Saturday, December 29, 2012

ХЭРВЭЭ...

Уг нь түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй гэдэг. Хэрвээ тэр үед тэгсэн бол ингэх байлаа, ингэсэн бол тэгэх байжээ гэсэн "балай" юм ярих ёсгүйн шалтгаан нь ердөө л түүх бол бодит факт, болоод өнгөрсөн юм. Харин ирээдүйн тухайд бол "хэрвээ"-гээр дүүрэн байх ёстой, бүр зайлшгүй. Яагаад гэвэл болоогүй, болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлийн тухай ярьж байгаа учраас бүх зүйлийг олон талаас нь харж заавал "хэрвээ"-дэх ёстой. Сүүлийн үед би гэдэг "балай" Монголын түүхийн тухай харин ч нэг "хэрвээ"-дэх дуртай болоод байгаа. Ингээд олон "хэрвээ"-гийнхээ хамгийн чухал гэж бодсон нэгийг нь Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо эргэн сэргээсний 101 жилийн ойд зориулаад биччихэе. Хэрвээ...

1919 онд атаман Семенов, адмирал Колчак хоёр Монголд орж ирж чадсан бол Монгол коммунист улс болохгүй байсан байх. Монгол коммунист улс болохгүй байх бол юу ч биш, Орос коммунист улс болохгүй байсан. Тухайлан Орос коммунист улс болохгүй тул дэлхий хоёр хуваагдаж хүйтэн дайн болохгүй байлаа. Товчхондоо дэлхийн түүх тэс өөрөөр бичигдэх байлаа.

Яагаад гэвэл Эрхүү рүү ирж явсан Колчакийн арми ядарч, өлсөж, туйлдсанаас биш бүрэн зэвсэглэсэн, өргөн бүрэлдэхүүнтэй үлэмж хэмжээний цэрэгтэй байсан. Мөн Семенов ч мөн адил цөөнгүй цэрэгтэй, боломжийн зэвсэглэсэн орчин үеийн армитай байсан. Тэд нэгдэж амжаад, за нэгдэхгүй ч байсан яахав, хамгийн гол нь хоюулаа Монголд ороод ирсэн бол барон Унгерны гаминг хөөсөн гавьяа, Нармай Монгол улс байгуулах хошгоруулалтаар олж авсан нэр хүндийг ашиглан уудам тэнэгэр, арвин их хүнстэй Монгол нутагт 1-2 жил хүч тамираа сайхан сэлбэж авах байсан. Тэгээд магадгүй, тэр үед гэдсэндээ хөлөө хийлцэж байсан Хятадуудаас Өвөрмонголыг хялбар салгаж, ар өвөр Монголыг нийлүүлээд улмаар Буриадыг улаан Оросуудаас булаан эзэлж, жинхэнэ утгаар нь Нармай Монгол улсыг байгуулж, магадгүй бүр Монгол цэргээр эгнээгээ өргөжүүлж аваад хойшоо байлдах байсан.

Байлдахаар барахгүй, өөр хоорондоо үзэл бодлын их зөрчилтэй өвөр түрийдээ хутгатай явж байсан коммунистуудтай, учраа олохоо больсон, шинэ засагт огт итгэхгүй байгаа, тэрбайтугай хэн одоо эзэн болсныг ч ойлгохоо байсан харанхуй бүдүүлэг ядуу гуйлгачин ард түмэнтэй, эмх замбараагүй байдал, өлсгөлөн ядуурал ноёрхоод байсан Орос орны хараахан хядуулж дуусаагүй ноёд, газрын эзэд, үйлдвэрийн эздээс бүх талын дэмжлэг аваад большевикуудыг хялбархан цохих байлаа. Цохихоор барахгүй, газрын хөрснөөс арчиж хаях байлаа. Тэднийг тэр үед л цохичихсон бол төд удалгүй, Генри Фордын дамжлагын систем үйлдвэрлэлд нэвтэрч, нийгмийн дундаж анги давхарга бий болох бөгөөд Марксын "хувьсгалын онол" хэзээ ч биелэх нөхцөл үүсэхгүй, ерөөс коммунист үзэл санаа хүмүүний оюун ухаанаас арчигдаж, номын шарласан хуудас төдийд үлдэх байлаа гэж.

Энэ ялалтад эрх мэдлээ хасуулсан шашны мяндагтан лам нарын зүгээс үнэн алдартны шашны гүн сүсэгтэй ард түмний толгойг хялбархан эргүүлэх боломж, бас дээр нь олон удаагийн бослого, үймээн самууны үндсэн суурь шалтгааныг хожимдсон ч гэлээ судалж, эрс шинэчлэл хийж чадахуйц бодлого боловсруулаад байсан ерөнхий сайд Столыпины мэргэн ухаан хоёр маш том хувь нэмэр болох нь гарцаагүй байлаа. Колчак шиг чанд хатуу, цэрэг офицеруудын бүрэн итгэлийг хүлээсэн, дайны баатар, гарамгай жанжин, жинхэнэ үнэн алдартан, "ёстой орос эр" улаантнуудыг хатуу чангаар цээрлүүлэх нь гарцаагүй агаад ухаалаг, гүн бодлоготой, уян зөөлөн Столыпины хамт эзэн хаангүй болсон Орос оронд бүгд найрамдах засаглалыг бэлэглэж эх орноо мөхлөөс аврах л байсан.

Энэ бүхний эцэст нэн чухал нь дахин нэгдсэн Их (нармай) Монгол улс дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, хойноо бат цайзтай болж авах байлаа. Хойноос ирээд хотонд орж суугаад хонийг маань өмчлөх гээд байх улаан орос байхгүй учир бидний цөөн Монголчууд язгуур угсаа энээ тэрээ гэх юмгүй ч ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг оройн дээд очирдарь Богд хаанаа төр шашны тэргүүнээрээ залчихаад, язгууртан ноёдын их хурилдайг төрийн эрх барих дээд байгууллагаа болгоод бүгд найрамдах засагтай орчин үеийн улс болох боломжтой байлаа. Яагаад гэвэл лам, ноёдгүй бүгд нэгдэж, үгсэж байгаад Манжаас салсан, удаахан нь гурван улсын хэлэлцээр гэгчээр Хятадын нөлөөний автономи болсон, дөнгөж саяхан гамингийн хөлд нэрвэгдсэн зэрэг шалтгааны улмаас ноёдын түшмэдийн бүлгэмүүд бүгд цорын ганцхан "Туурга тусгаар Богд хаант Монгол улс" байгуулах гэсэн зорилготой байсан.

Тухайлан нэг зорилготой, нэг хаантай байх дээр санал нэгдсэн, түүнчлэн Богд гэгээн өөрөө "Өчүүхэн хувраг би болбоос гагцхүү шашин номын хүн агаад төр түмний аливаа хэргийг эмхлэн мэдэхгүй молхи нэгэн тул эрхэм ноёд та бүхэн олон ардын сэтгэлийг амиржуулж, ахуйг төвхнүүлэн засна буй заа гэж итгэнэм" хэмээн айлдаж засгийн эрх мэдлээс татгалзаад байсан, хамгийн гол нь Манжийн харьяанаас гарсныхаа дараа албан ёсоор судалгааны баг томилж Англи, Франц, АНУ зэрэг олон улсын үндсэн хуулийг нарийн судалж жинхэнэ боловсронгуй, орчин үеийн constitution-тай болохоор эхний хувилбарыг боловсруулж байсан зэргээс үзвэл Монгол улс засаглалын хувьд ямар ч асуудалгүй байх нь гарцаагүй. Нэгэнт хаан сонгохгүй, язгууртны парламенттай бүгд найрамдах улс болж байгаа, дээр нь гамингийн эсгэсэн шарх аниагүй, манжийн урсгасан цус хатаагүй байсан ба "200 жил түгжээтэй байсан хаалга онгойж, хаалттай байсан хөшиг дэлгэгдсэн" учир засаглал ямар ч асуудалгүй, феодал ноёдын дунд эрх мэдлийн төлөөх элдэв тэмцэлгүй байх нь гарцаагүй.

Бүх түүхэндээ зөвхөн өөр хоорондын эрх мэдлээ булаацалдсан, яль шальгүй зүйлсээс хэмлэлдэж, доройтож мөхөж асан Монгол төрийн гашуун туршлага бол ердөө л засаглалын асуудал байсаан. Бусдаар бид хэнд ч дийлдэж яваагүй, омог бардам, цээж тэнэгэр, толгой гэдгэр, харц дээгүүр тэнгэр угсаат ард түмэн билээ...

... гээд "хэрвээ"-дчихээр л сэтгэл санаа үймрэх юм. Гэлээ гээд яалтай билээ, нэгэнт ороод удсан борооны эврээд хатсан шавар нь үлдсэн байхад цув өмсөх нь илүүц биз. Харин хаа очиж, тэнгэрийн авралаар, язгуур монголчууд бид их түүхийн энхэл донхолд унаж бүдэрч бэдэрсээр өдийг хүргэхдээ хожсон уу гэхээс алдаагүй аугаа азтай хүмүүс ажгуу.

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ
ТУНХАГЛАН ЗАРЛАНА БИ

No comments: