Энэхүү эссэ нь Иргэний зориг намын 10 жилийн ойд зориулсан зохион бичлэгийн уралдаанд тусгай байр эзэлсэн болно. Харамсалтай нь уралдааныг зохион байгуулагчид амлалтаа биелүүлээгүй, шагналаа өгөөгүй.
ИТАР-ТАСС: ...Өчигдөр төв Азийн элгэнд орших Монгол улсад парламентын сонгууль болж өнгөрлөө... Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд өмнөх сонгуулийн үр дүнг үндсэндээ давтлаа гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл 76 суудал бүхий парламентын доод танхим дахь олонх цөөнхийн хувийн жин хэвээр хадгалагдан үлдлээ. 20 жилийн өмнө үндсэн хуулиндаа оруулсан өөрчлөлтийн үр дүн нь бараг парламентын доод танхимын сонгууль гэж хэлж болохоор байгаа боловч энэ нь зөвхөн тус улсыг улс төрийн орчны хувьд өнгөцхөн дүгнэсэн хэрэг болно. Учир нь эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн Монгол орныг 20 жилийн өмнөх ядуу буурай Монголтой адилтган зүйрлэх юм бараг үгүй гэж хэлж болохтой...
BBC: ...Монголын парламентын сонгуулийн явц олон улсын ажиглагчдыг ихэд гайхуулж байна. Пропорциональ системээр явагддаг тус улсын парламентын доод танхим дахь хүчний харьцаа 4 дэх удаагаа уламжлагдан үлдэх боллоо. Сонгуулийн явц маш тайван, нэн хатуу хяналтын доор явагдсан бөгөөд сонгогчдын ер бусын идэвхитэй байдал нь олон улсын ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн үндсэн шалтгаан юм. Энэ тухай “20-иод жилийн өмнө сонгуулийн үр дүнг аймшигтайгаар будлиантуулдаг байсан тул санал өгөхөөс дур гутдаг” байсан талаар нэгэн сонгогч тайлбарлаж байлаа.
Сонгуулийн хүчний харьцаа буюу намуудын төлөөлөл хэвээр үлдэх болсон хэдий ч хууль тогтоох эрх мэдэл бүхий доод танхимд намаа төлөөлөх гишүүдийн хувьд уг суудалдаа хэвээр үлдэх эсэх нь тодорхойгүй юм. Учир нь орон нутгийн төлөөллөөс бүрдэх парламентын дээд танхимын гишүүдийн санал хураалтын үндсэн дээр тухайн намаас нэр дэвшигчийн бүрэн эрхийг батлах ёстой. Ёсзүйн болоод мэргэжлийн өндөр шалгуур тавьдаг, хатуу шаардлага бүхий дээд танхимын гишүүд нь хэдийгээр хууль тогтоох эрх мэдэлгүй боловч тухайн улсад олон ч зүйл дээр хяналтын үүргийг хэрэгжүүлдгийн нэг нь доод танхимын гишүүдийн сонгууль ажээ...
Economist: ...Монгол улсад бий болоод удаж байгаа улс төрийн тогтолцоо хэвээр үргэлжлэх болсон нь тус улсын хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-д “асуудал” үргэлжилсээр байгааг санууллаа. Өндөр түвшинд аж үйлдвэржсэн эдгээр улсуудын хувьд тэднээс хэд дахин цөөн хүн амтай “жижигхэн” Монголын эдийн засаг, ялангуяа тус улсын экспортын үндсэн бүтээгдэхүүн болох түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний талаар баримтлах бодлого нь туйлын чухал юм. Учир нь хэдийгээр Монголын түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь эдгээр улсуудын аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд шаардлагатай “цорын ганц“ орц нь биш боловч яалт ч үгүй тэдний ямар үнээр, хэдий хэмжээтэйг нийлүүлэхээс бүх зүйл хамаардаг болсоор нэлээд удаж байгаа юм.
ОХУ, БНХАУ гэх мэт хүнд үйлдвэрлэлийн орнуудаас гадна нарийн техник, технологийн үйлвэрлэлээр манлайлагч Япон, БНСУ, ХБНГУ, АНУ зэрэг хөгжингүй гүрнүүд ч Монголын сонгуулийн үр дүнг төдийлөн эергээр харахгүй байгаа юм. Өдөр ирэх тусам бусдаас үл хараат болж байгаа эдийн засаг бүхий тус улсын зүгээс хэчнээн эелдэг найртайгаар боловч “ач үл санах” хөндий хүйтэн санаагаа тодорхой илэрхийлэх болсон нь Монголд голлон хандивлагч асан улсуудын голыг харлуулж байгаа юм...
Forbes: ...Дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаад байгаа Монголын парламентын сонгуулийн үр дүнг улс төрийн тоймч судлаачид тус улсын эрх баригч хүчний зүгээс сүүлийн 20-иод жилд баримтлаж буй “эдийн засгийн эрс шинэчлэлийн бодлого болон хууль эрхзүйн орчинд хийсэн хатуу өөрчлөлт”-ийн үр нөлөө гэж тайлбарлаж байна. Үндсэндээ хөрш улсуудынхаа хараан дор 300-аад жил ертөнцөөс тусгаарлагдсан тус улс нь 1990 онд ардчиллын замд тайван замаар шилжилт хийснээр “өөрийн хар толгойг мэдэх” бололцоотой болж “Үндсэн хууль”-аа баталснаар тусгаар улсын шинжийг бүрэн олсон юм. Гэсэн хэдий ч хөгжлийн зөв гольдролдоо орох хүртэл 20 гаруй жилийг үдсэн бөгөөд эдгээр он жилүүдэд хувийн ашиг сонирхолдоо хэт улайрах олигархийн ноёрхол, хүчирхэг улсуудын нөлөөллөө тогтоох олон талын сонирхол болон бусад олон олон хүчин зүйлсийн улмаас тус улс дэлхийн хамгийн их баялагтай боловч хамгийн ядуу буурай орны нэг байсаар ирсэн юм.
Эрх баригч хүчний хийсэн хамгийн том эдийн засгийн шинэчлэлийг шинжээчдийн үзэж байгаагаар “бүсчилсэн хөгжлийн үзэл санаа” гэж томъёолж болох бодлого юм. Өөрөөр хэлбэл урьд нь багахан улсын дайтай өргөн уудам нутаг дэвсгэртэй боловч хуруу дарам цөөн хүн амтай 21 мужийн амьдрал нь нийт хүн амын 60 шахам хувийг багтаасан нийслэл хотоос гагцхүү хамаардаг байсан эдийн засгийн хэт төвлөрөл, ачаалал, нөөцийг тараан байршуулах бодлого нь тус улсын өнөөгийн хөгжлийн эхлэл болсон ажээ. Одоо тус улсын нийт хүн ам нь эдийн засгийн хувьд бүрэн бие даасан 8 том хотоос гадна тухайн бүс нутгийнхаа төв цэг болсон 30 шахам жижиг хотод тархан амьдарч байна.
Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд 19-д ордог асар уудам нутаг дэвсгэртэй, далайд гарцгүй тус улсын дэд бүтэц нь санаанд оромгүй хурднаар хөгжиж, ялангуяа сүүлийн 10-аадхан жилийн дотор бүх нутгийг хамарч чадсан төмөр замын сүлжээ нь эдийн засгийн хэт төвлөрлийг тараах үндсэн нөхцөл болсон байна. Энэ тухай “Урьд Улаанбаатараас өөр газар амьдрахад маш хэцүү байсан. Хүний хэрэгцээтэй зүйлс юу ч байхгүй. Харин одоо бол том хотод амьдарснаас жижиг хотод амьдрахад хамаагүй хялбар. Ажлын байр элбэг, бараа үйлчилгээ ч хямдхан. Том хотод бол наад зах нь орон сууц өндөр үнэтэй, тэгээд ч ховор шүү дээ” хэмээн Баруун-Урт хотын оршин суугч ярьж байна.
Түүнчлэн хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол хууль эрхзүйн орчинд хийсэн зоримог өөрчлөлтүүд юм. Энэхүү өөрчлөлтийн үндсэн цөм нь үндсэн хуулийн шинэчлэл агаад тус өөрчлөлтийн гол зангилаа нь засаглалын эрх мэдлийг дахин хуваарилсан явдал юм. Өөрөөр хэлбэл шинэ үндсэн хуулиар парламент нь хууль тогтоох эрх мэдэл бүхий, намуудын төлөөллөөс бүрддэг ДООД, хяналт тавих чиг үүрэг бүхий, нийгмийн элит ангийн төлөөллөөс бүрддэг ДЭЭД гэсэн байнгын үйл ажиллагаатай 2 танхимаас бүрдэх болсон байна. Энэ удаагийн сонгууль нь доод танхимын сонгууль бөгөөд тус танхим нь үндсэн хууль болон дагалдах суурь хэдхэн хуулиас бусад бүх хуульд өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах зэрэг хууль тогтоох бүхий л эрх мэдлийг хэрэгжүүлдэг юм.
Үндсэн хуулийн өөрчлөлт бол сүүлийн 10-аад жил эрх барьж байгаа хүчний хийсэн гол шинэтгэл биш бөгөөд тэдний хамгийн гол хийсэн шинэтгэл бол хууль сахиулах, дээдлэх үйл явцад гаргасан амжилт юм. Үнэндээ хуульзүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тус хүчнийг Монголын эрхзүйн орчинд ямарваа нэг шинэтгэл хийсэн гэж хэлэхэд хэцүү боловч өнөөг хүртэл хадгалсаар ирсэн нүүдлийн соёл иргэншлийн нөлөө, иргэдийн далд ухамсар, уламжлалт сэтгэлгээ нь тус улсад хууль хэрэгжүүлэх явцад хамгийн том саад тотгор болж байсныг өөрчилж чадсан нь өөрөө асар том шинэчлэл болж байгаа аж. Энэ тухай тус улсын эрхзүйчид “Үнэнийг хэлэхэд энэ бол эрхзүйн орчны гэхээсээ оюун санааны асар том хувьсгал юм” гэснээс ийнхүү дүгнэхэд улам хялбар болж байна. Энэхүү өөрчлөлтийг шинжээчид дараах 3 бүлэгт хуваан авч үзэж байгаа бөгөөд тус өөрчлөлтийн давалгаа нь нэгд төрийн захиргааны албан хаагчдын хүрээнд, хоёрт шүүхийн албан хаагчдын хүрээнд, гуравт нийт иргэд сонгогчдын хүрээнд гэсэн 3 чиглэлээр нэгэн зэрэг явагдсан ажээ...
Xinhua: ...Нэгэн үе Minegolia гэгдэж байсан Монгол улсад парламентын сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Сонгуулийн үр дүнд өнөөгийн эрх баригч хүчин дахин 4 жилийн хугацаанд улс орноо үргэлжлүүлэн удирдахаар болсон байна. Тус хүчин сонгуульд ялалт байгуулснаар өнгөрсөн 4 жилд өндөр үр дүнтэй ажилласан хэмээн иргэд сонгогчдын талархлыг хүлээгээд байгаа ерөнхий сайд н.Батын тэргүүлсэн засгийн газар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бололцоотой болж байгаа юм. Доод танхимд олонхийн суудал авсан хүчин засгийн газраа эмхлэн байгуулах агаад олон улсын сэтгүүлчдээс “цөөвөр чоно” гэдэг хоч хүртсэн ноён Батын засгийн газрыг үргэлжлүүлэн сонгох магадлал өндөр байна.
Тус улсын үндсэн хуульд заасан ёсоор доод танхим нь өөрсдийн байгуулсан засгийн газраа огцруулах болбол дээд танхимын зөвшөөрлийг авах ёстой байдаг. Энэ нь төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, Монтескьюгийн засаглал хуваах онолын дагуу хууль тогтоох эрх мэдлийн давамгайллаас гүйцэтгэх эрх мэдлийг хамгаалах утга санаатай аж. Доод танхимаас 4 дахин олон гишүүнтэй дээд танхим нь хэдийгээр нэгэнт байгуулагдсан засгийн газрыг улс төрийн “шоглоом”-оос хамгаалж чадах боловч харин дур мэдэн огцруулах эрхгүй байдаг...
Deutsche Welle: ...Өнгөрөгч амралтын өдөр Монгол улсын парламентын сонгууль явагдаж өнгөрлөө. Популист амлалт, социалист хандлага бүхий зүүний хүчнүүд тус улсад амжилт олохоо больсоор удаж байгааг энэ удаагийн сонгуулийн үр дүн дахин харууллаа. Гэсэн хэдий ч сонгогчдын зүгээс энэ удаагийн сонгуульд өмнөхийн адил “нэн хөдөлмөрч, хэт капиталист чиг хандлага бүхий барууны хүчнийг нийгмийн халамж, хамгааллын асуудлыг орхигдуулж, дэндүү өрөөсгөл бодлого явуулахвий” гэсэн болгоомжлолтойгоор хандсаныг зүүний хүчнийхэн сөрөг хүчний байр суурь эзэлж дөнгөсөн нь гэрчилнэ.
Үнэн хэрэгтээ нүүдлийн мал аж ахуй эрхлэдэг малчид барууны хүчнийхэнд таа муутай ханддагийн улмаас сөрөг хүчнийхэн өдий хэмжээний суудал эзэлж чадсан юм. Үүний учир нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд асар том өөрчлөлт хийсний улмаас малчид эрх баригчдад таа муутай хандах болсон бөгөөд энэхүү өөрчлөлтийн улмаас Монголын мал аж ахуйг нүүдлийн гэхээсээ илүүтэй хагас бэлчээрийн буюу фермэрийн аж ахуй гэж нэрлэх болжээ.
Дэлхийн дулаарлын улмаас удаа дараалан тохиосон ган, “zud”-ын гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх бололцоог олгосон дээрх өөрчлөлт нь ихээхэн цөөрөөд байсан малын тоо толгойг өсгөхөд тун чухал нөлөө үзүүлж, тус улсын эдийн засагчдын толгойн өвчин болдог байсан “малыг эдийн засгийн эргэлтэд оруулах” асуудлыг шийдэхэд том алхам болж өгсөн байна. Гэсэн хэдий ч дураараа нүүдэллэх эрхийг нь хясаж, нийгмийн баялгаас шууд хүртэх завшааныг нь боож, уламжлалт баяр наадмуудынх нь тоог цөөлсөн эрх баригчдыг уучлах болоогүй гэдгээ малчид энэ удаагийн сонгуулиар харууллаа...
NHK: ...Хорь гаран жилийн өмнө газар тариалангийн улс болохоор зориг шулуудан мянга мянган жилийн түүхтэй их нүүдлээ алгуурхан зогсоож байгаа Монгол улс энэ удаагийн ээлжит парламентын сонгуулиа явуулж дүнгээ гаргалаа. Үр дүн нь тус улс суурин соёл иргэншлийг эргэлт буцалтгүй сонгосныг харуулж, шилжилт дуусаагүй болохыг илтгэж байна. Өөрөөр хэлбэл өмнөх сонгуулийн үр дүн бараг яг хэвээрээ давтагджээ.
Өрнө дорныг холбосон Транс-Монголын магистрал нь хамгийн аюулгүй, хамгийн шуурхай, хамгийн дөт, хамгийн хямд өртөг бүхий хуурай замын тээвэр болж байгаа бөгөөд Европ-Азийн улс орнуудын бараа таваарын харилцан солилцоог хангадаг гол суваг юм. Тус улсын газар зүйн байршлын онцлогийг тод илэрхийлэх энэхүү магистралын гол давуу тал нь төмөр замын болоод авто замын өндөр хүчин чадалтай сүлжээ юм. Газар тариалангийн бүс нутагт угаас тохиромжгүй цаг агаар, хөрс шороо бүхий тус улсын хувьд энэхүү магистрал нь Монгол улсын “үндсэн тэжээл” болдог.
Хэдийгээр уран, зэс, нүүрс зэрэг дэлхийн зах зээлд өндөр эрэлттэй байгалийн эрдэс баялгийн арвин нөөцтэй тус улсын хувьд тэргүүлэгч салбар нь уул уурхай байх нь гарцаагүй мэт боловч эрх баригчдын 10-аад жилийн өмнөөс баримталсан үндсэн бодлого нь “байгалийн хязгаарлагдмал нөөцөөс шавхагдашгүй баялгийн эх үүсвэрийг илүүд үзэх” явдал юм. Ерөнхийдөө тус улсын орлогын гол цөмийг уул уурхай биш, ачаа тээврийн салбар бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл бүх түүхийнхээ туршид өрнө дорныг холбосон торгоны замыг эзэмших оролдлого хийж ирсэн энэхүү дайчин замналтай ард түмэн үндсэн зорилгоо дээд зэргээр биелүүлж чаджээ.
Хүнсний хэрэгцээгээ бусдаас хамааралгүй бүрэн хангаж чаддаг Монголчуудын хүнсний бүтцэд далайн гаралтай бүтээгдэхүүний орц бага байдаг ч тухайн бүс нутгийн цаг агаарын онцлогоос шалтгаалан далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ бага байдаг тул энэ нь огтхон ч асуудал болдоггүй. Харин гол бэрхшээл нь бөс барааны хэрэгцээ буюу бэлэн хувцас үйлдвэрлэл, түүний түүхий эдийн хангалт нь асуудал болсон хэвээр байна. Хэдий мал амьтны гаралтай арьс, савхин эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд тодорхой байр суурь эзэлдэг ч тус улсын мөнхийн бэрхшээл нь “хувцаслалт” хэвээрээ байгааг эрх баригчид соргог ажиглаж мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхой тусгаж өгсөнөөрөө энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах боломжоо нэмэгдүүлсэн байна...
CNN: ...Өнөөдөр оройн 5 цагт Монгол улсын нийслэл Хархорум хотноо сүндэрлэх “Парламентын өргөө”-нд сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор мэдээлэл хийж сонгуулийн эцсийн үр дүнг танилцууллаа. Сонгуулийн үр дүнд гайхахаар зүйл байсангүй нь өнөөгийн парламент үргэлжлүүлэн ажиллах болсон байна. Энэ нь сонгууль явагдахаас нэлээд хэдэн сарын өмнөөс илэрхий болсон ба эрх баригчид судалгааны урьдчилсан таамаглалд тайвшралгүй, үйл ажиллагаагаа шаргуу явуулсаар ирсэн нь таамаглалыг бодит байдал болоход хүргэжээ.
Одоо та бүхэнд тус улсын талаар товч мэдээлэл хүргэе. Улсын нийслэл буюу албан ёсоор засаг захиргааны төв нь Хархорум хот боловч эдийн засгийн төв нь Улаанбаатар хот. Тус хотод 1 сая орчим хүн ам төвлөрөн суудаг нь хүн амын нягтшил багатай тус улсын хувьд хамгийн их нягтралтай бүс нутаг болдог. Түүнчлэн Дархан, Эрдэнэт, Сайншанд, Ховд, Чойбалсан зэрэг аж үйлдвэрийн томоохон хотуудад хүн ам ихээр төвлөрөн суудаг. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 1,565 мянган км квадрат, нийт хүн ам 6.7 сая. 14 жилийн өмнөх хүн амын тооллогоор ердөө 3.1 сая хүн амтай байсан тус улс хүн амынхаа тоог огцом өсгөж чадсаны нууц нь эдийн засгийн үсрэнгүй хөгжил бөгөөд үүний улмаас дэлхий даяар тархан суусан монгол угсаатнууд уугуул нутгаа зорих болсон нь тус улсын хүн амыг ийнхүү нэмэгдүүлэхэд хүрсэн байна.
Эдийн засаг дахь засгийн газрын зохицуулалт өндөр. Гэхдээ энэхүү оролцоо нь зөвхөн экспорт, импорт дээр илүүтэй анзаарагддаг. Саяхныг хүртэл зөвхөн түүхий эд экспортолж, бэлэн бүтээгдэхүүн импортолдог, хөрш орнуудынхаа эдийн засгаас шууд хараат байсан тус улсын хувьд гадаад худалдаандаа өндөр ач холбогдол өгөх нь зүйн хэрэг юм. Татварын нэг шатлалт системтэй тус улсыг бизнес эрхлэхэд хамгийн таатай орон гэж үзэж болохоор боловч гадны хөрөнгө оруулалтад нэлээд өндөр шаардлага тавьдгийн улмаас гадаадын иргэдэд бизнес эрхлэх, хөрөнгө оруулахад хүндрэл их тохиолддог. Хэрвээ та Монголд бизнес эрхлэхийг хүсэж байвал ашгийн 10%-ийн татвар төлөхөөс гадна нэмэгдсэн өртгийн татварын хувь хэмжээ нь 2% гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Хүн бүрийн төлөх ёстой НӨТ нь ердөө л орлогоо нуун дарагдуулахаас сэргийлсэн арга хэмжээ юм...
ABC: ...Ой мод багатай, цэвэр усны нөөцөөр ядмаг энэ улсын хувьд хамгийн их болгоомжилдог зүйл нь экологийн тэнцвэрт байдал алдагдаж цөлжилт үүсэх явдал. Энэ нь зүгээр нэг болгоомжлол бус тус улсыг байнга түгшүүлж байгаа уул уурхай, ашигт малтмалын асар их нөөц баялгийн олборлолт, боловсруулалтаас шалтгаалан нүүрлэдэг бодит аюул юм. Энэхүү аюулыг бодитоор туулж, үзэж өнгөрүүлсэн тус улсад өнөөгийн эрх баригчид дахин дахин сонгогдож байгаагийн үндсэн шалтгаан нь байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс хэрэгжүүлсэн эдийн засгийн бүтцийн эрс шинэчлэл юм. Өөрөөр хэлбэл байгалийн арвин их нөөц, ашигт малтмал бүхий тус улс уул уурхайг дэд салбар болгож, аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож чадсанаар цөлжилтийн аюулаас аажмаар гэтэлгэх болсон байна.
Аль ч улс үндэстний ямар ч мөрөөдлийг биелүүлж чадахуйц арвин их баялагтай тус улсын хувьд уул уурхайгаа банкны хадгаламж адил ашиглах болсон нь бусад уул уурхайн улс орнуудад томоохон үлгэр, дууриалал болж байна. 40 шахам жилийн тэртээ хамгийн онгон зэрлэг байгаль, цаг ууртай хэмээн жуулчдыг татахыг оролдож байсан тус улс одоо аялахад хамгийн аюулгүй, адал явдалтай, сонирхолтой, найрсаг зочломтгой гэдэг имижийг бүрдүүлсэн улс болжээ. Хэдийгээр Монгол нь хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс биш, тэр байтугай аялал жуулчлалаар дэлхийд эхний 20-д ч багтдаггүй боловч тус улсын цөөн хүн амд бүрэн хангалттай тооны жуулчин хүлээж авдаг...
Мэдээллийг тоймлон орчуулж, хэвлэлд бэлтгэсэн тоймч Чулуун овогтой Дэлгэр
2032 оны 6-р сарын 28, Даваа гараг, 23.00 цаг, Улаанбаатар хот
Wednesday, December 29, 2010
ТЭД БИДНИЙ ТУХАЙ (2032 оны 6-р сарын 28, Даваа гараг)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment