Wednesday, December 29, 2010

ТУСГААР ТОГТНОЛ - ТУСГААР ҮЗЭЛ САНАА, НЭГДМЭЛ ИТГЭЛ СЭТГЭЛ

Үндэстэн хэмээх угсаатны зүйн чухаг ойлголтыг шинжлэх ухаанчаар томъёолбоос буриад, өвөрмонгол (санаатайгаар нийлүүлэн бичив), тыва, халимаг зэрэг нь яалт ч үгүй тусдаа бие даасан үндэстэн мэт. Гэвч өчүүхэн миний санахул бие даасан, үл хараат зэргээ ч бодсон язгуурын олон монголчууд дундаа ганцхан бид л өөрсдийгөө үндэстэн гэж бодож болохтой. Орчин цагийн олон залуус тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал гэдгийг онц чухагт тооцдоггүй нь харамсаад ч баршгүй эмгэнэл юм.

Нэгэн учрал тэмдэглэе... 11-р сарын 26-ны өдөр харь газар суугаа миний мэт хэдэн монголчууд баяр ёслохоор нэгэн дороо цуглаж бууз зэрэг хятад хоол, водка мэт орос умдаагаар ширээгээ дүүргэнхэн суусан бөгөөд үнэхээрийн хөөр баяртай байгаа миний нүдэнд ширээ тойрон суугч залуусын баяр баясал нь өнгөц хуурамч, идээ умдааны төдийхөн байгаа шиг санагдав. Тэгээд тэсэл үгүй асуухад “11 сарын 26-нд нийтээр амардаг, бөх барилддаг гэдгийг л мэднэ, түүнээс ингэж сүрхий хоол унд болж баярын ширээ засан баярлаж байсан удаагүй” хэмээн 4 өөр өрхийн тэр хүүхдүүд, 4 өөр өнгийн хүмүүжилтэй тэр хүүхдүүд, 4 өөр зан авиртай тэр залуус, 4 өөр аж амьдралтай тэр залуус нэгэн дуугаар хариулахад чихэндээ ч итгэхийг үл хүсэж билээ. Тэгээд насны хувьд хол зөрүүгүй, намбаны хувьд ялгагдах тод суурьгүй тул ахмадын буурь гаргаж олон үг дэлгэх нь нийтийн уур амьсгал, баярын хөөр хөгжөөнийг үгүй хийх аюултайг сайтар ойлгож байсны үндсэн дээр “Дэлхий дээр 10 гаруй сая монголчууд байдаг. Тэд бүгдээрээ л цагаан сараар золгодог, бас наадам хийж бөх барилдуулж, морь уралдуулдаг. Олон юмаар тэд хоорондоо адилхан. Харин ганцхан ялгагддаг юм тусгаар тогтнолын баяр. Энэ баярыг тэдний зөвхөн дөрөвний нэг нь л хийдэг. Тэр азтай хүмүүс нь бид юм шүү” гэх төдийгөөр хэлэх үгээ хязгаарласан бүлгээ.

Бас нэгэн тохиол тэмдэглэмү... Би сургуульд дөнгөж орчихсон (нэг байна уу, хоёрдугаар ангид) юун төлөө уншиж сурсан билээ, аль тааралдсанаа л барьж аваад уншдаг байх үед дэлхийгээр нэг тарсан монгол угсаатны тухай олоод уншчихсан юмдаг. Тэгээд яагаад бүх монголчууд нэгдээд нэг дороо байж болдоггүй юм бол гэж бодоод түүнийгээ өвөө-ааваасаа асуулаа. Өвөө-аав маань над уруу нэг их том харсанаа чангаар инээж “Гэндэн ингэж хэлээд буудуулсан юм гэдэг” гээд үргэлжлүүлэн инээснээс өөрөөр хариулсангүй. Би харин яагаад ч юм тэгэхэд лавшруулж асуулгүй бодол болон өнгөрсөн юмдаг. Магадгүй тэр л хэдэн үг надад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, улс төрийн ойлголт өгөх анхны алхам байсан байж болох…

Дахин нэгэн явдал тодруулсугай... Намайг 16 нас хүрч иргэний паспортоо дүүргийн цагдаагийн хэлтсээс аваад ирсэн өдөр нэг хүн надад “Улс, үндэстний эрх ашгийг ямагт өөрийн хувийн эрх ашгаас илүүд тавьж, зорилгоо болгоод түүнийгээ чиглэж амьдраарай. Ингэж явсан хүн хождоггүй байлаа гэхэд алддаггүй, хамгийн гол нь харамсдаггүй юм шүү. Үүнийг л санаж яваарай. Бид ч тэгэж явсаар л нэг насыг барсан хүмүүс. За ах нь дэмий юм ярьсан бол уучлаарай” гэж хэлсэнсэн. Өөрийнх нь нэрлэснээр тэр “хөгшин мудаак” бол өвгөн эцгийн маань үеэл дүү, түүхийн ухааны доктор, удам залгасан (эзэн Чингисийн эцэг нэгтэй, эх өөртэй дүү Билгүүтэйн шууд удмын) хохь тайж Сандийн Идшинноров агсан байсан юм. Энэ үгийг тэр үед би сайн ойлгоогүй боловч хэзээ ч мартахгүйгээр эгнэгт бат цээжилсэн билээ...

Эдгээр болон элдвийн зүйлийг эргэцүүлэн суухад панмонголизм хэмээх эдүгээ хийсвэр, салхин хэмээн тооцогдох үзэл санаа улам бүр миний цээжнээ гүн батаар суух бөгөөд үүнийг мөрөөдөл биш үнэн бодит үйлдэл болгохсон гэж бодох ажгуу. Эрүүл биш хүмүүсийн нэрлэдгээр “эрлийз хурлийзаа” нэмээд бүхий л үүх түүхэндээ 2.7 сая болтлоо өсөж үржихээд байгаа бидний хувьд хүн нэмбэл хүнс нэмдэг гайхамшигт афоризмыг бодит биелэл, үнэн амьдрал болгох боломжтой мэт санагдах юм.

Эх оронч, үндэсний үзэл санаа гэдгийг би “Монгол мандтугай” гэж цээжээ дэлдэн ширээ шааж, хэн нэгэн хужааг учир утгагүйгээр үзэн ядахыг хэлдэггүй байх гэж боддог. Магадгүй чи өөрөө ч хужаа, эс бөгөөс хужаагийн эрлийз. Заавал хужаа (буюу хятад) байх албагүй л дээ, өөр юуны ч юм бүү мэд заавал өөр нэг хольц байж л таараа. Үгүй л гэж мэтгэв. Яахав ээ, аав ээж чинь, өвөө эмээ нар чинь “цэвэр” монгол хүн байг л дээ. Гэвч тэднээс дээших 8, 16, 32 хүний, за бүр 2-ын 20 зэрэгт нийт 1’048’576 хүнийг бүгдийг нь монгол байсан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм бэ. Мэдээж чи бууж өгөхийг хүсэхгүй омог бардам монгол зангаараа “Том тэнэгт, тэр хаа хамаагүй дээших удмаас одоо надад яаж шинж тэмдэг байх юм ” гэх байх. Тиймээ тэр үнэн, тэгвэл цэвэр монгол хүн гэж чи юуг хэлээд байгаа юм бэ? гэж би асууя. Хариулах гээд хэрэггүй, би ойлгохгүй, ойлгох шаардлага ч байхгүй. Яагаад гэвэл би “Монголын төлөө” гэж хоёргүй сэтгэлээр бодож, зүтгэж байгаа тэр “хужаа”-г чинь ч жинхэнэ Монгол хүн гэж үздэг, тэгэж нэрлэдэг.

Харах царайны “эрлийз”, эцгээ ч мэдэхгүй эхээрээ овоглосон нэгэн монгол хүний хэлсэн монгол үгийг монгол болж төрсөн болгон хэлэх дуртай болсныг энд сануулсугай. Энэ бол “Илүү, илүү”. Монгол орны төлөө, Монгол үндэстний тулд цусаа урсгаж, хөлсөө дуслуулж хөдөлмөрлөсөн аугаа боксчин, биеийн тамир спортын нэрт зүтгэлтэн Түмэнцэцэгийн Үйтүмэн болон алдарт тамирчин, шилдэг ширэн бээлийтэн Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нарыг монгол биш гэж хэлэх хүн нь иртүгэй, нармайг чинь нээсүгэй. Тэд чинь хужаа биш гэж хэлэхийг чинь сонсож байна, тэгвэл хэн хужаа юм бэ, хятад хүн гэж үү. Үгүй дээ, тэгж бодох дээрээ тулбал бүгд хужаа, монголын төлөө биш бодолтой, монголыг (дан ганц эд хөрөнгө, баялгын ухагдахуунаар биш) ядуу гэж боддог, ядуу байгаасай гэж итгэдэг бол бүгд хужаа, 20 үеэрээ, нийт 1’048’576 цэвэр монгол хүний удам чи бүр адгийн адгийн хужаа.

Эрлийз хурлийзаар нь дуудаж, элдэвлэн гадуурхагч та нар өөрсдөө бүгд хужаа. Жалга довны үзлээрээ зэвсэглэж эрэг гуугаар талцдаг та нар өөрсдөө бүгд хужаа. Хотынх хөдөөнийхөөр нь ялгаж хөгжим дуугаар ялгаварлагч та нар өөрсдөө бүгд хужаа. Халх дөрвөдөөр нь салгаж хамаг үндэстнийг самрагч та нар өөрсдөө бүгд хужаа. Үндэс угсаагаар гадуурхаж, үнэн худлыг үл ухах, ухаангүй дагалдан баясагч та нар өөрсдөө бүгд хужаа.

1 comment:

ДЭЛГЭР said...

Цэвэр Монгол хүн байх эсэхийг цусны шинжилгээ шийдэхгүй. Харин зүрх сэтгэл, оюун ухаан, үг хэл, үйл хөдлөл чинь тодорхойлно.

http://www.24tsag.mn/content/6918.shtml