Thursday, December 13, 2012

АРДЫН БАЯР ЦЭНГЭЛ

Улс даяараа шинэ жилийн баярын уур амьсгал орчихсон ид бужигнаж байх энэ зуурт баяр ёслолын талаар зарим санаагаа хуваалцюу гэж саналаа.

Аливаа үндэстэн угсаатны уламжлалт баяруудыг харжээ байхад нэг л зүй тогтол ажиглагдана. Хүнд хүчир үеийг давлаа, хоол хүнс арвидах цаг ирлээ гэж буюу шууд материаллаг үндэслэлтэй нэг баярлана. Түүнчлэн үүний яг эсрэгээр буюу хүнд хүчир цагийг амжилттай туулахын төлөө, хоол хүнсээ арвижууллаа гэж идеал буюу билэгдлийн шинж чанартай бас нэг баярлана.

Материаллаг болон идеал шинж чанартай гэж 2 ангилсан шалтгаан нь хүн төрөлхтөн хэдийнээс нааш болж өнгөрсөн зүйлийг нүдээр үзэж, биеэр мэдэрдэг тул ирээдүйд тохиох явдлаас илүү чухалчилдагт тулгуурласан юм. Тиймдээ ч
материаллаг баяр нь идеал баяраасаа илүү өргөн цар хүрээтэй, өндөр түвшинд зохион байгуулагддаг байна.

Үндсэндээ ийм л хоёр зүйл дээр хүн гэдэг хоёр хөлтэй, хохимой толгойтой адгуус баярлаж цэнгэдэг байна. За тэгээд энэ 2 үндсэн баяр нь амьдралын хэмнэл, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу гол эрхэлдэг аж ахуй, эдийн засгийн үндсэн салбар, газарзүйн байршил зэргээсээ шалтгаалаад өөр өөр үед явагдана.

Тухайлбал, суурин тариачин үндэстнүүд материаллаг баяраа өвлийн тарчиг цаг дуусч газар хагалах цаг ирлээ гэж хаврын эхэн сард тэмдэглэдэг ба идеаллаг баяр буюу ургацын баяраа нөмрөн ирж байгаа өвлийн хүчир цагийг урагштай туулах болтугай гэж намар мөн тэмдэглэнэ. Харин анчид, загасчид ан гарлаа, загас ирлээ гэж нэг, бас арвин олз омогтой байлаа, одоо алзахгүй ээ гэж мөн нэг баярлацгаана. Нүүдэлчин малчин бидний хувьд ч мөн энэ хуваарь алдагддаггүй.

Уугуул баярыг ингэж ангилж болж байгаа ба суугуул баярууд гэж бас байна. Энэ нь ихэвчлэн нэг талаас бусдыг даган дууриасан, нөгөө талаас нийтийн жишгийг дагасан, угшил талаасаа нийгмийн чиг баримжаатай буюу илүү субьектив баярууд юм. Субьектив баярууд нь тухайн үндэстний уламжлалт буюу обьектив чиг хандлагатай уугуул баяруудаас ялгаатай нь шашны учир холбогдолтой, түүхэн тэмдэглэлт, үзэл суртлын гэх зэрэг байр байдалтай, нэрнээсээ эхлээд л илт тодорхой нийгмийн чиг баримжаатай байдаг.

Одоо гол асуудалдаа буюу Монгол түмний их баяр цэнгэлийн тухай ярилцацгаая. Ярилцах ч юу байхав, мөхөс миний саналыг уншиж гийгүүлнэ үү.

МОНГОЛЧУУДЫН ОБЬЕКТИВ БАЯР

Монголчууд бидний хамгийн том бөгөөд чухал баяр бол Цагаан сар юм. Гэхдээ нийтийн андуурдаг шиг Цагаан сар бол хавар биш намар болох ёстой, болж байсан. Худал гэх аваас Цагаан гэдэг үгэнд, цагаан өнгөнд анхаарлаа хандуулагтун. Монгол хүний сэтгэл зүйд цагаан гэдэг үг ариун, буян, хишиг, дээд гэх мэтчилэн сайн сайхны туйл билэгдлээр буудаг. Түүнчлэн бид 5 өнгийн 5 тамсаг идээг хүртдэг ба үүнээс "дэлэнт малын шимт буян" сүү, цагаан идээгээ дээдэлдэг билээ. Бидний цагаан хоолтон гэж орчуулдаг vegetarian-ууд цагаан биш ногоон хоол иддэгийг ч бодолцсон тэр, манай баяр яагаад ч хавар болох учиргүй.

Цагаан сараар бид өрөм ааруул (Монгол) биш боов (хятад) таваглаж бууз (хятад) идэж архи (орос) уудаг. Бас хөгшиндөө мөнгө барьж залуугийнхаа гарыг цайлгадаг (эсхүл оймсолдог). Зарим шооч нэг нь буузныхаа мөнгийг төлж золгоод, гарахдаа хариултаа авдаг гэж хүртэл цуурах юм. Энэ Монгол баяр мөн үү? Эсвэл еэвэн сар уу?

Бидний хүнсний үндсэн бүтэц нь "үр төлөөр нь далимдуулж, эхийг нь хулхидаж" саасан сүү болон "үржүүлж олшруулж, улмаар томруулж таргалуулаад амийг нь тасалж" авах мах юм. Жаахан аймаар хэлсэн боловч үнэндээ аль ч аж ахуйн (мал, тариалан, ан агнуур ялгаагүй) утга агуулга нь өсгөж үржүүлэх буюу үр төл гэдэг зүйл дээр л тогтож байдаг. Тийм учраас бид "хэн нэгний" тайлбарлаж өгсөн шиг өвлийг өнтэй давсан гэж биш, харин хаврын хахир цагт төлөө бүрэн мэнд хүлээж авлаа, шинэ ногоонд хүргэлээ, өсгөж бойжууллаа, сүү цагаан идээ дэлгэрлээ, хүн малын зоо тэнийлээ гэж баярладаг билээ.

Тэр тусмаа нялх ногоо үнэртсэн, хур бороо асгарсан, халуун нар төөнөсөн аагим зунаар биш, харин алив бүхэн жигдэрсэн, алим жимс нь дэлгэрсэн, амьтан хүнгүй тэнийсэн намрын тэргүүн сард Цагаан сараа хийдэг байсан билээ. Намрын тэргүүн сард хийдэг нь ч бас учиртай байсан байх. Төд удалгүй өвлийн их бэлтгэл ажилд орохоос өмнө амжиж амраад, цэнгээд авахад юу буруудах.

Товчдоо, цагаан сарыг эрт үе шиг намрын эхэн сард хийдэг болгочихмоор санагддаг юм. Өөрөөр хэлбэл Цагаан сар, Наадам хоёрыг хамтатгаад хийчихвэл бүгдийн проблем болдог бэлэг сэлт, золгооны мөнгө гэх мэт элий балай үрлэг, зарлагууд аандаа алга болно. Уламжлал ёс заншил ч ёсоороо, жаягаараа эргэн сэргэмээр. Хаашдаа цагаан сар бол нэг талаас хахир хатуу хаврыг давж хүн малын зоо тэнийсэн, нөгөө талаас өвлийн их цас, хаврын ид ажлын үеэр учран золгох боломжгүй байсан ахан дүүс эсэн мэнд уулзсаны их баяр гэдгийг бодолцож үзвэл яалт ч үгүй наадамтай хавсраад хийчихвэл болох газар.

Тэгээд ч наадмын үеэр зөвхөн 3 хоног амардаг гэх боловч үнэн хэрэгтээ наадам болох 7 хоногийн ажлын 5 өдрөөс үлдсэн, хажуугийн хавсарга 2 хоногийг хаашдаа гурилдаад л өнгөрдөг. Харин ч одоо ихэнх айлууд, ах дүү улс зуны амралтаараа ураг, төрлийн баяраа хийдэг болсон нь сайшаалтай. Иймд шууд ингээд шийдчихэд улс амьтан баярлана уу гэхээс айхтар эсэргүүцэхгүй мэт санагдана. Харин "уламжлалт" гэж андуурагдсан буддын (яг мөн үү?) шашны мяндагтнууд, бурууд мунхрагчид, бусдад дөрлүүлэгсэд жаахан эсэргүүцэх магадтай. Гээд тэднээс айж эмээлгүй, шууд шийдье.

Дашрамд дурдахад, Монгол хятад билгийн тооллын шинийн нэгэн давхцах их онцгүй юм билээ. Яалт ч үгүй харь газар шинэлэх болоход л яс махандаа хүртэл мэдэрсэнсэн. Зөрж өнгөрөх харь элэгтнүүд, тэр дундаа хятадууд "Happy Chinese new year" гэж эелдэгхэн (миний нүдээр бол шоглонгуй) мэндлэхэд "уг нь би Монгол баяраа тэмдэглэж байгаасан" хэмээн дотроо хий л бухимдаж билээ.


ХАМГИЙН ЧУХАЛ СУБЬЕКТИВ БАЯР

Энэ ангилалд мэдээж ойртож байгаагаар нь шинэ жил багтах юм байна гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд ойлгоо биз. Гэхдээ би энд тэр тухай авч үзэхгүй, надад өөрчлөх санал байхгүй. Мартын 8, Хүүхдийн баяр өөр бас бусдын тухай ч ярихгүй. Харин бүх л улс орнуудын хувьд хамгийн чухалд тооцогддог Улс тунхагласаны баярыг тусгайлан авч үзнэ. Бусад улс гүрний эрхшээлд байгаад суллагдсан нь Тусгаар тогтнолын баяр гэнэ, харин бусдын эрхшээлд байгаагүй нь Бүгд найрамдах засаглалтай болсны баяр гэнэ. Гол утга учир, билэгдэл, тунхаглал нь "Бид бие даасан тусгаар улс". Товчхондоо төрийнх нь төрсөн өдөр.

1-р сарын 13-нд бид Дөтгөөр үндсэн хуулиа баталж, капитализм уруу эргэлт буцалтгүй алхаж орсон. Хэдийгээр "хүнлэг энэрэнгүй"-г нь хэрэгжүүлж чадахгүй байгаа боловч алдаг оног ч гэлээ ардчилсан улс болсон нь үнэн. Гэхдээ бид энэ өдөр "төрөөгүй" үүнээс бүр их эртээ төрсөн.

3-р сарын 01-нд хувьсгалт бүлгүүд нийлж Ардын нам байгуулсан юм "гэнэлээ". Дашрамд дурдахад нийгмийн шинжлэх ухааны жаахан цэгцтэй мэдлэгтэй ямар ч хүн тэр өдөр байгуулагдсан Ардын нам гэдэг нь ерөөсөө ч улс төрийн нам, хүчин биш гэдгийг ойлгохоор барахгүй, "хувьсгалт" бүлэг гэдэг ч худал нэр гэдгийг мэднэ. Тэд ямар төр эргүүлэх гэсэн биш, хувьсгал хийх гэсэн биш, харин төргүй болчихсон улсаа төртэй, засагтай болгохсон, гадны дээрэмчдийг хөөхсөн, гамин цэргүүдийг хядахсан гэсэн тэмцэгчид, эх орончид, баатрууд байсан. Эх орончдын өдөр гээд нэрлэх нь харин ч яг болсон үг. Түүнээс ямар ч улс төрийн намд энэ өдрийн гавьяа падгүй. Энэ бол нийт ард түмний, Монгол хүмүүсийн өдөр. Бид эх орныхоо төлөө ингэж тэмцэж чаддаг юм гэсэн тийм дурсгалт, омогшилт өдөр. Баатруудын гавьяаг хүндэлмү.

Мэдээж 7-р сарын 11-нд түүхэнд тэмдэглэгдэхээр юу ч болоогүй боловч, хаа очиж авууштай нь наадам хийхэд яг тохирсон өдөр. Тиймээс бүгдээрээ энэ өдөр Цагаан сараа хийцгээнээ.

11-р сарын 14-нд сая Чингис хаан төрчих шиг болсон. Гэхдээ цаашид жил бүр энэ өдрөө "төрж байхгүй" гэсэн. Билгийн тооллоор тоолох учир хойтон өөр өдөр байх биз. Яахав дээ, төрвөл төрнө л биз. Онцын юм биш. Нэг хүний мэндэлсэн өдрийг тэмдэглэх нь маркс-энгельс-ленинийхээ сургаалиас холдоогүй мэт эвгүй санагдаад байх юм.

11-р сарын 26 бол яг үнэндээ бол түүхэн ач холбогдлынхоо хувьд нэг тийм онцгүй өдөр. Хаант засгийг халсан, бүгд найрамдах засагтай болсон гэдгийг нь анзаарч тодотгохоос бусдаар буурал түүхт Их Монгол Улсад бурангуй улаан засаг эхэлсэн бузар өдөр. Анхдугаар үндсэн хууль батлагдсан гэх авч энэ үндсэн хууль анхны эхээсээ эрс өөр болж батлагдсан төдийгүй, өөрчлөн боловсруулах процессынхоо үеэсээ л олон эх оронч баатруудын цусаар угаагдсан хууль гэдгийг эрхзүйн чиглэлээр эхлэн суралцагсад ч андахгүй болоо биз.

12-р сарын 29 бол харин чухал өдөр. Энэ өдөр яалт ч үгүй балран мөхсөн Манж Чин гүрний сүүлчийн будаалгыг Монгол нутагтаа тэмдэглэсэн юм. За даа, эрхзүйн хэллэгээр товч тайлбарлах юм бол гэрээ байгуулсан талуудын нэг нь эрхзүйн чадамжгүй болсон тул нөгөө тал бүрэн ялалтаа тэмдэглэсэн өдөр. Гэрээ гэж байгаа учир нь бодит үнэнийг буюу Монгол Манжид эзлэгдээгүй, зүгээр л гэрээ байгуулаад, хэсэг зуур сайн дураараа хөтлөлцөж явсан юм гэх гээд байгаа хэрэг. Гэхдээ түүхэн тэмдэглэлт өдрийг иймхэн, увайгүй тодорхойлолтоор хэлэх нь зүйд нийцэхгүй. Энэ өдрийг орчин цагийн Монгол улсын төрсөн өдөр гээд хэлчихсэн ч болно. Яг энэ өдрийг Independence day гэж нэрлэхэд зүйд бүрэн нийцнэ. Гэвч харамсалтай нь энэ өдөр баярлах гэхээр золигийн муу "ёолк" бүгдийг нь урвуу нь харуулчих гээд байх. Эсвэл яахав, өмнө санал болгосон шигээ хамтатгаад "наминчил"-ж болох л юм. Гээд нэмэргүй л болов уу даа.

Ер нь нийгмийн чиг хандлагатай бүхий л баярт шашин болоод улс төрийн үзэл суртлууд их нөлөөтэй байдаг. 12-р сарын 29-нд МАХН (одоогийн МАН) гайтсан бол, 3-р сарын 01-нд АН золигтсон байх жишээний. Аль алиных нь хувьд "ах нар"-ын зохиож өгсөн, үхтэл нь үнэмшүүлсэн хуурамч түүх толгойг нь эргүүлчихжээ.

