Saturday, September 6, 2014

ХОТЫН ТЭЭВЭР

Удам судраараа Улаанбаатарын унаган хүүхдээс улсын нийслэлийг удирдагчдад цөөн хэдэн санаа бэлэглэчие. Аав маань шугамын улаанаар зорчдог байв. Өвөө минь эхэндээ дугуй унаж, дараа нь сунадаг улаанаар аялдаг болсон гэдэг. Өвөөгийн аав бодвол морин жуузаар хөл залгуулсан биз. Харин би сахал ургатал хүлээлгэдэг байсан "Сансар 10"-аас анхлаад саадгүй давхидаг сагсуу "Шархад 13"-аар хотын төвийг хөндлөн гулд тасралтгүй 26 жил хөрөөдөж байна. Над шиг арвин туршлагатай хүн нийтийн тээвэр болоод ерөөс замын хөдөлгөөний талаар саналаа хэлж болно биз дээ?

Хичээл эхлэхийн өмнөхөн явуулсан хотын нийтийн тээврийн туршилт манай хотод тохирохгүй юм билээ. Автобусанд суудаггүй хүнд битгий хэл өдөр бүр автобусаар зорчдог надад ч хэцүү байсан. Ер нь ч тэгээд 500 төгрөгөөр өдөржин зугаална гэдэг буруу. Халамжийн мөнгө тарааснаас ялгаа юун. Түүнээс гадна том оврын автобуснуудад эцсийн зогсоол ч гэхүү, аюулгүйн тойрог ч гэхүү нэг юм гаргаж өгөхгүй бол эргэж тойрох гэж хамаг хөдөлгөөн хаагаад лайтай юм билээ. Эргэж буцдаггүй, дахин давтагдахгүй циклээр буюу битүү тойрог замаар явбал харин зүгээр байх. Жишээ татахад Ургамал-ЗМ компанийн "Ээрмэл 19" гэдэг чиглэл тэгэж явдаг.

Хүмүүс метро байгуулцгаая гэх юм. Улаанбаатар гэдэг чинь дүндээ Энхтайваны өргөн чөлөө, их бага 2 тойруу, хөндлөн огтлолцсон хэдхэн гудамжтай жижигхэн хот. Метро гэж хадуурахын оронд Энхтайваны өргөн чөлөөгөө дагуулаад 5 шараас Офицер хүртэл замын голоор давхар гүүр бариад, 2 эгнээ төмөр зам тавь. Тэрэн дээгүүрээ тэр рейлбусаа явуул. Энэ чинь л метро болно. Заавал underground байгуулах албатай юу? Зүгээр л subway гэж ойлгоод хийж болохгүй юу? Замын голоор хэдхэн төмөр бетон каркас хөл хийхэд ядах юу байна. 2 зун хийгээд л дуусна. Их ирээдүйтэй, ашиг тус нь өчнөөн. Төв замаар ямар ч автобус явахгүй, 1-р эгнээ чөлөөлнө гэж нийтэд лай болохгүй, бас рейлбус явж байна гэж фрезерээ байн байн хааж хөдөлгөөнд саад учруулахгүй. Гэм нь мөнгө л их шаардагдах байх.

Эсвэл бүр ингэж болно. Төрийн өмчийн автобус компаниудаа зар. Зарсан мөнгөөрөө Цахилгаан тээвэртээ хөрөнгө оруул. Баахан дуобус хийчих, эсвэл худалдаад ав. Тэгээд Энхтайваны өргөн чөлөөгөөр автобус явахыг нь хориод, чиглэлүүдийг нь сайхан хуваарилаад зөвхөн дуобуснууд явуул. Цаадуул чинь уяатай юм болохоор хойно урдаа гарч давхихгүй. Тог тасарсан ч тролейбус биш болохоор зам бөглөөд зогсохгүй, ойр зуурын маневр хийчихэж дөнгөнө. Дуобус явуулсан тохиолдолд заавал аюулгүйн тойрог үүсгэх гэж цахилгааны шугам угсрах шаардлагагүй. Тиймээс тролейбусны эцсийн зогсоол хийнэ барина гэж илүү ажил хийхгүй. Ингэж чадвал бусад чиглэлд автобуснуудаа сайхан хуваарил. Гагцхүү төв замаараа л бүү явуул. Энэ бол маш хямд бөгөөд хурдан арга. Гэхдээ ирээдүй муутай. Богино хугацаанд л амжилт олно. Алс хэтдээ лай болно.

Бас өөр нэг санал байна. Автобуснууд одоогийнхоороо яваг, хамаагүй. Зарим нэг яалт ч үгүй болохгүй байгаа маршрутыг өөрчилнөө. Тэр ч яахав, хаашдаа хийгдэх гэж байгаа ажил юм билээ. Бүх автобусны буудал болон автобуснуудыг чиптэй болгох. Тухайн автобус буудалд орж ирж зогслоо, хэдэн минут болов гэдгийг нь бүртгээд компанитай нь хариуцлага тооцох. Компанийг нь торгож ядах юмгүй. Бүртгэлийн автомат тайланг явуулаад л... дуусаа. Яг камерын торгууль шиг.

Дээрх бүгдтэй хамааралгүй бас нэг санал байна. Энэ бол бүх хөнгөлөлтийн билетийг устгах. Ахмадын, оюутны, цагдаагийн, гавьат болон ардын цолтны, тахир дутуугийн... гэх мэт бүгдийг нь. Тэгээд 6-аас доош насны хүүхдээс бусад бүх хүн адилхан 100-200 төгрөг төлөөд явах хэрэгтэй. Ингэснээр улсад татаасын дарамтгүй, автобус компаниудад гомдолгүй, ард түмэнд зовлонгүй амар. Хөнгөлөлт эдэлдэг байсан хүмүүс гомдол мэдүүлэхээс бүү ай. Ийм хямдхан тээврийн хэрэгсэл байж байхад, олон юм бүү донгод. Гэвч энэ тохиолдолд нөгөө орлого хөөж "шумахерддаг" асуудал бүр даамжирна.

Нийтийн тээврийн хувьд нэг иймэрхүү ойр зуур саналууд байна. Харин одоо замын талаар жаахан бурая.

Нэг магтаал хэлэхэд "Гудамж төсөл" үнэхээр их таалагдаж байгаа. Би 2008 онд Сүхбаатарын (ямар үхсэнээ хийж Чингисийн гэж нэрлэсэн юм бэ?) талбайгаас 1-р хороолол хүртэл машинаар 2 цаг 20 минут явдаг байлаа. Харин одоо 50 минут явж байна. Тэр үед Улаанбаатар 130 мянга орчим машинтай байсан бол одоо бараг 300-аад мянган машинтай болсон гэхээр энэ бол яалт ч үгүй дэвшил. Туулын болоод Сэлбийн хурдны замаа тавиад бусад уулзваруудаа янзлаад авбал бүр их сайжрах байх. Мэдээж бусад зам засвар, шинээр зам тавих ажлуудаа марталгүй хийх байлгүй.

Зам сайхан боллоо гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Замын хөдөлгөөний зохицуулалт гэж нэг чухал асуудал байх. Ид ачааллын үеэр үйлтэй лайтай хэдэн замын цагдаа л махийтлаа зохицуулж харагдах. Хүн л юм болохоор чадах, чадахгүй янз бүрээр л ажиллах. Миний ажигласнаар Улаанбаатарын хэдхэн гэрлэн дохио бүгд ямар ч утгагүй, яг ижилхэн давтамжтай асаж унтрах юм. Уг нь бол замын нэвтрүүлэх болон шингээх чадвар (урт, өргөн), ачаалал, бүсийн зэрэглэл, оргил цаг гэх мэтийг харгалзаж тооцоод дохио тус бүрийн хувьд ажиллах горим зохиож өгвөл хүнээс хамаарал багатайгаар зохицуулж болмоор санагдах.

Энэ алгоритмыг хийхэд тэрбум байтугай зардал гаргахад харамсах зүйл алга. Уг нь манай математикчид муу биш. Жилийн хугацаанд сайхан судлаад, тооцоод, алгоритмаа зохиогоод, туршаад, засаад, дахин туршаад, хянаад, хэрэгжүүлээд. Тэгээд мэдээж дараа нь шаардлагатай бол зарим дохиог шинэчлээд, бүх дохиог камержуулаад... Үүнийг хийчлээ гээд замын цагдаа огт зохицуулахгүй болно гэж байхгүй л дээ. Мэдээж механик зохицуулалт шаардлагатай цаг, уулзвар, нөхцөл байдал гарах л байх. Гэхдээ дандаа, үргэлж, өдөр бүр биш.

Аа нээрээ, нэг ийм завхрал харагдаад байна лээ. Урьд нь бэлэн мөнгөөр торгодог байхад бас ч гэж цагдаа нартай наймаалцах боломж өргөн байж, 5-10 цаасаар асуудлаа шийдэж болдог байсан. Харин бэлэн бусаар торгодог болсноос хойш цагдаа нар юм л бол жолооны эрх хасна гэж дайрдаг, эрхээ хасуулахгүйн тулд ярилцах үнэ 40-50 мянгаас наашгүй болсон байна. Ард түмэндээ ч хохиролтой, төр улсдаа ч лайтай ажил болоод байна шүү. Цагдаа нарын баяжиж байгаа эсэхийг бол хэлж мэдэхгүй юм. Бэлэн бусаар торгох нь бол зөв, харин цагдаагийн жолооны эрх хасдаг эрхийг харин хасдымуу яадын... Ямар ч байсан үүнийг шийдэх нэг арга олохгүй бол болохгүй нь ээ.

Өө нээрээ, тэр ачдаг асуудлыг түгждэгээр сольдог чинь буруу шүү. Хөдөлгөөнд лай болоод зогсцон машиныг бүр гай болгоод таг гацаадаг нь яаж байгаан? Зүгээр л торгуулийн хуудасны систем рүү оруул л даа. Барууныхныг хуулбал хуулсан шиг хуул. Битгий ингэж нуухыг нь авах гэж нүдийг нь сохлоод бай. Харин торгохдоо овоохон шиг торгоорой доо. Хоёрын хооронд битгий янаглаарай, гүйцэд хашраагаарай даа.

Би боддын, ийм том газар нутагтай улсад хүн бүр унаатай (магадгүй бүр жийптэй) байхаас аргагүй гэж. Хэрэгцээ талаас нь бодсон ч тэр, хүмүүсийг автомашингүй бай гэж уриалж болохгүй. Автомашинтай байх боломжийг нь хязгаарлаж бүр болохгүй. Харин аль болох шинэ машин авахыг шахах хэрэгтэй. Татварын болоод бусад арга хэрэгслээр дамжуулаад хуучин тэрэг орж ирэхийг нь хазаарлах, хөдөлгөөнд оролцохыг нь хориглох хэрэгтэй. Зүүн баруун жолоо гэж бас ялгаварлаж болохгүй. Манайх ямар Орос шиг өөрсдөө машин үйлдвэрлэдэг биш. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг дээ.

Түүнчлэн манайд анх автомашин оруулж ирэхэд нөлөөлдөг онцгой албан татвараас гадна жил бүр хураадаг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг жил бүр тогтмол байхаар биш он хуучрах тусам нь нэмэгддэг байхаар зохицуулах хэрэгтэй. Эхний 3 жил нь багахан, дараагийн 3 жил нь арай ахиухан, дараагийн 3 жил бас өмнөхөөс илүү, тэгснээ 10 дахь жилээс жил бүр улам ихээр өсөн нэмэгдэнэ... гэдэг ч юм уу тогтоовол зүйтэй.

Онцгой албан татварын хувьд ч гэсэн оруулах өөрчлөлт нь хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос гадна дизель болон бензин эсэхээс нь хамааруулдаг байвал зүйтэй мэт. Зарим дизелүүд ч бас арай л муухай хар утаа хаяна шүү. Агаар бохирдуулах нь тэргүүн зэрэгт. Тэгээд ч улсын эдийн засагт муу нөлөөтэй (бага татвар төлдөг, ккк)... За за, татварын асуудлын тухайд тусад нь бичимз.

Төгсгөлд нь хэлэхэд нийтийн тээвэр нь хангалттай, зам нь сайхан, гэрэл дохио нь ухаантай, замын цагдаа нь шударга ажилладаг байхыг бүгд хүснэ. Ингэж чадвал хотын татвар, хураамжийг яаж ийгээд авч бололгүй дээ.

No comments: