КомедиАрт продакшны “Глобалчлал” гэдэг хошин үзэгдлийг Соёмбо телевизээр үзлээ. Инээе гэж үзсэн биш харин шал өөр сэтгэгдэл төрөв. Марзан шовгорууд чинь уул нь Монгол гэдэг юм бүхэн хэт глобалчлалын аясаар сөнөх нь ээ гэсэн зүйл үзүүлэх гэсэн бололтой. Онцлог нь би гэж “дурак” тас эсрэгээр нь хүлээж авдаг юм байна. Би бол согтуудаа гэрээ байгуулж хэлэх гэсэн санаагаа буруугаар ойлгуулчихсан спонсор Дооёогийн талд биш, харин ч яг миний үзэл бодлыг зөвөөр нь буюу илэрхий тодорхойлсон найруулагч Амбийгийн талд орчихлоо.
Тоглолтонд Араб морин хуурчийн татлаганд Япон хүүхнээр уртын дуу аялуулж, Монгол хоршоо дууг Энэтхэг хүүхнээр дуулж бүжиглүүлсэн, Орос хүүхнээр Хятад дуу дуулуулж Хятад залуусаар Орос бүжиг хийлгэсэн хуурамч хэдий ч үнэн гоё концерт гарч байх юм. Концертын онцлог нь дээрх бүх үзүүлбэрийг үзүүлэгчид бүгд үндэснийхээ хувцастай байж, үндэснийхээ аялгаар дуулж, үндэснийхээ хэв маягийг илэрхийлэх боловч шал өөр улс үндэстний дууг дуулж, бүжгийг бүжиглэх нь надад тун чиг их таалагдлаа. Таалагдсан учрыг тодруулах үүднээс үгийн урнаар дуулагч, үзэгний хурцаар бүжиглэгч сэтгүүлч Б.Цэнддоо гуайн үг санаанаас хэсэглэн буулгая.
“Дэнлүү, байцаа, хуйцаа зэрэг нь хэдий нанхиад гаралтай эд зүйлс мөн боловч бид нэгэнт эдэлж, нэрлэж заншсан. Тэр байтугай хантааз гэдэг хувцсыг монгол үндэсний хувцас гэж андуурах болсон зэргээс үндэслэн дүгнэх ахул өдгөө бид гадны алив зүйлийг эсэргүүцэн үгүйсгэж, ангилан ялгаварлах нь буруу юм. Угаас нүүдэлчин түмний, тэр дундаа монгол угсаатны бусдаас гоц сондгойрох онцлог нь аливаа ашигтай, тустай зүйлсийг өөриймшүүлэн эзэмших, хэрэглэх чадвар юм. Үүнийг түүх шастирт тодорхой өгүүлсэн нь олонтаа тохиодог билээ” гээд “Миний бие монгол хүн ярьж байгаа бол монгол хэл, монгол хүн өмсөж байгаа бол монгол хувцас, монгол хүн идэж байгаа бол монгол хоол гэж хөрвүүлэн ойлгож, гагцхүү уг зүйлийн гарал үүслийг нь марталгүй, үндэсний гэж эндүүрэвзэй, угийн гэж андууравзай хэмээн айдаг” гэснийг нь үнэн үг, шар тос гэж би талархан дэмжиж байдгаа нуух юун. Үүнийг л би глобалчлал, даяарчлал хэмээн ойлгож, энэ агуу зүйлийг анхлан санаачлагчид нь миний, таны, бидний эцэг өвгөд гэж бодохоос бор зүрх минь цээжнээ багтахыг болин хөөрдөг билээ...
Ер нь ингээд боджээ байх нь ээ, эрт цагт амар ч байж уу? Ойлголцох гэж нэг их зовдоггүй, ойлгуулах гэж толгойгоо зовоох ч шаардлагагүй. Ойлгохыг хүсээгүй нь алалцъя гэнэ, ойлгуулах гэж нэг их ч зовохгүй, ойлгуулмаар бол алаад л гүйцээ. Надад үүнийгээ өгөөч, түүнийг аваач гэж гуйх хэрэг байхгүй, өгмөөргүй бол, авмааргүй бол алалцаад л дуусаа. Хэн хүчтэй нь хүссэнээ биелүүлнэ. Энэ бол аксиом. Нэг тиймэрхүү ганцхан үндсэн заалт бүхий бичигдээгүй, хэлэлцүүлээгүй теором шиг батлах шаардлагагүй, аксиом шиг үнэн үндсэн хууль орчлон ертөнцөд үйлчилдэг байж. Тэр л айхтар үед сайн ч бай муу ч бай бидний өвөг дээдэс цоорсон нэгнийхээ үгэнд ороод дэлхийг тун чиг санамсаргүй маягтайгаар эзэлчихсэн нь гарцаагүй үнэн. Тэр цоорсон нэг толгой, Чингис гэдэг нөхөр тэс өөр юм бодож үл өгсөн эд хөрөнгийг нь булааж авах гэсэндээ биш, харин эс гуйсан энх амгаланг нь биеэр нь мэдрүүлэх гэсэндээ даян дэлхийг нэгэн тугийн доор нэгтгэх их үйлсийг эхлүүлсэн нь глобалчлал билээ.
Харин энэ агсамнаж эхлүүлсэн глобалчлал аандаа өрнөн хөгжих эрин үед төрсөн миний бие зөв бодсондоо (магадгүй буруу ч байж мэднэ) хятад хүнийг орос хүнийг япон хүнийг герман хүнийг солонгос хүнийг, өөр хэн ч бай, угаасаа ор байгаагүй “америк үндэсний” хүнийг үзэн ядах биш, харин тийм үзэл санааг үзэн ядах хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Тодруулан тайлбарлах үүднээс ардчиллын алтан хараацай УИХ-ын эрхэм гишүүн, Монгол улсын баатар Э.Бат-Үүл гуайн (mister болон madam гэх мэт хүндэтгэлийн үгийг бошгыг халснаас хойш хүний тайж, харцыг нь ялгахгүй болсон тул монгол хэлэнд ноён, хатагтай гэж буулгаснаас илүү авгай буюу гуай хэмээн орчуулах нь зүйтэй хэмээн би боддог) үгийг иш татсугай.
Тэрбээр “Угаас хүмүүнийг үндэс язгуур, угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхах, дорд үзэн үгүйсгэх нь өнгөрсөн зуунд булшлагдан устсан утга агуулга, хэлбэр шинжээр ч нэн ядуу харанхуй мунхаг, нарангүй манант үйл мөнийг Сталины геноцид аллагыг бодитоор мэдэрсэн буриад зоны төлөөллийн хувьд нотлон тэмдэглэмээр байна. Би хятад хүнийг үзэн яддаггүй, харин коммунист Хятад улсын увайгүй шунал, дээрэнгүй үзэл, нялуун нүүр, бурангуй бодлогыг чадахын хэрээр эсэргүүцнэ, тэмцэнэ, үүнийг ч үеийн үедээ дамжуулна. Ганц өнөөгийн коммунист ч бус урьд өмнөх, үүх түүхэнд дурсагдан бичигдсэн өмхий далд санааг нь удам судраараа эсэргүүцэн тэмцэж эх Монгол орныхоо төлөө амь үл хайрлан тулалдаж явсан өвөг дээдсийнхээ уламжлалыг ч сахисан тэр, ирээдүйд ямар ч байсан тэр, гагцхүү надад эсэргүүцэх, үзэн ядах сэрлийг төрүүлэгч нь Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг аливаа үзэл санаа, үйл хөдлөл юм. Түүнээс би амьдрал хөөж, ажлаа хийж яваа эгэл нэгнийг хятад хүн болж төрснийх нь төлөө үзэн ядаж, хавчин гадуурхахыг хэзээ ч өөгшүүлэн дэмжиж чадахгүй” гэснийг цохъё.
Өөрөөр хэлбэл, товч тайлбарлавал, нэгтгэн дүгнэвэл, гүйцээн өгүүлбээс ажил хийх гэж, амьдрал хайж орж ирсэн тэр олон тэнэг, бүдүүлэг хужаа (гагц хятад биш, америк, солонгос, орос, англи, итали, өөр хэн ч бай)-г биш, тэднийг оруулж ирсэн, тэдэнд боломж олгосон хужаа үзэл санааг, монгол хүнийг ажилгүй анхилгүй, арчаагүй хөсрий яс, өөдгүй хөгийн новш болгох гэсэн тэр өмхий ухааныг, үзэл санааг л би үзэн ядна. Энэ бол миний глобал санаа, манай үндэсний үзэл, бидний эх оронч сэтгэл...
Tuesday, January 18, 2011
МИНИЙ ГЛОБАЛЧЛАЛЫН ТУХАЙ БОДОЛ БУЮУ БИДНИЙ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Товчдоо дэлхий глобалчлагдаж байгаа ч Элбэгээгийнх , Обамагийнх, Пүтинийх гэж айлууд өөр хоорондоо ялгаатай амьдарч байгаа хийгээд цаашид амьдрах нь үнэн билээ. Глобал болсонч улсын нэгж болох айл хувь хүний түвшинд хэвээр л байх болно. Глобал бол айл өрхийн амьдрал дэлхийн түвшинд яригдах төдий л өөрчлөлт юм уу даа. Орчин өөрчлөгдлөө нөхцөл шинээр бий боллоо. Бодлогууд гарлаа бодлоо хийлээ. Гэхдээ л Дэлгэрийнх Далайгийнх Элбэгээгийнх Путинийх Обамагийнх гэж яригдах зүйл зогсохгүй болов уу. Тэднийх сүрхий улс айл, тэднийх яахавдээ хэн дуртай нь ноолж болдог эзэнгүй бор айл эзэн нь тоодоггүй айл. Яахав өвөг дээдсээс нь үлдээсэн юм авдарт нь байдаг юм. Жаахан юм амсуулж (авилгал)согтоож(ухаангүй) халааж(миний найзын анзаарсанаар бужигнуулж) байгаад салгачихаж болно. Гэж айлын хэрсүү хүүхдүүд ярьж л байна цаана чинь. Үндэс бөх байж дээр ургах ургал бүхэн чанартай байдгийг санаж. Үндсээ гүнзгий хатган бэхжүүлвэл сайн сан. Монгол гэдэг айлийн хүүхдүүд хэрсүү нүүрэндээ галтай нүдэндээ цогтой бүтээлч хөдөлмөрч гэр амьтай байх болтгуай. Ч.Далайдорж.
Үндэс бөх байж дээр ургах ургал бүхэн чанартай байдгийг санаж, үндсээ гүнзгий хатган бэхжүүлвэл сайн сан.
Яг наадахыг чинь хэлсэн юм. Цэцгийн дэлбээ ямар өнгө, дүрстэй харагдах нь хамаагүй. Гагцхүү, амт нь, үнэр нь, хамгийн чухал нь эмчлэх чанар нь үндэстэйгээ адил байвал зохино.
Post a Comment