Оюун санааны хувьсгалаа үргэлжлүүлье. Энэ удаа би архи уухгүй байх тухай биш, харин хэрхэн уух тухай бичнэ. Учир нь би 3-тайдаа анх "амсаж", 15-тайдаа анх "балгаж", 18-тайгаасаа анх "ууж" эхэлсэн. Одоо бараг "архичин" болчихсонд тооцож болно...
Бясалгагчдын хувьд би адгийн архичин, харин мэргэжлийн "алкааш"-уудын хувьд бол огт амсдаггүй жентельмэн, орчлонгийн дунджуудын хувьд "найранд гурван дугараатай" л эр хүн. Архинд донтож, донгиотож үзсээн, нуухгүй. Аавынхаа сургаалийг мартсаны гай тэр. Одоо дахиж аавынхаа сургаалийг мартахгүй, бусдыг ч бас санаж яваасай гэсэндээ үүнийг олны нүднээ ил байршуулж сууна.
Миний аав "хойно" оюутан болж очоод буюу 18-тайдаа л анх амсаж үзсэн, улмаар нутагтаа ирсэн хойноо ууж дадсан гэдэг юм. Түүнээс биш оросуудаар архи уухыг "заалгаагүй" гэдэг. Үүнээс хойш лавтай 40 жил архи ууж байна. Гэхдээ би аавыгаа архинд мөнгөө "үрж" байхыг, тасарч унаад шороотой хутгалдаад хэвтэж байхыг хараагүй. Агсам согтуу тавьж байхыг ч үзээгүй. Аав маань тэгтлээ "даана гэж данхраат" эр хүн биш тул согтох нь байсан ч, "шогтож" байгаагүй, зүгээр л орондоо ороод тайван сайхан унтаад өгдөг юм.
Аав маань хэрийн эр хүн, эцэг хүн гайхмаар философитой. Юу гэвэл аав маань хүүхдүүдтэйгээ хамт архи уудаг юм. Эр хүн бүрийн, эцэг хүн бүрийн дотор "хүү минь архичин болчих вий" гэсэн болгоомжлол байдаг бол харин аав маань тэгэж болгоомжилдоггүй, харин ч надтай, хүүтэйгээ шил юм задлаад суух дуртай. Ээж минь ч үүнд эмзэглэдэггүй. Яагаад гэвэл аав маань надад, хүүдээ архи хэрхэн уух "гүн ухаан", "нууц"-ыг анх зааж өгсөн болохоор тэр.
...Намайг 8-р анги төгссөн жил, наадмын урьд өдөр буюу 10-ны орой вальсын уянгалаг аялгуу нээлттэй цонхоор сонсогдож ахуйд унтахаар эрт хажуулсан аав маань босож ирээд "Ямар сайхан хөгжим дуугарна вэ? Сэтгэл сэргээчихлээ. Алив хө, нэг юм гаргаад ир" гэж ээжид хэлээд "Заа, хүүтэйгээ хувааж уунаа" гэж билээ. Миний гайхсан, бас айсан гэж. Ердөө сарын өмнө би хүүхдүүд дагаж дарвиад "найрка"-нд хордоод шар ногооноороо эргэлдсэн, хамаг шөрмөс нь татсан амьтан гэртээ арай гэж орж ирээд ааваасаа айж, ээжээсээ эмээж, орох байх газраа олж ядаж байсан юмдаг. Тэгээд битүүхэндээ дахиж "хэзээ ч" архи амсахгүй гэж өөртөө "хуурамч" тангараг тавьчихаад байсан үе л дээ. Тиймээс аавыг тэгэж хэлэхээр намайг "шоглох" гэж байна л гэж хардаж байв. Харин аав маань миний бодсоноос тэс өөр бодолтой байж.
"Миний хүү, чи удахгүй насанд хүрлээ. Хүн болж хүзүү толгой эвлүүлж явахад амьдралд юу эс тохиолдох вэ, эр хүн гэдэг энэ цаг үед байтугай эрт үед ч архинаас зугтаж зайлж яваагүй, чадаагүй. Өөрөө дөлөөд байсан ч өөдөөс чинь цохлоод ирдэг юм. Ийм учраас архины талаар зөв ойлголтыг аав нь л зааж өгөхгүй юм бол амьдралд хөл алдах юм бишгүй нэг тохиолдоно.
Аав нь архи уухыг оросуудаар заалгаагүй ээ, харин хурган дарга болсон цагаас амьтан хүний ая тал зассан юмыг хүртсээр байгаад л ууж дассан даа. Миний хүү, адтай амжилттай явах үед чинь, ядарч зүдэрч явахад чинь ч тэр, шил юм бариад ирэх хүн зөндөө таарна. Тэр үед аавынхаа захисныг санаж явбал миний хүү алзахгүй ээ.
Архи гэдэг чинь идээний дээд юм шүү. Идээний дээж гэж хүмүүс андуурдаг. Идээний дээж гэдэг чинь таван тамсагийн нийлбэр охь болсон цайг хэлдэг юм. Орж ирсэн хүнд эхэлж цай барьдаг, зоогийн оргилд архи хундагалдаг. Энэ ялгааг сайн ойлгож аваарай.
Нөгөө талаас архи гэдэг бол зүгээр л умдаан, уудаг шингэн. Дээд билээ гээд тэргүүндээ залж болдоггүй, байдаг л юм гээд үл тоомсорлож болдоггүй адтай, шидтэй эд. Адтай шидтэй гэж айж ширвээтвэл бүр бурууддаг, аа яавал гэж гэж хайш яайш хандвал ёроолдоо тунатал ёвордог ёрын идээ юм шүү.
Ийм учраас архийг хүндэтгэх ардын ёс жаягийг үргэлж баримталж яв, хүндэтгэж хүртэж бай. Нутаг нутгийн олон ёс журмыг аажимдаа чамд зааж өгөх хүн захаас аваад олдоно. Хамгийн гол нь энэ таван асуултад ХАРИУЛЖ ЧАДАЖ байвал архийг ууж болноо. Юу гэвэл:
1. Хэнтэй?
2. Хэзээ?
3. Хаана?
4. Юуг?
5. Яагаад?
Эндээс нэн чухал нь ЯАГААД, ЯМАР УЧРААС гэдэг асуулт юм шүү. Сэтгэл санаа тавгүй, гутарч гунисан, уурлаж уцаарласан, ямар нэг байдлаар сөрөг муу ааш араншинтай байх үедээ хэзээ ч битгий архи амсаж байгаарай. Амсах битгий хэл, бодож ч болохгүй. Ингэвэл л архи гэдэг адын шингэн эр хүнийг ёроол руугаа татаад живүүлчихдэг юм шүү. ҮҮНИЙГ Л САНАЖ ЯВААРАЙ".
...Анд нөхдүүд нийлж бужигнах, наргиж дарвих үе бишгүй л олон тохиолдоно. Балчир тэнэг байхад аавынхаа алтан сургаалийг тэр бүр санаж, сэрж явсангүй дээ. Тоть шиг давтаж, "аавтайгаа ууж байлаа" гэж ангарайтаж явсан болохоос уг утгыг нь ухаж ойлгоогүйдээ сүүлд нь харамссан сан. Гэхдээ яах вэ, сайхан ханийн, сайн нөхдийн хүчинд оройтох шахсан ч ойлгосоон ойлгосон.
Аавын минь энэ сургааль, ардын билэг их "гүн ухаан"-ыг ихэнх залуус ер үл мэдэх юм. Харин ч харь газрын ёсыг дагаж, "ус"-ыг нь уух дуртай болж. Гурван зууны турш ёс уламжлал, ур ухааныг нь мартуулах гэсэн дайсагнагчдын оролдлогыг одоогийн язгуур Монголчууд учрыг нь мэдэхгүй өөрсдөө үргэлжлүүлсээр л байх юм.
Юуг хэлж байна вэ гэхээр гадны олон кинонууд дээр, Монголын олон телевизүүдээр "Сэтгэл санаа чинь тавгүй байна уу? Тэгвэл нэг сайн уучих. Дотор чинь онгойно" гэсэн утга агуулга, үг хэллэг ээ мөн олон гарах юм. Ингэж үзсээн, дотор онгойх битгий хэл улам бөглөрч, доройтож уруудаад л байдаг юм байна билээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр орой болгон, үдэш бүр өсөж өндийж яваа залуус хүүхдүүдийн минь толгойг эргүүлсээр, тархийг угаасаар л байх юм даа.
Хүн унтахын өмнө сонссоноо мартдаггүй гэдэг. Ухаант ард түмэн маань үүнийг сайн мэдэж байсан учир унтахын өмнө үлгэр сургааль сонсож, ургахын улаан нарнаар ухаарч босдог байж...
Ардын билэг оюун, аавын тань сургааль, ай даа хамгийн том соёл, агуу их ёс суртахууныг агуулдаг юм шүү. Өв соёл гэдгийг өмнөд хөршийн Одон "телевизээр" үзэх биш, өдөр ирэх тусам цөөрсөөр байгаа өвөг дээдсээрээ заалгавал аштайсан.
Saturday, November 17, 2012
АРХИ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment