийтийн тэгш эрх гэдэг зүйл бол яг энэ халалтын процессыг хэлээд байгаа юм. Гэхдээ хэт их үү, зөөлөн жигд халаах уу, эсвэл бүр тас хөргөх үү гэдгийг халаалтын удирдлагыг барьсан этгээд л шийднэ. Өнөө цагт өндөр хөгжилтэй, хэт гүрнүүд ардчилал гэдэг гоё үгийн доор энэ халаалтыг ядуу буурай боловч “баян” улс орнуудад хийдэг. Ашиг нь ямар байхаас хамааран халаалтын хүчийг тохируулна. Ашиг нь их байхаар бол битүү савыг хагалах гэж байгаа учраас доторхыг нь сайтар халаахын тулд маш хүчтэй “паялник”-ддаг. Сайтар паялникдсаны үр дүнд халсан биет тэлнэ, задарна. Египетийг санагтун, Ливийг харагтун, Африкийн тухай бодогтун.

“Тэд” биднийг олон жил паялникдаж байна. Эхэлж паялникдаагүйдээ харамсаж байсан боловч оройтоогүй гэж үзээд юутай ч галаа асаасан. Сүүлийн жилүүдэд бидний халалт үр ашгаа өгөх нь тодорхой болж, “үнээнээс сүү” гарч эхэлсэн учраас галынхаа хүчийг нэмэгдүүлж байна. Агаарын температур нэмэгдэж байна. Нэмэгдэж байгаа учраас дулаан уур амьсгал эхэлсэн. Дулаарал хэтэрч задрал эхэлж хагарсан. Эхний ан цаваар тос гоожсон, “тэр” долоосон. Энэ бол дөнгөж амт мэдрүүлэх дусал. Бид ч долоосон. “Тэр”-нд чихэрлэг амт мэдрэгдсэн бол бидэнд “цус” амтагдсан. Гэвч цус ямар амттай байдгийг бид аль эрт мартжээ. “Тэр”-нийг хэн бэ гэж битгий эр. Та олохгүй. “Тэр” хаа сайгүй байгаа, бүр таны дотор аль хэдийнээ орчихсон...

Магадгүй, аймшгийн кино үзэж байгаа ч юм уу, эсвэл “Шөнө дундын яриа” шиг санагдаж байгаа байх. Гэхдээ дээрх хэсгийг Монголын нийгэмд болсон аль ч үзэгдэлд хаана нь ч орлуулж тавиад харж болно.

Монгол улс, Уинстон Чөрчиллийн хэлсэнчлэн нийгмийн “хамгийн олхиогүй бөгөөд яалт ч үгүй шилдэг” хэлбэр болох ардчилал руу гулсан орсон боловч гадныхны өхөөрддөгөөр, Монголд байгаа зэрлэг капитализм, нялх ардчилал “тэр”-ний зууш болж байна. “Тэр”-ний арга их нарийн. Наанаа чамин хээтэй, цаанаа нандин хэлхээтэй...

Да Винчийн код, Матрицийн тоогоор ярихаа болиод энгийн жишээгээр ярья. Олон улсын “сайн санаа”-ны нэг байгууллага Монголын жендерийн тэгш эрхийн асуудлыг судлах “төсөв”-ийг шийдэж өгье гэжээ. Угаасаа цөөхөөн хүн амтай, тэгээд тэрнийх нь тал нь эмэгтэй, бас тэдний гуравны нэг нь жендерийн эрх мэрхийн асуудал түй ч падгүй нялхас байдаг болохоор Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг ганцхан байгууллага байх. Тэдэнд “төсөв”-ийг шууд өгөх боломжгүйг учирлан тайлбарлаад тендер зарлана. Тэмцээн учраас өрсөлдөгч хэрэгтэй болно. Гайхсандаа нэг биенээ хоёр хуваана. Гэтэл хоёр өрсөлдөгч цөөднө гэнэ. Дахиад хуваагдана. Ялагчийн “диплом” дээр хамтрах хориотой гээд хамтарсан тохиолдолд “төсөв”-өө буцааж авах зүйл заалт бий. “Төсөв” хийх ажлын зардлаас өндөр. Ялагч ажлаа хийж дуусаад илүүгээ өөртөө шингээх бололцоо байгааг олоод харчих нь тэр.

Энэ бол бодит бус боловч байдаг л нэг жишээ. Тендер бол түүний нарийн аргуудын энгийн нэг хэрэгсэл. Төсөл нь байдаг л нэг ажил байна. Ажлын ард нь ядуу Монголчуудын хорхойг хөдөлгөсөн “хөөрхөөн” мөнгөн дүн байна. Нэгэнт тендер=уралдаан учраас халуун ам бүлийн хүүхдүүд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэнэ. Бөөн арга тактик, энэ дунд нь ажлын арга барил, техник технологи, зардал мөнгөний тооцооноос авахуулаад авилга, танил талын хэлхээ холбооны асуудал ч багтаж байна. Бөөн алалдаан, эцэст нь “төрсөн” ах дүүс бие нэгнийхээ махбодид нь биш боловч сэтгэлд нь “хутга шаагаад” асуудал дууслаа. Ийм жишээ хаа сайгүй. Одоо бүр хэвшмэл зүйл болчихсон.

Тендерээс арай өөр жишээ татъя, хөнгөлөлттэй зээл тусламж. Яагаад Монголд орж ирж байгаа бүх хөнгөлөлттэй зээл “жижиг дунд” бизнесийг дэмжихэд чиглэгдсэн байдаг юм бол?! Нийт зээлийн дүн нь бол хэр баргийн том бизнесийг босгочихоор мөнгө байна. Тэгсэн мөртлөө зөвхөн ”жижиг дунд”-д зориулав гэнэ. Олон жижиг хэсэг байлгах л гээд байнаа даа, мөн үү?!

“Тэр”-нд яг ийм л хүсэл, сонирхол бий. Тийм ч учраас Монголчууд өөрсдөө хийхээр сэдсэн, бүтээх гэж, нэгдэж нягтрах гэж оролдсон ямар ч том санал, санаачилга өдийг хүртэл бодитоор хэрэгжээгүй, бүтээгүй байгаа. “Тэр” үүнд янз бүрийн аргаар саад хийдэг бөгөөд засаг захиргааны нэгжүүдийг нь хүртэл улам бүр задлан, салгаж бутаргаж байдаг. Ийм зорилго бүхий тактик, стратеги, бодлого, хөтөлбөр, төсөл... өөр юу юу ч гэдэг юм, арга хэрэгслүүд зөндөө. Ард нь хоёр гоё тайлбартай. Нэг нь “ядуу Монголд туслах”, нөгөө нь “нялх Ардчиллыг хөгжүүлэх”. Тайлбар нь янзын гоё жишээтэй “Энийг хар аа, Эрхий хуруу. Намайг хар аа, нарны гэрэл. Өөрийгөө хар аа...”

“Тэр” хэрэгжүүлэх арга хэрэгслүүдээ зүгээр нэг хялбархан олчихоогүй юм. “Тэр” асуудлыг хэзээ ч шууд шийддэггүй. Ултай суурьтай судалж, бодож байж хөдөлдөг. Тиймдээ ч маш их зардал гаргаж судалсан байна. Судалгааны гипотез нь мөнгөний асуудал, ядуурал, өлсгөлөн байсан бөгөөд таамаглал бүрэн нотлогдсонгүй. Яагаад гэвэл орос дарханы зөвлөлт лантуугаар 70 жил давтуулсан Монголчууд homo soveticus байсан учир тэд мөнгөнд ач холбогдол өгөхгүй байв. Харьцуулах юм юу ч байгаагүй тул ядуу гэдгээ мэдэхгүй, цатгалан биш боловч өлсөх тухай ямар ч ойлголтгүй байв. Мөнгөөр юу авч болохыг нь мэдрүүлж, мөнгөтэй хүн юу хийж чадахыг нь ойлгуулах шаардлагатай нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл шуналтай болгох шаардлагатай байлаа.

Юу ч үгүй Монголд үүнийг ойлгуулахад дэндүү их цаг хугацаа шаардах бөгөөд зардал нь ч замбараагүй байх нь гарцаагүй. Гэвч, “азаар” судалгааны явцад маш чухал үр дүнг олж авсан байна. Тэр бол Монголчуудын төрөлх араншин, зан төлөвийн маш том онцлог болох өрсөлдөх, уралдах, тэмцэлдэх хорхой бөгөөд байгалиас заяасан ялагч, дийлэгч байх их хүсэл, хуял, тачаал аж.

Ингээд өрсөлдүүлж, дээр доор нь оруулж, уралцуулж талцуулах бодлого боловсруулагдлаа. Уралцааны ялагчийг өргөн мандуулж, хоцрогсдын хорыг малтах ажиллагаа эрчимтэй өрнүүлэв. Ялагчийг улам пологтуулж, бүр бөөлжүүлэх бөгөөд хожигдсон этгээдэд мөнгөний амт ямар байдгийг ухуулан сурталчилна. Шар хорыг нь малтах арга нь ч өөр. Шунал хөдөлгөнө. Байгаагаараа баян байж, дундуур дүүрэн амьдарч хэн ч чадахаа байлаа. Бүгд дүүрэн бялхахыг хүснэ. Юугаар бялхуулахаа сайн мэдэхгүй тул зөвхөн атаа, жөтөө, шунал, хорсол, дайсагнал, тэмцлээр л сав нь бялхана. Ийм орчинд дунджууд байх үндэсгүй бөгөөд бүгд том байх сонирхолтой.

...Хэт халалт аминд халтай. Жаахаан хөргөх хэрэгтэй байна, гэхдээ хэмхэлчихгүй л юмсан даа.

Read more!

Saturday, December 29, 2012

ХЭРВЭЭ...

Уг нь түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй гэдэг. Хэрвээ тэр үед тэгсэн бол ингэх байлаа, ингэсэн бол тэгэх байжээ гэсэн "балай" юм ярих ёсгүйн шалтгаан нь ердөө л түүх бол бодит факт, болоод өнгөрсөн юм. Харин ирээдүйн тухайд бол "хэрвээ"-гээр дүүрэн байх ёстой, бүр зайлшгүй. Яагаад гэвэл болоогүй, болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлийн тухай ярьж байгаа учраас бүх зүйлийг олон талаас нь харж заавал "хэрвээ"-дэх ёстой. Сүүлийн үед би гэдэг "балай" Монголын түүхийн тухай харин ч нэг "хэрвээ"-дэх дуртай болоод байгаа. Ингээд олон "хэрвээ"-гийнхээ хамгийн чухал гэж бодсон нэгийг нь Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо эргэн сэргээсний 101 жилийн ойд зориулаад биччихэе. Хэрвээ...

1919 онд атаман Семенов, адмирал Колчак хоёр Монголд орж ирж чадсан бол Монгол коммунист улс болохгүй байсан байх. Монгол коммунист улс болохгүй байх бол юу ч биш, Орос коммунист улс болохгүй байсан. Тухайлан Орос коммунист улс болохгүй тул дэлхий хоёр хуваагдаж хүйтэн дайн болохгүй байлаа. Товчхондоо дэлхийн түүх тэс өөрөөр бичигдэх байлаа.

Яагаад гэвэл Эрхүү рүү ирж явсан Колчакийн арми ядарч, өлсөж, туйлдсанаас биш бүрэн зэвсэглэсэн, өргөн бүрэлдэхүүнтэй үлэмж хэмжээний цэрэгтэй байсан. Мөн Семенов ч мөн адил цөөнгүй цэрэгтэй, боломжийн зэвсэглэсэн орчин үеийн армитай байсан. Тэд нэгдэж амжаад, за нэгдэхгүй ч байсан яахав, хамгийн гол нь хоюулаа Монголд ороод ирсэн бол барон Унгерны гаминг хөөсөн гавьяа, Нармай Монгол улс байгуулах хошгоруулалтаар олж авсан нэр хүндийг ашиглан уудам тэнэгэр, арвин их хүнстэй Монгол нутагт 1-2 жил хүч тамираа сайхан сэлбэж авах байсан. Тэгээд магадгүй, тэр үед гэдсэндээ хөлөө хийлцэж байсан Хятадуудаас Өвөрмонголыг хялбар салгаж, ар өвөр Монголыг нийлүүлээд улмаар Буриадыг улаан Оросуудаас булаан эзэлж, жинхэнэ утгаар нь Нармай Монгол улсыг байгуулж, магадгүй бүр Монгол цэргээр эгнээгээ өргөжүүлж аваад хойшоо байлдах байсан.

Байлдахаар барахгүй, өөр хоорондоо үзэл бодлын их зөрчилтэй өвөр түрийдээ хутгатай явж байсан коммунистуудтай, учраа олохоо больсон, шинэ засагт огт итгэхгүй байгаа, тэрбайтугай хэн одоо эзэн болсныг ч ойлгохоо байсан харанхуй бүдүүлэг ядуу гуйлгачин ард түмэнтэй, эмх замбараагүй байдал, өлсгөлөн ядуурал ноёрхоод байсан Орос орны хараахан хядуулж дуусаагүй ноёд, газрын эзэд, үйлдвэрийн эздээс бүх талын дэмжлэг аваад большевикуудыг хялбархан цохих байлаа. Цохихоор барахгүй, газрын хөрснөөс арчиж хаях байлаа. Тэднийг тэр үед л цохичихсон бол төд удалгүй, Генри Фордын дамжлагын систем үйлдвэрлэлд нэвтэрч, нийгмийн дундаж анги давхарга бий болох бөгөөд Марксын "хувьсгалын онол" хэзээ ч биелэх нөхцөл үүсэхгүй, ерөөс коммунист үзэл санаа хүмүүний оюун ухаанаас арчигдаж, номын шарласан хуудас төдийд үлдэх байлаа гэж.

Энэ ялалтад эрх мэдлээ хасуулсан шашны мяндагтан лам нарын зүгээс үнэн алдартны шашны гүн сүсэгтэй ард түмний толгойг хялбархан эргүүлэх боломж, бас дээр нь олон удаагийн бослого, үймээн самууны үндсэн суурь шалтгааныг хожимдсон ч гэлээ судалж, эрс шинэчлэл хийж чадахуйц бодлого боловсруулаад байсан ерөнхий сайд Столыпины мэргэн ухаан хоёр маш том хувь нэмэр болох нь гарцаагүй байлаа. Колчак шиг чанд хатуу, цэрэг офицеруудын бүрэн итгэлийг хүлээсэн, дайны баатар, гарамгай жанжин, жинхэнэ үнэн алдартан, "ёстой орос эр" улаантнуудыг хатуу чангаар цээрлүүлэх нь гарцаагүй агаад ухаалаг, гүн бодлоготой, уян зөөлөн Столыпины хамт эзэн хаангүй болсон Орос оронд бүгд найрамдах засаглалыг бэлэглэж эх орноо мөхлөөс аврах л байсан.

Энэ бүхний эцэст нэн чухал нь дахин нэгдсэн Их (нармай) Монгол улс дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, хойноо бат цайзтай болж авах байлаа. Хойноос ирээд хотонд орж суугаад хонийг маань өмчлөх гээд байх улаан орос байхгүй учир бидний цөөн Монголчууд язгуур угсаа энээ тэрээ гэх юмгүй ч ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг оройн дээд очирдарь Богд хаанаа төр шашны тэргүүнээрээ залчихаад, язгууртан ноёдын их хурилдайг төрийн эрх барих дээд байгууллагаа болгоод бүгд найрамдах засагтай орчин үеийн улс болох боломжтой байлаа. Яагаад гэвэл лам, ноёдгүй бүгд нэгдэж, үгсэж байгаад Манжаас салсан, удаахан нь гурван улсын хэлэлцээр гэгчээр Хятадын нөлөөний автономи болсон, дөнгөж саяхан гамингийн хөлд нэрвэгдсэн зэрэг шалтгааны улмаас ноёдын түшмэдийн бүлгэмүүд бүгд цорын ганцхан "Туурга тусгаар Богд хаант Монгол улс" байгуулах гэсэн зорилготой байсан.

Тухайлан нэг зорилготой, нэг хаантай байх дээр санал нэгдсэн, түүнчлэн Богд гэгээн өөрөө "Өчүүхэн хувраг би болбоос гагцхүү шашин номын хүн агаад төр түмний аливаа хэргийг эмхлэн мэдэхгүй молхи нэгэн тул эрхэм ноёд та бүхэн олон ардын сэтгэлийг амиржуулж, ахуйг төвхнүүлэн засна буй заа гэж итгэнэм" хэмээн айлдаж засгийн эрх мэдлээс татгалзаад байсан, хамгийн гол нь Манжийн харьяанаас гарсныхаа дараа албан ёсоор судалгааны баг томилж Англи, Франц, АНУ зэрэг олон улсын үндсэн хуулийг нарийн судалж жинхэнэ боловсронгуй, орчин үеийн constitution-тай болохоор эхний хувилбарыг боловсруулж байсан зэргээс үзвэл Монгол улс засаглалын хувьд ямар ч асуудалгүй байх нь гарцаагүй. Нэгэнт хаан сонгохгүй, язгууртны парламенттай бүгд найрамдах улс болж байгаа, дээр нь гамингийн эсгэсэн шарх аниагүй, манжийн урсгасан цус хатаагүй байсан ба "200 жил түгжээтэй байсан хаалга онгойж, хаалттай байсан хөшиг дэлгэгдсэн" учир засаглал ямар ч асуудалгүй, феодал ноёдын дунд эрх мэдлийн төлөөх элдэв тэмцэлгүй байх нь гарцаагүй.

Бүх түүхэндээ зөвхөн өөр хоорондын эрх мэдлээ булаацалдсан, яль шальгүй зүйлсээс хэмлэлдэж, доройтож мөхөж асан Монгол төрийн гашуун туршлага бол ердөө л засаглалын асуудал байсаан. Бусдаар бид хэнд ч дийлдэж яваагүй, омог бардам, цээж тэнэгэр, толгой гэдгэр, харц дээгүүр тэнгэр угсаат ард түмэн билээ...

... гээд "хэрвээ"-дчихээр л сэтгэл санаа үймрэх юм. Гэлээ гээд яалтай билээ, нэгэнт ороод удсан борооны эврээд хатсан шавар нь үлдсэн байхад цув өмсөх нь илүүц биз. Харин хаа очиж, тэнгэрийн авралаар, язгуур монголчууд бид их түүхийн энхэл донхолд унаж бүдэрч бэдэрсээр өдийг хүргэхдээ хожсон уу гэхээс алдаагүй аугаа азтай хүмүүс ажгуу.

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ
ТУНХАГЛАН ЗАРЛАНА БИ

Read more!

Friday, December 14, 2012

ЭЭ ТЭНГЭР МИНЬ

Их Монгол улсын хүчирхэг байсны нууцыг, чухаг санааг, тэр агуу ур, нарийн ухааныг эртний үлгэр домог, туульсаар дамжуулан хэлсэн эцэг өвгөдийнхөө учир битүүлэг, нууцлаг, оньсого таавар мэт сургаалиас өөрийгөө зөв эвлүүлж, зөв ойлгож авсан, өвлөж үлдсэн гэж бат нот итгэсэндээ бусдад хэлэх гэж, дамжуулах гэж, ойлгуулах гэж ядаж, аргаа барж, үсээ үгтээж яваа миний хайж цөхсөн тэр үгийг 100 жилийн өмнө орчин үеийн Хятадын эцэг Сүн Ятсэн томъёолоод хэлчихсэн байж шүү дээ. Өндөр дээдсийн минь суу билгийн нууцыг тэд олчихсон, судалчихсан, ойлгочихсон байж. Ойлгоод зогсохгүй Күнз богдынхоо гүн ухаантай, эртний их уламжлалтай, арвин их соёлтойгоо холиод өөриймшүүлчихсэн байна. Тиймдээ ч одоо хятадууд хүчирхэг байгаа юм байна...

Судлаач Д.Ганхуяг гуайн блогоос "Сүн Ятсэн: Ардын гурван зарчим"-ыг олж уншаад ийн харамсан дуу алдаж шогширч байна.

Сүн Ятсэн Хятадын тусгаар тогтнолыг удирдаад зогсохгүй, хөгжлийн бодлогыг "...үндэсний үзэл, ардын засаг, ардын сайн сайхан байдал гэсэн гурван зарчим..." гэж тунхагласан байна. Тэрбээр үндэсний үзэл гэдэг зарчмаа тайлбарлахдаа "... үндэсний үзлийн зарчим бол манай орноос харь хүн болгоныг хөөгөөд байна гэсэн хэрэг биш, харин манай үндэстэнд хамаарах эрх мэдлийг харийнхан булаан авахад хязгаар тавих гэсэн хэрэг мөн... манж нарыг үндэстний хувьд устгах явдал мэт үзэх санааг би сонсож байсан. Энэ бол том алдаа... бид бүх манжуудыг биш, харин ханьчуудад хор хүргэж буй тэр манжуудыг үзэн ядна... манжууд бидэнд саад болохгүй бол бидэнд тэднийг дайсагнах хэрэг байхгүй..." гэжээ. Би "хужаа" хүнийг биш, "хужаа санааг" үзэн ядах, зодох, бүр алах ёстой гэдгийг учирсан хүн болгондоо улиглаж явдаг.

Улмаар ардын засаг гэдэг зарчмаа "... удирдлагын өнөөгийн ялзарсан системийг нэг цохилтоор эвдэлж болох нь мэдээж хэрэг. Гэхдээ мөн заавал суга татаж хаявал зохих энэ булай системийн үндэс бас л хадгалагдан үлдсэн... Хятадад хэдэн мянган жилийн турш хаант төрийн байгуулал ноёрхож байсан... Түүнийг устгахын тулд үндэсний ганц хувьсгал хангалтгүй... Мин улсын хаан Тайцу монголчуудыг хөөж, хятадын үндэсний төрийг сэргээн тогтоох үед улс орныг удирдах систем Хань, Тан, Сүн улсын үед байсантай ойролцоо үлдсэн. Үүнээс гурван зуун жилийн дараа Хятад харийн булаан эзлэлтэд дахин өртсөний шалтгааныг улс төрийн байгууллын гажгаас хайвал зохино... Хэрэв хувьсгалд оролцож буй хүмүүс хаант засгийн ямар нэг үзэл санааг тээж байвал тэд улс орныг мөхөлд хүргэнэ... Одоо бусад гүрнүүд хятадаас махчин харцаа салгахгүй, хувьсгалчдын дунд өөр хоорондын тэмцэл эхэлж, тэд улс орныг хувааж эхлэх юм бол тэд улс орноо өөрийн гараар хөнөөнө... " гэж тайлбарлажээ. Монголчууд бид 1990 онд ардчилалсан хувьсгал хийсэн нь үнэн хэдий ч, төрийн байгууламжаа бүрэн өөрчилж чадаагүйн гайг хангалттай амсаж байгаа билээ.

Эцэст нь Сүн Ятсэн ардын сайн сайхан байдал гэдгээ "...бид маш алсыг харах ёстой. Нэгэнт болчихсон хойно нь арилгаж байснаас том зовлонгийн аюул заналын эсрэг арга хэмжээг цагт нь авч байх нь ямагт амархан байдаг... хувьсгалыг хэрэгжүүлэхдээ манай нийгэм-эдийн засгийн системийг сайжруулах аргыг олж, ингэснээрээ ирээдүйн нийгмийн хувьсгалаас зайлсхийх ёстой. Чухам энд л манай агуу их зорилт оршино... иргэншил хангалттай хөгжиж чадаагүй байсан. Иргэншил хөгжихийн хэрээр нийгмийн асуудал улам бүр хурц болж ирсэн... Хятадад дээр дурдсан үзэгдэл хараахан байхгүй, магадгүй бид өөрийн зуундаа үүнийг үзэхгүй ч байж мэднэ. Гэхдээ манай хүүхдүүд, ач гуч нар түүнтэй гарцаагүй тулгарах болно... Хувьсгал хийхдээ бид зүгээр л үндэсний төрөө бус, харин нийгмийн улсаа байгуулах ёстой... Нийгмийн үзэгдлийг хэзээ ч жам ёсны урсгалтай адилтгаж болохгүй. Тэр бол хэрэв хөгжлийг нь хольж хутгахгүй бол замбараагүй ургадаг мод лугаа юм. Нийгмийн асуудал ч ийм юм... ". Энд хэдийгээр Сүн Ятсэн социалист үзэл санаагаа илт тулгасан боловч эрс шинэчлэл, хувьсгал гэдэг бол эцсийн эцэст ард нийтийн, нийгмийн төлөө гэсэн хоосон урианаасаа илүүтэйгээр цаг хугацаатай зарлаж байгаа дайн байдаг гэдгийг тэр сайн мэдэж байж.

Уг нь Монголчууд бид 1911 онд ч тэр, 1921 онд ч тэр, 1990 онд ч тэр, хэзээ ч тэр, хэн нэгнээр хатгуулалгүй, шөвөгдүүлэлгүй, ямар ч Арабын хавар, өнгийн хувьсгал шиг хөгийн юм хийж байгаагүй. Зөнгөөрөө өөрсдөө санаачлаад өөрсдөө л хийж бүтээж байсан. Харамсалтай нь биднийг хувьсгалаа хийчихээд ялалтаа тэмдэглэж эхлүүт л харийнхан хөтлөөд аваад явчихаж байв...

Төгсгөлд нь хэлэхэд "Дайсныхаа хэлийг мэдэхгүйгээр дайтаж үл болно" гэдэг юутай үнэн. Тэд биднийг судалсан байна, бидний аргыг ашигласан байна. Харин бид ямархуу байгаа билээ?! Хажуудахаа таниагүй байж, юун тэр хаа холын эсэн бусын, элий балай.

Үхэр монголчууд одоо хаана хэнд дөрлүүлээд хаашаа яах гэж явж байгааг мэдэх хүн байна уу? Ээ тэнгэр минь!!!

Read more!

Thursday, December 13, 2012

АРДЫН БАЯР ЦЭНГЭЛ

Улс даяараа шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон ид бужигнаж байх энэ зуурт баяр ёслолын талаар зарим санаагаа хуваалцюу гэж саналаа.

Аливаа үндэстэн угсаатны уламжлалт баяруудыг харжээ байхад нэг л зүй тогтол ажиглагдана. Хүнд хүчир үеийг давлаа, хоол хүнс арвидах цаг ирлээ гэж буюу шууд материаллаг үндэслэлтэй нэг баярлана. Түүнчлэн үүний яг эсрэгээр буюу хүнд хүчир цагийг амжилттай туулахын төлөө, хоол хүнсээ арвижууллаа гэж идеал буюу билэгдлийн шинж чанартай бас нэг баярлана.

Материаллаг болон идеал шинж чанартай гэж 2 ангилсан шалтгаан нь хүн төрөлхтөн хэдийнээс нааш болж өнгөрсөн зүйлийг нүдээр үзэж, биеэр мэдэрдэг тул ирээдүйд тохиох явдлаас илүү чухалчилдагт тулгуурласан юм. Тиймдээ ч
материаллаг баяр нь идеал баяраасаа илүү өргөн цар хүрээтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг байна.

Үндсэндээ ийм л хоёр зүйл дээр хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой адгуус баярлаж цэнгэдэг байна. За тэгээд энэ 2 үндсэн баяр нь амьдралын хэмнэл, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу гол эрхэлдэг аж ахуй, эдийн засгийн үндсэн салбар, газарзүйн байршил зэргээсээ шалтгаалаад өөр өөр үед явагдана.

Тухайлбал, суурин тариачин үндэстнүүд материаллаг баяраа өвлийн тарчиг цаг дуусч газар хагалах цаг ирлээ гэж хаврын эхэн сард тэмдэглэдэг ба идеаллаг баяр буюу ургацын баяраа нөмрөн ирж байгаа өвлийн хүчир цагийг урагштай туулах болтугай гэж намар мөн тэмдэглэнэ. Харин анчид, загасчид ан гарлаа, загас ирлээ гэж нэг, бас арвин олз омогтой байлаа, одоо алзахгүй ээ гэж мөн нэг баярлацгаана. Нүүдэлчин малчин бидний хувьд ч мөн энэ хуваарь алдагддаггүй.

Уугуул баярыг ингэж ангилж болж байгаа ба суугуул баярууд гэж бас байна. Энэ нь ихэвчлэн нэг талаас бусдыг даган дууриасан, нөгөө талаас нийтийн жишгийг дагасан, угшил талаасаа нийгмийн чиг баримжаатай буюу илүү субьектив баярууд юм. Субьектив баярууд нь тухайн үндэстний уламжлалт буюу обьектив чиг хандлагатай уугуул баяруудаас ялгаатай нь шашны учир холбогдолтой, түүхэн тэмдэглэлт, үзэл суртлын гэх зэрэг байр байдалтай, нэрнээсээ эхлээд л илт тодорхой нийгмийн чиг баримжаатай байдаг.

Одоо гол асуудалдаа буюу Монгол түмний их баяр цэнгэлийн тухай ярилцацгаая. Ярилцах ч юу байхав, мөхөс миний саналыг уншиж гийгүүлнэ үү.

МОНГОЛЧУУДЫН ОБЬЕКТИВ БАЯР

Монголчууд бидний хамгийн том бөгөөд чухал баяр бол Цагаан сар юм. Гэхдээ нийтийн андуурдаг шиг Цагаан сар бол хавар биш намар болох ёстой, болж байсан. Худал гэх аваас Цагаан гэдэг үгэнд, цагаан өнгөнд анхаарлаа хандуулагтун. Монгол хүний сэтгэл зүйд цагаан гэдэг үг ариун, буян, хишиг, дээд гэх мэтчилэн сайн сайхны туйл билэгдлээр буудаг. Түүнчлэн бид 5 өнгийн 5 тамсаг идээг хүртдэг ба үүнээс "дэлэнт малын шимт буян" сүү, цагаан идээгээ дээдэлдэг билээ. Бидний цагаан хоолтон гэж орчуулдаг vegetarian-ууд цагаан биш ногоон хоол иддэгийг ч бодолцсон тэр, манай баяр яагаад ч хавар болох учиргүй.

Цагаан сараар бид өрөм ааруул (Монгол) биш боов (хятад) таваглаж бууз (хятад) идэж архи (орос) уудаг. Бас хөгшиндөө мөнгө барьж залуугийнхаа гарыг цайлгадаг (эсхүл оймсолдог). Зарим шооч нэг нь буузныхаа мөнгийг төлж золгоод, гарахдаа хариултаа авдаг гэж хүртэл цуурах юм. Энэ Монгол баяр мөн үү? Эсвэл еэвэн сар уу?

Бидний хүнсний үндсэн бүтэц нь "үр төлөөр нь далимдуулж, эхийг нь хулхидаж" саасан сүү болон "үржүүлж олшруулж, улмаар томруулж таргалуулаад амийг нь тасалж" авах мах юм. Жаахан аймаар хэлсэн боловч үнэндээ аль ч аж ахуйн (мал, тариалан, ан агнуур ялгаагүй) утга агуулга нь өсгөж үржүүлэх буюу үр төл гэдэг зүйл дээр л тогтож байдаг. Тийм учраас бид "хэн нэгний" тайлбарлаж өгсөн шиг өвлийг өнтэй давсан гэж биш, харин хаврын хахир цагт төлөө бүрэн мэнд хүлээж авлаа, шинэ ногоонд хүргэлээ, өсгөж бойжууллаа, сүү цагаан идээ дэлгэрлээ, хүн малын зоо тэнийлээ гэж баярладаг билээ.

Тэр тусмаа нялх ногоо үнэртсэн, хур бороо асгарсан, халуун нар төөнөсөн аагим зунаар биш, харин алив бүхэн жигдэрсэн, алим жимс нь дэлгэрсэн, амьтан хүнгүй тэнийсэн намрын тэргүүн сард Цагаан сараа хийдэг байсан билээ. Намрын тэргүүн сард хийдэг нь ч бас учиртай байсан байх. Төд удалгүй өвлийн их бэлтгэл ажилд орохоос өмнө амжиж амраад, цэнгээд авахад юу буруудах.

Товчдоо, цагаан сарыг эрт үе шиг намрын эхэн сард хийдэг болгочихмоор санагддаг юм. Өөрөөр хэлбэл Цагаан сар, Наадам хоёрыг хамтатгаад хийчихвэл бүгдийн проблем болдог бэлэг сэлт, золгооны мөнгө гэх мэт элий балай үрлэг, зарлагууд аандаа алга болно. Уламжлал ёс заншил ч ёсоороо, жаягаараа эргэн сэргэмээр. Хаашдаа цагаан сар бол нэг талаас хахир хатуу хаврыг давж хүн малын зоо тэнийсэн, нөгөө талаас өвлийн их цас, хаврын ид ажлын үеэр учран золгох боломжгүй байсан ахан дүүс эсэн мэнд уулзсаны их баяр гэдгийг бодолцож үзвэл яалт ч үгүй наадамтай хавсраад хийчихвэл болох газар.

Тэгээд ч наадмын үеэр зөвхөн 3 хоног амардаг гэх боловч үнэн хэрэгтээ наадам болох 7 хоногийн ажлын 5 өдрөөс үлдсэн, хажуугийн хавсарга 2 хоногийг хаашдаа гурилдаад л өнгөрдөг. Харин ч одоо ихэнх айлууд, ах дүү улс зуны амралтаараа ураг, төрлийн баяраа хийдэг болсон нь сайшаалтай. Иймд шууд ингээд шийдчихэд улс амьтан баярлана уу гэхээс айхтар эсэргүүцэхгүй мэт санагдана. Харин "уламжлалт" гэж андуурагдсан буддын (яг мөн үү?) шашны мяндагтнууд, бурууд мунхрагчид, бусдад дөрлүүлэгсэд жаахан эсэргүүцэх магадтай. Гээд тэднээс айж эмээлгүй, шууд шийдье.

Дашрамд дурдахад, Монгол хятад билгийн тооллын шинийн нэгэн давхцах их онцгүй юм билээ. Яалт ч үгүй харь газар шинэлэх болоход л яс махандаа хүртэл мэдэрсэнсэн. Зөрж өнгөрөх харь элэгтнүүд, тэр дундаа хятадууд "Happy Chinese new year" гэж эелдэгхэн (миний нүдээр бол шоглонгуй) мэндлэхэд "уг нь би Монгол баяраа тэмдэглэж байгаасан" хэмээн дотроо хий л бухимдаж билээ.


ХАМГИЙН ЧУХАЛ СУБЬЕКТИВ БАЯР

Энэ ангилалд мэдээж ойртож байгаагаар нь шинэ жил багтах юм байна гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд ойлгоо биз. Гэхдээ би энд тэр тухай авч үзэхгүй, надад өөрчлөх санал байхгүй. Мартын 8, Хүүхдийн баяр өөр бас бусдын тухай ч ярихгүй. Харин бүх л улс орнуудын хувьд хамгийн чухалд тооцогддог Улс тунхагласаны баярыг тусгайлан авч үзнэ. Бусад улс гүрний эрхшээлд байгаад суллагдсан нь Тусгаар тогтнолын баяр гэнэ, харин бусдын эрхшээлд байгаагүй нь Бүгд найрамдах засаглалтай болсны баяр гэнэ. Гол утга учир, билэгдэл, тунхаглал нь "Бид бие даасан тусгаар улс". Товчхондоо төрийнх нь төрсөн өдөр.

1-р сарын 13-нд бид Дөтгөөр үндсэн хуулиа баталж, капитализм уруу эргэлт буцалтгүй алхаж орсон. Хэдийгээр "хүнлэг энэрэнгүй"-г нь хэрэгжүүлж чадахгүй байгаа боловч алдаг оног ч гэлээ ардчилсан улс болсон нь үнэн. Гэхдээ бид энэ өдөр "төрөөгүй" үүнээс бүр их эртээ төрсөн.

3-р сарын 01-нд хувьсгалт бүлгүүд нийлж Ардын нам байгуулсан юм "гэнэлээ". Дашрамд дурдахад нийгмийн шинжлэх ухааны жаахан цэгцтэй мэдлэгтэй ямар ч хүн тэр өдөр байгуулагдсан Ардын нам гэдэг нь ерөөсөө ч улс төрийн нам, хүчин биш гэдгийг ойлгохоор барахгүй, "хувьсгалт" бүлэг гэдэг ч худал нэр гэдгийг мэднэ. Тэд ямар төр эргүүлэх гэсэн биш, хувьсгал хийх гэсэн биш, харин төргүй болчихсон улсаа төртэй, засагтай болгохсон, гадны дээрэмчдийг хөөхсөн, гамин цэргүүдийг хядахсан гэсэн тэмцэгчид, эх орончид, баатрууд байсан. Эх орончдын өдөр гээд нэрлэх нь харин ч яг болсон үг. Түүнээс ямар ч улс төрийн намд энэ өдрийн гавьяа падгүй. Энэ бол нийт ард түмний, Монгол хүмүүсийн өдөр. Бид эх орныхоо төлөө ингэж тэмцэж чаддаг юм гэсэн тийм дурсгалт, омогшилт өдөр. Баатруудын гавьяаг хүндэлмү.

Мэдээж 7-р сарын 11-нд түүхэнд тэмдэглэгдэхээр юу ч болоогүй боловч, хаа очиж авууштай нь наадам хийхэд яг тохирсон өдөр. Тиймээс бүгдээрээ энэ өдөр Цагаан сараа хийцгээнээ.

11-р сарын 14-нд сая Чингис хаан төрчих шиг болсон. Гэхдээ цаашид жил бүр энэ өдрөө "төрж байхгүй" гэсэн. Билгийн тооллоор тоолох учир хойтон өөр өдөр байх биз. Яахав дээ, төрвөл төрнө л биз. Онцын юм биш. Нэг хүний мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь маркс-энгельс-ленинийхээ сургаалиас холдоогүй мэт эвгүй санагдаад байх юм.

11-р сарын 26 бол яг үнэндээ бол түүхэн ач холбогдлынхоо хувьд нэг тийм онцгүй өдөр. Хаант засгийг халсан, бүгд найрамдах засагтай болсон гэдгийг нь анзаарч тодотгохоос бусдаар буурал түүхт Их Монгол Улсад бурангуй улаан засаг эхэлсэн бузар өдөр. Анхдугаар үндсэн хууль батлагдсан гэх авч энэ үндсэн хууль анхны эхээсээ эрс өөр болж батлагдсан төдийгүй, өөрчлөн боловсруулах процессынхоо үеэсээ л олон эх оронч баатруудын цусаар угаагдсан хууль гэдгийг эрхзүйн чиглэлээр эхлэн суралцагсад ч андахгүй болоо биз.

12-р сарын 29 бол харин чухал өдөр. Энэ өдөр яалт ч үгүй балран мөхсөн Манж Чин гүрний сүүлчийн будаалгыг Монгол нутагтаа тэмдэглэсэн юм. За даа, эрхзүйн хэллэгээр товч тайлбарлах юм бол гэрээ байгуулсан талуудын нэг нь эрхзүйн чадамжгүй болсон тул нөгөө тал бүрэн ялалтаа тэмдэглэсэн өдөр. Гэрээ гэж байгаа учир нь бодит үнэнийг буюу Монгол Манжид эзлэгдээгүй, зүгээр л гэрээ байгуулаад, хэсэг зуур сайн дураараа хөтлөлцөж явсан юм гэх гээд байгаа хэрэг. Гэхдээ түүхэн тэмдэглэлт өдрийг иймхэн, увайгүй тодорхойлолтоор хэлэх нь зүйд нийцэхгүй. Энэ өдрийг орчин цагийн Монгол улсын төрсөн өдөр гээд хэлчихсэн ч болно. Яг энэ өдрийг Independence day гэж нэрлэхэд зүйд бүрэн нийцнэ. Гэвч харамсалтай нь энэ өдөр баярлах гэхээр золигийн муу "ёолк" бүгдийг нь урвуу нь харуулчих гээд байх. Эсвэл яахав, өмнө санал болгосон шигээ хамтатгаад "наминчил"-ж болох л юм. Гээд нэмэргүй л болов уу даа.

Ер нь нийгмийн чиг хандлагатай бүхий л баярт шашин болоод улс төрийн үзэл суртлууд их нөлөөтэй байдаг. 12-р сарын 29-нд МАХН (одоогийн МАН) гайтсан бол, 3-р сарын 01-нд АН золигтсон байх жишээний. Аль алиных нь хувьд "ах нар"-ын зохиож өгсөн, үхтэл нь үнэмшүүлсэн хуурамч түүх толгойг нь эргүүлчихжээ.

Дээрх бүгдээс намайг сонго, чи шийд гэвэл ямар ч эргэлзээгүйгээр 11-р сарын 14-ийг сонгоно. Гэхдээ нэрийг нь Чингис богдын мэндэлсэн өдөр биш Тулгар төр байгуулагдсаны ой буюу ердөө л Монгол улс байгуулагдсан түүхт өдөр (Independence day) гэж солино. Энэ тухай Цэнддоо сэтгүүлч ийм зүйл бичсэн байсан. Бүрэн санал нийлж байна. "Монгол төрийн 2222 жилийн ой 2013 онд болноо" гэхэд сүртэй сайхан байгаа биз дээ. Тэгээд ч өнө удаан хугацаанд 11-р сард улс тунхагласан баяраа тэмдэглэж ирсэн нийтийн дунд ч хэвшүүлэхэд амар.


БАЯР БОЛ САЙН ӨДӨР

Монголчуудыг залхуу, юм л бол амарч байх санаатай гэж хэлдэг нь суурьшмал амьдралын хэв маягийн үүднээс бол тийм ч буруу, зөрүү ойлголт биш. Харин нүүдэлчин хэв маягийн үүднээс бол үүн шиг гүтгэлэг байхгүй. Хэзээ ч амралтын өдөртэй байгаагүй (week гэдгийг бид шууд 7 хоног гэж орчуулсан), амралтын өдөр гэж юуг хэлдэг талаар ямар ч ойлголтгүй, бас бусдаар албадуулж ажил хийж яваагүй, зөвхөн сайн дураараа, байгалийн зөнгөөрөө ажиллаж, тулалдаж бас амарч, наадаж явсан Монголчуудыг албадан ажиллуулаад ирэхээр өөрийн дураар захиран зарцуулдаг ганц өдрөө "бүтэн сайн" гэж нэрлэхэд буруутгах юун.

Суурьшмал амьдралын буянаар бүтэн сайн хийгээд хагас сайнтай болоод авсан Монголчууд баяр ёслолын өдөр ажил хийх албагүй гэдгийг бас мэдээд авлаа. Тийм учраас нийтээр тэмдэглэх баяр ёслол гэдгийг шууд утгаар нь амралтын өдөр гэж хүлээж аваад сурчихав. Чухам иймдээ "нийт" нь ямар нэг ялих шалихгүй баярыг амралт болгох гэж их зүтгэнэ. Нөгөө талаас "нэг" нь цаадуул чинь ажил хийхгүй, амрах нь гэж их айна. Ингээд баяр ёслол, тэмдэглэлт өдөр бол нийтээрээ маргаж суух мундаг том сэдэв болж хувирна.

Миний санал бол баяраар амрая, харин бямба гаригийг бүтэн сайн биш буцаагаад хагас сайн болгоё. Хагас сайн өдөртэй буюу 7 хоногийн ажлын ердийн ачааллыг 45 цаг болгочихвол одоо 40 цагаар бодож цалин авч байгаа хүмүүст ч хэрэгтэй, ажил олгогч баялгийг бүтээгч компаниудад ч хэрэгтэй, "бааска ахын төрсөн өдрийн" савалт, "бямбаа эгчийн шар тайлах бантан"-д ч хэмнэлттэй. Аль ч талаас нь харсан ард Монгол улсдаа хэрэгтэй мэт санагдах...

Сардаа 20 гаран цаг илүү ажиллаж байгааг зохицуулах үүднээс, урамшуулахын тулд баяруудын хуваарилалтыг их аятайхан хийцгээе. Улиралдаа 1-2 өдөр аятайхан "баярлаж байя", харин бусад өдөр эрч хүчтэй ажиллацгаая. Даан ялангуяа өмнө өгүүлсэнчлэн налайхаас өөр аргагүй, найрлахаас ер буцамгүй намрын тэргүүн сард Наадсан шиг, Цагаалсан шиг сайхан баярлацгаая, амарцгаая. Харин наадмын дараа найр хийснийх нь "хонгоны махыг ураад өгье".

Read more!

Saturday, November 17, 2012

АРХИ

Оюун санааны хувьсгалаа үргэлжлүүлье. Энэ удаа би архи уухгүй байх тухай биш, харин хэрхэн уух тухай бичнэ. Учир нь би 3-тайдаа анх "амсаж", 15-тайдаа анх "балгаж", 18-тайгаасаа анх "ууж" эхэлсэн. Одоо бараг "архичин" болчихсонд тооцож болно...

Бясалгагчдын хувьд би адгийн архичин, харин мэргэжлийн "алкааш"-уудын хувьд бол огт амсдаггүй жентельмэн, орчлонгийн дунджуудын хувьд "найранд гурван дугараатай" л эр хүн. Архинд донтож, донгиотож үзсээн, нуухгүй. Аавынхаа сургаалийг мартсаны гай тэр. Одоо дахиж аавынхаа сургаалийг мартахгүй, бусдыг ч бас санаж яваасай гэсэндээ үүнийг олны нүднээ ил байршуулж сууна.

Миний аав "хойно" оюутан болж очоод буюу 18-тайдаа л анх амсаж үзсэн, улмаар нутагтаа ирсэн хойноо ууж дадсан гэдэг юм. Түүнээс биш оросуудаар архи уухыг "заалгаагүй" гэдэг. Үүнээс хойш лавтай 40 жил архи ууж байна. Гэхдээ би аавыгаа архинд мөнгөө "үрж" байхыг, тасарч унаад шороотой хутгалдаад хэвтэж байхыг хараагүй. Агсам согтуу тавьж байхыг ч үзээгүй. Аав маань тэгтлээ "даана гэж данхраат" эр хүн биш тул согтох нь байсан ч, "шогтож" байгаагүй, зүгээр л орондоо ороод тайван сайхан унтаад өгдөг юм.

Аав маань хэрийн эр хүн, эцэг хүн гайхмаар философитой. Юу гэвэл аав маань хүүхдүүдтэйгээ хамт архи уудаг юм. Эр хүн бүрийн, эцэг хүн бүрийн дотор "хүү минь архичин болчих вий" гэсэн болгоомжлол байдаг бол харин аав маань тэгэж болгоомжилдоггүй, харин ч надтай, хүүтэйгээ шил юм задлаад суух дуртай. Ээж минь ч үүнд эмзэглэдэггүй. Яагаад гэвэл аав маань надад, хүүдээ архи хэрхэн уух "гүн ухаан", "нууц"-ыг анх зааж өгсөн болохоор тэр.

...Намайг 8-р анги төгссөн жил, наадмын урьд өдөр буюу 10-ны орой вальсын уянгалаг аялгуу нээлттэй цонхоор сонсогдож ахуйд унтахаар эрт хажуулсан аав маань босож ирээд "Ямар сайхан хөгжим дуугарна вэ? Сэтгэл сэргээчихлээ. Алив хө, нэг юм гаргаад ир" гэж ээжид хэлээд "Заа, хүүтэйгээ хувааж уунаа" гэж билээ. Миний гайхсан, бас айсан гэж. Ердөө сарын өмнө би хүүхдүүд дагаж дарвиад "найрка"-нд хордоод шар ногооноороо эргэлдсэн, хамаг шөрмөс нь татсан амьтан гэртээ арай гэж орж ирээд ааваасаа айж, ээжээсээ эмээж, орох байх газраа олж ядаж байсан юмдаг. Тэгээд битүүхэндээ дахиж "хэзээ ч" архи амсахгүй гэж өөртөө "хуурамч" тангараг тавьчихаад байсан үе л дээ. Тиймээс аавыг тэгэж хэлэхээр намайг "шоглох" гэж байна л гэж хардаж байв. Харин аав маань миний бодсоноос тэс өөр бодолтой байж.

"Миний хүү, чи удахгүй насанд хүрлээ. Хүн болж хүзүү толгой эвлүүлж явахад амьдралд юу эс тохиолдох вэ, эр хүн гэдэг энэ цаг үед байтугай эрт үед ч архинаас зугтаж зайлж яваагүй, чадаагүй. Өөрөө дөлөөд байсан ч өөдөөс чинь цохлоод ирдэг юм. Ийм учраас архины талаар зөв ойлголтыг аав нь л зааж өгөхгүй юм бол амьдралд хөл алдах юм бишгүй нэг тохиолдоно.

Аав нь архи уухыг оросуудаар заалгаагүй ээ, харин хурган дарга болсон цагаас амьтан хүний ая тал зассан юмыг хүртсээр байгаад л ууж дассан даа. Миний хүү, адтай амжилттай явах үед чинь, ядарч зүдэрч явахад чинь ч тэр, шил юм бариад ирэх хүн зөндөө таарна. Тэр үед аавынхаа захисныг санаж явбал миний хүү алзахгүй ээ.

Архи гэдэг чинь идээний дээд юм шүү. Идээний дээж гэж хүмүүс андуурдаг. Идээний дээж гэдэг чинь таван тамсагийн нийлбэр охь болсон цайг хэлдэг юм. Орж ирсэн хүнд эхэлж цай барьдаг, зоогийн оргилд архи хундагалдаг. Энэ ялгааг сайн ойлгож аваарай.

Нөгөө талаас архи гэдэг бол зүгээр л умдаан, уудаг шингэн. Дээд билээ гээд тэргүүндээ залж болдоггүй, байдаг л юм гээд үл тоомсорлож болдоггүй адтай, шидтэй эд. Адтай шидтэй гэж айж ширвээтвэл бүр бурууддаг, аа яавал гэж гэж хайш яайш хандвал ёроолдоо тунатал ёвордог ёрын идээ юм шүү.

Ийм учраас архийг хүндэтгэх ардын ёс жаягийг үргэлж баримталж яв, хүндэтгэж хүртэж бай. Нутаг нутгийн олон ёс журмыг аажимдаа чамд зааж өгөх хүн захаас аваад олдоно. Хамгийн гол нь энэ таван асуултад ХАРИУЛЖ ЧАДАЖ байвал архийг ууж болноо. Юу гэвэл:

1. Хэнтэй?
2. Хэзээ?
3. Хаана?
4. Юуг?
5. Яагаад?

Эндээс нэн чухал нь ЯАГААД, ЯМАР УЧРААС гэдэг асуулт юм шүү. Сэтгэл санаа тавгүй, гутарч гунисан, уурлаж уцаарласан, ямар нэг байдлаар сөрөг муу ааш араншинтай байх үедээ хэзээ ч битгий архи амсаж байгаарай. Амсах битгий хэл, бодож ч болохгүй. Ингэвэл л архи гэдэг адын шингэн эр хүнийг ёроол руугаа татаад живүүлчихдэг юм шүү. ҮҮНИЙГ Л САНАЖ ЯВААРАЙ".


...Анд нөхдүүд нийлж бужигнах, наргиж дарвих үе бишгүй л олон тохиолдоно. Балчир тэнэг байхад аавынхаа алтан сургаалийг тэр бүр санаж, сэрж явсангүй дээ. Тоть шиг давтаж, "аавтайгаа ууж байлаа" гэж ангарайтаж явсан болохоос уг утгыг нь ухаж ойлгоогүйдээ сүүлд нь харамссан сан. Гэхдээ яах вэ, сайхан ханийн, сайн нөхдийн хүчинд оройтох шахсан ч ойлгосоон ойлгосон.

Аавын минь энэ сургааль, ардын билэг их "гүн ухаан"-ыг ихэнх залуус ер үл мэдэх юм. Харин ч харь газрын ёсыг дагаж, "ус"-ыг нь уух дуртай болж. Гурван зууны турш ёс уламжлал, ур ухааныг нь мартуулах гэсэн дайсагнагчдын оролдлогыг одоогийн язгуур Монголчууд учрыг нь мэдэхгүй өөрсдөө үргэлжлүүлсээр л байх юм.

Юуг хэлж байна вэ гэхээр гадны олон кинонууд дээр, Монголын олон телевизүүдээр "Сэтгэл санаа чинь тавгүй байна уу? Тэгвэл нэг сайн уучих. Дотор чинь онгойно" гэсэн утга агуулга, үг хэллэг ээ мөн олон гарах юм. Ингэж үзсээн, дотор онгойх битгий хэл улам бөглөрч, доройтож уруудаад л байдаг юм байна билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орой болгон, үдэш бүр өсөж өндийж яваа залуус хүүхдүүдийн минь толгойг эргүүлсээр, тархийг угаасаар л байх юм даа.

Хүн унтахын өмнө сонссоноо мартдаггүй гэдэг. Ухаант ард түмэн маань үүнийг сайн мэдэж байсан учир унтахын өмнө үлгэр сургааль сонсож, ургахын улаан нарнаар ухаарч босдог байж...

Ардын билэг оюун, аавын тань сургааль, ай даа хамгийн том соёл, агуу их ёс суртахууныг агуулдаг юм шүү. Өв соёл гэдгийг өмнөд хөршийн Одон "телевизээр" үзэх биш, өдөр ирэх тусам цөөрсөөр байгаа өвөг дээдсээрээ заалгавал аштайсан.

Read more!

Saturday, November 19, 2011

УЛСЫН НИЙСЛЭЛ

Би нийслэл хүү. Бүр жинхэнэ утгаараа. Манай аав ээж, өвөө эмээ, бүр тэдний эцэг эх бүгд хүрээнийх. Баабар абугай нэгэнтээ "Монголд хотын хүн гэж байхгүй" гэж хэлсэн байдаг тул хотын гэдэг үгнээс зайлсхийлээ. Гэхдээ нийслэл хүү гэж хэлж бол болох байх.

Яагаад гэвэл Алтан тэвшийн хөндий сүүлийн 300 гаруй жил эрх чөлөөт ч бай, вассаль ч бай Монгол улсын, ерөөс Монгол угсаатны нийслэл байсаар ирсэн. Ардчилалтай хөл нийлүүлсэн анхны жилүүдэд аймгийн төвүүд, томоохон суурингуудын хотын статусыг хуулийн дагуу үгүй хийсэн тул Монгол улсын албан ёсны цорын ганц хот Улаанбаатар болсон. Тийм ч учраас нэгд нийслэл, хоёрт хот тул Улаанбаатарыг зорих "ардын хөл" татрах байтугай улам нэмэгдээд байна.

Нэмэгдэх ч яахав, онцын асуудал биш. Тэгээд ч хэдүүлхнээ байж хөгжил бараадаж ирсэн цөөхөн Монголчуудаа ад үзэх нь яав ч зөв зүйл биш. Харин угаасаа, удмаараа нийслэл хүү миний хувьд ирсэн болгон нь хотын төв рүү, нэг дор зүтгээд байгаа нь таалагдахгүй байна. Ялангуяа шинээр нэг ч төрөх эмнэлэг бариагүй мөртлөө үй түмэн түрээсийн барилга, том том их дэлгүүрүүд, ланжгар занзгар үйлчилгээний төвүүд үүд хаалгаа нээгээд байгаа нь бүр таалагдахгүй байна.

Уг нь би эдийн засагч, зах зээл судлаач хүн. Бизннес, хувийн хэвшил гэдгийг бүх талаараа дэмждэг, хэр чадлаараа л энэ салбарт зүтгэж, тэр зүтгэлээрээ эх орондоо бага ч атугай хэрэгтэй зүйл хийж бүтээж байгаа хүн. Гэлээ гэхдээ хүн амын өсөлттэй хамаатай нийгмийн ажил нэгээхэн ч хийгдэхгүй байгааг харахаар нүд хорсоод, хэл загатнаад байх юм.

Өч төчнөөн хувийн эмнэлэг, түг түмэн хувийн сургуулиуд, олон мянган орон сууц баригдаж байнаа, гоё байна. Улаанбаатар жинхэнэ утгаараа, үнэн "лайтай" хөгжиж байна. Гэлээ гэхдээ энэ чинь хүн амын 65%-ийг бүрдүүлж байгаа энгийн иргэдэд зориулагдаагүй. Хөгжил дэвшил бараадаж, суурин иргэншлийг зорьж ирсэн иргэд үүнийг чинь худалдаж авч дийлэхгүй. Харин хүн амын 25%-ийг бүрдүүлж байгаа ядуус тэр хотын төвийн гоё сайхныг чинь мэдрэхгүй, мэдрэхгүй учраас хүндлэхгүй, хүндлэх байтугай атаархан хорсож бухимдана, хорсож байгаа учраас нулимна, баана шээнэ, эвдэлнэ сүйтгэнэ.

Би тэдний зөв гэж хэлэхгүй, өөгшүүлэхгүй. Гэхдээ "мэргэн ухаантнууд" шиг "хөдөөгийнхнийг хотжуулъя, бүдүүлгүүдийг хүмүүжүүлье" гэж худлаа цэцэрхэхгүй. Бас иргэддээ хандсан "нийгмийн халамж"-аар үйлчилье гэж хадуурахгүй, худал үнэн баахан "проблем" тоочихгүй. Харин төвлөрлийг сааруулъя, хүнгүйдэж байгаа уудам тэнүүн нутгаа "эзэн"-тэй болгоё гэж уриална.

Угаас миний баримталдаг нэг зарчим бол "Шүүмжилж болно. Гэхдээ бүтээлч санаачлагагүй, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлохгүй бол шүүмжлэхээс татгалз". Тийм учраас зүгээр ч нэг уриалахгүй, харин арга зам, шийдлийг нь эрэлхийлнэ. Тэгэхээр миний санаачлага бол "дэс дараалалтай бодлогын хэрэгжилт".

Энэ удаа дэс дараалалтай авч хэрэгжүүлбэл зохих олон асуудал, олон бодлогуудаас "Шинэ нийслэл"-ийн асуудлыг хөндөхөөр шийдлээ.

Улс гүрний нийслэл, "Capital city" гэдэг нь тухайн улс дахь хамгийн том хотын тухай биш, хамгийн гоё хотын тухай бүр ч биш, харин тухайн улсын засаг захиргааны төв хаана байрлаж байгааг л илэрхийлдэг ойлголт. Энэ тухай маш сайхан нэг жишээ байдаг.

Австрали тив-улс нэгэнтээ аль хотыг нийслэлээ болгох вэ гэдэг асуудал хэлэлцсэн байна. Тэр байтугай, миний сонссоноор бол бүр өрсөлдөөн, уралдаан зарлажээ. Нэр дэвшигчид нь бүх дэлхий сайн мэдэх Мелбурн, Сидней хотууд байв. Эдгээр хотууд нь орчин үеийн, өндөр хөгжсөн, гоёмсог барилгуудтай, том том пүүс компаниудтай, дэлхий нийтийн анхаарлыг татсан, эдийн засаг стратегийн том боломж бүхий хотууд байлаа. Гэвч эцсийн шийд гарахад Австрали улсын нийслэлээр аж үйлдвэр өндөр хөгжсөн Мелбурн биш, худалдаа үйлчилгээ дээд түвшинд байдаг Сидней ч биш, харин тэдгээр аваргуудын дунд даруухнаар, нам гүмхэн оршдог Канберра гэдэг жижигхэн хот тодорчээ.

Шалтгаан нь юунд байв? Магадгүй, эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон пүүс компаниудын шууд нөлөө, санхүүгийн түрэмгийллээс төрийн бодлогыг ангид байлгахын тулд, бас үндэсний аюулгүй байдлын тулд, түүнчлэн тэнцвэрийг хадгалахын тулд ийм сонголтыг хийсэн байх л даа. Ер нь ч улс орнуудыг хараад байхад нийслэлүүд нь ихэвчлэн хувийн хэвшил давамгайлсан, мөнгө санхүүгийн хүч түрэмгийлсэн, эдийн засгийн төвлөрөл болсон газруудаас аль болох зайлсхийсэн маягтай байдаг.

Тэгэхээр улсын нийслэл гэдэг бол ердөө л засаг захиргааны төв байх нь. Монголын хувьд Үндсэн хуулийн цэц нь, УИХ нь, Засгийн газар нь, бүх яамд нь, бүх агентлагууд нь, Монгол банк нь, Дээд шүүх нь, тэгээд хэрэв, өөрсдөө дуртай бол улс төрийн намууд нь, жагсаал цуглаан хийгчид нь дагаад нүүхэд л тэдний буусан газрыг Монгол улсын нийслэл гэж нэрлэхэд болно. Бууриа сахиад үлдэж байгаа Улаанбаатарт бол яахав дээ, хотын захиргааны байгууллагууд нь, пүүс компаниуд нь, хувиараа бизнес эрхлэгчид нь үлддэгээрээ үлдэнэ. Улаанбаатар угаасаа л эдийн засгийн төв хэвээрээ л байх болно.

Улаанбаатарын проблем бол дийлдэхгүй их ээ. Утаатай л гэнэ, түгжрэлтэй л гэнэ, архиддаг л гэнэ, гэмт хэрэгтнүүдийн үүр л гэнэ, ер ярьж барагдахгүй. Шалтгаан нь тодорхой; жижигхэн Монголдоо ахадсан дэндүү олон хүнтэй, аймаар шамбааралдсан, төрийн бодлого, халамж Улаанбаатараас гадуур явдаг (УИХ-ын гишүүдийн дөнгөж гуравны нэг нь эндээс сонгогдсон), яг үүний эсрэгээр бүх асуудал зөвхөн Улаанбаатарыг л тойроод яригддаг. Утаа улсын асуудал биш, Улаанбаатарын л асуудал. Автобусны билетний үнэ, ард нийтэд хамаагүй ээ, Улаанбаатарын л асуудал. Автозамын түгжрэл автомашин болгонд тулгардаггүй, Улаанбаатарт л тохиолддог.

Тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг би "шинэ нийслэл" гэж харж байна. Гэхдээ ерөнхийлөгч шиг юу ч үгүй Хархорин уруу шууд нүүе гэж худлаа "хошгоруулах"-гүй. Харин юм юмны захтай Дархан уруу нүүцгээе гэж хэлмээр байна.

Учир нь тэнд ундны усны эх үүсвэр болсон Хараа гол бий. Яагаад гэвэл тэнд "хөгжлийн түлхүүр" болсон эрчим хүч бий. Шалтгаан нь гэвэл тэнд "жаргалын тулгуур" болсон зам харилцаа бий. Бас дахиад нэг юм нь тэнд хот гэж нэрлэж болох бүх юмны "зах зух" бий.

Хамгийн гол нь тэнд гэхээсээ, цаг хугацаанд бүх шалтгаан нь бий. Одоо хийх ажил нь ердөө л хот төлөвлөлтийн зураг, төсөл, төлөвлөгөөг нь гаргагтун. Дараа нь шийдвэрээ гаргагтун. Тэгээд л болоо.

Мөнгө нь хаана байна гэж үү?

Тэр амархоон. Хэдхэн хүнд л зориулагдаж байгаа "Оюутны хотхон"-ы төслийнхөө 500 сая доллараа л хандивлачих. Өөрөөр хэлбэл уг төслийг босгох арга замыг л өөрчлөөд ашиглачихад болно. УИХ, Засгийн газар нь нүүхдээ саарал ордонгоо Улаанбаатар хотын захиргаанд зарчих. Харин хотын захиргаа нь тэр мөнгөө хуучин байшингаа зараад, илүү талбай (хурлын танхим)-гаа түрээслүүлэх гэх мэтээр олчихож болно.

Төр нь, төрд ажилладаг хэд нь л нүүсэн болохоос энд бусад нь бий. Тэртэй тэргүй дэлхийн анхааралд өртөхийн дээдээр өртөөд байгаа миний Монголын "хуучин нийслэл"-д олон улсын хурал, семинар өч төчнөөн болж, гадны зочид төлөөлөгчид зөндөө л ирнэ.

За тэгээд төрийн өмчийн хэдэн байшинг авахад бэлэн, түрээслэхээр отож байгаа өч төчнөөн л бизнесмэнүүд, хөрөнгөтнүүд байна. Мөнгөнд санаа зоволтгүй, орхиод нүүгтүн.

Шинэ нийслэлд юу хэрэгтэй вэ гэж үү? Хамгийн эхлээд газар зохион байгуулалт. Дараагийн ээлжинд цэвэр усан сан, бохирын байгууламж, инженерийн шугам сүлжээ хэрэгтэй. Бас цахилгаан станцын өргөтгөл шаардлагатай. Дараа нь эмнэлэг, цэцэрлэг, сургуулиудыг барих хэрэгтэй. Орон тооны хувьд жаахан асуудал үүсч магадгүй юм даа. Зам харилцаа бол явцын бүтээн байгуулалт учраас заавал эхэлж барих шаардлагагүй. Тиймээс төр захиргааны нэг ордон, яам тамгын газар, агентлагуудын хэдэн байшин энэ тэрийг бол барьчихад л нүүдэл хийхэд бэлэн болно.

Аа нээрээ олон улсын нисэх онгоцны буудал гэж нэг юм барих хэрэгтэй юм байна. За тэр ч яахав дараагийн ээлжинд шийдсэн ч болно. Улаанбаатарт буугаад тэртэй тэргүй албан бус HIGHWAY болоод байгаа замаар нисчихнэ биз. Нэмүү өртөг шингээд улам л сайн.

Орон сууцны хувьд газар нь л байвал барилгын компаниуд очоод гялалзуулаад өгнө. Өөрсдөө барьчихаад бас өөрсдөө л зарчихна. Ямар ч асуудалгүй. Авах хүмүүс нь ч мөнгөөр ч дутахгүй. Улаанбаатарт байгаагаа зараад, барьцаалаад, түрээслээд олно биз.

Энэ бүх урьдчилсан бэлтгэлд ердөө 4-6 жил л зарцуулна. Ингээд "2018 оны нэгэн билэгт сайн өдөр УИХ нь тэргүүлээд, Засгийн газар нь удаалаад, Яамд нь дагалдаад Монгол улсын нийслэл Дархан хот уруу нүүж очиход Монгол улсын Ерөнхийлөгч хадаг сүү барин тосч" гэнээ...

Улаанбаатар нийслэл байхаа больсноор хүн ам нь 800-аад мянга болж буурна. Харин шинэ нийслэлд дээд тал нь 500 орчим мянган хүн амьдарна. Энэ нүүдэл бол төвлөрлийг сааруулах эхлэл төдий санал. "Татах хүч"-ийг нь сааруулахын тулд тэр том "соронз"-ыг нь хоёр хуваагаад хаячихъя. Тэгэхээр арай удааширна.

Дараачийн алхам бол нэгэнт хүч нь саарч, удааширсан төвлөрлийг бүр сарниах, буцааж задлах, өөрөөр хэлбэл эзэнгүйдсэн тал нутгаа хүнжүүлэх арай удаан, бас их зардал шаардсан нүсэр ажлууд байх болно. Энэ тухай дараа хэлэлцэнэ.

Өө нээрээ нөгөө оюутнууд, "оюутны хотхон" яах вэ гэж үү. Бүү санаа зов. Тэд байдгаараа байж л байг. Тэднийг тусад нь гаргах ч хэрэггүй. Тун удахгүй бүх юм аандаа өөрчлөгдөнө. Угаасаа ийм олон оюутан байхгүй болно. Няраваараа нягтлан бодох бүртгэлийн хичээл заалгадаг дээд сургууль алга болно. Хэдхэн жилийн дараа энэ олон чанаргүй дээд сургуулиуд өөрсдөө хаалгаа барина. Эзэд нь өөр бизнес эрхэлнэ.

Учир нь хэн ч тоохгүй эдийн засагч, хуульч байхаар сайн жолооч, токарьчин, хүнд механизмын оператор, барилгын засал чимэглэлч, оёдолчин, тогооч байх нь амьдралд хэрэгтэй гэдгийг, илүү цалинтай гэдгийг, бас дээд сургууль төгссөн болгон сэхээтэн болдоггүйг, бас дээд сургууль төгссөн үү үгүй юу гэдгээр нь бус хувийн соёлоор нь хүнийг хэмждэгийг, бас хүн бүрийн хэрэглээ, мэдээлэл ижилсэж, дэлхий хавтгайрч байгааг, эцсийн бүлэгт хүн бол хүн л юм гэдгийг, тэгээд бас дээд сургуульд сурахын тулд урт удаан хугацааны их тэвчээр, тодорхой хэмжээний оюуны потенциаль, хамгийн гол нь дур сонирхол, хүсэл тэмүүлэл шаардагддагийг хүүхдүүд ч, эцэг эхчүүд ч ойлгох болно.

Яагаад гэвэл цаана чинь их бүтээн байгуулалт, нарийндаа бол их үсрэлт, түүнийг дагаад их эрсдэл, амьдралын шал өөр хэмнэл, тэс өөр ирээдүй, товчхондоо "Үндэсний их шалгалт" айсуй.

Read more!

Saturday, November 5, 2011

МОНГОЛ ХҮН

Монгол хүн бол их сонирхол татахуйц бодьгал. Дундаж монгол хүний IQ нь дундаж "Homo sapiens sapiens"-ийнхаас дээгүүр байдаг "гэсэн". Дундаж монгол хүний бие махбодийн ачаалал даах чадвар (тэсвэр) мөн л дэлхийн дунджаас дээгүүрт тооцогдоно.

Олон үндэстний ажил хийх чадварыг нүдээр харсан, биеэр мэдэрсний үндсэн дээр ингээд биччихлээ. Нэг их алдаагүй байхаа.

За хамгийн мундаг онцлог нь бол аливаа зүйлд дасан зохицох чадвар. Энэ тал дээр бидний урд гишгэх хоншоортой ямар ч "гадагад баагий" байхгүй ээ, баараагүй.

Шалтгаан нь бол тодорхой, ийм (огцом) цаг агаартай, ийм (догшин) байгальтай, ийм (ширүүн) амьдралын хэмнэл дунд мянга мянган жил амьдарсаар өдийг хүрчихсэн болохоор тэр байх. Түүнчлэн яг энэ л шалтгааны улмаас өөр хоорондоо эрс тэс хоёр зан араншин нэг дор сүлэлдэн оршдог онцлог темпераменттай улс.

Жишээлбэл...

Үнэн голоосоо үзэн яддаг, өөрийн гараар багалзуурдан алахыг хүсдэг этгээд нь үхжээ гэж сонсвол "болж муу хог" гэж тавладаггүй, учиргүй харамсаж эмгэнэхгүй хэдий ч "чааваас даа" гэж өрөвддөг.

Энд тэнд аюул болж амьтан хүн сүйдэж байна гэвэл "яанаа, туслая" гэхээсээ "өө зайлуул, тэгээ юү" гэж хэнэггүйтдэг мөртлөө, яг тулаад "авраач туслаач" гээд гүйж ирсэн хэнийг ч гэсэн өмгөөлөл хамгаалалдаа авч, байгаа юмаа харамгүй хуваадаг.

"Сүх далайтал үхэр амгалан" гэдэг үг нь яг өөрсдөд нь таарсан үг. Маргаашийн (байтугай оройныхоо) хоолондоо огт санаа зовохгүй мөртлөө, одоо л нэг муу хэлд орж ядаж байгаа нялх амьтны хэзээ хойно 15 жилийн дараах сурах ч юм уу, сурахгүй ч юм уу дээд сургуулийн төлбөрт санаа зовно. Тиймдээ ч бид ойрхондоо гэнэдэж байсан ч, алс хэтдээ алдаж яваагүйг буурал түүх гэрчилнэ.

Хүнд доромжлуулах дургүй, айхтар сэхүүн, омог бардам зантай, огцом ширүүн ууртай боловч эвийг нь олоод дээрэлхээд байвал чимээгүй дарлуулаад л яваад байна. "Муу новш намайг дарлаад байна даа" гэж мэдээд байгаа мөртлөө шүү.

Дооглуулах дургүй, хөмхий зууж, хөмсөг зангидан уурлах мөртлөө учиргүй шооч, ёж зантай хошигнох дуртай ард түмэн.

Юм болгоныг эвтэйхэн наргиа болгоод хувиргачихдаг хөнгөмсөг ч юм шиг атлаа нарийндаа бол нэг үгний наадах цаадахыг хэдийнээ айхавтар шинжиж, тунгааж үзсэн байдаг.

Айхтар амиа бодсон, хувиа хичээсэн юм шиг боловч цагаа тулахаар бусдын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийг хангалттай үзүүлж чаддаг гэгэлхэн, гэгээхэн хүмүүс.

Нэг их сайхан, тал шигээ уужимхан дотортой боловч бяцхан алдаа ч байсан хэр барагтай бол өршөөл уучлалыг үзүүлэхгүй, өс зангидаж явдаг, хонзогнуур улс.

Нэг дорын хүмүүс гэх мөртөө нэг хэсэг нь уулынхан гэж ширүүн дориун зантай, дуу цөөнтэй, зожиг хажиг байхад нөгөө хэсэг нь говийнхон гээд олон үгтэй, цагаан цайлган сэтгэлтэй, уужуу тайван зантай байх.

Бас нэг сонирхолтой зан нь аливаа зүйлд аймаар туйлширдаг хандлагатай мөртлөө, цагаа тулахаар бүгдийг тэнцвэртэй байлгах гэж хичээдэг хүмүүс. Том жишээ нь тээр жил, дөчин хэдэн онд "Сталин хүүд 3 морь... Ммм, адилхан л эр хүн байгааз. Тэр Гитлер хүүд 2 морь" гэж нөгөө хэн гуай фронтын бэлгээ өгч байсан гэдэг...

За нэг иймэрхүү эрс тэс зан төлөв нэгэн биенд холилдон, сүлэлдэн, илрэнхэн байдаг цөөхөөн хүмүүсийг удирдах, учир начрыг нь олох, эв зүйтэй байлгах, хөл гарыг нь хөдөлгөх арга ухааныг олно гэдэг туйлын бэрх ажил ажгуу.

Энэ бүхний учрыг олж нээлт хийсэн, нээлтээ шууд практикт ашиглаж эгээтэй л дэлхийг цагаас нь өмнө "хавтгайлчихаагүй" Чингис гэдэг цолтой Тэмүжин гэдэг идэрмэг хархүү магад Монгол менежментийн эцэг буй заа. Харин эдүгэ цагийн эгэл бидний ой ухаанд буутал онож томъёолж бичсэн нь их зохиолч Ч.Лодойдамба агаад тэрбээр үүнийг овжин сэргэлэн Итгэлт баяны үгээр "Тунгалаг тамир" романдаа ийн бичжээ.

"... УГААДСЫГ НЬ АХИУХАН ӨГӨӨД, УЯАГ НЬ ЧАНГАХАН БАРЬВАЛ, ОВОО Л ХУЦАХ НОХОЙ ..."

Read more!

Thursday, September 29, 2011

БЯЦХАН ТАЛАРХАЛ

Н.Энхбаярт талархах нэг үг хэлэхгүй бол болохгүй санагдаад байх юм. Би уул нь цаадахад чинь жигтэйхэн муу хүн байгаа юм. Уг нь зайлуул, надад муу юм хийж байгаагүй л дээ. Гэхдээ улстөржих хоббитой миний хувьд муудах шалтаг, шалтгаан зөндөө олныг олж чадна...

... Нэг муухай, бүрхэг өдөр Н.Энхбаяр дарга нэлээд ууртай байв. Учир нь энэ муухай өдөр түүний босгож өндийлгөсөн хүүхдүүд түүнийг сэмхэн бөгөөд ил шулуухан мурих ухаан далдуур сийлж байгааг сонссоноос гадна түүний бат итгэж явсан, хайртай ард түмэн нь түүнд тийм ч сайн бишийг дуулаадахсан ажээ. Тэр ар талгүй, түшиж тулах итгэл найдваргүй болсноо ерөнхийдөө ухаарав. Угаас уран зохиолын хүн тул худлаа ч гэсэн нэг ном бариадахвал жаахан ч гэсэн тайвширдаг тул гарт тааралдсан номоо шүүрэн авч гарчиглаваас ардын уран зохиолч Т.Галсангийн тэртээ 1990-ээд онд бичсэн "Ри багшийн түншүүр" хэмээх их эрдэмтэн Б.Ренчингийн тухай ярианы түүвэр, эмхэтгэл байв. Н.Энхбаяр ямартай ч ууртай байгаа дээр улам уурлуулахгүй байх (хошин шог) ном барьж авсандаа олзуурхан гүйлгэн гүйлгэн уншиж байтал ...

... уншиж байтал ухаан бодлыг цэлмүүлсэн уран арга харагдав гэнэ. Тэр юу гэвэл "Нэгэн өдөр Ри багшийн нэгэн шавь уруу доройхон явахыг багш нь үзээд "Яасан, миний хүүг цаадуул чинь оролдоод болохгүй байна уу? Багшийгаа эвэртэн тууртан чуулсан нэг хурал дээр сайн гэгч нь шүүмжилчих. Тэгвэл миний хүүг элдвээр гоочлохоо болино" хэмээн арга заав" гэсэн тэмдэглэл байв. Үүнийг үзсэн Н.Энхбаярт алтан нар бараан үүлийг шатаан гийгүүлэх мэт санагдаж тэр дороо өөрийн "төрүүлсэн хүү" У.Хүрэлсүх рүү утас цохиж "Үтэр түргэн ирсүгэй" хэмээн үүрэг болгов.

Ухаан мадаггүй гүйж ирсэн У.Хүрэлсүхэд "За миний хүү, аавтайгаа олны нүдэн дээр муудалцах хэрэгтэй байна. Тэгвэл чи бид хоёр аль аль нь алс хэтдээ жаргана. Аав нь сайн бодсон" гэж Н.Энхбаяр их л баяртайгаар хэлсэн ажгуу. Чингээд аав хүү хоёрын нарийн нягт бодож боловсруулсан жүжиг ард олны өмнө тавигдаж эхэлжээ. У.Хүрэлсүх "Энэ хүн хүн биш болжээ" гэж сониноор дүүрэн аавыгаа муулснаар жүжиг эхлэх бөгөөд түүнийг "аав" нь хэлсэн үгээр нь шантаажлан шүүхэд дуудах зэргээр улам үнэмшилтэй болгосноор жүжиг амжилттай өрнөв.

Нэгэнт эхэлчихсэн хуйвалдааныг гацаах, зогсоох арга Н.Энхбаярт байгаагүй тул энэ мэт жүжиг тавьж дайсны штабт хамгийн үнэнч тагнуулчаа шургуулах ухаан зарцуулсан нь энэ бөлгөө. Жүжиг гайхалтай амжилттай өрнөж хүү нь дайсны жанжны бүрэн итгэлийг олж баруун гар нь болсноор барахгүй, фронт командлагчийн хэмжээнд очиж чадсан тул одоо жүжгийн хамгийн чухал хэсэгтээ орох ёстой болов. Тэгээд ч энэ үед дайсны "операция Ы" амжилттай хэрэгжиж дуусаад Н.Энхбаяр аль эрт хог уруу өшиглүүлчихээд байв...

..."Дамдины Сүхбаатарын Батболдын МАН мандтугай. Ура нөхдөө" хэмээн У.Хүрэлсүхийг хоолойгоо сөөтөл бахирах дуунд "үзэгчид" баясан алгаа хорстол ташин уухайлж байгаа нь жүжиг толгой эргэм амжилттай өрнөснийг илтгэнэ.

Одоо хамгийн гол асуудал үлдлээ. "Ху"-учин нэрийг нь хусах хэрэгтэй. Анхнаасаа л жүжгийн гол зорилго энэ байв. Энэ нэрийн ачаар л Н.Энхбаяр буцаж ирнэ. Үүний төлөө л тэр олны өмнө "төрүүлсэн хүү"-гээрээ нүүр лүүгээ нулимуулах төлөвлөгөөг бодож олсон юм...

... Хойтонгийн сонгуулийг бодохоос л Н.Энхбаярт бүр хайр хүрээд байна. Би түүнд ямар их баярлаж явдгаа хэлэхгүй бол болохгүй юм шиг. Мэдээж түүнд зориулж байгаа талархлын маань тодорхой хэсэг нь түүний "хүү"-д ч бас зориулагдаж байгаа билээ.

Read more!