Friday, January 14, 2011

АМЬДРАЛ ӨӨРӨӨ ГОЁ

Хуучин файлуудаа ухаж байсан чинь 5-6 жилийн өмнө өөртөө зориулж хийсэн төлөвлөгөөгөө олдог юм байна. Уг нь ч хүнд хэрэг болбол болохоор л төлөвлөгөө юм санж. Хэт хувийн шинж чанартай жижиг, бүрдэл хэсгүүдийг нь хасчихлаа. Сонирхсон нь хүн нь хуулаад авна биз.

Эрхэм зорилго (vision) буюу Амьдралын чиглэл:

Монголын ард түмэн, төр улсын хөгжил дэвшил, ирээдүйг сайн сайхан байлгахын төлөө өөрийн амьдрал, бие махбодь, ухаан бодол, үзэл санаагаа үнэнч шударгаар тууштай зориулна.

Амьдралын Үндсэн зорилго (mission) буюу Үхэхдээ үлдээх нь:

Өвөг дээдсээс хайрласан их хайр, ухааныг уламжлуулан өөрийн амьдрал, үйл ажлыг эрүүл саруул, тунгалаг тодхон, ухаалгаар удирдан зохион байгуулж хэний ч өмнө нүүр бардам, түмэн олон тойрон хүрээлсэн, хожмын хүмүүс бахархан дурсахуйц замналтай байж үр хүүхэд, хойч үеэ үлгэр жишээ болохуйцаар хүмүүжүүлнэ.

Үндсэн философи:

Бие ухаанаа ямагт эрүүл, зөв байлгаж, хажуу дахь хань ижил үр хүүхэд, дэргэдэх найз нөхөд, ах эгч дүү нараа дэмжин тэтгэх, хайрлан халамжлах, тэднээр хайрлуулах хүндлүүлэх замаар эрхэм зорилгодоо тэмүүлэн, үндсэн зорилгоо биелүүлэн явах нь миний эргэлтгүй барих амьдралын философи мөн.

Баримтлах стратеги:

1. Эрхэм зорилго, үндсэн зорилгоо байнга, үргэлж санаж цаг тухайн үеийн зорилтуудаа нягтлан бодож чиглүүлж, үйл ажлаа нягт уялдуулж байх
2. Хэзээ ч сэтгэлээр хоосрохгүй байх
3. Эрүүл мэнддээ байнгын анхаарал тавьж, эм эмнэлэггүй байхыг хичээх
4. Эргэн тойрноо байнга хянаж анхаарч, мэдээллээр баялаг байх
5. Анд нөхөд, амраг саднаа анхаарал халамжаар дутаахгүй байхад анхаарах
6. Эрдэм боловсролыг эн тэргүүнд бодож, тархиа байнга цэнэглэж байх
7. Эрхэлж буй ажил албандаа үнэнч шударга байж хоёргүй сэтгэлээр зүтгэх
8. Аль болох даруу төлөв байх

1 comment:

Г.Будням said...

Чулуун гуайн хүү Дэлгэр чамтай хамтран ажиллах болсондоо туйлаас баяртай байна. Улам ихийг тэр тусмаа МОНГОЛ үндэстэний нэгдлийг уриалсан бичлэгээ бичиж ард түмнээ байлдан дагуулаарай гэж хүсэн ерөөе. Түүхэнд зөвхөн ухаант залуу удирдагч нар л дурсагддаг.
Хүндэтгэсэн. Хотгойдын 44н овогт Г.Будням