Thursday, August 30, 2007

Нэгэнт л оюун санааны хувьсгал хийе хэмээн уриалсан болохоор уриалгаа ажил хэрэг болгох талаар өөрөө эхлэх нь зүйтэй гэж санагдаж байна. Тиймээс орчин цагийн өндөр боловсролтой залуусдаа боловсон соёл төлөвшүүлэх ажлыг өөрөө эхлүүлэхээр шийдлээ.

УУЧЛААРАЙ, БАЯРЛАЛАА

Манайхны нэг сонирхолтой бөгөөд нийтлэг нэг зан төлөв байдаг юм. Тэр юу гэвэл ямар нэг хүнд баярлалаа, гялайлаа, талархлаа гэж хэлэхдээ нэн хойрго. Тэгэж хэллээ ч үнэн сэтгэлээсээ бус, албан хүчээр, өнгөцхөн хайнга сонсогдохтой үгүйтэй хэлэх. Ялангуяа найз нөхөд бол “Заа юун маягтай ийн, чи бид хоёр ингэж нялцганаад яахын” гэнэ. Гэхдээ хаа очиж хүнд баярласан сэтгэлээ илэрхийлэхдээ бас ч гэж танагтай, уучлаарай гэж хэлэхдээ бол үнэнхүү харам. Би анх гадаад гээч газар ирээд англи хэлийг сурах гэж хичээн шамдахдаа нэгэн зүйлийг жигтэйхэн тод анхаарсан нь юу гэвэл уучлаарай, баярлалаа гэх үгийг байнга тоть шиг давтах явдал байлаа. Угаасаа barbarian миний хувьд энэ нь илүүц маяглал, залхмаар яршигтай зүйл мэт санагдаж байсан боловч усыг нь уусан бол ёсыг нь дагахаас өөр аргагүй зүйл тул төд удалгүй хэлбэр төдий хэлж заншив.

Гэтэл энэ нь өнгөцхөн ёсорхол биш, цаанаа нарийн нандин утга агуулга бүхий бүхэл бүтэн цогц ойлголт гэдгийг ухааран хүлээн авахаас өөр аргагүй аж. Аль тааралдсан хүнд, хаа хамаагүй юм болгонд sorry, thanks гээд явах нь өөрийгөө жинхэнэ зэрлэгээс зэрлэг, бүдүүлгээс бүдүүлэг, морь унаж, мах зулгаасан өмхий нүүдэлчин гэдгээ харуулж байгаа гэдгээ мэдэрлээ. Учир шалтгааны нарийн гогцоо нь хэн нэгэнд зүгээр нэг уучлаарай гэж хэлэхдээ бус, үнэн сэтгэлээсээ хүндэтгэсэн, бие даасан амьд бодгалийнх нь хувьд анхааран тоомсорлож буйгаа илтгэсэн, хувь хүний эрх, эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрсөн утга санааг агуулдагт байна.

Эхэн үедээ би энэ нь зүгээр л хэлзүйн онцлогоос үүдсэн асуудал гэж бодож байлаа. Гэтэл монгол хэлэнд уучлаарай, өршөөгөөрэй, хүлцэл өчье гэх мэт олон сайхан үг байгаа нь хэлзүйн үүднээс шалтгаалаагүйг илтгэнэ. Хаана билээ уншиж байсан, please гэдэг үг монгол хэлэнд байхгүй гэж нэг нь балайтхад болгооно уу, ажаамуу гэдгийг тэгвэл юу гэж орчуулах вэ гэж мадалж байсантай агаар нэг.

Үнэн голоосоо уучлал хүсэж байгаагийнх нь нөгөө талд заавал ч үгүй ямар нэг байдлаар хариулт өгөх нь ёс. Эрж байгаа өршөөл, нигүүслийг нь хүлээж авч байгаагаа илэрхийлж never mind гэх нь эгэл жирийн, иргэншсэн соёл, хүмүүнлэг ёс юм. Магадгүй хариулт өгөхгүй, тэр ч байтугай ууртайгаар хялайн харж байвал таны хүссэн уучлал, хүндэтгэлийг тань хүлээж авахгүй байгаагаа илэрхийлж байгаа сөрөг хариу үйлдэл. Харин яах нь мэдэгдэхгүй гөлийгөөд л байвал яаж байгааг нь ёстой "чө-бү-мэ".

Түүхэн уг сурвалжийн хувьд уучлал, өршөөл нигүүсэл эрэх нь Монголчуудын хувьд гайхаад байх зүйл биш боловч өнөө үед “ховор бараа” болчихжээ. Энэ юунаас болов оо, иргэншиж эхэлсэн 20-р зууны дунд үеэс уламжлалт хүндлэх, хүндлэгдэх ёсзүй гажуудаж эхэлсэнтэй холбоотой юм бол уу, эсвэл зүгээр л хүний эрх, эрх чөлөө гэж учрыг нь сайн мэдэхгүй орилж байсан 90-ээд оныхноос эхлэлтэй юу?

Учрыг нь сайн мэдэхгүй ч өнгөрсний язгуур үндсийг ухлаа гээд юу сайжрах билээ, харин уучлал өршөөл эрэх нь угаасаа л Монгол ёс байжээ гэдгийг л санавал болох нь тэр. Зүгээр ч нэг санах биш, одооноос л хэрэгжүүлж, хэвшүүлж эхлье. Товчхондоо бие биенээсээ үнэн зүрхнээсээ уучлал хүсэж хэвшицгээе залуусаа. Уучлах эсэх нь бол таны л хэрэг. Харин эрж байгаа өршөөлийг нь өгөхөөр шийдсэн бол түүнийгээ мэдэгдээрэй дээ.

Бага байхад “хүн юм өгч байхад” гэж зандруулж алгаа тосоод, “одоо юу гэж хэлдэг билээ” гэж захиргаадуулж байж л сая нэг юм баярлалаа гэж автоматаар хэлж сурдаг. Ингэж тэгсээр байгаад хүн юм өгвөл л баярлалаа гэж хэлдэг юм байна гэсэн комманд толгойд тогтчихно. Аажимдаа жаахан томроод ирэхээрээ заавал биетэй бодитой зүйл авч байж л баярлалаа гэж хэлэхээ болиод аятайхан үйлчилгээ үзүүлсэн (хэдий үнийг нь төлсөн) ч баярлалаа, асуусан зүйлд хариулсан ч баярлалаа гэж хэвшинэ. Арай л сайн байна уу гэсэнд нь баярлалаа гэхээ шахна. Гэлээ гээд энэ хангалттай гэж үү? Хамгийн гол нь хүн чамд баярлаж байхад чи гөлийгөөд л зогсоод байх уу? Талархлаа илэрхийлж байгааг нь таалалтайгаар хүлээж ав л даа. Thank you гэхэд You’re welcome гэдгийн учир энэ. Түүнээс бус энэ бол автомат хариу үйлдэл биш.

Ойрмогхон эхнэртэйгээ ялихгүй юмнаас түр тархийлээ. Түр тархийх ч юу байхав, муудалцаж маргалдаагүй, бяцхан санал зөрсөн төдий л юм. Яалт ч үгүй миний зөв байсан болохоор нэн удалгүй ялалт миний талд ирлээ. Нэлээн мугуйд миний хувьд эхнэрийнхээ өөрийнхөө буруу байсныг ойлгож “ичингүйрэн бадайрч, мушгиран зангирч” байгааг харж кайф авах нь сонин биш, харин уучлаарай гээд хэлчихийг нь сонсох л гол зорилго байлаа. Гэвч зөрүүд золиг чинь хэлдэггүй шүү. Үүнээс нь болж бид хоёр жинхнээсээ түр тархийсэн дээ. Одоо бол эхнэр маань “уучлаарай хайраа” гэж үнэн голоосоо хэлдэг, харин би түүнд нь баярлаад шовхийлгэдэг болсон доо.

Энэ мэт энгийн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх гэж зүтгэх нь таны боловсролд нэмэр болдоггүй юм гэхэд боловсон соёл эзэмшихэд хэрэгтэй. Эрдмийн их цац суварга өөд мацахад тань энгүй их оюуны далай тань улам л хөлгүй болоод байх. Гэвч тэр их далайг хог бус соёл хөвөөлсөн цагт л тэргүүн баян эрдэм ном болдог буй заа. Энгийнээр тайлбарлаваас эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн билээ.

Дэмий юм бичиж үнэтэй цаг завыг тань үймүүлсэндээ хүлцэл өчье. Анхааран уншсан танд гялайлаа.

Read more!

Tuesday, August 7, 2007

Монгол угсаатан гаралтнуудаа уриалан дуудах утга санаа бүхий “Шороо ба Үндэстэн” хэмээх миний бичвэрийн талаар олон хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэний үндсэн дээр бас нэгэн бичлэгийн санаа төрлөө. Санаа төрөх ч юу байхав, бусдын бодлыг өөрийн бодолтой нэгтгэн бичмээр санагдав.

ЧОНО САНАА буюу ТӨРИЙН БОДЛОГО

Элэг нэгт Монголчууд маань газар газраас цуглаад ирэхийн хамт баахан проблемууд гараад ирэх нь дамжиггүй. Ялангуяа урд хойд хөршөөс суугуул орноо орхиод уугуул нутагтаа ирэх андуудтай минь хамт бидний хамгийн дургүй “хужаагийн” эрлийзүүд бөөн бөөнөөрөө ороод ирэлгүй яахав. За тэгээд тэднийг оруулахгүй байх арга чарга бодох хэрэг гарнаа. Монгол гэдгийг нь нотлуулахад л гол асуудал нь байх байлгүй. Монгол хүний ген гэж яг таг, бат нот нэг юм байдаг эсэх нь бас л эргэлзээтэй. За яахав, гялс судлаад нээгээд олчихдог юм гэхэд би л лав түүгээр нь шалгуулахгүй дэг. Гай болж чи Монгол биш гээд гараад ирвэл яах юм, бөөн сэтгэлийн зовлон. Ер нь есөн үеэ мэддэг хүн ч байсан 2-ын 8 зэрэг, дээд удмын нийт 512 хүнийг жинхэнэ Монгол хүн байсан эсэх нь хүртэл эргэлзээтэй шүү дээ. Тэгээд ч хэчнээн их дайн хийлээ, наад зах нь эрчүүд нь гэртээ тогтохгүй, гэрт нь энд тэндээс олзолсон элдэв хангайн боол зарц нөхдүүд. Түүх харсан ч тэр, яагаав нөгөө Добу мэргэн өөд болчихсон хойно Алунгоо хатан 3 хүүхэд төрүүлчихсэн шүү дээ. Аа бас баахан олзны эмс охид байна, тэд нь бас зөндөө хүүхэд шуухад гаргаа л байлгүй. Та бид бүгдээрээ л тийм хүмүүсийн үр сад, хэн нь ч ялгаагүй.

Тэгэхээр энэ арга бүтэхгүй. Тэгвэл геополитикийн аргаар “шалгаруулна” гэвэл бүр бүтэхгүй. Ямар Гуаньжоуд хэдэн удмаараа амьдарсан Монгол хүнийг хасаад Шилийн голд хэдэн үеэрээ байсан нэг гадагад нөхрийг иргэнээрээ бүртгэж авалтай биш. Энэ бас дэмий юм байна. Тэгвэл хэлзүйн үүднээс шигшье гэвэл яах бол? Монголоор ярьдаггүй хүнийг Монгол улсын иргэн болгохгүй гээдэхвэл манай тагнын урианхайчууд болох Тува нар тэр чигээрээ хасагдчихна. Наад зах нь нутаг нутгийн аялгыг бүр яана гэхэв. Тэгэхээр энэ бүр болохгүй зүйл байх нь.

За ерөөсөө больё, бүгдийг нь бүртгээд авчихъя. Угаасаа манай улс л нэг үндэстний улс болохоос дэлхийн ихэнх улс орнууд хэд хэдэн үндэстнээс тогтдог. Тэгээд ч үлдэж байгаа жаахан Монгол генийг хадгалж хамгаалах талаас нь арай сийрэг ухаанаар олон талаас нь бодож үзэхэд бяцхан цус сэлбэхэд гэмгүй л байх. Тэгэхээр өнөөдүүл маань орж ирээд хутгалдаад эрлийзэж, хурлийзжаад аажимдаа уусна биз гээд бодтол тэдний оршин суух газрынх нь талаар бодох хэрэгтэй болчихно. Тэгэхгүй бол орж ирсэн нөхдүүд бүгдээрээ нэг дор байгаад байвал ямар юмных нь генетик-селекци явагдах билээ.

Гэтэл 1,565 мянган хавтгай дөрвөлжин км өргөн уудам нутгийн дөнгөж 0.05 хувь хүрэхгүй газарт нийт хүн амынх нь 40 шахам хувь нь шахцалдан амьдарч байгаа нь шавар тагзандаа шавааралдан сууж буйгаас ялгаа алга. Уг нь нүүдэлчин соёл иргэншил музейн үзмэрт шилжиж, урбан соёл даяаршиж буй өнөө үед 20 гаруй хоттой манай оронд ингэж баасан дээр овоорох ялаа шиг нэг дороо бужигнаад байх шаардлагагүй л юмсан.

Гэвч нээрээ Монголд ганцхан хот байдаг юм байна. Бусад хотыг нь сум гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр ганцхан Утаанбаатарт амьдрах нь аргагүй юм байна. Тэгээд ч бусад суманд амин зуулга хайхад ч үнэндээ хэцүү. Гар утас авъя хөдөөгийн үнийн нэмэгдэлтэй. ЭмСиЭс-ийн ганц ориг кола аваад уучихъя бас л нэмэгдсэн үнэтэй. Ямар дандаа л тараг идээд, айраг уугаад, мах зулгаагаад яваад байлтай биш. За больё, сургуульд суръя хот л явна. Хувь хувьсгал нь хамаагүй, бүгд хотод. Сургууль төгслөө, хөдөө явъя. Очиж “ялзрах” гээгүй л юм бол ямар юмаа хийж алс газар бөглөрч суух вэ дээ. Тэгсэн дор, хотод худалдагч, ядаж бааранд зөөгч хийж байсан нь дээр. Юмыг яаж мэдэх вэ, нэг өдөр тэнгэр гуайн “нөгөө юм” хурууны үзүүрт тэмтрэгдэх ч юм билүү.

Зүүн зүг уруу бол баруунтайхныг бодвол бас ч гэж арай дээр. Хойгуур гэж яриад яахав, угаасаа Улаанбаатар нутаг дэвсгэрийн хойд хэсэгт байдаг. Өмнө зүг уруу бол хандахын ч хэрэггүй, Оюутолгой энэ тэр нь байгаад ч ямар нэмэртэй. Улаанбаатар тэр хоёрын хооронд шууд нисчих хойно. Бусад нь бол зүгээр л хоншоороо татахаас өөр аргагүй. Угаасаа Монголд ямар зам тээвэр гэж юм байх биш. Харин хаа очиж муу нэрт, луу данст ерөнхийлөгч гуай л элдвээр хэлүүлэн барин санаачилсан Мянганы зам баригдаж байна. Барьж байгуулж байгаа нөхдүүд нь л жаахан тиймхэн болохоос бусдаар тун дажгүй санаа байгаа юм.

Америкийн онгон зэрлэг хээрийг эзэгнэн захирах, хотжуулан хөгжүүлэхэд Европчуудад төмөр зам тус нэмэр болсон гэдэгсэн. Сөнөж мөхөж байсан хэт хуучинсаг, хоцрогдсон бүдүүлэг ард түмнээс ертөнцийн хүчирхэг гүрэн, аугаа улаан Хятад орныг бий болгоход төмөр зам л үр нөлөөгөө өгсөн. Түүн лугаа адил Монгол оронд төмөр зам хөгжил дэвшлийг авчирна гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг.

Баруун тийшээ төмөр зам тавьж орхиё л доо. Өртөг нь нэлээн өндөр л байна байх. Гэлээ гээд Хархориныг жишиг хот болтол нь хөгжүүлэх 218 тэрбум төгрөгөөсөө ч болов хандивлаад, нийлүүлээд байхад болно доо болно. Ядаж ганц хоёр жилдээ ч болов, энэ олон ажилгүй залуусыг ажилтай байлгахгүй юу. Уг нь нэг удаа төмөр зам тавьчихсан байхад хувийн хэвшлүүд өөрсдөө л Хархориныг хөгжүүлчих юм байгаа юм ш дээ. Тэр замаар ачааны машинд ачаад ч барагддаггүй тонн тонн барилгын материал, хүнд даацын машин механизмууд хөвөрч хөгжил дэвшил гээч юм чинь хөдөө газар хүрээд очихын цагт хүн гэдэг амьтан чинь уудам дэлгэр нутагтаа тархаад өгмөөр л санагдаад байгаа юм даа. Худал гэвэл хүн амын шилжилт хөдөлгөөний үр дүнг нэг хараадхаарай. Төмөр зам дагуух суурингуудад л аль олон хүн шавсан байгааг статистик мэдээллээс хялбархан олоод үзчихэж болно.

За тэгээд л Улаанбаатарыг зүүн бүсийн эдийн засгийн төв болгоод, Улиастай ч юм уу, Ховдыг ч юм уу баруун бүсийн эдийн засгийн төв болгочихсон, эд нар нь хоорондоо төмөр замаар холбогдчихсон байхад улсын нийслэл, засаг захиргааны төв нь Хархорин байна уу, яанав хамаа алга. Бараа таваарын хуваарилалт гэдэг чинь тэр сайхан сүлжээгээр жигдхэн тараад л, үнэ тариф гэдэг чинь онцын ялгаагүй адил түвшинд тогтоогдоод л. Ингээд бодохоор нөгөө унаад, сөнөөд байгаа Монголын төмөр замын хажуугаар хувийн галт тэрэгнүүд нь зорчигч болоод ачаа тээврээ хийгээд байхад болохгүй юмгүй л санагдах юм. Яагаад төрийн өмчийн МИАТ-ын хажуугаар хувийн өмчийн Аэро Монголиа, Изинис Эйрвэйз нь нисэж болоод байхад нэгэнт тавигдсан төмөр замаар амин хувийн уурын зүтгүүр төлбөр хураамжаа өгчихөөд уухилаад давхиж болохгүй гэж.

Мэдээллийн технологийн эрин үед аль амбасан үеийн аж үйлдвэржилтийн юм яриад байхаар гайхаж л байгаа байх. Гэвч бодит байдал дээр Монголын хувьд юун мэдээллийн технологитой мантай байна шүү дээ. Талхны үнэ нэмэгдлээ, автобусны үнэ нэмлээ гэхийн төдий бослого гаргаад байдаг ядуу ард иргэдтэй улсад эдийн засгаа тэнцвэртэй хөгжүүлэх нь хамгийн тэргүүнд тавигдах асуудал шүү дээ. Автобусны үнэ нэмэгдээ л биз, уг нь ганц нийслэлийнхний л асуудал. Гэтэл цаана нь өөр хот суурин, хүн ам гэж байдаггүй юм уу хаашаа юм.

За бас, өөр аймгийн нэг хүн гараад ирэхтэй зэрэг эвэртэй туулай үзсэн юм шиг гайхаад л элдэв хангайн юм донгосоод байдаг хэт үндсэрхэг үзэл гэж нэг балай өвчин байна. Нутгархаг үзэл гэдэг чинь үндсэрхэг үзлийн нэг хэлтэрхий. Монгол гэхээр л халхыг хэлдэг, барга, цахар гэхээр л Өвөрмонгол (хужаа) гэж ойлгодгоо хэзээ болих юм бол?! Хит болж байгаа дуу нь хүртэл “Би жинхэнэ Монгол, саак халх” гэдэг үгтэй шүү. Ийм ухвар мөчид бодолтой байгаа залуус ямар юмных нь нэгдсэн Монгол, нармай Монгол улсыг байгуулах. Урдаас ирснийг нь хужаагийн эрлийз гэж доромжлоод л, хойноос ирснийг нь Оросын хурлийз гэж ад үзээд л. Үндсэрхэг үзэл гэж өөрийн үндэстнийг (өөрийгөө, хар амиа) дээгүүрт тавьж илүүд тооцдог, бусдыг дорд үзэж үл тоомсорлон нулимдаг нацист үзэл санааг хэлдэг болохоос улс орны эрх ашгийг чухалчилдаг үндэсний үзэл, ухамсрыг хэлдэггүй.

Саяхан гадаад хаягтай дайн зарлаж аюул болов. Мөн хийрхэх юмаа олж ядав аа. Гадаадын жуулчид “Hotel” гэдэг бичиг эрнэ үү гэхээс “Зочид буудал” гэдэг үг хайх уу? “Pub” орж аяга тагш юм олж хүртээд сурчихсан тэдэнд “Пиво баар” гэдэг газар гашуун нясуун юм зардаг юмаа гэдгийг тайлбарлаад хэлчих хүн гудамжинд тэр бүр тааралдах уу? Тэгээд бас аялал жуулчлал бол Монгол улсын тэргүүлэх салбарын нэг гээд байгаа шүү. Хэт нэг зүйлд улайрах нь сэтгэцийн гүн өвчин. Энэ бол хямрал, сүйрэл. Бид оюун санааны солиорол, дэмийрлийн дунд байна.

Их түүх, эх хэлээ магтан дуулах нь зөв боловч алив юманд хэмжээ хязгаар хэрэгтэй. Түүхийг бид алдаа оноогоо дэнслэх гэж ирээдүйгээ төлөвлөх гэж судалдаг, хэлийг бид өдөр тутам ашиглах гэж улам бүр баяжуулан хөгжүүлэх суралцдаг болохоос бус хий хоосон онгирох, хийрхэх гэж уншдаггүй, сонсдоггүй. Хэрэв айлчлалаар ирсэн Кувейтийн эмирт манай ерөнхийлөгч “Миний дээд өвөг танай дээд өвгийг алаад, дээд эмгийг чинь хүчиндэж явлаа” гэж гайхуулбал юу болох вэ? “Бид дэлхийг эзэлж явсын” гэж цээжээ дэлдэн ширээ шааж агсамнахаас илүүтэй “Яаж үр хүүхэддээ аятай таатай орчин бүрдүүлж үлдээе дээ” гэж бодох эрүүл ухаан өнөөгийн залуус бидэнд байхгүй гэж үү? Яагаад “Муусайн хужаа, солонгосуудыг ална даа” гэж орилохын оронд “Яаж тэдний нөү-хауг эвтэйхэн хусчихъя даа” гэх зальжин бодол сэргэлэн толгой дотор нь эргэлдэж болдоггүй юм бэ?

Энд л өгүүллийн маань утга санаа агуулагдаж байгаа юм. Бидэнд оюун санааны хувьсгал хэрэгтэй байна. Наад зах нь өдөр ирэх тусам хавтгайрч байгаа нэг дэлхийн хэл болох англи хэлийг албан ёсоор хоёрдогч хэл болгон зарлах хэрэгтэй. Үүний тулд хүүхдэд ясли, цэцэрлэгт байхаас нь дунд сургууль төгсөх хүртэл нь англи хэл зааж, дээд сургуулийн хичээлийг англиар ордог байх хэрэгтэй. Бас гадаах бүх хаяг самбарыг монгол, англи хоёр хэлээр бичих хэрэгтэй. Үүнийг хуульчлан тусгаж өгөх нь зүйтэй.

Дээд боловсролыг (мэдээж бүгд биш) англиар олгодог болчихвол энэ олон зах замбараагаа алдсан их дээд сургуулиуд, худал үнэн багш нар хумигдаж, чанартай хэдхэн том их дээд сургууль л үлдэнэ. Яагаад өчнөөн сая хүнтэй БНСУ-д 300-хан дээд сургууль байхад 3 сая хүрэхгүй хүн амтай Монголд 120 гаран дээд сургууль байгаа юм бэ? Яагаад Монголд авсан бакалаврын зэрэг олон улсад үл тоомсорлогдож дахин бакалавр авах гэж сурах ёстой юм? Гэх мэт олон олон ажил бидний өмнө тулгараад байгаа боловч шийдэгдсэн нь нэгээхэн ч үгүй. Энэ бүх асуудлын гогцоо төрийн бодлого гээч юмыг боловсруулдаг, хэрэгжүүлдэг аппаратад л байна.

Гэтэл манай парламентын хийдэг ажил нь оршуулга яаж зохион байгуулах вэ, наадмаа яаж гоё хийх вэ гэдэг л байх юм. Гаргасан хуулиас нь болоод л өч төчнөөн хадгаламж зээлийн хоршоод худлаагаасаа үүсч төд удалгүй дампуураад л, албатай юм шиг өөрсдөө мөнгөө май гэж аваачиж өгч алдчихаад түүнийгээ төрөөс нэхээд л. Тэр нь өгөөд л...

Нөгөө маниудын хэлдэг нохой санаа, чонын ухаан хаачсан бэ? Төслөөс арайхийж унагасан хэдэн цаасаа яаж азаартуулахгүй байх вэ гэдгээс өөр юм толгойд нь орохоо байчихсан юм байх даа, манай энэ элитүүдэд? Өнөөдрийн уушигнаас илүүтэй, маргаашийн өөх чухал биш гэж үү? Энэ л төрийн ажил мөн биз дээ? Энд л төрийн бодлого байх хэрэгтэй биш үү?

Тиймээс ирээдүйн төрийн хар хүн болох одоогийн шалдан хөвгүүд, нүцгэн охид бид нар эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Бид нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж чадвал бидэнд чадахгүй, мэдэхгүй, дийлэхгүй юмгүй л болж орхино доо. Нэгдмэл хүчирхэг, их Монгол улсын, агуу үндэстний төлөө дээшээ залуусаа, өөдөө...


http://www.tsahimurtuu.mn/main/200708071281.htm

Read more!