Дээрх бүгдээс намайг сонго, чи шийд гэвэл ямар ч эргэлзээгүйгээр 11-р сарын 14-ийг сонгоно. Гэхдээ нэрийг нь Чингис богдын мэндэлсэн өдөр биш Тулгар төр байгуулагдсаны ой буюу ердөө л Монгол улс байгуулагдсан түүхт өдөр (Independence day) гэж солино. Энэ тухай Цэнддоо сэтгүүлч ийм зүйл бичсэн байсан. Бүрэн санал нийлж байна. "Монгол төрийн 2222 жилийн ой 2013 онд болноо" гэхэд сүртэй сайхан байгаа биз дээ. Тэгээд ч өнө удаан хугацаанд 11-р сард улс тунхагласан баяраа тэмдэглэж ирсэн нийтийн дунд ч хэвшүүлэхэд амар.


БАЯР БОЛ САЙН ӨДӨР

Монголчуудыг залхуу, юм л бол амарч байх санаатай гэж хэлдэг нь суурьшмал амьдралын хэв маягийн үүднээс бол тийм ч буруу, зөрүү ойлголт биш. Харин нүүдэлчин хэв маягийн үүднээс бол үүн шиг гүтгэлэг байхгүй. Хэзээ ч амралтын өдөртэй байгаагүй (week гэдгийг бид шууд 7 хоног гэж орчуулсан), амралтын өдөр гэж юуг хэлдэг талаар ямар ч ойлголтгүй, бас бусдаар албадуулж ажил хийж яваагүй, зөвхөн сайн дураараа, байгалийн зөнгөөрөө ажиллаж, тулалдаж бас амарч, наадаж явсан Монголчуудыг албадан ажиллуулаад ирэхээр өөрийн дураар захиран зарцуулдаг ганц өдрөө "бүтэн сайн" гэж нэрлэхэд буруутгах юун.

Суурьшмал амьдралын буянаар бүтэн сайн хийгээд хагас сайнтай болоод авсан Монголчууд баяр ёслолын өдөр ажил хийх албагүй гэдгийг бас мэдээд авлаа. Тийм учраас нийтээр тэмдэглэх баяр ёслол гэдгийг шууд утгаар нь амралтын өдөр гэж хүлээж аваад сурчихав. Чухам иймдээ "нийт" нь ямар нэг ялих шалихгүй баярыг амралт болгох гэж их зүтгэнэ. Нөгөө талаас "нэг" нь цаадуул чинь ажил хийхгүй, амрах нь гэж их айна. Ингээд баяр ёслол, тэмдэглэлт өдөр бол нийтээрээ маргаж суух мундаг том сэдэв болж хувирна.

Миний санал бол баяраар амрая, харин бямба гаригийг бүтэн сайн биш буцаагаад хагас сайн болгоё. Хагас сайн өдөртэй буюу 7 хоногийн ажлын ердийн ачааллыг 45 цаг болгочихвол одоо 40 цагаар бодож цалин авч байгаа хүмүүст ч хэрэгтэй, ажил олгогч баялгийг бүтээгч компаниудад ч хэрэгтэй, "бааска ахын төрсөн өдрийн" савалт, "бямбаа эгчийн шар тайлах бантан"-д ч хэмнэлттэй. Аль ч талаас нь харсан ард Монгол улсдаа хэрэгтэй мэт санагдах...

Сардаа 20 гаран цаг илүү ажиллаж байгааг зохицуулах үүднээс, урамшуулахын тулд баяруудын хуваарилалтыг их аятайхан хийцгээе. Улиралдаа 1-2 өдөр аятайхан "баярлаж байя", харин бусад өдөр эрч хүчтэй ажиллацгаая. Даан ялангуяа өмнө өгүүлсэнчлэн налайхаас өөр аргагүй, найрлахаас ер буцамгүй намрын тэргүүн сард Наадсан шиг, Цагаалсан шиг сайхан баярлацгаая, амарцгаая. Харин наадмын дараа найр хийснийх нь "хонгоны махыг ураад өгье".

No comments: