Thursday, January 22, 2009

Чи өөрөө хонин гүрвэл !!!

Олон хүний ажил амьдралдаа яарах их хотын хөдөлгөөн үргэлжилсээр…. Энэ хотод янз бүрийн ааш аяг, итгэл үнэмшил, ашиг сонирхолтой олон нөхөр амьдардаг юм.

Бидний далд ертөнц, сүсэг бишрэлийн талаар уншигч тантай хөөрөлдье хэмээн Багалзуур анд нэгэн сэдвийг ишлэн авч 21-р зууны хүн, ардчилсан улсын иргэн танд товчхон толилуулсу.
Эх орныхоо өнөөгийн байдлыг хүү нь юм болохоороо би үүрээ хөндүүлсэн шоргоолзны үүр мэтээр төсөөлдөг. Хэрэв хүрэн бөөртэй нөхөр байсан бол хурдан сөнөөсэй л гэж бодох байсан байх. Дээдэс нь жорлондоо хүртэл хууль зохиогоод эхлэхээр чинь доодос нь яаж хөлөө олох вэ дээ. Хууль дүрэм, хариуцлага гээч чухам юу болохыг ойлгоогүй 21-р зууны монгол хүн намайг бусад нь зэрлэг хүн гэх нь аргагүй бизээ. Үүнийг доор сийрүүлье.

Өчүүхэн миний бүдэгхэн санахын энэ соёлт нийгэм үүсэх явцад анхлан философи, бүдүүлэг одон орон судлал үүссэн гэж уншсан санагдана. Тухайн үеийн хүмүүс үр тариа тариалах, хураах, аж байдлаа хэвийн авч явах нь цаг уур, ган гачиг, цас бороо, түүний хүчин зүйлээс ихээхэн хамаардаг байжээ. Энэ үеэс л байгалийн сүрт үзэгдэл, мөн хүмүүний амьдрал ч гэсэн тодорхой нэг тойрогтой (цикль) гэж үзэн түүнийгээ тэмдэглэн үлдээсэн. Цаг хугацааны шалгуурыг даван туулж энэ цаг үеийг хүрсэн нь байгаа, баларч алга болсон нь ч гэсэн мөн бий л байх. Үндсэндээ амьдралыг танин мэдэх, түүнийг томъёолох гэсэн оролдлого л гэж ойлгох нь зүйтэй мэт.

Гэтэл бид өнөөдөр урьдын адил өөртөө биш хэн нэгэнд эсвэл огтоос хараагүй зүйлдээ үхэн хатан итгэдэг. Жишээлбэл бурханд, үзмэрчид, ламд гээд л далдын шидэнд зарим нь Румбо гаригийнханд гээд л... Үүнийг зарим нь уламжлал гэж тайлбарлана.

Шинэ Монголын иргэн бид интернет ашиглаж дэлхий ертөнцийн явдлыг мэдэж бас тэдэн шиг амьдарч байгаа мөртлөө шинжлэх ухаан хөгжөөгүй эрт баларын оюун бодлоор амьдарч байгаад хамгийн том дутагдал байна уу даа гэж би ойрд бодох боллоо.

Өөрийн амьдралаа хүнд даатгана гэдэг бол жинхэнэ тэнэглэл гэж би боддог. Бид хэтэрхий тахин шүтэмхий, хараар буюу сохроор итгэдэг нэгэн сул талаар зальтай нөхдүүд бизнес хийгээд байх шиг.

Нүүх, үсээ засуулах, хол явах, гэрлэх, зээл авах, эмчид үзүүлэх гээд л тус бүрийн өдөртэй байхаас гадна үүнээс ч олон үйлийг заавал тэрхүү өдөр нь гүйцэлдүүлэх ёстой гэх. Юу гэсэн үг вэ энэ чинь? Арай л хүүхэд хийж болохгүй өдөр гэж тусгайлан заагаагүй байх юм. Аягүй бол байдаг ч биз. Зарим нь эм залахад тааламжгүй өдөр гээд гүрийсээр нүд аньж байгаа ч юм билүү хэн мэдлээ. Хүн үхсэний дараа ямар амьтан болох, хүүхэд төрвөл ямар хүн болохыг нь хүртэл урьдчилан хэлээд өгчихөөр чинь ямар хэрэг байх вэ дээ. Уг нь эцэг эх нь хүүхэддээ ямар хүмүүжил олгосноос л тухайн хүүхдийн төөрөг зурагдмаар юм.

Ямар ч улс үндэстэнд зан заншил, үндэстний ухамсар гэж байх ёстой л доо. Гэвч бид хэтэрхий туйлшраад байна.

Гэтэл нөгөө гайхал Арго чинь зурхайч болчихсон, Тэрбиш энэ тэр гээд баахан нөхдүүдтэй ана мана үзэж байх юм. Энэ нь ч Монгол тоолол, тэр нь ч хужаа тоолол гээд. Аль нь үнэн байх хэнд хамаатай юм бэ? Тэдгээр хүмүүст л биз. Нийтээрээ дагаж мөрддөг зан үйлээ ядаж нэг өдөр хэрүүл уруулгүй хийж байвал хэн хэндээ амар байхсан.

Ингэж нийтэд хууль мэт тулгаж, амьдралд нөлөөлнө гэж айлгасан зан үйл өөр соёлжсон улсад байдаг болов уу. Өвчин ороовол үзмэрчид нь “танайд нэг хүнээс авсан хар юм байна. Түүнийгээ хая” гэнэ. Ажил бүтэхгүй байна, юунаас болсон байна үзэж өгнө үү гэхэд лам нар нь “ийм засал хийлгэ” гэнэ. Галзуурч байгаа юм шүү. Тэгэхээр л болчихдог юм гэнэ. Сэжгээр өвдөж, сүжгээрээ эдгэдэг зарим хүмүүст дом төдий болдог л байх. Арай л “чиний эхнэр чамд биш надад зохих нигууртай юм байна” гэж хэлэхгүй юм.

Энэ цагт тодорсон гэгээнтнүүдээр засал хийлгэж, гүрэм тавиулснаараа сайн болдог бол бид аль хэдийн “Азийн бар” болчихсон байхгүй юу.

Лам нар хүртэл ядарсан мань мэт дээр бизнес хийгээд байхаар чинь ямар хэрэг байх вэ дээ. Би уг нь лам нарыг хүмүүст мөнгөөр бус үнэгүй буян хийж, бурхны гүн ухаан судлах ёстой хүмүүс гэж ойлгодог. Буян номоо хөөж, гүн ухаан бясалгаж суудаг эрдэм төгс лам энэ үед байхгүй нь лав.

Би бүр гайхаад байгаа юм. Европын улсууд, Америк тэс өөр шашинтай. Гэтэл цагаан сараар нэг ч удаа мөрөө гаргаж үзээгүй, ажил хэрэг нь бүтэхгүй боллоо гэхэд очоод уншуулчих ламгүй хүмүүсийн амьдрал яагаад биднээс илүү байгаа юм болоо? Эсвэл манай лам нар халтуурдаад Түвд хэл мэдэхгүйг минь далимдуулж 1-100 хүртэл тоолчихоод адаг сүүлд нь нүүр уруу түй түй гээд байгаа юм бол уу? Зүгээргүй төлбөртэй тэр нь. Бодох л асуудал.

Энэ мэт шашны ч юм шиг, аж байдлын эсвэл зурхайн бичигдээгүй “хууль”-ийг бид үхэн хатан дагадаг, дагах ёстой гэж сохроор итгэдэг атлаа яагаад хог хаяж болохгүй, хулгай хийж болохгүй, хүн албал чамайг бүр айхтар шийтгэнэ гээд цагаан дээр тас хараар биччихсэн хууль байхад үүнд итгэл үнэмшилтэй ханддаггүй юм бэ? Аль болох өөрт амраар шийдэж түүнийг үл гүйцэлдүүлэхийг хичээнэ.

Товчхондоо өөртөө итгэдэггүйгээс хэн нэгэнд эсвэл ламд бүхнээ даатган, үзмэрчид үзүүлж, бүтэх эсэхээ урьдчилан хэлүүлэх дуртай хүмүүс.




Эсвэл бид үнэхээр итгэл үнэмшлээрээ хонин гүрвэл болж төрөхөөс үхтлээ айдаг улс уу.

Хүн ямар ч шашин шүтэж болно л доо. Үүнд би шүүмжлэлтэй хандах гээгүй. Мэдээж ганцхан бурхан байгаа. Би түүнд итгэдэг. Дэлхийн олон хүмүүс өөр өөрийнхөөрөө нэрлэж, тус тусын зан үйлийг хийдэг болохоос.

Хүн уур уцаар, атгаг санаа, гэм хор, шунаг сэтгэлгүй энэ насыг элээвэл болоо биш үү. Энэ насаа дуустал өөрөө өөртөө бурхан байя л даа.

Миний хувьд насан өтөлж бурхны орон зорих тэр цагт аврал эрнэ гэж бодож байгаа. Худлаа хэлж, хулгай хийлгүй шударгаар амьдарсан байхад өчүүхэн намайг хүлээж авч л таараа. Харин өнөөдөртөө би хүссэн өдрөө л үсээ засуулж баймаар байна.

1 comment:

Javkhlan said...

bas boduushtai l asuudal. mongold odoo hogjood baigaan ni shariin shashin geheesee iluu muhar suseg bolood baigaa bol unen shuu dee.